| Шүүх | Дорнод аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | С.Ганчимэг |
| Хэргийн индекс | 168/2024/0408/Э |
| Дугаар | 2025/ДШМ/37 |
| Огноо | 2025-09-17 |
| Зүйл хэсэг | 27.10.5., |
| Улсын яллагч | М.Мэндбаяр |
Дорнод аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2025 оны 09 сарын 17 өдөр
Дугаар 2025/ДШМ/37
*******т холбогдох эрүүгийн хэргийн талаар
Дорнод аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Г.Уртнасан даргалж, шүүгч Ц.Эрдэнэзуу, С.Ганчимэг нарын бүрэлдэхүүнтэй шүүх хуралдааны “В” танхимд нээлттэй хийсэн эрүүгийн хэргийн шүүх хуралдаанд:
Прокурор М.Мэндбаяр
Шүүгдэгчийн өмгөөлөгч Ө.Батболд
Шүүгдэгч *******
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Чинзориг нарыг оролцуулан
Дорнод аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн 2025 оны 07 дугаар сарын 18-ны өдрийн 2025/ШЦТ/210 дугаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч шүүгдэгчийн өмгөөлөгч Ө.Батболдын гаргасан давж заалдах гомдлоор шүүгдэгч *******т холбогдох эрүүгийн 2421005780498 дугаартай хэргийг 2025 оны 08 дугаар сарын 26-ны өдөр хүлээн авч, шүүгч С.Ганчимэгийн илтгэснээр хянан хэлэлцэв.
1. ******* овогт *******ийн *******, Монгол Улсын иргэн, Дорнод аймгийн Хэрлэн суманд 1963 оны 5 дугаар сарын 10-ны өдөр төрсөн, 61 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, өрмийн мастер мэргэжилтэй, өндөр насны тэтгэвэрт, ам бүл 2, эхнэрийн хамт Дорнод аймгийн Хэрлэн сумын 2-р баг, ******* ******* тоотод оршин суух хаягтай, улсаас авсан гавьяа шагналгүй. Урьд:
Дорнод аймгийн Сум дундын шүүхийн 2001 оны 3 дугаар сарын 14-ний өдрийн 41 дүгээр таслан шийдвэрлэх тогтоолоор Эрүүгийн хуулийн 292 дугаар зүйлийн 1-д зааснаар 3 жилийн хорих, мөн хуулийн 195 дугаар зүйлийн 1-д зааснаар тодорхой албан тушаал эрхлэх эрхийг хасахгүйгээр 4 жилийн хорих ял оногдуулж Эрүүгийн хуулийн 37 дугаар зүйлийн 1-д зааснаар хөнгөн ялыг хүндэд нь багтаан 4 жилийн хорих ялаар тогтоож, 2 жилийн хугацаагаар тэнсэж хянан харгалзсан,
Дорнод аймгийн Хэрлэн сумын шүүхийн 2011 оны 8 дугаар сарын 02-ны өдрийн 43 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 98 дугаар зүйлийн 98.1 дэх хэсэгт зааснаар 350 цаг албадан ажил хийлгэх ялаар,
Дорнод аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 7 дугаар сарын 16-ны өдрийн 217 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 1 жилийн хугацаагаар хасаж, 2700 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 2 700 000 төгрөгөөр торгох ялаар тус тус шийтгүүлж байсан. /РД: *******/
2. Шүүгдэгч ******* нь 2024 оны 10 дугаар сарын 18-ны өдөр 16 цагийн үед Дорнод аймгийн Хэрлэн сумын 6 дугаар баг, Шүр захын хойд гэрлэн дохиотой уулзвар замд Nissan note маркийн ******* ДОР улсын дугаартай тээврийн хэрэгслийг тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ хасуулсан үедээ жолоодон замын хөдөлгөөнд оролцсон гэмт хэрэгт холбогджээ.
3. Дорнод аймгийн Прокурорын газраас шүүгдэгч *******ын үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.
4. Дорнод аймаг дахь сум дундын анхан шатны шүүх:
Шүүгдэгч ******* овогт *******ийн *******ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт заасан тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ хасуулсан хүн согтуурсан үедээ тээврийн хэрэгсэл жолоодсон гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож,
Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч *******ийн *******ын тээврийн хэрэгслийг жолоодох эрхийг 2 /хоёр/ жилийн хугацаагаар хасаж, 6 /зургаа/ сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял шийтгэж,
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч *******ыг 6 сарын хугацаанд Дорнод аймгийн Хэрлэн сумын нутаг дэвсгэрээс гарахыг хориглож, шүүгдэгч *******т хяналт тавьж буй байгууллагын зөвшөөрөлтэйгээр оршин суух газраа өөрчлөх, зорчих үүрэг хүлээлгэж,
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар зорчих эрхийг хязгаарлах ял, хүлээлгэсэн үүргийг биелүүлээгүй бол шүүгдэгчийн зорчих эрхийг хязгаарлах ялын эдлээгүй үлдсэн хугацааны нэг хоногийг хорих ялын нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг шүүгдэгч *******т мэдэгдэж, шүүгдэгчид хяналт тавихыг Дорнод аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгаж,
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч *******ын тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 2 жилийн хугацаагаар хасах ялыг зорчих эрхийг хязгаарлах ял оногдуулсан үеэс тоолж,
Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгө орлогогүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгч ******* нь цагдан хоригдоогүй, бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдаж, баримт бичгээр ирсэн шүүгдэгчийн иргэний үнэмлэхийн лавлагааны хуулбарыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц Дорнод аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт хүргүүлж, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгчид авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг үргэлжлүүлж шийдвэрлэжээ.
5. Шүүгдэгчийн өмгөөлөгч давж заалдах гомдолдоо: “...Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч байна.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 6.1 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар эрүүгийн хариуцлага хүлээж дуусгавар болсон нь хуулиар хязгаарлалт тогтоосноос бусад тохиолдолд хүний эрх зүйн байдлыг дордуулах үндэслэл болохгүй талаар хуульчилсан байхад анхан шатны шүүх өмнө хариуцлага хүлээж дуусгавар болсон асуудлыг тогтоолдоо дурдаж шийдвэрлэсэнд гомдолтой байна.
Иймд анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолд ... тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 2 жилийн хугацаагаар хасаж гэснийг 1 жил 6 сарын хугацаагаар хасаж гэж, 6 сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял шийтгэсүгэй гэснийг 6 сарын хугацаагаар тэнсэж хянан харгалзсугай гэж өөрчлөлт оруулж өгнө үү.” гэжээ.
6. Шүүгдэгч ******* шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Би гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна. Гэхдээ би 60 гарчихсан хүн. Эмнэлэг, эмчилгээ, рашаан сувилалд явах гэхээр зорчих эрх хязгаарлагдана гэдэг нь үнэхээр хэцүү байна. Би нэг их урт наслахгүй гэдгээ мэдэж байна.” гэв.
7. Прокурор шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “Давж заалдах гомдлыг хүлээн авах боломжгүй байна. Урьд нь тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг хязгаарлаж, хорих ял оногдуулахгүйгээр нэг жилийн хугацаагаар тэнсэж хянан харгалзаж байсан. Урьд нь зөрчлөөр арга хэмжээ авч байсан. Эрхийн үнэмлэхгүй байхдаа тээврийн хэрэгсэл жолоодож байсан. Анхан шатны шүүхээс хэргийг дахин хянан хэлэлцсэн. Ингэхдээ 6 сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялаар шийтгэсэн шийтгэл нь тохирсон гэж үзэж байна.” гэв.
ТОДОРХОЙЛОХ НЬ:
1. Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар давж заалдах гомдолд заасан асуудлаар хязгаарлахгүйгээр хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хянан үзэв.
2. Мөрдөн шалгах ажиллагааны явцад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих асуудлуудыг хангалттай шалгаж тодруулсан, хэргийн үйл баримт, шүүгдэгчийн гэм бурууг тогтооход үндэслэл болсон нотлох баримтуудыг цуглуулах, бэхжүүлэх, үнэлэх шатанд оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хассан, хязгаарласан зөрчил тогтоогдоогүй, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг зөрчөөгүй байна.
3. Анхан шатны шүүх прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгч *******ын гэм буруутай эсэхийг хянан хэлэлцэж, хэрэгт авагдсан нотлох баримтын хүрээнд хэргийг эцэслэн шийдвэрлэсэн нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны хэмжээ хязгаарт нийцсэн байна.
4. Шүүгдэгч ******* нь 2024 оны 10 дугаар сарын 18-ны өдөр 16 цагийн орчимд Дорнод аймгийн Хэрлэн сумын 6 дугаар багт байрлах Шүр захын хойд талын гэрлэн дохиотой уулзвар замаар ******* ДОР улсын дугаартай, Nissan note маркийн тээврийн хэрэгслийг тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ хасуулсан үедээ согтууруулах ундааны зүйл хэрэглэн жолоодож замын хөдөлгөөнд оролцсон болох нь мөрдөн шалгах ажиллагаанд болон шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгчийн мэдүүлсэн мэдүүлгүүд, гэрч *******, нарын мэдүүлэг, гэмт хэргийн талаар гомдол мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл, Дорнод аймаг дахь Бүсийн шүүх шинжилгээний төвийн шинжээчийн 2024 оны 10 дугаар сарын 29-ний өдрийн 347 тоот дүгнэлт, гэрэл зургийн үзүүлэлт, жолоочийн согтууруулах ундаа хэрэглэсэн эсэхийг шалгасан тэмдэглэл зэрэг мөрдөн шалгах ажиллагааны явцад хуульд заасан журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, анхан шатны шүүхийн шүүх хуралдааны хэлэлцүүлгээр хянан хэлэлцэгдсэн хэрэгт хамааралтай, ач холбогдол бүхий нотлох баримтуудаар нотлогдон тогтоогджээ.
5. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт “Шүүх хэргийн бодит байдлыг талуудын мэтгэлцээний үндсэн дээр тогтооно.” гэж заасны дагуу шүүх хуралдаанд тэгш эрхтэй оролцох эрх бүхий оролцогч нарыг оролцуулан, хуульд заасан үндэслэл журмын дагуу тэдний гаргасан тайлбар, дүгнэлт, шинжлэн судалсан нотлох баримтуудад үндэслэн шүүгдэгч *******ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт заасан тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ хасуулсан хүн согтуурсан үедээ тээврийн хэрэгсэл жолоодсон гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсон анхан шатны шүүхийн дүгнэлт хэргийн бодит байдалтай нийцсэн, мөн шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ Эрүүгийн хуулийг зөв тайлбарлан хэрэглэсэн байна.
6. Анхан шатны шүүхээс шүүгдэгчид Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 2 жилийн хугацаагаар хасаж, 6 сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялаар шийтгэж, 6 сарын хугацаанд Дорнод аймгийн Хэрлэн сумын нутаг дэвсгэрээс гарахыг хориглож шийдвэрлэсэн нь шүүгдэгчийн гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, нийгмийн аюулын шинж чанар, гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршиг, хувийн байдалд тохирсон байх бөгөөд эрүүгийн хариуцлагын зорилгыг хангажээ.
7. Шүүгдэгчийн өмгөөлөгчөөс давж заалдах журмаар “... анхан шатны шүүх өмнө нь хариуцлага хүлээж дуусгавар болсон асуудлыг тогтоолдоо дурдаж шийдвэрлэсэнд гомдолтой байна. ... Иймд анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолд ... тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 2 жилийн хугацаагаар хасаж гэснийг 1 жил 6 сарын хугацаагаар хасаж гэж, 6 сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял шийтгэсүгэй гэснийг 6 сарын хугацаагаар тэнсэж гэж өөрчлөлт оруулж өгнө үү.” гэх агуулга бүхий гомдол гаргасныг хүлээн авах хууль зүйн үндэслэл тогтоогдсонгүй.
Шүүгдэгч ******* шүүх хуралдаанд “...Эмнэлэг, эмчилгээ, рашаан сувилалд явах гэхээр зорчих эрх хязгаарлагдана гэдэг нь үнэхээр хэцүү байна...” гэх тайлбарыг гаргасан.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Гэмт хэрэг үйлдсэн хүнийг ... эрх бүхий байгууллагын зөвшөөрөлтэйгээр оршин суух газраа өөрчлөх, зорчих үүргийг ... хүлээлгэхийг зорчих эрхийг хязгаарлах ял гэнэ.” гэж заасан ба шүүгдэгч ******* нь шаардлагатай тохиолдолд зохих байгууллагын зөвшөөрөлтэйгөөр оршин суух газраа өөрчлөх, зорчих боломжтой юм.
Иймд шүүгдэгчийн өмгөөлөгчийн давж заалдах журмаар гаргасан гомдлыг хэрэгсэхгүй болгож, анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж шийдвэрлэв.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, мөн зүйлийн 2 дахь хэсгийг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Дорнод аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн 2025 оны 07 дугаар сарын 18-ны өдрийн 2025/ШЦТ/210 дугаар шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, шүүгдэгчийн өмгөөлөгч Ө.Батболдын давж заалдах журмаар гаргасан гомдлыг хэрэгсэхгүй болгосугай.
2. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 40.1 дүгээр зүйлд зааснаар энэхүү магадлалыг эс зөвшөөрвөл шүүхийн хууль хэрэглээний зөрүүг арилгах, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, хуулийг Улсын дээд шүүхийн тогтоол, тайлбараас өөрөөр хэрэглэсэн, эрх зүйн шинэ ойлголт, эсхүл хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой гэх үндэслэлээр магадлалыг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор оролцогч Улсын дээд шүүхэд хяналтын журмаар гомдол гаргах, прокурор, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Г.УРТНАСАН
ШҮҮГЧИД Ц.ЭРДЭНЭЗУУ
С.ГАНЧИМЭГ