Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2020 оны 06 сарын 03 өдөр

Дугаар 210/ма2020/01206

 

 

 

 

 

 

 

 

 

Н- СӨХ-ны нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч А.Мөнхзул даргалж, шүүгч Э.Золзаяа, Ш.Оюунханд нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар

Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 04 дүгээр сарын 30-ны өдрийн 183/ШШ2020/00822 дугаар шийдвэртэй нэхэмжлэгч Н- Сууц өмчлөгчдийн холбооны нэхэмжлэлтэй хариуцагч Ж.Т-т холбогдох

Нийтийн зориулалттай орон сууцны байшингийн дундын өмчлөлийн зүйлийн ашиглалт, засвар үйлчилгээтэй холбогдсон зардалд 694 400 төгрөг гаргуулах нэхэмжлэлтэй, 38 тоот 18 м.кв авто зогсоолын 4,8 м.кв талбайг Н- СӨХ-ийн ашиглалтаас чөлөөлүүлж, эд хөрөнгө ашигласны төлбөрт 3 657 360 төгрөг гаргуулах сөрөг нэхэмжлэлтэй хэргийг нэхэмжлэгчийн төлөөлөгчийн давж заалдах журмаар гаргасан гомдлыг үндэслэн шүүгч Ш.Оюунхандын илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Л.Сарангэрэл, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Т.Болдсайхан нар оролцов.

Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Н- СӨХ нь 2008 оны 12 дугаар сарын 02-ны өдөр үүсгэн байгуулагдсан. Тус хотхоны оршин суугч Ж.Т- нь 2018 оны 01 дүгээр сараас 2020 оны 01 дүгээр сарыг дуусталх хугацааны дундын өмчлөлийн эд хөрөнгийн ашиглалт засвар үйлчилгээний төлбөр болох нийт 694 400 төгрөгийг төлөөгүй байна. Иймд Т-өөс 694 400 төгрөг гаргуулж өгнө үү гэжээ.

Хариуцагч шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: 2013 онд Хан-Уул дүүрэг, 15-р хороо, Н- хотхон 51-ийн А байранд 47 тоот орон сууц, гарааш хэсэгт байрлах 38 номерын авто зогсоолын хамт худалдан авч хууль ёсны өмчлөгч болсон. Уг үл хөдлөх хөрөнгийг худалдаж авахад Н- СӨХ нь хувийн өмч болох 38 номерын 18 м2 авто зогсоолын 4,8 м2 талбайд нь 3,0м х 1,6м-ийн харьцаатай 4,8 м2 талбайтай тоосгон хана, вакум цонх хаалганаас бүрдэх жижиг өрөөг барин дотор нь тухайн зогсоолыг хариуцдаг СӨХ-ийн ажилтан манаач нарыг суулган ажиллуулж хонуулдаг байсан. Одоо манаачийн оронд СӨХ-ийн эд хогшил, хогийн сав, элс, давс, барилгын пивар хоолой, будаг гэх мэт эд зүйлсийг хурааж байгаа. Уг зогсоолын 4,8 м2-ыг ашигласны төлбөрөө төлөөгүй байгаа учир СӨХ-н төлбөрийг суутгуулах саналтай гэжээ.

Хариуцагч шүүхэд гаргасан сөрөг нэхэмжлэлдээ: Н- СӨХ нь миний хувийн өмч болох 38 номерын 18 м.кв авто зогсоолын 4,8 м.кв талбайд нь жижиг өрөөг барьж дотор нь тухайн зогсоолыг хариуцдаг СӨХ-ийн ажилтан манаач нарыг суулган ажиллуулж байсан. Авто зогсоолын талбайг чөлөөлж өгөхийг Н- СӨХ-ийн удирдлагуудаас шаардахад СӨХ нь авто зогсоолын хаалгыг автомат хаалгатай болсоны дараа манаач хэрэггүй болж энэ зайг чинь чөлөөлж өгье, түр хүлээж байгаач гэсэн тул шинэ орон сууцанд ороод удаагүй байсан тул хэрүүл маргаан хийгээд яахав гээд хүлээсэн. Н- СӨХ нь 2015-2016 онд хаалгаа автомат болгосон боловч зогсоолын талбайг чөлөөлж өгөлгүй манаачийн оронд СӨХ-ийн эд хогшлийг хурааж өнөөдрийг хүрсэн. СӨХ-д хандан 2016 онд 4,8 м.кв талбайг чөлөөлж өг, хэрэв энэ талбай хэрэгтэй бол 1 м.кв талбайг 15 550 төгрөгөөр түрээслүүлэх санал тавьж сар бүр 74 640 төгрөгөөр түрээслүүлэхээр Н- СӨХ-тай амаар тохиролцсон. СӨХ-ийн удирдлагууд солигдох тоолонд газраа чөлөөлж өг, түрээсийн төлбөрөө төлөөрэй гэхэд төлнө гэдэг боловч өнөөдрийг хүртэл өмчилсөн талбайг минь чөлөөлж өгөөгүй, төлбөрөө төлөөгүй. Н- СӨХ-ийн дарга П.Энхтуяатай 2018 оны 10 сар, 2019 оны 05 сард уулзаж шаардлага тавихад газраа чөлөөлж өгнө, мөнгөө төлнө гэж байсан. Иймд Хан-Уул дүүрэг, 15-р хороо, Н- хотхон 51-ийн А байрны доод хэсэг гражад байрлах 38 номерын авто зогсоолын 4,8 м.кв талбайг Н- СӨХ-ийн ашиглалтаас чөлөөлүүлж, 2016 оны 1 дүгээр сарын 1-ний өдрөөс 2020 оны 2 сарын 01-ний өдрийг хүртэлх хугацааны түрээсийн төлбөрт сар бүр 74 640 төгрөгийг 49 сараар тооцож нийт 3 657 360 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.

Нэхэмжлэгч сөрөг нэхэмжлэлд гаргасан тайлбартаа: Ж.Т- нь тухайн байрыг барьсан эздээс худалдан авахдаа тухайн үеийн гараашийн манаачтай путкатай газрыг сонгон авсан байсан тул СӨХ-д хамааралгүй. СӨХ нь гараашийн хаалга автомат болох үед хоосорсон байранд зарим нэг цэвэрлэгээний материал хадгалж байгаад 2019 онд Т- путкийг буулга гэснээр бид буулгасан. Энэ газар нь нийтийн эзэмшлийн газар бөгөөд Т- машин хадгалах талбай худалдан авч машинаа тавьж байгаа бөгөөд ямар нэгэн саад бэрхшээлгүй машинаа тавьж байгааг зурагт харуулсан, түрээсийн гэрээг байгуулаагүй бөгөөд ийм яриа ч болоогүй тул нэхэмжлэл үндэслэлгүй байна гэжээ.

Шүүх: Иргэний хуулийн 147 дугаар зүйлийн 147.1, 147.2, 148 дугаар зүйлийн 148.2.3, Сууц өмчлөгчдийн холбооны эрх зүйн байдал, нийтийн зориулалттай орон сууцны байшингийн дундын өмчлөлийн эд хөрөнгийн тухай хуулийн 13 дугаар зүйлийн 13.2.3, 16 дугаар зүйлийн 16.5 дахь хэсэгт заасныг баримтлан дундын өмчлөлийн эд хөрөнгийн ашиглалт, хамгаалалт, засвар үйлчилгээний 2018 оны 1 дүгээр сараас 2020 оны 1 дүгээр сарыг дуусталх хугацааны зардалд 694 400 төгрөг гаргуулахыг хүссэн нэхэмжлэгч Н- СӨХолбооны үндсэн,

Иргэний хуулийн 106 дугаар 106.1, 318 дугаар зүйлийн 318.1 дэх хэсэгт заасныг баримтлан авто зогсоолын 4,8 м.кв талбайг чөлөөлүүлж, түрээсийн төлбөрт 3 657 360 төгрөг гаргуулахыг хүссэн хариуцагчийн сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг тус тус бүхэлд нь хэрэгсэхгүй болгож,

Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1 дэх хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгч Н- СӨХ-ны улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 21 220 төгрөг, хариуцагч Ж.Т-ийн төлсөн 73 470 төгрөгийг тус тус улсын орлогод хэвээр үлдээж шийдвэрлэжээ.

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч давж заалдах журмаар гаргасан гомдолдоо: Сууц өмчлөгчдийн холбооны эрх зүйн байдал, нийтийн зориулалттай орон сууцны байшингийн дундын өмчлөлийн эд хөрөнгийн тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.4.4-т зааснаар тус холбооны гүйцэтгэх захирал нь холбооны нэрийн өмнөөс шүүхэд нэхэмжлэл гаргасан хариуцагч тал энэ талаар маргаагүй боловч Н- СӨХ 2008 онд үүсгэн байгуулсагдсан байна гэх баримт хэрэгт авцалдаагүй байна. Н- СӨХ-д 2019 оны 07 дугаар сарын 04-ны өдөр Хан-Уул дүүргийн Засаг дарга гэрчилгээ олгосон байхад Удирдах зөвлөлийн тогтоолоор П.Энхтуяаг захирлаар томилж 2015 оны 04 дүгээр сарын 12-ны өдрийн бүх гишүүдийн хурлын 16/01 тоот тогтоолоор айл өрхөөс авах СӨХ-ны төлбөрийг тогтоосон байна. Иргэний хуулийн 147 дугаар зүйлийн 147.1, Сууц өмчлөгчдийн холбооны эрх зүйн байдал, нийтийн зориулалттай орон сууцны байшингийн дундын өмчлөлийн эд хөрөнгийн тухай хуулийн 13 дугаар зүйлийн 13.2.3-т зааснаар сууц өмчлөгч зардлыг төлөх үүрэгтэй Ж.Т- амьдардаг болох нь үл хөдлөх хөрөнгө өмчлөх эрхийн гэрчилгээгээр тогтоогдож байна гэж дүгнэсэн атлаа Н- СӨХ 2019 оны 07 дугаар сарын 04-ны өдөр байгуулагдсан. 2018 оны 01 дүгээр сараас хойшх төлбөрийг шаардах эрх нь тогтоогдохгүй байна гэж шүүх дүгнэсэн. Хариуцагч нэхэмжлэлийг хүлээн зөвшөөрсөн, төлбөр төлөхөд маргах зүйл байхгүй. СӨХ нь 2008 оноос эхлэн үйл ажиллагааг явуулж байгаагаа баталсаар байхад нэхэмжлэх эрхгүй гэж шийдвэрлэсэн нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 107 дугаар зүйлийн 107.2 дахь хэсэгт заасныг зөрчсөн. Шүүх нэхэмжлэгч хүлээн зөвшөөрснийг тодорхойлох хэсэгт заасан байхад нотлох баримт бүрдээгүй гэж тайлбарласан нь хууль бус байна. Иймд шүүхийн шийдвэрт өөрлөлт оруулан хариуцагчаас 694 400 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ

Анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулах үндэслэлтэй байна.

Нэхэмжлэгч Н- СӨХ нь хариуцагч Ж.Т-т холбогдуулан нийтийн зориулалттай орон сууцны байшингийн дундын өмчлөлийн зүйлийн ашиглалт, засвар үйлчилгээтэй холбогдсон зардалд 694 400 төгрөг гаргуулахаар шаардсаныг хариуцагч 38 тоот 18 м.кв авто зогсоолын 4,8 м.кв талбайг Н- СӨХ-ийн ашиглалтаас чөлөөлүүлж, эд хөрөнгө ашигласны төлбөрт 3 657 360 төгрөг гаргуулахаар сөрөг нэхэмжлэл гарган маргажээ. /хх1, 22/

Хан-Уул дүүргийн 15-р хороо, Н- хотхоны 51А байрны 47 тоот орон сууцыг 2013 онд Ж.Т- худалдаж авсан, өмчлөгч мөн болох нь үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөх эрхийн гэрчилгээгээр нотлогдсон. /хх26/

Ж.Т- нь нийтийн зориулалттай орон сууцны байшингийн дундын өмчлөлийн зүйлийн ашиглалт, засвар үйлчилгээтэй холбогдсон зардалд 694 400 төгрөгийн өртэй гэх үйл баримтыг үгүйсгээгүй. Мөн 38 тоот 18 м.кв авто зогсоолын 4,8 м.кв талбайг Н- СӨХ-ийн ашиглалтаас чөлөөлүүлж, эд хөрөнгө ашигласны төлбөрт 3 657 360 төгрөг гаргуулах сөрөг нэхэмжлэлийг анхан шатны шүүхээс хэрэгсэхгүй болгон шийдвэрлэсэнд Ж.Т- давж заалдах журмаар гомдол гаргаагүй байна. /хх2/

Иргэний хуулийн 147 дугаар зүйлийн 147.1 дэх хэсэгт зааснаар сууц өмчлөгч нь өөрийн өмчлөлд байгаа сууц болон сууцны бус зориулалттай хэсгийн халаалт, халуун, цэвэр, бохир ус, ариутгал, хог, цахилгаан, холбоо зэрэг ашиглалтын төлбөрийг эрх бүхий байгууллагад, дундын өмчлөлийн зүйлийн ашиглалт, засвар үйлчилгээтэй холбогдсон зардлыг сууц өмчлөгчдийн холбоонд тус тус төлөх үүрэгтэй тул хариуцагч Ж.Т-ийг 694 400 төгрөгийн зардлаас чөлөөлсөн шүүхийн шийдвэр үндэслэлгүй болжээ.

Анхан шатны шүүхээс Н- СӨХ нь 2008 онд үүсгэн байгуулагдсан гэх баримт гаргаагүй, 2019 оны 7 дугаар сарын 4-нд гэрчилгээ олгосон гэж дүгнэсэн нь мөн хуульд нийцээгүй байна. /хх 4-5, 7, 8-10, 11-15/

Сууц өмчлөгчдийн холбооны эрх зүйн байдал, нийтийн зориулалттай орон сууцны байшингийн дундын өмчлөлийн эд хөрөнгийн тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.4 дэх хэсэгт зааснаар холбоог зохион байгуулах хурлын шийдвэрт хурлын тэргүүлэгчид гарын үсэг зурснаар түүнийг байгуулагдсанд тооцно гэжээ. Улсын бүртгэлийн гэрчилгээ олгосноор биш зохион байгуулах хурлын шийдвэрт хурлын тэргүүлэгчид гарын үсэг зурснаар түүнийг байгуулагдсанд тооцохыг анхан шатны шүүхээс анхаараагүй, сууц өмчлөгчдийн санаачилгаар холбоог зохион байгуулах хурлыг хуралдуулж, тэргүүлэгчдээ томилсон, тэргүүлэгчид үйлчилгээний хураамжийн хэмжээг тогтоох зэргээр 2008 оноос үйл ажиллагаа явуулж буй үйл баримтад талууд маргаангүй байхад тус СӨХ-ийг үүсгэн байгуулагдаагүй гэж дүгнэсэн нь буруу юм.

Иймд хариуцагч Ж.Т-өөс 694 400 төгрөгийг гаргуулж Н- СӨХ-д олгож, холбогдох улсын тэмдэгтийн хураамжийн заалтад өөрчлөлт оруулж, шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээх нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүхийн шүүх бүрэлдэхүүн үзлээ. Дээрх үндэслэлээр нэхэмжлэгчийн төлөөлөгчийн давж заалдах журмаар гаргасан гомдлыг хангав.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2-т заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

1.Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 4 дүгээр сарын 3-ны өдрийн 183/ШШ2020/00822 дугаар шийдвэрийн тогтоох хэсгийн 1 дэх заалтыг Иргэний хуулийн 147 дугаар зүйлийн 147.1 дэх хэсэгт зааснаар хариуцагч Ж.Т-өөс 694 400 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Н- СӨХ-д олгон,

Иргэний хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 318 дугаар зүйлийн 318.1 дэх хэсэгт заасныг баримтлан авто зогсоолын 4,8 м.кв талбайг чөлөөлүүлж, түрээсийн төлбөрт 3 657 360 төгрөг гаргуулах хариуцагч Ж.Т-ийн сөрөг нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосугай гэж нэмж,

Шийдвэрийн тогтоох хэсгийн 2 дахь заалтад Н- СӨХ ны улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 21 220 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй гэснийг Н- СӨХны улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 21 220 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Ж.Т-өөс 21 220 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгчид олгосугай гэж тус тус нэмж өөрчлөн шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээсүгэй.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч Н- СӨХ-ийн давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 21 216 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж, магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ А.МӨНХЗУЛ

 

ШҮҮГЧИД Э.ЗОЛЗАЯА

 

Ш.ОЮУНХАНД