| Шүүх | Төв аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Аюушийн Цэрэнханд |
| Хэргийн индекс | 2534000000058 |
| Дугаар | 2025/ДШМ/54 |
| Огноо | 2025-09-10 |
| Зүйл хэсэг | |
| Улсын яллагч | Г.Я |
Төв аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2025 оны 09 сарын 10 өдөр
Дугаар 2025/ДШМ/54
2025 9 10 2025/ДШМ/54
Л.Пд холбогдох
эрүүгийн хэргийн тухай
Төв аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Ерөнхий шүүгч М.Мөнхдаваа даргалж, шүүгч З.Түвшинтөгс, шүүгч А.Цэрэнханд нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанд:
Прокурор Г.Я /цахим/,
Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Е.У,
Хохирогчийн хууль ёсны төлөөлөгчийн өмгөөлөгч Б.Б,
Шүүгдэгч Л.П,
Шүүгдэгчийн өмгөөлөгч Б.Э, Т.Э,
Нарийн бичгийн дарга Б.Оюунчимэг нарыг оролцуулан
Төв аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүгч Ю.Энхмаа даргалж, шүүгч Ц.Отгонжаргал, шүүгч Д.Мөнхбүрэн нарын бүрэлдэхүүнтэй шийдвэрлэсэн шүүх хуралдааны 2025 оны 6 дугаар сарын 03-ны өдрийн 2025/ШЦТ/260 дугаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч хохирогчийн хууль ёсны төлөөлөгчийн өмгөөлөгч Б.Бгийн гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн шүүгдэгч Л.Пд холбогдох эрүүгийн 2534000000058 дугаар хэргийг 2025 оны 8 дугаар сарын 22-ны өдөр хүлээн авч, шүүгч А.Цэрэнхандын илтгэснээр хянан хэлэлцэв.
1. Монгол Улсын иргэн, Улаанбаатар хотод ................ оны ......... дугаар сарын ...............-ны өдөр төрсөн, ................ настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, салхивч, .................... мэргэжилтэй, хэрэгт холбогдохын өмнө “................................... ХХК-ийн нарийн боов, тортны цехэд жолооч ажилтай байсан, ам бүл-6, эхнэр, 4 хүүхдийн хамт ......................хот, ..................Х дүүрэг, .............. хороо, ......... дугаар хэсэг, ..................., ......................... тоотод оршин суух, улсаас авсан гавьяа шагналгүй, урьд ял шийтгэлгүй, Б.................. овогт Л............ П........ /РД:................./.
2. Шүүгдэгч Л.П нь 2025 оны 02 дугаар сарын 03-ны шөнийн 03-05 цагийн орчимд Т............... аймгийн Б.............. сум, ...............Н дүгээр багийн нутаг дэвсгэрт байрлах ____________ айлын орон сууцны ..................тоотод архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ бага насны хүүхэд болох 10 сартай /10 сар 28 хоногтой/ У.Х.............. “...уйллаа...” гэх шалтгаанаар цээжин тус газарт нь 2 удаа хутгалж, биед нь цээж хэвлийн хөндий рүү нэвтэрч зүсэгдсэн шарх, өвчүү, уушги, үнхэлцэг хальс, зүрх, өрц, ходоодны хатгагдаж зүсэгдсэн шарх, цээжний зүүн плеврийн хөндий дэх сул шингэн агууламж /200мл/ бүхий гэмтэл учруулан, уг гэмтлийн улмаас амь хохирогч цус алдалтын шоконд орж нас барсан, бага насны хүүхдийг алсан гэмт хэрэгт холбогджээ. /яллах дүгнэлтэд бичигдсэнээр/
Нийслэлийн прокурорын газраас Л.Пд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар гэмт хэрэгт яллах дүгнэлт үйлдэж хэргийг анхан шатны шүүхэд шилжүүлжээ.
3.Анхан шатны шүүх: Б овогт Л-ийн Пг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 3 дахь хэсэгт заасан “Хүнийг алах” гэмт хэргийг хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар буюу бага насны хүүхдийг алах гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож,
Шүүгдэгч Л.Пг Эрүүгийн хуулийн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 3 дахь хэсэг зааснаар 14 /арван дөрөв/ жилийн хугацаагаар хорих ял шийтгэж,
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 3, 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Л.Пд оногдуулсан хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр тогтоож,
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Л.Пгийн цагдан хоригдсон нийт 120 /нэг зуун хорь/ хоногийг түүний эдлэх ялд оруулан тооцож,
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.4 дэх заалтад зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн 1 ширхэг хутга, шүүгдэгч Л.Пгийн өмсөж явсан цус мэт зүйлээр бохирлогдсон хар алаг өнгийн цамц 1 ширхэг, амь хохирогч У.Х.................. өмсөж явсан цус мэт зүйлээр бохирлогдсон “PINK” гэсэн бичиглэлтэй шар өнгийн цамц 1 ширхэг, ягаан өнгийн фудволк 1 ширхэг, цайвар өнгийн өмд 1 ширхгийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгахыг Төв аймгийн Шүүхийн эд мөрийн баримт устгах комисст даалгаж,
Эрүүгийн 2534000000058 дугаартай хэрэгт иргэний бичиг баримт ирээгүй, шүүхийн шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц “Эд хөрөнгө битүүмжлэх тухай” 2025 оны 3 дугаар сарын 13-ны өдрийн №6 дугаартай прокурорын тогтоолыг хүчингүй болгож, шүүгдэгч Л.Пгээс гаргуулах Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдаж,
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.5 дугаар зүйлийн 1, 2, 5, Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 508 дугаар зүйлийн 508.1, 511 дүгээр зүйлийн 511.3 дахь хэсэгт заасныг тус тус баримтлан шүүгдэгч Л.П нь хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Е.Ут 47,765,465 төгрөгийн хохирол төлснийг дурдаж, шүүгдэгч Л.Пгээс сэтгэл санааны хохирол 60,706,800 төгрөгийг гаргуулж хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Е.Ут олгож, Солонгос улсаас ирж, очих онгоцны зардал, сургалтын төлбөр, эмчилгээний зардалд нийт 13,720,000 төгрөгийн нэхэмжлэлийн шаардлагыг, өмгөөлөгчийн зардал 2,500,000 төгрөгийн нэхэмжлэлийн шаардлагыг тус тус хэрэгсэхгүй болгож, амь хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Е.У нь орон сууцны түрээсийн төлбөр 20,000,000 төгрөгийн нэхэмжлэлийн шаардлагаа нотлох баримтаа бүрдүүлэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар нэхэмжлэх эрхтэйг тус тус дурдаж,
Шүүхийн шийдвэр нь уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч Л.Пд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж, ял эдлэх хугацааг 2025 оны 6 дугаар сарын 03-ны өдрөөс эхлэн тоолж, шийдвэрлэжээ.
4.Хохирогчийн хууль ёсны төлөөлөгчийн өмгөөлөгч Б.Бгийн гаргасан давж заалдах гомдол болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Төв аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн 2025 оны 6 дугаар сарын 03-ны өдрийн 2025/ШЦТ/260 дугаартай шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч гомдол гаргаж байна.
Хохирол хор уршиг, бусад асуудлын талаар:
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт гэмт хэргийн улмаас хүний амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгө, бусад эрх, эрх чөлөө, нийтийн болон үндэсний ашиг сонирхол, аюулгүй байдалд шууд учирсан үр дагаврыг гэмт хэргийн хохиролд тооцно гэж заасан. Гэмт хэргийн улмаас бага насны хүүхэд болох У.Х............ амь нас хохирч дахин сэргэх боломжгүй хохирол, хор уршиг учирсан ба хохирогч талын зүгээс уг гэмт хэрэгтэй холбоотой гарсан зардлыг холбогдох баримтыг үндэслэлтэйгээр нийт 81,498,457 төгрөгийг буруутай этгээдээр нөхөн төлүүлэхээр нэхэмжлэлийн шаардлага гаргасан. Гэтэл шүүхээс дээрх хохирлын үнийн дүнгээс өмгөөлөгчийн зардал 2,500,000 төгрөг, амь хохирогчийн төрсөн ээж болох М.Оийн Солонгос улсаас ирж, очих онгоцны зардал, сургалтын төлбөр, эмчилгээний зардал 13,720,000 төгрөг, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Е.Уын орон сууц түрээсийн зардал 20,000,000 төгрөгийг тус тус хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн талаарх хууль зүйн дүгнэлтийг хүлээн зөвшөөрөхгүй байна.
Миний үйлчлүүлэгч Е.Уын үндсэн ажиллаж, амьдардаг байсан газар нь Төв аймгийн Эрдэнэсант юм. Харин Төв аймгийн Баянхангай суманд Е.У урилгаар очиж ажиллаж байх хугацаандаа тус сумын захиргааны ажилчдын 36 айлын орон сууцны 10 тоотод хүүхдүүдийн хамт амьдарч байхад тухайн хэрэг гарсан. Гэмт хэрэг гарсны дараа миний үйлчлүүлэгч тухайн орон сууцанд үргэлжлүүлэн амьдрахад маш хүнд байсан учраас 49 хоногийн буян хурааж дуусаад орон сууцнаас нүүсэн. Тухайн орон сууцанд төрийн албан хаагч нар амьдардаг, бага насны хүүхдүүдтэй бөгөөд амь хохирогч охин тэдгээр хүүхдүүдтэй тоглож, найзалж байсан тул миний үйлчлүүлэгч үнэхээр үргэлжлүүлэн амьдарч чадахгүй байсан.
Ингээд өөр орон сууц түрээсэлж амьдарч байгаа. Энэ зардал нь зайлшгүй гэмт хэргийн улмаас гарч байгаа зардал, хохиролд тооцогдож байхад гэрчилгээ байхгүй гэх шалтгаанаар хэрэгсэхгүй болгосон нь хууль зүйн үндэслэлгүй. Амь хохирогч У.Х нь миний үйлчлүүлэгчийн том охин болох М.Оийн охин бөгөөд М.О өөрийн охиноо, төрсөн ээж Е.Ут үрчлүүлж өөрөө Солонгос улсад суралцаж байгаа. Өөрийн төрсөн охин нь хүний гарт амь үрэгдсэнийг мэдсэн даруй үнэн бодит байдлыг харах, сонсох, нягтлах нь зайлшгүй. Гэтэл М.Отэй холбоотой гарсан зардлыг иргэний нэхэмжлэгч биш гэх үндэслэлээр хэрэгсэхгүй болгож байгааг ойлгохгүй байна. Иргэний нэхэмжлэгч нь Е.У бөгөөд уг зардлыг Е.У гаргасан. Монгол Улсын Үндсэн хууль болоод холбогдох бусад хууль журмын хүрээнд хүн өөрийгөө өмгөөлөх, өмгөөлөгч сонгон авах эсэх асуудал нь тухайн хүний эрхийн асуудал боловч, хүн бүр хуулийн талаар тэгш мэдлэггүй, үүссэн асуудалд хууль зүйн зөвлөгөө авах шаардлага тулгардаг. Нөгөө талаар өмгөөлөгч, прокурор, шүүгч нь хуульчийн мэргэжлийн үйл ажиллагаа явуулж, түүнийхээ үр дүн буюу хөлсөөр аж амьдралаа авч явдаг онцлогтой. Миний үйлчлүүлэгч тухайн гэмт хэрэг гараагүй бол өмгөөлөгч авах бодит шаардлага тулгарахгүй байсан.
Эрүүгийн хариуцлагын талаар:
Шүүхээс эрүүгийн хариуцлагын талаар хийсэн дүгнэлтийг өмгөөлөгчийн зүгээс огт ойлгохгүй байгаа. Ямар үндэслэлээр эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэн ял оногдуулж байгаа нь тодорхой биш. Бодит хохирол төлсөн, өмнө сайн харилцаатай байсан, өндөр настай гэх үндэслэлүүдийн харгалзан үзсэн гэж тайлбарлаж байгаа хэдий ч уг гэмт хэргийн мөн чанар хохирол, хор уршиг бусад нөхцөл байдлыг харгалзан үзээгүй. Шүүх хохирол, хор уршиг болоод гэм буруугийн талаар хийсэн дүгнэлт нь шүүгдэгчид ашигтай, шүүгдэгч талыг барьсан, түүнд давуу байдал үүсгэсэн дүгнэлтүүд байна. Шүүгдэгч Л.Пд холбогдох хэргийг анхан шатны шүүх шийдвэрлэхдээ хуулийг буруу тайлбарлан хэрэглэж, гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршиг, эрүүгийн хариуцлагын талаар үндэслэлгүй дүгнэлт хийсэн тул шийтгэх тогтоолыг хүчингүй болгож дахин хэлэлцүүлэхээр буцааж өгнө үү” гэв.
5.Прокурор Г.Я давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “...Хохирогчийн хууль ёсны төлөөлөгчийн өмгөөлөгчөөс 2 үндэслэлээр давж заалдах гомдол гаргасан байна. Уг давж заалдах гомдолд тайлбар хэлье.
Нэгдүгээрт, өмгөөлөгчийн 2.500.000 төгрөгийн зардлыг анхан шатны шүүх хэрэгсэхгүй болгосон. Хэрэгсэхгүй болгосон үндэслэлээ шүүхийн шийтгэх тогтоолд үндэслэлтэй дүгнэсэн. Учир нь Монгол Улсын Засгийн газрын 2018 оны 161 дүгээр тогтоолоор баталсан “Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардлыг санхүүжүүлэх журам”-ын 2.6.6-т өмгөөлөгчийн зардал нь эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалд хамаарахгүй гэж заасан. Мөн өмгөөлөгч авах, гэрээ байгуулах нь иргэний эрх зүйн харилцаанд талуудын хүсэл зоригийн үндсэн дээр хийгддэг тул тухайн зардлыг гаргуулах боломжгүй. Иймд шүүхийн шийдвэр үндэслэлтэй гэж үзэж байна.
Хоёрдугаарт, хохирогчийн төрсөн эх М.Оийн Солонгос Улсаас ирж, очиж зардлын тухайд тайлбар хэлэхэд тэрээр гэрчээр мэдүүлэг өгсөн бөгөөд иргэний нэхэмжлэгчээр оролцоогүй. Иймээс Солонгос Улсаас ирж, очих онгоцны зардал болон сургалтын төлбөрийн зардал нийт 13,720,000 төгрөгийн нэхэмжлэлийг шүүх хэрэгсэхгүй болгосон нь үндэслэлтэй гэж үзэж байна. Учир нь зөвхөн хохирогч болон иргэний нэхэмжлэгч өөрт учирсан хохирлыг нэхэмжлэх эрхтэй.
Гуравдугаарт, хохирогчийн хууль ёсны төлөөлөгчийн нэхэмжилсэн орон сууцны түрээсийн 20,000,000 төгрөгийн тухайд шүүх холбогдох баримтыг бүрдүүлээгүй тул хэрэгсэхгүй болгож, иргэний журмаар нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээсэн. Энэ нь мөн үндэслэлтэй шийдвэр гэж үзэж байна.
Харин эрүүгийн хариуцлагын тухайд өмгөөлөгчөөс “шүүгдэгчид хэт ашигтайгаар шийдвэрлэсэн” гэсэн гомдол гаргасантай холбогдуулан тайлбарлая. Улсын яллагчаас 20 жилийн хорих ял оногдуулах санал гаргасан. Гэтэл шүүхээс 14 жилийн хорих ял, нээлттэй хорих ангид эдлүүлэх шийдвэр гаргасан. Шүүхийн шийдвэрийг уншиж танилцахад дараах нөхцөл байдлыг харгалзан үзсэн байна. Үүнд: шүүгдэгч анх удаа гэмт хэрэг үйлдсэн, мөрдөн байцаалтын шатанд болон шүүх хуралдаанд гэм буруугаа бүрэн хүлээн зөвшөөрсөн, шүүх хуралдаан эхлэхээс өмнө хохирлын тодорхой хэсгийг төлсөн, шүүх хуралдааны явцад тав хоногийн завсарлага авч дахин хохирлыг төлсөн. Эдгээр нөхцөл байдлыг харгалзан үзэж, ял оногдуулсан гэж үзэж байна. Хэдийгээр хүний амь нас нөхөн сэргээгдэхгүй боловч шүүгдэгч хохирол төлөх боломжийг ашигласан нь бас тооцогдсон. Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг үндэслэлтэй гэж үзэж, прокурорын зүгээс эсэргүүцэл бичээгүй. Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, өмгөөлөгчийн гаргасан гомдлыг хэрэгсэхгүй болгож өгнө үү.” гэв.
6.Шүүгдэгчийн өмгөөлөгч Б.Э давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан саналдаа: “...Хохирогчийн өмгөөлөгчөөс гаргасан гомдолд “шүүх хууль буруу хэрэглэсэн, буруу тайлбарласан” гэж дурдсан боловч ямар хуулийг яаж буруу хэрэглэсэн талаар тодорхой үндэслэл, тайлбар гаргаагүй байна. Харин анхан шатны шүүхийн шийдвэрт гэм буруугийн талаар тодорхой, дэлгэрэнгүй дүгнэлт хийсэн бөгөөд эрүүгийн хариуцлагын талаар ч үндэслэлтэй шийдвэрлэсэн. Хэрэг гарах үед талууд хамт архидан согтуурсны улмаас ийм нөхцөл байдал бий болсон нь гэрч нарын мэдүүлгээр нотлогдсон. Хохирогч өөрөө ч архи авчирч хамтран хэрэглэсэн нь тогтоогдсон. Иймд шүүхээс тухайн хэрэгт үнэн зөв дүгнэлт хийж, хуулийн хүрээнд шийдвэр гаргасан гэж үзэж байна. Иймд анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж өгнө үү.” гэв.
7.Шүүгдэгчийн өмгөөлөгч Т.Э давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан саналдаа: “...Давж заалдах шатны шүүхэд гаргасан гомдлын агуулгатай танилцлаа. Тус гомдолд хохирлыг бодитоор дүгнээгүй, сэтгэцийн хохирлын асуудлыг харгалзаагүй, өмгөөлөгчийн зардлыг хэрэгсэхгүй болгосон зэрэг асуудал хөндөгдсөн байна. Өмгөөлөгчийн зардал 2,500,000 төгрөгийг шүүхээс хэрэгсэхгүй болгосон нь үндэслэлтэй. Учир нь иргэний журмаар гэрээний үндсэн дээр шийдэгдэх ёстой асуудал. Тиймээс үүнийг эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд заавал нэхэмжлэх шаардлагагүй гэж үзэж байна. Хэрэг гарах болсон нөхцөл шалтгаан нь архидан согтуурсан явдал байсныг анхаарах нь зүйтэй. Хохирогч өөрөө асран хамгаалагчийн үүргээ биелүүлэлгүй хамтран архидаж, бага насны хүүхдийг хамгаалж чадаагүйгээс хэрэг гарахад нөлөөлсөн гэж өмгөөлөгчийн хувьд үзэж байна. Хэрвээ хохирогч асран хамгаалагчийн үүргээ зөв биелүүлсэн бол уг хэрэг гарахгүй байх нөхцөл байдал байсан. Мөн өмгөөлөгч Б.Бгийн давж заалдах гомдолд дурдсан хохирлыг гаргуулах тухай шаардлагыг үндэслэлгүй гэж үзэж байна. Учир нь бодит хохирол шүүхийн тогтоолоор шийдэгдсэн бөгөөд хохирол төлөгдсөн. Шүүгдэгч хэрэг үйлдсэнээ анхнаасаа хүлээн зөвшөөрч, гэмшиж, хохирлыг тодорхой хэмжээгээр төлсөн. Анхан шатны шүүх ч энэ бүх нөхцөлийг харгалзан үзэж шийдвэрээ гаргасан нь зөв. Шүүгдэгч Л.П нь 61 настай, эрүүл мэндийн байдал муу, үйлдсэн хэргийнхээ хор уршгийг ухамсарлаж гэмшиж буй хүн. Тэр хохирлыг төлөхийн тулд эд хөрөнгөө барьцаалан зээл авч байгаа нь ч тодорхой байна. Иймээс анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж өгнө үү” гэв.
8.Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Е.У давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Анхан шатны шүүхийн хэлэлцүүлгээс эхлээд л шүүгдэгчийн өмгөөлөгч нараас намайг байнга буруутгаж, “гэртээ авчраад архидуулсан” мэтээр ярьж чичлэх байдал гаргаж байна. Миний хувьд үрээ алдчихаад өдөр бүр шаналж, намайг өдөр бүр зовоож байгаа энэ байдлыг та нар мэдэхгүй. Тэр үед таны буруугаас болж би хүүхдээ хүйтэн газар, чулуу дэрлүүлээд орхисон. Би өмгөөлөгч нарын хэлж байгаа шиг хүнд архи авчирч өгдөг хүн биш. Би хамт уудаг байсан ч, сүүлийн жилүүдэд архи уухаа больсон. Тухайн үед би хоёр хундага архи уусан. Харин өмгөөлөгч намайг “архидан согтуурсан” мэтээр хэлээд байгаа нь надад маш хүндээр тусаж байна. Би үрээ алдсан хүний хувьд гашуудан шаналж байхад өмгөөлөгч нар ёс зүйтэй хандаасай гэж хүсэж байна. Миний охины эх Солонгост өдөр бүр уйлж зовж байна. Би хүүхдийнхээ ирээдүйг бодоод охиноо гадагшаа сургуульд явуулж, хүүхдийг нь өөрөө авч өсгөсөн. Дөрвөн өнчин хүүхдийг ганцаараа өсгөж, бүгдийг нь их дээд сургууль төгсгөсөн. Гэвч охиныхоо ирээдүйд зориулан авч үлдсэн хүүхдээ би энэ хүний гарт алдсан. Гарсан бодит зардлыг төлөх ёстой. Хэрэв ийм хэрэг гараагүй бол би малаа зарахгүй, байшингаа зарна гэж зар тавихгүй байх байсан. Би охиныхоо дурсгалд ганц суварга ч болов босгомоор байна. Өнөөдрийг хүртэл надаас, миний охиноос, ах дүүсээс минь уучлалт гуйгаагүй.” Охиноо алдчихаад миний охин Солонгос улсад өдөр болгон уйлж шаналж байна.” гэв.
9.Шүүгдэгч Л.П давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Би хүнд гэмт хэрэг үйлдсэндээ маш их гэмшиж байна. Хохирол төлбөрөөс тодорхой хэмжээгээр төлсөн. Сэтгэл санааны хохирлын мөнгийг өгнө гэв.
ТОДОРХОЙЛОХ нь:
1. Давж заалдах шатны шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар хохирогчийн хууль ёсны төлөөлөгчийн өмгөөлөгч Б.Бгийн гаргасан давж заалдах гомдолд дурдсан үндэслэлд хязгаарлахгүйгээр мөрдөн шалгах, прокурор болон анхан шатны шүүхийн бүх ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хянаж үзлээ.
2. Мөрдөн шалгах ажиллагааны явцад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан “Нотолбол зохих байдал”-ыг хангалттай шалган тодруулсан, хэргийн үйл баримтын талаар тогтоосон нотлох баримтуудыг цуглуулж бэхжүүлэхдээ хэргийн оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хязгаарлаагүй, шүүхээс хууль ёсны үндэслэл бүхий тогтоол гаргахад сөргөөр нөлөөлж болохуйцаар Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмыг зөрчиж нотлох баримт цуглуулж, бэхжүүлсэн гэж үзэх үндэслэлгүй, хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай, үнэлэх боломжтой байна.
3.Хэрэгт авагдсан нотлох баримтуудыг хооронд нь харьцуулан судалж үзвэл шүүгдэгч Л.П нь 2025 оны 02 дугаар сарын 03-ны өдрийн шөнийн 03-05 цагийн орчимд Төв аймгийн Баянхангай сум, Найрамдал 1 дүгээр багийн нутаг дэвсгэрт байрлах 36 айлын орон сууцны 10 тоотод архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ бага насны хүүхэд болох 10 сартай /10 сар 28 хоногтой/ эмэгтэй У.Хг “...уйллаа...” гэх шалтгаанаар цээжин тус газарт нь 2 удаа хутгалж, биед нь цээж хэвлийн хөндий рүү нэвтэрч зүсэгдсэн шарх, өвчүү, уушги, үнхэлцэг хальс, зүрх, өрц, ходоодны хатгагдаж зүсэгдсэн шарх, цээжний зүүн плеврийн хөндий дэх сул шингэн агууламж /200мл/ бүхий гэмтэл учруулан, уг гэмтлийн улмаас амь хохирогч цус алдалтын шоконд орж нас барсан, бага насны хүүхдийг алсан гэмт хэргийн талаарх үйл баримт тогтоогдсон болох нь:
Хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /1-р хх-ийн 13-19/,
Цогцост үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /1-р хх-ийн 20-25 /,
Хүний биед үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /1-р хх-ийн 26-29/,
Эд мөрийн баримтаар тооцох тухай” мөрдөгчийн тогтоол /1-р хх-ийн 32-33, 34-36, 37-39, 40-41, 42-47/,
Мэдүүлгийг газар дээр нь шалгасан тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /1-р хх-ийн 48-52/,
Амь хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Е.Уын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...би Хишигдорж, Тайванбаяр хоёрыг гаргаж өгөхөөр болоод охиноо Гантуул эгчийг хойд өрөөнд газар хэвтэж байхад хажууд нь тавиад миний охиныг харж байгаарай, хүн гаргаж өгөөд ирье гэж хэлээд гарах үед Л.П гал тогоонд ширээний хажууд сандал дээр сууж байсан. Би гараад Хишигдоржтой хамт явж эхлээд Тайванбаярыг гэрт нь буулгаад эргээд ирэхэд Гантуул эгч, хүн алчихлаа шүү дээ, Пүүжээ чи гээд хашхирах сонсогдсон. Ингээд би гүйгээд гэртээ ороход миний охиныг Гантуул эгч тэвэрчихсэн охины хамаг хувцас нь цус болчихсон Пүрэвсүрэн ах сөхрөөд газар суучихсан, хажуу талд нь манай мах идэж байсан шар иштэй хутга цус болчихсон газарт байхаар нь би аваад гал тогооны ширээний зүг рүү миний охиныг алчхаж байгаа юм уу гээд шидчихээд, Пүрэвсүрэнг гараараа түлхсэн. Энэ үед манай охин Е хажууд нь та тэнэг юм уу, миний дүүг алчихлаа шүү дээ гээд хашхираад зогсож байсан. Ингээд би шууд Гантуул эгчээс охиноо аваад хацарт нь хацраа наахад бүлээн байхаар нь орон дээр хэвтүүлээд цустай цамцыг нь сөхөж үзэхэд цээжинд нь хутганы мөр байсан. Би гэрээсээ гарч хажуу хаалганы эмчийн хаалгыг нүдээд коридорт миний охиныг алчихлаа шүү дээ туслаарай гээд би ухаан алдчихсан. Түүнээс хойш юу болсныг мэдэхгүй эмнэлэгт сэрсэн...би хоёр хүүхдийн хамт Баянхангай сумаас надад түр олгосон төрийн алба хаагчдын 36 айлын орон сууцны 10 тоот 2 өрөө байранд амьдардаг байсан. Тэр байранд амьдрахад надад сэтгэлд хэцүү санагдаад 20,000,00 төгрөгөөр байр худалдан авч тэндээ амьдарч байгаа...амь хохирогч У.Х нь миний дунд охин М.Оээс 2024 оны 3 дугаар сарын 05-ны өдөр төрсөн юм. Эцэг нь Баярбатын Баярмагнай гэдэг залуу байдаг. Миний охин М.О Бүгд Найрамдах Солонгос Улсын Сөүл хотын Конкуг Их Сургуульд суралцдаг. Би амь хохирогч У.Хг 2024 оны 3 дугаар сарын 11-ний өдөр үрчилж аваад өсгөж байсан юм. Тэрээр оршуулгын ажил явдалд оролцохоор Монгол Улсдаа ирсэн...Би эрүүл саруул өсөж бойжиж байсан охиноо харамсалтайгаар алдсандаа маш их гомдолтой байна. Оршуулгын зардал, сэтгэл санааны хохирол болон бусад учирсан хохирлоо бүгдийг буруутай этгээдээс 58,146,354 төгрөг нэхэмжилж байгаа ба надад өгсөн 8,300,000 төгрөгийг хасахаар 49,846,354 төгрөг болж байгааг нэхэмжилж байна. Мөн дээрээс нь өөрийн болон охин У.Еийн сэтгэл санааны хохирлыг нэхэмжилж байна...” гэх мэдүүлэг /1-р хх-ийн 56-57, 61, 87/,
Гэрч Ц.Г....................мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Би бол нэг их архи уугаагүй. 2025 оны 02 дугаар сарын 02-ны өдрөөс 03-нд шилжих шөнийн 04 цагийн үед архи, дарс нь дуусаад тарцгаахаар болсон. Би том өрөөнд нь газраар ор засаад хэвтээд байж байхад Урантогос " би хүүхдээ таны хажуугаар хийлээ шүү. Би хүн гаргаж өгчхөөд ороод ирье" гэж хэлсэн. Тэр үед Е.Уын бага охин Хулан чанга уйлаад байхаар нь би босоод тэврээд тайвшруулах гэсэн боловч уйлаад байсан. Хүүхэд уйлахад нь манай нөхөр Пүрэвсүрэн авч гар дээрээ бүүвэйлж, ээлжлээд бүүвэйлээд байсан боловч Е эгч рүүгээ заагаад уйлаад байсан. Тэр үед Е орон дээр унтаж байхад нь би Хуланг хажуугаар нь тавихад уйлахаа больсон... Би хажуугаар нь хэвтээд байж байхад Е хувинд шээх гээд босоход нь Хулан ахиад уйлах гэсэн. Тэр үед манай нөхөр Пүрэвсүрэн хүүхдийн хажууд шалан дээр хоёр хөлөөрөө өвдөглөөд нэг их муухай харцтай болчихсон, шал өөр хүн шиг болчихсон юм шиг харагдсан. Тэгснээ гэнэт Хулангийн цээж рүү баруун гараараа хэд хэдэн удаа цохиод авах шиг болохоор нь би "хүүе ээ чи яаж байна аа" гэж хэлээд Хуланг энгэртээ тэврээд авсан чинь цээжнээс нь маш их цус гарч байсан. Би нөхөртөө хандаж "чи хүүхэд яаж байгаа юм бэ" гэж хэлээд хартал гарт нь хутга ч юм шиг, халбага ч юм шиг юм барьж байснаа шалан дээр хаясан. Тэр үед Пүрэвсүрэн "чөтгөр, чөтгөр" гээд амандаа үглээд байсан. Е хувин дээр шээж байснаа чангаар орилж "пүүжээ өвөө та дүүг алчихлаа шүү дээ" гэж хэлэхэд манай нөхөр "кукэл, кукэл, ийм тоглоом байдаг байхгүй юу" гэж яриад байсан. Би шоконд орж орилж чарлаад яах учраа олохгүй байсан чинь Е "та ээж рүү утасдаад хэлээчээ" гэж хэлэхэд нь би утсаар залгах гэж байтал Урантогос орж ирээд "юу болов оо та миний үрийг яачихваа” гэсэн...Уранбилэг коридорт гарч хүмүүс дуудсан...Эмч ирж үзээд нас барсан байна гэж хэлсэн. Ийм л зүйл болсон...” гэх мэдүүлэг /1-р хх-ийн 159-162, 174-175/,
Насанд хүрээгүй У.Еийн хохирогчоор мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Тэр шөнө ээж маань Тайванаа аниаг гэрт нь хүргэж өгөхөөр явсан байсан. Манай дүү Хулан том өрөөнд надтай хамт шалан дээр зассан орон дээр хэвтэж байхдаа уйлаагүй байсан. Би дүүгийн хажуугаас босоод хувинд шээх гээд явахад Пүүжээ өвөө манай дүү Хулангийн хажууд өвдөглөөд сууж байсан. Пүүжээ өвөөгийн хойд талд нь манай гэрийн шар иштэй хутга шалан дээр байсан. Намайг хувинд шээж байхад манай дүү Хулан уйлсан. Тэр үед Пүүжээ өвөө хойд талдаа байсан хутгийг гартаа атгаад манай дүү Хулангийн цээж рүү нь хутгалсан. Миний дүүгийн цээжнээс цус гараад байсан. Би маш их айсан, уйлсан. Тэр үед Ганаа эгч, Пүүжээ өвөөд хандаж хүүш ээ чи хүүхэд алчихлаа шүү дээ гэж хэлээд манай дүү Хуланг тэврээд авсан чинь цээжнээс нь баахан цус гарсан. Манай дүү тэр үед жижигхэн шар плажтай байсан. Пүүжээ өвөө энэ юу ч биш, энэ бол бодит биш, энэ бол тоглоом гэж яриад байхаар нь би хөгшин төгцөг минь зайл гэж хэлсэн. Ингээд удаагүй байж байхад манай ээж гаднаас орж ирсэн. Ээж газарт байсан хутгийг өшиглөсөн чинь гал тогооны өрөөний ширээн доор ортол өшиглөсөн...” /1-р хх-ийн 165-166, 171-172/,
Гэрч Г.Сарангэрэлийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Би гэртээ унтаж байгаад 05 цагийн орчимд хүү маань сэрээд хүүхдээ хөхүүлээд байж байхад манай хажуу айлын Урантогос эгч коридорт хөрш айлын хүний нэрээр дуудаад миний охиныг хүн алчихлаа шүү дээ гээд мөн цаад талын айлын хүний нэрийг дуудаад миний охиныг хүн алчихлаа гээд тусламж гуйгаад байх шиг байхаар нь би хаалгаараа шагайгаад “яасан бэ Урантогос эгч ээ зүгээр үү” гэж асуухад миний охиныг хүн алчихлаа гэж хэлээд коридорт цаад талынхаа айлын хаалгыг тогшоод зогсож байхаар нь би гэртээ ороод өөрийн ээж н.Замбага руу залгаж н.Урантогос эгчийн ярьсныг дамжуулж ээжийгээ гэртээ дуудсан...” гэх мэдүүлэг /1-р хх-ийн 177/,
Гэрч Ц.Замбагын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Намайг унтаж байхад манай охин Сарангэрэл над руу залгаад Урантогос эгч коридорт манай хүүхдийг хүн алчихлаа гээд орилоод байна гээд ярьсан. Би цаг харахад 05 цаг 11 минут болж байсан. Ингээд би хүн рүү залгаж цагдаагийн дугаар аваад цагдаад дуудлага өгсөн...” гэх мэдүүлэг /1-р хх-ийн 179/,
Гэрч Д.Тайванбаярын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...би Урантогос эгчид найзууд чинь ирчихэд байхад зүгээр юмыг нь уучхаад яваад өгөх эвгүй юм даа би нэг шил архи авах уу гэхэд Урантогос хэрэггүй гэж хэлсэн...дэлгүүр орж 1 шил 0.75 литрийн хараа архи, ундаатай аваад буцаж ирээд тавуулаа хувааж уусан. Ингээд Урантогос эгч өндөрлөе гэж хэлээд Урантогос эгч намайг хүргэж өгнө гээд Хишигдорж ах гурвуулаа гараад тэр хоёр намайг хүргэж өгөөд гэр рүүгээ буцсан...” гэх мэдүүлэг /1-р хх-ийн 181/,
Гэрч М.Оийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Би Сөүл хотод суралцаж байхдаа өдөр бүр ээжтэйгээ болон өөрийн охин У.Хтай фейсбүүкийн мессенжер чатаар ярьдаг... 2025 оны 2 дугаар сарын 03-ны өдөр ...миний төрсөн эгч М.Билэгдэмбэрэл тэр өдрийн орой 16-17 цагийн үед залгаад "Хулан өвдчихлөө, гэнэт сэхээнд орчихлоо, чи яаралтай Монгол Улсад ирэхгүй бол болохгүй байна" гэж хэлэхээр нь би "юу болсон юм бэ, яадаг өвчин юм бэ" гэж асуухад "Менингет болчих шиг боллоо, хурдан л ирээрэй" гэж хэлсэн. Ингээд 2025 оны 02 дугаар сарын 04-ний өдрийн 13:20 цагийн Сөүлээс Улаанбаатарын чиглэлийн нислэгийн тийз захиалаад Монгол Улсад 2025 оны 02 дугаар сарын 04-ний өдрийн 16:30 цагт ирсэн...Төв аймгийн Баянхангай сум руу явсан. Гэртээ ирэхэд намайг миний төрсөн эгч М.Билэгдэмбэрэл тосож аваад "эгчийгээ уучлаарай, ийм муухай мэдээ дуулгаж байгаад, Хулан эндчихлээ” гэж хэлээд уйлсан. Би энэ мэдээг сонсоод ухаан алдаж, нэг сэрэхэд Баянхангай сумын эмнэлэгт байсан. Намайг эмнэлгээс гараад тайвшруулж байгаад миний ээж Е.У надад болсон хэргийн талаар бүх зүйлийг үнэнээр нь хэлсэн...” гэх мэдүүлэг /1-р хх-ийн 186-187/
Гэрч Ш.Мажигсүрэнгийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Хуланг харахад цээж хэсэг нь цус болсон харагдсан тул яаралтай эмч дуудахаар гарч тус нийтийн байранд амьдардаг сувилагч Зулаа гэх эмэгтэйг дуудах гээд гэрийнх нь үүдэнд очиход тэрээр урдаас гараад ирсэн. Би Зулаад "Урантогосын гэрт эвгүй асуудал болсон юм шиг байна" гэж хэлэхэд тэрээр "би сая ороод харсан, эмнэлэг дуудчихлаа, одоо цагдаа дуудаж байна" гэж хэлсэн. Удалгүй суманд ээлжид гарч байсан эмнэлгийн сувилагч ажилтай Тэмүүжин гэх залуу ирээд Урантогосын гэрт Зулаагийн хамт ороод нөхцөл байдалтай танилцан гарч ирээд надтай байрны коридорт уулзаж "Урантогосын охин хутгалуулсан шархтай Хулан өнгөрсөн байна" гэх зүйл хэлсэн...” гэх мэдүүлэг /1-р хх-ийн 194, 196-201 тал/,
Гэрч Б.Алтанзулын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...2025 оны 02 дугаар сарын 02-ны өдрөөс 03-нд шилжих шөнө 04 цаг 40 минутын үед ... Е.У эгчийн гэрт ороход туранхай өндөр биетэй, толгойдоо урт буурал үстэй согтуу эрэгтэй хүн цээж нүцгэн байдалтай, түүний эхнэр нь бололтой хүн Е.У эгчийн бага охиныг тэвэрчихсэн байдалтай байж байсан. Би Е.У эгчийн бага охиныг тэр эгчийн гараас аваад үзэхэд өмсөж байсан цамцных нь энгэр нилэнхүүдээ цус болчихсон байдалтай, орчиндоо харьцаагүй, хоёр нүдний хүүхэн хараа өргөссөн, хоёр нүдний зовхи нээгдээд хөшчихсөн байхаар нь зүрхний цохилт байгаа эсэхийг үзэхэд зүрх цохилохоо больчихсон байсан. Охины цамцны энгэрт хутгаар зүссэн бололтой цоорхой үүссэн байсан. Цамцыг нь сөхөөд харахад хэвлий, цээж хэсэгт хутгаар хатгасан шарх, түүний эргэн тойронд цусаар бохирлогдсон байдалтай нас барсан байсан...” гэх мэдүүлэг /1-р хх-ийн 203/,
Гэрч Г.Одгэрэл мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Тэр өдөр буюу 2025 оны 02 дугаар сарын 02-ны өдрөөс 03-нд шилжих шөнө би Эрүүл мэндийн төвийн жижүүр эмчээр ажиллаж байсан. Тэгтэл үүрээр 05 цаг өнгөрч байхад манай сувилагч Б.Алтанзул над руу утасдаад "Урантогосын гэрт яаралтай ирээрэй" гэж хэлээд утсаа салгасан. Намайг манай сувилагч Б.Алтанзул, Б.Тэмүүжин, гэрийн эзэн Е.У, түүний охин Е, эхнэр, нөхөр хоёр танихгүй хүмүүс байсан. Харин Е.Уын бага охин орон дээр энгэр нь тэр чигтээ цус болсон байдалтай хэвтэж байсан. Би хүүхдийг үзэхэд нас барсан байдалтай байсан…” гэх мэдүүлэг /1-р хх-ийн 205/,
Гэрч Б.Тэмүүжин мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Тэнд байсан согтуу эрэгтэйг Алтанзул "энэ хүн Урантогосын охиныг хутгалчихсан" гэж хэлсэн. Би хамгийн түрүүнд Урантогосын Хулан гэх хүүхэд дээр очиж судасны лугшилтыг шалгахад юу ч мэдрэгдэхгүй, ямар ч хөдөлгөөнгүй, нас барсан байсан...” гэх мэдүүлэг /1-р хх-ийн 208-210/,
Шүүх шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2025 оны 02 дугаар сарын 25-ны өдрийн ЕГ0325/1679 дугаартай “...Хутга, ноосон цамц, саарал өнгийн өмд, саарал өнгийн оймс, цагаан өнгийн өмд дээрх цус болон шар өнгийн цамц дээрх шүлснээс эмэгтэй хүний ДНХ-ийн тогтоц тогтоогдсон нь 1680 дугаартай дүгнэлтэд тусгасан У.Хгийн цусны ДНХ-ийн тогтоцтой тохирч байна...” гэх шинжээчийн дүгнэлт /1-р хх-ийн 220-227/,
Шүүх шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2025 оны 02 дугаар сарын 25-ны өдрийн ЕГ0325/1680 дугаартай: “...Хөвөн бамбартай арчдас дээрх цуснаас хоёр хүний холимог ДНХ-ийн тогтоц тогтоогдсон. Хөвөн бамбартай арчдас дээрх хоёр хүний холимог ДНХ-ийн тогтоц нь У.Х гэх цусны ДНХ-ийн тогтоц болон 1679 дугаартай дүгнэлтэд тусгасан Л.П гэх цусны ДНХ-ийн тогтоцтой тохирч байна гэж дүгнэлт өгөх үндэслэл болов...” гэх шинжээчийн дүгнэлт /1-р хх-ийн 232-235 /,
Шүүх шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2025 оны 02 дугаар сарын 14-ний өдрийн ЕГ0325/1630 дугаартай: “...Шинжилгээнд ирүүлсэн “Л.П 61/эр ХМ64100878 М-0517” гэж хаягласан цусны дээжээс 1,9 промилли спиртийн агууламж илэрсэн. Цусан дахь 1.9 промилли спиртийн агууламж нь согтолтын дунд зэрэгт хамаарна...” гэх шинжээчийн дүгнэлт /2-р хх-ийн 9-11/,
Төв аймгийн Шүүх шинжилгээний хэлтсийн 2025 оны 02 дугаар сарын 25-ны өдрийн ТӨВ0625/037 дугаартай: “...Амь хохирогч У.Хгийн цогцост хийсэн задлан шинжилгээгээр цээж, хэвлийн хөндий рүү нэвтэрсэн хатгагдаж зүсэгдсэн шарх, өвчүү, уушиг, үнхэлцэг хальс, зүрх, өрч, ходоодны хатгагдаж зүсэгдсэн шарх, цээжний зүүн плеврийн хөндий дэх сул шингэн агууламж, /200мл/ бүхий гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтлүүд нь ир үзүүртэй зүйлийн 2 удаагийн үйлчлэлээр үүссэн байх боломжтой. Амь хохирогч У.Х нь дээрх гэмтлүүдийн улмаас цус алдалтын шоконд орж нас баржээ...” гэх шинжээчийн дүгнэлт /2-р хх-ийн 8-27/,
2025 оны 3 дугаар сарын 25-ны өдрийн Сэтгэцийн эрүүл мэндийн үндэсний төвийн 275 дугаартай: “...Л.П нь сэтгэцийн ямар нэгэн өвчингүй байна. Л.П нь гэмт хэрэг үйлдэх үедээ сэтгэцийн ямар нэгэн өвчтэй байсан гэх баримт мэдээлэл үгүй байна. Тухайн цаг хугацаанд энгийн согтолттой байсан байна. Л.П нь сэтгэцийн хувьд эрүүгийн хэрэг хариуцах чадвартай байна. Л.П нь сэтгэцийн эмнэлгийн хяналтад байдаг, эмчлүүлж байсан гэх баримт мэдээлэл үгүй байна. Л.Пд эмнэлгийн чанартай албадлагын арга хэмжээ авах шаардлагагүй байна...” гэх шинжээчийн дүгнэлт /2-р хх-ийн 40-42/ зэрэг мөрдөн шалгах ажиллагааны явцад хуульд заасан үндэслэл журмын дагуу хэрэгт авагдсан бусад нотлох баримтуудаар тогтоогдсон байна.
“Хүнийг алах” гэмт хэрэг нь бусдын амь насыг хохирооход чиглэсэн үйлдэл, эс үйлдэхүй хийсний улмаас хүн нас барсан, гэмт үйлдэл, амь хохирогчийн үхэл хоёрын хооронд шалтгаан холбоотой байх шинжийг заавал агуулах ба амь хохирогч нас барсан үеэс эхлэн хүнийг алсан үйлдлийг төгссөн гэмт хэрэг гэж үзнэ.
Түүнчлэн “Бага насны хүүхэд” гэж арван дөрвөн насанд хүрээгүй хүнийг ойлгох бөгөөд амь хохирогч У.Х нь 10 сар 28 хоногтой буюу 2024 оны 3 дугаар сарын 05-ны өдөр төрсөн болох нь төрсний гэрчилгээ болон нас барсны гэрчилгээний хуулбараар нотлогдон тогтоогдсон байх тул Нийслэлийн прокурорын газраас хэрэгт авагдсан нотлох баримтаар тогтоогдсон үйл баримтаар шүүгдэгч Л.Пг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 3 дахь заасан “Хүнийг алах” гэмт хэргийг хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар буюу “бага насны хүүхдийг” алсан гэмт хэрэгт эрүүгийн хэрэг үүсгэн яллагдагчаар татан, яллах дүгнэлт үйлдэн хэргийг анхан шатны шүүхэд шилжүүлсэн хэргийн зүйлчлэл зөв байна.
4.Анхан шатны шүүх хэрэгт авагдсан нотлох баримтуудад үндэслэн “...шүүгдэгч Л.Пг архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ бага насны хүүхэд болох 10 сартай У.Хг “...уйллаа...” гэх шалтгаанаар цээжин тус газарт нь 2 удаа хутгалж, шинжээчийн дүгнэлтэд тусгагдсан гэмтлийн улмаас амь хохирогч цус алдалтын шоконд орж нас барсан болох нь тогтоогдсон” гэх агуулга бүхий дүгнэлт хийсэн нь хэргийн бодит байдалтай нийцсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.15 дугаар зүйлд заасан нотлох баримтыг шалгах, үнэлэх журмыг болон анхан шатны журмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа нь тухайн шүүгдэгчийн хувьд прокуророос шилжүүлсэн хэргийн хүрээнд явагдана” гэсэн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг зөрчөөгүй байна.
5. Түүнчлэн анхан шатны шүүх шүүгдэгч Л.Пг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 3 дахь хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан эрүүгийн хариуцлагын зорилго, 6.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасан эрүүгийн хариуцлага хүлээлгэх зарчимд нийцүүлэн шүүгдэгчийн үйлдлийг зүйлчилсэн зүйл, хэсэгт заасан ялын төрөл, хэмжээний дотор буюу 14 жилийн хугацаагаар хорих ял оногдуулж, уг ялыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 3, 4 дэх хэсэгт зааснаар нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр шийдвэрлэж Эрүүгийн хуулийг зөв хэрэглэсэн байна.
6.Хохирогчийн хууль ёсны төлөөлөгчийн өмгөөлөгч Б.Б “...шүүх хохирогчийн хууль ёсны төлөөлөгчийн түрээсэлсэн 20,000,000 төгрөг болон амь хохирогчийн ээж М.Оийн Бүгд Найрамдах Солонгос улсаас Монгол Улс руу ирсэн, буцсан онгоцны болон бусад зардал, өмгөөлөгчийн хөлс 2,500,000 төгрөгийг шийдвэрлэхдээ “гэрчилгээ байхгүй..., М.О хохирол нэхэмжлэх эрхгүй..., өмгөөлөгчийн хөлс шүүхийн зардалд хамаарахгүй...,” гэх үндэслэлгүй дүгнэлт хийсэн, мөн эрүүгийн хариуцлага шударга ёсны зарчимд нийцээгүй, бүхэлдээ шүүгдэгчид ашигтайгаар шийдвэрлэсэн” гэх агуулгаар давж заалдах гомдол гаргасан.
7.Анхан шатны шүүх өмгөөлөгчийн зардал 2,500,000 төгрөг гаргуулах шаардлагыг “Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалд хамаарахгүй” гэх үндэслэлээр хэрэгсэхгүй болгож, орон сууцны түрээс 20,000,000 төгрөгийг “нотлох баримтаа бүрдүүлэн иргэний журмаар нэхэмжлэх эрхтэй” гэх агуулгаар шийдвэрлэсэн нь үндэслэлтэй байна.
Өөрөөр хэлбэл Монгол Улсын Засгийн газрын 2018 оны 5 дугаар сарын 30-ны өдрийн 161 дугаартай тогтоолын 1 дүгээр хавсралтаар “Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардлыг тооцох, санхүүжүүлэх журам”-ыг баталсан байх ба уг журмын 2.2.6-т “насанд хүрээгүй, төлбөрийн чадваргүй хохирогч, гэрчийн өмгөөллийн үйлчилгээний хөлсийг хууль зүйн туслалцаа үзүүлэх гэрээнд заасан хэмжээгээр” гаргуулж болохоор зохицуулсан байна.
Гэтэл өмгөөлөгч нь хохирогчийн хууль ёсны төлөөлөгчтэй хууль зүйн туслалцаа үзүүлэх гэрээ байгуулсан, гэрээ байгуулсан этгээд төлбөрийн чадваргүй болох нь нотлох баримтаар хэрэгт тогтоогдоогүй байх тул анхан шатны шүүхээс энэ талаар хийсэн дүгнэлт үндэслэл бүхий байна.
Харин хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Е.У гэрч М.Оийн онгоцны зардал, эмчилгээний зардал, сургалтын төлбөрт 13,720,000 төгрөг нэхэмжилсэн байхад анхан шатны шүүх М.Оийг нэхэмжилсэн гэж үзэж “...нэхэмжлэхгүй эрхгүй...” гэх үндэслэлээр хэрэгсэхгүй болгон шийдвэрлэсэн нь үндэслэлгүй байна.
Иймд хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Е.У нь гэрч М.Оийн Бүгд Найрамдах Солонгос Улсаас Монгол Улсад ирсэн, буцсан онгоцны зардалд 2,208,750 төгрөгийг нотлох баримтаа бүрдүүлэн иргэний журмаар нэхэмжлэх эрхтэй болохыг дурдаж, харин эмчилгээний зардал, сургалтын төлбөр нийт 11,511,250 төгрөг нь энэ гэмт хэргийн улмаас учирсан хохиролд хамаарахгүй байх тул хэрэгсэхгүй болгон шийдвэрлэх нь зүйтэй байна.
8.Хэрэгт авагдсан Шүүх шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2025 оны 3 дугаар сарын 25-ны өдрийн 886, 887 дугаартай шинжээчийн дүгнэлтүүдээр насанд хүрээгүй хохирогч У.Е, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Е.У нарын сэтгэцэд учирсан хор уршгийг дөрөвдүгээр зэрэглэлд хамаарч байгаа болохыг тогтоосон байна.
Анхан шатны шүүх дээрх дүгнэлтүүдийг үндэслэн насанд хүрээгүй хохирогч У.Е, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Е.У нарын сэтгэцэд учирсан хор уршгийг тооцохдоо Монгол Улсын Дээд шүүхийн нийт шүүгчдийн 2023 оны 7 дугаар сарын 03-ны өдрийн хавсралтаар баталсан “Хүний сэтгэцэд учирсан хор уршгийг арилгах, нөхөн төлүүлэх төлбөрийн жишиг аргачлал”-д заасны дагуу хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 45.99 дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээгээр тогтоож 60,706,800 төгрөгийг шүүгдэгчээс гаргуулахаар шийдвэрлэсэн нь үндэслэлгүй болжээ.
Тодруулбал, Монгол Улсын Дээд шүүхийн нийт шүүгчдийн 2023 оны 7 дугаар сарын 03-ны өдрийн хавсралтаар баталсан “Хүний сэтгэцэд учирсан хор уршгийг арилгах, нөхөн төлүүлэх төлбөрийн жишиг аргачлал” нь нэрлэн заасан гэмт хэргүүдийн улмаас хүний сэтгэцэд учирсан хор уршгийг арилгахад хамааралтай байх бөгөөд хүний амь хохирсон тохиолдолд Иргэний хуулийн 511 дүгээр зүйлийн 511.5 дахь хэсэгт “Гэмт хэргийн улмаас хохирогч нас барсан бол түүний гэр бүлийн гишүүний сэтгэцэд учирсан гэм хорыг арилгах, нөхөн төлөх төлбөрийн хэмжээг хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 150 дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээгээр, эсхүл нас барсан хүний нас, хүн амын дундаж наслалтын зөрүүг хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг тав дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний мөнгөн дүнгээр үржүүлэн хохирогчид аль ашигтайгаар шүүхээс тогтооно” гэж заасны дагуу шийдвэрлэх юм.
Монголын Үндэсний статистикийн хорооноос гаргасан мэдээллээр 2024 онд эмэгтэй хүний дундаж наслалт 77.1 байх ба гэмт хэрэгт гарах үед амь хохирогч охин У.Х нь 10 сар 28 хоногтой байсан нь хэрэгт тогтоогдсон байх тул дундаж наслалтын зөрүүг 76 байхаар тодорхойлж, хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг тав дахин нэмэгдүүлсэнтэй тэмцэх хэмжээгээр сэтгэцэд учирсан гэм хорыг арилгах, нөхөн төлбөрийг хэмжээг тооцох нь зүйтэй байна.
Өөрөөр хэлбэл гэмт хэрэг үйлдэгдэх үед хөдөлмөрийн хөлсний доод хэмжээ 660,000 төгрөг байхаар мөрдөгдөж байсан тул дундаж наслалт 76 байхаар тодорхойлсонтой үржүүлэн, түүнийг тав дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээгээр буюу 250,800,000 төгрөгийг Иргэний хуулийн 511 дүгээр зүйлийн 511.5-т зааснаар амь хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Е.У, насанд хүрээгүй хохирогч У.Е тус бүрт шүүгдэгч Л.Пгээс гаргуулан олгох нь зүйтэй байна.
9.Түүнчлэн анхан шатны шүүх шийтгэх тогтоолын “Тогтоох нь” хэсгийн 2 дахь заалтаар шүүгдэгч Л.Пд эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ хуулийн нэрийг давхардуулж бичсэн, 3 дахь заалтаар хэдэн жилийн хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр тогтоосон нь тодорхойгүй, мөн шүүгдэгч нь 121 хоног цагдан хоригдсон байхад 120 хоногийг эдлэх ялд нь оруулан тооцох гэж 1 хоногийг дутуу тооцсон, эд мөрийн баримтаар хураагдан ирсэн эд зүйлийн устгахаар шийдвэрлэхдээ хэрэглэвэл зохих хуулийг хэрэглээгүй байх тул шийтгэх тогтоолын холбогдох заалтуудад өөрчлөлт оруулах замаар зөвтгөх нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүхээс үзэв.
Давж заалдах шатны шүүхээс дээр дурдсан үндэслэлүүдээр анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолд өөрчлөлт оруулж, хохирогчийн хууль ёсны төлөөлөгчийн өмгөөлөгч Б.Бгийн гаргасан давж заалдах гомдлоос “...онгоцны зардлыг хэрэгсэхгүй болгосон нь үндэслэлгүй...” гэх хэсгийг хангаж, бусад хэсгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.
10.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт “шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээсэн, эсхүл өөрчилсөн тохиолдолд ял шийтгүүлсэн этгээдэд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээний хугацааг ял эдлэх хугацаанд оруулж тооцно” гэж зааснаар шүүгдэгч Л.Пгийн шийтгэх тогтоол танилцуулснаас хойш буюу 2025 оны 6 дугаар сарын 03-ны өдрөөс 2025 оны 9 дүгээр сарын 10-ны өдрийг хүртэл цагдан хоригдсон 99 хоногийг эдлэх ялд нь оруулан тооцов.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1.4-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1.Төв аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн 2025 оны 6 дугаар сарын 03-ны өдрийн 2025/ШЦТ/260 дугаартай шийтгэх тогтоолын Тогтоох нь хэсгийн 2 дахь заалтад “Шүүгдэгч Л.Пг Эрүүгийн хуулийн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 3 дахь хэсэг зааснаар 14 /арван дөрөв/ жилийн хугацаагаар хорих ял шийтгэсүгэй” гэснийг
“Шүүгдэгч Л.Пг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 3 дахь хэсэг зааснаар 14 /арван дөрөв/ жилийн хугацаагаар хорих ял шийтгэсүгэй” гэж,
3 дахь заалтад “Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 3, 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Л.Пд оногдуулсан хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр тогтоосугай” гэснийг
“Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 3, 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Л.Пд оногдуулсан 14 жилийн хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр тогтоосугай” гэж,
4 дэх заалтад “Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Л.Пгийн цагдан хоригдсон нийт 120 /нэг зуун хорь/ хоногийг түүний эдлэх ялд оруулан тооцсугай” гэснийг
“Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Л.Пгийн цагдан хоригдсон нийт 121 /нэг зуун хорин нэг/ хоногийг түүний эдлэх ялд оруулан тооцсугай” гэж,
5 дахь заалтад “Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.4 дэх заалтад зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн 1 ширхэг хутга, шүүгдэгч Л.Пгийн өмсөж явсан цус мэт зүйлээр бохирлогдсон хар алаг өнгийн цамц 1 ширхэг, амь хохирогч У.Хгийн өмсөж явсан цус мэт зүйлээр бохирлогдсон “PINK” гэсэн бичиглэлтэй шар өнгийн цамц 1 ширхэг, ягаан өнгийн фудволк 1 ширхэг, цайвар өнгийн өмд 1 ширхгийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгахыг Төв аймгийн Шүүхийн эд мөрийн баримт устгах комисст даалгасугай” гэснийг
“Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 6 дахь хэсэгт зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн 1 ширхэг хутга, шүүгдэгч Л.Пгийн өмсөж явсан цус мэт зүйлээр бохирлогдсон хар алаг өнгийн цамц 1 ширхэг, амь хохирогч У.Хгийн өмсөж явсан цус мэт зүйлээр бохирлогдсон “PINK” гэсэн бичиглэлтэй шар өнгийн цамц 1 ширхэг, ягаан өнгийн фудволк 1 ширхэг, цайвар өнгийн өмд 1 ширхгийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгахыг Төв аймгийн Шүүхийн эд мөрийн баримт устгах комисст даалгасугай” гэж,
7 дахь заалтад “Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.5 дугаар зүйлийн 1, 2, 5, Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 508 дугаар зүйлийн 508.1, 511 дүгээр зүйлийн 511.3 дахь хэсэгт заасныг тус тус баримтлан шүүгдэгч Л.П нь хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Е.Ут 47,765,465 төгрөгийн хохирол төлснийг дурдаж, шүүгдэгч Л.Пгээс сэтгэл санааны хохирол 60,706,800 төгрөгийг гаргуулж хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Е.Ут олгож, Солонгос улсаас ирж, очих онгоцны зардал, сургалтын төлбөр, эмчилгээний зардалд нийт 13,720,000 төгрөгийн нэхэмжлэлийн шаардлагыг, өмгөөлөгчийн зардал 2,500,000 төгрөгийн нэхэмжлэлийн шаардлагыг тус тус хэрэгсэхгүй болгож, амь хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Е.У нь орон сууцны түрээсийн төлбөр 20,000,000 төгрөгийн нэхэмжлэлийн шаардлагаа нотлох баримтаа бүрдүүлэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар нэхэмжлэх эрхтэйг тус тус дурдсугай” гэснийг,
“Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 508 дугаар зүйлийн 508.1, 511 дүгээр зүйлийн 511.5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Л.П нь хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Е.Ут 47,765,465 төгрөгийн хохирол төлснийг дурдаж, түүнээс насанд хүрээгүй хохирогч У.Е, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Е.У нарын сэтгэцэд учирсан гэм хорын нөхөн төлбөрт тус бүр 250,800,000 төгрөгийг гаргуулан олгож, онгоцны зардал болох 2,208,750 төгрөг, орон сууцны түрээсийн төлбөр 20,000,000 төгрөгийг нотлох баримтаар бүрдүүлэн иргэний журмаар нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээж, өмгөөлөгчийн зардал 2,500,000 төгрөг болон сургалтын төлбөр, эмчилгээний зардал 11,511,250 төгрөгийг хэрэгсэхгүй болгосугай” гэж өөрчлөлт оруулан бусад заалтуудыг хэвээр үлдээж, хохирогчийн хууль ёсны төлөөлөгчийн өмгөөлөгч Б.Бгийн гаргасан давж заалдах гомдлоос “...онгоцны зардлыг хэрэгсэхгүй болгосон нь үндэслэлгүй” гэх хэсгийг хангаж бусад хэсгийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Л.Пгийн шийтгэх тогтоол танилцуулснаас хойш буюу 2025 оны 6 дугаар сарын 03-ны өдрөөс 2025 оны 9 дүгээр сарын 10-ны өдрийг хүртэл цагдан хоригдсон 99 хоногийг эдлэх ялд нь оруулан тооцсугай.
3. Анхан болон давж заалдах шатны шүүхийн хууль хэрэглээний зөрүүг арилгах, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, хуулийг Улсын Дээд шүүхийн тогтоол, тайлбараас өөрөөр хэрэглэсэн, эрх зүйн шинэ ойлголт, эсхүл хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой гэж үзвэл энэхүү магадлалыг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хэргийн оролцогч хяналтын журмаар гомдол, эсэргүүцэл гаргах эрхтэй болохыг дурдсугай.
ЕРӨНХИЙ ШҮҮГЧ М.МӨНХДАВАА
ШҮҮГЧИД З.ТҮВШИНТӨГС
А.ЦЭРЭНХАНД