| Шүүх | Төв аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Аюушийн Цэрэнханд |
| Хэргийн индекс | 2434003480154 |
| Дугаар | 2025/ДШМ/55 |
| Огноо | 2025-10-01 |
| Зүйл хэсэг | 27.10.2.3., |
| Улсын яллагч | О.А |
Төв аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2025 оны 10 сарын 01 өдөр
Дугаар 2025/ДШМ/55
2025 9 10 2025/ДШМ/55
Б.Зд холбогдох
эрүүгийн хэргийн тухай
Төв аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Ерөнхий шүүгч М.Мөнхдаваа даргалж, шүүгч З.Түвшинтөгс, шүүгч А.Цэрэнханд нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанд
Прокурор О.А,
Хохирогч Б.А /цахим/,
Хохирогчийн өмгөөлөгч С.С /цахим/,
Иргэний нэхэмжлэгч Ю.Жы өмгөөлөгч Р.М,
Шүүгдэгчийн өмгөөлөгч М.Ө,
Нарийн бичгийн дарга Б.Оюунчимэг нарыг оролцуулан
Төв аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүгч Т.Батжаргал даргалж шийдвэрлэсэн шүүх хуралдааны 2025 оны 7 дугаар сарын 01-ний өдрийн 2025/ШЦТ/313 дугаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч хохирогч Б.Аын өмгөөлөгч С.С, иргэний нэхэмжлэгч Ю.Жы өмгөөлөгч Р.М нарын гаргасан давж заалдах гомдлуудыг үндэслэн шүүгдэгч Б.Зд холбогдох эрүүгийн 2434003480154 дугаар хэргийг 2025 оны 8 дугаар сарын 27-ны өдөр хүлээн авч, шүүгч А.Цэрэнхандын илтгэснээр хянан хэлэлцэв.
1.Монгол Улсын иргэн, Д ........... аймаг, Да................. суманд 2.......... оны .....дүгээр сарын ..............-ны өдөр төрсөн, 22 настай, эрэгтэй, халх, тусгай дунд боловсролтой, авто засварчин мэргэжилтэй, “.................” ХХК-д борлуулалтын туслах ажилтай, ам бүл 7, эмээ, авга эгч, түүний нөхөр, 3 хүүхдийн хамт .............Д аймаг, ............ ........дүгээр баг, .......... тоотод оршин суух хаягтай, улсаас авсан гавьяа шагнал, ял шийтгэлгүй, Б........... овогт Б....... З........... /РД:....................../.
2. Шүүгдэгч Б.З нь 2024 оны 6 дугаар сарын 14-ний өдөр Төв аймгийн Борнуур сумын Нарт 4 дүгээр багийн нутаг, 124 дүгээр даваа гэх газарт 25-73 УБР улсын дугаартай “Тоёота Акуа” маркийн тээврийн хэрэгслийг жолоодож явахдаа Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 11.14-т заасныг зөрчиж, хурд сааруулагчаар гарч явсан иргэн Ю.Жы жолоодож явсан 16-00 УНО улсын дугаартай “Тоёота Кровн” маркийн тээврийн хэрэгслийн араас мөргөж зам тээврийн осол гаргасны улмаас “Тоёота Акуа” маркийн 25-73 УБР улсын дугаартай тээврийн хэрэгсэлд зорчиж явсан Б.Аын эрүүл мэндэд хүнд хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
3.Төв аймгийн прокурорын газраас Б.Згийн үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2.3-т зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг анхан шатны шүүхэд шилжүүлжээ.
4.Анхан шатны шүүх: Шүүгдэгч Б овогт Б-ийн ЗЭрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.3-т “Хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль тогтоомж, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүнд хохирол учруулах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож,
Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.3-т зааснаар шүүгдэгч Б.Зд тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 4 /дөрөв/ жилийн хугацаагаар хасаж, 2 /хоёр/ жилийн хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял оногдуулж,
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг баримтлан шүүгдэгч Б.Зд оногдуулсан 2 /хоёр/ жилийн хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялын бүсийг эрүүл мэндийн тусламж үйлчилгээ үзүүлэхээс бусад тохиолдолд Дархан-Уул аймгийн нутаг дэвсгэрээр тогтоож, хязгаарлалтын бүсээс гарахыг хориглож,
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Б.З нь шүүхээс оногдуулсан зорчих эрхийг хязгаарлах ялыг биелүүлээгүй бол ялтны зорчих эрхийг хязгаарлах ялын эдлээгүй үлдсэн хугацааны нэг хоногийг хорих ялын нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг анхааруулж,
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Зд оногдуулсан тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 4 /дөрөв/ жилийн хугацаагаар хассан нэмэгдэл ялыг зорчих эрхийг хязгаарлах ял оногдуулсан үеэс эхлэн тоолж,
Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1, 505 дугаар зүйлийн 505.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Згаас нийт 57,233,958 /тавин долоон сая хоёр зуун гучин гурван мянга есөн зуун тавин найм/ төгрөг гаргуулж, У.......... аймгийн ....................... ........, 4.............. тоотод оршин суух хохирогч Ч.........н овогтой Б..........А............д /РД:................../-д 13,250,968 /арван гурван сая хоёр зуун тавин мянга есөн зуун жаран найм/ төгрөг, У........... хот, Б...... дүүрэг ........ дугаар хороо, А............ гудамж ............ тоотод оршин суух, иргэний нэхэмжлэгч Б......... овогт Ю............ Жа............ /РД:ЗН77051919/-д 22,693,000 /хорин хоёр сая зургаан зуун гучин есөн мянга/ төгрөг, У...........хот, ............. дүүрэг, ........... оршин суух иргэний нэхэмжлэгч ................... /РД:................-д 9,823,000 /есөн сая найман зуун хорих гурван мянга/ төгрөг Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газарт 11,520,990 /арван нэгэн сая таван зуун хорин мянга есөн зуун ер/ төгрөг тус тус олгож,
Шүүгдэгч Б.З нь хохирогч Б.Ад 3,580,000 /гурван сая таван зуун наян мянга/ төгрөг нөхөн төлснийг дурдаж, хохирогч Б.А нь хэлэлцээгүй орхисон нэхэмжлэлийн шаардлага болон цаашид гарах эмчилгээний зардлаа нотлох баримтаа бүрдүүлэн иргэний журмаар нэхэмжлэх эрхийг нээлттэй орхиж,
Шүүгдэгч Б.Зд оногдуулсан тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг хассан нэмэгдэл ял болон зорих эрхийг хязгаарлах ялын биелэлтэд хяналт тавихыг Дархан-Уул аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгаж,
Эрүүгийн 2434003480154 дугаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны улмаас тооцон гарах зардалгүй, шүүгдэгчийн иргэний баримт бичиг шүүхэд ирээгүй болохыг тус тус дурдаж шийдвэрлэжээ.
5.Хохирогч Б.Аын өмгөөлөгч С.С давж заалдах гомдол болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа “...Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолын "Тодорхойлох" хэсэг /шийтгэх тогтоолын 5 тал дээр/-т "Вендо" ХХК-ийн 2025 оны 3 дугаар сарын 14-ний өдрийн үнэлгээний тайланд "Үнэнч итгэл” банк бус санхүүгийн байгууллагын өмчлөлийн Тоёото Акуа маркийн 25-73 УБР улсын дугаартай тээврийн хэрэгсэл гэж тэмдэглэгдсэн /хавтаст хэргийн 96-107 хуудас/ байтал шүүх Иргэний хуулийн 499 дүгээр зүйлийн 499.4-т зааснаар "Тээврийн хэрэгсэл ашиглагчийг өмчлөгч буюу эзэмшигч өөрөө томилсон буюу өөрөө түүнд уг тээврийн хэрэгслийг шилжүүлж өгсөн бол бусдад учирсан гэм хорыг өмчлөгч буюу эзэмшигч хариуцан арилгах үүрэгтэй" гэж заасныг шүүх харгалзан үзэлгүй шүүгдэгч Б.Згаас гэмт хорын хохирлыг гаргуулж байгаа нь хууль зүйн үндэслэлгүй байна.
Шүүх хохирлын хэмжээг нарийвчлан тодорхой тогтоогоогүй, анхан шатны шүүх хуралд 26,224,597 төгрөгийн хохирлын баримт буюу үлэмж хэмжээний хохирол учирсан, цаашид хагалгаанд орох шаардлагатай талаарх Улсын нэгдүгээр төв эмнэлгийн өвчний түүх, эмчлэгч эмч нарын тодорхойлолт хэрэгт авагдсан байдаг. Энэ хэргийн улмаас учирсан хохирол, хор уршиг одоо хүртэл арилаагүй. Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолын “Тодорхойлох" хэсэгт 1,675,560 төгрөгийн нотлох баримтын шаардлага хангасан баримт гэж дүгнэснийг хүлээн зөвшөөрөхгүй байна. Анхан шатны шүүхээс шүүгдэгч Баатарын Золзаяаг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.3-т зааснаар тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 4 жилийн хугацаагаар хасаж, 2 жилийн хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял шийтгэсэнд хохирогчийн зүгээс маш их гомдолтой ял хөнгөдсөн гэж үзэж байна.
Учир нь хохирогч Б.А маш их гомдолтой байгаа, гэмт хэргийн улмаас хүнд гэмтэж, удаан хугацааны эмчилгээ, 2 удаагийн хүнд хагалгаанд орсон, бие махбод сэтгэл санааны хувьд их хохирсон байтал шүүгдэгч Д.Золзаяа нь нэг ч удаа уучлал гуйж яриагүй, эмчилгээний зардал төлөөгүй, анхан шатны шүүх хурлаас өмнө 2,000,000 төгрөг шилжүүлж байсан, өөрийн үйлдэлдээ гэмшсэн шинжгүй, хохирогчийг үл тоомсорлосон зэрэг хувийн байдлыг харгалзан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.8 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт /хохирогч нь шүүгдэгчийг яллах, хариуцлагыг хүндрүүлэхтэй холбоотой санал хүсэлтийг шүүх хуралдааны аль ч үед гаргаж болно/ заасан эрхээ эдлэн, хорих ял оногдуулах саналыг өмгөөлөгчөөр дамжуулан гаргаж байгаа ч эрхэм шүүх бүрэлдэхүүн хянаж, анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хүчингүй болгож өгнө үү.” гэв.
6.Иргэний нэхэмжлэгч Ю.Жы өмгөөлөгч Р.М давж заалдах гомдол болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа “...Шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрч давж заалдах шатны шүүхэд доорх гомдлыг гаргаж байна. Үүнд:
Иргэний нэхэмжлэгч буюу хариуцагч Г.Номин нь 2024 оны 6 дугаар сарын 10-ны өдөр шүүгдэгч Б.Зтай Тоёота Акуа маркийн 25-73 УБР дугаартай тээврийн хэрэгслээ 2024 оны 8 дугаар сарын 10-ны өдөр хүртэлх хугацаанд түрээсийн гэрээ байгуулсан байдаг бөгөөд 2024 оны 6 дугаар сарын 14-ний өдөр түрээслэгч Б.З нь Төв аймгийн Жаргалант сумын нутагт хурд сааруулагч дээр урдаа явж байсан Тоёото Кровн маркийн 16-00 УНА улсын дугаартай тээврийн хэрэгслийг мөргөж 1 хүний эрүүл мэндэд хүнд зэргийн хохирол, Ю.Жы тээврийн хэрэгсэлд 22,639,000 төгрөгийн хохирол учруулсан байхад бүх хохирлыг шүүгдэгчээс гаргуулахаар шийдвэрлэж байгаа нь шударга ёсны зарчимд нийцэхгүй байна.
Шүүгдэгч Б.Згийн жолоодож явсан Тоёота Акуа маркийн 25-73 УБР дугаартай тээврийн хэрэгсэл нь 2024 оны 6 дугаар сарын 07-ны өдөр "Үнэн Итгэл” ББСБ-н нэр дээр байдаг бөгөөд 2025 оны 4 дүгээр сарын 15-ны өдрийн албан бичгээр Тоёота Акуа маркийн 25-73 УБР дугаартай тээврийн хэрэгслийг тус байгууллагын нэр дээр шилжүүлж зээл авсан, зээлийн төлбөр тооцоо дууссан тул манай байгууллага иргэний нэхэмжлэгчээр оролцохгүй болохоо мэдэгдсэн байдаг. Зам тээврийн ослын үед Тоёота Акуа маркийн 25-73 УБР дугаартай тээврийн хэрэгсэл хуулийн этгээдийн нэр дээр байсан.
Мөн Иргэний хуулийн 499 дүгээр зүйлийн 499.4-т “Тээврийн хэрэгсэл ашиглагчийг өмчлөгч буюу эзэмшигч өөрөө томилсон буюу өөрөө түүнд уг тээврийн хэрэгслийг шилжүүлж өгсөн бол бусдад учирсан гэм хорыг өмчлөгч буюу эзэмшигч хариуцан арилгах үүрэгтэй" гэж заасан байхад зөвхөн жолооч буюу шүүгдэгчээр гэм хорын хохирлыг гаргуулж байгаа нь хуульд нийцэхгүй байна. Иймд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1.4-т зааснаар шийтгэх тогтоолд өөрчлөлт оруулж Ю.Жы тээврийн хэрэгсэлд учирсан хохирлыг гаргуулж өгнө үү.” гэв.
7.Давж заалдах шатны шүүх хуралдаанд оролцсон прокурор О.А шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “...Иргэний хуулийн 499 дүгээр зүйлийн 499.4 дэх хэсгийг хэрэглэхийн тулд тээврийн хэрэгслийн эзэмшигчийг тогтоох шаардлагатай. Үүнийг тогтоохын тулд Иргэний хуулийн 89 дүгээр зүйлийн 89.3-т заасныг баримтлах хэрэгтэй. Уг заалтад “өөрийн эрх, хууль ёсны ашиг сонирхлын дагуу хууль буюу хэлцлийн үндсэн дээр тодорхой хугацаагаар эд хөрөнгийг эзэмших эрх олж авсан буюу үүрэг хүлээсэн этгээд нь шууд эзэмшигч, эрх буюу үүргээ шилжүүлсэн этгээд нь шууд бус эзэмшигч байна” гэж заасан байдаг. 2024 оны 6 дугаар сарын 10-ны өдөр Г.Номин болон Б.З нар тээврийн хэрэгсэл түрээслэх гэрээ байгуулсан байна. Талуудын харилцан тохиролцож байгуулсан энэхүү гэрээний 1.1-д “тээврийн хэрэгслийг түрээслэгчийн эзэмшил, ашиглалтад шилжүүлж, түрээсийн төлбөртэй холбоотой харилцааг зохицуулна” гэж заасан бөгөөд мөн гэрээний 5.3-т “гэрээ дуусгавар болох үед хөрөнгийг хувийн элэгдлийг тооцон бүрэн бүтэн байдлаар буцаан хүлээлгэн өгөх үүрэгтэй” гэж тусгасан байдаг. Иргэний хуулийн 89 дүгээр зүйлийн 89.3-т зааснаар осол гарсан үед уг тээврийн хэрэгсэл нь Б.Згийн шууд эзэмшилд байсан тул тээврийн хэрэгслийн хохирлыг Б.Згаас гаргуулах үндэслэлтэй байна.” гэв.
8.Хохирогч Б.А давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Хэлэх тайлбар байхгүй.” гэв.
9.Шүүгдэгчийн өмгөөлөгч М.Ө давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан саналдаа: “...Хохирогчийн өмгөөлөгч С.Сын гаргасан гомдолтой холбоотой тайлбар хэлэхэд анхан шатны шүүх хуульд заасан эрх хэмжээнийхээ хүрээнд ял шийтгэл оногдуулсан гэж үзэж байна. Учир нь хохирогчийн өмгөөлөгч “ял хөнгөдсөн” гэсэн үндэслэлээр гомдол гаргасан боловч Эрүүгийн хуулийн 27.10 дугаар зүйлд заасан ял шийтгэлийн хүрээнд шүүгч эрх хэмжээнийхээ дагуу уг шийтгэлийг оногдуулсан тул гомдол нь үндэслэлгүй гэж үзэж байна. Харин өмгөөлөгч Р.Мгийн гаргасан гомдолд тайлбар хэлэхэд Иргэний хуулийн 499 дүгээр зүйлд зааснаар тээврийн хэрэгслийн эзэмшигч, өмчлөгч нь учруулсан гэм хорыг хариуцан арилгах үүрэгтэй. Тиймээс иргэний нэхэмжлэгч Ю.Жы өмгөөлөгч Р.Мгийн гаргасан давж заалдах гомдлыг дэмжиж байна.” гэв.
ТОДОРХОЙЛОХ нь:
Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар хохирогч Б.Аын өмгөөлөгч С.С, иргэний нэхэмжлэгч Ю.Жы өмгөөлөгч Р.М нарын гаргасан давж заалдах гомдолд дурдсан асуудлаар хязгаарлахгүйгээр хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хянаж үзэв.
1.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүх хэргийн бодит байдлыг талуудын мэтгэлцээний үндсэн дээр тогтоох ба хэрэгт авагдсан нотлох баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай эсэх, энэ хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, хэргийг хянан шийдвэрлэхэд нотлох баримтын хүрэлцээтэй байдал хангагдсан эсэхийг бүхэлд нь үнэлж, хэргийг эцэслэн шийдвэрлэх учиртай.
2.Төв аймгийн Прокурорын газраас шүүгдэгч Б.Зг 2024 оны 6 дугаар сарын 14-ний өдөр Төв аймгийн Борнуур сумын Нарт 4 дүгээр багийн нутаг, 124 дүгээр даваа гэх газарт 25-73 УБР улсын дугаартай “Тоёота Акуа” маркийн тээврийн хэрэгслийг жолоодож явахдаа Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 11.14-т заасан “Жолооч нь урдаа яваа тээврийн хэрэгсэл хурдаа хасах буюу зогсоход түүнийг мөргөхгүй, хажуу дахь тээврийн хэрэгслийг шүргэхгүй байх хэмжээний хооронд болон хажуугийн зайг хөдөлгөөний хурднаас хамааруулан сонгож явна” гэснийг зөрчиж, хурд сааруулагчаар гарч явсан иргэн Ю.Жы жолоодож явсан 16-00 УНО улсын дугаартай “Тоёото Кровн” маркийн тээврийн хэрэгслийн араас мөргөж зам тээврийн осол гаргасны улмаас “Тоёота Акуа” маркийн 25-73 УБР улсын дугаартай тээврийн хэрэгсэлд зөрчиж явсан Б.Аын эрүүл мэндэд хүнд хохирол учруулсан гэмт хэрэгт холбогдуулан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2.3-т зааснаар эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татан яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.
3.Анхан шатны шүүх шүүгдэгч Б.Зд холбогдох хэргийг шүүх хуралдаанаар хэлэлцэж, түүнийг дээрх гэмт хэрэгт гэм буруутай тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэн шийдвэрлэхдээ хохирол, хор уршгийн асуудлыг шийдвэрлэсэн байх бөгөөд ингэхдээ хохирогч Б.А, иргэний нэхэмжлэгч Г.Номин, Ю.Ж нарт учирсан эдийн болон сэтгэцэд учирсан хор уршгийн нөхөн төлбөр зэргийг бүхэлд нь шүүгдэгч Б.Згаас гаргуулан шийдвэрлэсэн нь хэргийн бодит байдалтай нийцээгүй байна.
Тодруулбал, шүүгдэгч Б.З нь өөрийн жолоодож явсан 25-73 УБР улсын дугаартай “Тоёота Акуа” маркийн тээврийн хэрэгслийг такси үйлчилгээнд явах зорилгоор Улаанбаатар хот Хан-Уул дүүрэг 21 дүгээр хороо Жаргалант эко хотхоны 18Б тоотод оршин суух Г.Номинтой 2024 оны 6 дугаар сарын 10-ны өдрөөс 2024 оны 8 дугаар сарын 10-ны өдрийг дуустал 2 сарын хугацаанд “түрээсийн гэрээ” байгуулан эзэмшиж байсан, түүнчлэн гэмт хэрэг үйлдэгдэх цаг хугацаанд буюу 2024 оны 6 дугаар сарын 14-ний өдөр 25-73 УБР улсын дугаартай “Тоёота Акуа” маркийн тээврийн хэрэгсэл нь "Үнэн Итгэл” банк бус санхүүгийн байгууллагын нэр дээр бүртгэлтэй байсан зэрэг үйл баримтын талаар хэрэгт тусгагджээ.
3.1.Иргэний хуулийн 499 дүгээр зүйлийн 499.4-т “Тээврийн хэрэгсэл ашиглагчийг өмчлөгч буюу эзэмшигч өөрөө томилсон буюу өөрөө түүнд уг хэрэгслийг шилжүүлэн өгсөн бол бусдад учирсан гэм хорыг өмчлөгч буюу эзэмшигч хариуцан арилгах үүрэгтэй.” гэж хуульчилсан.
Өөрөөр хэлбэл гэм хор учруулаагүй боловч тээврийн хэрэгслээ шилжүүлсэн, эсхүл гэм хор учруулсан этгээдэд ашиглах боломж олгосон өмчлөгч буюу эзэмшигчид Иргэний хуулийн 499 дүгээр зүйлийн 499.4-т заасан хариуцлага ногдуулахад гэм хор учирсан явдалд буруутай байх шаардлагагүй буюу тээврийн хэрэгсэл өмчлөгч, эзэмшигчид хариуцлага хүлээлгэхэд гэм буруугийн хэлбэр шаардахгүй юм.
3.2.Түүнчлэн хохирогч Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 8.2 дугаар зүйлийн 1.9-т зааснаар гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийг нэхэмжлэх, нөхөн төлүүлэх хүсэлт гаргах, иргэний нэхэмжлэгч мөн хуулийн 8.5 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар гэмт хэргийн улмаас эд хөрөнгийн болон эд хөрөнгийн бус хохирол хүлээсэн хүн, хуулийн этгээд нь сэжигтэн, яллагдагч, шүүгдэгч, эсхүл түүний учруулсан хохирлыг хариуцвал зохих этгээдэд холбогдуулан нэхэмжлэл гаргах эрхтэй. Хохирогч Б.А, иргэний нэхэмжлэгч Ю.Жы өмгөөлөгч Мөнхбаясгалан нар хуульд заасан эрхээ хэрэгжүүлэхээр мөрдөн шалгах ажиллагааны явцад иргэний хариуцагчийг хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд татан оролцуулах талаар хүсэлт гаргасан, шүүх хуралдааны хэлэлцүүлгийн явцад хохирлыг хэнээс нэхэмжилж байгаа болохоо тодорхойлсон байхад шүүх анхаараагүй орхигдуулсан байна.
3.3. Шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 8.6 зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар гэмт хэргийн улмаас учирсан эд хөрөнгийн болон эдийн хөрөнгийн бус хохирлыг хууль ёсоор хариуцвал зохих хүн, хуулийн этгээдийг иргэний хариуцагчаар татан оролцуулж болох бөгөөд хуулиар олгосон энэхүү эрх хэмжээний хүрээнд энэ хэрэгт иргэний хариуцагчаар холбогдох этгээдийг татан хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцуулах эсэхийг шийдвэрлэсний эцэст хохирол, хор уршгийг хэн хариуцах талаар үндэслэл бүхий дүгнэлт хийх юм.
Иймд давж заалдах шатны шүүхээс анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр мөн шүүхэд буцааж, хохирогч Б.Аын өмгөөлөгч С.С, иргэний нэхэмжлэгч Ю.Жы өмгөөлөгч Р.М нарын гаргасан давж заалдах гомдлоос “...шүүгдэгч Б.Згаас хохирлыг бүхэлд гаргуулсан нь үндэслэлгүй, Иргэний хуулийн 499 дүгээр зүйлийн 499.4-т зааснаар хохирлыг гаргуулах” гэсэн агуулга бүхий хэсгийг хангаж, үлдэх хэсгийг хэрэгсэхгүй болгож, “...ял хөнгөдсөн...” гэх гомдолд дүгнэлт өгөөгүй болно.
4.Хэргийг анхан шатны шүүхэд очтол шүүгдэгч Б.Зд урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэх нь зүйтэй гэж үзэв.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.5 дугаар зүйлийн 1.1, 1.2, 39.9 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1.Төв аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн 2025 оны 7 дугаар сарын 01-ний өдрийн 2025/ШЦТ/313 дугаар шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр мөн шүүхэд буцааж, хохирогч Б.Аын өмгөөлөгч С.С, иргэний нэхэмжлэгч Ю.Жы өмгөөлөгч Р.М нарын гаргасан давж заалдах гомдлоос “...шүүгдэгч Б.Згаас хохирлыг бүхэлд гаргуулсан үндэслэлгүй, Иргэний хуулийн 499 дүгээр зүйлийн 499.4-т зааснаар хохирлыг гаргуулах...” гэсэн агуулга бүхий хэсгийг хангаж, үлдэх хэсгийг хэрэгсэхгүй болгосугай.
2.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 14.1 дүгээр зүйлийн 1.1-т зааснаар хэргийг анхан шатны шүүхэд очтол шүүгдэгч Б.Зд урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
3.Анхан болон давж заалдах шатны шүүхийн хууль хэрэглээний зөрүүг арилгах, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, хуулийг Улсын Дээд шүүхийн тогтоол, тайлбараас өөрөөр хэрэглэсэн, эрх зүйн шинэ ойлголт, эсхүл хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой гэж үзвэл энэхүү магадлалыг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хэргийн оролцогч хяналтын журмаар гомдол, эсэргүүцэл гаргах эрхтэй болохыг дурдсугай.
Ерөнхий шүүгч М.Мөнхдаваа
шүүгч З.Түвшинтөгс,
А.Цэрэнханд