Хэнтий аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2025 оны 10 сарын 23 өдөр

Дугаар 321/ШШ2025/00696

 

 

 

 

 

2025 оны 10 сарын 23 өдөр

Дугаар 321/ШШ2025/00696

Хэнтий аймаг

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Хэнтий аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Б.Уранзаяа даргалж, тус шүүхийн Б танхимд хийсэн хуралдаанаар:

 

Нэхэмжлэгч: Хэнтий аймгийн Хэрлэн сумын 1 дүгээр баг, Хийдийн 13 дугаар гудамж, *******д оршин суух, Б*******н овогт Д*******гийн Э*******т,

 

Нэхэмжлэлийн шаардлага: Ажиллаж байсан байдал тогтоолгох тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдааны оролцогчид:

Нэхэмжлэгч:Д.Э*******т

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: Э.Баярсайхан нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч Д.Э*******т шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: ...  Миний бие 1988 оны 9 дүгээр сарын 01-ний өдрөөс 1992 он хүртэл Эрчим хүчний үйлдвэрийн ажилчдын сувилалд бэлтгэгчээр ажиллаж байсан. Одоо өндөр насны тэтгэвэрт гарах гэтэл ажилласан гэдгийг нотлох хөдөлмөрийн дэвтэр тушаал байхгүй тул цуг ажиллаж байсан хүний мэдүүлгээр намайг 1988 оны 9 дүгээр сарын 01-ний өдрөөс 1991 оны 6 дугаар сарын 01-ний өдрийг хүртэл Хэнтий аймгийн Эрчим хүчний үйлдвэрийн ажилчдын сувилалд бэлтгэгч, зөөгчөөр ажиллаж байсан болохыг тогтоож өгнө үү гэв.

 

Шүүх хэрэгт цугларсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтыг шинжлэн судлаад

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

  1.Нэхэмжлэгч Л.Э*******р нь эрх зүйн ач холбогдол бүхий үйл явдал буюу Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6-д зааснаар ажиллаж байсан байдал тогтоолгох хүсэлт гаргасан ба нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж шийдвэрлэлээ.

 

Нэхэмжлэлийн шаардлагатай холбогдуулан хавтаст хэрэгт дараах баримтууд авагдсан байна. Үүнд:

 

1.Хүсэлт гаргагчийн иргэний үнэмлэхийн нотариатаар баталгаажуулсан хуулбар (хх-ийн 03 хуудас),

 

2. Хэнтий аймгийн Хэрлэн сумын Хэрлэн багийн Засаг даргын 2024 оны 5 дугаар сарын 15-ны өдрийн 169 дугаартай тодорхойлолт (хх-ийн 04 хуудас),

 

3. Хэнтий аймгийн Архивын тасгийн 2025 оны 5 дугаар сарын 14-ний өдрийн 08/201 дугаартай албан бичгээр олгосон Тус архивын сан хөмрөгт Хэнтий аймгийн ******* сувиллын баримт шилжиж ирээгүй тул Д.Э*******тад холбогдох баримт гаргаж өгөх боломжгүй.. гэх тодорхойлолт (хх-ийн 05 хуудас),

 

4. Хүсэлт гаргагч Д.Э*******тын нэр дээрх ХААТР-1 маягт (хх-ийн 11 хуудас)

 

5. Хэнтий аймгийн Улсын бүртгэлийн хэлтсийн 2025 оны 6 дугаар сарын 02-ны өдрийн 62 дугаартай албан бичиг (хх-ийн 29-30 хуудас),

 

6. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.2, 38 дугаар зүйлийн 38.6, 43 дугаар зүйлд зааснаар асуугдсан

 

Гэрч Гончигийн Д******* 2025 оны 8 дугаар сарын 04-ний өдөр шүүхэд өгсөн мэдүүлэгтээ...Би 1987-1991 он хүртэл Хэнтий аймгийн үйлдвэрчний зөвлөлийн харьяа *******т сувилалд зөөгчөөр ажиллаж байсан, Д.Э*******т уг сувилалд 1987 онд ажилд орж, намайг 1991 онд ажлаасаа гарахад тэндээ ажиллаад үлдсэн.. гэх мэдүүлэг, Хэнтий аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 11 дүгээр сарын 25-ны өдрийн 156/ШШ2022/00528 дугаартай шийдвэр зэрэг баримтууд хэрэгт авагдсан байна. 

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1, 40.2-т зааснаар хэргийн оролцогчоос гаргасан нотлох баримтыг тал бүрээс нь бодитойгоор харьцуулан үзсэний үндсэн дээр тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үнэн зөв, эргэлзээгүй талаас нь нотлох баримтаар үнэлж хэргийг хянан шийдвэрлэдэг.

 

Шүүх хэрэгт авагдсан дээрх нотлох баримт болох нэхэмжлэгч Д.Э*******тын нэр дээрх ХААТР-1 маягт, гэрч Г.Д*******ын мэдүүлэг зэргийг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1, 40.2-т зааснаар нотлох баримтыг тал бүрээс нь бодитойгоор харьцуулан үзсэний үндсэн дээр тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үнэн зөв, эргэлзээгүй талаас нь үнэлж, нэхэмжлэгч Д.Э*******тыг 1988 оны 9 дүгээр сарын 01-ний өдрөөс 1988 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал Хэнтий аймгийн Үйлдвэрчний эвлэлийн харьяа ******* сувилалд зөөгч, бэлтгэгчээр ажиллаж байсныг тогтоож шийдвэрлэв.

 

Харин нэхэмжлэлийн шаардлагаас 1989 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 1991 оны 6 дугаар сарын 01-ний өдрийг хүртэл ажиллаж байсан байдлыг тогтоолгох нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгов. Учир нь уг хугацаанд ажилласан гэдгийг нотлох баримт байхгүй, дан ганц гэрчийн мэдүүлгээр тогтоох боломжгүй юм.

 

Нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээх нь зүйтэй.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.2, 116, 118, 133 дугаар зүйлийн 133.1.1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6-д зааснаар Б*******н овогт Д*******гийн Э*******тыг 1988 оны 9 дүгээр сарын 01-ний өдрөөс 1988 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал Хэнтий аймгийн Үйлдвэрчний эвлэлийн харьяа ******* сувилалд зөөгч, бэлтгэгчээр  ажиллаж байсан байдлыг тогтоож, нэхэмжлэлийн шаардлагаас 1989 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 1991 оны 6 дугаар сарын 01-ний өдөр хүртэл нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгосугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.1-т зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд мөн хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нь уг шийдвэрийг эс зөвшөөрвөл гардаж авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Хэнтий аймгийн Эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

  

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                  Б.УРАНЗАЯА