Хэнтий аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2025 оны 10 сарын 23 өдөр

Дугаар 321/ШШ2025/00697

 

 

 

 

 

 

 

 

2025 оны 10 сарын 23 өдөр

Дугаар 321/ШШ2025/00697

Хэнтий аймаг

 

                         МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС                        

 

Хэнтий аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Б.Уранзаяа даргалж, тус шүүхийн Б танхимд хийсэн шүүх хуралдаанаар,

 

Нэхэмжлэгч: Улаанбаатар хот, ******* дүүрэг, ******* хороо, ******* хороолол, Их тойруу 37 дугаар гудамж, ******* байрны 31 тоотод байрлах ******* ХХК

 

Хариуцагч: Хэнтий аймгийн ******* сумын ******* баг, ******* тоотод оршин суух, Хучид овогт Болдбаатарын Э*******г

 

Нэхэмжлэлийн шаардлага: Модон хаалга бэлтгэн нийлүүлэх гэрээний үүрэгт алданги зардал нийт 51,291,920 төгрөг гаргуулах,

 

Сөрөг нэхэмжлэлийн шаардлага:19,580,800 төгрөг гаргуулах иргэний хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд:

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч: Б.М /цахимаар/,

Хариуцагч: Б.Э*******г,

Хариуцагчийн өмгөөлөгч: Л.Н*******г

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Э.Баярсайхан нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1.Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ болон нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.М шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:. ******* ХХК болон хариуцагч Б.Э*******г нарын хооронд 2023 оны 4 дүгээр сарын 12-ны өдөр БН/23 дугаартай Модон хаалга нийлүүлэх гэрээ байгуулж, уг гэрээгээр Э*******г нь манай компанид 77 ширхэг дотор модон хаалга нийлүүлэх ёстой байсан, нийт гэрээний үнийн дүн 46,745,400 төгрөг болсон. Бид гэрээний дагуу ажлын хөлсний урьдчилгаа болгож 42,000,000 төгрөгийг шилжүүлсэн боловч 36 хаалга нийлүүлээд үлдэх 41 ширхэг хаалгыг нийлүүлэхгүй байсан тул компанийн зүгээс шүүхэд нэхэмжлэл гаргасан. Уг нэхэмжлэлийн дагуу Э*******г эвлэрэн хэлэлцэх хүсэлт гаргаж, бид дараах нөхцөлтэйгээр эвлэрэн хэлэлцсэн. Үүнд:

1. Б.Э*******г нь гэрээнд заасны дагуу чанарын шаардлагад нийцсэн өөрөөсөө углуургаар хийгдсэн, зурагт заагдсны дагуу хаталгаатай, зузаан банзаар сайн гүйцэтгэсэн 41 ширхэг хаалгыг 2024 оны 1 дүгээр сарын 18-ны өдрийн дотор ******* ХХК-д хүлээлгэн өгөхөөр харилцан тохиролцож

2. Гэрээний дагуу нийлүүлэх барааны 1мкв-ын үнэ 390,000 төгрөг бөгөөд энэ үнэд НӨАТ болон хаалгыг угсарч хүлээлгэж өгөх, хаалганд хэрэгсэл суулгах, хөлс болон бусад татвар хураамж багтсан болно.

3. Нэхэмжлэгч талын зүгээс Б.Э*******гт 42,000,000 төгрөгийг өгсөн ба хариуцагч нь хаалгыг бүрэн хүлээлгэж, Улаанбаатар хот, Сонгинохайрхан дүүрэг, 20 дугаар хороонд баригдаж буй сургуулийн барилгад угсарч өгсний дараа захиалагч талаас үлдэгдэх төлбөрийг авах ба хаалгыг хүлээлгэж өгөхөөс өмнө дахиж мөнгө шаардах эрхгүй болно.

4. Хариуцагч нь эвлэрлийн гэрээгээр заасан хугацаанд үүргээ биелүүлээгүй тохиолдолд БН/23 гэрээнд заасан алданги тооцуулах мөн компани барилгыг улсын комисст хүлээлгэн өгөх боломжгүй болох тул үүнтэй холбогдон гарах хаалгыг суулгаж байж хийгдэх дараагийн шатны ажлын зардал, алдангийн Б.Э*******гаас гаргуулан авахаар эвлэрсэн.

Хариуцагч Б.Э*******г нь 2023 оны 12 дугаар сарын 18-ны өдрийн дугаартай шүүгчийн захирамжийг сайн дураар биелүүлээгүй тул шүүхийн шийдвэрийг албадан гүйцэтгэх тухай хүсэлт гаргаж, 2024 оны 02 дугаар сарын 06-ны өдрийн 156/ШЗ20254/00 дугаартай шүүхийн шийдвэрийг албадан гүйцэтгэх захирамж, мөн өдрийн 156/ГХ2024/00050 дугаартай гүйцэтгэх хуудас бичигдсний дагуу албадах ажиллагаа хийгдэж, Б.Э*******г манайд 41 ширхэг хаалгыг нийлүүлсэн боловч эвлэрлийн гэрээнд заасан хугацаанд нийлүүлээгүй тул бид арга буюу өөрсдийн зардлаар хийж суурилуулсан.

Иймд хаалгыг цаг хугацаанд нийлүүлээгүй тул гэрээний дагуу гүйцэтгээгүй үүргийн үнийн дүн болох 42,510,000 төгрөгөөс 2024 оны 1 дүгээр сарын 18-ны өдрөөс 2024 оны 4 дүгээр сарын 24-ний өдөр хүртэл 98 хоногийн алданги нэг өдрийн 212,550 төгрөгийг тооцоход 20,829,900 төгрөг,

2023 оны 4 дүгээр сарын 12-ны өдрийн БН/23 дугаартай Модон хаалга нийлүүлэх гэрээний 6.3-т заасны дагуу гэрээний үнийн дүн болох 67,571,400 төгрөгийн 30 хувь болох 20,271,420 төгрөг, НӨАТ-ын 4,200,000 төгрөг болж байгаа бөгөөд Б.Э*******гаас нийт 51,291,920 төгрөгийг нэхэмжилж байна .... гэжээ.

 

2.Хариуцагч Б.Э*******г, түүний өмгөөлөгч Л.Н*******г нар нэхэмжлэлийн шаардлагыг эс зөвшөөрч ..миний хувьд уг мөнгийг төлөх үндэслэлгүй гэж үзэж байна. Учир нь би гэрээний дагуу хаалгаа нийлүүлээд нэхэмжлэгч талд төлөх өргүй болсон, харин эднийхээс авлагатай, хаалгаа хугацаа алдаж суулгаснаа хүлээн зөвшөөрч байна, Би гэрээ хийгээд надад 25 сая төгрөг өгсөн. Хаалгаа хийчхээд ирж ав. Үлдэгдэл мөнгөө шилжүүлнэ буюу 50 хувийг шилжүүлнэ гэж анх тохиролцсон. Ирэхгүй байж байгаад 5 дугаар сарын эхээр хийсэн гэрээгээр 7 сарын 20н хэдэнд 10 сая төгрөг өгсөн. Би захиралтай нь ч зөндөө ярьсан Даймаа гээд инженер ирээд зургийг нь аваад явсан. Захиралтайгаа ярилцаж байгаад үлдсэн ажлаа гялалзуулъя гэхэд ярилцана гээд алга болсон. Сүүлд би өөр рүү нь залгахаар 2 хүн ирсэн. Бүх хаалгаа үзээд хараад явсан. Хаалга суулгалтын тухайд бол эдний компанид ажилладаг Баатар гээд нөхөр надаас 7 сая төгрөг бэлнээр аваад суулгаж өгнө гэсэн. Үлдсэн хаалгаа хугацаа хэтрүүлээд хийгээд өгсөн очиход бүх хаалгаа суулгасан байсан гэв.

 

3. Хариуцагч Б.Э*******г шүүхэд гаргасан сөрөг нэхэмжлэлдээ: ... хаалга суулгалтын зардлыг Баатар гэдэг хүнд өгөөд алга болсон. Суулгалтын зардлаа авах мөнгөнөөсөө аваад үлдэгдэл мөнгөө нэхэмжилж байгаа. Өөрөөр хэлбэл би 25,571,00 төгрөгийн авлагтай, үүнээс хаалга суулгалтын 5,990,600 төгрөгийг хасаж, 19,580,800 төгрөгийг ******* ХХК-иас гаргуулж өгнө үү... гэв.

 

4. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.М шүүх хуралдаанд сөрөг нэхэмжлэлтэй холбогдуулан гаргасан тайлбартаа: .. Сөрөг нэхэмжлэлийн тухайд хариуцагч болохоор үлдэгдэл төлбөрт 25.571.400 төгрөг байгаа гэж тооцож байгаа. Гэхдээ манай талын тооцоогоор 22.145.500 төгрөгийн манай төлөх ёстой үлдэгдэл бол байгаа. Энэ дээр бол маргахгүй. Гэхдээ мөнгөн дүнгийн хувьд зөрүүтэй байгаа. Тайлбараа дэлгэрэнгүй өгсөн учраас товчхон хэлье гэж бодож байна. Яагаад бид нар хүлээн зөвшөөрөхгүй, өгөхгүй гэж байгаа вэ гэхээр үндсэн нэхэмжлэлтэй холбоотой Б.Э*******г манай талд алданги, торгууль төлөх учраас тэр мөнгөнөөсөө суутгуулаад авбал болно тэрнээс биш бид хүлээн зөвшөөрөх боломжгүй байна гэж байгаа.. гэв.

 

5. Нэхэмжлэгч талаас гаргаж өгсөн баримтууд:

5.1 ******* ХХК-ийн хуулийн этгээдийн улсын бүртгэлийн гэрчилгээ (хх-ийн 05 хуудас)

5.2 Модон хаалга нийлүүлэх гэрээ (06-10 хуудас)

5.3 Хаалганы тооцоо, алдангийн тооцооны баримт (хх-ийн 11-14 хуудас)

5.4 Хэнтий аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн захирамж (хх-ийн 12-16 хуудас)

6. Хариуцагч талаас тайлбар, сөрөг нэхэмжлэл өгсөн байна.

Шүүх  зохигчдын тайлбар хэрэгт цугларсан бичмэл нотлох баримтуудыг шинжлэн судлаад

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

1.Нэхэмжлэгч ******* ХХК хариуцагч Б.Э*******гт холбогдуулан 51,292,920 төгрөг гаргуулах нэхэмжлэлийн шаардлага гаргасны зарим хэсгийг хангаж, үлдэх хэсгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх үндэслэлтэй гэж дүгнэв.

 

2.Нэхэмжлэгч тал нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ ... Хариуцагчтай модон хаалга нийлүүлэх гэрээ байгуулж гэрээний үүрэгтээ холбогдуулан тус шүүхэд өмнө нь нэхэмжлэл гаргаж бид эвлэрэн хэлэлцсэн. Уг эвлэрлийн гэрээний дагуу хариуцагч нь хугацаандаа хаалгаа нийлүүлээгүй ба гэрээнд заасны дагуу алданги 98 хоногоор тооцоход 20,829,900 төгрөг, БН/23 дугаар гэрээний 6.3-т заасны дагуу гэрээний үнийн дүн 67,571,400 төгрөгийн 30 хувь болох 20,271,420 төгрөг, НӨАТ-ын 4,200,000 төгрөг, хаалга суурилуулалтын зардал 5,990,600 төгрөг нийт 51,291,920 төгрөгийг гаргуулна... гэж ,

 

Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг эс зөвшөөрч ... Би хугацаа алдсан ч гэсэн хаалгаа хүлээлгээд өгсөн, гэрээний үүргээ биелүүлчихсэн, харин хугацаа алдаж өөр хүнээр суурилуулсан 5,990,600 төгрөгийг төлнө, үлдэх төлбөрийг төлөхгүй, би харин ч уг компаниас авлагатай гэж үзэж байна.. хэмээн тайлбарлаж байна.

 

3.Зохигч гэрээ байгуулсан, уг гэрээний холбогдуулан шүүхэд эвлэрэн хэлэлцсэн үйл баримтад маргаагүй, гагцхүү гэрээний дагуу төлбөр тооцооны үлдэгдэлтэй эсэх нь маргааны зүйл болж байна.

 

Өөрөөр хэлбэл гэрээний үүрэгтээ холбогдуулан маргаж байна.

 

4.Нэхэмжлэгч талын нэхэмжлэлийн шаардлага, түүний үндэслэлээс үзвэл хариуцагчид холбогдуулан Иргэний хуулийн 9 дүгээр зүйлийн 9.4.3, 9.4.6-д зааснаар хүлээсэн үүргийг гүйцэтгүүлэх, анз төлүүлэхээр нэхэмжлэл гаргажээ.

 

5.Талууд 2023 оны 4 дүгээр сарын 12-ны өдрийн БН/23 дугаартай Модон хаалга нийлүүлэх гэрээ байгуулж, уг гэрээний үүргийн гүйцэтгэлтэй холбогдуулан нэхэмжлэгч ******* ХХК нь хариуцагч Б.Э*******гт холбогдуулан 2023 онд шүүхэд нэхэмжлэл гаргаж, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад зохигч маргаан бүхий асуудлаар эвлэрэн хэлэлцэж, Хэнтий аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2023 оны 12 дугаар сарын 18-ны өдрийн 156/ШШ2023/00аж дугаар захирамжаар Зохигчийн эвлэрлийн баталж хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэжээ.

 

6.Тухайн гэрээний үүрэгтээ холбоотой асуудлаар тэдгээр нь эвлэрч, захирамжид зааснаар ...алданги 11,534,482 төгрөг, илүү төлсөн 30,301,402 төгрөг, нэмэгдүүлсэн нэхэмжлэлийн шаардлага гэрээний 6.3-т заасны дагуу торгууль 19,240,650 төгрөг нийт 49,542,052 төгрөг нэхэмжилсэн байх ба хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцал нэхэмжлэгч ******* ХХК уг шаардлагаасаа татгалзаж, хариуцагч Б.Э*******г 41 ширхэг хаалгыг нийлүүлэн өгөх, Б.Э*******г нь 41 ширхэг хаалгыг 2024 оны 1 дүгээр сарын 18-ны өдөр ******* ХХК-д хүлээлгэн өгөх, эвлэрлийн гэрээнд заасан үүргээ биелүүлээгүй бол алданги тооцуулах, хаалгыг суурилуулах бусад ажлын зардал алдангийг Б.Э*******гаас гаргуулахаар тохиролцож, хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэсэн байна.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-т зааснаар хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэснээр тухайн захирамжид гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд нэхэмжлэл гаргах эрхгүй болдог хуулийн зохицуулалттай.

 

Тодруулбал нэхэмжлэгч тал тухайн хэргийг хянан шийдвэрлэхэд нэхэмжилсэн алданги торгууль гаргуулах шаардлагаасаа татгалзсан боловч дахин БН/2023 дугаартай гэрээг үндэслэл болгож нэхэмжлэлийн шаардлагаа тайлбарлаж байгаа нь үндэслэлгүй юм.

 

7.Нөгөөтэйгүүр нэхэмжлэгч ...хариуцагч Б.Э*******г эвлэрлийн гэрээнд зааснаар 41 ширхэг хаалгыг 2024 оны 01 дүгээр сарын 18-ны өдрийн дотор манайд хүлээлгэн өгөх үүргээ биелүүлгээгүйгээс үүдэн торгууль, алданги нэхэмжилсэн хэмээн тайлбарлаж байна.

 

8.Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.1.Хүлээсэн үүргээ гүйцэтгээгүй буюу зохих ёсоор гүйцэтгээгүй тал хууль болон гэрээнд зааснаар нөгөө талдаа төлөх ёстой мөнгөн төлбөрийг анз гэнэ., мөн хуулийн 232.4.Анз нь торгууль, алданги гэсэн төрөлтэй байна. Анзын нийт дүн гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 50 хувиас хэтэрч болохгүй хэмээн зохицуулжээ.

 

Мөн Иргэний хуулийн 87 дугаар зүйлийн 87.1 дэх хэсэгт Өөр эрхтэй салшгүй холбоотой, түүнгүйгээр бие даан хэрэгжиж үл чадах эрхийг салгаж үл болох эрх гэнэ. гэж заасан ба Анзын гэрээ нь үндсэн үүргээс тусдаа бие даан хэрэгждэггүй, үндсэн үүрэгтэй салшгүй холбоотой эрх тул үндсэн үүрэг дуусгавар болоход мөн адил дуусгавар болдог хуулийн зохицуулалттай.

 

9. Гэтэл нэхэмжлэгч ******* ХХК зохигчийн хооронд байгуулагдсан 2023 оны БН/23 дугаартай гэрээний асуудлаар шүүхээс зохигчийн эвлэрлийн баталж маргаан бүхий асуудлыг эцэслэн шийдвэрлэсэн байхад нэхэмжлэгч талаас дахин уг гэрээг үндэслэл буюу маргааны зүйл болгож гэрээний 6.3-т заасны дагуу 20,271,420 төгрөг нэхэмжилсэн нь үндэслэлгүй, НӨАТ хэмээн 4,200,000 төгрөг ямар үндэслэлээр нэхэмжилж байгаа нь тодорхой бус, алдангийг Модон материал нийлүүлэх гэрээний үүргээс салгаж нэхэмжилж байгааа нь үндэслэлгүй байна.

 

Мөн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.4.Шүүхийн хүчин төгөлдөр шийдвэрээр нэгэнт тогтоогдсон буюу нийтэд илэрхий үйл баримт хэрэг хянан шийдвэрлэхэд холбогдолтой байвал түүнийг дахин нотлохгүй гэж заасан байх тул нэхэмжлэгчийн гаргасан 45,301,320 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь үндэслэлтэй дүгнэлээ.

 

10.Нөгөөтэйгүүр нэхэмжлэгч тал хаалга суурилуулалтын зардал 5,990,600 төгрөгийн зардал гарсан гэдгээ баримтаар нотлоогүй, хэрэгт авагдсан /хх-ийн 19 хуудас/ банкны шилжүүлэгийн гүйлгээний баримтаар хаалга суурилуулалтын зардал гарсан гэдгийн нотлох боломжгүй хэдий ч хариуцагч уг шаардлагыг төлөхийг зөвшөөрч байх тул хариуцагч Б.Э*******гаас 5,990,600 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч ******* ХХК-д олгох нь зүйтэй.

 

11.Нэхэмжлэгч талаас нэхэмжлэлийн үндэслэлээ алданги, гэрээний гүйцэтгээгүй үүрэг, өөрийн гарсан зардал хэмээн тайлбарлах тул шүүхээс хохирол нэхэмжлээгүй хэмээн үзсэн бөгөөд нэхэмжлэгч Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.7.-д заасан Үүрэг гүйцэтгэгч үүргээ хугацаанд нь биелүүлээгүй тохиолдолд анз төлөхөөр гэрээнд заагаагүй бол үүрэг гүйцэтгүүлэгч анз шаардах эрхгүй бөгөөд харин учирсан хохирлоо арилгуулахыг шаардах эрхтэй гэдгийг энэ шийдвэрээр хязгаарлахгүй болно гэж заасны дагуу нэхэмжлэл гаргах асуудал тусдаа ойлголт болохыг тайлбарлавал зохино.

Сөрөг нэхэмжлэл 19,580,800 төгрөг гаргуулах нэхэмжлэлийн тухайд

12.Хариуцагч Б.Э*******г нь сөрөг нэхэмжлэлийн үндэслэлээ .. би гэрээнд заасны дагуу хаалгаа бүрэн нийлүүлсэн, хаалганы үнэ 25,571,400 төгрөгийн авлагатай, үүнээс хаалга сууриулалтын зардал 5,990,600 төгрөгийг хасаж, 19,580,800 төгрөгийг гаргуулна гэж,

Нэхэмжлэгч тал эс зөвшөөрч .. одоо ажлын хөлсний үлдэгдэл 22,135,500 төгрөгийн тооцоо байгаа, гэхдээ бид түүнээс 51,291,920 төгрөгийн авлагатай тул зөвшөөрөхгүй хэмээн маргаж байна.

13.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 73 дугаар зүйлийн 73.1.Үндсэн нэхэмжлэлтэй хамт шийдвэрлүүлэхийн тулд хэргийг шүүх хуралдаанаар хянан шийдвэрлэхээс өмнө хариуцагч сөрөг нэхэмжлэл гаргах эрхтэй. Сөрөг нэхэмжлэл энэ хуулийн 62 дугаар зүйлд заасан шаардлагыг хангасан хэмээн заасан.

Хариуцагч Б.Э*******гийн гаргаж буй сөрөг нэхэмжлэл нь үндсэн нэхэмжлэлтэй холбогдохоос гадна өмнө нь шүүхээр шийдвэрлүүлсэн маргаанд хариуцагч энэ тухай сөрөг нэхэмжлэлийн шаардлага гаргаагүй байх тул шүүх хүлээн авч шийдвэрлэх үндэслэлтэй гэж үзсэн болно.

14.Нэхэмжлэгч ******* ХХК нь Б.Э*******гаас үүргийн биелэлт шаардаж нэхэмжлэл гаргасан бөгөөд хариуцагч гэрээний дагуу хаалгыг бэлтгэн нийлүүлж нэхэмжлэгч талд хүлээлгэн өгсөн гэдэгт зохигч хэн аль нь маргахгүй байгаа, нэхэмжлэгч тал нэхэмжлэлдээ түүнд өглөгтэй гэдгээ илэрхийсэн байх тул тэдгээрийн тайлбарыг баримтаар үнэлж Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1-д заасны дагуу нэхэмжлэгчээс 19,580,000 төгрөгийг гаргуулж, хариуцагч Б.Э*******гт олгохоор шийдвэрлэв.

Учир нь ******* ХХК нь хариуцагч Б.Э*******гтай 77 ширхэг модон хаалгыг нийлүүлэхээр тохиролцож, нийт 67,571,400 төгрөгөөс 42,000,000 төгрөгийг хариуцагч авсан гэдэгт хэн аль маргаагүй, энэ нь нэхэмжлэгч талын гаргаж өгсөн (хх-ийн 11 хуудас) баримтаар нотлогдох тул хариуцагч үлдэгдэл хаалгыг нийлүүлсэн төлбөр 25,571,400 төгрөгийг нэхэмжлэх эрхтэй, үүнээс хаалга суурилуулалтын 5,990,600 төгрөгийг хасаж, 19,580,000 төгрөгийг хариуцагч Б.Э*******гт олгохоор шийдвэрлэсэн болно.

Зохигчийн эвлэрлийн баталсан гэрээний маргаанд хариуцагч хаалганы үнийг тусдаа нэхэмжлээгүй тул уг шаардлагыг шүүх өмнө нь шийдвэрлээгүй хэмээн үзэж сөрөг нэхэмжлэлийг хүлээн авах үндэслэлтэй гэж дүгнэсэн болно.

Нэхэмжлэлийн шаардлагыг зарим хэсгийг хангасан тул нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 414,410 төгрөг, хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 256,000 төгрөгийг тус тус улсын төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 5,990,600 төгрөгт ногдох улсын тэмдэгтийн хураамж 110,800 төгрөгийг, нэхэмжлэгчээс 19,580,800 төгрөгт ногдох улсын тэмдэгтийн хураамж 255,854 төгрөгийг гаргуулан хариуцагчид олгох нь хуульд нийцнэ.

  Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.2, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1.Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.1-д зааснаар хариуцагч Б.Э*******гаас 5,990,600 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч ******* ХХК-д олгож, үлдэх 45,301,320 төгрөгийн нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгосугай.

2.Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1-д нэхэмжлэгч ******* ХХК-иас 19,580,800 төгрөгийг гаргуулж хариуцагч Б.Э*******гт олгосугай.

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 5******* зүйлийн 56.2, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 414,410 төгрөг, хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 256,000 төгрөгийг тус тус улсын төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 110,800 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч ******* ХХК-д, нэхэмжлэгчээс 255,854 төгрөгийг гаргуулан хариуцагч Б.Э*******гт олгосугай.

4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2зааснаар шийдвэр нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд мөн хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, төлөөлөгч, өмгөөлөгч нь энхүү шийвэрийг эс зөвшөөрвөл гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор шийдвэр гаргасан шүүхээр дамжуулан Хэнтий аймгийн Эрүү Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай. 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Б.УРАНЗАЯА