Дархан-Уул аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2025 оны 10 сарын 29 өдөр

Дугаар 2025/ДШМ/71

 

 

******* холбогдох эрүүгийн хэргийн тухай

Дархан-Уул аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн ерөнхий шүүгч Ц.Амаржаргал даргалж, шүүгч З.Төмөрхүү, Б.Манлайбаатар нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:

Прокурор *******

Шүүгдэгч *******, түүний өмгөөлөгч *******, *******-******* /цахим/

Нарийн бичгийн дарга Б.Түвшинжаргал нарыг оролцуулан

Дархан-Уул аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүгч Н.Идэр даргалж хийсэн шүүх хуралдааны 2025 оны 6 дугаар сарын 06-ны өдрийн 2025/ШЦТ/290 дугаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч шүүгдэгч *******, түүний өмгөөлөгч *******-******* нарын давж заалдах журмаар гаргасан гомдлоор шүүгдэгч ******* холбогдох 2302009002 дугаартай эрүүгийн хэргийг 2025 оны 7 дугаар сарын 22-ны өдөр хүлээн авч, шүүгч Б.Манлайбаатарын илтгэснээр хянан хэлэлцэв.

Монгол Улсын иргэн, тоотод оршин суух хаягтай, хэрэг хариуцах чадвартай, урьд ял шийтгүүлж байгаагүй.

Шүүгдэгч ******* нь албан үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж, зориуд хэрэгжүүлэхгүй байж бусдад давуу байдал бий болгосон гэмт хэрэгт холбогджээ.

Нийслэлийн прокурорын газраас: *******ын үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 1 дэх заалтад зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.

Дархан-Уул аймаг дахь сум дундын анхан шатны шүүх:

Шүүгдэгч ******* ******* овогт ******* 2015 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашиглах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож,

2015 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч *******ыг нийтийн албанд томилогдох эрхийг 2 /хоёр/ жилийн хугацаагаар хасаж 5,400 /таван мянга дөрвөн зуу/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 5,400,000 /таван сая дөрвөн зуун мянга/ төгрөгөөр торгох ялаар шийтгэж,

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар ******* оногдуулсан 5,400,000 /таван сая дөрвөн зуун мянга/ төгрөгөөр торгох ялыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсноос хойш 27 /хорин долоо/ сарын хугацаанд сар бүр 200,000 /хоёр зуун мянга/ төгрөгөөр хэсэгчлэн төлүүлэхээр тогтоож,

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар ялтан нь торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдэж,

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч ******* оногдуулсан нийтийн албанд томилогдох эрхийг 02 жилийн хугацаагаар хасах нэмэгдэл ялын хугацааг ял оногдуулсан үеэс эхлэн тоолж,

Шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй болохыг дурдаж, хэргийн хамт ирүүлсэн дансны хуулга бүхий 1 ширхэг сиди болон 1 ширхэг сиди-тэй мөрдөн шалгах нууц ажиллагааны магадалгааг хэргийн хадгалах хугацаа дуустал хэрэгт хавсаргаж,

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийдвэр уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд мөн хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.5 дахь заалтад зааснаар шүүгдэгч ******* урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр үргэлжлүүлж,

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч тогтоолыг эс зөвшөөрвөл тогтоолыг гардуулсан буюу хүргүүлснээс хойш хоногийн дотор Дархан-Уул аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдаж,

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шийтгэх тогтоолд давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргасан тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болох хүртэлх хугацаанд шүүгдэгчид авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэхээр шийдвэрлэжээ.

Шүүгдэгч *******, түүний өмгөөлөгч *******-******* давж заалдах гомдолдоо:

... Авлигын эсрэг хуулийн 3.1.4.д давуу байдал гэдгийг ”энэ хуулийн 4.1.д  заасан этгээд албан тушаалын эрх мэдлээ урвуулан ашигласнаар хүн, хуулийн этгээдэд эдийн болон эдийн бус ашигтай байдал бий болгохыг хэлнэ” гэж хуульчилсан байна. Гэтэл хавтаст хэрэгт авагдсан баримтуудаар ******* нь өөрт болон бусдад эдийн болон эдийн бус ашигтай байдал бий болгосон талаар шалгаж тогтоосон баримт байхгүй байна. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд Нотолбол зохих байдлыг зааж өгсөн. 1.1 “гэмт хэрэг гарсан байдал / гэмт хэргийг хэзээ, хаана, яаж үйлдсэн болон 1.2 “гэмт хэргийг хэн үйлдсэн.” 1.3 “гэмт хэргийн сэдэлт, зорилго, гэм буруугийн хэлбэр.”-г мөрдөн байцаалт шүүх хуралдааны явцад нотолно. гэж заасан. Харин хэргийн үйл баримт хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцогч нарын мэдүүлгээр явган зорчигч нь Монгол улсын замын хөдөлгөөний дүрмийн 5.12 дугаар зүйлийн А-д заасан “ үзэгдэх хүрээнд явган хүний гарцтай замын гарцгүй хэсгээр...”, Д-д заасан ойртон ирж яваа тээврийн хэрэгслийн урдуур гэнэт гүйх.” Явган зорчигчийн эцэг, эх асран хамгаалагч нь Монгол улсын замын хөдөлгөөний дүрмийн 27.2 дугаар зүйлийн А-д заасан 10 хүртэлх насны хүүхдийг харгалзах хүнгүйгээр замын хөдөлгөөнд явганаар оролцуулахгүй байх.” гэсэн заалтуудыг зөрчсөн байдал тогтоогддог. Харин жолооч нь Монгол улсын замын хөдөлгөөний дүрмийн заалт зөрчсөнийг үйл баримт баримтаар тогтоогдоогүй мөн ******* нь өөрт болон хэн нэгэнд эдийн болон эдийн бус ашигтай байдал бий болгосон үйл баримт хавтаст хэрэгт авагдсан баримтаар тогтоогдоогүй байна. Харин явган зорчигчийн эцэг, эх, асран хамгаалагч нь өөрсдийн хайхрамж, болгоомжгүй, буруутай үйлдлээс зам тээврийн осол болсон үйлдлийг ухамсарлан ойлгож цагдаагийн байгууллагаар шалгуулахгүй талаарх хүсэлтээ тухайн осол болсон өдрөө цагдаагийн байгууллагад бичгээр гаргаж өгсөн. Үүгээр ******* нь тухайн осол хэргийг цааш шалгах боломжгүй нөхцөл байдал бий болсон. ******* нь дуудлага мэдээллийг бүртгэлийг хаахдаа жолооч зөрчлийн тухай хуулиар 100 нэгжээр торгох шийтгэл оногдуулсан гэж хаасан нь бүртгэлийн сонголтыг буруу сонгож хэрэглэсэн байна. Бүртгэлийн хэлбэрийг буруу сонгосон энэ үйлдэлд арга хэмжээ авах шаардлагатай гэж үзвэл цагдаагийн байгууллагын тухай хуулиар сахилгын шийтгэл оногдуулахаар байна.

Шүүх хэргийн яллах дүгнэлт болон хавтаст хэрэгт авагдсан баримтын хүрээнд шийдвэрлэнэ. Яллах дүгнэлтэд *******ыг яллаад байгаа Авлигын эсрэг хуулийн 7.1.3, 7.1.6, 7.1.7, төрийн албаны хуулийн 37 дугаар зүйлийн 37.1.1, 37.1.2, 37.1.3, 36 дугаар зүйл, 39 дүгээр зүйл, цагдаагийн алба хаагчийн ёс зүйн дүрмийн 2.3.1, 2.3.6, 2.4.2.т заасан заалтууд нь *******ын үйлдэлд хэрхэн холбогдоод байгаа нь ойлгомжгүй байхад ял шийтгэл оногдуулж байгаа шударга ёсонд нийцэхгүй байна.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.15 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт Эрүүгийн хэрэгт хамааралтай бүхий л нотлох баримтыг шалгасан боловч сэжигтэн, яллагдагч, шүүгдэгчийн гэм буруутай эсэхэд, түүнчлэн эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад Эрүүгийн хууль, энэ хуулийг тайлбарлах, хэрэглэхэд эргэлзээ гарвал түүнийг сэжигтэн, яллагдагч, шүүгдэгч, ялтанд ашигтайгаар шийдвэрлэнэ гэж заасан. Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, ******* холбогдох үйлдлийг ашигтайгаар шийдвэрлэж цагаатгаж өгнө үү гэжээ.

Шүүгдэгч ******* давж заалдах гомдолдоо:

... ЭХШХШТХуулийн 1.12 хууль шүүхийн өмнө хүн бүр тэгш эрхтэй байхаар заасан, миний энэ хэрэгт ямар нэг хэмжээгээр иргэн аж ахуйн нэгж хэн ч хохироогүй, хэн ч гомдол санал гаргаагүй байгаа. Замын хөдөлгөөний дүрмийн дагуу осол гэмтэл гарсан нөхцөлд хоёр тал гомдол саналгүй тохиролцсон нөхцөлд явуулж л байгаа. Ийм нөхцөл байдал өдөр бүр бүх цагдаа нарт гарч байгаа. Ийм байхад зөвхөн надад ял халдаасанд гомдолтой байна. Мөн ЭХШХШТхуулинд Могол улсын үндсэн хууль бусад хуулийг чандлан сахина гэсэн байдаг. Иймд хавтаст хэргийн материалд миний гэм буруугийн байдал эргэлзээтэй шүүх нь өөрөө хэргийг гэмт хэргийн бүрэлдэхүүнгүй гэж анх дүгнэж шийдэж эргэлзээгүй гэмт хэргийн бүрэлдэхүүнгүй байна гэж тогтоож шийдсэн, дахин гэм буруутай байна гэж үзэж ял халдаасан нь миний эрх зүйн байдлыг дордуулж шийдвэрлэлээ гэж үзлээ.

Тус хэрэг нь 2022 оны 03 сарын 02-ны өдрийн 17 цаг 30 минутын орчим гарсан насанд хүрээгүй нь 2012 оны 12-р сарын 27-ны өдөр төрсөн настай, Дархан уул аймгийн Дархан сумын нутаг дэвсгэр Дархан их дэлгүүрийн арын авто зам хөндлөн гарахдаа жолоодож явсан - улсын дугаартай Тёото Вангуардмаркын тээврийн хэрэгслийн урдуур гарцгүй газраар гүйж, машинд мөргүүлж унасан . Тэр даруйдаа машины жолооч тухайн хүүхдийн эцэг эхтэй уулзаж түргэн тусламжийн тасагт аваачиж үзүүлсэн . Энэ талаар цагдаагийн байгууллагад дуудлага өгсөн байдаг. Тухайн үед хүүхдийн ар гэрийнхэн цагдаагийн байгууллагад гомдол саналгүй, цаашид цагдаагийн байгууллагаар шалгуулах хэрэггүй гэсэн бичиг өгсөн. Үүний дагуу Д. журмын хашаанаас машинаа авсан байгаа. Машин авахдаа журмын хашааны бүртгэлд оруулсан тухай баримт хавтаст хэрэгт байгаа, үүнийг дутуу дүгнэсэн. Өөрөөр хэлбэл журмын хашааны бүртгэлд бүртгэгдээгүй бүртгүүлээгүй гэж дүгнэсэн нь үндэслэлгүй. Хавтаст хэрэгт авагдсан нотлох баримт бусад нотлох баримтаар би ЭХТА-йин 22.1 дүгээр зүйлийн 1.д заагдсанаар гэм буруутай болох нь хангалттай сайн тогтоогдоогүй гэж үзэж байгаа тул давж заалдах гомдол гаргаж байна. Шүүхийн шийдвэрт заагдсан нотлох баримтаар нотлогдоогүй.

Өөрөөр хэлбэл Дархан-Уул аймгийн шуурхай удирдлагын төвийн 2022 оны 2 дугаар сарын 28-наас 3-р сарын 13-ны өдрийн танилцуулга. 2. ын АСАПсёангийн лавлагаа, 3, Тээврийн хэрэгслийн Түр саатуулах байрны бүртгэлд үзлэг хийсэн тэмдэглэл, 4, Осол гэмтлийн тохиолдлыг бүртгэлийн хуудас. 5. . нарын цагдаагийн байгууллагад өгсөн бичиг,

Эдгээр хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтаар болон бусад нотлох баримтаар буруутай болох нь нотлогдоогүй. Байхад миний эрх зүйн байдлыг дордуулж ялласанд гомдолтой байна. Эдгээр нотлох баримтыг хуулийн дагуу цуглуулж бэхжүүлсэн байтал надад ял халдаасан нь хуулийг буруу хэрэглэсэн гэж үзэж байна. Өөрөөр хэлбэл Прокурорын газраас Намайг нийтийн албан тушаалтан албаны чиг үүргээ хэрэгжүүлээгүй хийх ёстой үйлдлийг хийгээгүй бусдад давуу байдал бий болгосон гэж үзсэн нь буруу хуулийн дагуу шийдсэнгүй гэж үзэж байна. Тухайн үед Замын хөдөлгөөнд оролцохдоо явган зорчигч болох 10 настай хүүхдийг, ар гэрийнх нь өөрөөсөө салгахгүй хөтлөх тэврэх гэхчлэн авч явах байтал хүүхэд харгалзан дэмжих хүнгүй явж ээж, аав, харгалзан дэмжих хүмүүсийн буруутай үйлдэл байсан , тийм ч учир цагдаагаар шалгуулахгүй гэж бичиж өгсөн гэж үзэж байгаа, Тэгээд ч зөрчлийн тухай хуульд заагдсанаар эцэг эхэд нь арга хэмжээ аваагүй, Нэгэнт 2 тал хоёулаа харилцан тохиролцоод, энэ талаараа бичгээ яг тэр өдрөө өгсөн байхад Зөрчлийн тухай хуулиар тогтоох нөхцөл байдал болоогүй гэж үзсэн.

Өөрөөр хэлбэл төрийн санг өсгөх, орлого оруулах зорилгогүй, ба жолооч Д. насанд хүрээгүй зорчигч, эцэг. Эх хэн алинд Зөрчлийн тухай хуульд заасан шийтгэл оногдуулаагүйг бусдад давуу байдал бий болгосон гэж үзэх үндэслэлгүй байна. Гэрч Д., насанд хүрээгүй эх нарын аль хэн аль нь буруу болох тогтоогдсон ч уг хүмүүст торгууль ногдуулаагүй нь давуу байдал олгосон гэж үзэхээргүй байхад ял халдаасан нь хуулийн дагуу шийдвэрлэсэнгүй миний эрхзүйн байдлыг дордуулж шийдвэрлэлээ гэж үзэж байгаа тул давж заалдах гомдол гаргалаа. Өөрөөр хэлбэл хавтаст хэрэгт авагдсан бүхий л нотлох баримтаар гэм буруутай болох нь хангалттай сайн тогтоогдоогүй байхад ял шийтгэл оногдуулсан нь буруу гэж үзэж байна.

ЭХТА-гийн дугаар зүйлийн 22.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заагдсанаар гэм буруутайд тооцож шийдсэн нь хангалттай сайн тогтоогдоогүй, тухайн гэмт хэргийн шинжгүй байх тул ЭХШХШТХуулийн 1.15-д заагдсанаар хэрэгт хамаарал бүхий нотлох баримтыг тал бүрээс нь шалгасан боловч гэм буруутай болох нь тогтоогдохгүй эргэлзээ гарвал шүүгдэгчид ашигтай шийдвэрлэнэ гэсний дагуу, мөн хэргийг хуулийн дагуу миний эрх зүйн байдлыг дээрдүүлж хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэж өгнө үү гэжээ.

Давж заалдах шатны шүүх хуралдаанд оролцсон шүүгдэгчийн өмгөөлөгч *******-******* саналдаа:

Давж заалдах шатны шүүхээс , нарын үйлдлийг нягталж шалга гэх магадлал гарсан. Магадлалтай холбогдуулан нэмэлт мөрдөн байцаалтын ажиллагаа явуулахад , нар нь уг хэрэгт ямар нэг холбоо хамаарал байхгүй буюу гэмт хэргийн шинжгүй гэх дүгнэлт гарсан. Шүүгдэгч *******ын гаргасан үйлдэл нь гэмт хэргийн шинжгүй байгаа учраас анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, цагаатгаж өгнө үү гэв.

Давж заалдах шатны шүүх хуралдаанд оролцсон шүүгдэгч *******  саналдаа:

Давж заалдах гомдлоо дэмжин оролцож байна гэв.

Давж заалдах шатны шүүх хуралдаанд оролцсон шүүгдэгчийн өмгөөлөгч ******* саналдаа:

Шүүгдэгч ******* нь хийсэн гэмт хэрэг буюу үйлдэл нь хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтуудаар тогтоогдоогүй учраас давж заалдах гомдлыг гаргасан, түүнийгээ дэмжин оролцож байгаагүй илэрхийлж байна. Өмгөөлөгч миний хувьд хууль зүйн үндэслэлгүйгээр шүүгдэгчид ял халдааж болохгүй. Хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтыг үндэслэж хэн аль нэгэнд бодит байдалтай нийцээгүй шийдвэр гаргасан. Шүүхийн дүгнэлт бодит байдалд нотлогдоогүй бол гэмт хэрэгт тооцож болохгүй гэх заалт бий. Прокурор эсэргүүцэл бичээд шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр байлгаад байгаа нь эргэлзээтэй. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.15 дугаар зүйлд зааснаар  шүүгдэгч ******* ашигтай байдлаар шийдэж өгнө үү. Мөн хуулийн 16.2 дугаар зүйлд зааснаар нотлогдон тогтоогдоогүй хүнд ял халдааж болохгүй. Шүүгдэгч болон түүний өмгөөлөгч *******-******* нарын гаргасан гомдлыг дэмжин оролцож байна. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.15 дугаар зүйлд зааснаар шүүгдэгчид ашигтай байдлаар шийдвэрлэж өгнө үү гэв.

Давж заалдах шатны шүүх хуралдаанд оролцсон прокурор ******* дүгнэлтдээ:

Магадлалын хувьд тухайн аймгийн Замын цагдаагийн тусгийн ахлах зохицуулагч , нар нь Д.ад хуулийн хариуцлага тооцуулахгүй байх талаар албаны чиг үүргээ урвуулан ашигласан буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт хамтран оролцсон эсэхийг шалгах нь зүйтэй гэж шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, хэргийг буцаасан. Үүнтэй холбогдуулан , нарт зөрчил шалган шийдвэрлэх ажиллагаа явуулж, эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татах үндэслэлгүй гэж шийдвэрлэсэн. Дээрх нөхцөл байдал нь хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтуудаар тогтоогдсон. Иймд магадлалд заагдсан ажиллагаа хийгдсэн. Шүүгдэгч ******* холбогдох шийтгэл оногдуулсан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар ял шийтгэлийг халдааж шийдвэрлэсэн шийтгэх тогтоол хууль зүйн хувьд үндэслэлтэй. Шүүгдэгч болон түүний өмгөөлөгчийн гаргасан гомдол хууль зүйн хувьд үндэслэлгүй байх тул анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж өгнө үү гэв

ТОДОРХОЙЛОХ нь:

Дархан-Уул аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн 2025 оны 6 дугаар сарын 06-ны өдрийн 2025/ШЦТ/290 дугаартай шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч шүүгдэгч, түүний өмгөөлөгчийн давж заалдах журмаар гаргасан гомдол үндэслэлтэй эсэхийг Давж заалдах шатны шүүх хянан шийдвэрлэхдээ эрүүгийн хэрэгт цугларсан нотлох баримтуудын хүрээнд, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар гомдолд дурдсан үндэслэлд хязгаарлахгүйгээр, тухайн хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг хянаж үзлээ.

Нийслэлийн прокурорын газраас шүүгдэгч ******* нь албан үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж, зориуд хэрэгжүүлэхгүй байж бусдад давуу байдал бий болгосон гэмт хэрэг үйлдсэн гэж үзээд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж хэргийг хянан шийдвэрлүүлэхээр шүүхэд шилжүүлсэн байна.

Давж заалдах шатны шүүх шүүгдэгчийн гаргасан гомдлыг үндэслэн эрүүгийн хэрэгт авагдсан бүхий л нотлох баримтуудыг шинжлэн судлалаа.

Тухайлбал:

Эд зүйлд үзлэг хийсэн тэмдэглэл (1 дэх хавтаст хэргийн 31-33 дахь тал),

Дархан-Уул аймаг дахь Цагдаагийн газрын хоногийн байдлын танилцуулга (1 дэх хавтаст хэргийн 35-46 дахь тал),

Эд зүйлд үзлэг хийсэн: “...дуудлага мэдээллийн жагсаалт хэсгийн 36 дугаарт “утасны дугаар-, дуудлага өгсөн хүний нэр- , дуудлагын төрөл-Замтай холбоотой, Утга- Зам тээврийн осол болсон байна, хийж гүйцэтгэсэн ажил, арга хэмжээ-39 д/ч ******* очиж шалган буруутай жолооч ЗХТ-р 100 нэгжээр торгосон. сум, дүүрэг- Дархан сум, баг, хороо-, хаяг-ДИД-ийн урд, ирсэн цаг- 18:15, очсон цаг-18:22, цохолт-танилцав... гэх Дархан-Уул аймгийн Цагдаагийн газрын шуурхай удирдлагын 2022 оны 02 сарын 28-ны өдрөөс 2022 оны 03 сарын 13-ны өдөр хүртэлх хугацааны нөхцөл байдлын танилцуулга, цагдаагийн байгууллагын цахим санд үзлэг хийсэн тэмдэглэл болон тэмдэглэлд хавсаргасан материал болох Дархан-Уул аймгийн Цагдаагийн газрын 2022 оны 03 сарын 02-ны өдрийн хоногийн нөхцөл байдлын мэдээ, танилцуулга, 2022 оны 03 сарын дуудлага мэдээллийн жагсаалт, торгуулийн хуудасны бүртгэл, гэрэл зураг..." тэмдэглэл (1 дэх хавтаст хэргийн 31-47 дахь тал),

ын /, ХЕ570215/ - улсын дугаартай тээврийн хэрэгслийг зам тээврийн ослын улмаас саатуулах байранд саатуулсан талаар бүртгэл хөтлөгдсөн байна... гэх “ ” ХХК-ийн тээврийн хэрэгсэл түр саатуулах байрны “Саатуулсан тээврийн хэрэгслийн бүртгэл”-ийн дэвтэрт үзлэг хийсэн тухай тэмдэглэл болон тэмдэглэлд хавсаргасан бүртгэлийн дэвтрийн хуулбар (1 дэх хавтаст хэргийн 65- дахь тал),

нь 2022 оны 03 сарын 02-ны өдөр 18:10 цагт Дархан-Уул аймгийн Нэгдсэн эмнэлэгт ирж үзүүлсэн талаар бүртгэгдсэн байна... гэх Дархан-Уул аймгийн Нэгдсэн эмнэлгийн Яаралтай тусламжийн 202203020001 дугаартай хуудас, Осол гэмтлийн тохиолдлыг бүртгэх хуудас зэрэгт үзлэг хийсэн тухай тэмдэглэл болон 202203020001 дугаартай Яаралтай тусламжийн хуудас, Осол гэмтлийн тохиолдлыг бүртгэх хуудаснуудын хуулбар (1 дэх хавтаст хэргийн 68-72 дахь тал),

Гэрч мөрдөн байцаалтад 2022 оны 11 сарын 28, 2023 оны 03 сарын 22, 2024 оны 07 сарын 19-ний өдөр мэдүүлсэн: “...Би 2022 оны 03 сарын 02-ны өдрийн орой 18:00 цаг өнгөрч байхад гэр лүүгээр харихаар Дархан-Уул аймгийн Дархан сумын нутаг дэвсгэр Дархан их дэлгүүрийн арын авто замаар өөрийн эзэмшлийн Тоуота Вангуард маркийн - улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодож явж байтал гарцгүй газраар гэнэт сургуулийн хүүхэд автомашины урдуур гүйж гарч ирсэн. Би тоормосоо гишгэж тээврийн хэрэгслээ зогсоох үйлдэл хийхдээ тухайн хүүхдийг шүргэсэн.” гэх мэдүүлэг (1 дэх хавтаст хэргийн 50-52,164-165 дахь тал, 2 дахь хавтаст хэргийн 179-180 дахь тал),

Насанд хүрээгүй гэрч мөрдөн байцаалтад 2022 оны 11 дүгээр сарын 30- ны өдөр мэдүүлсэн: “...Би 2022 оны 03 сарын 02-ны өдөр хичээлээ тараад гэртээ харихаар явж байгаад Дархан их дэлгүүрийн арын автозамаар гарах үедээ машинд мөргүүлж зам тээврийн осолд өртсөн. Тухайн үед машинд мөргүүлснээс болж миний зүүн хөлийн шагай хэсэгт шалбарч, улайж хөхрөлт үүссэн.” гэх мэдүүлэг (1 дэх хавтаст хэргийн 58-59 дэх тал),

Цагдаагийн ахлах ахлагч ******* Авто баазын ашиглалтын хэлтсийн цагдаа жолоочийн ажлаас 2021 оны 11 дүгээр сарын 10-ны өдрөөр тасалбар болгон чөлөөлж, 11 дүгээр сарын 11-ний өдрөөс Дархан-Уул аймаг дахь Цагдаагийн газарт зохицуулагчаар томилсон Цагдаагийн ерөнхий газрын даргын 2021 оны 11 сарын 11-ний өдрийн Б/14 дугаартай Ажлаас чөлөөлж, томилох тухай тушаал (1 дэх хавтаст хэргийн 129 дэх тал/,

Цагдаагийн ерөнхий газрын даргын 2022 оны 11 дүгээр сарын 01-ний өдрийн А/293 дугаар тушаалаар аймаг дахь цагдаагийн газар, хэлтсүүдийн нэршлийг аймгийн цагдаагийн газар, хэлтэс болгон өөрчилсөн холбогдуулан *******ыг Дархан-Уул аймаг дахь Цагдаагийн газрын зохицуулагч, цагдаагийн дэслэгч албан тушаалаас чөлөөлж, Дархан- Уул аймгийн Замын цагдаагийн тасгийн зохицуулагч, цагдаагийн дэслэгч албан тушаалд томилсон Цагдаагийн ерөнхий газрын даргын 2022 оны 11 дүгээр -ний Б/1796 дугаартай Ажлаас чөлөөлж, томилох тухай тушаал (1 дэх хавтаст хэргийн 130-132 дахь тал),

Нутаг дэвсгэр хариуцсан цагдаагийн байгууллагын зохицуулагч албан тушаалын тодорхойлолт (1 дэх хавтаст хэргийн 208-212 дахь тал) зэрэг болно.

Шүүгдэгчийн өмгөөлөгч “ *******ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 1.д заагдсанаар гэм буруутай болох нь хангалттай сайн тогтоогдоогүй. Энэ төрлийн гэмт хэрэг үйлдээгүй  гэж давж заалдах гомдол гаргаж байна.

Хэрэгт авагдсан баримтаар:

Гэрч цагдаагийн байгууллагад 2 удаа өгсөн мэдүүлэгт “ ...тухайн үед хүүхэд газарт уначхаад босоод гүйгээд явчихсан. Би гэрийнхээ гадаа ирэхэд араас үл таних залуу машинтай ирээд “та хүүхэд шүргэчхээд яваад өглөө, тэр хүүхдийнхээ гэрт нь очиж эцэг, эхтэй уулз” гэж хэлээд намайг дагуулаад машинд шүргүүлсэн хүүхдийн гэрт очсон.

Тухайн үед цагдаагийн албан хаагчийн зүгээс надад ямар нэгэн торгууль шийтгэл оногдуулаагүй, хуулийн хариуцлага хүлээлгээгүй. Мөн миний гаргасан осолтой холбоотой торгууль, шийтгэл нэрээр надаас бэлнээр, бэлэн бусаар мөнгө, эд зүйл авсан асуудал байхгүй.

Миний жолоодож явсан тээврийн хэрэгслийг журмын хашаанд хийсэн. Тэгээд 2022 оны 03 сарын 03-ны өдөр журмын хашааны төлбөрийг төлөөд машинаа авсан.” гэх мэдүүлэг.

Дархан-Уул аймаг дахь Цагдаагийн газрын хоногийн байдлын танилцуулга (1 дэх хавтаст хэргийн 35-46 дахь тал),

Эд зүйлд үзлэг хийсэн: “...дуудлага мэдээллийн жагсаалт хэсгийн 36 дугаарт “утасны дугаар-, дуудлага өгсөн хүний нэр-Пүрэв сайхан, дуудлагын төрөл-Замтай холбоотой, утга-Зам тээврийн осол болсон байна, хийж гүйцэтгэсэн ажил, арга хэмжээ-39 д/ч ******* очиж шалган буруутай жолооч Захиргааны хариуцлагын тухай хуулиар 100 нэгжээр торгосон... гэх Дархан-Уул аймгийн Цагдаагийн газрын шуурхай удирдлагын 2022 оны 02 сарын 28-ны өдрөөс 2022 оны 03 сарын 13-ны өдөр хүртэлх хугацааны нөхцөл байдлын танилцуулга,

Цагдаагийн байгууллагын цахим санд үзлэг хийсэн тэмдэглэл болон тэмдэглэлд хавсаргасан материал болох Дархан-Уул аймгийн Цагдаагийн газрын 2022 оны 03 сарын 02-ны өдрийн хоногийн нөхцөл байдлын мэдээ, танилцуулга, 2022 оны 03 сарын дуудлага мэдээллийн жагсаалт, торгуулийн хуудасны бүртгэл, гэрэл зураг..." тэмдэглэл (1 дэх хавтаст хэргийн 31-47 дахь тал),

ын /, ХЕ570215/ - улсын дугаартай тээврийн хэрэгслийг зам тээврийн ослын улмаас саатуулах байранд саатуулсан талаар бүртгэл хөтлөгдсөн байна... гэх “ ” ХХК-ийн тээврийн хэрэгсэл түр саатуулах байрны “Саатуулсан тээврийн хэрэгслийн бүртгэл”-ийн дэвтэрт үзлэг хийсэн тухай тэмдэглэл болон тэмдэглэлд хавсаргасан бүртгэлийн дэвтрийн хуулбар (1 дэх хавтаст хэргийн 65- дахь тал),

Нутаг дэвсгэр хариуцсан цагдаагийн байгууллагын зохицуулагч албан тушаалын тодорхойлолт (1 дэх хавтаст хэргийн 208-212 дахь тал) зэрэг хэрэгт авагдсан нотлох баримтуудаар:

шүүгдэгч ******* албан тушаалынхаа байдлыг ашиглан Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль зөрчсөн жолооч зөрчлийг Цагдаагийн газрын дуудлага, мэдээллийн жагсаалтад Зөрчлийн тухай хуулиар 100 нэгжээр торгосон гэж худал мэдээлэл оруулсан, Ослын талаар цагдаагийн газрын хоногийн нөхцөл байдлын танилцуулгад оруулаагүй, Зам тээврийн осол гаргасан Тоёота вангурд маркийн тээврийн хэрэгслийг осол гарсан асуудлыг эцэслэн шийдвэрлээгүй байхад “Тээврийн хэрэгсэл түр саатуулах” хашаанаас гаргаж явуулан улмаар саатуулсан тээврийн хэрэгслийн мэдээнд оруулаагүй зэрэг үйлдлээр жолооч Д.ад давуу байдал олгосон, хууль, ажлын байрны тодорхойлолтод заасан ажил үүргээ зориуд хэрэгжүүлээгүй болох нь бүрэн тогтоогдсон байна гэж давж заалдах шатын шүүх дүгнэж байна.

Түүнчлэн анхан шатны шүүх шүүдэгчийн гэм буруугийн байдалд хийсэн хууль зүйн дүгнэлт зөв байхаас гадна түүнд оногдуулсан ялын төрөл, хэмжээ нь шүүгдэгч *******ын гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ болон гэм буруугийн хэлбэрт тохирсон байхаас гадна шүүгдэгчид сонсгосон хуулийн зүйл ангийг хэрэгсэхгүй болгох, өөрчлөх, хөнгөрүүлэх хууль зүйн үндэслэл байхгүй байна.

Шүүгдэгч ******* холбогдох эрүүгийн хэрэгт явуулсан хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалт ажиллагаа түүнчлэн шүүхийн хэлэлцүүлгийн шатанд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг бүрэн шалгаж, тодруулснаас гадна оролцогчдын эрхийг хасаж буюу хязгаарласан, эсхүл бусад байдлаар шүүхийн шийдвэрт сөргөөр нөлөөлөхөөр Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн ноцтой зөрчил гараагүй байна.

Иймд шүүгдэгч болон түүний өмгөөлөгчөөс давж заалдсан гомдлыг хүлээн авах боломжгүй гэж үзээд давж заалдсан гомдлыг хэрэгсэхгүй болгож, шийтгэх тогтоолыг хэвээр үлдээх зүйтэй гэж давж заалдах шатны шүүхээс үзлээ.

Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолын удиртгал хэсэгт *******ын нэрийг гэж бичсэн бичиг техникийн алдаа гаргасныг цаашид анхаарах нь зүйтэй.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 39.9 дүгээр зүйлийн 2.т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 1.Дархан-Уул аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн 2025 оны 6 дугаар сарын 06-ны өдрийн 2025/ШЦТ/290 дугаар шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, шүүгдэгч *******, түүний өмгөөлөгч *******-******* нарын давж заалдах журмаар гаргасан гомдлыг хэрэгсэхгүй болгосугай.

2. Анхан болон давж заалдах шатны шүүхийн хууль хэрэглээний зөрүүг арилгах, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, хуулийг Улсын дээд шүүхийн тогтоол, тайлбараас өөрөөр хэрэглэсэн, эрх зүйн шинэ ойлголт, эсхүл хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой гэж үзвэл энэхүү магадлалыг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш хоногийн дотор хэргийн оролцогч хяналтын журмаар гомдол гаргах, прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

 

 

 

  

ДАРГАЛАГЧ

ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                      Ц.АМАРЖАРГАЛ

           ШҮҮГЧИД                                                    З.ТӨМӨРХҮҮ

                                                                                           Б.МАНЛАЙБААТАР