Хэнтий аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2026 оны 01 сарын 08 өдөр

Дугаар 321/ШШ2026/00013

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

******* аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч ******* даргалж, тус шүүхийн Б танхимд хийсэн хуралдаанаар:

Нэхэмжлэгч: ******* аймгийн ******* сумын 1 дүгээр багт оршин суух, *******  овогт Ц*******ийн Н*******

Нэхэмжлэлийн шаардлага: Ажиллаж байсан байдал тогтоолгох тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдааны оролцогчид:

Нэхэмжлэгч Ц.Н*******

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга ******* нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч Ц.Н******* шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: ...Миний бие Ц.Н******* нь 1970 онд ******* суманд төрсөн. 1986 оны 6 дугаар сард *******  сумын ерөнхий боловсролын сургуулийг төгсөж *******  бригадад аав ******* ийн хамт нэгдлийн хонь маллаж байсан. 1988 оны 10 сард цэргийн албанд татагдаж 1989 онд эрүүл мэн дийн шалтгаанаар халагдаж ирсэн. Ингээд нэгдлийн даргын тушаалаар 700 хонь авч маллаад нэгдэл тарах үед хувийн аж ахуйтан болсон. Ажилд орсон гарсан тушаал шийдвэр бүгд *******ын архив шатахад үрэгдсэн. Иймд намайг 1986 оны 6 дугаар сараас 1988 оны 10 дугаар сарыг хүртэл хугацаанд ******* аймгийн ******* сумын Давшилт нэгдэлд малчнаар ажиллаж байсан байдлыг тогтоож өгнө үү гэв.

 

Шүүх хэрэгт цугларсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтыг шинжлэн судлаад

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч Ц.Н******* нь эрх зүйн ач холбогдол бүхий үйл явдал буюу Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6-д зааснаар ажиллаж байсан байдал тогтоолгох тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасан ба нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэлээ.

Нэхэмжлэлийн шаардлагатай холбогдуулан хавтаст хэрэгт дараах баримтууд авагдсан байна. Үүнд:

1.Улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт /хх-ийн 2 дахь тал/,

2.Хүсэлт гаргагчийн иргэний үнэмлэхийн хуулбар/ хх-ийн 3 дахь тал/,

3. ******* аймгийн ******* сумын Засаг даргын 2025 оны 9 дүгээр сарын 29-ний өдрийн тодорхойлолт / хх-ийн 4 дахь тал/,

4. ******* аймгийн архивын тасгийн 2025 оны 9 дүгээр сарын 30-ны өдрийн 8/324 дугаартай албан бичиг /хх-ийн 5 дахь тал/,

5. Гэрэл зураг /хх-ийн 6-7 дахь тал/,

6. Хүсэлт гаргагчийн нэр дээрх Нийгмийн даатгалын дэвтрийн баталгаажилтын /хуудас хх-ийн 9 дахь тал/,

7. ******* аймгийн ******* хэлтсийн 2025 оны 11 дүгээр сарын 24-ний өдрийн 136 дугаартай лавлагаа /хуудас хх-ийн 26 дахь тал/,

8. Гэрч Н.Ш*******, С.Э******* нарын хүүхэд байхаас нь мэднэ. 1980 оноос нэгдлийн мал маллаж эхлэн малчнаар ажилласан байх гэх ижил утга агуулга бүхий мэдүүлэг зэрэг баримтууд хэрэгт авагдсан байна.

Мөн шүүхээс өөрийн санаачилгаар ******* аймгийн ******* хэлтсээс ХААТР-1 маягтыг хуулбарлан авч хэрэгт хавсаргасан болно.

Шүүх хэрэгт авагдсан дээрх нотлох баримт болох нэхэмжлэгч Ц.Н*******ийн нэр дээрх ХААТР маягтын лавлагаа, гэрэл зургууд, гэрч Н.Ш*******, С.Э******* нарын мэдүүлэг зэрэг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1, 40.2-т зааснаар нотлох баримтыг тал бүрээс нь бодитойгоор харьцуулан үзсэний үндсэн дээр тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үнэн зөв, эргэлзээгүй талаас нь үнэлж нэхэмжлэгч Ц.Н*******ийг 1986 оны 6 дугаар сараас 1988 оны 10 дугаар сарыг дуустал хугацаанд ******* аймгийн ******* сумын Давшилт нэгдэлд малчнаар ажиллаж байсан байдлыг тогтоож шийдвэрлэв.

 

Нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээх нь зүйтэй.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116, 118, 133 дугаар зүйлийн 133.1.1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6-д зааснаар ******* ургийн овогт Ц*******ийн Н*******ийг 1986 оны 6 дугаар сараас 1988 оны 10 дугаар сарыг дуустал хугацаанд ******* аймгийн ******* сумын ******* нэгдэлд малчнаар ажиллаж байсан байдлыг тогтоосугай.

 

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 /далан мянга хоёр зуу/ төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

 

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.1-т зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд мөн хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нь уг шийдвэрийг эс зөвшөөрвөл гардаж авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор ******* аймгийн Эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

   

 

 

 

ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                *******