| Шүүх | Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Батжаргал Батзориг |
| Хэргийн индекс | 2302 00101 0440 |
| Дугаар | 2025/ДШМ/1134 |
| Огноо | 2025-09-24 |
| Зүйл хэсэг | 22.1.2., |
| Улсын яллагч | О.О |
Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2025 оны 09 сарын 24 өдөр
Дугаар 2025/ДШМ/1134
2025 9 24 2025/ДШМ/1134
О.О-д холбогдох эрүүгийн
хэргийн тухай
Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч М.Алдар даргалж, шүүгч Т.Алтантуяа, шүүгч Б.Батзориг нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:
прокурор Н.Нямдорж,
яллагдагч О.О-, түүний өмгөөлөгч Г.Ганцэцэг,
нарийн бичгийн дарга Т.Мөнхтуяа нарыг оролцуулан,
Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхийн 2025 оны 07 дугаар сарын 24-ний өдрийн 2025/ШЗ/4841 дүгээр шүүгчийн захирамжийг эс зөвшөөрч бичсэн прокурор Н.Нямдоржийн 2025 оны 07 дугаар сарын 31-ний өдрийн 73 дугаартай эсэргүүцлээр О.О-д холбогдох эрүүгийн 2302 00101 0440 дугаартай хэргийг 2022 оны 8 дугаар сарын 12-ны өдөр хүлээн авч, шүүгч Б.Батзоригийн илтгэснээр хянан хэлэлцэв.
В- овгийн О-ын О-, ........., /РД:............/,
Яллагдагч О.О- нь Нийслэлийн Хан-Уул дүүрэг дэх Улсын бүртгэлийн хэлтсийн Эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлийн тасгийн улсын бүртгэгч буюу Авлигын эсрэг хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1 дэх хэсгийн 4.1.1-д заасан нийтийн албан тушаалтнаар ажиллаж байхдаа Авлигын эсрэг хуулийн 7 дугаар зүйлийн 7.1 дэх хэсгийн 7.1.3-т “албан үүргээ гүйцэтгэхдээ хууль бусаар аливаа хувь хүн, хуулийн этгээдэд давуу байдал олгох, олгохоор амлах, бусдын эрхийг хязгаарлах”, 7.1.6-д “албаны эрх мэдэл буюу албан тушаалын байдлаа урвуулах, хэтрүүлэх” гэж заасныг,
Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.1-д “Албан тушаалтан нь хууль дээдлэх зарчимд захирагдан, албан үүргээ иргэдийн итгэл хүлээхүйц, тэгш, шударга, хариуцлагатайгаар гүйцэтгэж, албаны ёс зүйг сахина”, 6.3-т “Албан тушаалтан албаны бүрэн эрхээ хувийн болон өөртэй нь хамаарал бүхий этгээдийн хувийн зорилгод ашиглахгүй бөгөөд албан үүрэгт нь нөлөөлөхүйц аливаа харилцаанаас ангид байна”, 6.5-д “Албан тушаалтан ашиг сонирхлын зөрчилд орж болох нөхцөл байдлыг мэдэгдэх, түүнээс татгалзах замаар урьдчилан сэргийлнэ” гэж заасныг,
Төрийн албаны тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.1 дэх хэсгийн 37.1.1-д “Монгол Улсын Үндсэн хууль, бусад хуулийг дээдлэн хүндэтгэж, сахин биелүүлэх”, мөн зүйлийн 37.1.2-т “өргөсөн тангарагтаа үнэнч байж, нийтийн ашиг сонирхолд захирагдан ашиг сонирхлын зөрчилд автахгүй байх, хууль бус, шударга бус явдалтай эвлэрэхгүй байх”, мөн хуулийн 39 дүгээр зүйлийн 39.1 дэх хэсгийн 39.1.2- т “албаны эрх мэдлээ хэтрүүлэх”, 39.1.3-т “хуульд нийцээгүй шийдвэр гаргах”, 39.1.4-т “албан тушаалын бүрэн эрхээ урвуулан ашиглах” гэж заасныг,
Орон сууцны тухай хуулийн 15 дугаар зүйлийн 15.3 дахь хэсэгт “орон сууцны байшингийн техникийн өрөөний зориулалтыг өөрчлөхийг хориглоно” гэж заасныг,
Сууц өмчлөгчдийн холбооны эрх зүйн байдал, нийтийн зориулалттай орон сууцны байшингийн дундын өмчлөлийн эд хөрөнгийн тухай хуулийн 15 дугаар зүйлийн 15.1-д “орон сууцны байшингийн дундын өмчлөлийн эд хөрөнгөд дараах эд хөрөнгө хамаарна”, мөн зүйлийн 15.1.1-д “сууцны бус зориулалттай техникийн болон нэгдүгээр давхрын үйлчилгээний өрөө” гэж заасныг,
Улсын бүртгэлийн ерөнхий хуулийн 19 дүгээр зүйлийн 19.4.1-д “улсын бүртгэлд бүртгүүлэх эрхийн үнэн зөвийг холбогдох иргэн, хуулийн этгээд, албан тушаалтнаас нотлох баримт, тайлбар, лавлагааг гаргуулан авч тогтоох”, 19.4.3-т “энэ хуулийн 19.4.2-т заасан нотлох баримт нь зөрчилтэй, бүрэн бус, холбогдох хуулийн заалтыг зөрчсөн бол улсын бүртгэлд бүртгэхээс татгалзах”, 19.4.10-т “улсын бүртгэлийг хараат бусаар үнэн зөв хөтлөх” гэж заасныг,
Эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлийн тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.1-д “Улсын бүртгэгч дараах үндэслэлээр эрхийн улсын бүртгэлд бүртгэхээс татгалзаж мэдүүлэг, түүнд хавсаргасан баримт бичгийг буцаана”, 29.1.3-т “мэдүүлэг, түүнд хавсаргасан баримт бичгүүд зөрүүтэй, агуулга нь холбогдох хууль тогтоомжийг зөрчсөн” гэж заасныг,
Засгийн газрын 2018 оны 397 дугаар тогтоолоор батлагдсан “Эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэл хөтлөх журам”-ын 5.7-д “Захиалгаар барьж дууссан барилгын дундаа хэсгээр өмчлөгч бүрд ногдох хэсгийн өмчлөх эрхийг эрхийн улсын бүртгэлд бүртгэхэд мэдүүлэг гаргагчийн ирүүлсэн нотлох баримтыг захиалагчийн нэрс, тэдгээрийн оруулсан хөрөнгийн
болон ногдох талбайн хэмжээ, байршлын хаяг, хэлцлийн мэдээллийг тусгасан захиалагчдын нэрсийн жагсаалт, барилга байгууламжийг ашиглалтад оруулах комиссын дүгнэлттэй тулгаж нягтална” гэж заасныг тус тус зөрчиж, албан үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж,
“*********” ХХК болон “*******” ХХК-ийн 2019 оны 3 дугаар сарын 20-ны өдөр байгуулсан “Барилгын ажил гүйцэтгэх, хөрөнгө оруулах” гэрээнд Хан-Уул дүүргийн 20 дугаар хороо, Үйлдвэр /17043/, Чингисийн өргөн чөлөө гудамж, **** байрны 17 дугаар давхар /техникийн давхар/-ын 42.73 м.кв талбайтай хэсгийг “*********” ХХК-ийн газрын төлбөрт тооцож өгөхөөр тохиролцсон талаар огт тусгагдаагүй, Барилга байгууламжийг ашиглалтад оруулах комиссын 2021 оны 11 дүгээр сарын 01-ний өдрийн БА-222/2021 дүгээр дүгнэлтээр дээрх барилгыг 16 давхар, үйлчилгээтэй орон сууцны зориулалттайгаар хүлээн авч ашиглалтад оруулсан,
Мөн шифрийн ЛК118-13/19 дугаартай зураг төсөл болон эрхийн улсын бүртгэлийн Ү-********* дугаартай хувийн хэрэгт авагдсан техникийн давхрын байгуулалтын план зургийн өрөөний тодорхойлолт хэсэгт “техникийн өрөө 42.73 м.кв” гэж тусгасан байхад, Хан-Уул дүүргийн 20 дугаар хороо, Засаг даргын тамгын газрын иргэдэд үйлчлэх төвийн байранд албаны чиг үүргээ хэрэгжүүлж байхдаа 2022 оны 03 дугаар сарын 30-ны өдөр Хан-Уул дүүргийн 20 дугаар хороо, Үйлдвэр /17043/, Чингисийн өргөн чөлөө гудамж, **** байр, 17 давхар, 1700 тоотод байрлах 42.73 м.кв орон сууцны зориулалттай бус техникийн зориулалтаар ашиглах техникийн өрөө буюу дундын өмчлөлийн эд хөрөнгийг “*********” ХХК-ийн захирал Д.Д-ын өмчлөлд эрхийн улсын бүртгэлийн Ү-***** дугаарт бүртгэж, гэрчилгээ олгон бусдад худалдан борлуулах, барьцаанд тавих боломж нөхцөлийг бүрдүүлэн өгч, Д.Д-ад давуу байдал бий болгон, “*******” ХХК-д 90.651.695 төгрөгийн буюу их хэмжээний хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
Нийслэлийн прокурорын газраас: О.О-ийн үйлдлийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 1.9 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийг тус тус журамлан мөн хуулийн тусгай ангийн 22.1 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.
Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүх: ...Тус хэрэгт шүүх хуралдаанаар нөхөн гүйцэтгэх боломжгүй мөрдөн шалгах ажиллагааг хийлгэх дараах үндэслэл тогтоогдсон болно. Үүнд:
1. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3 дахь заалтад заасан гэмт хэргийн сэдэлт, зорилго, гэм буруугийн хэлбэрийг тогтоолгүй ирүүлсэн байна. Учир нь, Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 06 дугаар сарын 13-ны өдрийн 1147 дугаартай шүүгчийн захирамжид “...яллагдагч О.О-ийн хувьд дээрх гэмт хэргийг үйлдсэн сэдэлт, зорилго, гэм буруугийн хэлбэрийг тогтоож чадаагүй, мөрдөн байцаалтын ажиллагааг бүрэн биш хийсэн, Улсын бүртгэлийн ерөнхий газарт ийм төрлийн алдаа зөрчил гардаг эсэх, гардаг бол хэрхэн яаж шийдвэрлэдэг, энэ талаар Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шүүхээр шийдвэрлэдэг эсэхийг шалгах нь ач холбогдолтой гэж гэж буцаасан байна. Уг асуудалтай холбогдуулан тус хэрэгт Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шүүхэд нэхэмжлэгч Н.Амаржаргалын гаргасан “улсын бүртгэгчийн дүгнэлтийг хүчингүй болгох” талаар нэхэмжлэлийг хариуцагч улсын бүртгэгч Б.Б-д холбогдуулан гаргасан байх боловч уг нэхэмжлэлээсээ татгалзсанаар хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн шийдвэрийг авч хэрэгт хавсаргасан байна. /4хх 2-148/ Гэвч энэхүү шийдвэр нь яллагдагч О.О-д холбогдох хэргийн шийдвэрлэлтэд нөлөөлөхөөргүй, ач холбогдолгүй байна. Иймд тус шүүгчийн захирамжид заасан “Улсын бүртгэлийн ерөнхий газарт ийм төрлийн алдаа зөрчил гардаг эсэх, гардаг бол хэрхэн яаж шийдвэрлэдэг” болохыг тус байгууллагад ажилладаг /дотоод хяналт шалгалт явуулдаг/ эрх бүхий албан тушаалтнаас асууж тодруулах нь зүйтэй. Улмаар тус хэргийн сэдэлт, зорилго, гэм буруугийн хэлбэрийг тогтоож ирүүлбэл зохино.
2. Тус хэрэгт хохирогч, иргэний нэхэмжлэгчийг тогтоохдоо гаргасан дараах зөрчлийг арилгах. Учир нь, AD construction /*******/ ХХК-ийн 2024 оны 12 дугаар сарын 14- ний өдрийн 05/208 дугаартай албан бичигт: “...тус компанийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөр А.М-гыг томилж, итгэмжлэлийг олгосон өдрөөс эхлэн 1 жилийн хугацаанд хүчинтэй гэж тусгасан. /3 хх 179/, Улмаар 2024 оны 12 дугаар сарын 17-ны өдрийн мөрдөгчийн тогтоолоор AD construction /*******/ ХХК-ийг хохирогчоор тогтоосон байна. /3 хх 180-181/, тэгсэн атлаа тус хохирогч компанийн хууль ёсны төлөөлөгчийг 2024 оны 12 дугаар сарын 10-ны өдрийн мөрдөгчийн тогтоол буюу шийдвэрээр томилж, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцуулсан байна. /3 хх 182/ Өөрөөр хэлбэл, хохирогчийн хууль ёсны төлөөлөгчийг эхэлж томилж оролцуулсны дараа AD construction /*******/ ХХК-ийг хохирогчоор тогтоосон нь үндэслэлгүй юм.
3. Яллагдагч О.О-ийн хувийн байдлыг тогтоох, тодруулбал, түүний өмнө шийтгэгдсэн хэргийн ял шийтгэлийн биелэлтийн талаарх баримтыг авч хэрэгт хавсаргах. Учир нь, тус шүүхийн 2025 оны 4 дүгээр сарын 23-ны өдрийн шийтгэх тогтоолоор О.О-д Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 22.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар нийтийн албанд томилогдох эрхийг 5 жилийн хугацаагаар хасаж, 20 сая төгрөгөөр торгох ял оногдуулж, уг ялыг 2 жилийн хугацаанд биелүүлэхээр, мөн Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар нийтийн албан томилогдох эрхийг 3 жилийн хугацаагаар хасаж, 2 жилийн хугацаагаар Хан-Уул дүүргийн нутаг дэвсгэрээс гарахыг хориглох зорчих эрхийг хязгаарлах ялыг оногдуулж, уг ялуудыг тус тусад нь эдлүүлэхээр шийдвэрлэсэн байна. /5 хх 2-14/ Дээрх ял шийтгэл хэрхэн биелэгдэж буй болох, одоо үлдэгдэл ялын тооцоо хэд болохыг тооцсон баримтуудыг хэрэгт авч хавсаргах нь чухал ач холболдолтой юм.
4. Яллагдагч О.О- нь “Тэнгэр дээд сургуулиас гаргаж өгсөн албан бичиг, “барилгын ажил гүйцэтгэх, хөрөнгө оруулалтын гэрээ” зэргийг үндэслэн тухайн техникийн өрөөг орон сууц гэж ойлгон бүртгэж улсын бүртгэлийн гэрчилгээг олгосон гэж мэдүүлжээ. Гэтэл орон сууцыг бүртгэж авахад шаардагдах баримтын жагсаалт гэж байдаг, уг жагсаалтыг улсын бүртгэгч нар өдөр тутмын үйл ажиллагаандаа ашигладаг гэх тул уг жагсаалтыг авч хэрэгт хавсаргах нь зүйтэй. Өөрөөр хэлбэл, иргэд, хуулийн этгээдээс орон сууцыг өөрийн эзэмшил, өмчлөлд авахдаа ямар ямар баримтын бүрдлийг хангасны эцэст бүртгэдэг талаарх жагсаалтыг авч хэрэгт хийх нь зүйтэй. Иймд мөрдөн шалгах ажиллагааг хийлгэхээр хэргийг прокурорт буцааж шийдвэрлэж, хэргийг прокурорт очтол яллагдагч О.О-д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэхээр шийдвэрлэжээ.
Прокурор Н.Нямдорж бичсэн эсэргүүцэл болон шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “...Улсын бүртгэлийн ерөнхий газарт ийм төрлийн алдаа зөрчил гардаг эсэх, хэрхэн яаж шийдвэрлэдэг эсэхийг дотоод хяналт шалгалт явуулдаг эрх бүхий албан тушаалтнаас асууж тодруулах гэжээ. Уг мөрдөн шалгах ажиллагаа нь хийгдсэн бөгөөд дараах баримтууд хэрэгт авагдсан байна. Тодруулбал, гэрч Т.З- /Улсын бүртгэлийн Ерөнхий газрын Хяналт, шалгалтын газрын хяналтын улсын ахлах байцаагч ажилтай/-ын 2023 оны 10 дугаар сарын 03-ны өдөр өгсөн “...Уг гомдол мэдээлэлд газрын даргаас хяналтын улсын байцаагч А.Мөнхцэцэг, С.Оюунчимэг болон миний биеийг хамтарсан шалгалт явуул гэж цохсоны дагуу Хан-Уул дүүргийн 20 дугаар хорооны нутаг дэвсгэрт баригдсан **** дугаартай байрны бүртгэлтэй холбоотой хяналт шалгалтыг хийсэн. Эд хөрөнгийн улсын бүртгэлийн санд Хан-Уул дүүргийн улсын бүртгэгч О.О- нь Хан-Уул дүүргийн 20 дугаар хороо, Үйлдвэр /17043/ Чингисийн өргөн чөлөө гудамж, **** байрны 1700 тоот хаягт байрлах үл хөдлөх эд хөрөнгийг 2022 оны 3 дугаар сарын 30-ны өдөр иргэн Д.Д-ын өмчлөлд, эрхийн улсын бүртгэлийн Ү-***** дугаарт бүртгэж гэрчилгээ олгосон байсан бөгөөд уг бүртгэл нь Улсын бүртгэлийн тухай хууль тогтоомж зөрчсөн эсэхэд хяналт шалгалтыг явуулсан. Хувийн хэрэгт авагдсан баримтуудыг үзэхэд “*********” ХХК, “*******” ХХК-иудын хооронд 2019 оны 3 дугаар сарын 20-ны өдөр “Барилгын ажил гүйцэтгэх, хөрөнгө оруулах гэрээ”-г байгуулсан бөгөөд уг гэрээнд “Хан-Уул дүүрэг 20 дугаар хорооны нутаг дэвсгэрт баригдах 16 давхар, 4 давхар үйлчилгээний төвтэй орон сууцны барилгыг гүйцэтгэх талаар тусгасан байсан. Мөн Барилга байгууламжийг ашиглалтад оруулах комиссын 2021 оны 11 дүгээр сарын 01-ний өдрийн БА-222/2021 дүгээр дүгнэлтээр Хан-Уул дүүргийн 20 дугаар хороо, Үйлдвэр /17043/ Чингисийн өргөн чөлөө гудамж, **** дугаартай барилгыг 16 давхар, үйлчилгээтэй орон сууцны зориулалттайгаар хүлээн авч ашиглалтад оруулсан байна. Мөн шифрийн ЛК118-13/19 дугаартай зураг төсөл болон эрхийн улсын бүртгэлийн Ү-***** дугаартай хувийн хэрэгт авагдсан “техникийн давхрын байгуулалтын план зургийн өрөөний тодорхойлолт” хэсэгт “техникийн өрөө 42,73 м.кв” гэж тусгасан байна. Хан-Уул дүүргийн Улсын бүртгэлийн хэлтсийн Эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлийн тасагт хадгалагдаж байгаа тус дүүргийн 20 дугаар хороо Үйлдвэр /17043/ Чингисийн өргөн чөлөө гудамж **** дугаартай барилгын хөрөнгө оруулагч захиалагчдын нэрсийн жагсаалтад 17 дугаар давхрын техникийн өрөө тусгагдаагүй байсан. Барилгын тухай хууль болон орон сууцны тухай хуулиараа техникийн давхар нь нийтийн эзэмшлийн талбай буюу орон сууцны дундын өмчлөлд хамаарах хөрөнгө бөгөөд үүнд улсын бүртгэлийн гэрчилгээ олгох ёсгүй байтал улсын бүртгэгч О.О- нь Улсын бүртгэлийн ерөнхий хуулийн 19 дүгээр зүйлийн 19 дүгээр зүйлийн 19.4-1, 19.4-3, 19.4-10, Эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлийн тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.1-3 дахь хэсэг, Засгийн газрын 2018 оны 397 дугаар тогтоолоор батлагдсан “Эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэл хөтлөх журам”-ын 5.7-д тус тус заасныг зөрчиж тус байрны 17 давхарт байх техникийн давхрыг орон сууцны зориулалтаар улсын бүртгэлд бүртгэж гэрчилгээ олгосон болох нь тогтоогдсон. Хувийн хэрэгт авагдсан баримтуудаас харахад тус байр нь 16 давхар бөгөөд 17 давхар нь техникийн давхар гэдэг нь илтэд харагдаж байхад улсын бүртгэгч уг техникийн давхрыг орон сууцны зориулалтаар бүртгэсэн байсан. Улсын бүртгэгч нь улсын бүртгэлийн хууль тогтоомж зөрчиж бүртгэл хөтөлсөн нь гомдол гаргагч талуудын маргаан үүсэх нөхцөл болохоос гадна Улсын бүртгэлийн байгууллагыг өр төлбөрт оруулж болзошгүй эрсдэлд оруулсан нөхцөл байдлыг үүсгэн болох нь тогтоогдсон. Иймд хяналт шалгалт хяналтын хүрээнд илэрсэн зөрчил арилгах арга хэмжээг авч ажилласан. Улсын бүртгэгч О.О-ийн хувьд энэ нь анх удаагийн тохиолдол биш бөгөөд урьд нь Улсын бүртгэлийн хууль тогтоомжийг ноцтой зөрчсөн үйлдлийг удаа дараа гаргаж байсан. Иймд дээрх зөрчлийг арилгах таслан зогсоох зорилгоор хяналтын улсын байцаагчийн 2023 оны 01 дүгээр сарын 25-ны өдрийн 579 дугаартай дүгнэлтээр, эрхийн улсын бүртгэлийн Ү-***** дугаартай бүртгэлийг хүчингүй болгож шийдвэрлэсэн...” /хх 85-86/ гэх мэдүүлэг, гэрч С.О- /Сүхбаатар дүүрэг дэх Улсын бүртгэлийн хэлтэст улсын бүртгэгч ажилтай/-ийн 2024 оны 1 дүгээр сарын 19-ний өдөр өгсөн “...“*******” ХХК-иас 2022 оны 12 дугаар сарын 21-ний өдрийн 05/211 дугаар албан бичгээр гаргасан өргөдлийг манай хяналт шалгалтын газарт хуваарилсны дагуу Хяналт шалгалтын газрын даргын тушаалаар хяналтын улсын байцаагч А.Мөнхцэцэг, Б.З- бид гурав томилогдож уг гомдолд дурдагдсан асуудлуудыг шалгасан. Ингэхдээ А.Мөнхцэцэг, Б.З- нар гомдолд дурдагдсан асуудлуудад хяналт шалгалт явуулж хяналтын улсын байцаагчийн 438, 579, 704 дугаартай дүгнэлтүүдийг гаргасан. Миний бие уг дүгнэлтэд дурдагдсан зөрчлүүдийг нэгтгэж 2023 оны 01 дүгээр сарын 30-ний өдрийн 007 дугаартай “Зөрчил арилгуулах тухай” улсын байцаагчийн шаардлагыг Хан-Уул дүүргийн Улсын бүртгэлтийн хэлтэст хүргүүлсэн. Хяналт шалгалтын хүрээнд 2023 оны 579 дугаартай дүгнэлтээр Хан-Уул дүүргийн 20 дугаар хороо, **** дугаартай барилгын 17 дугаар давхрын техникийн өрөөг орон сууцны зориулалтаар бүртгэсэн байсан тул уг улсын бүртгэлийн Ү-********* дугаартай бүртгэлийг хүчингүй болгохоор шийдвэрлэсэн. 2023 оны 579 дугаартай дүгнэлтээр Хан-Уул дүүргийн 20 дугаар хороо, **** дугаартай барилгын 17 дугаар давхрын техникийн өрөөг орон сууцны зориулалтаар бүртгэсэн зөрчил илэрсэн гэлээ. Техникийн өрөөг орон сууцны зориулалтаар бүртгэж болох уу? гэх мөрдөгчийн асуултад “...Болохгүй. Барилгын батлагдсан зураг төсөлд төлөвлөгдсөн талбайн зориулалтыг өөрчилж бүртгэл хийж болохгүй. Иймд уг бүртгэлийг хүчингүй болгосон байгаа”...” гэх мэдүүлэг /хх 92-93/, гэрч М.О- /Хан-Уул дүүргийн Улсын бүртгэлийн хэлтсийн улсын ахлах бүртгэгч ажилтай/-ийн 2024 оны 02 дугаар сарын 06-ны өдөр өгсөн “...Миний бие 2007 оноос хойш Улсын бүртгэлийн байгууллагад Эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэгчээр ажиллаж байна. Хан-Уул дүүргийн Улсын бүртгэлийн хэлтэст 2020 оны 6 дугаар сараас хойш ажиллаж байгаа бөгөөд 2023 оны 5 дугаар сараас улсын ахлах бүртгэгчээр ажиллаж байна. Шинээр баригдсан орон сууцны өмчлөх эрхийг анх удаа эрхийн улсын бүртгэлд бүртгэхэд Улсын бүртгэлийн ерөнхий хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.5, Эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэл хөтлөх журмын 5.7, Эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлийн тухай хуулийн 10 дугаар зүйл, Улсын бүртгэлийн ерөнхий газрын даргын 2021 оны А/429 дугаар тушаалын 8 дугаар хавсралт буюу үл хөдлөх эд хөрөнгийн захиалагчийн нэрсийн жагсаалтыг тус тус үндэслэн бүртгэдэг. 2021 оны 11 дүгээр сард би Эд хөрөнгийн тасгийн дарга, улсын ахлах бүртгэгч Авирмэдийг ээлжийн амралттай байх хугацаанд албан үүргийг түр орлон гүйцэтгэж байсан бөгөөд уг хугацаанд “*******” ХХК-иас 2021 оны 11 дүгээр сарын 18-ны өдрийн 05/236 дугаар албан бичгээр уг орон сууцны үл хөдлөх хөрөнгийн гэрчилгээ гаргуулах хүсэлт ирснийг нь би улсын бүртгэгч Ж.У-т цохолт хийж байсан байна. Манай улсын бүртгэгч нар хуваарийн дагуу хороодыг ээлжилж хариуцдаг. Тухайн хороо хариуцсан байцаагч байхгүй үед өөр бүртгэгчид цохолт хийх маягаар бүртгэлийг хуваарилдаг. Миний бие “*********", “*******” ХХК-иудын хоорондын одоо маргаан үүсээд байгаа үл хөдлөх хөрөнгүүдийн бүртгэлийг хийж байгаагүй. “*******” ХХК нь 2021 оны 11 дүгээр сарын 18-ны өдрийн 05/236 тоотоор Хан- Уул дүүргийн 20 дугаар хороо, Үйлдвэр /17043/, Чингисийн өргөн чөлөө **** дугаар хаягт байрлах 16 давхар хүчин чадал бүхий 12 автомашины дулаан зогсоол, 84 айлын үйлчилгээтэй орон сууцны зориулалттай барилгыг эрхийн улсын бүртгэлд захиалагч, худалдан авагчдын өмчлөлд бүртгүүлэх хүсэлт гаргаж, жагсаалт бүхий нотлох баримтуудыг Хан-Уул дүүргийн Улсын бүртгэлийн хэлтэст хүргүүлснийг үндэслэн эрхийн улсын бүртгэлд бүртгэж байгаа болно. Хан-Уул дүүргийн 20 дугаар хороо, Үйлдвэр /17043/, Чингисийн өргөн чөлөө **** дугаар хаягт байрлах 16 давхар хүчин чадал бүхий 12 автомашины дулаан зогсоол, 84 айлын үйлчилгээтэй орон сууцны зориулалттай барилгыг бүртгүүлэх жагсаалт бүхий нотлох баримтад “*******” ХХК-ийн 2021 оны 11 дүгээр сарын 18-ны өдрийн 05/236, Тэнгэр дээд сургуулийн 2021 оны 11 дүгээр сарын 08-ны 1/108, 1/107 тоот хүсэлт, Тэнгэр дээд сургуулийн ******* дугаартай газар эзэмших эрхийн гэрчилгээ, 2021 оны 6 дугаар сарын 25-ны өдрийн ******* газар эзэмшүүлэх гэрээний хуулбар, Газрын мэдээллийн санд бүртгэгдсэн кадастрын зураг, Хот байгуулалт, хөгжлийн газрын 2021 оны 11 дүгээр сарын 17-ны өдрийн 04/3763 тоот хаягийн тодорхойлолт, 2021 оны 11 дүгээр сарын 01-ний өдрийн БА-222/2021 дугаар барилга байгууламжийг ашиглалтад оруулах комиссын дүгнэлт, Хуулийн этгээдийн улсын гэрчилгээний хуулбар, хуулийн этгээдийн дүрэм, Архитектур төлөвлөлтийн даалгавар, техникийн нөхцөл, магадлалын дүгнэлт, Барилга байгууламжийн эрх бүхий этгээдээр батлагдсан зураг төсөл, барилга байгууламжийг бүтэн харуулсан гэрэл зураг, 2019 оны 3 дугаар сарын 20-ны өдрийн 190320-01 барилгын ажил гүйцэтгэх, хөрөнгө оруулах гэрээ гэх мэт өмчлөх эрхийг нотлох баримтуудыг хавсарган ирүүлсэн байна. Улсын бүртгэлийн ерөнхий газрын даргын 2021 оны А/429 дүгээр тушаалаар батлагдсан “Үл хөдлөх эд хөрөнгийн захиалагчийн нэрсийн жагсаалт” ЭУБ-08 маягт гэж байдаг. Уг маягтын дагуу барилгын гүйцэтгэгч нь Улсын бүртгэлийн байгууллагад тухайн орон сууцны хаалган дугаар, талбайн хэмжээ, өрөөний тоо, захиалагч иргэн, хуулийн этгээдийн нэр, регистрийн дугаар, төлбөр төлсөн талаар мэдээллийг ирүүлдэг. “*******” ХХК нь 2021 оны 11 дүгээр сарын 18-ны өдрийн 05/236 тоот албан бичгийн хавсралтаар Хан-Уул дүүргийн 20 дугаар хороо Чингисийн өргөн чөлөө **** байрны Үл хөдлөх эд хөрөнгийн захиалагчийн нэрсийн жагсаалт”-г ирүүлсэн. Уг жагсаалтад 501-1607 тоот хүртэл 84 захиалагчийн мэдээлэл ирсэн байна. Уг жагсаалтад 1700 тоотын захиалагчийн мэдээлэл байхгүй байна. Техникийн өрөөний зориулалтыг өөрчилж улсын бүртгэлд бүртгэж болохгүй. Улсын бүртгэгч нь Улсын бүртгэлийн ерөнхий хуулийн 4.1.5-д зааснаар эд хөрөнгийн бүртгэл хөтлөхөд нотлох баримтад л үндэслэх ёстой. Дээр хэлсэн Барилга байгууламжийг ашиглалтад оруулах комиссын дүгнэлт, Архитектур төлөвлөлтийн даалгавар, техникийн нөхцөл, магадлалын дүгнэлт, Барилга байгууламжийн эрх бүхий этгээдээр батлагдсан зураг төсөл зэрэгт техникийн өрөөг төлөвлөж, ашиглалтад оруулсан байхад түүний зориулалтыг өөрчилж орон сууцны зориулалтаар үл хөдлөх хөрөнгийн эрхийн бүртгэлд бүртгэж болохгүй. Газрын эзэн “*********” ХХК нь 2021 оны 11 дүгээр сарын 08-ны өдрийн 1/107 дугаар албан бичгээр уг “84 айлын орон сууцны барилгын үл хөдлөх хөрөнгийн бүртгэл, үл хөдлөх хөрөнгийн гэрчилгээ гаргах асуудалтай холбоотой бичиг баримтыг “*******” ХХК хариуцан бүрдүүлэх” талаар мэдэгдсэн байна. Эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлийн хөтлөх журмын 6.2.5. үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрх шилжүүлэх гэрээнд болзол тавьсан, эсхүл гэрээний үүргийг хэсэгчлэн биелүүлэхээр заасан тохиолдолд эрхээ шилжүүлж байгаа этгээдийн зөвшөөрлийг авсан байх;” гэж заасан байдаг. “*********”, “*******” ХХК-ийн хамтран ажиллах гэрээг харахаар хоорондоо хөрөнгө хуваасан, тодорхой нөхцөл заасан байсан. Иймд уг гэрээнд заасан нөхцөл биелэгдсэн эсэхийг улсын бүртгэгч талуудаас тодруулах ёстой. Улсын бүртгэлийн ерөнхий газрын даргын А/429 дүгээр тушаалын 8 дугаар хавсралт буюу “Үл хөдлөх эд хөрөнгийн захиалагчийн нэрсийн жагсаалт”-аар “*******” ХХК нь уг байрны захиалагчдын нэрсийг тоот тус бүрээр ирүүлсэн. хэрвээ тухайн жагсаалт дахь захиалагчийн нэр зөрвөл захиран зарцуулах эрх бүхий компани нь өөрсдөө албан бичгээр залруулга хийх ёстой...” /хх 95-96/ гэх мэдүүлгүүд тус тус хэрэгт авагдсан. Дээрх мэдүүлэг өгсөн гэрч нар болох Улсын бүртгэлийн Ерөнхий газрын Хяналт, шалгалтын газрын хяналтын улсын ахлах байцаагч ажилтай Т.З-, Хан-Уул дүүргийн Улсын бүртгэлийн хэлтсийн улсын ахлах бүртгэгч ажилтай М.О-, Сүхбаатар дүүрэг дэх Улсын бүртгэлийн хэлтэст улсын бүртгэгч ажилтай С.О- нарыг шүүх хуралдаанд оролцуулан шүүхээс тодруулах зүйлийг тодруулах бүрэн боломжтой юм. Өөрөөр хэлбэл, эдгээр гэрч нараас дахин мэдүүлэг авах ажиллагааг шүүх хуралдаанаар нөхөн гүйцэтгэх боломжгүй гэж дүгнэсэн нь үндэслэлгүй юм. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт "Анхан шатны журмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа нь тухайн шүүгдэгчийн хувьд прокуророос шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд явагдана”, мөн хуулийн 1.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт “шүүх хэргийн бодит байдлыг талуудын мэтгэлцээний үндсэн дээр тогтооно...” гэж заасны дагуу шүүхээс хэргийн бодит байдлыг нотлохын тулд шүүхийн хэлэлцүүлэг дэх яллах, өмгөөлөх талуудын эрх тэгш мэтгэлцээний үндсэн дээр хэрэгт авагдсан нотлох баримтыг тал бүрээс нь нягт нямбай, бүрэн гүйцэд, бодит байдлаар хянаж үзсэний үндсэн дээр нотлох баримтыг хууль болон эрх зүйн ухамсрыг болгож, өөрийн дотоод итгэлээр үнэлэх замаар гэмт хэрэг үйлдэхэд нөлөөлсөн шалтгаан нөхцөл, сэдэлт зорилго, гэмт хэрэг гарсан байдлыг эргэлзээгүйгээр тогтоож, гэм буруугийн асуудлыг шийдвэрлэх бүрэн боломжтой байна.
Хоёрт: “...Хэрэгт хохирогч, иргэний нэхэмжлэгчийг тогтоохдоо 2024 оны 12 дугаар сарын 14-ний өдөр “*******” ХХК-иас хохирогч, иргэний нэхэмжлэгчийг томилуулахаар албан бичиг хүргүүлж, хохирогчийг 2024 оны 12 дугаар сарын 17-ны өдөр хохирогчоор тогтоосон. Гэтэл 2024 оны 12 дугаар сарын 10-ны өдөр хохирогчийн хууль ёсны төлөөлөгчийг тогтоосон байна. Өөрөөр хэлбэл хохирогчийн хууль ёсны төлөөлөгчийг эхэлж томилсны дараа, хохирогчоор тогтоосон нь үндэслэлгүй байна...” гэжээ. Шүүхээс дээрх шийдвэрийг үндэслэлгүй байна гэж үзэж байвал шүүх хохирогчийг тогтоох ажиллагааг хийхийг хуулиар зохицуулсан. Өөрөөр хэлбэл хэрэгт хохирогч тогтоох ажиллагаа нь шүүх хуралдаанаар нөхөн гүйцэтгэх боломжгүй ажиллагаанд хамаарахгүй байна. Тодруулбал: Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 8.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт “...Шүүх, прокурор, мөрдөгч хохирогчоор тогтоох тухай шийдвэр гаргана...” гэж хуульчилсан.
Гуравт: “...Яллагдагч О.О-д 2025 оны 4 дүгээр сарын 23-ны өдрийн шийтгэх тогтоолоор ял оногдуулж шийдвэрлэсэн байх ба уг ялын биелэлтийг хэрэгт хавсаргах..” гэжээ. Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхийн 2025 оны 4 дүгээр сарын 23-ны өдрийн 1137 дугаартай шийтгэх тогтоолоор шүүгдэгч О.О-д Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 22.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар нийтийн албанд томилогдох эрхийг 5 жилийн хугацаагаар хасаж, 20.000.000 төгрөгөөр торгох ял оногдуулж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар нийтийн албанд томилогдох эрхийг 3 жилийн хугацаагаар хасаж, 2 жилийн хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял оногдуулж ялуудыг тус тусад нь эдлүүлэхээр шийдвэрлэсэн. Яллагдагч О.О-ийн өмгөөлөгчөөс дээрх шийдвэрийг эс зөвшөөрч Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргаж, гомдлоор хэргийг 2025 оны 7 дугаар сарын 22-ны өдөр хянан хэлэлцээд, Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхийн 2025 оны 4 дүгээр сарын 23-ны өдрийн 1137 дугаартай шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, өмгөөлөгчийн гомдлыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн. 2 хоногийн дараа буюу 2025 оны 7 дугаар сарын 24-ний өдөр шүүхэд уг асуудлыг тайлбарлахад, хүлээн авахгүйгээр дээрх анхан шатны шүүхийн шийдвэрийн ялын биелэлтийг авч хэрэгт хавсаргах гэж байгаа нь үндэслэлгүй байна. /Өөрөөр хэлбэл, дээрх шийдвэрүүд аль аль нь хүчин төгөлдөр болоогүй байна. 2025 оны 7 дугаар сарын 30-ны өдрийн байдлаар/
Дөрөвт: “...Яллагдагч О.О- нь “Тэнгэр дээд сургуулиас гаргаж өгсөн албан бичиг барилгын ажил гүйцэтгэх, хөрөнгө оруулалтын гэрээ зэргийг үндэслэн техникийн өрөөг орон сууц гэж ойлгон бүртгэж улсын бүртгэлийн гэрчилгээг олгосон гэж мэдүүлжээ. Гэтэл орон сууцыг бүртгэж авахад шаардагдах баримтын жагсаалт гэж байдаг, уг жагсаалтыг авч хэрэгт хавсаргах нь зүйтэй. Өөрөөр хэлбэл, иргэд, хуулийн этгээдээс орон сууцыг өөрийн эзэмшил, өмчлөлд авахдаа ямар ямар баримтын бүрдлийг хангасны эцэст бүртгэдэг талаарх жагсаалтыг авч хэрэгт хийх...” гэжээ. Дээр дурдсан ажиллагаа нь хэрэгт ач холбогдолгүй бөгөөд бүрдүүлэх баримт бичгийн жагсаалт нь иргэдэд түргэн шуурхай, чирэгдэлгүй үйлчлэх хүрээнд аливаа байгууллагаас гаргасан гарын авлага хэлбэртэй дотоод баримт бичиг юм. Өөрөөр хэлбэл доорх хуулийн зүйл, заалтыг цаасан дээр хэвлэж, улсын бүртгэгч нар өөрсдийн албан хэрэгцээнд ашигладаг баримт юм. Үл хөдлөх эд хөрөнгийг улсын бүртгэлд бүртгүүлэхэд ямар ямар баримт бичиг бүрдүүлэх талаар Эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлийн тухай хуулийн 10 дугаар зүйлийн 10.6 дугаар зүйлд “Үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийг бүртгүүлэх тухай мэдүүлэгт дараах нотлох баримтыг хавсаргана: 10.6.1-д өмчлөх эрхийг нотолсон баримт бичиг; 10.6.2-т газар өмчлөх эрх олгосон шийдвэр; 10.6.З-т газрын мэдээллийн санд бүртгэгдсэн газрын кадастрын зураг; 10.6.4-т иргэнд өмчлүүлсэн газрын хувьд газрын төлөв байдал, чанарын улсын хянан баталгааны дүгнэлт; 10.6.5-д барилга байгууламжийн зураг төсөл, бүтэн харуулсан гэрэл зураг; 10.6.6-д тухайн үл хөдлөх эд хөрөнгөд эрх бүхий байгууллагаас олгосон байршлын хаяг; 10.6.7-д улсын тэмдэгтийн хураамж, үйлчилгээний хөлс төлсөн баримт; 10.6.8-д тухайн үл хөдлөх эд хөрөнгийн хувьд тодорхой болзол хангаснаар ирээдүйд өмчлөх эрх үүсэх гэрээ, хэлцэл хийгдсэн эсэх, хийгдсэн бол гэрээ, хэлцлийн хуулбар, захиалагчийн нэрс, тэдгээрийн оруулсан хөрөнгийн хэмжээг тусгасан жагсаалт. 10.7-д Өмчлөгч нь иргэн бол иргэний үнэмлэх, хуулийн этгээд бол хуулийн этгээдийн улсын бүртгэлийн мэдээлэл, үүсгэн байгуулах баримт бичиг, дүрмийг улсын бүртгэгч цахим мэдээллийн санд нэвтэрч, нягтлан шалгах бөгөөд боломжгүй тохиолдолд мэдүүлэг гаргагчаас иргэний үнэмлэх, хуулийн этгээдийн улсын бүртгэлийн гэрчилгээний хуулбарыг авч, мэдүүлэгт хавсаргана. 10.8-д Улсын бүртгэгч нэгж талбарын кадастрын мэдээллийг Улсын бүртгэлийн ерөнхий хуулийн 9.11-д заасан дундын мэдээллийн санд нэвтэрч, нягтлан шалгана. 10.9-д Төрийн болон албаны нууцын тухай хуульд зааснаас бусад төрийн өмчийн үл хөдлөх эд хөрөнгийн эрхийг эрхийн улсын бүртгэлд бүртгэх журмыг энэ хууль болон холбогдох бусад хуульд нийцүүлэн Засгийн газар батална...” гэж хуулиар зохицуулсан, тус хууль хүчин төгөлдөр мөрдөгдөж байхад үүнийг хэрэгт хавсаргуулах ажиллагааг хийлгэх гэж байгаа нь огт үндэслэлгүй юм. Мөн яллагдагч О.О-ийг Орон сууцны тухай хуулийн 15 дугаар зүйлийн 15.3 дахь хэсэгт “орон сууцны байшингийн техникийн өрөөний зориулалтыг өөрчлөхийг хориглоно” гэж заасныг, Сууц өмчлөгчдийн холбооны эрх зүйн байдал, нийтийн зориулалттай орон сууцны байшингийн дундын өмчлөлийн эд хөрөнгийн тухай хуулийн 15 дугаар зүйлийн 15.1-д “орон сууцны байшингийн дундын өмчлөлийн эд хөрөнгөд дараах эд хөрөнгө хамаарна”, мөн зүйлийн 15.1.1-д “сууцны бус зориулалттай техникийн болон нэгдүгээр давхрын үйлчилгээний өрөө” гэж заасныг, Улсын бүртгэлийн ерөнхий хуулийн 19 дүгээр зүйлийн 19 дүгээр зүйлийн 19.4.1-д “улсын бүртгэлд бүртгүүлэх эрхийн үнэн зөвийг холбогдох иргэн, хуулийн этгээд, албан тушаалтнаас нотлох баримт, тайлбар, лавлагааг гаргуулан авч тогтоох” 19.4.3-т ”энэ хуулийн 19.4.2-т заасан нотлох баримт нь зөрчилтэй, бүрэн бус, холбогдох хуулийн заалтыг зөрчсөн бол улсын бүртгэлд бүртгэхээс татгалзах”, 19.4-10-т “улсын бүртгэлийг хараат бусаар үнэн зөв хөтлөх” гэж заасныг, Эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлийн тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.1-д "Улсын бүртгэгч дараах үндэслэлээр эрхийн улсын бүртгэлд бүртгэхээс татгалзаж мэдүүлэг, түүнд хавсаргасан баримт бичгийг буцаана”, 29.1.3-т “мэдүүлэг, түүнд хавсаргасан баримт бичгүүд зөрүүтэй, агуулга нь холбогдох хууль тогтоомжийг зөрчсөн” гэж заасныг, Засгийн газрын 2018 оны 397 дугаар тогтоолоор батлагдсан “Эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэл хөтлөх журам”-ын 5.7-д “Захиалгаар барьж дууссан барилгын дундаа хэсгээр өмчлөгч бүрд ногдох хэсгийн өмчлөх эрхийг эрхийн улсын бүртгэлд бүртгэхэд мэдүүлэг гаргагчийн ирүүлсэн нотлох баримтыг захиалагчийн нэрс, тэдгээрийн оруулсан хөрөнгийн болон ногдох талбайн хэмжээ, байршлын хаяг, хэлцлийн мэдээллийг тусгасан захиалагчдын нэрсийн жагсаалт, барилга байгууламжийг ашиглалтад оруулах комиссын дүгнэлттэй тулгаж нягтална” гэж заасныг тус тус зөрчиж, албан үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдлаа урвуулан ашигласан гэж буруутгаж байгаа буюу буруутгаж байгаа хуулийн зүйл, заалтыг эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татсан тогтоол болон яллах дүгнэлтэд бүрэн тусгасан байгааг шүүх анхаарч үзээгүй байна. Иймд анхан шатны шүүхийн шүүгчийн захирамжийг хүчингүй болгож өгнө үү.” гэв.
Яллагдагч О.О- шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “... Анх миний бүртгэлд ямар нэгэн маргаан байгаагүй. Хэрэгт хавсаргуулахаар шүүгчийн захирамжид дурдсан баримт нь барилгын компанийн улсын комисст хүлээж авсны дараа улсын бүртгэлд бүртгүүлнэ гэсэн комиссын дүгнэлтийг үндэслэн бүрдүүлдэг хавтастай материал байдаг. Хэдэн хөрөнгө оруулагчтай, маргаан гарах эсэхийг шийдвэрлээд манай байгууллагад жагсаалтаа бичиг хэргээр дамжуулан өгөөд хэлтсийн дарга болон тасгийн дарга авч хянаад бүртгэж болно гэсэн жагсаалт өгсөн тохиолдолд ямар ч бүртгэгч аваад хийх боломжтой материал юм. Жишээлбэл, 100 орон сууц бүртгэх бол 70, 80 хувь нь бүртгэгдсэн, ямар ч асуудалгүй явж байсан бүртгэл дээр би бүртгэсэн. Би бүртгэхгүй байсан ч гэсэн хэн нэгэн бүртгэгч аваад бүртгэх боломжтой бүртгэл байсан. Намайг бүртгэснээс хойш нэлээн сүүлд маргаан гараад хүмүүс яваад байхаар нь “*******” ХХК болон “*********” ХХК-ийн бүртгэлийг би хийж байсан, ямар асуудалтай юм бэ гэхэд бүртгэгч н.О- ямар ч асуудалгүй, бид нар жагсаалт хүлээгээд авсан, хүлээн зөвшөөрсөн жагсаалтад бүртгэл хийсэн учраас айх юм байхгүй гэж байсан. “*********” ХХК-ийн 3 давхар оюутны дотуур байрыг нь нураагаад “*******” ХХК 16 давхар барилга барьсан. Хамтран ажиллах гэрээнд аль нэг дурын байрыг өгнө гээд 2 тал тусгасан. Би 1 бүртгэл хийгээгүй, олон бүртгэл хийсэн. Гэтэл тэр дунд энэ бүртгэл буруу байсан учраас тухайн үед мэдээд маргаан шийдвэрлэгдээд манай байгууллагад гаргасан гомдлын дагуу би цалингийн 20 хувийг хасуулж, буруу бүртгэлийг засаад бүртгэлийг нь хүчингүй болгосон. Одоо тухайн компани ашиглаж байгаа. Техникийн өрөө биш, техникийн давхарт орон сууц тохижуулсан байгаа. Тиймээс эдгээр баримтуудад намайг цагаатгах баримт байгаа учраас шүүгчийн захирамжийг дэмжиж байна.” гэв.
Яллагдагчийн өмгөөлөгч Г.Ганцэцэг шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “... Өмгөөлөгчийн зүгээс анхан шатны шүүхийн шүүгчийн захирамж үндэслэлтэй гэж үзэж байгаа. Прокурорын зүгээс шүүгчийн захирамжид дурдсан гэмт хэргийн сэдэлт, зорилго, гэм буруугийн хэлбэрийг тогтоож ирүүл гэснийг өмнө нь нэр бүхий гэрч нараас асуусан гэж тайлбарласан. Гэтэл прокурорын эсэргүүцэлд дурдсан дээрх гэрчийн мэдүүлгүүд нь 2024 оны 06 дугаар сарын 13-ны өдрийн шүүгчийн захирамжаас өмнө буюу 2023 оны 1 дүгээр сард гэрчээр асуусан мэдүүлгүүд байдаг. 2024 оны 06 дугаар сарын 13-ны өдрийн анхан шатны шүүхийн шүүгчийн захирамж болон 2024 оны 08 дугаар сарын 22-ны өдрийн давж заалдах шатны шүүхийн магадлалаар энэ баримт хэрэгт зайлшгүй шаардлагатай, прокурор яллах болон цагаатгах талын бүхий л нотлох баримтыг цуглуулах ёстой гэсэн үндэслэлээр хэргийг прокурорт буцаасан. Энэ талаар ямар нэгэн ажиллагаа хийгээгүй. Өмгөөлөгч А.Энхтүвшиний зүгээс энэ баримтуудыг гаргуулж хэргийн материалд хавсаргуулах хүсэлтүүдийг шат шатны прокурорт гаргаж байсан боловч хүсэлтийг нь хангаагүй. Шүүгчийн захирамж болон давж заалдах шатны шүүхийн магадлалын биелэлтийг хангуулахгүйгээр дахин шүүхэд хэргийг шилжүүлсэн учраас энэ баримт нь хэрэгт зайлшгүй шаардлагатай юм. Миний үйлчлүүлэгчийн зүгээс хэрэг учрал болсон гэх 2021, 2022 онуудад ачаалал ихтэй өглөө 8 цагаас шөнийн 12 цаг хүртэл ажилладаг байсан учраас алдаа зөрчил гаргасан байна гэдэг талаар дурддаг. Тиймээс прокурорын эсэргүүцэлд дурдсан 2023 онд асуусан гэрчүүдийн мэдүүлгүүдээр үүнийг тогтоох боломжтой гэж үзэхгүй. Энэ баримт нь гэмт хэргийн сэдэлт, зорилго, гэм буруугийн хэлбэрийг тогтооход шаардлагатай. Хоёрдугаарт, анхан шатны шүүхийн шүүгчийн захирамжид хохирогч, иргэний нэхэмжлэгчийг тогтоохдоо гаргасан зөрчлийг арилгуулахаар заасныг прокурорын зүгээс үндэслэлгүй гэж байна. Давуу байдал олгосон гэж яллаад байгаа хэр нь давуу байдал олж авсан хүмүүс нь хаана байгаа юм бэ, “*******” ХХК хохирогч мөн юм уу. 1 дүгээр хавтаст хэргийн 162 дугаар хуудсанд давуу байдал бий болгож, техникийн давхарт гэрчилгээ олгосон гэх өрөөнд сууцын зориулалтаар тохижилт хийнэ, үүнд гэрчилгээ гаргуулна, гэрчилгээ гаргуулсан тохиолдолд “*********” ХХК ав, гаргуулаагүй байгаа тохиолдолд бид өөр байр гаргаж өгнө” гэдэг гар бичмэл авагдсан. Бидний зүгээс гэмт хэрэг биш гэж цагаатгах байр суурьтай маргаж оролцож байгаа боловч хэрэв давуу байдал бий болгосон гэж байгаа бол давуу байдал олгосон компаниудыг татаж оролцуулахгүй юм уу гэдэг асуудлыг дурдаж байгаа. Нийтэд илэрхий Хөгжлийн банкны гэх тодотголтой хэрэгт давуу байдал олж авсан бүх компаниудын удирдлагууд татагдаж хатгагч, хамжигчаар ял шийтгүүлсэн байгаа. Гэтэл энэ хэрэгт яагаад “*******” ХХК болон “*********” ХХК орж ирэхгүй байгаа юм бэ. О.О-ийн хувьд гудамжинд явж байгаа хүнийг дуудаж оруулж ирээд гэрчилгээ олгосон асуудал биш, энэ хүмүүс зориуд бүртгэгчийг төөрөгдүүлсэн нөхцөл байдал байгаа юм биш үү. Тиймээс энэ асуудлыг зайлшгүй шалгаж тогтоох шаардлагатай гэж үзэж байна. Гуравдугаарт, өмнө нь ял шийтгүүлсэн асуудлын давж заалдах шатны шүүхийн магадлалаар анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээсэн. Бидний зүгээс Улсын дээд шүүхэд гомдол гаргасан бөгөөд одоогоор гомдлыг хэлэлцээгүй байгаа, гэхдээ удахгүй хэлэлцэх байх. Дөрөвдүгээрт, улсын бүртгэгч нарын хэрэглэдэг гарын авлага, бичиг баримтуудыг гаргуулах нь зайлшгүй шаардлагатай гэж анхан шатны шүүгчийн захирамжид дурдсан нь үндэслэлтэй. Хэдийгээр хуульд заасан боловч улсын бүртгэгч нарт шинээр ашиглалтад орсон байранд ямар, ямар баримт байвал гэрчилгээ олгох, хүнээс хүнд шилжиж байгаа бол яах вэ гэх мэтчилэн тус тусдаа гарын авлага байдаг. Тухайн жагсаалтад заасан баримт нь байгаа тохиолдолд гэрчилгээ олгоно, байхгүй бол дутуу баримтаа бүрдүүлж өг гэдэг байдлаар хандана. Жагсаалтад заасан баримтуудыг бүрдүүлээд ирсэн тохиолдолд улсын бүртгэгч бүртгэхээс татгалзах нь эс үйлдэхүй болох нөхцөл байдал байдаг учраас энэ баримт нь гэм буруугийн асуудлыг шийдвэрлэхэд чухал ач холбогдолтой. Тиймээс анхан шатны шүүгчийн захирамжийг хэвээр үлдээж өгнө үү.” гэв.
ТОДОРХОЙЛОХ нь:
Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар хэргийг хянан шийдвэрлэхдээ хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалт, анхан шатны шүүхийн бүх ажиллагаа, шийдвэрийг хэрэгт цугларсан нотлох баримтуудад үндэслэн прокурорын эсэргүүцэлд дурдсан асуудлаар хязгаарлахгүйгээр бүхэлд нь хянаж үзэв.
Прокуророос О.О-ийг Нийслэлийн Хан-Уул дүүрэг дэх Улсын бүртгэлийн хэлтсийн Эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлийн тасгийн улсын бүртгэгч буюу Авлигын эсрэг хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1 дэх хэсгийн 4.1.1-д заасан нийтийн албан тушаалтнаар ажиллаж байхдаа Авлигын эсрэг хуулийн 7 дугаар зүйлийн 7.1 дэх хэсгийн 7.1.3-т “албан үүргээ гүйцэтгэхдээ хууль бусаар аливаа хувь хүн, хуулийн этгээдэд давуу байдал олгох, олгохоор амлах, бусдын эрхийг хязгаарлах”, 7.1.6-д “албаны эрх мэдэл буюу албан тушаалын байдлаа урвуулах, хэтрүүлэх” гэж заасныг,
Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.1-д “Албан тушаалтан нь хууль дээдлэх зарчимд захирагдан, албан үүргээ иргэдийн итгэл хүлээхүйц, тэгш, шударга, хариуцлагатайгаар гүйцэтгэж, албаны ёс зүйг сахина”, 6.3-т “Албан тушаалтан албаны бүрэн эрхээ хувийн болон өөртэй нь хамаарал бүхий этгээдийн хувийн зорилгод ашиглахгүй бөгөөд албан үүрэгт нь нөлөөлөхүйц аливаа харилцаанаас ангид байна”, 6.5-д “Албан тушаалтан ашиг сонирхлын зөрчилд орж болох нөхцөл байдлыг мэдэгдэх, түүнээс татгалзах замаар урьдчилан сэргийлнэ” гэж заасныг,
Төрийн албаны тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.1 дэх хэсгийн 37.1.1-д “Монгол Улсын Үндсэн хууль, бусад хуулийг дээдлэн хүндэтгэж, сахин биелүүлэх”, мөн зүйлийн 37.1.2-т “өргөсөн тангарагтаа үнэнч байж, нийтийн ашиг сонирхолд захирагдан ашиг сонирхлын зөрчилд автахгүй байх, хууль бус, шударга бус явдалтай эвлэрэхгүй байх”, мөн хуулийн 39 дүгээр зүйлийн 39.1 дэх хэсгийн 39.1.2- т “албаны эрх мэдлээ хэтрүүлэх”, 39.1.3-т “хуульд нийцээгүй шийдвэр гаргах”, 39.1.4-т “албан тушаалын бүрэн эрхээ урвуулан ашиглах” гэж заасныг,
Орон сууцны тухай хуулийн 15 дугаар зүйлийн 15.3 дахь хэсэгт “орон сууцны байшингийн техникийн өрөөний зориулалтыг өөрчлөхийг хориглоно” гэж заасныг,
Сууц өмчлөгчдийн холбооны эрх зүйн байдал, нийтийн зориулалттай орон сууцны байшингийн дундын өмчлөлийн эд хөрөнгийн тухай хуулийн 15 дугаар зүйлийн 15.1-д “орон сууцны байшингийн дундын өмчлөлийн эд хөрөнгөд дараах эд хөрөнгө хамаарна”, мөн зүйлийн 15.1.1-д “сууцны бус зориулалттай техникийн болон нэгдүгээр давхрын үйлчилгээний өрөө” гэж заасныг,
Улсын бүртгэлийн ерөнхий хуулийн 19 дүгээр зүйлийн 19.4.1-д “улсын бүртгэлд бүртгүүлэх эрхийн үнэн зөвийг холбогдох иргэн, хуулийн этгээд, албан тушаалтнаас нотлох баримт, тайлбар, лавлагааг гаргуулан авч тогтоох”, 19.4.3-т “энэ хуулийн 19.4.2-т заасан нотлох баримт нь зөрчилтэй, бүрэн бус, холбогдох хуулийн заалтыг зөрчсөн бол улсын бүртгэлд бүртгэхээс татгалзах”, 19.4.10-т “улсын бүртгэлийг хараат бусаар үнэн зөв хөтлөх” гэж заасныг,
Эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлийн тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.1-д “Улсын бүртгэгч дараах үндэслэлээр эрхийн улсын бүртгэлд бүртгэхээс татгалзаж мэдүүлэг, түүнд хавсаргасан баримт бичгийг буцаана”, 29.1.3-т “мэдүүлэг, түүнд хавсаргасан баримт бичгүүд зөрүүтэй, агуулга нь холбогдох хууль тогтоомжийг зөрчсөн” гэж заасныг,
Засгийн газрын 2018 оны 397 дугаар тогтоолоор батлагдсан “Эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэл хөтлөх журам”-ын 5.7-д “Захиалгаар барьж дууссан барилгын дундаа хэсгээр өмчлөгч бүрд ногдох хэсгийн өмчлөх эрхийг эрхийн улсын бүртгэлд бүртгэхэд мэдүүлэг гаргагчийн ирүүлсэн нотлох баримтыг захиалагчийн нэрс, тэдгээрийн оруулсан хөрөнгийн болон ногдох талбайн хэмжээ, байршлын хаяг, хэлцлийн мэдээллийг тусгасан захиалагчдын нэрсийн жагсаалт, барилга байгууламжийг ашиглалтад оруулах комиссын дүгнэлттэй тулгаж нягтална” гэж заасныг тус тус зөрчиж, албан үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж,
“*********” ХХК болон “*******” ХХК-ийн 2019 оны 3 дугаар сарын 20-ны өдөр байгуулсан “Барилгын ажил гүйцэтгэх, хөрөнгө оруулах” гэрээнд Хан-Уул дүүргийн 20 дугаар хороо, Үйлдвэр /17043/, Чингисийн өргөн чөлөө гудамж, **** байрны 17 дугаар давхар /техникийн давхар/-ын 42.73 м.кв талбайтай хэсгийг “*********” ХХК-ийн газрын төлбөрт тооцож өгөхөөр тохиролцсон талаар огт тусгагдаагүй, Барилга байгууламжийг ашиглалтад оруулах комиссын 2021 оны 11 дүгээр сарын 01-ний өдрийн БА-222/2021 дүгээр дүгнэлтээр дээрх барилгыг 16 давхар, үйлчилгээтэй орон сууцны зориулалттайгаар хүлээн авч ашиглалтад оруулсан,
Мөн шифрийн ЛК118-13/19 дугаартай зураг төсөл болон эрхийн улсын бүртгэлийн Ү-********* дугаартай хувийн хэрэгт авагдсан техникийн давхрын байгуулалтын план зургийн өрөөний тодорхойлолт хэсэгт “техникийн өрөө 42.73 м.кв” гэж тусгасан байхад, Хан-Уул дүүргийн 20 дугаар хороо, Засаг даргын тамгын газрын иргэдэд үйлчлэх төвийн байранд албаны чиг үүргээ хэрэгжүүлж байхдаа 2022 оны 03 дугаар сарын 30-ны өдөр Хан-Уул дүүргийн 20 дугаар хороо, Үйлдвэр /17043/, Чингисийн өргөн чөлөө гудамж, **** байр, 17 давхар, 1700 тоотод байрлах 42.73 м.кв орон сууцны зориулалттай бус техникийн зориулалтаар ашиглах техникийн өрөө буюу дундын өмчлөлийн эд хөрөнгийг ********* ХХК-ийн захирал Д.Д-ын өмчлөлд эрхийн улсын бүртгэлийн Ү-***** дугаарт бүртгэж, гэрчилгээ олгон бусдад худалдан борлуулах, барьцаанд тавих боломж нөхцөлийг бүрдүүлэн өгч, Д.Д-ад давуу байдал бий болгон, “*******” ХХК-д 90.651.695 төгрөгийн буюу их хэмжээний хохирол учруулсан гэж үзэн Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 1.9 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт тус тус заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.
Анхан шатны шүүхээс “... гэмт хэргийн сэдэлт, зорилго, гэм буруугийн хэлбэрийг тогтоох зорилгоор Улсын бүртгэлийн ерөнхий газарт улсын бүртгэгчээс энэ төрлийн зөрчил гардаг эсэх, уг асуудлыг хэрхэн шийдвэрлэдэг талаар тодруулах, “*******“ ХХК-ийг хохирогчоор тогтоож, түүний хууль ёсны төлөөлөгчийг томилж шийдвэрлэхдээ хуульд заасан хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмыг зөрчсөн, яллагдагчийн хувийн байдлыг тогтоох зорилгоор түүний ялтай байдлыг тодруулах, мөн орон сууцыг бүртгэж авахад шаардагдах баримтын жагсаалт зэргийг авч яллагдагчийн хууль бус үйлдлийг нэг мөр тогтоож мөрдөн шалгах ажиллагааг явуулах шаардлагатай...” гэсэн үндэслэлүүдийг зааж, прокурорт буцаасан нь үндэслэл муутай болжээ.
Учир нь, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Анхан шатны журмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа нь тухайн шүүгдэгчийн хувьд прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд явагдана” гэж зааснаар анхан шатны шүүх прокурорын үйлдсэн яллах дүгнэлт болон хавтаст хэрэгт бүрдсэн хэргийн хэмжээнд үйл баримтыг дүгнэж, яллагдагч О.О-ийн гэм буруутай эсэхийг хэрэгт авагдсан нотлох баримтуудыг харьцуулан шинжлэн судлах, бусад нотлох баримттай харьцуулах, шинэ нотлох баримтыг цуглуулах, шүүх хуралдаанд хэрэгт хамааралтай, шаардлагатай оролцогч нарыг оролцуулах, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт “Шүүх хэргийн бодит байдлыг талуудын мэтгэлцээний үндсэн дээр тогтооно” зааснаар шийдвэрлэх нь зүйтэй байна.
Өөрөөр хэлбэл, хэргийг мөрдөн шалгах ажиллагааны үед Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нөхцөл байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж, хязгаарласан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн зөрчил тогтоогдоогүй бөгөөд хэрэгт цугларсан нотлох баримтуудад тулгуурлан хэргийг шүүх хуралдаанаар хянан хэлэлцэж, талуудын мэтгэлцээний үндсэн дээр бодит үнэнийг тогтоох боломжтой байх тул шүүгчийн захирамжид заасан асуудлаар дахин мөрдөн шалгах ажиллагаа явуулах шаардлагагүй гэж үзэв.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт “Хэргийн бодит байдлыг нотлохын тулд мөрдөгч, прокурор хуульд заасан бүх арга хэмжээг авч яллагдагч, шүүгдэгчийг яллах, цагаатгах, ял хүндрүүлэх, хөнгөрүүлэх нөхцөл байдлыг эргэлзээгүй тогтооно.” гэж заасан ба прокурор хуульд заасан чиг үүргийнхээ хүрээнд шүүх хуралдаанд бусад оролцогч нарыг оролцуулах талаар хүсэлт гарган шийдвэрлүүлж, шүүх хуралдаанд хэргийн бодит байдлыг тогтоох чиг үүргийг хэрэгжүүлэх боломжтой байна.
Тодруулбал, яллагдагч О.О-д холбогдох хэрэгт мөрдөн шалгах ажиллагааны үед цуглуулж, бэхжүүлсэн гэрч, яллагдагч нарын мэдүүлэг болон бусад бичгийн нотлох баримтуудын эх сурвалжийг магадлах аргаар шалган үнэлэлт өгч, тэдгээрийг агуулгын хувьд хооронд нь харьцуулан дүгнэлт хийж, эргэлзээ бүхий зарим асуудлыг тодруулахаар шаардлагатай гэрч, шинжээчийг талуудын хүсэлтээр оролцуулан шүүгдэгчийн гэм буруугийн асуудлыг прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд талуудын мэтгэлцээнд үндэслэн хэлэлцэн шийдвэрлэх нь зүйтэй.
Иймд прокурорын эсэргүүцлийг хүлээн авч, шүүгчийн захирамжийг хүчингүй болгох нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх дүгнэв.
Түүнчлэн шүүх хуралдааны явцад нотлох баримтаар тогтоогдсон хэргийн нөхцөл байдлыг үндэслэн шүүгдэгчид холбогдох хэргийн зүйлчлэлийг хүндрүүлэхээр бол, эсхүл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 33.1 дүгээр зүйлийн 6.13, 6.14-т заасан гомдлыг шийдвэрлэх зорилгоор шүүх хэргийг хянан хэлэлцэхийг нэг удаа 60 хүртэл хоногоор хойшлуулж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.16 дугаар зүйлийн 6 дахь хэсэгт заасан ажиллагааг явуулахыг прокурорт даалгах нь гагцхүү анхан шатны шүүхэд олгогдсон эрх хэмжээ болохыг тэмдэглэх нь зүйтэй.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтыг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхийн 2025 оны 07 дугаар сарын 24-ний өдрийн 2025/ШЗ/4841 дүгээр шүүгчийн захирамжийг хүчингүй болгож, прокурор Н.Нямдоржийн 2025 оны 07 дугаар сарын 31-ний өдрийн 73 дугаартай эсэргүүцлийг хангасугай.
2. Яллагдагч О.О-д урьд авсан таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
3. Анхан болон давж заалдах шатны шүүхийн хууль хэрэглээний зөрүүг арилгах, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, хуулийг Улсын дээд шүүхийн тогтоол, тайлбараас өөрөөр хэрэглэсэн, эрх зүйн шинэ ойлголт, эсхүл хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой гэж үзвэл энэхүү магадлалыг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хэргийн оролцогч хяналтын журмаар гомдол гаргах, прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ М.АЛДАР
ШҮҮГЧ Т.АЛТАНТУЯА
ШҮҮГЧ Б.БАТЗОРИГ