| Шүүх | Улсын дээд шүүх |
|---|---|
| Шүүгч | Болдын Амарбаясгалан |
| Хэргийн индекс | 188/2019/0260/Э |
| Дугаар | 379 |
| Огноо | 2020-07-03 |
| Зүйл хэсэг | 11.1.1, 12.1.2.6., 17.2.2., 10.1.2.1., 10.1.2.4., |
| Улсын яллагч | А.Оюунгэрэл |
Улсын дээд шүүхийн Тогтоол
2020 оны 07 сарын 03 өдөр
Дугаар 379
Б.Б-т холбогдох
эрүүгийн хэргийн тухай
Улсын дээд шүүхийн Эрүүгийн хэргийн танхимын тэргүүн Б.Цогт даргалж, шүүгч Б.Амарбаясгалан, Б.Батцэрэн, Ч.Хосбаяр, Д.Эрдэнэбалсүрэн нарын бүрэлдэхүүнтэй, Улсын ерөнхий прокурорын газрын хяналтын прокурор А.Оюунгэрэл, хохирогч Э.О, шүүгдэгчийн өмгөөлөгч Г.Энхболд, нарийн бичгийн дарга Э.Бадамдорж нарыг оролцуулж хийсэн хяналтын шатны эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар
Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 12 дугаар сарын 09-ны өдрийн 1301 дүгээр шийтгэх тогтоол, Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020 оны 03 дугаар сарын 17-ны өдрийн 306 дугаар магадлалтай, Б.Б-т холбогдох 1808000001505 дугаартай эрүүгийн хэргийг шүүгдэгчийн өмгөөлөгч Г.Энхболдын гаргасан гомдлыг үндэслэн 2020 оны 06 дугаар сарын 12-ны өдөр хүлээн авч, шүүгч Б.Амарбаясгалангийн танилцуулснаар хаалттай хянан хэлэлцэв.
Монгол Улсын иргэн, 1987 оны 08 дугаар сарын 12-ны өдөр Сэлэнгэ аймгийн Баянгол суманд төрсөн, эрэгтэй, 32 настай, бага боловсролтой, гагнуурчин мэргэжилтэй, урьд ял шийтгэлгүй Б овогт Б-ын Б нь
2018 оны 11 дүгээр сарын 28-ны шөнө 01 цагийн үед Сонгинохайрхан дүүргийн 9 дүгээр хороо, Уулын *** тоотод оршин суух Э.О-ийн хүсэл зоригийн эсрэг хүч хэрэглэж, согтуурсны улмаас биеэ хамгаалах, эсэргүүцэл үзүүлэх чадваргүй байгааг далимдуулан хүчиндсэн,
улмаар Э.О-ийн биеийг олон удаа хутгаар гэмтээж, онц харгис хэрцгийгээр, өөр гэмт хэргийг нуун далдлах зорилгоор хүнийг алахыг завдсан,
2018 оны 10 дугаар сарын 22-ноос 23-нд шилжих шөнө Сонгинохайрхан дүүргийн 9 дүгээр хороо, Баруун баян уулын *** дугаар гудамжинд иргэн П.Т-ийн хүсэл зоригийн эсрэг хүч хэрэглэж, согтуурсны улмаас биеэ хамгаалах, эсэргүүцэл үзүүлэх чадваргүй байгааг далимдуулан хүчиндсэн,
улмаар иргэн П.Т-г газар унагаан өшиглөж, архины шилээр толгойн тус газарт нь цохиж, онц харгис хэрцгийгээр, хохирогчийн биеэ хамгаалж чадахгүй болохыг мэдсээр байж зодон хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулсан, түүнчлэн тухайн цаг хугацаанд иргэн П.Т-ийн эд хөрөнгө болох “Самсунг глакси нөүт-2” маркийн гар утсыг дээрэмдсэн гэмт хэрэгт тус тус холбогджээ.
Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх “... шүүгдэгч Б.Б-ийг “Согтуурсны улмаас биеэ хамгаалах, эсэргүүцэл үзүүлэх чадваргүй байгааг далимдуулан хүчээр бэлгийн харьцаанд орж, хоёр хүнийг хүчиндсэн”, “онц харгис хэрцгийгээр, өөр гэмт хэргийг нуун далдлах зорилгоор хүнийг алахыг завдсан”, “хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулах гэмт хэргийг хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар буюу онц харгис хэрцгийгээр хохирогчийн биеэ хамгаалж чадахгүй болохыг мэдсээр байж үйлдсэн”, “бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэж дээрэмдсэн” гэмт хэрэг тус тус үйлдсэн гэм буруутайд тооцож,
Эрүүгийн хуулийн тусгай ангийн 12.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.6-д зааснаар 5 /тав/ жилийн хугацаагаар хорих ял, 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д зааснаар 5 /тав/ жилийн хугацаагаар хорих ял, 17.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 2 /хоёр/ жилийн хугацаагаар хорих ял, мөн Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.8 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасныг журамлан тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.4-т зааснаар 6 /зургаа/ жилийн хугацаагаар хорих ял оногдуулж, биечлэн эдлэх ялын хэмжээг 18 /арван найм/ жилийн хугацаагаар тогтоож, оногдуулсан 18 жилийн хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр тогтоож,
Шүүгдэгч Б.Б-ийн цагдан хоригдсон 375 /гурван зуун далан тав/ хоногийг түүний эдлэх ялд оруулан тооцож,
Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Б-өөс 2.342.830 /хоёр сая гурван зуун дөчин хоёр мянга найман зуун гуч/ төгрөгийг гаргуулж, хохирогч Э.О-д олгож, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 36.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар хохирогч П.Т-ийн сэтгэл санааны хохиролд нэхэмжилсэн 5.000.000 төгрөгийг хэрэгсэхгүй болгож, хохирогч Э.О-ийн нэхэмжлэлээс үлдэх 178.000 төгрөг болон хохирогч нар нь цаашид гарах зардлыг нотлох баримтаа бүрдүүлэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар гэм буруутай этгээдээс нэхэмжлэх эрхтэй болохыг мэдэгдэж” шийдвэрлэжээ.
Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүх “...шийтгэх тогтоолын тогтоох хэсэгт: Прокуророос шүүгдэгч Б.Б-т Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4 дэх заалтад зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлснийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.19 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтад заасан “гэмт хэргийн шинжгүй” үндэслэлээр хэрэгсэхгүй болгосугай” гэсэн заалтыг нэмж,
Шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн 1, 2, 3 дахь заалтуудын “Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.4 дэх заалт ...” гэснийг “... Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалт ...” гэж өөрчилж, тогтоох хэсгийн бусад заалтыг хэвээр үлдээж, шүүгдэгчийн өмгөөлөгч Г.Энхболдын гаргасан давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгож” шийдвэрлэжээ.
Хяналтын шатны шүүхэд шүүгдэгчийн өмгөөлөгч Г.Энхболд гаргасан гомдол болон шүүх хуралдаанд хэлсэн саналдаа “... Шүүгдэгчийн өмгөөлөгч миний зүгээс Б.Б-ийг улсын яллагч, анхан болон давж заалдах шатны шүүхээс эрүүгийн хуулийн тусгай ангийн 12.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.6 дахь заалт, 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дахь заалт, 17.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэм буруутайд тооцсон шийдвэртэй анхнаасаа маргаагүй.
Харин Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх шүүгдэгч Б.Б-ийг Эрүүгийн хуулийн 2.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан, тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.4 дэх заалтад заасан гэм буруутайд тооцсон, Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүх хөнгөрүүлсэн хэдий ч Эрүүгийн хуулийн 2.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад заасан гэм буруутайд тооцсон нь хэргийн бодит байдалтай хууль хэрэглээний хувьд нийцэхгүй байгаа тул Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 40.1 дүгээр зүйлийн 1.1 дэх хэсэгт зааснаар гомдол гаргаж байна.
Шүүгдэгч Б.Б яллагдагчаар өгсөн мэдүүлэг “... О бид хоёр бэлгийн харьцаанд орж дуусаад босоод хувцсаа өмсөөд байж байтал О намайг одоо яв хэлээд түлхсэн, миний уур хүрээд ширээн дээрээс хутга аваад хутгалчихсан, тухайн үед би хутга байсныг мэдээгүй, хохирогч “та намайг хутгалчихлаа шүү дээ” гэж хэлсэн, гэнэт цонхоор тусч байгаа сарны гэрэлд харахад гартаа хутга барьчихсан байсан, би сандарсандаа хутгаа шидчихээд гэр рүүгээ явсан.
Хохирогч О хохирогчоор өгсөн мэдүүлэг “... шүүгдэгч хутга аваад юу гэсэн бэ гэхэд юм хэлээгүй, намайг хутгалчихаад 20 минут орчим сууж байгаад гарсан, би 30 минутын дараа нэхийгээ өмсөөд гэрээсээ гарч яваад доор байдаг Ц эгчийнд очиж түргэн, цагдаа дуудаад өг гэж хэлсэн, би дээгүүрээ куртикаа өмсөөд доогуураа гутлаа өмсөж, уулын 3-15 тоот руу явж очиход хашааны хаалга цоожтой байхаар нь хашаагаар нь давж хаалгыг нь онгойлгож дотогшоо ороод цонхыг нь нүдсэн.
Анхан болон давж заалдах шатны шүүх дээрх шүүгдэгч, хохирогч нарын мэдүүлгээр шүүгдэгч нь үйлдлээ сайн дураар зогсоож туйлд нь хүргэхээс сайн дураар татгалзсанаар хохирогч тусламж авах боломж бүрдэж хохирогч амьд гарсан байдал, цаг хугацаанд болсон үйлдлийн сэдэлт, зорилгыг хуулийн үзэл санаанд тохируулан улсын яллагчийн зүйлчлэлийг хөнгөрүүлэн зөвтгөх боломжтой байхад бусад үйлдэлтэй нь хамааруулан хэт яллах талыг барьж дүгнэлт гаргаж Эрүүгийн хуулийн үзэл санааг буруу тайлбарлан хэрэглэсэн байна.
Эрүүгийн хуульд заасан завдалтыг хууль хэрэглээний хувьд тайлбарлан хэрэглэдэг байхад анхан шатны шүүх Ц.Ц эмчийн гэрчээр мэдүүлсэн “... удсан бол гэмтэл нь амь насанд нь аюултай байдалд байсан, шинжээчийн 14230 дугаартай дүгнэлтээр “... Э.О-ийн биед учирсан гэмтэл нь амь насанд аюултай гэмтлийн хүнд зэрэгт хамаарна гэх эрүүл мэндийн шинжлэх ухааны ойлголтыг шүүгдэгч Б.Б нь онц харгис хэрцгийгээр хүнийг алах санаа зорилготой байсан гэж гэмт хэрэг үйлдэгчийн санаа зорилгыг дүгнэж байгаа нь ойлгомжгүй байна. Хохирогчийг алах нь шүүгдэгчийн туйлын санаа зорилго байсан бол тухайн цаг хугацаанд хохирогч, шүүгдэгч хоёр хоёулханаа байсан. Шүүгдэгч 32 настай эрэгтэй хүн, бие бялдар бүрэн хөгжсөн, хутга барьсан зэргээс алах зорилгоо бүрэн гүйцэтгэх боломжтой байсан.
Улсын яллагч, анхан болон давж заалдах шатны шүүхийн гэм буруутайд тооцоод журамлаад байгаа эрүүгийн хуулийн 2.8 дугаар зүйлийн ойлголтын талаар: Эрүүгийн хуулийн 2.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэг “Гэмт хэрэг үйлдэхэд шууд чиглэсэн үйлдэл, эс үйлдэхүйг санаатай хийсэн боловч тухайн хүний хүсэл зоригоос үл хамаарах нөхцөл байдлын улмаас гэмт хэрэг төгсөөгүй бол гэмт хэрэг үйлдэхээр завдах гэнэ”. Завдалтын шинж нь гэмт хэрэг үйлдэж байгаа хүний хүсэл зоригоос үл хамаарах нөхцөл байдлын улмаас гэмт хэрэг төгсөөгүй байхыг шаарддаг, тухайлбал үйлдэл хийж байхад хөндлөнгөөс хэн нэгэн гуравдагч этгээд таслан зогсоох, эсвэл хохирогч зугтах, үйлдэл хийж буй этгээдийн хүчнээс хохирогч давуу хүч үзүүлэн таслан зогсоох, үйлдэл хийж буй этгээд үйлдлээ гүйцээчихлээ гэж төөрөлдсөн байх, байгалийн болон хүрээлэн буй орчны хүчин зүйлээс гэмт үйлдэл тасалдах зэрэг гэмт үйлдэл хийгчийн хүсэл зориг өөрөөс нь шалтгаалахгүй тасалдсан байхыг завдалт гэдэг. Гэтэл шүүгдэгч, хохирогч нарын мэдүүлгээс хэргийн бодит байдлыг тодорхой дүгнэх боломжтой байна. Хохирогч “та намайг хутгалчихлаа” гэж хэлж байгаа, шүүгдэгч хутгалснаа мэдээд хутгаа хаясан, хохирогчийн мэдүүлснээр шүүгдэгч хутгалсны дараа гэрт 20 минут сууж байгаад явсан. Хохирогч 30 минутын дараа гарсан гэх мэдүүлгүүдээр шүүгдэгч гэмт үйлдлээ сайн дураар зогсоож хэргээ туйлд нь хүргэхээс татгалзан хутгаа хаяж байгаа нь Эрүүгийн хуульд заасан завдалтын шинжийг хангахгүй байна.
Мөн Эрүүгийн хуулийн 2.8 дугаар зүйлийн 3, 4 дэх хэсэгт гэмт үйлдлээ туйлд нь хүргэхээс татгалзсан хүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэхгүй талаар, татгалзахаас өмнөх үйлдэл, эс үйлдэхүйд нь тохирсон хариуцлага хүлээлгэхээр заасан байдаг. Эрүүгийн хуульд заасан зүйлчлэл утга санаа нь хэргийн бодит байдалд тохирсон байх ёстой. Гэтэл анхан болон давж заалдах шатны шүүх хэргийн бодит байдлыг хэт нэг талыг барьж тайлбарлан хуулийн үзэл санаа үйлдэл холбогдолд тохирохгүй дүгнэлт гаргаж хуулийг буруу тайлбарласан гэж үзэж байна. Иймд анхан болон давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг хууль хэрэглээний хувьд зөвтгөж өгнө үү” гэв.
Хяналтын шатны шүүх хуралдаанд прокурор О.Мөнхбаатар гаргасан хууль зүйн дүгнэлтдээ “...Шүүгдэгч Б.Б нь бусдын хүсэл зоригийн эсрэг хүч хэрэглэж, согтуурсны улмаас биеэ хамгаалах, эсэргүүцэл үзүүлэх чадваргүй байгааг далимдуулан хүчээр бэлгийн харьцаанд орж хүчиндэх, хүнийг алахыг завдсан, хүнд хохирол санаатай учруулсан, дээрэмдсэн гэмт хэргүүдийг үйлдсэн болох нь хавтас хэрэгт авагдсан нотлох баримтуудаар хангалттай нотлогдож тогтоогдсон байна. Анхан болон давж заалдах шатны шүүх хэргийн үйл баримтад үндэслэл бүхий дүгнэлт хийж “өөр гэмт хэргийг нуун далдлах зорилгоор” гэснийг хэрэгсэхгүй болгосон нь үндэслэлтэй. Иймд шийтгэх тогтоол, түүнд өөрчлөлт оруулсан магадлалыг хэвээр үлдээх нь зүйтэй” гэв.
ТОДОРХОЙЛОХ НЬ:
Шүүгдэгчийн өмгөөлөгч Г.Энхболдын гаргасан гомдлыг үндэслэн Б.Б-т холбогдох хэргийг хяналтын шатны шүүх хуралдаанаар хэлэлцэж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 40.5 дугаар зүйлд зааснаар анхан болон давж заалдах шатны шүүх Эрүүгийн хуулийг зөв хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн эсэх болон шүүхийн үйл ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хянаж үзэв.
Б.Б нь 2018 оны 11 дүгээр сарын 28-ны шөнө 01 цагийн үед Сонгинохайрхан дүүргийн 9 дүгээр хороо, Уулын *** тоотод оршин суух Э.О-ийн согтуурсны улмаас биеэ хамгаалах, эсэргүүцэл үзүүлэх чадваргүй байгааг далимдуулан хүчээр бэлгийн харьцаанд орсон, улмаар Э.О-ийн биеийг олон удаа хутгаар гэмтээж, онц харгис хэрцгийгээр, өөр гэмт хэргийг нуун далдлах зорилгоор алахыг завдсан,
2018 оны 10 дугаар сарын 22-ноос 23-нд шилжих шөнө Сонгинохайрхан дүүргийн 9 дүгээр хороо, Баруун баян уулын *** дугаар гудамжинд иргэн П.Т-ийн согтуурсны улмаас биеэ хамгаалах, эсэргүүцэл үзүүлэх чадваргүй байгааг далимдуулан хүчээр бэлгийн харьцаанд орсон, улмаар иргэн П.Т-г газар унагаан өшиглөж, архины шилээр толгойн тус газарт нь цохиж, онц харгис хэрцгийгээр биеэ хамгаалж чадахгүй болохыг мэдсээр байж зодон эрүүл мэндэд нь хүнд хохирол санаатай учруулсан, П.Т-ийн “Самсунг галакси нөүт-2” маркийн гар утсыг дээрэмдсэн болох нь хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн, шүүх хуралдаанд хянан хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар нотлогдсон талаар анхан болон давж заалдах шатны шүүх хууль ёсны бөгөөд үндэслэлтэй дүгнэлт хийжээ.
Хэрэгт авагдсан, шүүх хуралдаанаар хянан хэлэлцсэн нотлох баримтуудаар шүүгдэгч Б.Б-ийн үйлдсэн хэргийн үйл баримт хөдөлбөргүй тогтоогдсон бөгөөд анхан болон давж заалдах шатны шүүх түүний үйлдэл Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 12.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.6, 17.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэг, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийг баримтлан мөн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад заасан гэмт хэргийн шинжид тус тус хамаарч байгааг зөв тайлбарлан зүйлчилж, Эрүүгийн хуулийг зөв хэрэглэсэн байна.
Мөн шүүгдэгч Б.Б-т эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн хэм хэмжээг зөв баримтлан, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, учирсан хохирол, хор уршгийн хэмжээ, шүүгдэгчийн хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан үзэж, түүнд 18 жил хорих ял оногдуулж, уг ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр шийдвэрлэсэн нь хууль зүйн үндэслэлтэй болжээ.
Энэ хэрэгт Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хассан, хязгаарласан нь шүүхийн шийдвэрт сөргөөр нөлөөлсөн, эсхүл нөлөөлж болохуйц зөрчил тогтоогдоогүй болно.
Иймд шүүгдэгчийн өмгөөлөгч Г.Энхболдын “анхан болон давж заалдах шатны шүүхийн шийтгэх тогтоол, магадлалд хууль хэрэглээний өөрчлөлт оруулж өгнө үү” гэсэн агуулга бүхий гомдлыг хүлээн авах үндэслэлгүй гэж үзлээ.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “гэмт хэрэг үйлдэхэд чиглэсэн үйлдэл, эс үйлдэхүйг санаатай хийсэн боловч тухайн хүний хүсэл зоригоос үл хамаарах нөхцөл байдлын улмаас гэмт хэрэг төгсөөгүй бол гэмт хэрэг үйлдэхээр завдсан” гэж тодорхойлдог.
Шүүгдэгч Б.Б нь хохирогч Э.О-ийг онц харгис хэрцгийгээр алахыг завдсан болох нь хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт, хохирогч Э.О-ийн “... үснээс зулгааж, бүх хувцсыг тайлуулж нэг удаа бэлгийн харьцаанд орсон, түүний дараа би чамайг ална гээд миний цээж рүү 6 удаа хөлөөрөө өшиглөсөн, гал тогоонд байсан хутга авч миний гэдэс хоолой хэсгийг хутгалсан, чиний үхэхийг харна гээд хутгалсны дараа манайд 30 минут орчим байсан, энэ үед хоолойноос цус гараад байсан”, гэрч Б.Ц-н “... шөнө 02 цаг өнгөрч байхад хажуу айлын эмэгтэй эгчээ би хутгалуулчихлаа түргэн тусламж дуудаад өгөөч гээд ... хоолой хэсгээ сальфеткаар дараад байсан”, гэрч Б.Ц-ийн “... Э.О-ийн цонхыг цохиод юу болсон юм бэ гэсэн чинь наад Б чинь хэнд ч мэдэгдэхгүйгээр хоолойг чинь хэрчинэ шүү гээд байсан гэж хэлсэн”, гэрч Ц.Ц-ын “... олон тооны шархтай, хоолойдоо хутганы шархтай, цээж, хэвлийдээ хутганы хоёр хоёр шархтай, баруун бугалгандаа хутгаар нэвт хатгагдсан байдалтай ирсэн ... хэрэв удсан бол амь насанд аюултай байдалд байсан”, шүүгдэгч Б.Б-ийн “... гэнэт уурандаа ширээн дээр байсан хар иштэй ахуйн хэрэглээний хутгыг аваад хэд хэдэн удаа биеийн хэсэгт нь хутгалсан” гэх мэдүүлэг болон Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 14230 дугаартай “... Э.О-ийн биед үүссэн гэмтэл нь амь насанд аюултай гэмтлийн хүнд зэрэгт хамаарна” гэсэн дүгнэлтүүдээр нотлогдон тогтоогдсон гэж үзнэ.
Өөрөөр хэлбэл, шүүгдэгч Б.Б нь хохирогч Э.О-ийг хүчиндсэнийхээ дараа хутгалж олон тооны шарх гэмтэл учруулан онц харгис хэрцгийгээр алах идэвхтэй үйлдэл хийсэн боловч түүний хүсэл зоригоос үл хамаарч гэмт хэрэг төгсөөгүй, хохирогч /түүнийг гараад явсны дараа хөрш айлаасаа тусламж хүссэн/ нь бусдаас тусламж гуйж эмнэлэгт хүргэгдсэнээр амь нас нь аврагдсан байна.
Харин шүүгдэгч Б.Б-ийн дээрх үйлдлийг гэмт үйлдлээ сайн дураар зогсоож, тухайн гэмт хэргийг туйлд нь хүрэхээс татгалзсан гэж үзэх үндэслэлгүй юм.
Учир нь гэмт хэрэг үйлдэхээс татгалзах гэдэг нь “гэмт хэргээ төгсгөх боломжтойг ойлгож байсан боловч туйлд нь хүргэхээс өөрийн хүсэл зоригийн дагуу татгалзах, мөн татгалзах үед гэмт хэрэг үйлдэх урьдчилсан шатанд байх гэсэн үндсэн шинжийг хангасан байхыг шаарддаг бөгөөд хэрэгт авагдсан нотлох баримтуудаас үзэхэд шүүгдэгч Б.Б нь хохирогчийг онц харгис хэрцгийгээр алахад чиглэгдсэн үйл ажиллагаа болон өөрийн хүсэл зоригийг бүрэн хэрэгжүүлсний улмаас хохирогчийн биед “хэвлийн хөндийд нэвтэрч ходоодны их махиа, элэгний 4 дүгээр сегментийг гэмтээсэн шарх, цээжний хөндийд нэвтэрсэн шарх, цээжний хөндийд хий хуралт, хүзүүнд зулгаралт, цагаан мөгөөрсөн хоолойг гэмтээсэн шарх ...” бүхий амь насанд аюултай хүнд гэмтэл учруулсан байна.
Хоёр шатны шүүх шүүгдэгч Б.Б-ийн Э.Оийн “биеийг олон удаа хутгаар гэмтээж, онц харгис хэрцгийгээр хүнийг алахыг завдсан” үйлдэлд үндэслэл бүхий дүгнэлт хийж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг баримтлан, мөн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад зааснаар ял, шийтгэл оногдуулж шийдвэрлэсэн нь хууль зүйн үндэслэлтэй болжээ.
Иймд анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол, түүнд өөрчлөлт оруулсан давж заалдах шатны шүүхийн магадлалыг тус тус хэвээр үлдээж, шүүгдэгчийн өмгөөлөгч Г.Энхболдын гаргасан гомдлын хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж хяналтын шатны шүүх бүрэлдэхүүн дүгнэлээ.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 40.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д заасныг удирдлага болгон хяналтын шатны шүүх хуралдаанаас ТОГТООХ нь:
1. Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 12 дугаар сарын 09-ны өдрийн 1301 дүгээр шийтгэх тогтоол, түүнд өөрчлөлт оруулсан Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020 оны 03 дугаар сарын 17-ны өдрийн 306 дугаар магадлалыг тус тус хэвээр үлдээсүгэй.
2. Шүүгдэгчийн өмгөөлөгч Г.Энхболдын хяналтын шатны шүүхэд гаргасан гомдлыг хэрэгсэхгүй болгосугай.
ДАРГАЛАГЧ Б.ЦОГТ
ШҮҮГЧ Б.АМАРБАЯСГАЛАН
Б.БАТЦЭРЭН
Ч.ХОСБАЯР
Д.ЭРДЭНЭБАЛСҮРЭН