Шүүх | Улсын дээд шүүх |
---|---|
Шүүгч | Гочоогийн Банзрагч |
Хэргийн индекс | 128/2019/0424/З |
Дугаар | 274 |
Огноо | 2020-07-01 |
Маргааны төрөл | Төрийн алба, |
Улсын дээд шүүхийн Тогтоол
2020 оны 07 сарын 01 өдөр
Дугаар 274
Б.Б-ын нэхэмжлэлтэй, ТАЗ-ийн Татварын
ерөнхий газрын дэргэдэх салбар зөвлөл,
ТЕГ-ын дарга, НТГ-ын дарга нарт холбогдох
захиргааны хэргийн тухай
Монгол Улсын Дээд шүүхийн хяналтын шатны захиргааны хэргийн шүүх хуралдааны бүрэлдэхүүн:
Даргалагч, шүүгч: Ч.Тунгалаг
Шүүгчид: Б.Мөнхтуяа
Д.Мөнхтуяа
П.Соёл-Эрдэнэ
Илтгэгч шүүгч: Г.Банзрагч
Нарийн бичгийн дарга: Т.Даваажаргал
Нэхэмжлэлийн шаардлага: “ТЕГ-ын 2017 оны 05 дугаар сарын 04-ний өдөр зохион байгуулсан Чингэлтэй дүүргийн Татварын хэлтсийн даргын сул орон тоон дээр зарласан төрийн жинхэнэ албаны удирдах албан тушаалын сонгон шалгаруулалтын дүнг салбар зөвлөлийн хуралдаанаараа хэлэлцэж, тогтоол гарган, нийтэд мэдээлэхгүй байгаа ТАЗ-ийн ТЕГ-ын дэргэдэх салбар зөвлөлийн эс үйлдэхүйг хууль бус болохыг тогтоож, сонгон шалгаруулалтын дүнг хуралдаанаараа хэлэлцэж, хууль тогтоомжийн дагуу шийдвэрлэн, нийтэд мэдээлэхийг ТЕГ-ын дарга болон ТАЗ-ийн ТЕГ-ын дэргэдэх салбар зөвлөлд даалгах, өмнө эрхэлж байсан ажил, албан тушаалд эгүүлэн томилохгүй байгаа ТЕГ-ын дарга болон НТГ-ын даргын эс үйлдэхүйг хууль бус болохыг тогтоож, Чингэлтэй дүүргийн Татварын хэлтсийн даргын үүргийг түр орлон гүйцэтгэгчээр томилохыг ТЕГ-ын дарга болон НТГ-ын даргад даалгах, ажилгүй байсан хугацааны цалин хөлс гаргуулах, эрүүл мэнд, нийгмийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлэх”
Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 11 дүгээр сарын 15-ны өдрийн 128/ШШ2019/0803 дугаар шийдвэр,
Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020 оны 04 дүгээр сарын 02-ны өдрийн 238 дугаар магадлал,
Шүүх хуралдаанд оролцогч: Нэхэмжлэгч Б.Б, түүний өмгөөлөгч А.М-Ө, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Х.Э нарыг оролцуулж,
Нэхэмжлэгч Б.Б, түүний өмгөөлөгч А.М-Ө-ийн хяналтын журмаар гаргасан гомдлыг үндэслэн хэргийг хянан хэлэлцэв.
ТОДОРХОЙЛОХ нь:
Өмнөх шатны шүүхийн шийдвэр
1. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 11 дүгээр сарын 15-ны өдрийн 128/ШШ2019/0803 дугаар шийдвэрээр: Төрийн албаны тухай хууль /2002 оны/-ийн 17 дугаар зүйлийн 17.1, 17.3, 23 дугаар зүйлийн 23.3.2, 23.5, Төрийн албаны тухай хууль /шинэчилсэн найруулга 2017 оны/-ийн 27 дугаар зүйлийн 27.1.1, 27.1.2, 27.1.3, Татварын ерөнхий хуулийн 271 дүгээр зүйлийн 271.4, Улсын Их Хурлын 2003 оны 13 дугаар тогтоолоор батлагдсан “Төрийн жинхэнэ албаны удирдах албан тушаалд томилогдох ажилтныг сонгон шалгаруулах журам”-ын 9 дүгээр зүйлийн 32, 35 дахь хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэлийн шаардлагаас зарим хэсгийг хангаж, ТЕГ-ын 2017 оны 05 дугаар сарын 04-ний өдөр зохион байгуулсан Чингэлтэй дүүргийн Татварын хэлтсийн даргын сул орон тоон дээр зарласан Төрийн жинхэнэ албаны удирдах албан тушаалын сонгон шалгаруулалтын дүнг салбар зөвлөлийн хуралдаанаараа хэлэлцэж шийдвэрлэхгүй, дүнг нийтэд мэдээлэхгүй байгаа ТАЗ-ийн ТЕГ-ын дэргэдэх салбар зөвлөлийн эс үйлдэхүйг хууль бус болохыг тогтоож, хуралдаанаараа хэлэлцэж, хууль тогтоомжийн дагуу шийдвэрлэж, дүнг нийтэд мэдээлэхийг ТАЗ-ийн ТЕГ-ын дэргэдэх салбар зөвлөлд даалгаж, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх хэсэг “өмнө эрхэлж байсан ажил албан тушаалд эгүүлэн томилохгүй байгаа ТЕГ-ын дарга болон НТГ-ын даргын эс үйлдэхүйг хууль бус болохыг тогтоож, Чингэлтэй дүүргийн Татварын хэлтсийн даргын үүргийг түр орлон гүйцэтгэгчээр эгүүлэн томилохыг даалгаж, ажилгүй байсан хугацааны цалин хөлс гаргуулах, эрүүл мэнд, нийгмийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлэх” шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэжээ.
2. Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020 оны 04 дүгээр сарын 02-ны өдрийн 238 дугаар магадлалаар: Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 11 дүгээр сарын 15-ны өдрийн 803 дугаар шийдвэрийн “Тогтоох” хэсгийн 1 дэх заалтын “...нэхэмжлэлийн шаардлагаас зарим хэсгийг хангаж, ТЕГ-ын 2017 оны 05 дугаар сарын 04-ний өдөр зохион байгуулсан Чингэлтэй дүүргийн Татварын хэлтсийн даргын сул орон тоон дээр зарласан Төрийн жинхэнэ албаны удирдах албан тушаалын сонгон шалгаруулалтын дүнг салбар зөвлөлийн хуралдаанаараа хэлэлцэж шийдвэрлэхгүй, дүнг нийтэд мэдээлэхгүй байгаа ТАЗ-ийн ТЕГ-ын дэргэдэх салбар зөвлөлийн эс үйлдэхүйг хууль бус болохыг тогтоож, хуралдаанаараа хэлэлцэж, хууль тогтоомжийн дагуу шийдвэрлэж, дүнг нийтэд мэдээлэхийг ТАЗ-ийн ТЕГ-ын дэргэдэх салбар зөвлөлд даалгах...” нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож гэж өөрчилж, шийдвэрийн бусад хэсгийг хэвээр үлдээж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нарын давж заалдах гомдлыг хангахгүй орхисон.
Хяналтын журмаар гаргасан гомдол
3. ...Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020 оны 04 дүгээр сарын 02-ны өдрийн 238 дугаар магадлалыг эс зөвшөөрч хуулийг буруу тайлбарлан хэрэглэсэн гэж үзэж хяналтын шатны журмаар гомдол гаргаж байна.
4. Магадлалаар анхан шатны шүүхээс хангаж шийдвэрлэсэн ТЕГ-ын 2017 оны 05 дугаар сарын 04-ний өдөр зохион байгуулсан Чингэлтэй дүүргийн Татварын хэлтсийн даргын сул орон тоон дээр зарласан төрийн жинхэнэ албаны удирдах албан тушаалын сонгон шалгаруулалтын дүнг хуралдаанаараа хэлэлцэж, хууль тогтоомжийн дагуу шийдвэрлэн, нийтэд мэдээлэхийг ТЕГ-ын дэргэдэх төрийн албаны салбар зөвлөлд даалгуулах” нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өөрчлөхдөө Төрийн албаны тухай /2002 оны/ хуулийн 23 дугаар зүйлийн 23.3.2, 23.5, Улсын Их Хурлын 2003 оны 13 дугаар тогтоолоор батлагдсан “Төрийн жинхэнэ албаны удирдах албан тушаалд томилогдох ажилтныг сонгон шалгаруулах журам”-ын 9 дүгээр зүйлийн 32, 35-д заасныг буруугаар тайлбарлаж хэрэглэсэн. Тодруулбал, нэхэмжлэгч түр чөлөө хүсч, хийж байсан ажил үүргээсээ чөлөөлөгдсөн нь төрийн албаны нөөцөд бүртгэх үр дагаврыг үүсгэсэн бөгөөд уг нөөцийн бүртгэл одоог хүртэл хүчинтэй байхад хариуцагчийг буруутгах боломжгүй гэх дүгнэлтийг дээрх хуулийн заалтуудтай холбон тайлбар хийсэн.
5. Гэвч хэрэгт авагдсан нотлох баримт, нэхэмжлэгчийн хүссэн шаардлага нь арай өөр зүйлийг хүссэн байдаг. Өөрөөр хэлбэл ТАЗ-ийн ТЕГ-ын дэргэдэх салбар зөвлөлөөс 2017 оны 5 дугаар сард зарласан Чингэлтэй дүүргийн Татварын хэлтсийн даргын /удирдах ажилтны/ ажлын байрны сонгон шалгаруулалтад нэхэмжлэгч Б.Б нь оролцож хамгийн өндөр оноог авч тэнцсэн нь баримтаар тогтоогддог бөгөөд харин салбар зөвлөл нь тодорхой шалтгааны улмаас, сонгон шалгаруулалтын дүнг салбар зөвлөлийн хуралдаанаар хэлэлцээгүй, шаардлага хангасан иргэнийг төрийн жинхэнэ албан хаагчийн удирдах албан тушаалтны нөөцийн жагсаалтад бүртгэх шийдвэр гаргаагүй, Чингэлтэй дүүргийн Татварын хэлтсийн даргын албан тушаалд томилогдох этгээдийг хууль, журмын дагуу нэр дэвшүүлж, дүнг олон нийтэд мэдээлээгүй нь хууль бус бөгөөд нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчсөн гэж маргасан.
6.Түүнээс бус түр чөлөөлөгдсөн төрийн жинхэнэ албан хаагчийн нөөцийн бүртгэл хүчин төгөлдөр байх, хугацааг төрийн жинхэнэ албан тушаалд томилогдох хүртэл хязгаарлах эсэх” агуулгаар маргаагүй. Төрийн албаны нөөцөд бус, төрийн жинхэнэ албан хаагчийн удирдах албан тушаалтны нөөцөд бүртгүүлэх, нэр дэвшүүлэх, дүнг олон нийтэд мэдээлэхгүй байгаа эс үйлдэхүйг хариуцагч байгууллагаас хэрхэн гаргаагүйг дээрх хуулийн заалтуудтай холбон тайлбарлаагүй, яг яагаад хууль, журамд заасан ажиллагааг хийхийг даалгасан нь буруу болсныг нэхэмжлэгчид ойлгомжтой байдлаар тайлбарлан дүгнээгүй.
7. Анхан шатны шүүхээс үндэслэлтэй, зөв дүгнэлт хийж хариуцагчийн хуулийн дагуу хийгээгүй нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хөндсөн ажиллагаануудыг хууль, журмын дагуу хийхийг хариуцагчид даалгах байдлаар нэхэмжлэгчийн эрхийг сэргээсэн байхад дээрх тайлбарыг хийж нэхэмжлэлийн уг шаардлагыг хэрэгсэхгүй болгосон нь дээр дурдсан журмын холбогдох заалтуудын агуулгатай илт зөрүүтэй нийцээгүй байдлаар хуулийг хэрэглэсэн гэж үзэж байна. Иймд давж заалдах шатны шүүхийн магадлалыг хүчингүй болгож, анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж өгнө үү гэжээ.
ХЯНАВАЛ:
8. Анхан болон давж заалдах шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн байх тул хяналтын шатны шүүхээс хэргийн оролцогчийн хяналтын журмаар гаргасан гомдлоор хязгаарлалгүйгээр шүүхийн шийдвэр, магадлалд дараах үндэслэлээр өөрчлөлт оруулж байна.
9. Нэхэмжлэгч Б.Б-ын “ТЕГ-ын 2017 оны 05 дугаар сарын 04-ний өдөр зохион байгуулсан Чингэлтэй дүүргийн Татварын хэлтсийн даргын сул орон тоон дээр зарласан төрийн жинхэнэ албаны удирдах албан тушаалын сонгон шалгаруулалтын дүнг салбар зөвлөлийн хуралдаанаараа хэлэлцэж, тогтоол гарган, нийтэд мэдээлэхгүй байгаа хариуцагч нарын эс үйлдэхүйг хууль бус болохыг тогтоож, сонгон шалгаруулалтын дүнг хуралдаанаараа хэлэлцэж, хууль тогтоомжийн дагуу шийдвэрлэн, нийтэд мэдээлэхийг ТЕГ-ын дарга болон ТАЗ-ийн ТЕГ-ын дэргэдэх салбар зөвлөлд даалгах шаардлага бүхий нэхэмжлэл гаргах хөөн хэлэлцэх хугацаа өнгөрчээ.
10. Хэдийгээр захиргааны эс үйлдэхүйн хувьд бодитой шийдвэр байхгүй тул Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1-д заасан “...шийдвэрийг мэдэгдсэнээс хойш захиргааны хэргийн шүүхэд 30 хоногийн дотор нэхэмжлэл гаргана...” гэсэн журмыг уян хатан хэрэгжүүлэх шаардлагатай ч нэхэмжлэгчийн хувьд 2017 оны 5 дугаар сарын 04-ний өдөр өгсөн шалгалтын дүнг зарлахгүй, нийтэд мэдээлэхгүй байгаа хариуцагчийн хууль бус эс үйлдэхүйн талаар тухайн үед холбогдох этгээдэд хандаж гомдол, хүсэлтээ гаргах боломжтой байтал уг эрхээ хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр хэрэгжүүлээгүй, 2019 оны 5 сард буюу 2 жилийн дараа шүүхэд нэхэмжлэл гаргаж байгааг Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 54 дүгээр зүйлийн 54.1.8-д заасан “нэхэмжлэл гаргах хөөн хэлэлцэх хугацааг хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр хэтрүүлсэн” гэж үзэхээр байна.
11. Анхан шатны шүүх “...сонгон шалгаруулалтын дүнг салбар зөвлөлийн хуралдаанаар хэлэлцэж баталгаажуулаагүй, нийтэд мэдээлээгүй одоог хүртэл үр дагавар үүсгэсээр буй салбар зөвлөлийн хууль бус эс үйлдэхүйн талаар нэхэмжлэл гаргах эрхийг хөөн хэлэлцэх хугацаагаар хязгаарлах боломжгүй...” гэж дүгнэсэн нь буруу, учир нь Улсын Их Хурлын 2003 оны 13 дугаар тогтоолоор батлагдсан Төрийн жинхэнэ албаны удирдах албан тушаалд томилогдох ажилтныг сонгон шалгаруулах журмын 39-д “Сонгон шалгаруулалтад тэнцсэн иргэнийг удирдах албан тушаалтны нөөцийн жагсаалтад оруулах тухай ТАЗ- буюу Салбар зөвлөлийн шийдвэр 2 жилийн хугацаанд хүчин төгөлдөр байна”, 40-д “Удирдах албан тушаалтны нөөцийн жагсаалтад бүртгэлтэй иргэн өмнөх сонгон шалгаруулалтад өрсөлдсөн албан тушаалын сул орон тоо гарсан тохиолдолд энэ журмын 39-д заасан хугацааны дотор шууд нэр дэвших эрхтэй...” гэж тус тус зааснаас үзвэл нэхэмжлэгчийн шаардах буюу хамгаалагдах эрх нь энэ журамд заасан хугацаагаар хязгаарлагдахаар байна.
12. Өөрөөр хэлбэл, удирдах албан тушаалтны сонгон шалгаруулалтад нэгэнт тэнцэж, нөөцийн жагсаалтад бүртгэгдсэн иргэн ямар нэгэн хугацааны хязгаарлалтгүйгээр тухайн өрсөлдсөн албан тушаалын орон тоо нь сул болсон тохиолдолд хэдийд ч нөөцөөс дэвших эрхтэй бол анхан шатны шүүхийн дүгнэлт зөв байхаар байлаа.
13. Хэдийгээр энэ тохиолдолд нэхэмжлэгчийг удирдах албан тушаалтны нөөцийн жагсаалтад оруулах тухай Төрийн албаны салбар зөвлөлийн шийдвэр гараагүй, энэхүү эс үйлдэхүйтэй маргаж байгаа ч дээр дурдсанчлан нэхэмжлэгч нь тухайн шийдвэрийг гаргуулахаар хариуцагчид хандах боломжтой байтал /2003 оны Төрийн жинхэнэ албаны удирдах албан тушаалд томилогдох ажилтныг сонгон шалгаруулах журмын 44-т заасны дагуу/ хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр уг эрхээ хэрэгжүүлэлгүйгээр 2 жилийн дараа шүүхэд хандаж, өөртөө давуу эрх үүсгэж байгааг /нэхэмжлэлийн шаардлага хангагдсанаар шалгалт өгснөөс хойш 4 жил нөөцөд бүртгэгдэх боломжийг бий болгох/ хүлээн авах боломжгүй юм.
14. Харин давж заалдах шатны шүүх нэхэмжлэлийн уг шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэхдээ “...нэхэмжлэгч түр чөлөө хүсч, хийж байсан ажил үүргээсээ чөлөөлөгдсөн нь төрийн албаны нөөцөд бүртгэх үр дагаврыг үүсгэсэн бөгөөд уг нөөцийн бүртгэл одоог хүртэл хүчинтэй байхад хариуцагчийг буруутгах боломжгүй...” гэх ойлгомжгүй буюу нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлд хамааралгүй дүгнэлтийг хийсэн, энэ талаарх нэхэмжлэгч, түүний өмгөөлөгчийн гомдол үндэслэлтэй /Тодорхойлох хэсгийн 4-6/, гэвч нэгэнт нэхэмжлэл гаргах хөөн хэлэлцэх хугацаа өнгөрсөн тул “давж заалдах шатны шүүхийн магадлалыг хүчингүй болгож, анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж өгнө үү” гэсэн энэ тогтоолын Тодорхойлох хэсгийн 7-д заасан хяналтын журмаар гаргасан гомдлыг хангах үндэслэлгүй.
15. Нэхэмжлэгч болон түүний өмгөөлөгчөөс нэхэмжлэлийн бусад шаардлагыг шийдвэрлэсэн шүүхийн шийдвэр, магадлалд гомдол гаргаагүй /анхан шатны шүүхийн шийдвэрийг хүлээн зөвшөөрсөн/ тул хяналтын шатны шүүхээс дүгнэлт өгөх шаардлагагүй юм.
16. Дээр дурдсан үндэслэлээр шүүх бүрэлдэхүүн анхан болон давж заалдах шатны шүүхийн шийдвэр, магадлалд өөрчлөлт оруулахаар тогтов.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 127 дугаар зүйлийн 127.1, 127.2.2-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 11 дүгээр сарын 15-ны өдрийн 128/ШШ2019/0803 дугаар шийдвэр, Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020 оны 04 дүгээр сарын 02-ны өдрийн 238 дугаар магадлалын 1 дэх заалтыг “Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 54 дүгээр зүйлийн 54.1.8, 109 дүгээр зүйлийн 109.2-т заасныг тус тус баримтлан нэхэмжлэгч Б.Б-ын “ТЕГ-ын 2017 оны 05 дугаар сарын 04-ний өдөр зохион байгуулсан Чингэлтэй дүүргийн Татварын хэлтсийн даргын сул орон тоон дээр зарласан төрийн жинхэнэ албаны удирдах албан тушаалын сонгон шалгаруулалтын дүнг салбар зөвлөлийн хуралдаанаараа хэлэлцэж, тогтоол гарган, нийтэд мэдээлэхгүй байгаа хариуцагч нарын эс үйлдэхүйг хууль бус болохыг тогтоож, сонгон шалгаруулалтын дүнг хуралдаанаараа хэлэлцэж, хууль тогтоомжийн дагуу шийдвэрлэн, нийтэд мэдээлэхийг ТЕГ-ын дарга болон ТАЗ-ийн ТЕГ-ын дэргэдэх салбар зөвлөлд даалгах” нэхэмжлэлийн шаардлагад холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож, уг нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзсугай” гэж өөрчилж, бусад хэсгийг хэвээр үлдээж, нэхэмжлэгч, түүний өмгөөлөгчийн хяналтын журмаар гаргасан гомдлыг хангахгүй орхисугай.
2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т зааснаар нэхэмжлэгчээс тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг төрийн сангийн орлогод хэвээр үлдээсүгэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Ч.ТУНГАЛАГ
ШҮҮГЧ Г.БАНЗРАГЧ