| Шүүх | Хэнтий аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Б.Уранзаяа |
| Хэргийн индекс | 156/2024/00484/И |
| Дугаар | 321/ШШ2025/00701 |
| Огноо | 2025-10-24 |
| Маргааны төрөл | Гэрлэлт цуцалсан, |
Хэнтий аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2025 оны 10 сарын 24 өдөр
Дугаар 321/ШШ2025/00701
| 2025 оны 10 сарын 24 өдөр | Дугаар 321/ШШ2025/00701 |
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Хэнтий аймаг дахь сум дундын шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Б.Уранзаяа даргалж, тус шүүхийн танхимд хаалттай хийсэн хуралдаанаар,
Нэхэмжлэгч: Булган аймгийн ******* сумын 3 дугаар баг, *******р гудамж, ******* тоотод оршин суух, ******* овогт Б*******рын Ре*******
Хариуцагч: Хэнтий аймгийн ******* сумын 2 дугаар баг, ******* дугаар байрны 24 тоотод оршин суух, Б*******н овогт Агийн М
Нэхэмжлэлийн шаардлага: Гэрлэлт цуцлуулж, хүүхдийн асрамж тогтоолгох, гэр бүлийн гишүүдийн хамтран өмчлөх дундын эд хөрөнгө хуваалгах
Сөрөг нэхэмжлэлийн шаардлага: Хүүхдийн асрамж тогтоолгож, дундын эд хөрөнгө хуваалгах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдааны оролцогчид:
Нэхэмжлэгч: Б.Ре*******
Нэхэмжлэгчийн өмгөөлөгч: А.т
Хариуцагч: А.М /цахимаар/
Хариуцагчийн өмгөөлөгч: Д.Гг
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Э.Баярсайхан нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
1.Нэхэмжлэгч Б.Ре******* шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: ...Би эхнэр Мтай 2012 онд танилцаж, 2017 оны 7 дугаар сарын 05-ны өдөр албан ёсоор гэрлэлтээ батлуулж, 2023 оны 2 дугаар сар хүртэл хамтран амьдарсан. Бидний хамтран амьдрах хугацаанд 2017 оны 7 дугаар сарын 09-ний өдөр Р.с, 2020 оны 7 дугаар сарын 12-ны өдөр хүү Р.н нар төрсөн. Бид хамтран амьдарч байх эхний хугацаанд хэрүүл маргаангүй сайхан амьдарч байсан. Бид гэр бүл болсноос хойш Булган аймгийн ******* суманд амьдарч, хүүхдүүд бага байхад эцэг эх маань хажууд тусалж дэмжиж хүүхдүүдийг маань өсгөлцөж амьдарсан. Бид тусдаа амьдрах болсон шалтгаан нь гэр бүлээс гадуурх харилцаанаас үүдэлтэй хэрүүл маргаантай холбоотой буюу эхнэр М гэр бүлээс гадуурх харилцаа үүсгэсэнтэй холбоотой. Энэ бүхнээс болж хэрүүл маргаан үүсгэж, М нь 2023 оны 02 дугаар сард салж Хэнтий аймагруу явсан. Салсан хугацаанаас хойш 2024 оны 08 дугаар сарын 31-ний өдрийг хүртэл том хүү с надтай цуг амьдарч байсан. М хүүтэйгээ уулзмаар байна гээд уулзуултал зөвшөөрөлгүй хүүг маань аваад явсан. Би эцэг хүний хувьд үр хүүхдээ тэгш өсгөн бойжуулах үүрэгтэй, нэгэнт гэр бүлийн харилцаа хөндийрсөн цаашид хамт амьдрахгүй тул том хүүгээ өөрөө авах талаар нэхэмжлэл гаргасан. Бид хамт амьдрах хугацаандаа Булган аймгийн ******* сумын 3 дугаар баг, *******р гудамж, ******* тоотод байрлах 168,8 мкв хувийн сууц, мөн дээрх хаягт байрлах 2138 мкв газар байгаа, энэ эд хөрөнгийг яаж хуваахад би маргахгүй, харин хүү сийг өөрийнхөө асрамжид авч гэрлэлтээ цуцлуулмаар байна.. гэв.
2.Хариуцагч А.М нь шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбар, сөрөг нэхэмжлэлдээ: Бид хоёр албан ёсоор 2017 онд гэрлэлтээ батлуулсан. Биднийг хамтран амьдрах хугацаанд буюу 2017 оны 7 дугаар сарын 09-ний өдөр Р.с, 2020 оны 7 дугаар сарын 12-ны өдөр хүү Р.н нар төрсөн. Хамтран амьдрах хугацаанд буюу 2020 онд Ре******* нь өөрөө гэр бүлээс гадуурх харилцаа үүсгэж, улмаар надад гэр бүлийн хүчирхийлэл үйлддэг болсон. Бага хүүгээ төрүүлээд удаагүй байхад өөр эмэгтэйтэй харилцаа үүсгэж намайг сэтгэл санааны хямралд оруулж байсан. Би нялх хүүхдүүдээ бодоод нөхрөө уучилсан боловч өөр эмэгтэйтэй харилцаагаа үргэлжлүүлээд явж байсныг би 2021 оны 10 дугаар сард мэдсэн. Гэр бүлээс гадуурх харилцаа үүсгээд өөр эмэгтэйтэй байхад нь би барьж байсан. Энэ бүх зүйл өөрчлөгдөхгүй юм байна гэж бодоод би арга буюу салаад Хэнтий аймагтаа ирж амьдрах болсон. Одоо хүүхдүүд маань миний асрамжид байгаа, хүүхдүүдээ өөрөөр авч өсгөж хүмүүжүүлнэ, гэрлэлтээ цуцлуулахыг зөвшөөрч байна. Хүүхдүүдээ өөрийн асрамжид авах тул хуулийн дагуу Ре*******гаас тэтгэлэг гаргуулна, дундын эд хөрөнгө болох ******* суманд байгаа мал, байшингийн үнэ нийт 36,970,000 төгрөг гаргуулна.. гэв.
3. Нэхэмжлэгч талаас дараах нотлох баримтуудыг гаргаж өгсөн байна.
3.1 Нэхэмжлэгчийн иргэний үнэмлэхний хуулбар (хх-ийн 04 хуудас), Булган аймгийн ******* сумын 3 дугаар баг, *******р гудамж ******* тоотод байрлах 2138 мкв талбайтай газрын гэрчилгээний хуулбар (хх-ийн 06 хуудас), мөн хаягт байрлах 168,8 мкв үл хөдлөх эд хөрөнгийн гэрчилгээний хуулбар (хх-ийн 07 хуудас), зохигчийн гэрлэлтийн гэрчилгээний хуулбар (хх-ийн 08 хуудас), хүүхдүүдийн төрсний гэрчилгээний хуулбар (хх-ийн 09-10 хуудас), оршин суудаг тухай Булган аймгийн ******* сумын 3 дугаар багийн Засаг даргын 2024 оны 9 дүгээр сарын 11-ний өдрийн 34 дугаартай тодорхойлолт (хх-ийн 11 хуудас), хүүхдүүд эрүүл өсөж бойжиж байгаа тухай Оюуны шим өрхийн эрүүл мэндийн төвийн тодорхойлолт (хх-ийн 13 хуудас), Арвижих Эстимейт үнэлгээ ХХК-ийн хөрөнгийн үнэлгээний тайлан (хх-ийн 14-30 хуудас), Хэнтий аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны эвлэрүүлэн зуучлагчийн 2023 оны 8 дугаар сарын 06-ны өдрийн 156/НТ2023/00135 дугаартай эвлэрүүлэн зуучлах ажиллагаа дуусгавар болсон тэмдэглэл (хх-ийн 31-32 хуудас)
4. Хариуцагч талаас дараах баримтуудыг ирүүлсэн байна.
4.1 А.Мг ажилд томилсон тухай Хэнтий аймгийн Эрүүл мэндийн газрын даргын 2023 оны 5 дугаар сарын 01-ний өдрийн Б/35 дугаар тушаалын хуулбар (хх-ийн 78 хуудас), мөн ажилд томилох тухай Хэнтий аймгийн Цагдаагийн газрын даргын 2023 оны 11 дүгээр сарын 28-ны өдрийн Б/254 дүгээр тушаалын хуулбар (хх-ийн 78 хуудас), Лэндс үнэлгээ ХХК-ийн хөрөнгийн үнэлгээний тайлан (хх-ийн 137-173 хуудас), Б.Ре*******гийн нэр дээрх малын А дансны хуулга (хх-ийн 175-185 дугаар хуудас) зэрэг баримтууда
5. Шүүхийн журмаар зохигчийн хүсэлтээр дараах баримтууд цугларсан байна. Үүнд
5.1Хэнтий аймгийн Улсын бүртгэлийн хэлтсийн 2024 оны 11 дүгээр сарын 06-ны өдрийн 31/641 дүгээр албан бичгээр ирүүлсэн Б.Ре*******гийн нэр дээрх үл хөдлөх хөрөнгийн лавлагаа (хх-ийн 48-49 хуудас), Хэнтий аймгийн Автотээврийн төвийн 2024 оны 11 дүгээр сарын 20-ны өдрийн 186 дугаар албан бичгээр ирүүлсэн Б.Ре*******гийн нэр дээрх тээврийн хэрэгслийн лавлагаа, Хэнтий аймгийн Хүүхэд гэр бүлийн хөгжил хамгааллын газрын 2024 оны *******р сарын 27-ны өдрийн 504 дүгээр албан бичгээр ирүүлсэн шинжээчийн дүгнэлт (хх-ийн 122-146 хуудас) зэрэг баримтууд авагджээ.
Шүүх зохигчийн тайлбар хэрэгт цугларсан бичгийн баримтыг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ нь:
1.Нэхэмжлэгч Б.Ре******* нь хариуцагч А.М холбогдуулан гэрлэлт цуцлуулж, хүүхдийн асрамж тогтоолгох, дундын эд хөрөнгө хуваалгах тухай нэхэмжлэлийг,
Хариуцагч А.М нь нэхэмжлэгч Б.Ре*******д холбогдуулан хүүхдийн асрамж, тэтгэлэг тогтоолгох дундын эд хөрөнгө хуваалгах тухай сөрөг нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.
Шүүх нэхэмжлэгч, хариуцагч нарын шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбар, хуульд заасан журмын дагуу гаргаж өгсөн бичмэл баримтуудад тулгуурлан дараах үндэслэлээр хэргийг хянан шийдвэрлэв.
Нэг. Гэрлэлт цуцлуулах нэхэмжлэлийн талаар
2.Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1-д зааснаар гэрлэлт цуцлуулах, эд хөрөнгө хуваалгах, мөн хуулийн 34 дүгээр зүйлд заасан тэжээн тэтгүүлэх тухай нэхэмжлэл нь шүүхийн харьяалан шийдвэрлэх маргаан байх тул нэхэмжлэлийг хүлээн авч шийдвэрлэх нь үндэслэлтэй байна.
3.Нэхэмжлэгч Б.Ре******* нь хариуцагч А.Мг гэр бүлээс гадуурх харилцаа үүсгэж, хувийн таарамжгүй харилцаа үүсэх нөхцөл бүрдсэн, 2023 оны 2 дугаар сараас эхлэн тусдаа амьдарсан гэх үндэслэлээр гэрлэлт цуцлуулах нэхэмжлэлийн шаардлага гаргасан ба зохигч шүүх дэх эвлэрүүлэн зуучлагчид хандсан байх тул шүүх нэхэмжлэлийг хүлээн авч иргэний хэрэг үүсгэсэн болно.
4.Нэхэмжлэгч Б.Ре*******, хариуцагч А.М нар нь 2012 онд танилцан гэр бүлийн харилцаатай болж, 2017 оны 7 дугаар сарын 05-ны өдөр албан ёсоор гэрлэлтээ батлуулж, тэднийг хамтран амьдрах хугацаанд буюу 2017 оны 7 дугаар сарын 09-ний өдөр Р.с, 2020 оны 7 дугаар сарын 12-ны өдөр хүү Р.н нар төрж одоо хүүхдүүд эх А.Мгийн асрамжид байгаа болох нь зохигчийн тайлбар, хэрэгт авагдсан гэрлэлтийн гэрчилгээний болон хүүхдийн төрсний гэрчилгээний нотариатаар баталгаажуулсан хуулбар зэрэг нотлох баримтуудаар тогтоогдож байна.
5.Нэхэмжлэгч Б.Ре******* нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ: ...А.М нь гэр бүлээс гадуурх харилцаа үүсгэснээс үүдэн хэрүүл маргаан тасрахгүй болж 2023 оны 02 дугаар сараас эхлэн тусдаа амьдарч байгаа цаашид эвлэрэхгүй тул гэрлэлтийг цуцалж өгнө үү, хүү Р.сийг өөрийнхөө асрамжид үлдээнэ, тэтгэлэг гаргуулахгүй, эд хөрөнгийг хуулийн дагуу хуваалгана ..гэж
Хариуцагч А.М нь нэхэмжлэлийн шаардлагатай холбогдуулан.... Ре******* өөрөө гэр бүлээс гадуурх харилцаа үүсгэсэн, түүнээс болж хэрүүл маргаан гарсан, гэрлэлт цуцлуулахыг хүлээн зөвшөөрч байна, хүүхдүүдээ өөрөө асрамждаа авна, хуулийн дагуу тэтгэлэг гаргуулна, эд хөрөнгө хуваалгана... хэмээн маргааны байр суурь илэрхийлж байна.
6.Гэрлэгчдийн гэрлэлтээ цуцлуулах болсон шалтгаан нь зан харилцааны таарамжгүй байдал, Гэр бүлийн тухай хуулийн 10 дугаар зүйлийн 10.3.-т заасан буюу Гэрлэгчид нь бие биедээ үнэнч байх, хүүхдээ өсгөн хүмүүжүүлэх, гэр бүлийн гишүүд нь бие биеэ халамжлах, хүндэтгэх, хэн нэгнийхээ эрхийг зөрчихгүй, бие биеэ аливаа хэлбэрээр хүчирхийлэхгүй байх үүргээ биелүүлээгүйгээс үүдэлтэй хэрүүл маргаан үүсэж, 2023 оны 02 дугаар сараас тус тусдаа амьдарсан ч эвлэрэн хэлэлцээгүй 2 жил гаран болжээ.
7.Зохигчийн хэн аль нь цаашид хамтын амьдралаа үргэлжлүүлэх боломжгүй гэдгээ илэрхийлсэн, гэр бүлийн харилцаа хөндийрсөн, Гэр бүлийн тухай хуулийн *******р зүйлийн 12.2-т заасан гэр бүл цуцлахад хориглох шалтгаан байхгүй, гэрлэгчид эвлэрэн хэлэлцээгүй тул шүүхээс мөн хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1 дэх хэсэгт зааснаар гэрлэлт сайн дурын харилцаан дээр үндэслэх зарчим, хэргийн нөхцөл байдлыг харгалзан гэрлэлтийг цуцалж шийдвэрлэв.
8.Шүүхийн шийдвэрээр гэрлэгчдийн гэр бүлийн харилцаа дуусгавар болж байгаа ч эцэг, эх нь үр хүүхдийнхээ өмнө хүлээх үүрэг хариуцлага нь Гэр бүлийн тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.4-т эцэг, эх гэрлэлтээ цуцлуулсан тохиолдолд хүүхдээ өсгөн бойжуулах, тэжээн тэтгэх, хүмүүжүүлэх үүрэг хэвээр үлдэнэ, Хүүхдийн эрхийг хамгаалах тухай хуулийн *******р зүйлийн 1-д эцэг эх, асран хамгаалагч, харгалзан дэмжигч хүүхдийн эрүүл мэндийг хамгаалах, амьдрах эрүүл саруул, аюулгүй орчин бүрдүүлэх, нэн шаардлагатай хоол хүнс, орон байр, хувцас тоглоом, бусад шаардлагатай зүйлээр хангах үүрэг хүлээнэ, энэ хуулийн *******р зүйлийн 2-т эцэг эх тусдаа амьдрах болсон, гэрлэлтээ цуцлуулсан нь тэднийг энэ зүйлийн 1 дэх хэсэгт заасан үүргээс чөлөөлөх үндэслэл болохгүй гэж зааснаар хэвээр хадгалагддаг.
Өөрөөр хэлбэл зохигчийн хэн аль нь үр хүүхдийнхээ өмнө хэрэгжүүлэх хуульд заасан эрх үүрэг хэвээр үргэлжлэхийг тайлбарлах нь зүйтэй.
Хоёр. Хүүхдийн асрамжийн талаар
9.Шүүхээс хүүхдийн асрамжийг асуудлыг шийдвэрлэхдээ хүүхэд эцэг эхийнхээ хэнд нь илүү ээнэгшин дассан байдал, хүүхдийн хүмүүжилд эерэгээр нөлөөлөх, чадвар, ёс суртахууны болон хувийн зан чанар, боловсролын түвшин, ажил эрхлэлт, хүүхэдтэй харилцаа холбоотой байдал, цалин хангамж, хүүхдийн боловсрол хүмүүжилд анхаарч буй байдал хүүхдийн ёс суртахууны болон биеийн хөгжилд цаг зав гаргах боломж зэрэг бүхий л байдлыг хангалзан үзэж хэргийг хянан шийдвэрлэдэг.
10.Энэ нь Хүүхдийн эрхийн конвенцийн 3 дугаар зүйлийн 1-д Хүүхдийн талаар аливаа ажил явуулахдаа ...шүүх ...эн тэргүүнд хүүхдийн эрх ашгийг дээд зэргээр хангахад анхаарал хандуулна, Хүүхдийн эрхийг хамгаалах тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.2-т Төр, иргэн, хуулийн этгээд үйл ажиллагаа явуулахдаа хүүхдийн язгуур эрхийг эн тэргүүнд хангахыг эрхэмлэж, хүүхэд эсэн мэнд амьдрах, хөгжих, хамгаалуулах, нийгмийн амьдралд оролцох эрхийг тэгш хангах гэж тус тус заасан зарчимд нийцнэ.
11.Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.7-д зааснаар хүүхдийн асрамжийн асуудлыг шийдвэрлэхдээ 7 ба түүнээс дээш насны хүүхдийн саналыг харгалзан үздэг ба 2025 оны 4 дүгээр сарын 17-ны өдөр хүү сийн саналыг асуухад ..ээжтэйгээ хамт байна.. гэдгээ илэрхийлсэн байна.
12.Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.5.-т Гэрлэгчид гэрлэлт цуцлах үед хүүхдээ хэний асрамжид үлдээх, түүнийг болон хөдөлмөрийн чадваргүй эхнэр, нөхрөө тэжээн тэтгэх, хамтран өмчлөх дундын эд хөрөнгөө хуваах тухайгаа бие даан, эсхүл эвлэрүүлэн зуучлалын журмаар харилцан тохиролцож болно гэж заажээ.
13.Мөн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад шинжээчээр томилогдсон Хэнтий аймгийн Хүүхэд, гэр бүлийн хөгжил, хамгааллын газрын дүгнэлтэд:
.хүү Р.с, Р.н нарыг зохигчийн хэн аль нь асран хүмүүжүүлэх боломжтой, хүүхдийг асрамждаа авсан тал Хүүхдийн эрхийн тухай хуулийн 10 дугаар зүйл, Хүүхэд хамгааллын тухай хуулийн 5 дугаар зүйл, Гэр бүлийн тухай хуулийг хэрэгжүүлэхийг үүрэг болгох зүйтэй хэмээн дүгнэжээ.
14.Нэхэмжлэгч Б.Ре******* нь том хүү Р.сийг өөрийнхөө асрамжид авах нэхэмжлэлийн шаардлага гаргаж, хариуцагч А.М нь маргааны байр сууриа илэрхийлж 2 хүүхдээ өөрийнхөө асрамжид үлдээнэ хэмээн мэтгэлцсэн.
15.Шүүхийн хэлэлцүүлэгт хуульд заасан эрхийнхээ хүрээнд зохигч хүү Р.с, Р.н нарыг эх А.Мгийн асрамжид үлдээхээр эвлэрсэн, хариуцагч А.М нь хүүхдүүдээ өөрийнхөө асрамжид үлдээхэд зан суртахууны харшлах шалтгаан тогтоогдоогүй, ажил хөдөлмөр эрхэлдэг зэрэг байдлыг харгалзан түүний асрамжид үлдээхээр шийдвэрлэв.
Хүүхдүүд ээжийнхээ асрамжид үлдэж байгаа хэдий ч эцгийн зүгээс хүүхдүүдтэйгээ хэдийд ч чөлөөтэй уулзах эрхтэй, хүүхдүүд эцэг эхийнхээ хэн нэгэнтэй байх тухай үзэл бодлоо илэрхийлэх эрхтэй, хүүхдийн эрх ашигт сөргөөр нөлөөлөхгүй бол хариуцагч А.Мгийн зүгээс хязгаарлалт тогтоож болохгүй болно.
Гурав. Хүүхдийн тэтгэлэг тогтоолгох нэхэмжлэлийн талаар
16.Монгол Улсын Үндсэн хуулийн 17 дугаар зүйлийн 2, Гэр бүлийн тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.2.2-т зааснаар эцэг, эх нь үр хүүхдээ асран хамгаалах, тэжээн тэтгэх үүрэгтэй юм.
Нэхэмжлэгч зохигч тусдаа амьдарсан, гэр бүлийн харилцаа хөндийрсөн хэдий ч хүүхдээ асрамждаа аваагүй тал буюу нэхэмжлэгч Б.Ре******* хуульд заасны дагуу үр хүүхдээ тэжээн тэтгэх үүрэгтэй тул Гэр бүлийн тухай хуульд заасан хувь, хэмжээгээр хүүхдийг эцгээр нь тэжээн тэтгүүлэх нь зүйтэй.
Иймд Гэр бүлийн тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.1, 38.3, 38.5-д зааснаар эцэг эх үр хүүхдээ тэжээн тэтгэх үүрэгтэй тул хүү Р.с, Р.н нарыг эцэг Б.Ре*******гаар сар бүр тэжээн тэтгүүлэхээр шийдвэрлэв.
17.Хүүхдийн тэтгэлэгийг Гэр бүлийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.1, 40.1.2-т заасан хэмжээгээр буюу 11 нас хүртэл тухайн бүс нутагт тогтоогдсон амьжиргааны доод түвшингийн 50 хувиар, 1-16 нас /суралцаж байгаа бол 18 нас/-тай болон насанд хүрсэн боловч хөдөлмөрийн чадваргүй хүүхдэд амьжиргааны доод түвшингийн хэмжээгээр тэжээн тэтгүүлэх нь зүйтэй.
Дөрөв. Гэр бүлийн гишүүдийн хамтран өмчлөх дундын эд хөрөнгийн талаар
18.Нэхэмжлэгч Б.Ре******* нь Булган аймгийн ******* сумын 3 дугаар баг *******р гудамж ******* тоотод байрлах 2138 мкв газар, 168,8 мкв хувийн орон сууцыг хуваалгахад татгалзахгүй гэх ба хариуцагч А.Мгийн хувьд мал, байшин газар зэргийг оролцуулах гэр бүлийн гишүүдийн хамтран өмчлөх дундын эд хөрөнгөнөөс өөрт болон хүүхдүүдэд ногдох хувь үл хөдлөх хөрөнгийн 61,493,930 төгрөг, малаас 36,970,000 төгрөгийг гаргуулна хэмээн шаардлага гаргасан.
Зохигч эд хөрөнгийн маргааны асуудлаар дараах байдлаар эвлэрэн хэлэлцэв. Үүнд
Шүүх хуралдааны явцад зохигч эд хөрөнгийн асуудлаар нэхэмжлэгч Б.Ре******* нь хариуцагч А.М болон хүүхдүүддээ 40,000,000 /дөчин сая/ төгрөгийг өгч, хэн аль нь бусад шаардлагаасаа татгалзаж эвлэрэн хэлэлцсэн тул эд хөрөнгийн асуудлаар тэдгээрийн эвлэрлийн хүрээнд шийдвэрлэсэн болно.
19.Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад зохигч эд хөрөнгийн асуудлаар болон хүүхдүүдийн асрамжийн асуудлаар эвлэрэн хэлэлцсэн тул шинжээчийн зардлыг зохигч талаас хувь тэнцүүлэн гаргуулах нь зүйтэй.
20.Нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 415,200 төгрөг, хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 253,200 төгрөгийг тус тус улсын орлогод хэвээр үлдээж, зохигчийн хэн алины зарим нэхэмжлэлийн шаардлага хангагдаж, хэн аль нь зарим нэхэмжлэлийн шаардлагаас татгалзсан тул нэхэмжлэгч Б.Ре*******гаас 126,750 төгрөг гаргуулан хариуцагчид, хариуцагчаас 207,500 төгрөг гаргуулан нэхэмжлэгчид олгох нь зүйтэй.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116, 118, 132 дугаар зүйлийн 132.6-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1.Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1-д зааснаар ******* овогт Б*******рын Ре*******, Б*******н овогт Агийн М нарын гэрлэлтийг цуцалсугай.
2. Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.5, 14.6-д зааснаар 2017 оны 7 дугаар сарын 05-ны өдөр төрсөн хүү Ре*******гийн с, 2020 оны 7 дугаар сарын 12-ны өдөр төрсөн хүү Ре*******гийн н нарыг эх А.Мгийн асрамжид үлдээсүгэй.
3. Гэр бүлийн тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.1, 38.3, 38.5, 40 дүгээр зүйлийн 40.1.1, 40.1.2-т зааснаар хүү Р.с, Р.н нарыг 11 нас хүртэл тухайн бүс нутагт тогтоогдсон амьжиргааны доод түвшингийн 50 хувиар, 11-16 нас /суралцаж байгаа бол 18 нас/-тай болон насанд хүрсэн боловч хөдөлмөрийн чадваргүй хүүхдэд амьжиргааны доод түвшингийн хэмжээгээр эцэг Б.Ре*******гаар сар бүр тэжээн тэтгүүлсүгэй.
4.Гэр бүлийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2-т зааснаар хариуцагчаас гаргуулах хүүхдийн тэтгэлэгийн хэмжээ түүний цалин хөлс, түүнтэй адилтгах орлогын 50 хувиас хэтэрч болохгүйг дурдсугай.
5.Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.5-д зааснаар зохигчид эд хөрөнгийн маргааны асуудлаар нэхэмжлэгч Б.Ре******* нь хариуцагч А.М болон 2 хүү Р.с, Р.н нарт 40,000,000 /Дөчин сая/ төгрөгийг өгөхөөр эвлэрч, нэхэмжлэгч хариуцагч хэн аль нь бусад эд хөрөнгө хуваалгах шаардлагаасаа татгалзсныг дурдсугай.
6.Гэр бүлийн тухай 26 дугаар зүйлийн 26.2, 26.4, 26.6-д зааснаар эцэг эх гэрлэлтээ цуцлуулсан хэдий ч хүүхдээ эрүүл чийрэг өсгөж, хүмүүжүүлэх сэтгэхүйн хувьд зан төлвийг төлөвшүүлэх тэжээн тэтгэх хүүхдээ үндэсний соёл заншил уламжлалаа дээдлэх үзлээр хүмүүжүүлэх суурь боловсрол эзэмшүүлэх хөдөлмөрийн анхны дадлага олгох зэрэг эцэг, эхийн үүрэг зохигчдын хувьд хэвээр үлдэх болохыг тайлбарлаж, хүүхдийн эрх ашигт сөргөөр нөлөөлөхгүй бол эцэг эхийн хэн нэг нь нөгөөдөө хуулиар хүлээсэн үүрэгт саад учруулахгүй байхыг зохигчид тайлбарласугай.
7. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т зааснаар нэхэмжлэгч Б.Ре*******гийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 415,200 төгрөг, хариуцагч А.Мгаас улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 215,300 төгрөгийг тус тус улсын орлогод хэвээр үлдээж, нэхэмжлэгч Б.Ре*******гаас 126,750 төгрөг гаргуулан хариуцагч А.Мичидимаад, хариуцагч А.Мгаас 207,500 төгрөг гаргуулан нэхэмжлэгч Б.Ре*******д тус тус олгосугай.
8.Хүүхдийн эрхийн тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.3-т зааснаар хүүхэд эцэг эхтэйгээ амьдрах, тэдний анхаарал халамжид байх, эцэг эхээсээ буюу хэн нэгнээс нь тусдаа амьдрах үед тэдэнтэй байнгын харилцаатай байх, эцэг, эх нь гэрлэлтээ цуцлуулсан, тусдаа амьдрах үед хэнтэй нь амьдрах тухай үзэл бодол, саналаа илэрхийлэх эрхтэй болохыг дурдсугай.
9. Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.9-д зааснаар шийдвэрийн хувийг хүчин төгөлдөр болсноос хойш ажлын 3 өдрийн дотор гэрлэлтийг бүртгэсэн Иргэний бүртгэлийн байгууллагад хүргүүлэхийг шүүгчийн туслах Г.Батсүрэнд даалгасугай.
10. Шинжээчийн зардлыг зохигчоос хувь тэнцүүлэн гаргуулсугай.
11. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2-т зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд мөн хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нь уг шийдвэрийг эс зөвшөөрвөл гардаж авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Хэнтий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй, зохигчид хуульд заасан хугацааны дотор шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Б.УРАНЗАЯА