| Шүүх | Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Батжаргал Батзориг |
| Хэргийн индекс | 2302001890029 |
| Дугаар | 2025/ДШМ/1156 |
| Огноо | 2025-09-25 |
| Зүйл хэсэг | 20.7.1., |
| Улсын яллагч | Б.Ариунтөр |
Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2025 оны 09 сарын 25 өдөр
Дугаар 2025/ДШМ/1156
2025 09 25 2025/ДШМ/1156
Д.Н-д холбогдох
эрүүгийн хэргийн тухай
Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Ц.Мөнхтулга, даргалж, шүүгч Д.Мөнхөө, шүүгч Б.Батзориг нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:
прокурор Б.Ариунтөр,
шүүгдэгч Д.Н-, түүний өмгөөлөгч Г.Энхболд,
нарийн бичгийн дарга Э.Буяндэлгэр нарыг оролцуулан,
Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхийн 2025 оны 07 дугаар сарын 29-ний өдрийн 2025/ШЦТ/1877 дугаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч шүүгдэгч Д.Н-гийн гаргасан давж заалдах гомдлоор түүнд холбогдох 2302001890029 дугаартай эрүүгийн хэргийг 2025 оны 08 дугаар сарын 26-ны өдөр хүлээн авч, шүүгч Б.Батзоригийн илтгэснээр хянан хэлэлцэв.
Б- овгийн Д-ий Н-, ..........,/РД:........./, урьд
- Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 5 дугаар сарын 25-ны өдрийн 2021/ШЦТ/347 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17:3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 700 цаг нийтэд тустай ажил хийлгэх ял,
- Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 3 дугаар сарын 23-ны өдрийн 226 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3, 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 2 жилийн хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял тус тус шийтгүүлсэн.
Шүүгдэгч Д.Н- нь 2023 оны 5 дугаар сарын 14-ний өдөр НҮБ-ын 1971 оны сэтгэцэд нөлөөлөх бодисын тухай конвенцын II жагсаалтад багтсан метамфетамин (methamphetamine)-ийн агууламжтай “мөс” гэх нэршилтэй, 0,0812 грамм цэвэр жинтэй хориглосон сэтгэцэд нөлөөт бодисыг өөрийн түр оршин суух Хан-Уул дүүргийн 3 дугаар хороо, 10 дугаар байрны *** тоотод худалдаалах зорилгогүйгээр хууль бусаар хадгалсан гэмт хэрэгт холбогджээ.
Нийслэлийн прокурорын газраас: Д.Н-гийн үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.
Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүх: Шүүгдэгч Д.Н-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хориглосон сэтгэцэд нөлөөт бодисыг худалдаалах зорилгогүйгээр хууль бусаар хадгалсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1 жилийн хорих ял шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Д.Н-д оногдуулсан хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдпүүлэхээр шийдвэрлэжээ.
Шүүгдэгч Д.Н- давж заалдах гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...миний бие анхан шатны шүүхээс 1 жилийн хугацаагаар хорих ялаар шийтгүүлсэн ба өөрийн гэм буруу дээрээ маргахгүй, маш ихээр гэмшиж байна. Би 73 настай эмэг эхийгээ асран хамгаалж хамт амьдардаг бөгөөд “******” ХХК-нд түлшний нярав албан тушаалд ажиллаж, ажил хөдөлмөр эрхэлж байгаа билээ. Миний бие дахин гэмт хэрэгт холбогдохгүйгээр хувийн сахилга баттай байж, ажил хөдөлмөр эрхэлж, өндөр настай эмэг эхээ асран хамгаалах учир надад хорихоос өөр төрлийн ял шийтгэж өгнө үү. ...” гэв.
Шүүгдэгч Д.Н-гийн өмгөөлөгч Г.Энхболд шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “... Шүүгдэгчийн гаргасан давж заалдах гомдлыг дэмжиж байна. 2 дугаар хавтаст хэргийн 48 дугаар талд “******” ТББ-ийн тодорхойлтоор шүүгдэгч Д.Н- нь хүүхдийн төлөө сайн үйлсийн аяныг хийдэг гэсэн тодорхойлолт, мөн шинээр гаргаж өгсөн баримтад “******” ХХК-тай хөлсөөр ажиллах гэрээг 2025 оны 03 дугаар сард байгуулж ажил хөдөлмөр эрхлэж байсан. Энэ талаарх нотлох баримт буюу нийгмийн даатгалийн шимтгэл төлж байсан талаарх лавлагааг давж заалдах шатны шүүхэд гаргаж өгсөн. Мөн шүүгдэгч Д.Н- нь өндөр настай эмээгийн хамт амьдардаг. Түүний эмээ нь эрүүл мэндийн хувьд муу байгаа ба энэ талаарх баримтыг мөн адил давж заалдах шатны шүүхэд гаргаж өгсөн. Шүүгдэгч Д.Н- нь өөрийн үйлдсэн гэм бурууг хүлээн зөвшөөрсөн бөгөөд 2023 онд гэмт хэрэгт холбогдсоноос хойш дахин гэмт хэрэг холбогдоогүй. Мөн бусдад ямар нэгэн байдлаар төлөх төлбөргүй бөгөөд 2 сарын хугацаагаар цагдан хоригдож байх хугацаандаа өөрийнхөө үйлдсэн үйлдлийг ухамсарлаж, маш их харамсаж байгаагаа илэрхийлсэн. Мөн энэ төлийн гэмт хэрэг нь хөнгөн төрлийн гэмт хэрэг юм. Өөрөөр хэлбэл, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.6 дугаар зүйлийн 2 дахь заасан хөнгөн төрлийн гэмт хэрэг бөгөөд сонгох санкцтай. Иймээс шүүгдэгчийн хувийн байдал болон гэм буруугаа хүлээн зөвшөөрч ухамсарлаж байгаа болон бусад нөхцөл байдлыг харгалзаж үзээд хорихоос өөр төрлийн ял буюу зорчих эрхийг хязгаарлах ял оногдуулж өгнө үү. Мөн Эрүүгийн хуулийн ерөнхийн ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч нь гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, хохирол төлбөрөө төлсөн, хохирол төлбөргүй тохиолдолд эрх зүйн байдлыг дээрдүүлнэ гэж заасан.” гэв.
Прокуро Б.Ариунтөр шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “... Шүүгдэгч болон түүний өмгөөлөгчийн гаргасан гомдол, тайлбартай танилцлаа. Шүүгдэгчээс гэм буруугийн талаар маргаагүй, зөвхөн эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлж өгнө үү гэж давж заалдах гомдол гаргасан байх тул дараахь тайлбар, дүгнэлтийг гаргаж байна. Шүүгдэгчийн үйлдсэн гэмт хэргийн нийгмийн хор аюулын хэр хэмжээ, гэмт хэрэг үйлдэгдсэн нөхцөл байдал болон хувийн байдал зэргийг харгалзан үзэж шүүгдэгч Д.Н-д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1 жилийн хугацаагаар хорих ял оногдуулсан шүүхийн шийдвэр, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал болон гэмт хэргийн шинжид тохирсон байна. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлд заасан мансууруулах, сэтгэцэд нөлөөт бодисыг хууль бусаар ашиглах гэмт хэрэг нь олон нийтийн аюулгүй байдалд ноцтой хор хохирол учруулж болохуйц буюу бусад хөнгөн ангилалд хамаарах гэмт хэрэгтэй харьцуулахад нийгмийн хор аюул ихтэй бөгөөд дотоодын төдийгүй Олон Улсын эрх зүйн хэм хэмжээгээр энэхүү бодисын хор хөнөөлөөс хүн амын эрүүл мэнд удмын санг хамгаалах хөтөлбөл болгон хэрэгжүүлж ирсэн нь энэхүү бодисын хууль бус хэрэглэлтийг таслан зогсоохыг чиглэсэн бодлогын илрэл юм. Өөрөөр хэлбэл, сэтгэцэд нөлөөт бодисын хууль бус хэрэглээтэй тэмцэхийн тулд энэ төрлийн гэмт хэрэгт оногдуулах ял шийтгэл, албадлагын арга хэмжээний төрлийг шүүх сонгон хэрэглэхдээ тус гэмт хэргээс болж учирч болох хохирол хор уршгийн хэр хэмжээ, түүний шинж чанарыг зайлшгүй харгалзаж үздэг. Иймээс анхан шатны шүүхээс хорих ялыг сонгож оногдуулсан. Мөн шүүгдэгчийн зүгээс 73 настай эмэг эхтэйгээ хамт амьдардаг нөхцөл байдлыг харгалзаж үзнэ үү гэсэн. Гэтэл хэрэг болох үе буюу 2023 оны 05 дугаар сарын 14-ний өдөр шүүгдэгч нь өөрийн эмэгтэй эхтэй биш Хан-Уул дүүргийн нутаг дэвсгэрт түр оршин сууж байсан буюу өөрийн эмээгээс хол амьдарч байсан нөхцөл байдал харагддаг. Мөн хэрэгт авагдсан гэрч нарийн мэдүүлгээр шүүгдэгчийн хувийн байдал бүрэн харагддаг. Үнэхээр өндөр настай эмэг эхдээ санаа зовдог байсан бол эмэг эхээ харж хандаад байж байх ёстой байтал сэтгэцэд нөлөөт бодисыг хууль бусаар хадгалж байсан нөхцөл байдал нь түүний давж заалдах гомдол гаргасан үндэслэлтэй нийцэхгүй байгаа бөгөөд хэрэгт өөр нөхцөл байдал тогтоогдсон. Иймд анхан шатны шүүхээс шүүгдэгч Д.Н-д 1 жилийн хугацаагаар хорих ял оногдуулж шийдвэрлэсэн нь хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх тул шүүгдэгч болон түүний өмгөөлөгчөөс гаргасан гомдлыг хэрэгсэхгүй болгож, анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж өгнө үү.” гэв.
ТОДОРХОЙЛОХ нь:
Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгчийн гаргасан давж заалдах гомдолд заасан асуудлаар хязгаарлахгүйгээр хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг хянаж үзлээ.
гэрч Ш.З-гийн “… 2023 оны 05 дугаар сарын 14-ний өдөр … 21 цагийн үед Н- руу яриад их соних ээдэрч яриад байхаар нь “чи юм хэрэглээд байгаа юм уу” гэж асуусан чинь “тийм” гэсэн. Би “чи одоо болиоч” гэхэд Н- “би энд байгаа юмнаас жаахныг аваад гэрт очъё, хүрээ ир” гэсэн. Тэгэхээр нь би О-, Ц- нартай 23 цагийн үед Н-гийн түрээсэлж байгаа байранд очиход Н-д жаахан мөс байсан ба бид 4 тэрийг нь хэрэглэсэн. Хэрэглээд дуусаж байхад хаалга тогшихоор нь онгойлгосон чинь цагдаа нар байсан. Мөсийг нь бол Н- авчирсан. Үлдсэн зүйлийг нь би мэдэхгүй. … ” /1хх 122-129/,
гэрч Ц.Ц-ы “… би угаалгын өрөөнд толгойгоо угаагаад гараад ирэхэд О-, З-, Н- гурав “мөс” гэх мансууруулах бодис хэрэглэж байсан бөгөөд би бас хэрэглэсэн. Хэсэг хугацааны дараа О- надад “хоёулаа салхилангаа манай найз Ш-тай очоод уулзаад ирье” гэхээр нь би зөвшөөрөөд гараад явж байтал орцны үүдэнд цагдаа нартай таараад бид хоёрыг баривчилсан. …” /1хх 132/,
гэрч И.О-ын “… бид нарыг хамт байхад З-гийн найз Н- дуудсан. Бид нар Н-гийнд очсон. Н- мөс гэх нэршилтэй мансууруулах, сэтгэцэд нөлөөлөх бодис хэрэглээд байж байсан. Ц-, З- бид 3 хамт хэрэглэсэн. … Н-гийн гэрт орох үед мөс, хэрэглэх хэрэглүүрүүд байсан. Гэрээс нь хурааж авсан мөсийг Н- гаргаж ирсэн. …” /1хх 134-135/,
гэрч В.А-гийн “… З-, Н- хоёртой хамт мөс гэх мансууруулах бодис хэрэглэж байсан. З-, Н- хоёр хамт амьдраад хамт яваад мөс олдог байсан. Хаанаас яаж мөс олдог байсан эсэхийг мэдэхгүй. 2023 онд Монгол улсад буцах хүртлээ З-, Н- хоёр нилээн хэдэн удаа мөс гэх мансууруулах бодисыг хэрэглэсэн. Н-д мөс өгсөн зүйл байхгүй. …” /1хх 143-148/,
Д.Н-гийн яллагдагчаар өгсөн “… тэгээд А- надад гялгар ууттай 0.5 грамм мөсийг цахилгаан жингээр жинлэж өгсөн. Тэрийг нь би аваад таксинд суугаад гэртээ очиход З-, О-, Ц- 3 манай гэрт сууж байсан. … тэгээд бид 4 миний авч очсон мөсийг тарианы шилэнд хийж хувааж хэрэглэж дуусгасан. …” /1хх 204-206/ гэсэн мэдүүлгүүд,
мэдүүлгийг газар дээр нь шалгасан “Д.Н- нь өгсөн мэдүүлэгтээ “би 23 цагийн үед А-гийн 1 дүгээр хороололд байдаг гэрт очиж А-гээс мөс гэх нэршилтэй 0.8 грамм жинтэй уутанд хийсэн мансууруулах бодис авсан. Би тэрийг зааж өгч чадна. …” /1хх 115-117/ тэмдэглэл,
Шүүхийн шинжилгээний ерөнхий газрын шинжээчийн 2023 оны 05 дугаар сарын 30-ны өдрийн 2346 дугаартай “… Шинжилгээнд ирүүлсэн … Н- … гэж хаягласан шээс тус бүрээс метамфетамин /Methamphetamine/ илрэв. Метамфетамин /Methamphetamine/ нь НҮБ-ын 1971 оны “Сэтгэцэд нөлөөлөх бодисын тухай” конвенцид багтдаг болно.” /1хх 180-182/,
2023 оны 06 дугаар сарын 09-ний өдрийн 2344 дугаартай “… “2” гэж дугаарласан мөс мэт зүйлийн гялгар ууттай жин нь 1.5225 грамм, цэвэр жин нь 0.0812 грамм, шинжилгээнд дээж авч үлдсэн жин нь 0.0759 грамм болов. … Бор өнгийн зүйлээр бохирлогдсон шилэн зүйлтэй улаан өнгийн таглаатай хуванцар сав, улаан өнгийн асаагуур мэт зүйл, улаан өнгийн соруул, шар өнгийн соруул, бор өнгийн зүйлээр бохирлогдсон шил мэт зүйл, 2 гэж дугаарласан гялгар ууттай цагаан өнгийн нунтаг мөс мэт зүйл тус бүрээс метамфетамин илэрсэн.” /1хх 174-177/,
Шүүх сэтгэц эмгэг судлалын 2023 оны 10 дугаар сарын 12-ны өдрийн 788 дугаартай “Д.Н- нь сэтгэцийн ямар нэгэн өвчнөөр өвчилж байсан гэх баримт үгүй байна. … Д.Н- нь сэтгэц нөлөөт бодисоос хамааралтай болсон гэх шинж, баримт одоогоор үгүй байна. Д.Н- нь одоо сэтгэцийн ямар нэгэн өвчингүй байна. Д.Н- нь сэтгэцийн хувьд мэдүүлэг өгөх чадвартай байна.” /1хх 186-187/ гэх дүгнэлтүүд,
нэгжлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /1хх 28-33/,
хүний биед үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /1хх 36-39/,
гэмт хэргийн талаарх гомдол мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /1хх 25/, дансны хуулганд үзлэг хийсэн тэмдэглэл /1хх 80/ зэрэг хэрэгт авагдаж, анхан шатны шүүхийн шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар тус тус нотлогдон тогтоогджээ.
Хэрэгт авагдсан нотлох баримтууд нь гэмт хэргийн үйл баримтыг бүрэн тогтоосон, хоорондоо эргэлзээ үүсгээгүй байх ба тэдгээрийг хууль бус гэж үзэх үндэслэл тогтоогдсонгүй.
3. Анхан шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгчийн гэм бурууг хянан хэлэлцэж, шүүх хуралдаанаар шинжлэн судлагдсан дээрх нотлох баримтуудад хууль зүйн дүгнэлт хийн шүүгдэгч Д.Н-г хориглосон мансууруулах эм, сэтгэцэд нөлөөлөх бодисыг худалдаалах зорилгогүйгээр хууль бусаар хадгалсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсон нь хэргийн бодит байдалд нийцжээ.
Шүүгдэгч Д.Н-гийн хориглосон мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодисыг бусдад худалдан борлуулах зорилгогүйгээр гэртээ хадгалж байсан үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчлэн Эрүүгийн хуулийг зөв тайлбарлан хэрэглэсэн байх ба шүүгдэгч нь өөрийн үйлдсэн гэмт хэргийн зүйлчлэл, гэм буруугийн асуудлаар маргаагүй болно.
4. Гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцогдсон этгээдэд шүүх эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн этгээдийн хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан үзэж хууль зүйн дүгнэлтийг хийдэг.
Эрүүгийн хуулийн 20.7 дугаар зүйлд заасан мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодисыг хууль бусаар ашиглах гэмт хэрэг нь олон нийтийн аюулгүй байдалд ноцтой хор хохирол учруулж болохуйц буюу бусад хөнгөн ангилалд хамаарах гэмт хэрэгтэй харьцуулахад нийгмийн хор аюул харьцангуй ихтэй бөгөөд дотоодын төдийгүй олон улсын эрх зүйн хэм хэмжээгээр энэхүү бодисын хор хөнөөлөөс хүн амын эрүүл мэнд, удмын санг хамгаалахад чиглэсэн хууль тогтоомж, хөтөлбөр боловсруулан хэрэгжүүлж ирсэн нь энэхүү бодисын хууль бус эргэлттэй тэмцэх, таслан зогсооход чиглэсэн бодлогын илрэл юм.
Өөрөөр хэлбэл, энэхүү гэмт хэрэгт оногдуулах ял шийтгэл, албадлагын арга хэмжээний төрөл, хэмжээг шүүх сонгон хэрэглэхдээ тус гэмт хэргийн улмаас учрах, учирч болох хохирол, хор уршгийн хэр хэмжээ, түүний шинж чанарыг зайлшгүй харгалзах учиртай.
Анхан шатны шүүх шүүгдэгч Д.Н-д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1 жилийн хугацаагаар хорих ял шийтгэж, уг ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр тогтоосон нь гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, шүүгдэгчийн хувийн байдал, гэм бурууд тус тус тохирсон гэж давж заалдах шатны шүүх дүгнэж, “ялыг хөнгөрүүлэх” агуулга бүхий шүүгдэгч Д.Н-гийн гаргасан давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгов.
5. Харин Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зорилт нь гэмт хэргийг шуурхай, бүрэн илрүүлэх, гэмт хэрэг үйлдсэн хүн, хуулийн этгээдийг олж тогтоон шударгаар ял оногдуулах, гэм буруугүй хэнийг ч гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцохгүй байх, хүний эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хамгаалах, зөрчигдсөн эрхийг сэргээхэд оршино” гэсэн шуурхай шийдвэрлэх зорилтыг ханган ажиллах үүрэгтэй.
Мөн хуулийн 1.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “мөрдөгч, прокурор нотлох баримтыг тал бүрээс нь бүрэн бодитойгоор шалгаж тогтоох үүрэгтэй” гэж заасан бөгөөд хуульд заасан энэхүү үүргээ хэрэгжүүлсний эцэст хэргийг шүүхэд шилжүүлж, шүүгдэгчийн гэм буруугийн асуудлыг шийдвэрлүүлэх ёстой байтал тус үүргээ биелүүлж чадаагүй хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг тодорхойгүй байдлаар хэт удаашруулж, 2025 онд шүүхэд шилжүүлж байгаа нь эрүүгийн хариуцлагын асуудлыг шийдвэрлэхэд шударга ёсны зарчим, хууль ёсны зарчим, гэм буруугийн зарчмыг алдагдуулж байна гэж үзэхээр байна.
Тодруулбал, шүүгдэгч Д.Н- нь урьд Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 03 дугаар сарын 23-ны өдрийн 226 дугаартай шийтгэх тогтоолоор оногдуулсан 2 жилийн хугацаагаар зорчих эрх хязгаарлах ялаар шийтгүүлсэн байх боловч уг хугацаанд дахин гэмт хэрэгт холбогдсон нөхцөл байдал тогтоогдож байна.
Өөрөөр хэлбэл, ял шийтгэл эдэлж байх хугацаандаа буюу 2023 оны 05 дугаар сарын 14-ний өдөр дахин гэмт хэрэгт холбогдож, 2023 оны 11 дүгээр сарын 21-ний өдрийг хүртэл хугацаанд мөрдөн шалгах ажиллагааг хийж дуусгасан байх боловч ямар шалтгааны улмаас 2025 оны 01 дүгээр сарын 14-ний өдөр Д.Н-д холбогдуулан эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татах тухай мөрдөгчийн саналыг прокурорт хүргүүлж ажиллагааг удаашруулсан нь ойлгомжгүй байх ба энэ хугацаанд шүүгдэгч нь 2 жилийн хугацаагаар зорчих эрх хязгаарлах ялаа эдэлж дуусан талаарх /2025.04.25-нд дууссан/ шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагын тогтоол хэрэгт авагдсан нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.9 дүгээр зүйлд заасан зохицуулалтыг хэрэгжүүлэх боломжгүй нөхцөл байдалд хүргэсэн болохыг дурдах нь зүйтэй.
Иймд дээр дурдсан үндэслэлээр анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, шүүгдэгч Д.Н-гийн гаргасан “хорихоос өөр төрлийн ял оногдуулах” талаарх давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт “...Шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээсэн, эсхүл өөрчилсөн тохиолдолд ял шийтгүүлсэн этгээдэд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээний хугацааг ял эдлэх хугацаанд оруулж тооцно...” гэсний дагуу шүүгдэгч Д.Н-гийн 2025 оны 07 дугаар сарын 29-ний өдрөөс 2025 оны 09 дүгээр сарын 25-ны өдрийг хүртэл нийт 58 хоног цагдан хоригдсоныг түүний ял эдлэх хугацаанд нь оруулан тооцов.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтыг удирдлага болгон ТОГТООХ нь:
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Ц.МӨНХТУЛГА
ШҮҮГЧ Д.МӨНХӨӨ
ШҮҮГЧ Б.БАТЗОРИГ