| Шүүх | Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Азуйсэдийн Мөнхзул |
| Хэргийн индекс | 181/2016/00426/И |
| Дугаар | 210/МА2018/00430 |
| Огноо | 2018-02-09 |
| Маргааны төрөл | Гэм хор учруулснаас гаргуулсан эрүүл мэндийн хохирол, |
Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2018 оны 02 сарын 09 өдөр
Дугаар 210/МА2018/00430
| 2018 02 09 | 210/МА2018/00430 |
Г.Хосчимэг, Г.Амин-Эрдэнэ нарын нэхэмжлэлтэй
иргэний хэргийн тухай
Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Ерөнхий шүүгч Ж.Оюунтунгалаг даргалж, шүүгч Г.Даваадорж, А.Мөнхзул нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар
Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 04 дүгээр сарын 10-ны өдрийн 181/ШШ2017/01014 дугаар шийдвэртэй,
Нэхэмжлэгч Г.Хосчимэг, Г.Амин-Эрдэнэ нарын нэхэмжлэлтэй, хариуцагч Ч.Ядмаад холбогдох
Гэм хорын хохиролд 64 183 266 төгрөг гаргуулах нэхэмжлэлтэй хэргийг хариуцагчийн давж заалдах гомдлыг үндэслэн, шүүгч А.Мөнхзулын илтгэснээр хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Сэнгээ, Э.Гантулга, хариуцагч Ч.Ядмаа, хариуцагчийн өмгөөлөгч Г.Ганцэцэг, А.Энхтүвшин, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Чинхүслэн нар оролцов.
Нэхэмжлэгч Г.Хосчимэг болон Г.Амин-Эрдэнийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан тайлбарт: Хариуцагч Ч.Ядмаа нь 2015 оны 08 сарын 08-ны өдрийн 16 цагийн орчим Сонгинохайрхан дүүргийн 18 хороо 1 дүгээр хороолол 14,16 дугаар байрны орчим Г.Хосчимэгийг охины хамт явж байхад машинаараа дайрч, хохирол учруулсан. Эхнэр, охин хоёроо бүтэн жилийн хугацаанд эмнэлгээр эмчлүүлж байгаа боловч эрүүл мэндийн байдал сайжрахгүй, Г.Хосчимэг үнэрлэх, амтлах мэдрэмжгүй болж, охин Г.Амин-Эрдэнийн толгой нь өвдөж, хэл ярианы хөгжилгүй болсон. Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн дүгнэлтээр, манай улсад оношлогоо эмчилгээ хийх боломжтой ч эмчилгээний үр дүн нь анагаах ухааны өндөр хөгжилтэй орнуудын түвшинд хүрэхгүй гэсэн. Тиймээс гадаад улсад эмчилгээ хийлгэх зайлшгүй шаардлагатай байгаа тул Г.Хосчимэг, охин Г.Амин-Эрдэнэ нарын эмчилгээнд шаардлагатай зардлыг Иргэний хуулийн 228 дугаар зүйлийн 228.4-т заасны дагуу гаргуулахаар шаардаж байна. Үүнд:
1.Г.Хосчимэгийн эмчилгээ оношлогооний зардал 7767 ам.доллар, 1 өдрийн ор хоногийн төлбөр 180 ам.долллар буюу 10 хоногийн 1800 ам.доллар, онгоцны зардал 959.900 төгрөг,
2.Г.Амин-Эрдэнийн эмчилгээ оношлогооний зардал 7767 ам.доллар, 1 өдрийн ор хоногийн төлбөр 180 ам.доллар, 10 хоногийн 1800 ам.доллар, онгоцны зардал 75.000 төгрөг,
З.Гантулга /сахиур/, 1 өдрийн ор хоногийн төлбөр 180 ам.доллар, 10 хоногийн 1800 ам.доллар, онгоцны зардал 959 900 төгрөг,
4.Бүрэнзаяа /сахиур/, 1 өдрийн ор хоногийн төлбөр 180 ам.доллар, 10 хоногийн 1800 ам.доллар, онгоцны зардал 959 900 төгрөг, 1 ам.долларыг 2452 төгрөгөөр тооцоход нийт 58 698 468 төгрөг,
5.Ч.Ядмаад холбогдох эрүүгийн хэргийг 2016 оны 02 сарын 22-ны өдрийн №2-608 дугаартай Улсын дээд шүүхийн тогтоолын дагуу эцэслэн шийдвэрлэсэн ба Г.Хосчимэг болон охин Г.Амин-Эрдэнэ нар 2015 оны 11 сарын 15-ны өдрөөс хойш эмчилгээнд зарцуулсан бодит зардал 2 220 798 төгрөг,
6. Г.Хосчимэг 2015 оны 08 сарын 08-ны өдрөөс 2017 оны 01 сарын 08-ны өдөр хүртэл 17 capын хугацаанд олох байсан орлого буюу цалин хөлсөнд тооцон хөдөлмөрийн хөлсний доод хэмжээ болох 192 000 төгрөгөөр тооцож 3 264 000 төгрөг, нийт 64 183 266 төгрөгийг Ч.Ядмаагаас гаргуулахаар шүүхэд хандсан. Эмчийн бичсэн жорын дагуу эм, тариа авч байсан тухай нотлох баримтууд болон Солонгос улсад эмчлүүлэхэд шаардагдах мөнгөн төлбөрийн баримтуудыг хэрэгт нотлох баримтаар өгсөн. Иймд нэхэмжлэлийг хангаж шийдвэрлэж өгнө үү гэжээ.
Хариуцагч Ч.Ядмаагийн шүүхэд гаргасан тайлбарт: Сонгинохайрхан дүүргийн 18 дугаар хорооны 14, 16 дугаар байрны завсрын гудамжны зам байгууламж нь замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хуулийн 3.1.4-т заасантай нийцсэн ТЭЗ 4-н машин явдаг, явган хүн явахад зориулагдсан нэг чиглэлийн урсгалтай байнга машин явдаг замаар 2015 оны 08 сарын 08-ны өдөр би машин жолоодож явахад замын хойд буланд байрлалтай дэлгүүр, дэлгүүрийн зүүн буланд том оврын машин зогсож зам халхалсан үед дэлгүүрийн зүүн булангаар зүүн гар тийш эргэхэд машин явдаг зам дагуу Г.Хосчимэг хүүхдээ тэврээд явж байсан. Тэр мөчид би тоормос гишгэж машиныг зогсоож аюулгүй байдлыг хангах ёстой байсан боловч сандран цочирдож хааз гишгэж хурдаа нэмж явган зорчигч Г.Хосчимэгийг мөргөсөн. Г.Хосчимэг дүрмээр заагдсан иргэний үүргээ биелүүлж явган хүнд зориулагдсан замаар явалгүй, машин зам дагаж явсан нь осол гарах үндсэн шалтгаан болсон. Г.Хосчимэг замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хуулийн 13.2.1, 54.4, замын хөдөлгөөний дүрмийн 3.1, 3.6, 3.9-Б, 16.1 дэх заалтыг зөрчсөн байх ба ослын хохирлын төлбөрийг хохирогч, хариуцагч тавь тавин хувиар хариуцах үндэслэлтэй. Эрүүгийн хэрэгт авагдсан баримтаар нийт 3 876 030 төгрөг нэхэмжилснээс нотлох баримтын шаардлага хангасан 3 675 950 төгрөгийг Ч.Ядмаа төлсөн байх тул хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Э.Гантулга нь Г.Хосчимэг, Г.Амин-Эрдэнэ нарыг БНСУ-д явуулж оношилгоо, анхан шатны эмчилгээ, эмчилгээний өрөө, хоёр хохирогч, хоёр асрагчийн хамт, онгоцны зардал, 3 том хүн, хоёр талын онгоцны зардал, нэг хүүхэд нийт 2 490 000 төгрөгийг Ч.Ядмаагаас нэхэмжилсэн нь шүүхэд хэргийг хянан шийдвэрлэхэд гагцхүү нотлох баримт, бодит тооцоонд үндэслэн үнэнийг тогтоодог зарчимтай нийцэхгүй гэж шүүх хурлаар тогтоосон. Нэхэмжлэгч Г.Хосчимэгийн 2016 оны 07 сарын 04-ний өдрийн Сүхбаатар дүүргийн шүүхэд ирүүлсэн нэхэмжлэл нь Э.Гантулгын нэхэмжлэлтэй ижил учир үндэслэлгүй гэж үзэж байна.
Г.Хосчимэгийн нэхэмжлэлд хавсаргасан эмнэлэгийн бичиг баримт, 2015 оны 8 сард гарсан шинжээчийн дүгнэлт, гэрэл зураг одоо хүчингүй болсон. Эрүүгийн хэрэгт авагдсан 6 ширхэг хуурамч баримтаар 155 л бензиний үнэ 258 000 төгрөг илүү төлүүлснийг Г.Хосчимэгээр буцааж төлүүлэх хүсэлтэй байна. Г.Хосчимэг, Г.Амин-Эрдэнэ нарын 2015 оны 11 сарын 15-ны өдрөөс хойш эмчилгээнд зарцуулсан 2 220 798 төгрөг нь шүүхийн 2015 оны 08 сарын 14-ний өдрийн акт болон гэмтэл согог судлалын үндэсний төвийн мөн өдрийн гэмтлийн дүгнэлтэд хамааралгүй гэжээ.
Шүүх: Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 505 дугаар зүйлийн 505.1, 505.2 дахь хэсэгт зааснаар хариуцагч Ч.Ядмаагаас 58 808 002 төгрөг гаргуулж нэхэмжлэгч Г.Хосчимэг, Г.Амин-Эрдэнэ нарт олгож, нэхэмжлэлийн шаардлагаас 5 375 264 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгж,
Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсэгт зааснаар улсын тэмдэгтийн хураамжид Ч.Ядмаагаас 451 990 төгрөгийг гаргуулж улсын орлогод оруулж шийдвэрлэжээ.
Хариуцагч Ч.Ядмаа давж заалдах гомдолдоо: Тус шүүх хэрэг маргааныг 2017 оны 04 дүгээр сарын 10-ны өдрийн 181/ШШ2017/01014 тоот шийдвэрээр шийдвэрлэсэн байх бөгөөд миний бие шийдвэр гарсан талаар 2017 оны 10 дугаар сард шүүхийн шийдвэр гүйцэтгэх албанаас мэдсэн. Учир нь миний бие шүүх хуралд 20 минут хоцорсон тул намайг хуралд оруулаагүй би буцсан юм. Гэтэл надаас 58 сая төгрөг гаргуулахаар шийдвэрлэсэн байна. Миний бие 2015 онд автомашины осол хийж Г.Хосчимэг, Г.Амин-Эрдэнэ нарт гэмтэл учруулсан бөгөөд шүүхээс хохирлыг барагдуулсан, мөн өндөр настай гэж үзэж надад 3 жилийн хугацаанд тэнсэн харгалзах ял оноосон. Үүнээс хойш хохирогчид эрүүл мэндээ БНСУ-д эмчлүүлэх шаардлагатай гэж ор хоног, Солонгос улс руу ирж очих зардалд олон сая төгрөгийг удаа дараа нэхэмжилсээр өдийг хүрсэн. Миний хувьд осол хийсэндээ гэмшиж, өөрийн болгоомжгүй хийсэн үйлдэлдээ үнэлэлт дүгнэлт өгч, тухайн үед гарсан эрүүл мэндийн зардлыг бүрэн төлж барагдуулсан бөгөөд цаашид гарсан эрүүл мэндийн төлбөрийг төлөхийг ойлгож ухаарч байгаа. Гэтэл шүүх намайг оролцуулалгүй хэргийг шийдвэрлэхдээ бодитой гарсан зардал бус зөвхөн ирээдүйд гарах зардал буюу хэт өндөр төлбөрийг гаргуулахаар шийдвэрлэсэнд гомдолтой байна.
Миний хувьд одоо 80 настай ганцаараа амьдардаг. Хань минь 1988 онд нас барсан ба бид ганц хүүхэдтэй байсан ч эрт залуугаараа нас барж үр хүүхэд үлдээгээгүй. Надад эцэг өөртэй 60 гарсан ганц эмэгтэй дүү байдаг ч бид харилцаа холбоогүй өөрөөр хэлбэл одоо надад түших хань ижил, үр хүүхэд хамаатан садан байхгүй. Надад байгаа ганц хөрөнгө бол Сүхбаатар дүүргийн 4-р хороонд байрлах 16 м.кв 1 өрөө байр юм. Гэтэл дээрх шийдвэр гарснаар шийдвэр гүйцэтгэх албанаас миний орон гэрийг битүүмжилж дуудлага худалдаанд оруулж, борлогдохгүй бол 58 сая төгрөгийн төлбөрт шууд тооцон нөгөө талд өгөхөөр болж байгаа нь 80 настай хөгшин би насны эцэст орох оронгүй гудамжинд гарах болж байна. Иймд шүүхийн шийдвэрийг хүчингүй болгон нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгон шийдвэрлэж өгнө үү гэжээ.
ХЯНАВАЛ:
Шүүх талуудын хоорондын маргааныг шийдвэрлэхдээ хэргийн үйл баримтын талаар үндэслэл бүхий дүгнэлт хийж, нотлох баримтыг тухайн хэрэгт хамааралтай талааснь үнэлж, хэрэглэвэл зохих хуулийг зөв тайлбарлан хэрэглэсэн байна.
Нэхэмжлэгч Г.Хосчимэг, Г.Амин-Эрдэнэ нар хариуцагч Ч.Ядмаад холбогдуулан гэм хорын хохиролд 64 183 266 төгрөг гаргуулахаар нэхэмжилснийг хариуцагч эс зөвшөөрч маргажээ.
Хариуцагч Ч.Ядмаа нь 2015 оны 08 дугаар сарын 08-ны өдөр 18 цаг 10 минутын орчимд Сонгинохайрхан дүүргийн 18 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Лха мөнгөн булаг хүнсний дэлгүүрийн зүүн талд өөрийн эзэмшлийн Сузуки маркийн 82-35 УНБ улсын дугаартай автомашиныг жолоодож явахдаа нэхэмжлэгч Г.Хосчимэг, Г.Амин-Эрдэнэ нарыг мөргөж, бие махбодид нь хүнд зэргийн гэмтэл учруулсан, хохирогч Г.Хосчимэг, Г.Амин-Эрдэнэ нарын эрүүл мэндэд учирсан гэм хорын хохиролд 3 675 950 төгрөг төлсөн болох нь Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2015 оны 11 дүгээр сарын 27-ны өдрийн 1117 дугаар шийтгэх тогтоол, Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн 2016 оны 01 дүгээр сарын 07-ны өдрийн 00009 дугаар магадлал, зохигчдын тайлбар, хэрэгт авагдсан бусад бичгийн баримтаар тогтоогдож байна.
Хэргийн баримтаар нэхэмжлэгч нарын эрүүл мэндэд учирсан гэм хорын хэмжээ, хариуцагчийн хууль бус үйлдлийн хоорондох шалтгаант холбоо тогтоогдож байх тул хариуцагч нь Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 505 дугаар зүйлийн 505.1, 505.2 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч нарын эрүүл мэндэд учруулсан гэм хорыг хариуцан арилгах үүрэгтэй.
Нэхэмжлэгч Г.Хосчимэг, Г.Амин-Эрдэнэ нар осол гарснаас хойш хэд хэдэн удаа эмнэлэгт хэвтэн эмчилгээ хийлгэж байгаа нь эмчийн үзлэгийн тэмдэглэл, эмнэлгийн магадлагаа зэргээр тогтоогдож байхын зэрэгцээ хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад шинжээчээр томилогдсон Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2017 оны 01 дүгээр сарын 25-ны өдрийн 171 А тоот шинжээчийн дүгнэлтэд Г.Хосчимэгийн биед одоогоор тархины хүнд гэмтлийн дараах их тархины зүүн тал бөмбөлгийн дух чамархайн эдийн тархи зөөлрөл болон уйланхайжилт өөрчлөлт, зүүн дух чамархай хэсгийн тархины эдийн хатингаршил, үнэрлэх мэдрэлийн хатингаршил, сонсгол бууралт, тархины гэмтлийн дараах сэтгэцийн эмгэг болох өмнөх ойгүйдэл үүссэн,
171 В дугаартай шинжээчийн дүгнэлтэд Г.Амин-Эрдэнийн биед гавал тархины гэмтлийн дараахь үлдэц, хэл сэтгэхүйн хоцрогдол үүссэн. Гэмтлийн дараах үлдэц хүндрэл хүүхдэд бүрэн илэрч дуусаагүй, цаашид ч үлдэц эмгэг байдлууд нэмэгдэж илэрнэ гэж дүгнэжээ. Тэрээр Г.Хосчимэг, Г.Амин-Эрдэнийн биед учирсан эмгэг байдлуудын явцыг хянаж, нарийвчилсан оношилгоо, нөхөн сэргэх эмчилгээ хийх шаардлагатай. Монголд оношилгоо эмчилгээ хийх боломжтой ч эмчилгээний үр дүн нь анагаах ухааны өндөр хөгжилтэй орнуудын түвшинд хүрэхгүй гэж үзсэн байна.
Иргэний хуулийн 228 дугаар зүйлийн 228.4 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгч нар цаашид гарах эмчилгээний зардал буюу БНСУ-ын эмнэлэгт оношлогоо, эмчилгээнд хамрагдах зардлыг хариуцагчаас шаардах эрхтэй.
Шүүх хэргийн 4-5 дугаар талд авагдсан оношилгоо шинжилгээний урьдчилсан төлбөрийн бичиг гэх баримт, зохигчдын тайлбар, эмчилгээ болон хохирлын баримт зэргийг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1, 40.2 дахь хэсэгт заасны дагуу үнэлж, хохирогчийн эрүүл мэндийг нь хэвийн байдалд оруулахтай холбоотой зардлыг хариуцагч төлөх үүрэгтэй гэж үзсэнийг буруутгах үндэслэлгүй.
Шүүх 2 нэхэмжлэгчийн эмчилгээ, оношлогооны зардалд /7767 ам.доллар *2/ 15 534 ам.доллар, ор хоногийн төлбөрт /180 ам.доллар*2*10хоног/ 3600 ам.доллар, 1 сахиурын ор хоногын төлбөрт /180 ам.доллар*10/ 1800 ам.доллар, нэхэмжлэгч Г.Хосчимэг болон 1 сахиурын замын зардалд тус бүр 959 900 төгрөг, нэхэмжлэгч Г.Амин-Эрдэнийн замын зардалд 75 000 төгрөг, эм, эмчилгээний зардал 2 220 798 төгрөг, ажилгүй байсан хугацааны нөхөн төлбөрт 3 264 000 төгрөг нийт 58 830 281 төгрөгийг гаргуулахаар тооцоолсон байна. Иймд хариуцагчийн бага насны хүүхдийн замын зардлыг том хүний зардлаар тооцоолсон гэх гомдол үндэслэлгүй байна.
Нэхэмжлэгч тал эм, эмчилгээний зардалд 2 220 798 төгрөг гаргуулахаар шаардсан бөгөөд хариуцагч нь нэхэмжлэгч нарын эмчилгээний зардлыг үгүйсгэсэн тайлбараа Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.6 дахь хэсэгт зааснаар баримтаар нотлоогүй, энэ талаар гаргасан гомдлыг хангахгүй.
Хариуцагч нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хэргийн баримттай танилцаж, гарын үсэг зурсан баримт хэргийн 42, 232, 239 дүгээр талд авагдсан байх тул энэ үндэслэлээр шүүхийг хэргийн оролцогчийн хуулиар олгосон эрхийг зөрчсөн гэж үзэхгүй. Түүнчлэн 2017 оны 04 дүгээр сарын 10-ны өдрийн 09:00 цагт товлогдсон шүүх хуралдаанд хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр хоцорсон, шүүх хариуцагчийн эзгүйд хэргийг шийдвэрлэсэн нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.3 дахь хэсэгт зааснтай нийцсэн байна.
Дээр дурдсан үндэслэлээр хариуцагчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхиж, шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 04 дүгээр сарын 10-ны өдрийн 181/ШШ2017/01014 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4-т зааснаар хариуцагчийн давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 451 990 төгрөгийг улсын төсвийн орлогод үлдээсүгэй.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө ирж гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.
ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Ж.ОЮУНТУНГАЛАГ
ШҮҮГЧИД Г.ДАВААДОРЖ
А.МӨНХЗУЛ