| Шүүх | 2025 - Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүх |
|---|---|
| Шүүгч | Д.Ганболд |
| Хэргийн индекс | 191/2025/10090/И |
| Дугаар | 191/ШШ2026/00905 |
| Огноо | 2026-01-14 |
| Маргааны төрөл | Худалдах-худалдан авах болон арилжааны гэрээ, |
2025 - Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн Шийдвэр
2026 оны 01 сарын 14 өдөр
Дугаар 191/ШШ2026/00905
| 2026 01 14 | 191/ШШ2026/00905 |
|
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн шүүгч Д.Ганболд даргалж, тус шүүхийн танхимд хийсэн хуралдаанаар,
Нэхэмжлэгч: *******,*******,*******, өөрийн байр хаягт оршин байрлах “*******” ХХК /рд:*******/-ийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: *******,*******,*******,******* тоотод оршин байрлах “” ХХК /рд:/-д холбогдох
2,156,389,260 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн төлөөлөгч Г., хариуцагчийн төлөөлөгч Б., шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Тогтуунжаргал нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
1. Нэхэмжлэгч “*******” ХХК нь шүүхэд гаргасан нэхэмжлэл, багасгасан шаардлага, түүний төлөөлөгч Г. нь шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Манай “Хүртийн Нуруу” ХХК нь “” ХХК-тай 2024 оны 03 дүгээр сарын 08-ний өдөр “Нефтийн бүтээгдэхүүн худалдах, худалдан авах” №КВD-2024-03-WZ дугаартай гэрээгээр Ховд аймгийн Дарви сумын нутагт орших Хөшөөтийн уурхайд Дизель түлш нийлүүлсэн.
Гэрээний дагуу бид тухайн бүтээгдэхүүнийг нийлүүлж ирсэн ба сүүлийн Дизель түлш үлдэгдэл төлбөр болох 1.272.475.650 төлбөрийг өнөөдрийг хүртэл огт төлөөгүй байна.
Мөн 2024 оны 03 дүгээр сарын 08-ний өдөр “Нефтийн бүтээгдэхүүн худалдах, худалдан авах” №КВD-2024-03-\Л/2 дугаартай гэрээний 4.2-д зааснаар “Хэрэглэгч нь төлбөр тооцоог заасан хугацаанд төлөөгүй тохиолдолд хугацаа хэтэрсэн хоног тутамд үлдэгдэл үнийн дүнгийн 0,3 хувьтай тэнцэх хэмжээний алдангийг нийлүүлэгч байгууллагад төлнө” гэсэн заалтын дагуу тооцоход өнөөдрийн байдлаар 883,913,610 төгрөгийн алданги үүссэн.
“Хүртийн Нуруу” ХХК -ний компани зүгээс төлбөрийн тооцоог удаа дараа шаардсан боловч танай компани ямар нэгэн албан ёсны хариу мэдэгдэл өгөөгүйн улмаас шүүхийн журмаар шийдвэрлүүлэхээр хандаж байна.
Иймд “Сино Хайдро Корпорейшн Монголиа” ХХК-аас 2024 оны 03 дүгээр сарын 08-ний өдөр ‘Нефтийн бүтээгдэхүүн худалдах, худалдан авах” №КВD-2024-03-\/\/2 дугаартай гэрээгээр Дизель түлш нийлүүлсний үлдэгдэл төлбөр болох 1.272.475.650 төгрөгийг, мөн гэрээнд заасан алданги 883.913.610 төгрөгийг тус тус нийт 2.156.389.260 төгрөгийг гаргуулж өгнө үү.
1.1. Г. миний бие тус шүүхэд хянан шийдвэрлэх ажиллагаа явагдаж буй “Хүртийн Нуруу” ХХК-ний нэхэмжлэлтэй хариуцагч “” ХХК-д холбогдох Дизель түлш нийлүүлсний үлдэгдэл төлбөр болох 1.272.475.650 төгрөгийг, мөн алданги 883.913.610 төгрөгийг тус тус нийт 2.156.389.260 төгрөгийг гаргуулах иргэний хэрэгт нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөр оролцож байна.
Миний бие дараах байдлаар нэхэмжлэлийн шаардлагыг дүнг багасгаж байна.
1. Дизель түлш нийлүүлсний үлдэгдэл төлбөр болох 1.272.475.650 төгрөгөөс 917,626,650 төгрөгөөр багасгаж байна. Учир нь хариуцагч “” ХХК нь 2025.10.31-ний өдөр дээрх мөнгийг төлсөн. Иймд үлдэгдэл 354.849.000 төгрөгийг гаргуулах,
2. 2024 оны 03 дүгээр сарын 08-ний өдөр “Нефтийн бүтээгдэхүүн худалдах, худалдан авах” №КBD-2024-03-\Л/2 дугаартай гэрээний 4.2-д зааснаар “Хэрэглэгч нь төлбөр тооцоог заасан хугацаанд төлөөгүй тохиолдолд хугацаа хэтэрсэн хоног тутамд үлдэгдэл үнийн дүнгийн 0,3 хувьтай тэнцэх хэмжээний алданги авах эрхтэй ба Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.4-т зааснаар нийт алданги болох 883.913.610 төгрөгөөс 247.675.785 төгрөгөөр багасгаж, нийт дүн гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн алданги болох 636,237,825 төгрөгийг гаргуулах,
Иймд хариуцагч “” ХХК-аас нийт 982,086,825 төгрөгийг нэхэмжилж байна.
1.2. 2025.10.3-нд нэхэмжлэл гаргасан. 2024.3.8-нд байгуулагдсан гэрээгээр дизель түлш нийлүүлсний үлдэх төлбөр 1,272,475,650 төгрөг гаргуулна. Мөн алданги 883,913,610 төгрөг нийт 2,156,389,260 гаргуулна. Үндэслэл нь Ховд аймгийн үйл ажиллагаа явуулж байгаа уурхайд түлш нийлүүлсэн. Нэхэмжлэгч нь гэрээнд зааснаар нийлүүлсэн. 2024 оны 12 сард 3,300 тонн, мөн 2025 оны 2 сард 3,300 тонныг нийлүүлсэн. Өмнө нь бас нийлүүлсэн. Сүүлд нийлүүлсэн төлбөрийг хүлээсэн. Уулзалт хийсэн боловч амжилтад хүрээгүй тул шүүхэд хандсан. Нэхэмжлэл гаргасны дараа гэрээний төлбөрийг төлсөн. Үүнтэй холбоотойгоор 917,626,650 төгрөгийн үндсэн төлбөрийг төлсөн. Иймд нэхэмжлэлийн шаардлага багасгасан. Үүнийг хасаад үндсэн төлбөрийг багасгаж байгаа юм. Гэрээний алданги нь 50 хувиас хэтрэхгүй гэж байгаа тул 636,237,825 төгрөг гаргуулна.
Төлбөр төлснөөр НӨАТ шивэгддэг. Төлөөгүй тохиолдолд шивэх боломжгүй. Бид төлсөн дээр нь шивэгдэж байгаа юм. Төлбөрөө төлбөл шивж өгнө. Цахимаар баримтыг өгсөн бөгөөд хэрэгт баримтгүй гэв.
2. Хариуцагч “” ХХК нь шүүхэд гаргасан тайлбар, түүний төлөөлөгч Б. нь шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “*******” ХХК-ийн нэхэмжлэлийг Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхээр дамжуулан хүлээн авлаа. Үүнтэй холбогдуулан бид уг асуудалд гүнээ харамсаж, гэнэтийн зүйл гэж үзэж байна. Иймд энэхүү хэрэгтэй холбоотой бодит байдал болон манай байр суурийг дараах байдлаар илэрхийлж байна. Үүнд,
1. Хоёр тал хамтын ажиллагаа тогтоосноос хойш манай байгууллага нь нэхэмжлэгч болох “*******” ХХК-тай байгуулсан хамтын ажиллагааг үргэлж өндөр түвшинд анхаарч, үнэнч шударга, харилцан ашигтай хамтын ажиллагааны зарчмыг баримтлан бүх үүргээ идэвхтэй биелүүлж ирсэн бөгөөд мөн төлбөр төлөх үүргээ тууштай биелүүлсээр ирсэн болно. 2025 оны 9 дүгээр сарын 17-ны өдөр манай байгууллагаас илгээсэн албан бичгээр 2025 оны 10 дугаар сарын эцэс гэхэд 917,626,650 төгрөгийн эхний төлбөрийг бүрэн шилжүүлэхээр амласан болно. Харин үлдэгдэл 354,849,000 төгрөгийн төлбөрийн хувьд манай байгууллага “үлдэгдэл дизель түлшээр тооцоо хийх” шийдлийг санал болгосон бөгөөд энэ нь төлбөрийн асуудлыг хурдан шийдвэрлэхээс гадна, хоёр талын бодит ашиг сонирхлыг харгалзан үзсэн, харилцан ашигтай шийдэл болохыг онцолж байна.
2. Одоогийн байдлаар дээр дурдсан 2025 оны 10 дугаар сарын эцсийн төлбөр төлөх хугацаа хараахан болоогүй байгаа бөгөөд манай байгууллага төлбөрийн хөрөнгийг бүрдүүлэх ажлыг төлөвлөсний дагуу хэрэгжүүлж байна. Манай байгууллага нь амласны дагуу төлбөрийн үүргээ бүрэн биелүүлэх чадавхтай, шийдвэртэй байгаа болно. Ийм нөхцөлд, төлбөрийн хугацаа дуусаагүй байхад нэхэмжлэгч тал шууд шүүхэд нэхэмжлэл гаргасан нь хоёр талын урт хугацааны хамтын ажиллагааны явцад бий болсон итгэлцлийн үндсийг зөрчиж, мөн бизнесийн хамтын ажиллагаанд баримтлах ёстой харилцан ашигтай, уян хатан байх зарчимд харшилж байна. Энэ нь цаашдын хамтын ажиллагааг тогтвортой, үргэлжлүүлэн хөгжүүлэхэд сөргөөр нөлөөлөх үйлдэл юм.
З. Мөн хоёр талын байгуулсан “Газрын тосны бүтээгдэхүүн худалдах, худалдан авах гэрээ” (гэрээний дугаар КВD-2024-03-\У2)-ний 3.3 дугаар заалтад зааснаар: “Б тал нь сар бүрийн 30 (эсвэл 31)-ний өдөр тухайн сар бүр А талд борлуулсан дизель түлшний хэмжээг нарийвчлан тооцож, төлбөрийн нэхэмжлэх, нэмэгдсэн өртгийн албан татварын баримт болон бусад санхүүгийн баримтыг бэлтгэн, дараа сарын 3-ны дотор цахим хэлбэрээр А талд хүргүүлэх үүрэгтэй.”
Гэрээний уг заалтын дагуу “*******” ХХК нь (нэхэмжлэгч тал) эхлээд манай байгууллагад нийт үнийн дүнгийн 10%-д ногдох НӨАТ-ын баримтыг хүргүүлсний дараа манай байгууллага компанийн санхүүгийн дотоод журам болон гэрээний заалтын дагуу төлбөрийн процессыг эхлүүлэх боломжтой болно. Гэвч өнөөгийн байдлаар, манай байгууллага танай компанийн гаргах ёстой НӨАТ-ын баримтыг хүлээн аваагүй байна.
Манай байгууллага нь нэхэмжлэгч “*******” ХХК барааны төлбөрийн асуудалд анхаарал хандуулж буйг бүрэн ойлгож байна. Мөн одоогийн нөхцөл байдлаас үүдэн “*******” ХХК-д учирсан хүндрэлтэй байдалд гүнээ хүлцэл өчиж байна. Хоёр талын олон жилийн хамтын ажиллагааны хүрээнд бий болсон итгэлцэл, үр дүнг хамгаалах үүднээс, манай байгууллага нэхэмжлэгчийг энэхүү нэхэмжлэлээ буцаан татахыг хүндэтгэн хүсэж байна.
Манай байгууллага 2025 оны 9 дүгээр сарын 17-ны өдөр илгээсэн албан бичгийн дагуу 2025 оны 10 дугаар сарын эцэс гэхэд 917,626,650 төгрөгийн эхний төлбөрийг хугацаанд нь бүрэн шилжүүлж, үлдэгдэл 354,849,000 төгрөгийн төлбөрийг “дизель түлшээр тооцох” шийдлийн хүрээнд “*******” ХХК-тай дахин зөвшилцөж, талууд харилцан хүлээн зөвшөөрөх нэмэлт гэрээ байгуулахын төлөө ажиллана. Бид нэхэмжлэгч тал хамтын ажиллагааны эрх ашгийг тэргүүнд тавьж, манай байгууллагатай хамтран тулгарсан хүндрэлтэй асуудлыг шийдвэрлэх хүсэл эрмэлзэлтэй байна гэж найдаж байна.
Найрсгаар хэлэлцэж, харилцан ойлголцлын замаар асуудлыг шийдвэрлэх нь шүүхийн маргаанаар шийдвэрлэхээс илүү үр ашигтай, урт хугацаанд хоёр талд харилцан ашигтай үр дүн авчрах хамгийн зөв арга зам мөн гэдэгт бид итгэлтэй байна.
2.1. Нэхэмжлэгчтэй гэрээ байгуулаад үүнээс хойш олон удаа шатахуун худалдан авсан. Үйл ажиллагаа хэвийн үргэлжилж байгаад сүүлийн 2 удаагийн төлбөр хийгдээгүй. Шалтгаан нь өөрийн төслийн нэгжийг туслан гүйцэтгэгчээр ажиллуулж байсан. Гэтэл захиалагч нь ажиллуулахгүй гэсэн. Улмаар үйл ажиллагаа зогссоноос болж түлшийг ашиглах боломжгүй болсон. Үүнийг нэхэмжлэгчид энэ талаар мэдэгдсэн. Ингээд НӨАТ-н падааныг шивж өгөөд нэхэмжлэхээ явуулаач гэхэд явуулаагүй. Аман байдлаар л хэлж байсан. Гэрээний 2.2-т зааснаар падааны дагуу төлнө гэж заасан. Нэхэмжлэгч нь падаанаа өгөөгүй. 3.3-т түлшний падааныг хүргүүлнэ гэсэн. 4.1-т түлшний бөөний үнийг заасан. Мөн тээврийн үнийг нэмж тооцохоор заасан. Хууль ёсны падаан гаргана гэсэн. Үүний дагуу төлбөр төлөх процессыг нэхэмжлэгч хэрэгжүүлээгүй. Хариуцагч нь энэ журмыг хүлээсэн бөгөөд санхүүгийн хувьд хүнд байдал орсон тул төлбөрийг төлөөгүй. Нэхэмжлэл гаргахаас өмнө талууд уулзаж хүү алдангигүйгээр төлөхөөр тохиролцсон боловч нэхэмжлэл гаргасан байдаг. Гэтэл хариуцагч нь тохиролцсоноороо төлбөр төлсөн. 354,849,000 төгрөгийг төлнө. Алдангийн хувьд зөвшөөрөхгүй. Үүнийг бууруулж эвлэрэх талаар уулзсан боловч амжилтад хүрээгүй. Төлбөр төлөх хугацаа хэтрүүлсэн нь нэхэмжлэгч тал хайхрамжгүй хандсан байгаа юм. Гэрээгээр төлбөр тооцоо хийх журмыг тогтоосон. Нэхэмжлэгч нь урьдчилж НӨАТ шивээд падаан өгөхөөр тохирсон. Үүнийг хэрэгжүүлээгүй. Иймд хайхрамжгүй үйлдэл гэж үзэж байгаа юм. Иймд алдангийг 50 хувь багасгаж өгнө үү гэж хэлж байгаа юм гэв.
3. Зохигч дараах нотлох баримтыг шүүхэд ирүүлсэн.
3а. Нэхэмжлэгчээс: Худалдах худалдан авах гэрээний хуулбар /хх7-9/, төлбөрийн үлдэгдлийн баримт /хх11/, Хаан банкны шилжүүлгийн мэдээлэл 2 ширхэг /хх30, 42/
3б. Хариуцагчаас: Хаан банкны дансны хуулга болон шилжүүлгийн мэдээлэл, нэхэмжлэх /хх51-65/
Хэрэгт байгаа болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтыг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ нь:
1. Шүүх дараах үндэслэлээр хариуцагчаас 672,967,912.50 төгрөг гаргуулж, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх хэсгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.
2. Нэхэмжлэгч “*******” ХХК нь гэрээний үүрэгт үндсэн төлбөр 1,272,475,650 төгрөг, алданги 883,913,610 төгрөг, нийт 2,156,389,260 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэл гаргасан. Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэлийн шаардлагыг нийт 982,086,825 төгрөг болгож багасгасан. /хх29/
3. Хариуцагч “” ХХК нь санхүүгийн хүндрэлийн улмаас төлбөр төлөгдөөгүй, НӨАТ-н баримт олгогдоогүй тул төлбөр төлөөгүй, алдангийн тал хувийг зөвшөөрөхгүй хэмээн маргаж, 354,849,000 төгрөг төлөхийг зөвшөөрсөн тайлбар гаргасан.
4. Зохигч 2024 оны 03 дугаар сарын 08-ны өдөр нефтийн бүтээгдэхүүн худалдах худалдан авах гэрээ байгуулжээ. /хх7-9/
Улмаар нэхэмжлэгч нь 2024 оны 10 дугаар сарын 03-ны өдөр тооцооны үлдэгдлийн баримт үйлдсэн. /хх11/
Хариуцагч нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад 2025 оны 10 дугаар сарын 31-ны өдөр 917,626,650 төгрөг төлсөн болох нь Хаан банкны шилжүүлгийн мэдээллээр тогтоогдож байна. /хх42/
Үүнээс үзэхэд үндсэн төлбөрийн үлдэгдэл нь 354,849,000 төгрөг бөгөөд энэ талаар зохигч маргаагүй.
5. Зохигчийн маргааны зүйл нь алданги шаардах эрхтэй эсэх болж байна.
Иргэний хуулийн 189 дүгээр зүйлийн 189.1-д зааснаар гэрээний агуулгыг талууд өөрсдөө тодорхойлдог. Гэрээний 4.1-д зааснаар НӨАТ баримт олгогдсоны дараа төлбөрийг төлөхөөр тохиролцсон байна.
Нэхэмжлэгч нь бид цахимаар НӨАТ баримтыг бүртгэж энэ нь хариуцагчид хүргэгдсэн гэх тайлбараа Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1-д заасан үүргийн дагуу нотлоогүй.
Хариуцагч нь НӨАТ баримт бичигдээгүй гэж маргасан.
Хэрэгт авагдсан өмнөх төлбөрийн баримтуудаас үзэхэд урьдчилж НӨАТ баримт олгогдож байсан болох нь тогтоогдож байна. /хх55,58,61,63,65/
Дээрхээс үзэхэд гэрээний 4.2-т зааснаар хариуцагчийг төлбөр төлөх үүргээ гэрээнд заасан хугацаанд гүйцэтгээгүй гэж үзэх үндэслэлгүй. Гэхдээ энэ нь шаардах эрхтэй холбоотой бөгөөд алданги төлөхийг зөвшөөрөх асуудалд хамааралгүй юм.
Иймд хариуцагчийн төлөөлөгч нь алдангийн тал хувийг зөвшөөрсөн агуулгаар тайлбарласан тул энэ хэмжээгээр алданги гаргуулах нь зүйтэй гэж үзлээ. Ийнхүү гэрээний 4.2-т зааснаар алданги тооцвол нэхэмжлэгч нь багасгасан шаардлагадаа алдангид 636,237,825 төгрөг шаардсан тул хариуцагчийн төлөөлөгчийн зөвшөөрсөн 50 хувь нь 318,118,912.50 төгрөг юм.
Дээрх үндэслэлээр хариуцагчаас үндсэн төлбөрт 354,849,000 төгрөг, алдангид 318,118,912.50 төгрөг, нийт 672,967,912.50 төгрөг гаргуулж шийдвэрлэв.
6. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1-д зааснаар шүүхээс эрх зүйн маргаан хянан шийдвэрлэх үйлчилгээ үзүүлэхтэй холбогдуулан зохигч төлөх мөнгөн хөрөнгийг улсын тэмдэгтийн хураамж гэнэ. Улсын тэмдэгтийн хураамжийг урьдчилан нэхэмжлэгч төлөх бөгөөд нэхэмжлэл хангагдсан тохиолдолд хариуцагчаас гаргуулж, нэхэмжлэгчид олгох журамтай. Мөн хуулийн 56 дугаар зүйлийн 56.2-т зааснаар нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангасан тохиолдолд хангасан хэсэгт холбогдох хураамжийг хариуцагчаас гаргуулах бөгөөд 59 дүгээр зүйлийн 59.5-д зааснаар нэхэмжлэгч нь шаардлага багасгасан бол багасгасан хэсэгт холбогдох хураамжийг улсын орлогод хэвээр үлдээнэ.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.2, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1, 232 дугаар зүйлийн 232.6-д зааснаар хариуцагч “” ХХК-с нийт 672,967,912.50 төгрөг гаргуулж, нэхэмжлэгч “*******” ХХК-д олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 309,118,912.50 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 60 дугаар зүйлийн 60.1, 59 дүгээр зүйлийн 59.5-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 10,939,900 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 3,522,789.56 төгрөг гаргуулж, нэхэмжлэгчид олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.3, 119.4, 119.7-д зааснаар шүүхийн шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд шүүх хуралдаанд оролцогч тал шийдвэр хүчинтэй болсноос хойш 14 хоног өнгөрөөгөөд түүнээс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг гардан авах үүрэгтэй ба гардан аваагүй нь хуульд заасан журмын дагуу давж заалдах гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүйг, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Д.ГАНБОЛД