2025 - Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн Шийдвэр

2026 оны 01 сарын 14 өдөр

Дугаар 191/ШШ2026/00907

 

 

 

 

 

 

 

 

 

   2026          01           14

   191/ШШ2026/00907

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

            Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн шүүгч Д.Ганболд даргалж, тус шүүхийн танхимд хийсэн хуралдаанаар,

 

Нэхэмжлэгч: *******,*******,******* оршин байрлах “*******” ХК /рд:*******-ийн нэхэмжлэлтэй,

 

            Хариуцагч: *******,*******,******* тоотод оршин суух ******* овогт ын /рд:/-д холбогдох

 

            Зээлийн гэрээний үүрэгт 21,381,084 төгрөг гаргуулах  иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн өмгөөлөгч А., хариуцагч М., шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Тогтуунжаргал нар оролцов.

 

 

ТОДОРХОЙЛОХ нь:

1.            Нэхэмжлэгч “*******” ХХК нь шүүхэд гаргасан нэхэмжлэл, түүний өмгөөлөгч А. нь шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Харилцагч ын гийн цахимаар гаргасан хүсэлтийг үндэслэн зээлийн тооцооллыг хийж, харилцагч түүнийг зөвшөөрсний дагуу Иргэний хуулийн 421 дугаар зүйлийн 421.1- д Хуульд зааснаар бүртгүүлэх, нотариатаар гэрчлүүлбэл зохих болон бичгээр хийхээр заасан хэлцлийг цахим хэлбэрээр хийж болно, 421 дугаар зүйлийн 421.2- т Хуульд өөрөөр заагаагүй бол цахим хэлбэрээр хийх хэлцэл нь талууд хүсэл зоригоо харилцан илэрхийлж, цахим баримт бичиг үйлдэж, тоон гарын үсэг зурснаар, эсхүл бусад байдлаар техникийн хэрэгсэл, программ хангамжийг ашиглан хүсэл зоригоо илэрхийлж, харилцан хүлээн зөвшөөрч, цахим гарын үсэг зурснаар хүчин төгөлдөр болно, мөн хуулийн 196 дугаар зүйлийн 196.1.8-д цахим хэлбэрээр гэрээ хийх бол талууд хүсэл зоригоо харилцан илэрхийлж цахим баримт бичиг үйлдэж, тоон гарын үсэг зурснаар, эсхүл бусад байдлаар техник хэрэгсэл, программ хангамжийг ашиглан хүсэл зоригоо илэрхийлснийг харилцан хүлээн зөвшөөрч цахим гарын үсэг зурснаар, Банк, эрх бүхий хуулийн этгээдийн мөнгөн хадгаламж, мөнгөн хөрөнгийн шилжүүлэг, зээлийн үйл ажиллагааны тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1-д Банк, эрх бүхий хуулийн этгээд энэ хуулийн 9 дүгээр зүйлд заасны дагуу бичгээр, эсхүл цахим хэлбэрээр гэрээ байгуулан данс нээсэн харилцагчид тухайн данстай холбоотой хадгаламж, шилжүүлэг, зээлийн үйлчилгээг цахим хэлбэрээр үзүүлж болно, 7.2-т Энэ хуулийн 7.1-д заасны дагуу цахим хэлбэрээр үйлчилгээ үзүүлэхэд нууцлалын шаардлага хангасан нууц үг, нууц код, цахим гарын үсэг зэргийг ашиглаж болох бөгөөд эдгээрийг цахим хэлбэрээр хийсэн шилжүүлэг, зээлийн гэрээ, бусад хэлцэлд зурсан гарын үсэгтэй адилтгаж үзнэ гэж тус тус заасныг үндэслэн 2025.02.26-ны өдөр дугаартай Зээлийн гэрээ байгуулан 19,301,000 төгрөгийг жилийн 22.8 хувийн хүүтэй, 30 сарын хугацаатайгаар, хэрэглээний зориулалтаар олгож, түүний ******* |ахь тоот данс руу шилжүүлсэн.

Гэтэл зээлдэгч нь гэрээгээр хүлээсэн үүргээ зөрчиж, 2025.10.29-ны өдрийн байдлаар эн төлөлтийн 245 хоногийн хугацаа хэтрэлттэй байгаа бөгөөд үндсэн зээлийн төлбөрт 523,252 төгрөг, үндсэн хүүгийн төлбөрт 325,527 төгрөг, нэмэгдүүлсэн хүүгийн төлбөрт 850 төгрөгийг буцаан төлсөн байна.

Зээлдэгч М.гийн гэрээгээр хүлээсэн үүргээ гүйцэтгэхийг удаа дараа шаардсан боловч үр дүнгүй байгаа тул зээлийн гэрээг цуцалж, гэрээний дагуу төлөгдөөгүй үндсэн төлбөр, хүү, нэмэгдүүлсэн хүүг 2025.10.29-ны өдрийн байдлаар шаардаж байна.

Үүнд:

-  Үндсэн зээлийн үлдэгдэлд 18,777,748 төгрөг,

- Зээлийн хүүгийн төлбөрт 2,561,315 төгрөг,

- Нэмэгдүүлсэн хүүгийн төлбөрт 42,021 төгрөг. Нийт 21,381,084 төгрөг.

Иймд талуудын хооронд байгуулсан цахим гэрээний 4.2.1, 4.2.2, 4.2.3, 4.3.1, 4.3.2, 4.3.5, 4.3.6,7.2.1,7.2.3 дахь заалтууд болон Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, Банк, эрх бүхий хуулийн этгээдийн мөнгөн хадгаламж, мөнгөн хөрөнгийн шилжүүлэг, зээлийн үйл ажиллагааны тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.2 дахь заалтуудыг тус тус үндэслэн хариуцагчаас нийт 21.381.084 / хорин нэгэн сая гурван зуун наян нэгэн мянга наян дөрөв/ төгрөгийг гаргуулж өгнө үү.

 

1.1.             Зохигч цахимаар цалингийн зээлийн гэрээ байгуулсан. 30 сарын хугацаатай зээл олгосон. Мөнгийг дансанд шилжүүлж, хариуцагч нь хуваарийн дагуу төлбөр төлөх үүрэг хүлээсэн. Гэрээ байгуулагдсан өдөр мөнгийг шилжүүлсэн. Хариуцагч нь гэрээний үүргээ зөрчсөн тул гэрээг цуцалж нийт 21,381,084 төгрөг гаргуулна. Үүнд үндсэн төлбөр 18,777,784 төгрөг, хүү 2,561,315 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 42,021 төгрөг байгаа юм. Хариуцагч нь нийт 523,252 төгрөг төлсөн. 2025.4.8-с хойш төлбөр төлөгдөөгүй тул гэрээг цуцалсан. Хариуцагч нь өөрийн нэвтрэх нэр нууц үгээр орж энэхүү гэрээг байгуулсан. Хариуцагч ид нууц үгээ өгсөн байна гэв.

 

2.            Хариуцагч М. нь шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Миний бие М. нь “Капитрон" банкны 21,381,084 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй танилцаад нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй байх тул дараах хариу тайлбарыг гаргаж байна.

2025 оны 02 сард Б. гэх хүн банкны танил талаа ашиглан надад зээлийн эрхийг шалгаж байвал миний нэр дээр зээл аваад удахгүй буцаагаад өгнө гэж тохиролцоод зээл авсан гэтэл миний зөвшөөрөлгүй цахимаар апликейшн зээл гаргадаг нийт 11 банкнаас зээл авсан байсан. Энэ талаар би хожуу мэдсэн. 2025 оны 9-р сард цагдаагийн байгууллагад хандсан. Одоо энэ асуудлаар хэрэг бүртгэл нээж мөрдөн шалгаж байгаа.

Иймд эрүүгийн журмаар хянан шалгаж байгаа тул иргэний хэргийг түдгэлзүүлж өгнө үү.

 

2.1.             Нэхэмжлэлийг бүхэлд нь зөвшөөрөхгүй. Анх зээл авахад гэдэг Монгол банкны хүнээр дамжуулж нэхэмжлэгчийн эрхийг ашиглан миний зөвшөөрөлгүй цалингийн авсан байсан. Бидний харилцан тохиролцоход ийм хэмжээний гэж яриагүй. Бид ярихдаа 5 саяыг авна гэж ярьсан. Миний данснаас ийн данс уруу шилжсэн. Би мөнгө шилжүүлэх хүсэлт гаргаагүй. ийг цагдаа дээр шалгаж байгаа баримтыг хавсаргасан. ийн данс уруу шилжсэн хуулга өгсөн байгаа юм. Ерөнхий гэрээнд гарын үсэг зурсан. Цахим зээлийн гэрээг мэдэхгүй. Энэ гэрээг байгуулаагүй. Мөнгөний зарцуулалтыг би өөрөө хийсэн. Орлогыг надаас зээлэх мөнгө гэж ойлгосон. Би ид ямар нэг нэвтрэх нууц үг өгөөгүй. Энэ асуудлыг эрүүгийн журмаар шийдвэрлүүлэх хүсэлтэй байгаа юм гэв.

 

3.                   Зохигч дараах нотлох баримтыг шүүхэд ирүүлсэн.

3а. Нэхэмжлэгчээс: Харилцагчид үзүүлэх бүтээгдэхүүн, үйлчилгээний ерөнхий гэрээний хуулбар /хх8-9/, хариуцагчийн анкет /хх10/, цахим цалингийн зээлийн гэрээний хуулбар /хх11-15/, зээлийн бүтээгдэхүүний мэдээллийн хүснэгт /хх16/, зээл, зээлийн хүүгийн тооцоолол /хх17/, зээлийн мэдээллийн лавлагаа /хх18/, иргэний хаягийн лавлагаа /хх19/, нийгмийн даатгалын лавлагаа /хх19-20/, дансны хуулга /хх26/

3б. Хариуцагчаас: Мөрдөгчийн тогтоолын хуулбар 2 ширхэг /хх37-38/

 

ҮНДЭСЛЭХ нь:

1.                   Шүүх дараах үндэслэлээр хариуцагчаас 18,257,990 төгрөг гаргуулж, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх хэсгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

 

2.                   Нэхэмжлэгч “*******” ХК нь зээлийн гэрээний үүрэгт үндсэн зээл 18,777,748 төгрөг, хүү 2,561,315 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 42,021 төгрөг, нийт 21,381,084 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэл гаргасан.

 

3.                   Хариуцагч М. нь бусдын хүсэлтээр зээлийн ерөнхий гэрээг байгуулсан, цахим гэрээг байгуулаагүй, зээлийн мөнгөн хөрөнгийг ашиглаагүй, энэ талаар цагдаагийн байгууллагад гомдол гаргаж шалгуулж байгаа гэж маргасан.

 

4.                   Хохирогчоор тогтоох тухай 2025 оны 09 дүгээр сарын 02-ны өдрийн тогтоол, хэрэг бүртгэлтийн хэрэг нээх тухай 2025 оны 09 дүгээр сарын 22-ны өдрийн 250608083 дугаар тогтоолоос үзэхэд нэхэмжлэгч М. нь бусдад 120,000,000 төгрөг шилжүүлж залилуулсан гэх хэрэгт хянан шалгах ажиллагаа явуулж эхэлсэн байна. /хх37/

 

Харин энэ хэрэг нь зээлийн гэрээний үүрэгтэй холбоотой маргаан бөгөөд нэхэмжлэгч нь бусдад мөнгөн хөрөнгө залилуулсан гэх хэрэгт хамааралгүй. Тайлбарлавал, хариуцагч нь зээлийн гэрээний дагуу олгосон мөнгөн хөрөнгийг бусдад дамжуулан олгосон гэх тайлбар нь зээлдүүлэгчийн зээлдэгчээс зээлийн гэрээний үүргийг шаардах эрхийг хязгаарлахгүй. Учир нь зээлдүүлэгч нь хариуцагчийг залилсан гэх этгээдтэй ямар нэг харилцаа үүсгээгүй бөгөөд хариуцагч нь өөрийн хүсэл зоригийн дагуу мөнгөн хөрөнгийг бусдад дамжуулан олгосон байна. Иймд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 65 дугаар зүйлийн 65.1.8-д заасан үндэслэлгүй тул 117 дугаар зүйлийн 117.1-д зааснаар хэргийг хэрэгсэхгүй болгохгүй.

 

5.                   Хариуцагч нь 2025 оны 02 дугаар сарын 24-ны өдөр харилцагчийн анкетыг бөглөж, зохигч 25-ны өдөр харилцагчид үзүүлэх бүтээгдэхүүн, үйлчилгээний ерөнхий гэрээ байгуулсан. /хх10, 8-9/

Хариуцагч нь дээрх анкет болон ерөнхий гэрээнд гарын үсэг зурсан үйл баримтын талаар маргаагүй боловч цахим цалингийн зээлийн гэрээг байгуулаагүй, уг гэрээг хараагүй гэж маргаж байна. /хх11-14/

 

6.                   Нэхэмжлэгч нь 2025 оны 02 дугаар сарын 26-ны өдөр хариуцагчид 19,301,000 төгрөгийн зээл олгосон болох нь харилцагчийн дансны хуулгаар тогтоогдсон. /хх26/

Арилжааны банкнаас олгох зээл гэдэг нь мөнгөн хөрөнгийг хариу төлбөртэйгөөр бусдад ашиглуулахыг ойлгоно. Гэтэл нэхэмжлэгч нь зээл олгосон өдөр 193,010 төгрөгийг шимтгэл гэсэн утгаар буцаан авсан байна. Улмаар шимтгэл тооцох буюу уг зээлийг олгоход зээлдүүлэгчид ямар нэг зардал гарсан баримт хэрэгт авагдаагүй.

Иймд 19,107,990 төгрөгийн зээл олгогдсон гэж үзнэ.

 

7.                   Зохигчийн хооронд байгуулагдсан ерөнхий гэрээний 1.5-д зааснаар харилцагч үйлчилгээ авах тохиолдолд ерөнхий нөхцөлийг баримтлах бөгөөд үүнд хүү, шимтгэлийн талаар тусгасан байна гэжээ. Гэтэл ерөнхий гэрээнд аливаа хүүгийн талаар тусгагдаагүй. Мөн гэрээний 3.5-д цахим зээл олгосон бол цахим шуудангаар хүргүүлэхээр заасан боловч цахим цалингийн зээлийн гэрээг хариуцагчид хүргүүлсэн талаарх хэрэгт баримт авагдаагүй. Өөрөөр хэлбэл, нэхэмжлэгч нь цахим цалингийн зээлийн гэрээг хариуцагчид хүргүүлсэн гэх тайлбараа Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1-д заасан үүргийн дагуу нотлоогүй.

7.1.             Цахим цалингийн зээлийн гэрээ нь Иргэний хуулийн 421 дүгээр зүйлийн 421.2-т заасантай нийцэхгүй, өөрөөр хэлбэл уг гэрээнд тоон буюу цахим гарын үсэг зурагдаагүй байна.

Тодруулбал, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.11-т тоон гарын үсэг бүхий цахим баримтыг тоон гарын үсгийг эзэмшигч үйлдээгүй талаар үндэслэл бүхий тодорхой шалтгаан дурдсанаас бусад тохиолдолд уг цахим баримтын жинхэнэ эсэх талаар маргахгүй гэж заасан.

 

Цахим гарын үсгийн тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.3-т тоон гарын үсгийг тайлбарласан бөгөөд мөн хуулийн 6 дугаар зүйлийн 6.2-т зааснаар тавигдах шаардлагын талаар зохицуулжээ. Үүнээс үзэхэд тоон гарын үсэг гэдэг нь хуульд заасан шаардлага хангасан цахим гарын үсгийг ойлгоно. Цаашлаад мөн хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.10-т зааснаар цахим гарын үсэг гэдэг нь  цахим мэдээлэлд гарын үсэг зурсан, цахим тамга хэрэглэсэн этгээдийг тодорхойлох зорилгоор мэдээлэлд хавсаргасан, эсхүл нэгтгэсэн цахим өгөгдлийг ойлгоно.

Түүнчлэн дээрх хуулийн 4 дүгээр зүйлийнх 4.1.4, 4.1.5-д зааснаар тоон гарын үсгийн гэрчилгээ эзэмшигч нь тоон буюу цахим гарын үсгийг хэрэглэх эрхтэй байна.

Зохигчийн маргаж буй цахим цалингийн зээлийн гэрээнд цахим гарын үсэг, өөрөөр хэлбэл цахим өгөгдөл буюу QR код нэгтгэгдээгүй.

Дээрх үндэслэлээр Иргэний хуулийн 189 дүгээр зүйлийн 189.1-д зааснаар талууд гэрээний агуулгыг өөрсдөө тодорхойлдог тул цахим цалингийн зээлийн гэрээнд хариуцагч нь цахим гарын үсэг зураагүй байх тул уг гэрээний агуулгыг зохигч харилцан тохиролцсон гэж үзэхгүй.

 

8.                   Хариуцагчийн дансанд мөнгөн хөрөнгө зээл гэсэн утгаар олгогдсон тул тэдгээрийн хооронд зээлийн гэрээний харилцаа үүссэн байна. Харин цахим цалингийн зээлийн гэрээг дээрх үндэслэлээр зохигч байгуулсан гэж үзэх боломжгүй.

Эдгээрээс үзэхэд зохигч цахим цалингийн зээлийн гэрээ байгуулсан гэх үндэслэлгүй байх тул тэдгээрийг хүү, нэмэгдүүлсэн хүүгийн талаар харилцан тохиролцсон гэж үзэх үндэслэлгүй. Иймд нэхэмжлэгч нь хүү, нэмэгдүүлсэн хүү шаардах эрхгүй. Мөн нэхэмжлэгчийн өмгөөлөгч нь шүүх хуралдаанд гэрээг хугацаанаас өмнө цуцалсан гэж тайлбарлаж байх тул нэмэгдүүлсэн хүү шаардах нь Иргэний хуулийн 452 дугаар зүйлийн 452.2-т заасантай нийцэхгүй.

 

9.                   Харилцагчийн дансны хуулганаас үзэхэд дээрх үндэслэлээр 19,107,990 төгрөгийн зээл олгогдож, 850,000 төгрөг буцаан төлөгдсөн бөгөөд энэ талаар маргаангүй тул олгогдсон зээлээс буцаан төлсөн хэсгийг хасвал хариуцагч нь 18,257,990 төгрөгийг буцаан төлөх үүрэгтэй байна.

 

10.               Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1-д зааснаар шүүхээс эрх зүйн маргаан хянан шийдвэрлэх үйлчилгээ үзүүлэхтэй холбогдуулан зохигч төлөх мөнгөн хөрөнгийг улсын тэмдэгтийн хураамж гэнэ. Улсын тэмдэгтийн хураамжийг урьдчилан нэхэмжлэгч төлөх бөгөөд нэхэмжлэл хангагдсан тохиолдолд хариуцагчаас гаргуулж, нэхэмжлэгчид олгох журамтай. Мөн хуулийн 56 дугаар зүйлийн 56.2-т зааснаар нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангасан тохиолдолд хангасан хэсэгт холбогдох хураамжийг хариуцагчаас гаргуулна.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.2, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

1.                   Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 452 дугаар зүйлийн 452.2-т зааснаар хариуцагч М.гээс 18,257,990 төгрөг гаргуулж, нэхэмжлэгч “*******” ХК-д олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 3,123,094 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгосугай.

 

2.                   Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 60 дугаар зүйлийн 60.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 264,855 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 249,240 төгрөг гаргуулж, нэхэмжлэгчид олгосугай.

3.                   Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.3, 119.4, 119.7-д зааснаар шүүхийн шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд шүүх хуралдаанд оролцогч тал шийдвэр хүчинтэй болсноос хойш 14 хоног өнгөрөөгөөд түүнээс хойш 14 хоногийн дотор  шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг гардан авах үүрэгтэй ба гардан аваагүй нь хуульд заасан журмын дагуу давж заалдах гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүйг, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                     Д.ГАНБОЛД