| Шүүх | Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Батжаргал Батзориг |
| Хэргийн индекс | 2402005270441 |
| Дугаар | 2025/ДШМ/1165 |
| Огноо | 2025-10-01 |
| Зүйл хэсэг | 22.1.1., |
| Улсын яллагч | Л.Содбаяр |
Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2025 оны 10 сарын 01 өдөр
Дугаар 2025/ДШМ/1165
Х.А-д холбогдох
эрүүгийн хэргийн тухай
Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Ц.Мөнхтулга даргалж, шүүгч Д.Мөнхөө, шүүгч Б.Батзориг нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:
прокурор Л.Содбаяр,
шүүгдэгч Х.А-, түүний өмгөөлөгч Б.Бат-Ерөөлт,
нарийн бичгийн дарга Б.Пэрэнлэйдулам нарыг оролцуулан,
Багахангай, Налайх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхийн 2025 оны 06 дугаар сарын 23-ны өдрийн 2025/ШЦТ/126 дугаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч шүүгдэгч Х.А-ийн гаргасан давж заалдах гомдлоор түүнд холбогдох 2402005270441 дугаартай эрүүгийн хэргийг 2025 оны 08 дугаар сарын 22-ны өдөр хүлээн авч, шүүгч Б.Батзоригийн илтгэснээр хянан хэлэлцэв.
А- овгийн Х-ы А-, ............, /РД:............/,
Шүүгдэгч Х.А- нь Налайх дүүргийн 2 дугаар хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг Налайх дүүргийн ******** Шуурхай удирдлагын тасгийн мэдээлэл, судалгааны мэргэжилтнээр ажиллаж байхдаа Төрийн албаны тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.1.1-д заасан “...Монгол Улсын Үндсэн хууль, бусад хуулийг дээдлэн хүндэтгэж, сахин биелүүлэх...”, 37.1.2-д заасан “...өргөсөн тангарагтаа үнэнч байж, нийтийн ашиг сонирхолд захирагдан ашиг сонирхлын зөрчилд автахгүй байх, хууль бус, шударга бус явдалтай эвлэрэхгүй байх …”, 37.1.13-д заасан “...албан тушаалын тодорхойлолтод заасан чиг үүрэг, зорилго, зорилт, чиг үүргийн хэрэгжилтийг хангах...”, мөн хуулийн 39 дүгээр зүйлийн 39.1.2-д заасан “...албаны эрх мэдлээ хэтрүүлэх...”, 39.1.4-д заасан “...албан тушаалын бүрэн эрхээ урвуулан ашиглах...” гэж,
Авлигын эсрэг хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.3-д заасан “...албан үүргээ гүйцэтгэхдээ хууль бусаар аливаа хүн, хуулийн этгээдэд давуу байдал олгох, олгохоор амлах, бусдын эрхийг хязгаарлах ...”, 7.1.6-д заасан “...албаны эрх мэдэл буюу албан тушаалын байдлаа урвуулах, хэтрүүлэх...” гэж, Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.1 дэх хэсэгт заасан “... Албан тушаалтан нь хууль дээдлэх зарчимд захирагдан, албан үүргээ иргэдийн итгэл хүлээхүйц, тэгш, шударга, хариуцлагатайгаар гүйцэтгэж, албаны ёс зүйг сахина ...”, 6.3 дахь хэсэгт заасан “Албан тушаалтан албаны бүрэн эрхээ хувийн болон өөртэй нь хамаарал бүхий этгээдийн хувийн зорилгод ашиглахгүй бөгөөд албан үүрэгт нь нөлөөлөхүйц аливаа харилцаанаас ангид байна” гэж,
Цагдаагийн албаны тухай хуулийн 61 дүгээр зүйлийн 61.2 дахь хэсэгт “... Цагдаагийн байгууллага энэ хуулийн 61.1-д заасан мэдээллийн санг энэ хуульд заасан зорилгоор ашиглах бөгөөд уг сангийн мэдээллийн аюулгүй байдпыг хангах үүрэгтэй...” гэж заасныг тус тус зөрчиж,
Албан тушаалын тодорхойлолтын нэгдүгээр буюу (“Монгол Улсад бүртгэгдсэн гэмт хэргийн мэдээллийн сан бүрдүүлэх”, “мэдээллийн сан бүрдүүлэх” журам болон бусад холбогдох журмуудын хэрэгжилтийг хангаж, тухайн нутаг дэвсгэрт бүртгэгдсэн гэмт хэрэг, зөрчил, гомдол, мэдээллийн болон холбогдох бусад мэдээллийн сан бүрдүүлж, хөдөлгөөн шийдвэрлэлтэд хяналт тавих) зорилтын хүрээнд 1.1-д (Эрх бүхий байгууллага, албан тушаалтнаас батлан гаргасан анхан шатны бүртгэлийн маягтын дагуу гэмт хэрэг, зөрчил, захиргааны тоо бүртгэл, гомдол мэдээллийн санг төрөлжүүлэн бүрдүүлэх, баяжилт, хөдөлгөөн, шийдвэрлэлтэд хяналт тавих), 1.2-д (Апба хаагчдаас дээрх мэдээллийн сангуудад оруулсан мэдээллийг эрх бүхий албан хаагчаар хянуулж, шалгуулсны дараа төвлөрсөн тоо бүртгэлд авах, буруу, дутуу оруулсан мэдээллийг зөвтгөх арга хэмжээ авах) гэж тус тус заасан албан үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж,
Налайх дүүргийн ******** Эрүүлжүүлэх байрны эмч О.Д-ийн Цагдаагийн байгууллагын нэгдсэн мэдээллийн санд оруулсан “...Х-ы А- (РД:*******) нь 2024 оны 06 дугаар сарын 10-ны өдрийн 07 цаг 03 минут, мөн оны 06 дугаар сарын 12-ны өдрийн 13 цаг 09 минутад тус тус 2 удаа эрүүлжүүлэгдсэн...” гэх мэдээлэлтэй танилцаад 2024 оны 06 дугаар сарын 19-ний өдрийн 18 цаг 53 минутад Налайх дүүргийн ******** Нийтийн хэв журам хамгаалах, олон нийтийн аюулгүй байдлыг хангах тасагт Эрүүлжүүлэх, саатуулах байрны эмч ажилтай О.Д-ийн ******* дугаарын утас руу холбогдож “...Чи намайг цагдаагийн байгууллагын санд бүртгэсэн байна, би бүртгэлийг чинь буцаасан, өөр хүний нэрээр соль...” гэсэн хууль бус шаардлага тавьж, улмаар Цагдаагийн байгууллагын нэгдсэн мэдээллийн санд “Эрүүлжүүлэгдсэн” төлөвт 2024 оны 06 дугаар сарын 10-ны өдрийн 07 цаг 03 минутад бүртгэгдсэн өөрийн мэдээллийг 2024 оны 06 дугаар сарын 19-ний өдрийн 19 цаг 16 минутад тухайн зөрчлийг гаргаагүй Ууганбаярын Мягмар (РД:*******) нэрээр, мөн санд 2024 оны 06 дугаар сарын 12-ны өдрийн 13 цаг 09 минутад бүртгэгдсэн өөрийн мэдээллийг 2024 оны 06 дугаар сарын 19-ний өдрийн 19 цаг 19 минутад тухайн зөрчлийг гаргаагүй, хорих ял эдэлж байсан ялтан Б-н Н- (РД:*******)-ын нэрээр тус тус өөрчилж, тухайн мэдээллийн бүртгэлийн төлвийг “хянагдсан” төлөвт шилжүүлж, өөрийн эрүүлжүүлэгдсэн мэдээллийг цаашид “Цагдаагийн байгууллагын мэдээллийн нэгдсэн санд” харагдахгүй, өөрөөр хэлбэл зөрчил үйлдэж байгаагүй гэсэн төлөвтэй харагдуулах гэсэн ашиг сонирхлын үүднээс өөртөө давуу байдал бий болгосон гэмт хэрэгт холбогджээ.
Нийслэлийн прокурорын газраас: Х.А-ийн үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчилж, яллах дүгнэлт үйлдэн хэргийг шилжүүлжээ.
Багахангай, Налайх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүх: Шүүгдэгч Х.А-ийг “Нийтийн албан тушаалтан албан үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж, өөртөө давуу байдал бий болгосон” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар түүний нийтийн албанд ажиллах эрхийг 2 жилийн хугацаагаар хасаж, 1 жилийн хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялаар шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Х.А-д зорчих эрхийг хязгаарлах ял оногдуулсан хугацаанд Налайх, Баянзүрх дүүргүүдийн нутаг дэвсгэрээс явахыг хориглох, эрх бүхий байгууллагын зөвшөөрөлтэйгөөр оршин суух газраа өөрчлөх, зорчих үүргийг хүлээлгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар оногдуулсан нийтийн албанд ажиллах эрхийг 2 жилийн хугацаагаар хасах ялын хугацааг зорчих эрхийг хязгаарлах ял оногдуулсан үеэс тоолохоор шийдвэрлэжээ.
Шүүгдэгч Х.А- давж заалдах гомдол болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “…намайг мэдээлэл зассан гэж хянагдсан төлөвт байхад худал илтгэх хуудас бичиж өгсөн Ц.М-гийн ажлын байрны тодорхойлолт нь албан тушаалын зорилго, зорилт, тусгай шаардлага гэх мэт нь мэдээлэл судалгааны мэргэжилтэн буюу миний ажил байдлын тодорхойлолттой ижил байдаг бөгөөд тухайн үед миний хуучин ашиглаж байсан, ахлагч Ц.М-д ажлыг нь зааж өгөхдөө эрх нь сэргээж ирэх хүртэл түр ашиглаж байгаарай гэсэн миний мэдээллийн санд нэвтрэх эрх автоматаар хадгалсан PU кодоор нэвтэрч миний мэдээллийг зассан үйлдэлд намайг шалгалт явуулах биш өөрөө мэдээллийг засаж, төвлөрсөн тоо бүртгэлд авч, цагдаагийн байгууллагын санг үнэн зөв мэдээллээр хангах боломжтой байсан. М- өөрөө мэдээлэл засаж, “Хянагдсан” төлөвт байхад дэслэгч Ц.Д-т нөлөөлж, “А- зассан байна” гэж шинэ эрүүлжүүлэхийн эмч Ц.Д-д 2 хуудас цаас үзүүлж, илтгэх хуудас бичиж өг гэж үүрэг өгсөн байдаг бөгөөд Ц.Д-ийн илтгэх хуудасны дагуу ЗУТ-ын дарга Б.Ү- тус хэлтэст хуучин ажиллаж байсан хэлтсийн дарга, цагдаагийн хурандаа Ж- нарт мэдээлэл өгч намайг өвчтэй байхад хууль бусаар миний санд нэвтрэх эрхийг Цагдаагийн байгууллагын үйл ажиллагааны журам зөрчиж хууль бусаар хаасан. Хэрвээ миний санд нэвтрэх эрхийг хаагаагүй байсан бол тухайн засагдсан мэдээллийг би харах боломжтой байсан бөгөөд 2024 оны эхний 6 дугаар сарын гэмт хэрэг, зөрчлийн мэдээ гарах өдөр буюу 2024 оны 06 дугаар сарын 30-ны өдрийн 18 цагаас дотоод сангаа харж засаж, төвлөрсөн тоо бүртгэлд илгээх боломжтой байсан.
Ц.М-гийн илтгэх хуудасны дагуу д/х Ч.М- албаны шалгалтыг Горхи тэрэлжийн тасгийн дарга Ц.Б- явуулсан боловч надаас нэг ч удаа тайлбар мэдүүлэг аваагүй бөгөөд тухайн үед миний компьютер болон Ц.М-гийн компьютерт үзлэг хийж тухайн цаг минутанд хэн юу хийж байсныг тогтоох Цагдаагийн ерөнхий газрын ДХАБГ-КАБХ-с лавлагаа авах зэрэг ажиллагааг хийлгүй ажилдаа хайнга хандаж, бусдын нөлөөнд автаж, лавлагаа авалгүйгээр хүнийг яс үндсээр нь ялгаварлан гадуурхаж, удирдлагын баг нь мэдээлэл судалгааны ахлахтай хамтарч гэмт хэрэг үйлдсэн гэж бүлэг зохион байгуулалттайгаар гүтгэж, Авлигатай тэмцэх газарт шилжүүлсэн тул нэр бүхий гурван албан хаагч нарт хошууч Э.Б-, хошууч Ш.Б-, ахмад Ц.М- нарт миний зүгээс гомдол гаргасан.
Ц.М- нь 2024 оны 07 дугаар сарын 03-ны өдрөөс ээлжийн амралтаа авч, 1 сар буюу 30 хоног ажиллаад 2024 оны 08 дугаар сарны 03-ны өдөр ажилдаа орох байсан боловч ажилдаа ороогүй бөгөөд дарга удирдлагаас асуухад өвчтэй эмчилгээ хийлгэж байгаа, ээлжийн амралтаа бүтэн авах гэж байгаа гэх зэрэг шалтгаан хэлж байсан ба 2024 оны 08 дугаар сарын 13-ны өглөө 10 цагийн үед өрөөндөө орж ирээд өргөдөл гомдлоо бүртгэхгүй гарч яваад 11:40 минутын үед орж ирээд шүүгээгээ ухаад юм хайж байснаа компьютероосоо бас файл хайсан байртай нилээн тэвдэнгүй сууж байснаа компьютерт команд өгч, цаасан дээр юм хэвлэсэн. Би тухайн үед М-г яагаад ингээд ажлаа хийхгүй яваад байгааг ойлгоогүй ажилдаа орох болоогүй юм байх гэж /гэмт хэргийн гомдол мэдээллээ бүртгэж, дугаар олгохгүй байж юу хэвлээд байгаа юм бол гэж гайхаж хартал/ өнгөтөөр маягт хэвлэж байсан. Хэргийн материалтай танилцахад тэр хэвлэсэн маягт нь Авлигатай тэмцэх газрын комиссарын 2024 оны 08 дугаар сарын 13-ны өдөр мэдээллийн санд үзлэг хийсэн үзлэгийн тэмдэглэл дээр нотлох баримтын хэмжээнд “Үнэн зөв” гэсэн дардас дарагдаж хавсаргасан байсан. 305 тоот өрөөнд мэдээллийн санд үзлэг хийж, үзлэгийн тэмдэглэлийг хэвлэж байхад хөндлөнгийн эсрэг ашиг сонирхолтой Ц.М- нь 214тоот өрөөнд орж ирэн “Хянагдсан” төлөв дээрх хуучин хадгалсан файл маягтыг хэвлэж, “Хуулбар үнэн” дардас даруулж, хэргийн материалд хавсаргаж нотлох баримтын хэмжээнд үнэлүүлж байгааг нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.5.1 дэх зүйлийн нотлох баримтыг хуулийн хүрээнд цуглуулж, бэхжүүлээгүй хэргийг мөрдөн шалгах ажиллагаанд буцааж шалгуулах үндэслэл болно гэж үзэж байна.
ДХШАБА-с миний хүсэлтээр авсан /хх 181-183/ лавлагаан дээр 2024 оны 06 дугаар сарын 27-нд а/х Ц.М- нь төвлөрсөн тоо бүртгэлд илгээсэн нь батлагдсан бөгөөд 2024 оны 08 дугаар сарын 13-нд тус хэлтсийн 305 тоот өрөөнд мэдээллийн санд үзлэг хийсэн баримт гарах боломжгүй, суурь нь шар дэвсгэртэй, 2024 оны 06 дугаар сарын 27-нд төвлөрсөн тоо бүртгэлд илгээснээ Ц.М- хүлээн зөвшөөрсөн тайлбар мэдүүлэг байдаг. ТТБ-д илгээснээр цагдаагийн байгууллагын алба хаагч иргэний мэдээллийг энд тэндээс хайхад хаана ямар зөрчил үйлдсэн нь гарч ирдэг бөгөөд энэ гэмт хэрэг нь 2024 оны 06 дугаар сарын 27-нд төгсөж байгаа юм.
Хүний санаа зорилго болон төгсөөгүй бүрэн гүйцэд үйлдээгүй үйлдэлд ял оногдуулах үндэслэл байхгүй бөгөөд бусдын яриа, үйлдлийг эсрэгээр ашиглаж, гэмт хэргийг нууцаар үйлдсэн хүнд хариуцлага хүлээлгэх нь Эрүүгийн хуулийн зорилго гэж би бодож байна.
Мөрдөн шалгах ажиллагааны хүрээнд өгсөн Ц.М- нь илтгэх хуудас /хх 5/ дээр 2 мэдээлэл зассан гэж бичсэн бөгөөд эрүүлжүүлэх, саатуулах байрны бүртгэлийн дэвтэр, эрүүлжүүлэгдсэн хүний бүртгэл тэмдэглэл дээрээс тулгаж харалгүйгээр мэдэх боломжгүй байсан боловч өөрийн зассан 2 хуудас цаасыг дэслэгч О.Д-т үзүүлсэн байдаг. Ц.М- албаны шалгалтын хүрээнд гэрчээр тайлбар мэдүүлэг өгсөн мэдүүлгүүд хоорондоо илтэд зөрүүтэй байхад дахин мэдүүлэг авч, мэдүүлгийн зөрүүг арилгаагүй. 18:50-д яриад 10-20 минутын дараа М- огт өрөөнөөс гараагүй, принтер ашиглаж маягт хэвлээгүй, намайг 19:48-д өрөөнөөс гараад явж байхад, эрүүлжүүлэх байрны үүдэнд О.Д- зөрөөд өнгөрч, өрөөрүүгээ орж байсан. Мөн илтгэх хуудас дээрээ О.Д- намайг сольсон өөрчилсөн гэж бичиж өгсөн, гэрчээр тайлбар өгөхдөө хүртэл сольсон, өөрчилсөн гэж мэдүүлэг өгч байгаа боловч, дэслэгч О.Д-, дэслэгч Б.Д- нарын алба хаагч нарт мэдээллийн сангийн эрхээр хэн гэдэг алба хаагчийн ямар кодоор солигдсон нь огт харагддаггүй.
Энэ хэргийг шалгах явцад надаас 2 удаа л тайлбар авсан /гэрч, яллагдагч/ бөгөөд тухайн 2 удаагийн тайлбар авах үед Цагдаагийн байгууллагын хайлт лавлагааны сангаас У.М-, Б.Н- нарын мэдээллийг хэн гэдэг алба хаагч хайсан талаар лавлагаа авч шалгуулах хүсэлт гаргахад Авилгатай тэмцэх газрын комиссар Б.Ууганбаяр нь зөвхөн 2024.06.01-с-2024.06.19 хүртэлх буюу 19 өдрийн лавлагааг авч шалгаж хэргийн материалд хавсаргасан байдаг. Шүүхийн урьдчилсан шатны хэлэлцүүлэгт хүсэлт гаргаж, дахин хэргийн мөрдөн шалгах ажиллагаанд шилжүүлэх гэсэн боловч шүүгч татгалзсан. Намайг өөрчилж засаж байсныг нүдээрээ харсан нэг ч гэрч байхгүй буюу хэргийг хангалттай бүрэн шалгаагүй байна.
Тухайн хоёр маягтыг миний цагдаагийн санд нэвтрэх эрхээр “Хянагдсан” төлөвт засварлаж оруулсан бөгөөд нэвтэрсэн компьютерын домайн хаягийг тогтоож өгөх хүсэлтийг хэрэг шалгах явцад гаргасан ба хүсэлтийг хангаагүй тул миний зүгээс өөрөө НДЦХ-ийн удирдлагад хүсэлтээ гаргаж, хариу нь боломжгүй буюу компьютерын бүртгэл бүртгэгдэггүй гэж ирсэн тул би өөрийн биеэр КАБХ-т хандаж тодруулахад харин хэрэглэгчийн нэвтрэх нэр буюу код бүртгэгдэж хадгалагддаг учир та бүхэн нууц үгээ бусдад битгий дамжуул, компьютер дээр автоматаар битгий хадгал, нууц үгээ байнга сольж бай гэж зөвлөмж өгдөг, цаашид цагдаагийн байгууллагын компьютерын ID тогтоож бүртгэгддэг болохоор технологийн шинэчлэл хийхээр зорьж байна гэсэн хариуг Б.А- болон дэд хурандаа Б.Б- уулзах явцад өгсөн.
... Мөн А.Б- нь 2023 онд нөхөр Б.М-тай муудалцаж, Налайх дүүргийн ******** дуудлага өгч, нөхрөө эрүүлжүүлэхэд хонуулж, тухайн гомдлыг тухайн үед 2 дугаар хорооны хэсгийн байцаагчаар ажиллаж байсан Ц.М- шалгаж, Ц.М-д Ч.М- нь нөлөөлж, А.Б- М-гаас гуйж, албан тушаал эрх мэдлээ ашиглаж, гомдлоо зөрчлийн шинжгүй гэж хаалгаж байсныг 2024 оны 08 дугаар сард би Ц.М-гаас сонсож байсан.
9. 2024 оны 06 дугаар сарын 11-ний өдөр Налайх дүүргийн 4-р хороо ***** 8-9 тоот хашаа байшинд зун бүр хүүхдүүдээ агаарт гаргах зорилгоор очдог байсан бөгөөд … найз З-, 2 дүүгийн хамт Тэрэлж ороод буцах замдаа хашаа янзлаад, би байшиндаа их цэвэрлэгээ хийгээд түр амсхийж байхад Б.Ө-ийн эгч Б.А- нь зөвшөөрөлгүйгээр хашаанд нэвтэрч, бичлэг хийж, хэл амаар доромжилсон. Удаа дараагийн Б.А-ийн танхайрч байгаа үйлдэлд би бачуурч, тайвшрах зорилгоор бэлгэнд ирсэн жижиг эмчилгээний ликерээс 50 гр орчим уусан. Миний бие нь зүрхний хэм алдагдах оноштой бөгөөд тайвшруулах эм, бэлдмэл байнга хэрэглэдэг, тухайн өдөр хашаа байшинруугаа нүүхдээ эмээ байрандаа мартаж, үлдээж явсан байсан тул өөр аргаар тайвшрах боломж байгаагүй. Гэтэл Б.А- нь Налайх дүүргийн ******** “манай бэр хүүхдүүдийн хажууд архидан согтуураад, намайг 2 гараас минь 2 залуугаар бариулаад зодсон, утас эвдсэн” гэж дуудлага өгснийг сүүлд рапорт шүүж байгаад мэдсэн. Тухайн үед огт тийм үйл явдал болоогүй бөгөөд надад холбогдуулж гаргасан гомдолд хэрэг бүртгэлийн хэрэг нээж, харъяаллаар УМБГ-н ТСҮГХШХ-т шилжүүлсэн. Б.А-ийн биед халдсан гэмтэл, эд зүйлийн эвдсэн гэх зэрэг нь шалгаад тогтоогдоогүй бөгөөд Налайх Багахангай дүүргийн прокурорын газраас бусдын биед халдсан зөрчлөөр арга хэмжээ авахуулахаар ирсэн албан тоотын дагуу х/ч Ч.Энхболд шалгасан. Тухайн үед би “арга хэмжээ авахуулахгүй ээ, шүүхээр орно, миний биед хөнгөн зэргийн гэмтэл учруулж, 14 хоног ажил үүргээ гүйцэтгээгүй акттай явлаа, би гарт үүссэн гэмтлээс үүдэж, фитнестээ ч явж чадахгүй байхад яагаад худал дуудлага өгсөн хүн хохирогч болж жүжиглэж, бусдын биед гэмтэл учруулсан хүн зүгээр яваад байдаг юм” гэдэг энэ хүнд би Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар арга хэмжээ авахуулж, акттай байх хугацааны мөнгөө шүүхээр нэхэмжилж авах хүсэлтэй байгаа талаар тайлбар өгч, хуурамч дуудлага мэдээлэл өгсөн зөрчлийн арга хэмжээг Б.А-д авсан. …
Иймд надад холбогдох хэргийг бүрэн шалгаагүй байх тул дахин шалгаж, гэм буруутай этгээдэд хариуцлага ногдуулж өгнө үү.” гэв.
Шүүгдэгчийн өмгөөлөгч Б.Бат-Ерөөлт шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “... Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд зааснаар давж заалдах шатны шүүх гомдол, эсэргүүцэлд заасан үндэслэлээр хязгаарлахгүйгээр хэргийг бүхэлд нь хянадаг. Миний үйлчлүүлэгч гаргасан гомдлынхоо үндэслэлийг дэлгэрэнгүй тайлбарласан учраас өмгөөлөгчийн зүгээс хууль зүйн үндэслэл, хэрэглээний үндэслэл, хэрэгт авагдсан болон анхан шатны шүүхээр шинжлэн судлагдсан нотлох баримтуудтай харьцуулсан байдлаар тайлбараа гаргая. Шүүгдэгч нь хэдийгээр гэм буруугаа хүлээхгүй оролцогч боловч хэргийн үйл баримтын талаар худал мэдүүлнэ гэсэн ойлголт биш. Хэргийн үйл баримтаар миний үйлчлүүлэгч болон хамт ажилладаг нэр бүхий этгээдийн хооронд таарамжгүй харилцаа үүссэн байдаг. Хэрэгт дурдагдсан илтгэх хуудас бичиж өгөхдөө М-, Д- нарын мэдүүлэг хэргийн үйл баримтын талаар хоорондоо зөрүүтэй байдлаар мэдүүлсэн. М- эрүүлжүүлэх байранд 2 хуудас цаас барьж ороод “А- сольсон, чи илтгэх хуудас бичиж өг” гэсний дагуу Д- илтгэх хуудас бичиж өгсөн гэдэг. Хэрэгт цугларсан нотлох баримтуудаас 19 цаг 16 минут, 19 цаг 17 минутад хоёр иргэний мэдээллийг зассан гэсэн үйлдлээр буруутгасан нь эргэлзээ бүхий нөхцөл байдлыг үүсгэдэг. Үүнд анхан шатны шүүх дүгнэлт өгөхдөө хэргийн бодит байдалтай нийцээгүй дүгнэлт өгсөн. 1, 2 секундын зөрүүтэй цаг хугацаанд мэдээллийг шивж оруулахын тулд тухайн хоёр иргэний мэдээллийг хажуудаа тавих, эсхүл нэвтэрч орсон мэдээллийн регистрийн дугаарыг оруулахын тулд зайлшгүй хугацаа орно. Мөн тухайн цаг, минутад Х.А- юу хийж байсныг тогтоох ёстой бөгөөд тухайн үед миний үйлчлүүлэгч найзтайгаа цахим захидал бичиж байсан тул дээрх цаг, минуттай давхацдаг. Үүнийг анхан шатны шүүхээр хэлэлцээд нотлох баримтыг шинжлэн судалсан. Тиймээс цагдаагийн байгууллагын мэдээлэлд байгаа хоёр иргэний мэдээллийг тухайн үед хэн шалгаж, засах боломжтой вэ гэдэг асуудал яригдана. Үүний хариулт нь Ц.М- гэдэг хүн дээр бууна. Учир нь, Ц.М- албан үүрэг гүйцэтгэж байхдаа нэр бүхий хоёр хүний мэдээллийг цагдаагийн санд оруулж байсан, хамгийн ойрын хариуцаж байсан, түүний хүрээнд пин кодоо сольж өгөөгүйн улмаас ашиглаж оруулах нөхцөл байдалд бүрэн байна гэж үзсэн. Энэ талаар миний үйлчлүүлэгчийн Viber цахим захидлаар бусадтай харилцаж байсан цаг, минутаар тогтоогдоно. Хоёрдугаарт, мөрдөн шалгах ажиллагаа болон шүүхийн хэлэлцүүлгийн үед нэр бүхий хоёр хүний мэдээллийг цахим сангаас хэн хайсныг тогтоох боломжтой. Наанаа хэний эрхээр хайсан нь харагдах ч цаанаа ямар IP домайн хаягаар хайсан нь бүртгэгдэх тул үүнийг Цагдаагийн ерөнхий газрын кибер гэмт хэрэгтэй тэмцэх хэлтсээс мэргэшсэн хүн, эсхүл Шинжлэх ухаан технологийн их сургуулийн Компьютер, инженерийн сургуулиудаас мэргэшсэн инженер зэргээс оролцуулан энэ нөхцөл байдлыг бүрэн тогтоох боломжтой байтал шүүх хэрэгт цугларсан баримтын хүрээнд дүгнэсэн нь миний үйлчлүүлэгчийг гэм буруутайд тооцсон нотлох баримтын шаардлагыг төдийлөн хангаагүй. 19 цаг 16 минут, 19 цаг 17 минутын хооронд хэн, ямар компьютероос хайсныг тогтоох, эсхүл тогтоох боломжгүй гэж гаргах тусгай мэдлэг бүхий шинжээчийн хийх ажлыг М-гийн өөрөө шалгасан байдлаар Д-д өгч илтгэх хуудас бичүүлсэн баримтыг бичмэл нотлох баримт болгож, гэрчийн мэдүүлэг авсан нь хэргийн бодит байдалтай нийцээгүй. Х.А-ийн найзтайгаа харилцаж байсан чат нь хуулбар хэлбэрээр хэрэгт авагдсан хэдий ч гэрчээр асуух нь нотолгооны туйлын чухал ач холбогдолтой байсан. Шүүгдэгчээс гэрчийн мэдүүлгүүдийн зөрүүг ярьж байгаа бөгөөд хамгийн гол нь шинжлэх ухааны тусгай мэдлэг бүхий нарийн мэргэжлийн хайлтаар гаргавал хаягийг сольсон гэж үзэх боломжгүй, ойлгомжгүй, үндэслэлгүй гэж үзэж байна. М-гаас гэрчийн мэдүүлэг авч, төвлөрсөн мэдээллийн сантай холбоотой хуулбар үнэн дардас дарж хэрэгт хавсаргасан баримтууд нь нотлох баримтын шаардлага хангаагүй. Нарийн мэргэжлийн хүн тогтоох зүйлийг өөрсдөө дардас дарж хэрэгт өгсөн нь хэргийн бодит байдалтай нийцэхгүй байхад үүнийг анхан шатны шүүх шийдвэрийнхээ үндэслэл болсон нотлох баримтад оруулсан нь үндэслэлгүй. Иймд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд зааснаар анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол нь хэргийн бодит байдалд нийцээгүй, хоёр иргэний мэдээллийг хэн хайсан, хайгаагүйг тогтоогоогүй нь нотлох баримтын хүрэлцэхүйц байдлыг хангахгүй байх тул хэргийг анхан шатны шүүхэд буцаан дахин хэлэлцүүлж, үнэн зөвийг дахин тогтоох замаар шийтгэх тогтоолыг хүчингүй болгож өгнө үү.” гэв.
Прокурор Л.Содбаяр шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “... Анхан шатны шүүх прокуророос шилжүүлсэн хэргийн хүрээнд хэрэгт авагдсан үйл баримтыг бодитой үндэслэн шийдвэрлэсэн гэж үзэж байна. Өөрөөр хэлбэл, анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий болсон. Х.А- нь Ц.М- өөрчилсөн, намайг гүтгэсэн гэж ярьдаг боловч хэргийн нөхцөл байдлыг дан ганц Ц.М-гийн мэдүүлгээр тогтоогоогүй. Анхан шатны шүүх шийдвэрээ гаргахдаа хэрэгт авагдсан бүхий л нотлох баримтыг шинжлэн судалсан. Ц.М-гаас гадна Д-, Д-, Т-, М-, Д- нарын тухайн цагдаагийн байгууллагад ажилладаг, эрүүлжүүлэх байрны эмч, цахимд холбогдох мэдээллийг хийх, хянах эрхтэй албан тушаалтнууд бүхий хэргийн талаар тодорхой хэмжээнд мэдэх 5 хүнийг гэрчээр оролцуулж, тэднээс хангалттай мэдүүлэг авсан. Мөн эдгээр гэрчүүдийн мэдүүлэг нь эрүүлжүүлэгдсэн байрны бүртгэл, үүнтэй холбоотой цахим бүртгэл, Цагдаагийн ерөнхий газрын дотоод аюулгүй байдал, хяналтын хэлтсээс ирүүлсэн албан бичгүүд, мөрдөгчийн цагдаагийн байгууллагын мэдээллийн санд үзлэг хийсэн тэмдэглэл зэргээр давхар нотлогдоно. Хэргийн үйл баримтын хувьд Х.А- нь 2024 оны 06 дугаар сарын 10, 12-ны өдрүүдэд хоёр удаа эрүүлжүүлэгдсэн бөгөөд энэ талаар маргадаггүй, “Намайг хууль бусаар эрүүлжүүлсэн” гэж ярьж, үүнийг өөрчлүүлэх хүсэлтийг дээд шатны байгууллагадаа гаргаж байсан гэж мэдүүлдэг. Мөн Х.А-, Ц.М- нар Налайх дүүргийн ******** тоо бүртгэл хариуцсан ахлах мэргэжилтэн, мэргэжилтнээр ажилладаг. Ц.М-гийн хувьд гэмт хэргийн тоо мэдээллийг хариуцдаг бол Х.А- захиргааны буюу зөрчлийн шинжтэй гомдлын тоо мэдээллийг хариуцдаг. Албаны чиг үүрэг, албан байдлын тодорхойлолтыг нь үзэхэд цагдаагийн байгууллагын мэдээллийн санд бүртгэгдэж байгаа мэдээллүүд үнэн зөв эсэх, бүрэн бодитой авагдаж байгаа эсэх, буруу ташаа авагдсан, хууль бус халдлага явагдаж байгаа эсэхийг хянах чиг үүрэгтэй. Гэтэл энэ эрхийнхээ хүрээнд 06 дугаар сарын 19-ний өдөр ажилгүй байж албан өрөөндөө ирээд өөрийнхөө эрүүлжүүлэгдсэн бүртгэлтэй танилцаж, тухайн бүртгэлийг оруулсан эрүүлжүүлэх, саатуулах байрны ажилтан Д- рүү 18 цаг 53 минутад утсаар залгасан байдаг. Тэгээд “Чи намайг эрүүлжүүлсэн мэдээллийг цагдаагийн санд бүртгэсэн байна, чи үүнийгээ яг одоо соль, өөр хүнээр соль” гэсэн хууль бус шаардлагыг тавьсан байдаг. Энэ хууль бус шаардлагын дагуу Д- солиогүй, ямар нэгэн үйлдэл хийгээгүй. Үүний дараа 19 цаг 16 минутад өөрийн 06 дугаар сарын 10-ны өдөр эрүүлжүүлэгдсэн бүртгэлийг У-ын М- гэх хүний регистрийн дугаараар оруулж, цахим бүртгэлийн бүх мэдээллийг сольсон. Энэ үйлдэл нь Х.А-ийн өөрийнх нь хаяг буюу цахим санд нэвтрэх эрхээрээ сольсон үйлдэл. Х.А- өөрийнхөө эрхээр нэвтэрч өөрчлөх буюу буцаасан төлөвт оруулах эрхтэй. У-ын М-ын хувьд 06 дугаар сарын 10-ны өдөр Налайх дүүрэгт байгаагүй талаараа гэрчийн мэдүүлэг өгсөн. Н-ийн мэдээллээр 06 дугаар сарын 12-ны өдөр эрүүлжүүлэгдсэн гэсэн бүртгэлийг сольсон. Гэтэл Н-ийн хувьд Баянзүрх дүүргийн шүүхээс хорих ял шийтгүлж, ялаа эдэлж байгаа хүн учир эрүүлжүүлэгдэх ямар ч боломжгүй. Өөрөөр хэлбэл, өөрөө эрүүлжүүлэгдсэнээ хүлээн зөвшөөрч байгаа хэдий ч тухайн зөрчлийг гаргаагүй иргэдийн нэрсээр сольсон байдаг. Мөн тухайн бүртгэлийг солихдоо Х.А- өөрийнхөө хаягаар сольсон болох нь Цагдаагийн ерөнхий газраас ирүүлсэн бүхий л албан бичгээр тогтоогддог. Гэтэл Х.А-ийн кодыг ашиглаж Ц.М- сольсон гэдэг. Ц.М-, Х.А- нар тухайн цаг хугацаанд нэг өрөөнд хамт байсан буюу Ц.М-гийн “А- Д- рүү , ярьсан, чи наадахаа соль гэдэг шаардлага тавьсан. Тэгээд би юу болоод байгаа юм гээд Д- дээр очсон, сольж болохгүй шүү гэдэг асуудлыг тавьсан” гэсэн мэдүүлэг байдаг. Ц.М-гийн хоёр удаагийн мэдүүлэг тогтвортой бөгөөд Ц.М-д Х.А-ийн эрүүлжүүлэгдсэн бүртгэлийг солих ямар ч ашиг сонирхол байхгүй. Авлигын эсрэг конвенцийн 28 дугаар зүйлд заасан гэмт хэргийн зайлшгүй бүрэлдэхүүн болох санаа зорилгоор уг гэмт хэрэг яагаад үйлдэгдсэн, иргэдийн мэдээлэл яагаад солигдох болсон нь Х.А-д ашигтай нөхцөл байдлыг бий болгосон гэж үзнэ. Ц.М-гийн хувьд Х.А-тэй ажил хэргийн хувьд таарамжгүй харилцаатай байдаг гэдгийг үгүйсгээгүй. Гэтэл зөвхөн Ц.М-гийн мэдүүлэг бус, бусад гэрчүүдийн мэдүүлгээр энэ нөхцөл байдал тогтоогддог. Х.А-ийн гомдолд “Налайх дүүргийн ********хэн бүлэглэж байгаад намайг гэмт хэрэгт унагаачихлаа” гэдэг. Гэтэл үүнийг Авлигатай тэмцэх газарт анх мэдэгдэж шалгуулахаар албан бичиг хүргүүлсэн нь Цагдаагийн ерөнхий газрын дотоод аюулгүй байдлын хэлтэс байдаг. Аливаа төрийн байгууллага дотоод асуудлаа гэмт хэрэг гэж холбогдох мөрдөн шалгах ажиллагаа явуулах байгууллагад шилжүүлсэн нь хэн нэгнийг гүтгэж, буруушааж байгаа үйлдэл биш. Харин хуульд заасан үүргээ биелүүлсэн гэж үзнэ. Мөн албаны шалгалт явуулсан Б- гэх хүнд арга хэмжээ авсан гэх нотлох баримтыг хавсаргасан байх ба дотоод аюулгүй байдлын хэлтсээс гэмт хэргийн шинжтэй асуудал байж болзошгүй талаарх мэдээллийг Авлигатай тэмцэх газарт өгсөн. Харин нөхцөл байдал гэмт хэрэг болсон эсэхийг Авлигатай тэмцэх газар Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан эрх хэмжээнийхээ хүрээнд мөрдөн шалгах ажиллагаа явуулж, нотолбол зохих байдлыг шалгаж шилжүүлсэн. Анхан шатны шүүх хэрэгт авагдсан баримтуудын хүрээнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлд заасан эрх мэдэл, албан тушаалын эсрэг гэмт хэрэг үйлдэгдсэн гэж дүгнэсэн нь хууль зүйн үндэслэлтэй байх хуулийн шаардлагыг хангасан. Өмгөөлөгчийн зүгээс тусгай мэргэжлийн шинжээч томилох шаардлагатай талаар дурдаж байна. Шүүхийн урьдчилсан хэлэлцүүлэгт энэ асуудал маш тодорхой яригдаж, Цагдаагийн ерөнхий газрын кибер гэмт хэрэгтэй тэмцэх хэлтсээс тодорхойлсон албан бичиг, дотоод аюулгүй байдлын хэлтсээс ирүүлсэн албан бичиг, тухайн мэдээллийн санд үзлэг хийсэн мөрдөгчийн тэмдэглэл, фото зурагтайгаа авагдсан. Үзлэг хийсэн тэмдэглэлээр тухайн бүртгэл рүү орсон бүх эрхүүдийг харуулсан байхад дахин шинжээч томилох шаардлагатай гэсэн нь ямар нөхцөл байдлыг тодруулах гэж буйг ойлгохгүй байна. Гэрч нарын мэдүүлэг зөрүүтэй гэж тайлбарлаж байгаа боловч ямар ноцтой зөрүүтэй асуудал байгааг хэлсэнгүй. Мөн чаталж байсан гэх найзаас нь гэрчийн мэдүүлэг авах ёстой байсан гэдэг ч тухайн хүн Х.А-тэй хувийн харилцаатай байдлыг үгүйсгэхгүй ч тэрээр хэргийн нөхцөл байдлыг мэдэхгүй. Цагдаагийн байгууллагын ажилтан биш, цахим сан руу нэвтрэх эрхтэй эрх бүхий албан тушаалтан ч биш байтал түүнээс юу гэж мэдүүлэг авах нь тодорхойгүй байна. Иймд тодорхойгүй үндэслэлүүд гаргасан учраас давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгож, анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээх саналтай байна.” гэв.
ТОДОРХОЙЛОХ нь:
Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгчийн гаргасан давж заалдах гомдолд заасан асуудлаар хязгаарлахгүйгээр хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг хянаж үзлээ.
1. Шүүгдэгч Х.А- нь Налайх дүүргийн 2 дугаар хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг Налайх дүүргийн ******** Шуурхай удирдлагын тасгийн мэдээлэл, судалгааны мэргэжилтнээр ажиллаж байхдаа Төрийн албаны тухай хууль, Авлигын эсрэг хууль, Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хууль, Цагдаагийн албаны тухай хуулийн зохих заалтуудыг тус тус зөрчиж, албан тушаалын тодорхойлолтод заасан зарим албан үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж Налайх дүүргийн ******** Эрүүлжүүлэх байрны эмч О.Д-ийн Цагдаагийн байгууллагын нэгдсэн мэдээллийн санд оруулсан “...Х-ы А- (РД:*******) нь 2024 оны 06 дугаар сарын 10-ны өдрийн 07 цаг 03 минут, мөн оны 06 дугаар сарын 12-ны өдрийн 13 цаг 09 минутад тус тус 2 удаа эрүүлжүүлэгдсэн...” гэх мэдээллийг 2024 оны 06 дугаар сарын 19-ний өдрийн 18 цаг 53 минутад тус тасгийн Эрүүлжүүлэх, саатуулах байрны эмч ажилтай О.Д-д “...Чи намайг цагдаагийн байгууллагын санд бүртгэсэн байна, би бүртгэлийг чинь буцаасан, өөр хүний нэрээр соль...” гэсэн хууль бус шаардлага тавьж, улмаар Цагдаагийн байгууллагын нэгдсэн мэдээллийн санд “Эрүүлжүүлэгдсэн” төлөвт бүртгэгдсэн өөрийн мэдээллийг 2024 оны 06 дугаар сарын 19-ний өдрийн 19 цаг 16 минутад тухайн зөрчлийг гаргаагүй У-ын М- (РД:*******) нэрээр, 2024 оны 06 дугаар сарын 19-ний өдрийн 19 цаг 19 минутад тухайн зөрчлийг гаргаагүй, хорих ял эдэлж байсан ялтан Б-н Н- (РД:*******)-ийн нэрээр тус тус өөрчилж, тухайн мэдээллийн бүртгэлийн төлвийг “хянагдсан” төлөвт шилжүүлж, өөрийн эрүүлжүүлэгдсэн мэдээллийг цаашид “Цагдаагийн байгууллагын мэдээллийн нэгдсэн санд” харагдахгүй, өөрөөр хэлбэл зөрчил үйлдэж байгаагүй гэсэн төлөвтэй харагдуулах гэсэн ашиг сонирхлын үүднээс өөртөө давуу байдал бий болгосон гэмт хэрэг үйлдсэн болох нь:
гэрч О.Д-ийн “... би 2024 оны 06 дугаар сарын 07-ны өдрөөс 08-нд шилжих шөнө эрүүлжүүлэх, саатуулах байранд дэд ахлагч Д.Б-ийн хамт үүрэг гүйцэтгэж байх хугацаанд Авто эргүүлийн Чулуут-112 чиглэлд үүрэг гүйцэтгэж байсан дэд ахлагч Т-, дэд ахлагч С- нар нь цагдаагийн дэслэгч Х.А-ийг “********” нэртэй бааранд бусадтай маргалдан зодолдсон гэх үндэслэлээр эрүүлжүүлэх байранд хүргэж ирсэн. Х.А-ийн амин үзүүлэлтийг нь үзэж тэмдэглэл хөтлөөд эрүүлжүүлэх байранд оруулах гэтэл Х.А- “би жирэмсэн, орохгүй” гэж орилоод байхаар нь тестэлж үзэхэд “хэвийн” гарсан тул эрүүлжүүлэх байранд эрүүлжүүлсэн. ... 2024 оны 06 дугаар сарын 19-ний өдөр ээлжтэй 24 цагийн хугацаатай үүрэг гүйцэтгэж байхад миний ******* гэсэн хувийн утас руу Х.А- ******** дугаарын утаснаас 18 цаг 53 минутад залгаж “... чи намайг Цагдаагийн байгууллагын санд бүртгэсэн байна. Би бүртгэлийг чинь буцаасан, өөр хүний нэрээр соль ...” гэхээр нь би “тийм юм байхгүй, би сольдог албан тушаалтан биш, жижүүрийн ахлах дэслэгч Ш.А-гийн өгсөн үүргийн дагуу таныг эрүүлжүүлсэн” гэхэд өмнөөс “пизда минь чамайг шалгуулна, явдаг газар луу нь явуулна” гээд өөрөө утсаа тасалсан. Энэ яриа болсноос хойш 10-20 минутын дараа Шуурхай удирдлагын тасгийн Мэдээлэл судалгааны ахлах мэргэжилтэн, ахмад Ц.М- Эрүүлжүүлэх, саатуулах байрны эмчийн өрөөнд орж ирээд “захиргааны тоо бүртгэл дээр байсан Х.А-ийн мэдээллийг чи сольсон уу” гэхээр нь “над руу өөрөө утсаар яриад мэдээллийг соль, өөр хүний нэрээр оруул гэхээр нь би солиогүй” гэж хариулсан. Тэгтэл “тэр хүн чинь мэдээллээ өөрөө сольсон байна” гээд “Бүртгэлийн мэдээлэл”-д өөрчлөлт оруулсан 2 хуудсыг надад үзүүлээд буцаагаад авсан. Чи энэ талаараа хэлтсийн дарга дээр орж танилцуул, тийм мэдээллийг сольж болохгүй шүү гээд гараад явсан. Би шууд хэлтсийн даргад танилцуулах гэхэд байхгүй байхаар нь Захиргаа удирдлагын тасгийн дарга, хошууч Ү-ад танилцуулаад Х.А-ийн над руу залгасан утасны дугаар болон ярьсан минуттай хэсгийг гараар бичсэн Илтгэх хуудсын хамт өгсөн. Бүртгэлийн мэдээлэлтэй танилцахад Х.А- нь өөрийнхөө эрүүлжүүлэгдсэн хүний мэдээлэлд Б-н Н-, У-ын М- гэсэн хүмүүсээр өөрийн мэдээллийг өөрөө сольсон байна.” /1хх 50-51/,
гэрч Ц.М-гийн “... би 2024 оны 06 дугаар сарын 19-ний өдөр хэлтсийн байранд байхад надтай цуг ажилладаг Х.А- нь эрүүлжүүлэх байрны эмчтэй утсаар яриад “миний мэдээллийг яагаад эрүүлжүүлэгдсэн төлөвт санд шивсэн юм бэ, пизда минь соль, үгүй бол устга” гэж хэрэлдээд байхаар нь би эрүүлжүүлэх байранд ороод ямар учиртай талаар эрүүлжүүлэх байрны эмч О.Д-ээс асуухад Х.А- нь энэ оны 06 дугаар сард гудамж, талбай олон нийтийн газар танхайрсан өөрийнхөө 2 удаагийн эрүүлжүүлэгдсэн маягтаас өөрийн овог, нэр, регистрийн дугаараа сольж оруулсан байсан. Х.А- нь Цагдаагийн байгууллагын нэгдсэн сангийн Захиргааны тоо бүртгэл, эрүүлжүүлэгдсэн иргэдийн бүртгэлд орж өөрийнхөө 2 удаагийн эрүүлжүүлэгдсэн маягтаас өөрийн овог, нэр, регистрийн дугаарыг өөр хүний овог, нэр, регистрийн дугаараар сольсон байсан. Тухайн эрүүлжүүлэх байрны эмч бүртгэлийг хөтлөөд Нийтийн хэв журам хамгаалах тасгийн дарга нь хянаад үүний дараа Мэдээлэл судалгааны мэргэжилтэн нар нь төвлөрсөн тоо бүртгэлд авах юм уу эсвэл буруу бичигдсэн бол засуулах арга хэмжээ авдаг. Мэдээлэл судалгааны мэргэжилтэн нар нь шаардлага хангаагүй төлөвт буцаахад нөгөө мэдээлэл оруулсан албан хаагч нь засаад дахин тасгийн даргаар хянуулаад мэдээллийг бидэнд ирүүлдэг. Гэтэл мэргэжилтэн Х.А- нь 2024 оны 06 дугаар сарын 19-ний өдөр өөрийнхөө 2 удаагийн эрүүлжүүлэгдсэн хүний бүртгэлийг засаж, “Б-н Н-, У-ын М-” гэсэн хүмүүсийн овог, нэр, регистрийн дугаарыг санд шивээд Нийтийн хэв журам хамгаалах тасгийн дарга хянаж баталгаажуулах байтал өөрийн эрхээр “хянасан ажилтан” гэсэн хэсэгт хянаж баталгаажуулсан байсан. ... цагдаагийн байгууллагын нэгдсэн санг шүүж харахад тухайн шүүсэн иргэний бүх мэдээлэл харагдаж байх ёстой. Гэтэл Х.А- нь цагдаагийн байгууллагын цахим сангаас өөрийнхөө болон хамт эрүүлжүүлэгдсэн хүний мэдээллийг устгаад өөр хүний мэдээллийг оруулсан байсан. ...” /1хх 53-55, 57-58/,
гэрч Д.Т-ийн “... 2024 оны 06 дугаар сарын 08-ны өдөр Чулуут-10 буюу жижүүрээс Налайх дүүргийн 1 дүгээр хороо, “********” баарны урд талд хэрүүл, маргаан болоод байна гэсэн дуудлага, мэдээлэл ирээд дэд ахлах Г.С-ын хамт очиж шалгахад Ө.С-, П.Б- гэж хоёр эмэгтэй баарны гадаа зогсож байхаар нь юу болсон талаар асуухад танай цагдаа хэл амаар доромжлоод над руу юм шидээд байна гэхээр цагдаагийн дэслэгч Х.А-ийг баарнаас дуудаж гаргаж ирсэн. Х.А- нь У.Б- гэдэг залуутай гарч ирээд өмнө нь бие биенийгээ таньдаг хоорондоо мөнгө, төгрөгийн авлагатай гэж маргаад байсан. Тэгээд тэр хоёр эмэгтэйг Х.А-, У.Б- нарын хамтаар Налайх дүүргийн ******** жижүүр дээр авч ирэхэд жижүүрт гарч байсан ахлах мөрдөгч тэд нартай уулзаад бүгдийг нь эрүүлжүүл гэхээр нь эрүүлжүүлэх байранд хүлээлгэж өгсөн. Х.А- нь эрүүлжүүлэхэд бид нарыг хэл амаар доромжлоод өөрийгөө жирэмсэн гээд эрүүлжүүлэхэд орохгүй байхаар нь эрүүлжүүлэх, саатуулах байрны эмч О.Д- тест өгөөд жирэмсэн биш болох нь тогтоогдоод эрүүлжүүлэгдсэн. Х.А- эрүүлжүүлэх, саатуулах байрны наарыг дээрээсээ унагаж өөрийгөө гэмтээх гээд байхаар нь цагдаа Д.Б- очиж болиулсан. ...” /1хх 60/,
гэрч Б.Д-ын “... дуудлага өгсөн хүмүүс нь хашааныхаа гадаа, Х.А- нь хашаан дотроо сүүдрэвчинд сууж байсан. Тэнд байсан 2 залууг Х.А-ийн хамт хэлтэс дээр авч ирээд нөгөө хүмүүс нь зөрчил гаргаагүй учраас явуулаад Х.А-ийг эрүүлжүүлсэн. Х.А- нь 2024 оны 06 дугаар сарын 09-ний өдөр эрүүлжүүлэгдсэн бөгөөд миний Цагдаагийн цахим санд оруулсан Х.А-ийн эрүүлжүүлэгдсэн бүртгэлийг устгаад өөр хүний мэдээллийг оруулсан байсан. Х.А- нь миний мэдэхийн 2 удаа эрүүлжүүлэгдсэн. ...” /1хх 62-63/,
гэрч У.М-ын “... би Налайх дүүргийн ******** 2024 онд эрүүгийн болон зөрчлийн хэрэгт шалгагдаж байгаагүй. Харин 2022 онд машин барьж яваад дүрэм зөрчөөд Налайх дүүргийн ******** Замын цагдаагийн тасагт шалгагдаад торгуулж байсан. ... миний хувьд 2024 оны 06 дугаар сард Налайх дүүргийн нутаг дэвсгэрт согтууруулах ундаа хэрэглээд ******** эрүүлжүүлэгдэж байгаагүй бөгөөд яагаад намайг эрүүлжүүлэгдсэн мэтээр бүртгэлд орсныг гайхаад байна. ...” /1хх 65-66/,
гэрч Ц.Д-ын “... 2024 оны 06 дугаар сард Х.А- нь 2 удаа эрүүлжүүлэгдсэн бөгөөд эрүүлжүүлэх байранд байхад нь би цагдаа нартаа наад хүнээ жаахан байлгаж байгаад явуулчих гэхэд цагдаа нар өчигдөр шөнөжин эрүүлжүүлэх байранд агсам согтуу тавьсан гэсэн. ...” /1хх 191-192/ гэсэн мэдүүлгүүд,
Налайх дүүргийн ******** Авлигатай тэмцэх газарт гаргасан албан бичиг, түүнд хавсаргасан Ц.М-, О.Д- нарын илтгэх хуудас, гар утсаар ярьсан баримт, эрүүлжүүлэгдсэн хүний бүртгэл, бүртгэлийн мэдээллийн баримт /1хх 4-11/,
Эд зүйлд үзлэг хийсэн тэмдэглэл, түүнд хавсаргасан үзлэгийн тэмдэглэлүүд, эрүүлжүүлэгдсэн иргэдийн нэгдсэн бүртгэл /1хх 17-29/,
Эд зүйлд үзлэг хийсэн тэмдэглэл, түүнд хавсаргасан үзлэгийн тэмдэглэлүүд, эрүүлжүүлэгдсэн иргэдийн нэгдсэн бүртгэл /1хх 17-29/,
Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын Хорих ял эдлүүлэх албаны 2024 оны 10 дугаар сарын 03-ны өдрийн 02-05/2383 тоот албан бичиг, Цагдаагийн ерөнхий газрын 2024 оны 11 дүгээр сарын 11-ний өдрийн 6/10822 тоот албан бичиг /1хх 46, 48/,
Албан тушаалын тодорхойлолт, цагдаагийн тангаргийн хуулбар, Цагдаагийн ерөнхий газрын даргын 2023 оны 01 дүгээр сарын 03-ны өдрийн Б/09 дүгээр тушаалын хуулбар /1хх 81-82, 114, 83/,
Цагдаагийн ерөнхий газрын кибер аюулгүй байдлын хэлтсээс ирүүлсэн Х.А-ийн Налайх дүүргийн ******** эрүүлжүүлэх, саатуулах байранд эрүүлжүүлэгдсэн мэдээллийг оруулсан, хянасан, бүртгэсэн талаарх мэдээллийн баримтууд, Цагдаагийн ерөнхий газрын Мэдээлэл, дүн шинжилгээ, шуурхай удирдлагын албаны 2024 оны 12 дугаар сарын 09-ний өдрийн 15/4611 тоот албан бичиг, зөрчлийн мэдээллийн сан бүрдүүлэх журам /1хх 181-189, 212-234/ зэрэг хэрэгт авагдаж, анхан шатны шүүхийн шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар тус тус нотлогдон тогтоогджээ.
2. Шүүхийн шийтгэх тогтоолын үндэслэл болсон дээрх нотлох баримтууд нь хэрэгт хамааралтай, ач холбогдолтой ба хэргийн үйл баримтыг бүрэн нотолж чадсан, эдгээр нь хоорондоо эргэлзээ үүсгээгүй байна.
Мөрдөн шалгах ажиллагааны явцад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих асуудлуудыг хангалттай шалгаж тодруулсан байх тул анхан шатны шүүх хэрэгт авагдсан нотлох баримтын хүрээнд Х.А-д холбогдох хэргийг эцэслэн шийдвэрлэсэн нь үндэслэлтэй болжээ.
Хэргийн үйл баримтыг тогтооход үндэслэл болсон нотлох баримтуудыг цуглуулах, бэхжүүлэх, үнэлэх шатанд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг зөрчсөн зөрчил тогтоогдсонгүй.
3. Анхан шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгчийн гэм бурууг хянан хэлэлцэж, шүүх хуралдаанаар шинжлэн судлагдсан дээрх нотлох баримтуудад хууль зүйн дүгнэлт хийн шүүгдэгч Х.А-ийг “нийтийн албан тушаалтан албан үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж, өөртөө давуу байдал бий болгосон” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсон нь хэргийн бодит байдалд нийцжээ.
Шүүгдэгч Х.А- нь өөрийн 2024 оны 06 дугаар сарын 10-ны өдрийн 07 цаг 03 минут, мөн оны 06 дугаар сарын 12-ны өдрийн 13 цаг 09 минутад тус тус 2 удаа эрүүлжүүлэгдсэн мэдээллийг устгуулахаар Эрүүлжүүлэх, саатуулах байрны эмч О.Д-т хууль бус шаардлагыг тавьж, улмаар Цагдаагийн байгууллагын нэгдсэн мэдээллийн санд “Эрүүлжүүлэгдсэн” төлөвт бүртгэгдсэн өөрийн мэдээллийг зөрчил гаргаагүй У.М-, Б.Н- нарын нэрээр тус тус өөрчилж, өөрийн “Эрүүлжүүлэгдсэн” гэх мэдээллийг цаашид Цагдаагийн байгууллагын нэгдсэн санд харагдахгүй буюу “Зөрчил үйлдэж байгаагүй” гэсэн төлөвтэй харагдуулан хийх ёсгүй үйлдэл хийж өөртөө давуу байдал бий болгосон үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчлэн Эрүүгийн хуулийг зөв тайлбарлан хэрэглэсэн байна.
Албан тушаалын гэмт хэрэг нь хуулиар хамгаалсан нийгмийн ашиг сонирхлыг зөрчиж тодорхой материаллаг хохирол учруулахаас гадна төрийн албаны хууль дээдлэх, шударга ёсыг хангах, нийтийн ашиг сонирхлыг хамгаалж ажиллах зарчмыг ноцтой зөрчсөн, төрд итгэх олон нийтийн итгэлийг алдагдуулж, төрийн байгууллагын үнэлэмжийг сулруулах зэрэг хор уршиг учруулдаг нийгмийн аюулын хэр хэмжээ ихтэй.
НҮБ-ын Ерөнхий Ассамблейн 2003 оны 10 дугаар сарын 31-ны өдрийн 58/4 тоот тогтоолоор баталсан Авлигын эсрэг НҮБ-ын Конвенцод нийцүүлэн Монгол Улсын Их Хурлаас 2006 оны 07 дугаар сарын 06-ны өдөр баталсан Авлигын эсрэг хуулийн 7 дугаар зүйлд “төрийн албан хаагч албан тушаалынхаа бүрэн эрхийн дагуу асуудал боловсруулж шийдвэрлэхдээ хууль бусаар аль нэг хүн, хуулийн этгээдэд давуу байдал олгох, албан тушаалынхаа байдлыг ашиглан эд хөрөнгө олж авах, давуу эрх эдлэх, хууль бусаар ашиг хонжоо олох, бусдад давуу байдал олгох зорилготой бусад үйлдэл хийх зэргээр ашиг сонирхлын зөрчилтэй үйл ажиллагаа явуулахыг хориглосон” байна.
Түүнчлэн, Үндэстэн дамнасан зохион байгуулалттай гэмт хэрэгтэй тэмцэх тухай НҮБ-ын конвенцын 8 дугаар зүйлд Авлигын эсрэг НҮБ-ын конвенцоор тодорхойлсон нийтийн албан тушаалтан албаны чиг үүргээ урвуулан ашиглах гэмт хэргийн шинжийг илүү өргөн агуулгаар буюу нийтийн албан тушаалтан албаны чиг үүрэг, бүрэн эрхэд хамаарах буюу хуулиар зөвшөөрөгдсөн үйлдлийг хийсэн, түүнчлэн хийгээгүйн төлөө өөртөө болон бусдад ямар нэгэн хууль бус давуу байдал бий болгохыг хүссэн, эсхүл тийм саналыг хүлээн авсан санаатай үйлдлийг гэмт хэрэгт тооцохыг тусгасан байна.
Монгол Улсын нэгдэн орсон дээрх гэрээ, конвенцууд болон Эрүүгийн хуулийн 22.1 дүгээр зүйлд заасан “Эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашиглах” гэмт хэргийн бүрэлдэхүүний субъектив шинжийг судлан үзвэл тусгай субьект буюу нийтийн албан тушаалтан албаны чиг үүргийн хувьд гэм буруугийн зөвхөн шууд санаатай хэлбэрээр хуулиар зөвшөөрөгдөөгүй буюу хориглосон үйлдлийг гүйцэтгэх, эсхүл хуульд заасны дагуу хийх ёстой зүйлийг хийж гүйцэтгээгүйн улмаас өөртөө болон бусдад хууль бус давуу байдал олгосон байх шинжийн нэгдлийг гэмт хэрэгт тооцохоор зохицуулжээ.
Өөрөөр хэлбэл, шүүгдэгч Х.А- нь Налайх дүүргийн ******** Шуурхай удирдлагын тасгийн мэдээлэл, судалгааны мэргэжилтэн буюу Авлигын эсрэг хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.1-т заасан нийтийн албан тушаалтнаар ажиллаж байхдаа Төрийн албаны тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.1.1-д заасан “...Монгол Улсын Үндсэн хууль, бусад хуулийг дээдлэн хүндэтгэж, сахин биелүүлэх...”, 37.1.2-д заасан “...өргөсөн тангарагтаа үнэнч байж, нийтийн ашиг сонирхолд захирагдан ашиг сонирхлын зөрчилд автахгүй байх, хууль бус, шударга бус явдалтай эвлэрэхгүй байх …”, 37.1.13-д заасан “...албан тушаалын тодорхойлолтод заасан чиг үүрэг, зорилго, зорилт, чиг үүргийн хэрэгжилтийг хангах...”, мөн хуулийн 39 дүгээр зүйлийн 39.1.2-д заасан “...албаны эрх мэдлээ хэтрүүлэх...”, 39.1.4-д заасан “...албан тушаалын бүрэн эрхээ урвуулан ашиглах...” гэж, Авлигын эсрэг хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.3-д заасан “...албан үүргээ гүйцэтгэхдээ хууль бусаар аливаа хүн, хуулийн этгээдэд давуу байдал олгох, олгохоор амлах, бусдын эрхийг хязгаарлах ...”, 7.1.6-д заасан “...албаны эрх мэдэл буюу албан тушаалын байдлаа урвуулах, хэтрүүлэх...” гэж, Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.1 дэх хэсэгт заасан “... Албан тушаалтан нь хууль дээдлэх зарчимд захирагдан, албан үүргээ иргэдийн итгэл хүлээхүйц, тэгш, шударга, хариуцлагатайгаар гүйцэтгэж, албаны ёс зүйг сахина ...”, 6.3 дахь хэсэгт заасан “Албан тушаалтан албаны бүрэн эрхээ хувийн болон өөртэй нь хамаарал бүхий этгээдийн хувийн зорилгод ашиглахгүй бөгөөд албан үүрэгт нь нөлөөлөхүйц аливаа харилцаанаас ангид байна” гэж, Цагдаагийн албаны тухай хуулийн 61 дүгээр зүйлийн 61.2 дахь хэсэгт “... Цагдаагийн байгууллага энэ хуулийн 61.1-д заасан мэдээллийн санг энэ хуульд заасан зорилгоор ашиглах бөгөөд уг сангийн мэдээллийн аюулгүй байдпыг хангах үүрэгтэй...” гэж заасныг тус тус зөрчиж, Албан тушаалын тодорхойлолтын нэгдүгээр буюу (“Монгол Улсад бүртгэгдсэн гэмт хэргийн мэдээллийн сан бүрдүүлэх”, “мэдээллийн сан бүрдүүлэх” журам болон бусад холбогдох журмуудын хэрэгжилтийг хангаж, тухайн нутаг дэвсгэрт бүртгэгдсэн гэмт хэрэг, зөрчил, гомдол, мэдээллийн болон холбогдох бусад мэдээллийн сан бүрдүүлж, хөдөлгөөн шийдвэрлэлтэд хяналт тавих) зорилтын хүрээнд 1.1-д (Эрх бүхий байгууллага, албан тушаалтнаас батлан гаргасан анхан шатны бүртгэлийн маягтын дагуу гэмт хэрэг, зөрчил, захиргааны тоо бүртгэл, гомдол мэдээллийн санг төрөлжүүлэн бүрдүүлэх, баяжилт, хөдөлгөөн, шийдвэрлэлтэд хяналт тавих), 1.2-д (Апба хаагчдаас дээрх мэдээллийн сангуудад оруулсан мэдээллийг эрх бүхий албан хаагчаар хянуулж, шалгуулсны дараа төвлөрсөн тоо бүртгэлд авах, буруу, дутуу оруулсан мэдээллийг зөвтгөх арга хэмжээ авах) гэж тус тус заасан албан үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж өөрийн хоёр удаагийн Цагдаагийн байгууллагын нэгдсэн мэдээллийн санд “Эрүүлжүүлэгдсэн” төлөвт бүртгэгдсэн мэдээллийг зөрчил гаргаагүй У.М-, Б.Н- нарын нэрээр тус тус өөрчилж, өөрийн “Эрүүлжүүлэгдсэн” гэх мэдээллийг цаашид Цагдаагийн байгууллагын нэгдсэн санд харагдахгүй буюу “Зөрчил үйлдэж байгаагүй” гэсэн төлөвтэй харагдуулан хийх ёсгүй үйлдэл хийж өөртөө давуу байдал бий болгосон байх тул Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн бүрэлдэхүүний шинжийг хангаж байна гэж үзэх үндэслэлтэй байна.
Иймд дээрх үндэслэлүүдээр шүүгдэгч Х.А-ийн гаргасан “... намайг өөрөө мэдээлэл өөрчилсөн болохыг хангалттай нотлоогүй, гэмт хэрэг үйлдээгүй ...” гэсэн агуулга бүхий давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.
4. Гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай нь тогтоогдсон шүүгдэгчид ял оногдуулахдаа шүүх хуулиар тодорхойлсон эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэл, журам, зарчмуудыг удирдлага болгодог бөгөөд гагцхүү Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан ялын төрөл, хэмжээний дотор ял оногдуулах ба гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан үздэг.
Анхан шатны шүүхээс Х.А-ийн гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, гэмт хэргийн шинж, түүний хувийн байдал зэргийг харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар нийтийн албанд ажиллах эрхийг 2 жилийн хугацаагаар хасаж, 1 жилийн хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял оногдуулж шийдвэрлэсэн нь түүний үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон гэж үзэв.
Иймд дээрх үндэслэлээр шүүгдэгч Х.А-ийн гаргасан давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгож, анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж шийдвэрлэв.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтыг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Багахангай, Налайх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхийн 2025 оны 06 дугаар сарын 23-ны өдрийн 2025/ШЦТ/126 дугаар шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, шүүгдэгч Х.А-ийн гаргасан давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгосугай.
2. Анхан болон давж заалдах шатны шүүхийн хууль хэрэглээний зөрүүг арилгах, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, хуулийг Улсын дээд шүүхийн тогтоол, тайлбараас өөрөөр хэрэглэсэн, эрх зүйн шинэ ойлголт, эсхүл хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой гэж үзвэл энэхүү магадлалыг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хэргийн оролцогч хяналтын журмаар гомдол гаргах, прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ,
ШҮҮГЧ Ц.МӨНХТУЛГА
ШҮҮГЧ Д.МӨНХӨӨ
ШҮҮГЧ Б.БАТЗОРИГ