Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2025 оны 10 сарын 02 өдөр

Дугаар 2025/ДШМ/1170

 

 2025             10             02                                                                          2025/ДШМ/1170

 

О.Ж-ид холбогдох

эрүүгийн хэргийн тухай

 

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн ерөнхий шүүгч Б.Зориг даргалж, шүүгч Н.Баярмаа, шүүгч Б.Батзориг нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:

прокурор Г.Нандин-Эрдэнэ,

нарийн бичгийн дарга Б.Пэрэнлэйдулам нарыг оролцуулан,

Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхийн шүүгчийн 2025 оны 08 дугаар сарын 08-ны өдрийн 2025/ШЗ/5085 дугаар захирамжийг эс зөвшөөрч прокурор Б.Одонтуяагийн бичсэн 2025 оны 8 дугаар сарын 21-ний өдрийн 42 дугаар эсэргүүцлээр О.Ж-ид холбогдох 2503002520684 дугаартай эрүүгийн хэргийг 2025 оны 09 дүгээр сарын 08-ны өдөр хүлээн авч, шүүгч Б.Батзоригийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Б- овгийн О-ы Ж-, ..........., /РД:......../,

Яллагдагч О.Ж- нь Сонгинохайрхан дүүргийн 15 дугаар хороо,Москвагийн гудамжны Эрин хорооллын хойд замд 2025 оны 03 дугаар сарын 05-ны өдрийн 18 цагийн үед “Голден драгон” загварын ****УЕМ улсын дугаартай чиглэлийн тээврийн хэрэгслийг жолоодон замын хөдөлгөөнд оролцох үедээ “Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 10.1. Жолооч хөдөлгөөн эхлэхийн өмнө зам, орчны байдлыг биеэр шалгаж, хөдөлгөөн эхлэх, чиг өөрчлөх, байр эзлэх, зогсохдоо аюул, осол үүсгэхгүй байх бүх нөхцөлийг хангана, мөн энэ дүрмийн 23.4. Жолооч нь тээврийн хэрэгслээ гүйцэд зогсоосны дараа зорчигчийг буулгах буюу суулгах, хаалгаа гүйцэд хаасны дараа хөдөлгөөнөө эхлэх үүрэгтэй. Хаалгыг жолоочийн суудлаас удирддаг бол гүйцэд зогсоогүй байхдаа хаалга нээхийг хориглоно, мөн Монгол Улсын Стандарт MNS 5012:2011.8.2.5 Замын дагуух зогсоолд зогсохдоо “зогсоолын талбай”-н эхэнд зорчигч замын хашлагаас автобусанд суух боломжтой зайд зогсож, зорчигчдыг бүрэн бууж, суусны дараа хаалгаа хааж, хөдөлгөөний аюулгүй байдал хангагдсаны үндсэнд хөдөлгөөнийг эхлэх, шаардлагатай гэж үзвэл жолооч зорчигчдод хөдөлгөөн эхлэхийг анхааруулна. Жолооч дараагийн зогсоолын нэрийг заавал зарлана” гэсэн заалтуудыг зөрчиж зорчигч, хохирогч Ж.Е-ийн хөлийг дайрч эрүүл мэндэд нь хүндэвтэр хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

Тээврийн прокурорын газраас: О.Ж-ийн үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчилж, яллах дүгнэлт үйлдэн хэргийг шилжүүлжээ.

Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүх: “...Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 10.11 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д “тухайн хэргийг хянан шийдвэрлэх ажиллагаанд мөрдөгч ...-ийн хувиар оролцсон бол шинжээчээр оролцож болохгүй”, мөн хуулийн 27.1 дүгээр зүйлийн 6 дахь хэсэгт “Хууль тогтоомж хэрэглэх, түүний зүйл, хэсэг, заалтыг тайлбарлуулахаар шинжээч томилохыг хориглоно” гэж тус тус заасан байхад яллагдагч О.Ж-ид холбогдох хэрэгт мөрдөн шалгах ажиллагаа явуулсан Тээврийн цагдаагийн албаны мөрдөн шалгах хэлтсийн ахлах мөрдөгч, ахмад Ц.Батбаяр нь зам тээврийн ослын шалтгаан нөхцөлийг тогтоох зорилгоор Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн мэргэшсэн шинжээч, эсхүл тусгай мэдлэг эзэмшсэн мөрдөгч-шинжээчийг хуульд заасан журмын дагуу томилохгүйгээр, өөрийн мөрдөн шалгах ажиллагааны үр дүнд цуглуулж, бэхжүүлсэн нотлох баримтуудыг бие даан үнэлэх замаар 2025 оны 5 дугаар сарын 20-ны өдөр 736 дугаартай “Мөрдөгчийн магадалгаа” үйлдэж, О.Ж-ийг Замын хөдөлгөөний дүрмийн 10.1-т “Жолооч хөдөлгөөн эхлэхийн өмнө зам, орчны байдлыг биеэр шалгаж, хөдөлгөөн эхлэх, чиг өөрчлөх, байр эзлэх, зогсохдоо аюул, осол үүсгэхгүй байх бүх нөхцөлийг хангана: мөн дүрмийн 23.4. Жолооч нь тээврийн хэрэгслээ гүйцэд зогсоосны дараа зорчигчийг буулгах буюу суулгах, хаалгаа гүйцэд хаасны дараа хөдөлгөөнөө эхлэх үүрэгтэй. Хаалгыг жолоочийн суудлаас удирддаг бол гүйцэд зогсоогүй байхдаа хаалга нээхийг хориглоно: “зогсоолын талбай”-н эхэнд зорчигч замын хашлагаас автобусанд суух боломжтой зайд зогсож, зорчигчдыг бүрэн бууж, суусны дараа хаалгаа хааж, хөдөлгөөний аюулгүй байдал хангагдсаны үндсэнд хөдөлгөөнийг эхлэх, шаардлагатай гэж үзвэл жолооч зорчигчдод хөдөлгөөн эхлэхийг анхааруулна. Жолооч дараагийн зогсоолын нэрийг заавал зарлана” гэсэн заалтуудыг тус тус зөрчсөн гэх үндэслэлтэй байна. Зорчигч Ж.Е- Замын хөдөлгөөний дүрмийн заалт зөрчөөгүй байна” гэж яллагдагчийн гэм буруугийн талаар дүгнэлт гаргажээ. Зам тээврийн осолд техникийн шинжилгээ хийх шинжээч нь замын хөдөлгөөнд оролцогч нарын хэний ямар үйлдлээс осол гарсан нөхцөл байдал, осол гарахад нөлөөлсөн шалтгаан зэргийг тогтоох зорилготой байдаг. Гэтэл энэ хэрэгт гаргасан мөрдөгчийн магадалгаанд дээрх байдлыг тогтоогоогүй зөвхөн Замын хөдөлгөөний дүрэм зөрчсөн гэсэн дүгнэлт гаргасан нь “Хууль тогтоомж хэрэглэх, түүний зүйл, хэсэг, заалтыг тайлбарлуулахаар шинжээч томилохыг хориглоно” гэсэн заалтыг зөрчсөн байна. Зам тээврийн ослын хэрэгт холбогдсон жолоочийн гэм буруутай эсэхийг шийдвэрлэхийн тулд хэрэгт ач холбогдол бүхий нөхцөл байдлыг тогтоох зорилгоор тусгай зөвшөөрөл бүхий шинжээчийг, эсхүл тусгай мэдлэг эзэмшсэн мөрдөгч шинжээчийг томилж дүгнэлт гаргуулах зайлшгүй шаардлагатай бөгөөд томилогдсон шинжээч нь зохих тусгай мэдлэг, туршлагыг эзэмшсэн, гаргасан дүгнэлт нь шинжлэх ухааны үндэслэл бүхий аргачлал, хууль ёсны нотлох баримтад тулгуурласан, тавигдсан асуултад бүрэн дүүрэн хариулт өгч чадсан эсэхээс хамаарч тухайн дүгнэлтийн нотолгооны ач холбогдол тодорхойлогдоно. Иймд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 33.1 дүгээр зүйлийн 6 дахь хэсгийн 6.13-т “нотлох баримт цуглуулах, бэхжүүлэх талаар энэ хуульд заасан журам зөрчигдсөн” гэж үзэх үндэслэлтэй ба дээрх ажиллагааг шүүх хуралдаанаар нөхөн гүйцэтгэх боломжгүй байх тул Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 33.3 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3 дахь заалтад зааснаар мөрдөн шалгах ажиллагаа явуулахад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн гэж үзэн хэргийг прокурорт буцааж шийдвэрлэжээ.

Прокурор Б.Одонтуяа бичсэн эсэргүүцэлдээ: “…Жолоочийн хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөн зөрчлийг тогтооход тусгай мэдлэг зайлшгүй шаардлагатай гэж үзэж шинжилгээ хийлгэх шаардлага үүсдэг ба энэхүү тусгай мэдлэг бүхий этгээд нь шинжээчийн дүгнэлт, мөрдөгчийн магадлагаа гэсэн нотлох баримтыг гаргах талаар Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэг, 27.1 дүгээр зүйл, 27.11 дүгээр зүйлд заасан. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 27.11 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Мөрдөгч энэ хуулийн 27.1 дүгээр зүйлд заасан шинжилгээг шинжээч томилж хийлгэх шаардлагагүй, мөрдөн шалгах ажиллагаа явуулж тогтоох боломжтой, эсхүл өөрийн эзэмшсэн тусгай мэдлэгийн хүрээнд тогтоох боломжтой гэж үзвэл магадлагаа гаргаж болно.”, мөн хуулийн 6.2 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт “Тусгай мэдлэг эзэмшсэн мөрдөгч энэ хуульд заасан шинжээчийн эрхийг хэрэгжүүлж магадлагаа гаргаж болно.” гэж тус тус заажээ. Дээрх хэрэгт мөрдөгч Б.Цогцолмон нь хуульд заасны дагуу мөрдөн шалгах ажиллагаагаар тогтоогдсон нөхцөл байдлыг үндэслэн, тусгай мэдлэгийн хүрээнд магадлагаа гаргасан ба өөрийн тусгай мэдлэг эзэмшсэн талаарх сертификатийг хуулбарлан хэрэгт хавсаргасан байна. Монгол Улсын Дээд Шүүхийн нийт шүүгчдийн хуралдааны 2023 оны 04 дүгээр сарын 14-ний өдрийн 16 дугаартай тогтоолоор баталсан “Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн Арван зургадугаар бүлгийн зарим зүйл, хэсэг(§16.3, §16.5)-ийг зөв хэрэглэх албан ёсны тайлбар”-ын 2.1.Техник, аюулгүй ажиллагааны дүрмүүд нь эрх зүйн хэм хэмжээг агуулдаггүйн зэрэгцээ тусгай мэдлэгийн хүрээнд боловсруулагдсан байдаг тул барилгын үйлдвэрлэл, нягтлан бодох бүртгэл, замын хөдөлгөөний дүрэм зэрэг хөдөлмөр хамгаалал, аюулгүй ажиллагаа, чанарын стандартын шаардлагууд зөрчигдсөн эсэх талаар шинжилгээ хийлгэнэ. Эдгээр асуудалд шинжилгээ хийх эрх бүхий этгээд хууль хэрэглэх асуудал гэж үзэж шинжилгээ хийхээс татгалзах эрхгүй. Энэ чиглэлээр мөрдөгч тусгай мэдлэг эзэмшсэн бол магадлагаа гаргаж болно. 2.2-т “Тусгай мэдлэг эзэмшсэн мөрдөгч магадлагаа гаргах үед Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 27.1 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт заасан шинжээч томилох шийдвэрийг танилцуулах, мөн хуулийн 27.2 дугаар зүйлийн 1.1 дэх хэсэгт заасан мөрдөгч шинжээчийг татгалзан гаргах ажиллагааг хэрэгжүүлэхгүй.” гэж тайлбарласнаас үзэхэд мөрдөгч магадлагаа гаргасан нь дээрх хуулийн заалтыг зөрчсөн гэж үзэх үндэслэлгүй байна. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлд заасан “Тээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдал, ашиглалтын журам зөрчих” гэмт хэргийг шийдвэрлэх явцад шинжээч томилоход дараах онцлогтой байдаг. Хөдөлгөөний аюулгүй байдлын онолын хувьд зам тээврийн осол гарахад хүний буруутай үйл ажиллагаанаас гадна техникийн, замын, орчны зэрэг бусад олон хүчин зүйл нөлөөлөх боломжтой байдаг. Тэдгээр хүчин зүйлийн нөлөөллийг тогтооход зарим тохиолдолд шинжлэх ухааны тусгай мэдлэг шаарлагатай болдог. Харин бусад ямар нэг хүчин зүйл нөлөөлөөгүй зөвхөн жолоочийн буруутай үйлдлийн улмаас Замын хөдөлгөөний дүрмийн ямар нэг заалт зөрчигдөж зам тээврийн осол гарсан тохиолдолд мөрдөгч магадлагаа гаргаж шийдвэрлэх боломжтой. Учир нь Замын хөдөлгөөний дүрмийг ойлгох, хэрэглэхэд зайлшгүй тусгай мэдлэг шаардлагагүй, тухайн тохиолдолд дүрмийн ямар заалт зөрчигдсөн гэдгийг мөрдөн шалгах ажиллагааны явцад хэрэгт цугларсан баримтуудаар хангалттай тогтоож болно. Дээрх хэргийн хувьд Toyota Prius маркийн **** УАВ улсын дугаартай тээврийн хэрэгслийн жолооч О.Ж- нь “Монгол улсын Замын хөдөлгөөний дүрмийн 10.1-д “Жолооч хөдөлгөөн эхлэхийн өмнө зам, орчны байдлыг биеэр шалгаж, хөдөлгөөн эхлэх, чиг өөрчлөх, байр эзлэх, зогсохдоо аюул, осол үүсгэхгүй байх бүх нөхцөлийг хангана:”, мөн дүрмийн 23.4. Жолооч нь тээврийн хэрэгслээ гүйцэд зогсоосны дараа зорчигчийг буулгах буюу суулгах, хаалгаа гүйцэд хаасны дараа хөдөлгөөнөө эхлэх үүрэгтэй. Хаалгыг жолоочийн суудлаас удирддаг бол гүйцэд зогсоогүй байхдаа хаалга нээхийг хориглоно: “зогсоолын талбай”-н эхэнд зорчигч замын хашлагаас автобусанд суух боломжтой зайд зогсож, зорчигчдыг бүрэн бууж, суусны дараа хаалгаа хааж, хөдөлгөөний аюулгүй байдал хангагдсаны үндсэнд хөдөлгөөнийг эхлэх, шаардлагатай гэж үзвэл жолооч зорчигчдод хөдөлгөөн эхлэхийг анхааруулна. Жолооч дараагийн зогсоолын нэрийг заавал зарлана.” гэсэн заалтуудыг тус тус зөрчсөн нь осол хэрэг үйлдэгдэх шалтгаан болсон гэж үзэх нөхцөл байдал тогтоогдож байна.” гэж үзэж мөрдөгч магадлагаа гаргажээ. Жолооч О.Ж- нь тээврийн хэрэгсэл жолоодож хөдөлгөөн эхлэх, тээврийн хэрэгслээ гүйцэд зогсоосны дараа зорчигчийг буулгах буюу суулгах, хаалгаа гүйцэд хаасны дараа хөдөлгөөнөө эхлэх үүрэгтэй. Хаалгыг жолоочийн суудлаас удирддаг бол гүйцэд зогсоогүй байхдаа хаалга нээхийг хориглоно: "зогсоолын талбай"-н эхэнд зорчигч замын хашлагаас автобусанд суух боломжтой зайд зогсож, зорчигчдыг бүрэн бууж, суусны дараа хаалгаа хааж, хөдөлгөөний аюулгүй байдал хангагдсаны үндсэнд хөдөлгөөнийг эхлэх, шаардлагатай үйлдэл хийхдээ зорчигч Ж.Е-ийн хөлийг дайрч гэмтэл учруулсан үйлдэл нь дээрх Замын хөдөлгөөний дүрмийн заалтыг зөрчсөн гэж үзэх үндэслэл болжээ. Мөрдөгч энэ хэргийн хувьд хувийн сонирхолтой гэх нөхцөл байдал тогтоогдоогүй ба тээврийн хэрэгсэл, замын хөдөлгөөний зохих сургалтад хамрагдсанаас гадна түүний гаргасан магадлагаа нь хэргийн бусад баримттай харьцуулан үзэхэд эргэлзээ төрүүлэх нөхцөл байдал үүсгээгүй, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмыг зөрчөөгүй, үндэслэл бүхий байх тул шинжээчийн дүгнэлт гаргуулах шаардлагагүй байна. Иймд Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхийн 2025 оны 08 дугаар сарын 08-ны өдрийн 2025/ШЗ/5085 дугаар шүүгчийн захирамжийг хүчингүй болгож өгнө үү.” гэв.

 

Прокурор Г.Нандин-Эрдэнэ шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “... Прокурорын эсэргүүцлийг дэмжин оролцож байна. Хэргийн оролцогч нарын хэн алинаас маргаж, гомдол гаргаагүй бөгөөд тэдгээрийн эрхийг хязгаарласан зүйл байгаагүй. Хэргийн үйл баримтад тулгуурлан мөрдөгч магадлагаа гаргасан ба уг магадлагааг эргэлзээтэй гэж үзвэл прокурор шинжээч томилохоор хуульд заасан. мөрдөгчийн магадлагаанд эргэлзээ бүхий нөхцөл байдал тогтоогдоогүй, хэргийн газрын үзлэг, хохирогчийн мэдүүлэг, шинжээчийн дүгнэлт зэргээр нотлогдон тогтоогдсон. Нотлох баримтуудад зөрүүтэй зүйл тогтоогдоогүй бөгөөд тухайн баримтуудад тулгуурлан мөрдөгчийн магадлагаа гаргасан нь хууль зүйн үндэслэлтэй гэж үзээд яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлсэн. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 6.2 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт “Тусгай мэдлэг эзэмшсэн мөрдөгч энэ хуульд заасан шинжээчдийн эрхийг эдэлж магадлагаа гаргаж болно.” Гэж хуульчилсны дагуу магадлагаа гаргасан. Мөн Улсын Дээд шүүх 2025 оны 03 дугаар сарын 26-ны өдрийн 28 дугаартай тогтоолоор мөрдөгч магадлагаа гаргаж болохыг заасан. Ийм учраас шүүгчийн захирамжийг хүчингүй болгож өгнө үү.” гэв.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар хэргийг хянан шийдвэрлэхдээ хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалт, анхан шатны шүүхийн бүх ажиллагаа, шийдвэрийг хэрэгт цугларсан нотлох баримтуудад үндэслэн прокурорын эсэргүүцэлд дурдсан асуудлаар хязгаарлахгүйгээр бүхэлд нь хянаж үзэв.

 

Прокуророос О.Ж-ийг Сонгинохайрхан дүүргийн 15 дугаар хороо, Москвагийн гудамжны Эрин хорооллын хойд замд 2025 оны 03 дугаар сарын 05-ны өдрийн 18 цагийн үед “Голден драгон” загварын ****УЕМ улсын дугаартай чиглэлийн тээврийн хэрэгслийг жолоодон замын хөдөлгөөнд оролцох үедээ “Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 10.1. Жолооч хөдөлгөөн эхлэхийн өмнө зам, орчны байдлыг биеэр шалгаж, хөдөлгөөн эхлэх, чиг өөрчлөх, байр эзлэх, зогсохдоо аюул, осол үүсгэхгүй байх бүх нөхцөлийг хангана, мөн энэ дүрмийн 23.4. Жолооч нь тээврийн хэрэгслээ гүйцэд зогсоосны дараа зорчигчийг буулгах буюу суулгах, хаалгаа гүйцэд хаасны дараа хөдөлгөөнөө эхлэх үүрэгтэй. Хаалгыг жолоочийн суудлаас удирддаг бол гүйцэд зогсоогүй байхдаа хаалга нээхийг хориглоно, мөн Монгол Улсын Стандарт MNS 5012:2011.8.2.5 Замын дагуух зогсоолд зогсохдоо “зогсоолын талбай”-н эхэнд зорчигч замын хашлагаас автобусанд суух боломжтой зайд зогсож, зорчигчдыг бүрэн бууж, суусны дараа хаалгаа хааж, хөдөлгөөний аюулгүй байдал хангагдсаны үндсэнд хөдөлгөөнийг эхлэх, шаардлагатай гэж үзвэл жолооч зорчигчдод хөдөлгөөн эхлэхийг анхааруулна. Жолооч дараагийн зогсоолын нэрийг заавал зарлана” гэсэн заалтуудыг зөрчиж зорчигч, хохирогч Ж.Е-ийн хөлийг дайрч эрүүл мэндэд нь хүндэвтэр хохирол учруулсан гэмт хэрэгт холбогдуулан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шүүхэд шилжүүлжээ.

 

Анхан шатны шүүх хэргийг хүлээн авч хянан хэлэлцээд, “... яллагдагч О.Ж-ид холбогдох хэрэгт мөрдөн шалгах ажиллагаа явуулсан Тээврийн цагдаагийн албаны мөрдөн шалгах хэлтсийн ахлах мөрдөгч, ахмад Ц.Батбаяр нь зам тээврийн ослын шалтгаан нөхцөлийг тогтоох зорилгоор Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн мэргэшсэн шинжээч, эсхүл тусгай мэдлэг эзэмшсэн мөрдөгч-шинжээчийг хуульд заасан журмын дагуу томилохгүйгээр, өөрийн мөрдөн шалгах ажиллагааны үр дүнд цуглуулж, бэхжүүлсэн нотлох баримтуудыг бие даан үнэлэх замаар гаргасан 2025 оны 05 дугаар сарын 20-ны өдрийн 736 дугаартай магадлагаа нь яллагдагчийн гэм буруугийн талаар дүгнэсэн байна. ... Зам тээврийн ослын хэрэгт холбогдсон жолоочийн гэм буруутай эсэхийг шийдвэрлэхийн тулд хэрэгт ач холбогдол бүхий нөхцөл байдлыг тогтоох зорилгоор тусгай зөвшөөрөл бүхий шинжээчийг, эсхүл тусгай мэдлэг эзэмшсэн мөрдөгч-шинжээч нь зохих тусгай мэдлэг, туршлагыг эзэмшсэн, гаргасан дүгнэлт нь шинжлэх ухааны үндэслэл бүхий аргачлал, хууль ёсны нотлох баримтад тулгуурласан, тавигдсан асуултад бүрэн дүүрэн хариулт өгч чадсан эсэхээс хамаарч тухайн дүгнэлтийн нотолгооны ач холбогдол тодорхойлогдох тул Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 33.1 дүгээр зүйлийн 6 дахь хэсгийн 6.13 дахь заалтад заасан “нотлох баримт цуглуулах, бэхжүүлэх талаар энэ хуульд заасан журам зөрчигдсөн” гэж үзэх үндэслэлтэй хэмээн дүгнэж дээрх ажиллагааг шүүх хуралдаанаар нөхөн гүйцэтгэх боломжгүй ...” гэх үндэслэлийг зааж, прокурорт буцааж шийдвэрлэсэн нь үндэслэл муутай болжээ.

 

Учир нь, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 27.11 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Мөрдөгч энэ хуулийн 27.1 дүгээр зүйлд заасан шинжилгээг шинжээч томилж хийлгэх шаардлагагүй, мөрдөн шалгах ажиллагаа явуулж тогтоох боломжтой, эсхүл өөрийн эзэмшсэн тусгай мэдлэгийн хүрээнд тогтоох боломжтой гэж үзвэл магадлагаа гаргаж болно.”, мөн хуулийн 6.2 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт “Тусгай мэдлэг эзэмшсэн мөрдөгч энэ хуульд заасан шинжээчийн эрхийг хэрэгжүүлж магадлагаа гаргаж болно.” гэж тус тус заажээ.

Түүнчлэн, Монгол Улсын Дээд шүүхийн нийт шүүгчдийн хуралдааны 2023 оны 04 дүгээр сарын 14-ний өдрийн 16 дугаар тогтоолоор баталсан Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн Арванзургадугаар бүлгийн зарим зүйл, хэсэг (§16.3, §16.5)-ийг зөв хэрэглэх албан ёсны тайлбарын “... 2.1.Техник, аюулгүй ажиллагааны дүрмүүд нь эрх зүйн хэм хэмжээг агуулдаггүйн зэрэгцээ тусгай мэдлэгийн хүрээнд боловсруулагдсан байдаг тул ... замын хөдөлгөөний дүрэм зэрэг хөдөлмөр хамгаалал, аюулгүй ажиллагаа, чанарын стандартын шаардлагууд зөрчигдсөн эсэх талаар шинжилгээ хийлгэнэ. Эдгээр асуудалд шинжилгээ хийх эрх бүхий этгээд хууль хэрэглэх асуудал гэж үзэж шинжилгээ хийхээс татгалзах эрхгүй. Энэ чиглэлээр мөрдөгч тусгай мэдлэг эзэмшсэн бол магадлагаа гаргаж болно. ...” хэмээн тайлбарласан байх бөгөөд уг хэрэгт мөрдөн шалгах ажиллагаа явуулсан тусгай мэдлэг бүхий сертификаттай Тээврийн цагдаагийн албаны мөрдөн шалгах хэлтсийн ахлах мөрдөгч, ахмад Ц.Батбаярын гаргасан 2025 оны 05 дугаар сарын 20-ны өдрийн 736 дугаар мөрдөгчийн магадлагааг хууль зөрчиж гаргасан гэж үзэх үндэслэл тогтоогдсонгүй, энэ талаар бичсэн прокурорын эсэргүүцэл үндэслэлтэй байна.

Өөрөөр хэлбэл, анхан шатны шүүхийн дүгнэсэн мөрдөгчийн магадлагаанд тусгагдсан яллагдагч, хохирогч нарын Замын хөдөлгөөний дүрмийн зохих зүйл, заалтыг зөрчсөн, зөрчөөгүй гэх талаарх дүгнэлтийг яллагдагчийн гэм буруугийн талаар дүгнэлт гаргасан, мөн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 27.1 дүгээр зүйлийн 6 дахь хэсэгт заасан “Хууль тогтоомж хэрэглэх, түүний зүйл, хэсэг, заалтыг тайлбарлуулахаар шинжилгээ хийлгэхийг хориглоно” гэж заасныг зөрчсөн гэж үзсэн нь үндэслэлгүй байна.

Хэрэгт авагдсан баримтуудаас үзэхэд, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Анхан шатны журмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа нь тухайн шүүгдэгчийн хувьд прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд явагдана” гэж зааснаар анхан шатны шүүх прокурорын үйлдсэн яллах дүгнэлт болон хавтаст хэрэгт бүрдсэн хэргийн хэмжээнд үйл баримтыг дүгнэж, яллагдагч О.Ж-ийн гэм буруутай эсэхийг хэрэгт авагдсан нотлох баримтуудыг харьцуулан шинжлэн судлах, бусад нотлох баримттай харьцуулах, шинэ нотлох баримтыг цуглуулах, шүүх хуралдаанд хэрэгт хамааралтай, шаардлагатай оролцогч нарыг оролцуулах, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт “Шүүх хэргийн бодит байдлыг талуудын мэтгэлцээний үндсэн дээр тогтооно” зааснаар шийдвэрлэх нь зүйтэй байна.

Мөн хэргийг мөрдөн шалгах ажиллагааны үед Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нөхцөл байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж, хязгаарласан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн зөрчил тогтоогдоогүй бөгөөд хэрэгт цугларсан нотлох баримтуудад тулгуурлан хэргийг шүүх хуралдаанаар хянан хэлэлцэж, талуудын мэтгэлцээний үндсэн дээр бодит үнэнийг тогтоох боломжтой байх тул шүүгчийн захирамжид заасан асуудлаар дахин мөрдөн шалгах ажиллагаа явуулах шаардлагагүй гэж үзэв.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт “Хэргийн бодит байдлыг нотлохын тулд мөрдөгч, прокурор хуульд заасан бүх арга хэмжээг авч яллагдагч, шүүгдэгчийг яллах, цагаатгах, ял хүндрүүлэх, хөнгөрүүлэх нөхцөл байдлыг эргэлзээгүй тогтооно.” гэж заасан ба прокурор хуульд заасан чиг үүргийнхээ хүрээнд шүүх хуралдаанд бусад оролцогч нарыг оролцуулах талаар хүсэлт гарган шийдвэрлүүлж, шүүх хуралдаанд хэргийн бодит байдлыг тогтоох чиг үүргийг хэрэгжүүлэх боломжтой байна.

Иймд прокурорын эсэргүүцлийг бүхэлд нь хүлээн авч, шүүгчийн захирамжийг хүчингүй болгох нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх дүгнэв.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтыг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхийн 2025 оны 08 дугаар сарын 08-ны өдрийн 2025/ШЗ/5085 дугаар шүүгчийн захирамжийг хүчингүй болгож, прокурор Б.Одонтуяагийн бичсэн 2025 оны 08 дугаар сарын 21-ний өдрийн 42 дугаартай эсэргүүцлийг хангасугай.

2. Яллагдагч О.Ж-ид урьд авсан таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

3. Анхан болон давж заалдах шатны шүүхийн хууль хэрэглээний зөрүүг арилгах, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, хуулийг Улсын дээд шүүхийн тогтоол, тайлбараас өөрөөр хэрэглэсэн, эрх зүйн шинэ ойлголт, эсхүл хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой гэж үзвэл энэхүү магадлалыг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хэргийн оролцогч хяналтын журмаар гомдол гаргах, прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

                             ДАРГАЛАГЧ,

      ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                         Б.ЗОРИГ

                             ШҮҮГЧ                                                                Н.БАЯРМАА

                             ШҮҮГЧ                                                                 Б.БАТЗОРИГ