Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2025 оны 10 сарын 02 өдөр

Дугаар 2025/ДШМ/1171

 

 2025             10             02                                                                         2025/ДШМ/1171

 

Т.М-д холбогдох

эрүүгийн хэргийн тухай

 

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн ерөнхий шүүгч Б.Зориг даргалж, шүүгч Н.Баярмаа, шүүгч Б.Батзориг нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:

прокурор С.Бат-Орших,

хохирогч О.О-,

шүүгдэгч Т.М-, түүний өмгөөлөгч М.Батмөнх, 

нарийн бичгийн дарга Б.Пэрэнлэйдулам нарыг оролцуулан,

Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхийн 2025 оны 6 дугаар сарын 23-ны өдрийн 2025/ШЦТ/1670 дугаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч шүүгдэгч Т.М-ы гаргасан давж заалдах гомдлоор түүнд холбогдох 2506024840575 дугаартай эрүүгийн хэргийг 2025 оны 09 дүгээр сарын 10-ны өдөр хүлээн авч, шүүгч Б.Батзоригийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Т- овгийн Т-ны М-, ..........., ял шийтгэлгүй, /РД:........../.

Шүүгдэгч Т.М- нь 2024 оны 11 дүгээр сарын 18-ны өдөр “******” ХХК-ийн эзэмшлийн ****УБ улсын дугаартай ковшийг хохирогч О.О-ад “Сүхбаатар аймагт ажилд явлаа сарын 25 сая төгрөг өгнө” гэж хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгож, ****УБ улсын дугаартай ковшийг бусдад зарж их хэмжээний буюу 54.820.000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

Баянзүрх дүүргийн прокурорын газраас: Т.М-ы үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2 дахь заалтад зааснаар зүйлчилж, яллах дүгнэлт үйлдэн хэргийг шилжүүлжээ.

Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүх: “...Шүүгдэгч Т.М-ыг “Бусдыг хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгож, бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж, их хэмжээний хохирол учруулж залилах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2 дахь заалтад зааснаар шүүгдэгч Т.М-д 2 жилийн хугацаагаар хорих ял шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 3, 4 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 2 жилийн хугацаагаар хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлж, LG 935L загварын ****УБ улсын дугаартай ковшийг хохирогчийн хууль ёсны төлөөлөгч О.О-ад шилжүүлж, Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт тус тус зааснаар шүүгдэгч Т.М-аас нийт 15.280.000 төгрөг гаргуулан хохирогчийн хууль ёсны төлөөлөгч О.О-ад 280.000 төгрөг, иргэний нэхэмжлэгч Л.Х-т 15.000.000 төгрөгийг тус тус олгохоор шийдвэрлэжээ.

Шүүгдэгч Т.М- гаргасан давж заалдах гомдол болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...миний бие анхан шатны шүүхийн шатанд хохирол болох 26.000.000 төгрөгөөс 11.000.000 төгрөгийг нөхөн төлж байсан бөгөөд үлдсэн хохирол төлбөрөө төлж барагдуулахаа илэрхийлсэн. Мөн өөрийн гэм буруутай үйлдлээ хүлээн зөвшөөрч байгаа тул надад оногдуулсан 2 жилийн хугацаагаар хорих ялыг хөнгөрүүлж өгнө үү” гэв.

 

Шүүгдэгчийн өмгөөлөгч М.Батмөнх шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “... Миний үйлчлүүлэгч 11,000,000 төгрөг, сая 280,000 төгрөг төлж, үлдэгдэл 15,000,000 төгрөг төлөх өртэй байгаа. Иймд түүний гаргасан давж заалдах гомдлыг хүлээн авч оногдуулсан хорих ялыг торгох ялаар өөрчилж өгнө үү” гэв.

 

Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч О.О- шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “... Би Т.М-д маш их гомдолтой байна. Трактороо очоод авах гэтэл ямар ч ажиллагаагүй болсон байсан. Т.М-ыг хоригдохоос нь өмнө банк орж дансны хуулгыг нь авахад тэрээр жилийн хугацаанд манай хадам ээж, дүү хоёроос нийт 18,000,000 төгрөгийг авсан байсан. Тиймээс энэ талаарх баримтыг бүрдүүлж гомдол гаргахаар бэлдэж байна. ... Буцааж авахаар Л.Х-тай уулзсан. Тракторыг хэн эвдсэн нь мэдэгдэхгүй, ажиллагаатай байсан тракторыг ямар ч ажиллагаагүй болгосон байсан” гэв.

 

Прокурор С.Бат-Орших шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “... Шүүгдэгчийн өмгөөлөгчийн баримтаар гаргаж өгсөн 280,000 төгрөг хохиролд төлж байгаа мөнгө биш, ковшийг үнэлүүлсэн буюу гэмт хэргийн улмаас үүссэн хор уршгийг төлж байгаа мөнгө юм. Шүүгдэгч нь хэрэг гарснаас хойш автомашин оролцуулж 18,000,000 төгрөгийг төлсөн байдаг бөгөөд үүнээс хойш хохирол төлөхөөр бодитой хийсэн үйлдэл байхгүй. Хохирлыг яаж төлөх нь ойлгомжгүй. Шүүгдэгчээс торгох ял оногдуулж өгөөч гэж байгаа боловч уг ял биелэгдэх ёстой. Торгох ял хэрхэн, яаж биелэгдэх нь тодорхойгүй байх тул анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол үндэслэлтэй. Шийтгэх тогтоолыг хэвээр үлдээх саналтай байна” гэв.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгчийн гаргасан давж заалдах гомдолд заасан асуудлаар хязгаарлахгүйгээр хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг хянаж үзлээ.

 

  1. Шүүгдэгч Т.М- нь 2024 оны 11 дүгээр сарын 18-ны өдөр “******” ХХК-ийн эзэмшлийн ****УБ улсын дугаартай ковшийг хохирогч О.О-ад “Сүхбаатар аймагт ажилд явлаа сарын 25 сая төгрөг өгнө” гэж хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгож, ****УБ улсын дугаартай ковшийг бусдад зарж их хэмжээний буюу 54.820.000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь:

хохирогчийн хууль ёсны төлөөлөгч О.О-ын “... манай “Төгс дэлгэрэх албан барсууд“ ХХК-ийн нэр дээр байдаг LG үйлдвэрийн 150 ковш заамарт ажиллаж байгаад хроп нь эвдрээд ачиж оруулж ирээд Сүхбаатар дүүргийн 14 дүгээр хороо 7-н буудлын ойролцоо замын баруун талын талбайн дээр байрлуулсан чинь 2024 оны 11 дүгээр сарын дундуур манай хадам дүү Л-тэй М- гэх жолооч залуу яриад эвдрэлийг нь янзлаад Сүхбаатар аймгийн Эрдэнэцагаан сум руу 3 сар ажиллуулаад авч ирээд өгье гэж хэлээд одоо болтол өгөөгүй байгаа. М- гэх хүнтэй ярихаар “ковш нь байгаа, удахгүй аваачиж өгнө” гэж яриад байдаг. Б.Л- нь миний эхнэрийн төрсөн дүү буюу хадам дүү байгаа юм. Л- нь манай “******” ХХК-ийн бас нэг надаас өөр гүйцэтгэх захирал болохоор байгууллагын эзэмшлийн техникийг шилжүүлэх эрхтэй. Анх 2024 оны 08 дугаар сарын сүүлээр зарын дагуу холбогдоод хөлсөөр ажиллуулдаг байсан. ...зарын дагуу ажиллуулдаг ажлын шугамаар танилцаж байсан хүмүүс. 3 сар ажиллуулаад авч ирнэ гэсэн. М- нь Л-тэй тохиролцоо хийсэн байх би сайн мэдэхгүй байна. Л- сайн мэдэж байгаа. ...” /хх 9/,

гэрч Б.Л-гийн “... 2024 оны 11 дүгээр сарын дундуур манай ковш эвдрээд 7-н буудлын зогсоол дээр байж байгаад Монелд би засвар хийлгүүлээд засварчны хашаанд байлгаж байгаад өөрийнхөө гэрийн ойролцоо офицер луу зөөгөөд М-дд үлдээчихээд ажил руугаа буюу Өмнөговь аймаг руу явсан. Тэгээд М- нь Эрдэнэцагаан нүүрсний уурхайд ажиллуулна гэж утсаар яриад аман хэлцэл хийсэн, хоорондоо тохиолцоод сарын түрээс 25 сая төгрөгөөр тогтож байсан. ... 2024 оны 11 дүгээр сарын дундуур Монелд янзлуулчихаад хашаанд нь байлгаж байхад М- нь надтай тохиролцоод Монелоос өөрөө зөөгөөд офицерын ойролцоо авч яваад Сүхбаатар аймаг руу авч явсан гэсэн. ... М- л гэж дууддаг болохоос бүтэн нэр нь М- гэдэг казак залуу байгаа юм. ...” /хх 11/,

иргэний нэхэмжлэгч Л.Х-ын “... 2024 оны 11 дүгээр сарын 17-ны өдөр би М- гэх хүнтэй уулзаад офицеруудын ордны хойд хэсэгт очиж ковшоо үзээд худалдаж авахаар болсон. Ковш нь бага зэрэг эвдрэлтэй байсан боловч М- өөрөө засварлаж өгнө гэсэн. Ковшийг 26.000.000 төгрөгөөр худалдан авахаар болоод тэр өдрөө М-ы данс руу өөрийн данснаас шилжүүлсэн. Би ковшоо Сэлэнгэ аймгийн Сүхбаатар сум руу ачааны машинаар зөөлгүүлсэн бөгөөд зардал 2.500.000 төгрөг болсон. Ковш эвдэрсэн тул би аржаатар 650.000 төгрөгөөр худалдан авсан. М- хойшоо өөрөө засварлана гэсэн тул төв руу нацос авахуулахаар 750.000 төгрөгийг Төрийн банкны ****** тоот дугаарын данс руу би өөрийн Хаан банкны ****** тоот данснаас шилжүүлсэн бөгөөд нацос нь одоо М-д байгаа юм. Тэгсэн хэсэг хугацааны дараа М- өөр хүний эзэмшлийн ковшийг надад худалдаалсан болох нь мэдэгдсэн. ... М-аас ковшийг ямар учраас бичиг баримтгүй талаар асуухад тэрээр би өмнө нь компани дээр байсан бичиг баримтгүй ковш авч байсан гэж надад хэлж байсан. Сүхбаатар сум 4 дүгээр багийн 2 дугаар хэсгийн *** тоотод байрлах манай хашаанд байгаа. Худалдаж авсан цагаасаа хойш хөдөлгөөгүй. ...” /хх 86-87/,

Т.М-ы яллагдагчаар өгсөн “... ковшийн хроп нь эвдэрсэн тул хотод авчирч ирээд Дарь-Эхэд Л- ахын таньдаг засварчны хашаанд авчраад Л- бид хоёр сэлбэгийг нь аваад тухайн засварчинд өгөөд засвар хийлгэж байсан. Тэгсэн Л- хөдөө тухайн засварчинд өгөөд засвар хийлгэж байсан. Тэгсэн Л- хөдөө ажилдаа явахаар нь би засварчинтай хамт 10-15 хоног тухайн ковшийг засаад Баянзүрх дүүргийн 5 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Монелын уулзвараас хойш өгсөөд машины зогсоол дээр байрлуулаад 2024 оны 11 дүгээр сарын дунд үед байх фэйсбүүк дээр LG50 ковш авна гээд Улаанбаатар хотод ирэхээр нь би “тухайн ковшийг бичиг баримтгүй 26 саяд ав” гэж хэлээд Х-т зарсан. Тэгээд Х- худалдаж аваад Сэлэнгэ аймаг руу явсан. Би тэгээд Л-д ковшийг чинь Сүхбаатар аймаг руу ажилд явууллаа, сарын 20 сая төгрөгөөр гэж худлаа хэлээд итгүүлсэн. ...” /хх 81-82/ гэсэн мэдүүлгүүд,

Т.М-ы эзэмшлийн Төрийн банкны ********* тоот дансанд үзлэг хийсэн тэмдэглэл /хх 37-38/,

“Виннервэй үнэлгээ” ХХК-ийн 2025 оны 03 дугаар сарын 10-ны өдрийн ЦТ-3/1 дугаартай “SDLG маркийн ****УБ улсын дугаартай В901013570 арлын дугаартай шар өнгийн машин механизм 54.820.000 төгрөг” гэх дүгнэлт /хх 43-54/ зэрэг хэрэгт авагдаж, анхан шатны шүүхийн шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар тус тус нотлогдон тогтоогджээ.

 

2. Шүүхийн шийтгэх тогтоолын үндэслэл болсон дээрх нотлох баримтууд нь хэрэгт хамааралтай, ач холбогдолтой ба хэргийн үйл баримтыг бүрэн нотолж чадсан, эдгээр нь хоорондоо эргэлзээ үүсгээгүй байна.

 

Мөрдөн шалгах ажиллагааны явцад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих асуудлуудыг хангалттай шалгаж тодруулсан байх тул анхан шатны шүүх хэрэгт авагдсан нотлох баримтын хүрээнд Т.М-д холбогдох хэргийг эцэслэн шийдвэрлэсэн нь үндэслэлтэй болжээ.

 

Хэргийн үйл баримтыг тогтооход үндэслэл болсон нотлох баримтуудыг цуглуулах, бэхжүүлэх, үнэлэх шатанд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг зөрчсөн зөрчил тогтоогдсонгүй.

 

3. Анхан шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгч Т.М-ы гэм бурууг хянан хэлэлцэж, шүүх хуралдаанаар шинжлэн судлагдсан дээрх нотлох баримтуудад хууль зүйн дүгнэлт хийн түүнийг бусдыг хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгож, бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж их хэмжээний хохирол учруулж залилах гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсон нь хэргийн бодит байдалд нийцжээ.

 

Өөрөөр хэлбэл, шүүгдэгч Т.М-ы “******” ХХК-ийн эзэмшлийн 54.820.000 төгрөгийн үнэлгээ бүхий LG935L загварын ****УБ улсын дугаартай ковшийг “Сүхбаатар аймгийн Эрдэнэцагаан суманд 3 сарын хугацаанд ажиллуулаад ирье, 1 сарын түрээс 25.000.000 төгрөг” гэж хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгон өөрийн эзэмшилд авч, Л.Х-т 26.000.000 төгрөгөөр худалдсан үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2 дахь заалтад зааснаар зүйлчилж, Эрүүгийн хуулийг зөв тайлбарлан хэрэглэсэн байх ба шүүгдэгч нь өөрийн үйлдсэн гэмт хэргийн зүйлчлэл, гэм буруугийн асуудлаар маргаагүй болно.

 

4. Гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай нь тогтоогдсон шүүгдэгчид ял оногдуулахдаа шүүх хуулиар тодорхойлсон эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэл, журам, зарчмуудыг удирдлага болгодог бөгөөд гагцхүү Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан ялын төрөл, хэмжээний дотор ял оногдуулах ба гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан үздэг.

 

Анхан шатны шүүхээс гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, шүүгдэгчийн хувийн байдал зэргийг харгалзан шүүгдэгч Т.М-д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2-т зааснаар 2 жилийн хугацаагаар хорих ял шийтгэснийг өөрчлөх, эсхүл буруутган дүгнэх хууль зүйн үндэслэл тогтоогдоогүйгээс гадна түүний гэм бурууд тохирсон байна гэж давж заалдах шатны шүүхээс үзлээ.

 

5. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зорилт нь гэмт хэрэг үйлдсэн хүнийг шуурхай олж тогтоон шударгаар ял оногдуулахын зэрэгцээ гэмт хэргийн улмаас зөрчигдсөн эрхийг сэргээх замаар хүний хууль ёсны эрх ашиг сонирхлыг нь хамгаалахад оршдог бөгөөд анхан шатны шүүхийн хохирогчид учирсан хохирлыг нөхөн төлүүлэхээр “LG935L” загварын ****УБ улсын дугаартай ковшийг хохирогчийн хууль ёсны төлөөлөгчийн өмчлөлд шилжүүлэхээр шийдвэрлэсэн нь үндэслэл муутай байна.

 

Тодруулбал, хэрэгт авагдсан баримтуудаас үзэхэд энэ гэмт хэргийн халддлагын зүйл болох “LG935L” загварын ****УБ улсын дугаартай ковшийг битүүмжилсэн, хураасан эсэх, мөн тухайн хөрөнгө биет байдлаараа бүрэн бүтэн байгаа эсэх нь тодорхойгүй байхад уг тодорхойгүй хөрөнгийг хохирогчийн хууль ёсны төлөөлөгчийн өмчлөлд шилжүүлэхээр шийдвэрлэж буй нь түүний зөрчигдсөн эрхийг сэргээж байна гэж үзэхэд учир дутагдалтай байна.

 

Өөрөөр хэлбэл, давж заалдах шатны шүүхээс хэргийн оролцогчдын өгсөн тайлбар, дүгнэлт болон энэ гэмт хэргийн халдлагын зүйл болох “LG935L” загварын ****УБ улсын дугаартай ковшийг 54.820.000 төгрөгөөр үнэлсэн “Виннервэй үнэлгээ” ХХК-ийн 2025 оны 03 дугаар сарын 10-ны өдрийн ЦТ-3/1 дугаартай хөрөнгийн үнэлгээний тайлан зэргийг үндэслэж хохирогчийн эрх зүйн байдлыг дордуулахгүйгээр шүүгдэгчээс хөрөнгийн үнэ болох 54.820.000 төгрөгийг гаргуулж хохирогчийн хууль ёсны төлөөлөгч О.О-ад олгож, харин “LG935L” загварын ****УБ улсын дугаартай ковшийг хадгалж, хамгаалах үүрэгтэй байсан иргэний нэхэмжлэгч Л.Х-ын өмчлөлд үлдээж шийдвэрлэх нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.1 дүгээр зүйлийн 1-д заасан эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зорилт, 1.12 дугаар зүйлийн 1-д заасан хууль, шүүхийн өмнө эрх тэгш байх зарчимд бүрнээ нийцсэн, хохирогч, иргэний нэхэмжлэгч нарын эрх ашгийг ялгаварлалгүй хамгаалсан шийдэл гэж давж заалдах шатны шүүхээс дүгнэв.

 

Улмаар шүүгдэгч Т.М-аас иргэний нэхэмжлэгч Л.Х-т Тоёота аллион загварын тээврийн хэрэгслийг 10.000.000 төгрөгөнд бодож урьдчилгаа болгож өгсөн нөхцөл байдал тогтоогдож байх тул шүүгдэгч Т.М- нь уг асуудлаар иргэний журмаар жич нэхэмжлэх эрхтэй болохыг дурдаж шийдвэрлэх нь зүйтэй.

 

Иймд анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт “Шүүхийн шийдвэр нь тодорхой, ойлгомжтой, түүнийг биелүүлэхэд ямар нэгэн эргэлзээ төрүүлэхгүй байхаар бичигдсэн байна” гэж заасныг зөрчсөн гэж үзэж байх тул дээр дурдсан үндэслэлээр тогтоох хэсэгт зохих өөрчлөлтийг оруулж, шүүгдэгч Т.М-ы гаргасан давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт “Шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээсэн, эсхүл өөрчилсөн тохиолдолд ял шийтгүүлсэн этгээдэд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээний хугацааг ял эдлэх хугацаанд оруулж тооцно” гэж зааснаар шүүгдэгч Т.М-ы шийтгэх тогтоол уншиж танилцуулснаас хойш цагдан хоригдсон 101 хоногийг ял эдлэх хугацаанд нь оруулан тооцов.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.4 дэх заалтыг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхийн 2025 оны 06 дугаар сарын 23-ны өдрийн 2025/ШЦТ/1670 дугаар шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн:

5 дахь заалтын “LG 935L загварын ****УБ улсын дугаартай ковшийг хохирогчийн хууль ёсны төлөөлөгч О.О-ад шилжүүлж, Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт тус тус зааснаар шүүгдэгч Т.М-аас нийт 15.280.000 төгрөг гаргуулан хохирогчийн хууль ёсны төлөөлөгч О.О-ад 280.000 төгрөг, иргэний нэхэмжлэгч Л.Х-т 15.000.000 төгрөгийг тус тус олгосугай.” гэснийг “Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Т.М-аас 54.820.000 төгрөгийг гаргуулж хохирогчийн хууль ёсны төлөөлөгч О.О-ад олгож, LG 935L загварын ****УБ улсын дугаартай ковшийг иргэний нэхэмжлэгч Л.Х-ын өмчлөлд үлдээсүгэй.” гэж өөрчилсүгэй.

  1. Шийтгэх тогтоолын тогтоох хэсэгт:

Шүүгдэгч Т.М- иргэний нэхэмжлэгч Л.Х-аас Тоёота аллион загварын тээврийн хэрэгсэлтэй холбоотой нэхэмжлэлээ иргэний журмаар жич нэхэмжлэх эрхтэй болохыг дурдсугай” гэсэн нэмэлт заалт оруулсугай.

 

  1. Шүүгдэгч Т.М-аас хохирогчийн хууль ёсны төлөөлөгч О.О-ад 280.000 төгрөгийг төлсөн болохыг дурдсугай.

 

  1. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Т.М- нь 2025 оны 06 дугаар сарын 23-ны өдрөөс 2025 оны 10 дугаар сарын 02-ны өдрийг хүртэл нийт 101 хоног цагдан хоригдсоныг ял эдлэх хугацаанд нь оруулан тооцсугай.

 

  1. Анхан болон давж заалдах шатны шүүхийн хууль хэрэглээний зөрүүг арилгах, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, хуулийг Улсын дээд шүүхийн тогтоол, тайлбараас өөрөөр хэрэглэсэн, эрх зүйн шинэ ойлголт, эсхүл хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой гэж үзвэл энэхүү магадлалыг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хэргийн оролцогч хяналтын журмаар гомдол гаргах, прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

 

 

                             ДАРГАЛАГЧ,

      ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                         Б.ЗОРИГ

                             ШҮҮГЧ                                                                Н.БАЯРМАА

                             ШҮҮГЧ                                                                 Б.БАТЗОРИГ