| Шүүх | Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Хувьтөгөлдөрийн Идэр |
| Хэргийн индекс | 185/2018/0526/Э |
| Дугаар | 592 |
| Огноо | 2018-08-03 |
| Зүйл хэсэг | 11.3.1., |
| Улсын яллагч | Ч.Мөнх-Эрдэнэ |
Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2018 оны 08 сарын 03 өдөр
Дугаар 592
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Сүхбаатар дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Х.Идэр даргалж,
шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ч.Амаржаргал,
улсын яллагч Н.Мөнгөнсүх,
шүүгдэгч Ц.Г, түүний өмгөөлөгч Б.Энхтүвшин,
хохирогч М.Болдхүү,
гэрч Д.Батбаатар нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн эрүүгийн шүүх хуралдаанаар,
Нийслэлийн Сүхбаатар дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Жинчин овогт Цацралын Гад холбогдох эрүүгийн 201725020974 дугаартай хэргийг 2018 оны 06 дугаар сарын 22-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Холбогдсон хэргийн талаар: /яллах дүгнэлтэд бичигдсэнээр/:
Шүүгдэгч Ц.Г нь 2017 оны 04 дүгээр сарын 06-ны өдөр Сүхбаатар дүүргийн 9 дүгээр хороо “Дөлгөөн нуур” төвийн баруун тал, 4 дүгээр сургуулийн баруун талд байрлах нийтийн байрны 3 давхрын шатан дээр иргэн М.Болдхүүтэй хувийн таарамжгүй харьцааны улмаас маргалдан түүнийг шатны уруу түлхэж газарт унаган эрүүл мэндэд нь хүнд хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Ц.Г мэдүүлэхдээ: “…2017 оны 04
дүгээр сарын 05-ны өдөр Болдхүү ах, Батбаатар, Золбаатар бид нар 2 шил архи уусан. Тэгээд унтаад өгсөн. Маргааш өглөө нь бид нар үргэлжлүүлж 1 шил архи хувааж уусан. Гэтэл тэр 3 гараад явахаар нь хаалгаа түгжээд унтаж байсан. Гэнэт хаалга нүдэхээр нь онгойлготол Золоо хувцас нь шороо болчихсон “Батбаатар, Болдхүү 2 намайг нийлээд зодчихлоо” гээд зогсож байсан. Тэгээд би Болдоо ахыг “та нар яаж байгаа юм бэ” гээд гарч ярилцъя гэтэл гар татаад шууд мөргөсөн. Тэгээд дахиад мөргөх гээд намайг татахдаа угз татаж бид 2 хамт шатны уруу унасан. Тэгэх явцдаа 2 давхарын цонхыг хагалсан. Тэгтэл Батбаатар хүн дуудахаар явсан. Тэгээд би байр руугаа орж жоохон байж байгаа явсан…” гэв.
Шүүхийн хэлэлцүүлэгт хохирогч М.Болдхүү мэдүүлэхдээ: “…2017 оны 04 дүгээр сарын 06-ны орой 19 цагийн үед гэр рүүгээ харьж явсан. Гэтэл Ганбат залгаад “хүрээд ир” гэж хэлсэн. Тэгэхээр нь би гэрт нь яваад очсон. Тухайн үед 0.75 литрийн 1 шил архи уусан. Удалгүй миний утсаар эхнэр рүүгээ залгаж дуудсан. Эхнэр нь иртэл түүнтэй маргалдаж, доромжлоод байсан. Тэгэхээр нь би “чи одоо болиоч” гэж хэлтэл над руу уурласан. Би утсаа авах гэтэл өгөхгүй байсан. Тэгэхээр нь гараад машин дотор нь унтаад өгсөн. Маргааш өглөө нь сэрэхэд эд нар гурвуулаа болчихсон байсан. Тэгээд машин дотроо сууж байгаад 0,75 литрийн архи хувааж уусан. Би мөн л адил Ганбатаас утсаа нэхтэл гэрт байгаа гэж хэлсэн. Миний утсыг өгөхгүй байсан болохоор нь маргалдаж эхэлсэн. Тэгээд бид нар зууралдаж, заамдалцаж эхлэхэд Ганбат гартаа цагаан хутга барьсан байсан. Тэр хутгаараа миний куртикийг сийчсэн. Мөн том чулуугаар миний толгой руу цохиж унагаасан байсан. Намайг босгох гээд дийлээгүй учраас Батбаатар тусламж дуудахаар явсан. Эргээд иртэл энэ 3 зугтсан байсан гэж надад хэлсэн. Би энэ тухай сайн санахгүй байгаа. Тэгээд Дөлгөөн нуур төвийн нойлд цусаа арилгах гэж байгаад сандал дээр нь ухаан алдаад унаж эмнэлэгт хүргэгдсэн байсан. Эмнэлэгт нийт сар гаруй хугацаанд хэвтсэн. Хохирол төлбөрт 880.000 төгрөг авсан. Хохирлын баримт гаргаж өгөөгүй байгаа. Гэвч цагаан сараас хойш хийлгэсэн баримтууд байгаа боловч хэдэн төгрөгийн баримт байгаа гэдгийг мэдэхгүй байна…” гэв.
Шүүхийн хэлэлцүүлэгт гэрч Д.Батбаатар мэдүүлэхдээ: “…Ганбатын гэрт нь очиж 1 шил архи уусан. Тэгээд Ганбатын найз гээд 2 хүүхэн орж ирж хамт архи уусан. Тэгтэл Болдхүү ах Ганбатыг жоохон юм байж архи уулаа гэж загнасан. Тэгтэл Ганбат миний амьдрал танд ямар хамаатай юм бэ гээд маргалдаад гараад явсан. Тэгээд би гарч тамхи авчихаад иртэл бөөнөөрөө зууралдаад зогсож байсан. Болдхүү ахыг цохихоор нь салгах гээд очтол Малиг гээд залуу миний эрүүнээс хазсан. Тэгээд би ажил руугаа гүйж хүн дагуулж ирсэн. Тэгтэл Болдхүү ах цус нөжтэйгээ холилдчихсон газар хэвтэж байсан. Куртикийг нь нуруунаас нь эхлээд хутгаар зүсчихсэн байсан. Тэгээд Болдхүү ахыг салгах гэтэл нэг залуу миний эрүүнээс хазсан. Болдхүү рүү Ганбат хутга бариад дайраад байсан. Би тэр үед тамхинд явчихсан байсан болохоор сайн мэдэхгүй байна. Болсон явдлын талаар тэр байранд амьдардаг хүүхэн залуу 2 хэлэхдээ “дээрээс 3 залуу Болдхүү ахыг чирээд буулгасан” гэж хэлсэн. Намайг ирэхэд Болдхүү ах газар хэвтэж байсан. Хажууд нь том цустай чулуу байсан. Ганц нэг удаа цохихыг харсан. Тэгээд би тамхинд явсан. Хутгаар сийчсэн, чулуугаар цохисон талаар мөрдөн байцаалтын шатанд мэдүүлэг өгсөн...” гэв.
Шүүхийн хэлэлцүүлэгт дараахь нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:
Улсын яллагчаас шүүгдэгчийн гэм бурууг нотлох байр суурьтай оролцож, хавтаст хэргийн 59 дүгээр хуудсанд хохирогчийн мэдүүлэг, 25 дугаар хуудсанд гэрч Батбаатарын мэдүүлэг, 27 дугаар хуудсанд гэрч Бадамгаравын мэдүүлэг, 29 дүгээр хуудсанд шинжээчийн дүгнэлт, 89 дүгээр хуудсанд шинжээч эмч Амартүвшингийн мэдүүлэг, 34 дүгээр хуудсанд Ц.Ганбатын сэжигтнээр өгсөн мэдүүлэг, 64 дүгээр хуудсанд Ц.Ганбатын гэрчээр өгсөн мэдүүлэг зэрэг нотлох баримтуудыг,
Шүүгдэгчийн өмгөөлөгчөөс хавтаст хэргийн 7 дугаар хуудсанд Батбаатарын цагдаагийн хэлтэст гаргасан тайлбар, 14 дүгээр хуудсанд Ганбатын гэрчээр өгсөн мэдүүлэг, 20 дугаар хуудсанд Болдхүүг хохирогчоор тогтоосон тогтоол, 21 дүгээр хуудсанд гэрч Ганчимэгийн мэдүүлэг, 34 дүгээр хуудсанд Ц.Ганбатыг сэжигтнээр тооцсон тогтоол, 37 дугаар хуудсанд ял шалгах хуудас, 54 дүгээр хуудсанд мөнгө хүлээлгэн өгсөн тухай, 55 хохирлын мөнгө хүлээн авсан тухай, 57 дугаар хуудсанд Болхүүг хохирогчоор тогтоосон тогтоол, 59 дүгээр хуудсанд хохирогчийн мэдүүлэг, 65 дугаар хуудсанд Ц.Ганбатын гэрчээр өгсөн мэдүүлэг, 85 дугаар хуудсанд гэрч Цацралын мэдүүлэг зэрэг болно.
Шүүхийн хэлэлцүүлгийн үед шинжлэн судалсан болон хавтаст хэрэгт цугларсан нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан журмаар цугларсан, хэрэг хянан шийдвэрлэхэд хангалттай. Мөн шүүгдэгчийг яллагдагчаар, хохирогч, гэрч нарыг байцаахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хууль зөрчөөгүй, нотлох баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, агуулгын хувьд зөрүүгүй, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан байх тул хууль ёсны үнэн зөв баримтууд гэж үнэлэв.
Хэргийн зүйлчлэлийг өөрчлөх тухай:
Прокуророос Ц.Г нь 2017 оны 04 дүгээр сарын 06-ны өдөр Сүхбаатар дүүргийн 9 дүгээр хороо “Дөлгөөн нуур” төвийн баруун тал, 4 дүгээр сургуулийн баруун талд байрлах нийтийн байрны 3 давхрын шатан дээр иргэн М.Болдхүүтэй хувийн таарамжгүй харьцааны улмаас маргалдан түүнийг шатны уруу түлхэж газарт унаган эрүүл мэндэд нь хүнд хохирол санаатай учруулсан гэж Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэнийг “хүний эрүүл мэндэд хүнд хохирол болгоомжгүйгээр учруулсан” буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэг болгон өөрчлөх нь зүйтэй байна.
Учир нь хавтаст хэргийн хүрээнд цугларсан баримтаас үзэхэд хохирогч М.Болдхүүгийн: “...Би Ганбатаас утсаа нэхээд тэгээд тэрнээс болоод би хоёр маргалдсан. ...Ганбат бид хоёр зууралдаж байгаад тэр нийтийн байрны 2 давхрын цонх руу налж унаад цонх хагарсан. Тэгээд маргалдаад явж байхад байрны шатнаас намайг Ганбат түлхээд би Ганбатыг тавилгүй цугтаа шатаар уруудаж унаад мөн гадаа байсан нүх рүү бид хоёр давхаралдаж унасан...” гэх мэдүүлэг /хх-59/,
шүүх эмнэлгийн үзлэг хийсэн 2017 оны 04 дүгээр сарын 13-ны өдрийн 4887 дугаартай дүгнэлт: “М.Болдхүүгийн биед баруун суурь яснаас баруун чамархай,
хөхлөг сэртэн ясыг дайрсан үргэлжилсэн хугарал, баруун хацар ясны хугарал, тархины зүүн талын бөмбөлгийн тархины эд дэх цус хуралт, няцрал, зөөлөн бүрхүүлийн доорх цус харвалт, баруун чамархайн хуйх, чихний дэлбэн, баруун хацар, нурууны шарх, зүүн гуяны цус хуралт, духны зулгаралт гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо болон ир бүхий зүйлийн нэг бус удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. ... Уг гэмтэл нь тухайн болсон хэргийн нөхцөлд үүссэн байх боломжтой. /хх-29/,
шинжээч эмч Т.Амартүвшингийн: “...Чамархай ясны хугарал, баруун хацар ясны хугарал, тархины эдийн цус хуралт, няцрал, зөөлөн бүрхүүлийн доорхи цус хуралт нь унах ба цохигдох, цохиулах хүчний аль ч үед үүсэх боломжтой...” гэх мэдүүлэг /хх-89/,
яллагдагч Ц.Ганбатын сэжигтнээр өгсөн: “...Болдоо толгойгоороо миний дух руу нэг удаа мөргөсөн. Тэгэхээр нь би гараараа түлхээд Болдоо бид хоёр зууралдаад шатны уруу унасан ба тухайн үед 3 давхрын цонх хагарсан. ...Болдоо бид хоёр ноцолдож газар нилээн хэдэн удаа унасан...” гэх мэдүүлэг /хх-34/ зэрэг баримтаас харвал шүүгдэгч Ц.Г, хохирогч М.Болдхүү нарын хооронд гар утаснаас болж маргаан болсон, улмаар шүүгдэгч, хохирогч нар маргалдан шат руу хамт унасан, шат руу унах явцад хохирогчид гэмтэл учирсан үйлдэл тогтоогдож байна гэж шүүхээс үзлээ.
Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний акт, хэлцлээр хүлээсэн үүргээ биелүүлээгүй, эсхүл бусад болгоомжгүй үйлдэл, эс үйлдэхүйн улмаас хүний эрүүл мэндэд хүнд хохирол учруулсан бол...” гэж тухайн гэмт хэргийн нөхцлийн бүрдлийг, мөн хуулийн ерөнхий ангийн 2.3 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт “Өөрийн үйлдэл, эс үйлдэхүйг хууль бус шинжтэй болохыг ухамсарлаж түүний улмаас хохирол, хор уршиг учрах боломжтойг урьдчилан мэдэж түүнийг гаргахгүй байж чадна гэж тооцсон боловч хохирол, хор уршиг учирсан, эсхүл хохирол, хор уршиг учрах боломжтойг урьдчилан мэдэх ёстой, мэдэх боломжтой байсан боловч мэдэлгүй үйлдсэний улмаас хохирол, хор уршиг учирсан бол болгоомжгүй гэмт хэрэгт тооцно.” гэж гэм буруугийн болгоомжгүй хэлбэрийн нөхцлийг тус тус тодорхойлон хуульчилсан байна.
Ухамсарт зан үйлийн тусгал болж буй аливаа үйлдэл, эс үйлдэхүй нь эхлээд гадаад орчин, тухайн үеийн нөхцөл байдлуудыг оюун ухаандаа үнэлж цэгнэж тунгаасны үр дүнд үйл ажиллагааныхаа илрэл болгож улмаар өөрийн хүсэл зоригийн чиглэлтэй буюу тодорхой хэрэгцээгээр нөхцөлдөн түүнийгээ шийдвэртэйгээр хэрэгжүүлдэг.
Хэрэгт авагдсан хохирогч, шүүгдэгч нарын удаа дараагийн мэдүүлэг, мэдүүлгийг газар дээр нь шалгах ажиллагааг бэхжүүлсэн гэрэл зургийн үзүүлэлт, шинжээчийн дүгнэлт, шинжээчийг байцаасан тэмдэглэл зэргээс үзвэл болсон үйл явдал, хохирогчид учирсан гэмтлийн шинжийг дүгнэхэд, шүүгдэгчийн тухайн үед хохирогчийг түлхсэн, зууралдаж унасан үйлдэл, өөрийн үйлдлийн улмаас хохирол хор уршиг учрах боломжтойг урьдчилан мэдэх ёстой, мэдэх боломжтой байсан
боловч мэдэлгүй үйлдсэн байна.
Иймд прокуророос Ц.Гыг хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулсан гэж Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлснийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэг болгон өөрчилж зүйлчлэх үндэслэлтэй байна.
Шүүгдэгч Ц.Г нь 2017 оны 04 дүгээр сарын 06-ны өдөр Сүхбаатар дүүргийн 9 дүгээр хороо “Дөлгөөн нуур” төвийн баруун тал, 4 дүгээр сургуулийн баруун талд байрлах нийтийн байрны 3 давхрын шатан дээр иргэн М.Болдхүүтэй хувийн таарамжгүй харьцааны улмаас маргалдан түүнийг шатны уруу түлхэж газарт унаган эрүүл мэндэд нь хүнд хохирол болгоомжгүйгээр учруулсан болох нь шүүх хуралдаанд хэлэлцэгдсэн дараах нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдлоо. Үүнд:
Хохирогчийн М.Болдхүүгийн: “...Би Ганбатаас утсаа нэхээд тэгээд тэрнээс болоод би хоёр маргалдсан. Ганбат миний утсыг өгөхгүй худлаа, үнэн юм яриад байсан. ... Ганбат бид хоёр зууралдаж байгаад тэр нийтийн байрны 2 давхрын цонх руу налж унаад цонх хагарсан. Тэгээд маргалдаад явж байхад байрны шатнаас намайг Ганбат түлхээд би Ганбатыг тавилгүй цугтаа шатаар уруудаж унаад ман гадаа байсан нүх рүү бид хоёр давхаралдаж унасан...” гэх мэдүүлэг /хх-59/,
Гэрч Б.Батбаатарын: “...Болдоо ах цус, нөжөндөө хутгалдсан байдалтай хувцас нь шороо, тоос болоод урагдчихсан байдалтай ... хэвтэж байсан...” гэх мэдүүлэг /хх-25/,
Гэрч Д.Бадамгаравын: “...манай ажлын ойролцоо байдаг байшин хороолол дээр очсон. Болдоо ахын хамаг хувцас шороо тоос болоод урагдчихсан, нүүр ам нь цус болсон байдалтай толгойгоо дараад хэвтэж байсан...” гэх мэдүүлэг /хх-27/,
Шүүх эмнэлгийн үзлэг хийсэн 2017 оны 04 дүгээр сарын 13-ны өдрийн 4887 дугаартай дүгнэлт: “М.Болдхүүгийн биед баруун суурь яснаас баруун чамархай, хөхлөг сэртэн ясыг дайрсан үргэлжилсэн хугарал, баруун хацар ясны хугарал, тархины зүүн талын бөмбөлгийн тархины эд дэх цус хуралт, няцрал, зөөлөн бүрхүүлийн доорх цус харвалт, баруун чамархайн хуйх, чихний дэлбэн, баруун хацар, нурууны шарх, зүүн гуяны цус хуралт, духны зулгаралт гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо болон ир бүхий зүйлийн нэг бус удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 3.1.2, 3.1.3-т зааснаар учрах үедээ амь насанд аюултай тул гэмтлийн хүнд зэрэгт хамаарна. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтандд нөлөөлөхгүй. Уг гэмтэл нь тухайн болсон хэргийн нөхцөлд үүссэн байх боломжтой.” гэх /хх-29/,
Шинжээч эмч Т.Амартүвшингийн: “...Чамархай ясны хугарал, баруун хацар ясны хугарал, тархины эдийн цус хуралт, няцрал, зөөлөн бүрхүүлийн доорхи цус хуралт нь унах ба цохигдох, цохиулах хүчний аль ч үед үүсэх боломжтой...” гэх мэдүүлэг /хх-89/,
Яллагдагч Ц.Ганбатын сэжигтнээр өгсөн: “...Болдоо толгойгоороо миний дух руу нэг удаа мөргөсөн. Тэгэхээр нь би гараараа түлхээд Болдоо бид хоёр зууралдаад шатны уруу унасан ба тухайн үед 3 давхрын цонх хагарсан. ...Болдоо бид хоёр ноцолдож газар нилээн хэдэн удаа унасан...” гэх мэдүүлэг /хх-34/ болон шүүгдэгч Ц.Гын мөрдөн шалгах ажиллагааны болон шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлсэн мэдүүлэг зэрэг болно.
Ийнхүү дээрх байдлаар шүүгдэгч Ц.Гын хүний эрүүл мэндэд хүнд хохирол болгоомжгүйгээр учруулсан гэм буруу хөдөлбөргүй нотлогдсон гэж дүгнэж Эрүүгийн хуульд заасан хариуцлагыг хүлээлгэх үндэслэлтэй байна.
Шүүхийн хэлэлцүүлэгт хохирогч М.Болдхүүгээс “Тэгээд бид нар зууралдаж, заамдалцаж эхлэхэд Ганбат гартаа цагаан хутга барьсан байсан. Тэр хутгаараа миний курткийг сийчсэн. Мөн том чулуугаар миний толгой руу цохиж унагаасан байсан. Намайг босгох гээд дийлээгүй учраас Батбаатар тусламж дуудахаар явсан. Эргээд иртэл энэ 3 зугтсан байсан гэж надад хэлсэн. Би энэ тухай сайн санахгүй байгаа”,
гэрч Б.Батбаатараас “Би тэр үед тамхинд явчихсан байсан болохоор сайн мэдэхгүй байна. Болсон явдлын талаар тэр байранд амьдардаг хүүхэн залуу 2 хэлэхдээ “дээрээс 3 залуу Болдхүү ахыг чирээд буулгасан” гэж хэлсэн. Намайг ирэхэд Болдхүү ах газар хэвтэж байсан. Хажууд нь том цустай чулуу байсан. Ганц нэг удаа цохихыг харсан. Тэгээд би тамхинд явсан. Би чулуугаар цохихыг хараагүй. Байрных нь хүүхэн залуу 2 хэлсэн” гэж нь мэдүүлсэн нь хэрэгт цугларсан бусад баримтаар нотлогдон тогтоогдохгүй байна.
Хууль сануулсан хохирогч М.Болдхүү нь мөрдөн шалгах ажиллагааны шатанд “...Тэгэхээр нь би боль гэж хэлээд салгаж байснаа санаж байна. Тэгээд нэг мэдсэн чинь ухаан алдаад унасан байсан. Өөр санаж байгаа зүйл байхгүй. ...Г миний биед гэмтэл учруулсан гэж бодож байна...” /хх-20/,
гэрч Б.Батбаатар нь мөрдөн шалгах ажиллагааны шатанд “...Болдоо ах цус нөжөндөө хутгалдсан байдалтай хамаг шороо тоос болоод урагдсан ганцаараа Малигийн байрны гадаа хэвтэж байсан. Тэгээд би Болдоо ахыг татаж босгоод би таныг дөхүүлээд өгье гэж хэлээр ажил руу явах зам дээр очоод бие засчихаад эргээд харсан чинь Болдоо ах такси бариад яваад өгсөн...” /хх-7/ гэж тус тус мэдүүлэг өгсөн ба гэрч Б.Батбаатар нь хэргийг хараагүй буюу хэрэг болох үед байгаагүй /гэмтэл учирсан үйлдэл болох үед байгаагүй, байрны гадаа хэвтэж байхад очсон талаар мэдүүлдэг/ тул хохирогч, гэрчийн шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн мэдүүлэг нь хэрэгт авагдсан бусад баримтаар нотлогдохгүй, мөрдөн шалгах ажиллагааны явцад өгснөөс зөрүүтэй, ач холбогдолгүй гэж үзэв.
Шүүгдэгч Ц.Г болон түүний өмгөөлөгчөөс хүний эрүүл мэндэд хүнд хохирол болгоомжгүйгээр учруулсан гэм буруугийн талаар маргаагүй болохыг тэмдэглэх нь зүйтэй байна.
Шүүгдэгч Ц.Г нь хохирогч М.Болдхүүд хохиролд 880.000 төгрөгийг төлсөн талаар мэдүүлсэн ба энэ талаар шүүгдэгч, хохирогч нар хэн аль нь
маргаагүй ба хохирогч М.Болдхүү нь гэмт хэргийн улмаас хохирогч нь өөрт учирсан гэмтлийг эмчлүүлэхтэй холбоотой баримтыг шүүхэд ирүүлээгүй тул нотлох баримтаа бүрдүүлэн цаашид гарах зардлаа иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар жич нэхэмжлэх эрхтэй болохыг тогтоолд дурдаж шийдвэрлэх нь зүйтэй байна.
2. Эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:
Улсын яллагчаас “Шүүгдэгчид Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1 жил 6 сарын хугацаанд хорих ял оногдуулах, уг ялыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар нээлттэй хорих байгууллагад эдлүүлэх” гэсэн саналыг,
Шүүгдэгчийн өмгөөлөгчөөс: “…Миний үйлчлүүлэгч Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлд зааснаар анх удаа гэмт хэрэг үйлдсэн. Мөн хохирлыг тодорхой хэмжээгээр төлж барагдуулсан. Энэ хугацаанд хохирогчийн зүгээс хохирол төлбөртэй хоолбоотой ямар нэгэн баримт гаргаж өгөөгүй. Өнөөдрийн шүүх хуралдаанаар шүүгдэгч Ц.Ганбат нь хийсэн хэрэгтээ гэмшиж, гэм буруугаа хүлээн зөвшөөрч байгаа. Цаашид гарах эмчилгээний зардлыг төлөхөө илэрхийлсэн. Иймд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан ял хүндрүүлэх нөхцлөл байдал байхгүй. Тухайн гэмт хэрэг гарах нөхцөлд хохирогчийн буруутай үйлдэл нөлөөлсөн. Иймд миний үйлчлүүлэгчийн хувийн байдал болон гэмт хэрэг гарах болсон шалтгаан нөхцлүүдийг харгалзан үзэж Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлд зааснаар хорих ял оногдуулахгүйгээр тэнсэж, гэм хор арилгах үүргийн нэмж үүрэг болгож өгнө үү…” гэсэн хүсэлтийг тус тус гаргав.
Шүүх шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ түүний гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагын хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан, гэм буруутайд тооцсон нотлох баримтад үндэслэн эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй гэж үзэв.
Шүүх шүүгдэгч Ц.Гад эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1.1 дэх хэсэг “тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн,”, 1.2 дахь хэсэг “...учруулсан хохирлоо нөхөн төлсөн...” зэргийг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож, хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.
Харин шүүгдэгчийн өмгөөлөгчөөс: “…Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлд зааснаар хорих ял оногдуулахгүйгээр тэнсэж, гэм хор арилгах үүргийн нэмж үүрэг болгож өгнө үү” гэсэн хүсэлтийг гаргасан байх ба
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1-т “Хөнгөн гэмт хэрэг үйлдсэн хүн гэм буруугаа хүлээн зөвшөөрч гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлж хор уршгийг арилгасан, эсхүл гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлөхөө илэрхийлсэн бол гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдлыг харгалзан тухайн зүйл, хэсэг, заалтад заасан
хорих ялыг оногдуулахгүйгээр таван жил хүртэл хугацаагаар тэнсэж болно” гэж заасан боловч шүүгдэгчийн хувийн байдал, урьд авсан таслан сэргийлэх арга хэмжээг зөрчсөн, шүүхийн мэдэгдэх хуудсаар дуудахад хүндэтгэн үзэх шалтгаагүйгээр ирээгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд саад учруулсан зэргийг харгалзан өмгөөлөгчийн хүсэлтийг хүлээн авч шийдвэрлэх боломжгүй гэж дүгнэв.
Шүүгдэгч Ц.Гад эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, шүүгдэгчийн хувийн байдал зэргийг харгалзан Эрүүгийн хуулийн 11.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар нийтийн албанд ажиллах эрхийг 6 сарын хугацаагаар хасч, 6 сарын хугацаагаар хорих ялаар шийтгэхээр шийдвэрлэснээс гадна хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр тогтов.
3. Бусад асуудлаар:
Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Ц.Гын цагдан хоригдсон 18 хоногийг түүний ял эдэлсэн хугацаанд оруулан тооцохыг тус тус дурдаж шийдвэрлэв.
Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 2, 36.2, 36,3, 36.5, 36.6, 36.7, 36.8, 36.10, 37.1 дүгээр зүйлүүдийг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Сүхбаатар дүүргийн прокуророос Ц.Гад Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлд заасныг журамлан, мөн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлснийг, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэг болгон өөрчлөн зүйлчилсүгэй.
2. Жинчин овогт Цацралын Гыг хүний эрүүл мэндэд хүнд хохирол болгоомжгүйгээр учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 1-д заасныг журамлан, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Ц.Гын нийтийн албанд ажиллах эрхийг 6 /зургаа/ сарын хугацаагаар хасч, 6 /зургаа/ сарын хугацаагаар хорих ялаар шийтгэсүгэй.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ц.Гын эдлэх ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлсүгэй.
5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Ц.Гад оногдуулсан нийтийн албанд ажиллах эрхийг хасах ялын хугацааг хорих ялыг эдэлж дууссан үеэс эхлэн тоолсугай.
6. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Ц.Гын цагдан хоригдсон 18 /арван найм/ хоногийг эдлэх ялд оруулан тооцсугай.
7. Хохирогч М.Болдхүү нь гэмт хэргийн улмаас хохирогч нь өөрт учирсан гэмтлийг эмчлүүлэхтэй холбоотой баримтыг бүрдүүлэн иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар жич нэхэмжлэх эрхтэй болохыг дурдсугай.
8. Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүйг дурдсугай.
9. Шүүгдэгч Ц.Гын эдлэх ялыг энэ өдрөөс эхлэн тоолсугай.
10. Шийтгэх тогтоол нь танилцуулан сонсгосноор хуулийн хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч, түүний өмгөөлөгч, хохирогч, яллагч нар эс зөвшөөрвөл тогтоолыг гардуулснаас хойш Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд 14 хоногт давж заалдах гомдол гаргах, улсын яллагч эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.
11. Давж заалдах шатны шүүхэд гомдол гаргасан эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол биелүүлэх хүртэл шүүгдэгч Ц.Гад авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Х.ИДЭР