| Шүүх | Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Батжаргал Батзориг |
| Хэргийн индекс | 2302007430102 |
| Дугаар | 2025/ДШМ/1206 |
| Огноо | 2025-10-15 |
| Зүйл хэсэг | 20.7.2., |
| Улсын яллагч | Г.Билгүүн |
Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2025 оны 10 сарын 15 өдөр
Дугаар 2025/ДШМ/1206
2025 10 15 2025/ДШМ/1206
Ч.С-, Б.Б- нарт
холбогдох эрүүгийн хэргийн тухай
Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч С.Болортуяа даргалж, шүүгч П.Гандолгор, шүүгч Б.Батзориг нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:
прокурор Г.Билгүүн,
шүүгдэгч Ч.С-, түүний өмгөөлөгч Ш.Оюумаа,
шүүгдэгч Б.Б-, түүний өмгөөлөгч Б.Баттулга,
нарийн бичгийн дарга Б.Пэрэнлэйдулам нарыг оролцуулан,
Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхийн 2025 оны 08 дугаар сарын 04-ний өдрийн 2025/ШЦТ/1916 дугаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч шүүгдэгч Ч.С-, түүний өмгөөлөгч Б.Бат-Ерөөлт, өмгөөлөгч Ш.Оюумаа, шүүгдэгч Б.Б- нарын гаргасан давж заалдах гомдлуудаар Ч.С-, Б.Б- нарт холбогдох 2302007430102 дугаартай эрүүгийн хэргийг 2025 оны 09 дүгээр сарын 12-ны өдөр хүлээн авч, шүүгч Б.Батзоригийн илтгэснээр хянан хэлэлцэв.
Ч- овгийн Ч-ын С-, ..........., /РД:............/,
Сум дундын 14 дүгээр шүүхийн 2014 оны 12 дугаар сарын 17-ны өдрийн 218 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар 2 жилийн хугацаагаар хорих ял оногдуулж, шийтгэх тогтоол биелүүлэхийг 6 сарын хугацаагаар хойшлуулсан.
У- овгийн Б-гийн Б-, .............., /РД:........./,
Шүүгдэгч Ч.С-, Б.Б- нар бүлэглэн 2023 оны 10 дугаар сарын 12-ны өдөр Хан-Уул дүүргийн 15 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Наадам төвийн орчимд ****УБВ улсын дугаартай хар өнгийн Тоёота приус-30 загварын тээврийн хэрэгсэлд Нэгдсэн Үндэстний байгууллагын 1971 оны “Сэтгэцэд нөлөөлөх бодисын тухай конвенц”-ын II жагсаалтад багтсан дельта-9 тетрагидроканнабинол (delta-9 tethrahydrocannabinol)-ын агууламжтай 19.6 грамм цэвэр жин бүхий сэтгэцэд нөлөөт бодисыг худалдаалах зорилгогүйгээр хууль бусаар хадгалсан гэмт хэрэгт холбогджээ.
Нийслэлийн прокурорын газраас: Ч.С-, Б.Б- нарын үйлдлийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчилж, яллах дүгнэлт үйлдэн хэргийг шилжүүлжээ.
Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүх: “Шүүгдэгч Ч.С-, Б.Б- нарыг “Хориглосон сэтгэцэд нөлөөт бодисыг худалдаалах зоилгогүйгээр хууль бусаар хадгалсан” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Б-ыг 2 жилийн хугацаагаар хорих ял, шүүгдэгч Ч.С-ийг 2 жилийн хугацаагаар хорих ялаар тус тус шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 3, 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч нарт оногдуулсан хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр тогтоож, Эрүүгийн хуулийн 7.5 дугаар зүйлийн 1, 2, 3 дахь хэсэгт заасныг баримтлан шүүгдэгч нарын гэмт хэрэг үйлдэхдээ ашигласан Тоёота приус-30 загварын ****УБВ улсын дугаартай тээврийн хэрэгслийн үнэ 23.108.063 төгрөгийг шүүгдэгч нараас хувь тэнцүүлэн буюу тус бүрээс 11.554.031 төгрөгийг гаргуулж улсын орлого болгохоор тус тус шийдвэрлэжээ.
Шүүгдэгч Ч.С- давж заалдах гомдол болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “... хэргийн талаар болон гэм буруугийн асуудлаар маргаангүй. Миний бие анх удаа гэмт хэрэг үйлдсэн, гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, гэмшиж байгаа зэрэг байдлуудыг минь харгалзан үзэж оногдуулсан ялыг хөнгөрүүлж өгнө үү. ...анхан шатны шүүх хуралдааны явцад тухайн өвсийг хэнийх байсан талаар Б.Б-тай маргасан хэдий ч миний бие гэм буруугаа хүлээн зөвшөөрч байгаа болно. Цаашид миний бие гэмт хэрэг дахин үйлдэхгүй, ажил хөдөлмөр хийж амьдрах чин хүсэлтэй байна. Гэмт хэрэг гарахад учирсан хохирол төлбөрийг төлж барагдуулахаа илэрхийлж байна. Иймд надад оногдуулсан хорих ялыг хөнгөрүүлж, өөр төрлийн ялаар сольж өгнө үү.” гэв.
Шүүгдэгч Ч.С-ийн өмгөөлөгч Ш.Оюумаа давж заалдах гомдол болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “... Ч.С- нь гэмт хэргийн оролцооны тал дэр маргахгүй гэдгээ илэрхийлж, өөрийн хийсэн хэрэгтээ маш их гэмшиж байгаа болно. Эрх зүйн мэдлэг дутуу, өмгөөлөгч авсан хэдий ч хэргийн нөхцөл байдлыг ойлгоогүйн улмаас буруу, дутуу мэдүүлэг өгсөн, өөрийн хийсэн хэрэгтээ дүгнэлт хийж хохирол төлбөрөө төлнө гэдгээ илэрхийлсэн. Хэргийн нөхцөл байдлын хувьд 2023 оны 1-2 сарын хугацаанд Б.Б-тай хамт ажиллаж байсан, Б-д өвс байгаа гэдгийг мэдээд “өвсөө аваад ирээ хотоос зайдуу гарч байгаад татаж үзэхэд таатай санагдаагүй” гэж мэдүүлснээс үзэхэд сонирхлын шугамаар, тохиолдлын шинжтэй гэмт хэрэгт холбогдсон гэж үзэхээр байна. Урьд энэ төрлийн гэмт хэрэг үйлдэж байгаагүй болох нь шинжээчийн дүгнэлтээр тогтоогддог.
Хувийн байдлын талаар Ч.С- нь айлын бага хүү, олон эрэгтэй ах нарын дунд өссөн, зөөлөн харьцаатай, хүмүүжилтэй хүүхэд юм. Ажил хөдөлмөр эрхэлдэг, гэр бүл зохиохоор төлөвлөж байгаа, нийгэмд өөрийгөө зөв зохистой авч явахаар хүмүүжсэн.
Иймд Ч.С-ийн хувийн байдлыг харгалзан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлд зааснаар хөнгөрүүлэх хууль зүйн үндэслэлтэй гэж үзэж байна.” гэв.
Шүүгдэгч Ч.С-ийн өмгөөлөгч Б.Бат-Ерөөлт давж заалдах гомдол болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “... Хууль тогтоогчоос Эрүүгийн хуулийн 5.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Эрүүгийн хариуцлагын зорилго нь гэмт хэрэг үйлдсэн хүн, хуулийн этгээдийг цээрлүүлэх, гэмт хэргийн улмаас зөрчигдсөн эрхийг сэргээх, хохирлыг нөхөн төлүүлэх, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, гэмт хэрэг үйлдсэн хүнийг нийгэмшүүлэхэд оршино.” гэж, мөн зүйлийн 3 дахь хэсэгт “Гэмт хэрэг үйлдэх үед эрүүгийн хариуцлага хүлээх насанд хүрсэн ба хэрэг хариуцах чадвартай хүнд энэ хуульд заасан үндэслэл, журмын дагуу эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ.”, 6.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт ”Шүүх гэмт хэрэг үйлдсэн хүнд энэ хуулийн ерөнхий ангид заасан үндэслэл, журмын дагуу тусгай ангид заасан төрөл, хэмжээний дотор эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ.”, 2 дахь хэсэгт “Эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан үзнэ.”, 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Шүүх эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ дараах хөнгөрүүлэх нөхцөл байдлыг харгалзан үзнэ: 1.1-д “тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн, 1.2.гэмт хэрэг үйлдсэний дараа хохирогчид шууд эмнэлгийн, бусад туслалцаа үзүүлсэн, учруулсан охирлыг төлсөн”, мөн хуулийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Шүүх гэмт хэрэг үйлдсэн нь тогтоогдсон, гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн хүний гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учруулсан хохирол, хор уршгийн шинж чанар, хувийн байдал, мөрдөн шалгах ажиллагааг шуурхай явуулж гэмт хэргийг нотлоход дэмжлэг үзүүлсэн байдлыг харгалзан дараах байдлаар эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлж, эсхүл эрүүгийн хариуцлагаас чөлөөлж болно” гэж тус тус заасан байна.
Түүнчлэн, хууль тогтоогчоос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцогдсон хүнд оногдуулах ялыг сонгох санкцтай байхаар хуульчилж зорчих эрх хязгаарлах, хорих ялаас сонгон хэрэглэх болохоор ялын төрөл хэмжээг хуульчлан заасан байна.
Миний үйлчлүүлэгч Ч.С-д оногдуулсан эрүүгийн хариуцлага, эрүүгийн ялыг хөнгөрүүлэх боломжтой гэсэн дүгнэлттэй байна.
Яллагдагчаар Ч.С-ийн өгсөн “… Б- анх манай үсчний газар үсчин болохоор 2023 оны 08 дугаар сарын үед дадлага хийж эхлээд бие биенээ таньдаг болсон. Хэрэг болдог өдрөөс 2-3 өдрийн өмнө Б- бид хоёр өвсний талаар ярилцаж Б-д өвс байгааг мэдсэн. Б- өөрөө жаахан өвс авчирсан. Хэрэг болдог өдөр буюу 2023 оны 10 дугаар сарын 12-ны өдөр ажил тараад бид хоёр миний машинтай “Скай ресорт”-ын тэнд очиж замаас гарч уулын бэлд зогсоод Б-ын авчирсан өвснөөс тамхи шиг цаасан ороож татаж хэрэглэсэн. Тэгээд толгой эргээд жаахан сонин болоод байхаар нь татаж байсан өвсөө орхиод машинтайгаа хот руу орж ирээд Наадам центрийн хажууд цагдаад баригдсан. Тухайн үед Хан-Уул дүүргийн цагдаа дээр очоод энэ болсон үйл явдлаа ярьсан. Би эхнээсээ энэ тухайгаа үнэн зөвөөр мэдүүлсэн. Машинаас хураагдсан өвс бол миний биш, Б-ын авчирсан өвс байгаа юм. Тухайн үед би машин жолоодож явсан. Тухайн үед миний жолоодож явсан ****УБВ улсын дугаартай Тоёота приус загварын тээврийн хэрэгсэл нь манай ах Хатанболдын миний нэр дээр авсан машин байгаа юм. Би Б-ыг ятгасан айлгасан сүрдүүлсэн зүйл огт байхгүй. Миний мэдүүлэг үнэн зөв. Гэм буруугаа хүлээж байна.” гэх мэдүүлэг,, иргэний үнэмлэх болон оршин суугаа газрын тодорхойлолт, Шүүх сэтгэц эмгэг судлалын шинжээчийн дүгнэлт /Ч.С- нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд үнэн зөв мэдүүлэг өгөх чадвартай байна./, Ч.С- нь мансууруулах бодис, сэтгэцэд нөлөөт бодисын хамааралтай, донтой гэх шинж тэмдэг илрээгүй байна./2хх 45-46/, Шинжилгээнд ирүүлсэн “Ч.С- ФБоо” гэж хаягласан шээсний дээжээс илэрсэн.
Тээврийн хэрэгслээс хураан авсан тэмдэглэл /1хх 21/ зэрэг нотлох баримтууд авагдаж шүүхийн хэлэлцүүлгээр шинжлэн судлагдсан байна.
Хэрэгт авагдсан нотлох баримтуудыг харьцуулан дүгнэхэд миний үйлчлүүлэгч Ч.С- нь гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн гэх үйл баримт нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны эхний үе шатаас шүүхийн хэлэлцүүлэгт тогтвортой өгсөн мэдүүлгээр тогтоогдож байна.
Шүүгдэгчийн хувийн байдал нь гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, өөрийн үйлдлийн талаар гэмшиж, дүгнэлт хийж байгаа байдал, хэрэгт холбогдох үедээ ажил хөдөлмөрийн эрхэлж байсан, энэ төрлийн гэмт хэрэгт анх удаагаа холбогдож байгаа зэрэг эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд харгалзан үзэх нөхцөл байдлууд хангалттай, бүрэн тогтоогдсон гэж өмгөөлөгч дүгнэж байгаа болно. Дээрх хуульд заасан шаардлага, хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдлууд түүнчлэн Эрүүгийн хуульд заасан гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн хүнд оногдуулах хариуцлагыг хөнгөрүүлэх зарчим, хэм хэмжээг харгалзан оногдуулсан ялыг зорчих эрх хязгаарлах ялаар хөнгөрүүлж өөрчилж өгнө үү.” гэв.
Шүүгдэгч Б.Б- давж заалдах гомдол болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “... миний бие эхээс дөрвүүлээ бөгөөд өнчирч 3 дүүгийн хамт асрамжийн газар амьдарч байгаад 17 нас хүрээд сайн дураараа асрамжийн газраас гарч барилгын компанид туслахын ажил хийж байгаад 18 нас хүрмэгц хугацаат цэргийн албаа хаасан. Гэр оронтой болж дүү нараа өөр дээрээ авч хамтдаа амьдрах чин хүсэлтэй юм. Хууль гэдэг зүйлийг огт мэдэхгүй яваад хэтэрхий хөнгөн хандсан байна. Миний бие энэ гэмт хэрэгт холбогдсондоо маш их харамсаж байх бөгөөд хохирол төлбөрөө төлж, гэр оронтой болж дүү нартайгаа хамтдаа амьдарч үлгэр жишээ болсон сайн ах байж, ахиж гэмт хэрэгт холбогдохгүйгээр зөв амьдарна гэдгээ илэрхийлж байна. Иймд надад оногдуулсан хорих ялыг хөнгөрүүлж өгнө үү.” гэв.
Шүүгдэгч Б.Б-ын өмгөөлөгч Б.Баттулга шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “... Энэ хэрэг хоёр удаа анхан шатны шүүхээр шийдвэрлэгдсэн. Эхлээд шийдвэрлэхэд Б.Б- ганцаараа 1 жилийн хорих ял шийтгүүлсэн ба тухайн үедээ гэм буруугийн талаар маргаагүй. Давж заалдах шатны шүүхээс шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, дахин хэлэлцэх үед өмгөөлөгчөөр оролцож эхэлсэн. Анхан шатны шүүхэд шүүгдэгч нар гэм буруугийн талаар харилцан маргасан байр суурьтай оролцсон тул энэ байдлаас болоод шүүх шүүгдэгч нарт 2 жилийн хорих ял оногдуулсан. Энэ нь Эрүүгийн хуульд заасан сэжигтэн, яллагдагч, шүүгдэгч гэм буруугаа хүлээж, маргаагүй оролцсон нь эрүүгийн хариуцлага хөнгөрүүлэх нөхцөл байдал болохоос гэм буруугийн хувьд аливаа үйл баримт дээр маргаж оролцсон нь эрүүгийн хариуцлага, ялыг хүндрүүлэх нөхцөл байдалд тооцогдохгүй. Шүүгдэгч нарын хувьд 20 гаруй настай, залуу хүмүүс тул 2 жил гэдэг багагүй хугацаа. Хуульд зорчих эрхийг хязгаарлах ял, хорих ял гээд сонгох боломж байгаа. Онцгой хүндрүүлэх нөхцөл байхгүй байхад хүнд төрлийн ял сонгож хэрэглэснийг эрх зүйн байдлыг нь дээрдүүлж хөнгөн ял оногдуулах боломжтой гэж үзэж байна. Иймээс үйлчлүүлэгчийнхээ гаргасан гомдлыг дэмжиж байна.” гэв.
Прокурор Г.Билгүүн шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “... Анхан шатны шүүхээс шүүгдэгч нарт эрүүгийн хариуцлага оногдуулахдаа Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.3 дугаар зүйлд заасан шударга ёсны зарчим, 6.1 дүгээр зүйлийн 1, 2 дахь хэсэгт заасан үндэслэл журмыг харгалзан гэмт хэрэг үйлдэгдсэн нөхцөл байдал, хувийн байдал болон гэм буруугийн хэлбэрт тохирсон ял шийтгэлийг оногдуулсан гэж үзэж байна. Учир нь, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг нь олон нийтийн аюулгүй байдал, ашиг сонирхлын эсрэг гэмт хэрэгт хамаарах бөгөөд сэтгэцэд нөлөөт бодисыг өөрийн биедээ хадгалж, хэрэглэж байгаа байдал нь зөвхөн өөрөө хэрэглээд зогсохгүй бусдад хэрэглүүлэх, бусдыг уруу татах, мөн тухайн бодисыг олж авч, хадгалж, хэрэглэж байгаагаараа хууль бус эргэлтийг нэмэгдүүлэх эрсдэлтэй учраас хор уршгийн хувьд аюултайд тооцогдоно. Анхан шатны шүүхээс шүүх хуралдаанаар шинжлэн судалсан нотлох баримтуудад үндэслэн хэргийн үйл баримтад дүгнэлт хийж сэтгэцэд нөлөөт бодисыг бүлэглэн хадгалсан үйлдэлд нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан ялын төрөл хэмжээний дотор буюу 2 жилийн хугацаагаар хорих ял оногдуулсан нь үндэслэлтэй. Шүүгдэгч нарын хувьд гэмт хэргийг бүлэглэж үйлдсэн нь эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдалд тооцогдоно. Ийм учраас анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээх саналтай байна.” гэв.
ТОДОРХОЙЛОХ нь:
Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгчийн гаргасан давж заалдах гомдолд заасан асуудлаар хязгаарлахгүйгээр хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг хянаж үзлээ.
1. Шүүгдэгч Ч.С-, Б.Б- нар бүлэглэн 2023 оны 10 дугаар сарын 12-ны өдөр Хан-Уул дүүргийн 15 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Наадам төвийн орчимд ****УБВ улсын дугаартай хар өнгийн Тоёота приус-30 загварын тээврийн хэрэгсэлд Нэгдсэн Үндэстний байгууллагын 1971 оны “Сэтгэцэд нөлөөлөх бодисын тухай конвенц”-ын II жагсаалтад багтсан дельта-9 тетрагидроканнабинол (delta-9 tethrahydrocannabinol)-ын агууламжтай 19.6 грамм цэвэр жин бүхий сэтгэцэд нөлөөт бодисыг худалдаалах зорилгогүйгээр хууль бусаар хадгалсан болох нь:
Б.Б-ын яллагдагчаар өгсөн “... хамт ажилладаг С- гэх залууг өвс хэрэглэж үзэх үү гэж хоорондоо ярьж байгаад 2023 оны 10 дугаар сарын 12-ны өдөр ажил тараад өвснөөсөө бага зэргийг тамхи шиг цаасанд ороож байгаад татсан. С-д бид хоёр хоёулаа сорж татаад үлдэгдэл өвс нь миний өмссөн хар өнгийн хүрэмний халаасанд байсан. ... тухайн өвс нь миний өвс биш, С-ийн өвч байгаа юм. ... тэр өдөр С- машинаа бариад хамт гарчихаад ирье гээд хамт уулын замаар яваад Скай ресортын тэнд очиж зогсоод машинд сууж байгаад С- цагдаад хураалгасан цагаан өнгийн гялгар ууттай ногоон өвс гаргаж ирээд цаасан тамхи шиг ороож татсан, бас ундааны хуванцар савыг хажуу талаас нь цоолж, тугалган цаасан дотор өвснөөсөө хийгээд асаагуураар халааж утааг нь ундааны савны амсраар нь сорж хэрэглэчихээд буцаад хот руу орж ирээд явж байгаад цагдаад баригдсан. ...” /1хх 133-134, 2хх 72-75/,
Ч.С-ийн яллагдагчаар өгсөн “... хэрэг болдог өдөр буюу 2023 оны 10 дугаар сарын 12-ны өдөр ажил тараад бид хоёр миний машинтай Скай ресортын тэнд замаас гарч уулын хажууд зогсоод Б-ын авчирсан өвснөөс тамхи шиг цаасанд ороож татаж хэрэглэсэн. Тэгээд жаахан толгой эргээд сонин болоод ирэхээр нь татаж байснаа хаячихаад машинтайгаа хөдлөөд хот руу орж ирээд явж байгаад Наадам центрийн хажууд цагдаад баригдсан. ...” /2хх 79-80/ нарын мэдүүлгүүд,
Ч.С-, Б.Б- нар нь мансууруулах сэтгэцэд нөлөөт бодис хэрэглэсэн байсныг илрүүлсэн тухай илтгэх хуудас /1хх 15/,
****УБВ улсын дугаартай тээврийн хэрэгсэлд үзлэг хийсэн тэмдэглэл, үзлэгийн явцад уг тээврийн хэрэгсэлд байсан гялгар ууттай нунтаг ургамлыг хураан авсан тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /1хх 17-21/,
Шүүх шинжилгээний ерөнхий газрын шинжээчийн 2023 оны 11 дүгээр сарын 24-ний өдрийн 5410 дугаартай “... гялгар уутанд хийсэн ногоон өнгийн ургамал мэт зүйлээс дельта-9 тетрагидроканнабинол илэрсэн. Илэрсэн бодис нь Нэгдсэн Үндэстний байгууллагын 1971 оны “Сэтгэцэд нөлөөлөх бодисын тухай конвенц”-ын II жагсаалтад багтдаг болно. ...” /1хх 74-76/,
2023 оны 11 дүгээр сарын 08-ны өдрийн 5237 дугаартай “... Шинжилгээнд ирүүлсэн Б.Б- гэж хаягласан шээсний дээжээс Тетрагидроканнабинол илэрсэн. ...” /1хх 80-82/,
2023 оны 11 дүгээр сарын 08-ны өдрийн 5238 дугаартай “... Шинжилгээнд ирүүлсэн С- гэж хаягласан шээсний дээжээс Тетрагидроканнабинол илэрсэн. ...” /1хх 86-88/,
Шүүх сэтгэц эмгэг судлалын 2024 оны 03 дугаар сарын 15-ны өдрийн 271 дугаартай “... Б.Б- нь хэрэг хариуцах чадвартай байна. ...” /1хх 108-109/,
2025 оны 02 дугаар сарын 06-ны өдрийн 140 дугаартай “... Ч.С- нь сэтгэцийн хувьд хэрэг хариуцах чадвартай байна. ...” /2хх 45-46/ гэх дүгнэлтүүд,
“Дамно” ХХК-ийн “Toyota Prius-30” загварын автомашины 23.108.063 төгрөг байна” гэх хөрөнгийн үнэлгээний тайлан /1хх 92-97/ зэрэг хэрэгт авагдаж, анхан шатны шүүхийн шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар тус тус нотлогдон тогтоогджээ.
2. Шүүхийн шийтгэх тогтоолын үндэслэл болсон дээрх нотлох баримтууд нь хэрэгт хамааралтай, ач холбогдолтой ба хэргийн үйл баримтыг бүрэн нотолж чадсан, эдгээр нь хоорондоо эргэлзээ үүсгээгүй байна.
Мөрдөн шалгах ажиллагааны явцад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих асуудлуудыг хангалттай шалгаж тодруулсан байх тул анхан шатны шүүх хэрэгт авагдсан нотлох баримтын хүрээнд Ч.С-, Б.Б- нарт холбогдох хэргийг эцэслэн шийдвэрлэсэн нь үндэслэлтэй болжээ.
Хэргийн үйл баримтыг тогтооход үндэслэл болсон нотлох баримтуудыг цуглуулах, бэхжүүлэх, үнэлэх шатанд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг зөрчсөн зөрчил тогтоогдсонгүй.
3. Анхан шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгч нарын гэм бурууг хянан хэлэлцэж, шүүх хуралдаанаар шинжлэн судлагдсан дээрх нотлох баримтуудад хууль зүйн дүгнэлт хийн шүүгдэгч Ч.С-, Б.Б- нарыг хориглосон мансууруулах эм, сэтгэцэд нөлөөлөх бодисыг худалдаалах зорилгогүйгээр хууль бусаар хадгалсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсон нь хэргийн бодит байдалд нийцжээ.
Өөрөөр хэлбэл, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн үндсэн шинж нь гэмт этгээд Нэгдсэн Үндэстний Байгууллагын 1961 оны “Мансууруулах эмийн тухай” конвенцын жагсаалт, 1971 оны “Сэтгэцэд нөлөөт бодисуудын тухай” конвенцын жагсаалтад багтсан хориглосон мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодис, тэдгээрийн түүхий эдийг худалдаалах зорилгогүйгээр хууль бусаар бэлтгэсэн, хадгалсан, бусдад өгсөн, олж авсан идэвхтэй үйлдлийг ойлгодог.
Мөн “мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодис” гэж донтуулах болон сэтгэцэд хүчтэй нөлөөлөл үзүүлдэг, “Мансууруулах эмийн тухай” 1961 оны НҮБ-ын конвенц, “Сэтгэцэд нөлөөт бодисуудын тухай” 1971 оны НҮБ-ын конвенцын жагсаалтад заасан, хууль тогтоомжийн дагуу Монгол Улсад хяналтад байлгавал зохих эм, байгалийн болон нийлэгжүүлсэн бэлдмэлийг ойлгодог ба энэ төрлийн эм, бэлдмэл, бодисыг хууль ёсны буюу зөвхөн зохих байгууллагаас олгосон тусгай зөвшөөрлийн үндсэн дээр нийлүүлэх, онцгой тохиолдолд хувь хүмүүст эмнэлгийн зорилгоор хэрэглэхэд зориулж эмчийн жороор, эрүүл мэндийг хариуцдаг эрх бүхий байгууллагаас томилсон тусгай зөвшөөрөл бүхий зөвхөн эмийн сан, эмнэлгийн байгууллагаар дамжуулан олж авахаас бусад аргаар олж авсныг “хууль бус” гэж үздэг.
Түүнчлэн сэтгэцэд нөлөөлөх эм, бэлдмэл, бодисыг гагцхүү эмчийн заавраар хэрэглэхээс бусад бүх тохиолдлыг Монгол Улсын нутаг дэвсгэрт хориглосон бөгөөд зохих тусгай зөвшөөрөл, хяналтаас гадуур санаатайгаар орон байраас эхлэн тусгай зориулалтын байр, агуулах сав, өөрийн бие, эд зүйл, цүнх сав, тээврийн хэрэгсэл, тусгай бэлтгэсэн нуувч зэрэгт сэтгэцэд нөлөөлөх эм, бэлдмэл, бодис байлгахыг “хууль бусаар хадгалсан” гэж ойлгоно.
Хэрэгт авагдсан болон анхан шатны шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан нотлох баримтуудаас үзэхэд, шүүгдэгч Ч.С-, Б.Б- нарын 2023 оны 10 дугаар сарын 12-ны өдөр ****УБВ улсын дугаартай тээврийн хэрэгслээр зорчиж явахдаа Нэгдсэн Үндэстний Байгууллагын 1971 оны “Сэтгэцэд нөлөөлөх бодисын тухай” конвенцын хоёрдугаар жагсаалтад багтдаг “Дельта-9 тетрагидроканнабинол”-ын агууламжтай сэтгэцэд нөлөөт бодисыг худалдаалах зорилгогүйгээр, хууль бусаар хадгалж байсан үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчлэн Эрүүгийн хуулийг зөв тайлбарлан хэрэглэсэн байна.
4. Гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцогдсон этгээдэд шүүх эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн этгээдийн хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан үзэж хууль зүйн дүгнэлтийг хийдэг.
Эрүүгийн хуулийн 20.7 дугаар зүйлд заасан мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодисыг хууль бусаар ашиглах гэмт хэрэг нь олон нийтийн аюулгүй байдалд ноцтой хор хохирол учруулж болохуйц буюу бусад хөнгөн ангилалд хамаарах гэмт хэрэгтэй харьцуулахад нийгмийн хор аюул харьцангуй ихтэй бөгөөд дотоодын төдийгүй олон улсын эрх зүйн хэм хэмжээгээр энэхүү бодисын хор хөнөөлөөс хүн амын эрүүл мэнд, удмын санг хамгаалахад чиглэсэн хууль тогтоомж, хөтөлбөр боловсруулан хэрэгжүүлж ирсэн нь энэхүү бодисын хууль бус эргэлттэй тэмцэх, таслан зогсооход чиглэсэн бодлогын илрэл юм.
Өөрөөр хэлбэл, сэтгэцэд нөлөөт бодисын хууль бус эргэлттэй тэмцэхийн тулд энэ төрлийн гэмт хэрэгт оногдуулах ял шийтгэл, албадлагын арга хэмжээний төрөл, хэмжээг шүүх сонгон хэрэглэхдээ тус гэмт хэргийн улмаас учрах, учирч болох хохирол, хор уршгийн хэр хэмжээ, түүний шинж чанарыг зайлшгүй харгалзах учиртай.
Анхан шатны шүүх шүүгдэгч Ч.С-, Б.Б- нарт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 2 жилийн хугацаагаар хорих ялаар тус тус шийтгэж хуульд заасан төрөл, хэмжээний дотор ялыг оногдуулжээ.
Шүүгдэгч Ч.С- болон түүний өмгөөлөгч Ш.Оюумаа нар “... хорихоос өөр төрлийн ял оногдуулж өгнө үү” гэх, шүүгдэгч Б.Б- “хувийн байдлыг минь харгалзан оногдуулсан ялыг хөнгөрүүлж өгнө үү” гэх агуулгуудаар тус тус давж заалдах гомдол гаргажээ.
Мөрдөн шалгах ажиллагааны явцад цугларсан нотлох баримтыг тал бүрээс нь бүрэн дүүрэн бодитойгоор шинжлэн судалсны эцэст гэмт хэрэг үйлдсэн, гэм буруутай нь тогтоогдсон шүүгдэгчид Эрүүгийн хуулийн 5.1 дүгээр зүйлд заасан эрүүгийн хариуцлагын зорилгыг хангахуйц, мөн хуулиар тогтоосон төрөл, хэмжээний ялыг оногдуулах нь шүүхийн бүрэн эрхэд хамаарна.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Эрүүгийн хариуцлагын зорилго нь гэмт хэрэг үйлдсэн хүн, хуулийн этгээдийг цээрлүүлэх, гэмт хэргийн улмаас зөрчигдсөн эрхийг сэргээх, хохирлыг нөхөн төлүүлэх, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, гэмт хэрэг үйлдсэн хүнийг нийгэмшүүлэхэд оршино.” гэж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт “Давж заалдах шатны шүүх шүүгдэгчид холбогдох хэргийн зүйлчлэлийг өөрчлөн ялыг хөнгөрүүлж, эсхүл шүүгдэгчид холбогдох хэргийн нөхцөл байдал, зүйлчлэлийг өөрчлөхгүйгээр ялыг хөнгөрүүлж болно” гэж тус тус хуульчилжээ.
Давж заалдах шатны шүүхээс шүүгдэгч нарын гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, гэм буруугаа хүлээн зөвшөөрч, үйлдсэн хэрэгтээ гэмшиж, ухамсарласан байдал болон тэдгээрийн хувийн байдал зэргийг харгалзан үзэж анхан шатны шүүхээс оногдуулсан хорих ялыг хөнгөрүүлэн 1 жил 6 сарын хугацаагаар хорих ялаар шийтгэж шийдвэрлэлээ.
Иймд давж заалдах шатны шүүх бүрэн эрхийнхээ хүрээнд шүүгдэгч Б.Б-, Ч.С- нарын “оногдуулсан ялыг хөнгөрүүлэх” талаар гаргасан давж заалдах гомдлыг хангаж, энэ талаар анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолд зохих өөрчлөлтийг оруулж шийдвэрлэлээ.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт “...Шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээсэн, эсхүл өөрчилсөн тохиолдолд ял шийтгүүлсэн этгээдэд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээний хугацааг ял эдлэх хугацаанд оруулж тооцно...” гэсний дагуу шүүгдэгч Ч.С-, Б.Б- нарын 2025 оны 08 дугаар сарын 04-ний өдрөөс 2025 оны 10 дугаар сарын 15-ны өдрийг хүртэл нийт 72 хоног цагдан хоригдсоныг тэдгээрийн ял эдлэх хугацаанд нь оруулан тооцов.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.4 дэх заалтыг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхийн 2025 оны 08 дугаар сарын 04-ний өдрийн 2025/ШЦТ/1916 дугаар шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн:
2 дахь заалтын “... шүүгдэгч У- овогт Б-гийн Б-ыг 2 жилийн хугацаагаар хорих ял, шүүгдэгч Ч- овогт Ч-ын С-ийг 2 жилийн хугацаагаар хорих ял тус тус шийтгэсүгэй.” гэснийг “... шүүгдэгч У- овогт Б-гийн Б-ыг 1 жил 6 сарын хугацаагаар хорих ял, шүүгдэгч Ч- овогт Ч-ын С-ийг 1 жил 6 сарын хугацаагаар хорих ял тус тус шийтгэсүгэй.” гэж өөрчлөлт оруулж, бусад заалтыг хэвээр үлдээсүгэй.
2. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Ч.С-, Б.Б- нарын 2025 оны 08 дугаар сарын 04-ний өдрөөс 2025 оны 10 дугаар сарын 15-ны өдрийг хүртэл нийт 72 хоногийг ял эдлэх хугацаанд нь оруулан тооцсугай.
3. Анхан болон давж заалдах шатны шүүхийн хууль хэрэглээний зөрүүг арилгах, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, хуулийг Улсын дээд шүүхийн тогтоол, тайлбараас өөрөөр хэрэглэсэн, эрх зүйн шинэ ойлголт, эсхүл хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой гэж үзвэл энэхүү магадлалыг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хэргийн оролцогч хяналтын журмаар гомдол, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ С.БОЛОРТУЯА
ШҮҮГЧ П.ГАНДОЛГОР
ШҮҮГЧ Б.БАТЗОРИГ