Хэнтий аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2025 оны 11 сарын 04 өдөр

Дугаар 321/ШШ2025/00741

 

 

 

 

 

2025 оны 11 сарын 04 өдөр

Дугаар 321/ШШ2025/00741

Хэнтий аймаг

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Хэнтий аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Б.Уранзаяа даргалж, тус шүүхийн танхимд Б танхимд хийсэн шүүх хуралдаанаар:

 

Нэхэмжлэгч: Хэнтий аймгийн ******* сумын ******* баг, Хэрлэн тооно гэх газарт оршин суух, Б*******н овогт Л*******н Т*******гийн нэхэмжлэлтэй,

 

Нэхэмжлэлийн шаардлага: Эцэг мөн болохыг тогтоолгох тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдааны оролцогчид:

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч: Л.Н*******г

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Э.Баярсайхан нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч Л.Т******* шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ болон нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Л.Н*******г шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Л.Т******* миний бие 2018 онд Х.Е*******й танилцаж хамтран амьдарч бидний дундаас 2019 оны 9 дүгээр сарын 21-ний өдөр хүү Т.М*******й төрж, бид 2019 оны 10 дугаар сарын 18-ны өдөр гэрлэлтээ батлуулж албан ёсоор гэр бүл болж хамтран амьдарч байсан ба нөхөр Х.Ерөөлт нь 2025 оны ******* сарын 03-ны өдөр автын ослоор нас барсан. Миний бие хүүгийнхээ аавтай хүүгээ төрснөөс хойш гэрлэлтээ батлуулсан тул өөрөөрөө овоглосон байсан, нөхрөө зуурдаар нас барна чинээ санаагүй явсан ийм харамсалтай зүйл болсон. Одоо хүүдээ тэжээгчээ алдасны тэтгэмж тогтоолгох хүсэлтээ хөдөлмөр халамжийн үйлчилгээний газарт гаргах гэтэл хүү М*******й ааваараа овоглоогүйн улмаас намайг шүүхэд хандах нь зөв гэж хэлсэн. Шүүхийн шинжилгээний газарт нөхөр Х.Ерөөлтийн цусны дээж хадгалагддаг тул шинжээч томилж, Х.Ерөөлтийг миний хүү Т.М*******йгийн эцэг мөн болохыг тогтоож өгнө үү, уг нэхэмжлэлийн шаардлагаа дэмжиж байна.. гэжээ.

 

Шүүх нэхэмжлэгчийн тайлбар, хэрэгт цугларсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтыг шинжлэн судлаад

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

1.Нэхэмжлэгч Л.Т*******, түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч Л.Н*******г нар нь 2019 оны 9 дүгээр сарын 21-ний өдөр төрсөн хүү Т*******гийн Мөнгөншайгайгийн эцэг нь Х.Ерөөлт мөн болохыг тогтоолгох нэхэмжлэл гаргасныг шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.7-д зааснаар хангаж шийдвэрлэлээ.

 

2. Хэрэгт дараах бичгийн баримтууд авагдсан байна.

 

2.1 Нэхэмжлэгчийн иргэний үнэмлэхний хуулбар (хх-ийн 02 хуудас),

2.2 Нэхэмжлэгч нь Хэнтий аймгийн ******* суманд оршин суудаг тухай тодорхойлолт (хх-ийн 03 хуудас),

2.3 Т*******гийн М*******й эрүүл өсөж бойжиж байгаа тухай тодорхойлолт (хх-ийн 04 хуудас),

2.4 Х.Ерөөлт, Л.Т******* нарын гэрлэсний бүртгэлийн гэрчилгээний хуулбар (хх-ийн 05 хуудас),

2.5 2019 оны 9 дүгээр сарын 21-ний өдөр төрсөн хүү Т.М*******йгийн төрсний бүртгэлийн гэрчилгээний хуулбар (хх-ийн 06 хуудас),

2.6 Хуягийн Ерөөлтийн нас барсны гэрчилгээний хуулбар (хх-ийн 07 хуудас),

2.7 Шүүхийн шинжилгээний Ерөнхий газрын 2025 оны 7 дугаар сарын 24-ний өдрийн ЕГ0325/3911 дугаартай шинжээчийн дүгнэлт зэрэг хэрэгт хамааралтай нотлох баримтыг хуульд заасны дагуу цуглуулж, бэхжүүлсэн болно.

 

3.Нэхэмжлэгч Л.Т******* нь шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлага үндэслэлээ тайлбарлахдаа .. хүү Т.М*******йд тэжээгчээ алдасны тэтгэмж авах шаардлагатай байгаа боловч хүү эцэг Х.Ерөөлтөөр овоглогддогүйн улмаас шүүхээр эцэг мөн болохыг тогтоолгохоор нэхэмжлэл гаргасан гэжээ.

 

4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 133 дугаар зүйлийн 133.1.1-д эрх зүйн ач холбогдол бүхий үйл явдлыг тогтоох, 135 дугаар зүйлийн 135.2.7.-д хүүхдийн эцэг эх мөн болохыг тогтоох асуудлыг шүүх хянан шийдвэрлэхээр заасан тул шүүх нэхэмжлэлийг хүлээн авч хянан шийдвэрлэсэн болно.

 

5.Нэхэмжлэгч Л.Т*******гийн хүсэлтийн дагуу шүүхээс онцгой ажиллагааны журмаар хянан шийдвэрлэх маргаанд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.6-д заасан зохицуулалтын хүрээнд нотлох баримт цуглуулахад Шүүхийн шинжилгээний Үндэсний хүрээлэнгийн 2025 оны 7 дугаар сарын 24-ний өдрийн ЕГ0325/3911 дүгээр дүгнэлтэд ..Талийгаач Х.Ерөөлт нь Т.М*******йгийн биологийн эцэг байх боломжтой, эцэг байх магадлал 99,99 хувь гэсэн дүгнэлтийг гаргаж ирүүлсэн байна.

 

6.Нэхэмжлэгч Л.Т******* түүний нөхөр Х.Ерөөлт нар нь 2018 онд танилцаж, тэдний дундаас хүү Т.М*******й 2019 оны 9 дүгээр сарын 21-ний өдөр төрж, тэдгээр нь 2019 оны 12 дугаар сарын 19-ний өдөр гэрлэлтээ батлуулсан боловч хүү Т.М*******й нь эцгээрээ бус эх Т*******гаар овоглодог байх хугацаанд эцэг Х.Ерөөлт нь нас барсан болох нь хэрэгт авагдсан гэрлэлтийн гэрчилгээ, хүүхдийн төрсний гэрчилгээ, нас барсны бүртгэлийн лавлагаа зэргээр тогтоогдож байна.

 

7.Шүүхээс хэрэгт авагдсан нотлох баримтын хуваарилалтыг хийхдээ Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1, 40.2, 40.3-т зааснаар хэрэгт авагдсан бичмэл нотлох баримтад тавигдах хуулийн шаардлагыг хангасан нотлох баримт болон шинжээчийн дүгнэлтийг үнэлж, 2019 оны 9 дүгээр сарын 21-ний өдөр төрсөн хүү Б*******н овогт Т*******гийн М*******й /РД:СЧ19292130/-гийн эцэг нь Улаан үст овогт Хуягийн Ерөөлт /РД:СМ91012415/ мөн болохыг тогтоож шийдвэрлэв.

  8.Нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээх нь зүйтэй.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116, 118, 133 дугаар зүйлийн 133.1.1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.7-д зааснаар 2019 оны 9 дүгээр сарын 21-ний өдөр төрсөн хүү Б*******н овогт Т*******гийн М*******й /РД:СЧ19292130/-гийн эцэг нь Улаан үст овогт Хуягийн Ерөөлт /РД:СМ91012415/ мөн болохыг тогтоосугай.

 

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т зааснаар нэхэмжлэгчийн тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын төсөвт хэвээр үлдээсүгэй.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2-т зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд мөн хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нь уг шийдвэрийг эс зөвшөөрвөл гардаж авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Хэнтий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй, зохигчид хуульд заасан хугацааны дотор шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг дурдсугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ   Б.УРАНЗАЯА