| Шүүх | Хэнтий аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Б.Уранзаяа |
| Хэргийн индекс | 321/2025/01097/И |
| Дугаар | 321/ШШ2025/00760 |
| Огноо | 2025-11-10 |
| Маргааны төрөл | Гэрлэлт цуцалсан, |
Хэнтий аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2025 оны 11 сарын 10 өдөр
Дугаар 321/ШШ2025/00760
| 2025 оны 11 сарын 10 өдөр | Дугаар 321/ШШ2025/00760 | Хэнтий аймаг |
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Хэнтий аймаг дахь сум дундын шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Б.Уранзаяа даргалж, тус шүүхийн танхимд хаалттай хийсэн хуралдаанаар,
Нэхэмжлэгч: Хэнтий аймгийн ******* сумын 4 дүгээр баг ******* 4-06 тоотод оршин суух, ******* овогт М*******ын Э*******н
Хариуцагч: Хэнтий аймгийн ******* сумын 4 дүгээр баг ******* 3А-02 тоотод оршин суух, Б*******н овогт Э*******ын Аа,
Нэхэмжлэлийн шаардлага: Гэрлэлт цуцлуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдааны оролцогчид:
Нэхэмжлэгч: М.Э*******н /цахимаар/
Хариуцагч: Э.Аа
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Э.Баярсайхан нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
1.Нэхэмжлэгч М.Э*******н шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: ... Миний бие Аатай 2014 онд танилцаж гэр бүл болсон, бид хамтран амьдрах хугацаандаа 2015 оны 10 дугаар сарын 15-ны өдөр охин Ар, 2018 оны 11 дүгээр сарын 17-ны өдөр охин Ао нарыг төрүүлсэн. Бид зан харилцаа таарахгүйн улмаас 2024 оны 01 дүгээр сараас эхлэн тусдаа амьдарч байна, хүүхдүүд маань ээж дээрээ байдаг, би одоо гэр бүлтэй болсон тул гэрлэлтээ цуцлуулахыг хүсэж байна. Эд хөрөнгийн болон хүүхдийн асрамж тэтгэлэгийн маргаан байхгүй гэв.
2.Хариуцагч Э.Аа шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Бид хамтран амьдраад дундаасаа 2 хүүхэдтэй болсон, зан харилцаа таарахгүйн улмаас 2024 оны 01 дүгээр сараас тусдаа амьдарч байгаа, нэхэмжлэгч Э*******н тусдаа гэр бүлтэй болсон тул гэрлэлтээ цуцлуулахыг зөвшөөрч байна, Эд хөрөнгийн маргаан байхгүй, охидууд маань надтай цуг байгаа, тэтгэлэг нэхэмжлэхгүй.... гэв.
3. Нэхэмжлэгч талаас дараах нотлох баримтуудыг гаргаж өгсөн байна.
3.1 Нэхэмжлэгчийн иргэний үнэмлэхний хуулбар (хх-ийн 02 хуудас)
3.2 Зохигчийн гэрлэсний бүртгэлийн гэрчилгээний нотариатаар баталгаажуулсан хуулбар (хх-ийн 04 хуудас)
3.3 2015 оны 10 дугаар сарын 05-ны өдөр төрсөн охин Э.Ар, 2018 оны 11 дүгээр сарын 17-ны өдөр төрсөн охин Э.Аогийн төрсний бүртгэлийн лавлагаа (хх-ийн 05-06 хуудас)
3.4 Хэнтий аймгийн ******* сумын Ерөнхий боловсролын Тэмүүжин сургуулийн 2025 оны 10 дугаар сарын 17-ны өдрийн 125 дугаартай Э.Ар нь тус сургуульд Х.Ариунтуяа багштай 5г ангид суралцдаг нь үнэн тухай тодорхойлолт (хх-ийн 07 хуудас)
3.5 Хэнтий аймгийн ******* сумын 1 дүгээр сургуулийн 2025 оны 10 дугаар сарын 16-ны өдрийн Э.Ао 2025-2026 оны хичээлийн жилд тус сургуулийн Ц.Эрдэнэчимэг багштай 2б ангид суралцаг нь үнэн тухай тодорхойлолт (хх-ийн 08 хуудас)
3.6 Хэнтий аймгийн ******* сумын Жаргалант багийн Засаг даргын 2025 оны 10 дугаар сарын 17-ны өдрийн 134 дугаартай М.Э*******н нь тус багийн ******* 4-06 тоотод ам бүл 1 оршин суудаг нь үнэн гэх тодорхойлолт (хх-ийн 09 хуудас)
3.7 Хэнтий аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн Эвлэрүүлэн зуучлагчийн 2025 оны 10 дугаар сарын 13-ны өдрийн Эвлэрүүлэн зуучлах ажиллагаа дуусгавар болсон тухай 321/ЭТ2025/00194 дугаар тэмдэглэл (хх-ийн 10 хуудас) зэрэг баримтууд хэрэгт авагджээ.
4. Хариуцагч талаас баримт өгөөгүй байна.
Шүүх зохигчийн тайлбар хэрэгт цугларсан бичгийн баримтыг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ нь:
1. Нэхэмжлэгч М.Э*******н нь хариуцагч Э.Аад холбогдуулан гэрлэлт цуцлуулах тухай нэхэмжлэл гаргасан байна.
Шүүх нэхэмжлэгч, хариуцагч нарын шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбар, хуульд заасан журмын дагуу гаргаж өгсөн бичмэл баримтуудад тулгуурлан нэхэмжлэлийн шаардлагыг хангах нь зүйтэй гэж дүгнэв.
2. Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1-д зааснаар гэрлэлт цуцлуулах тухай нэхэмжлэл нь шүүхийн харьяалан шийдвэрлэх маргаан байх тул нэхэмжлэлийг хүлээн авч шийдвэрлэх нь үндэслэлтэй байна.
3. Нэхэмжлэгч М.Э*******н, хариуцагч Э.Аа нь 2014 онд танилцан, 2018 оны 3 дугаар сарын 02-ны өдөр гэрлэлтээ батлуулж, тэдний дундаас 2015 оны 10 дугаар сарын 05-ны өдөр охин Э.Ар, 2018 оны 11 дүгээр сарын 17-ны өдөр охин Э.Ао нар төрсөн болох нь зохигчийн тайлбар, хэрэгт авагдсан гэрлэлтийн гэрчилгээний болон хүүхдүүдийн төрсний гэрчилгээний нотариатаар баталгаажуулсан хуулбар зэрэг нотлох баримтуудаар тогтоогдож байна.
4. Нэхэмжлэгч М.Э*******н нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ: ...хариуцагч Э.Аатай зан харилцаа таарахгүйн улмаас тусдаа амьдраад 2 жил болж байгаа, би тусдаа гэр бүлтэй болсон тул гэрлэлтийг цуцалж өгнө үү, хүүхдийн асрамж, тэтгэлэг эд хөрөнгийн маргаангүй ..гэж
Хариуцагч Э.Аа нь нэхэмжлэлийн шаардлагатай холбогдуулан.... нэхэмжлэлийг бүхэлд нь хүлээн зөвшөөрч байна, хүүхдүүд надтай цуг амьдардаг, тэтгэлэг болон эд хөрөнгийн маргаангүй... хэмээн маргааны байр суурь илэрхийлэхгүй байна.
5.Гэрлэгчдийн гэрлэлтээ цуцлуулах болсон шалтгаан нь зан харилцааны таарамжгүй байдлын улмаас харилцаа хөндийрч, тусдаа амьдраад 2 жил болсон, одоог хүртэл эвлэрэн хэлэлцээгүй, шүүхийн эвлэрүүлэн зуучлагчид хандсан боловч эвлэрэн хэлэлцээгүй эвлэрүүлэн зуучлах ажиллагаа дуусгавар болсон байна.
6.Зохигчийн хэн аль нь цаашид хамтын амьдралаа үргэлжлүүлэх боломжгүй гэдгээ илэрхийлсэн, гэр бүлийн харилцаа хөндийрсөн, Гэр бүлийн тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.2-т заасан гэр бүл цуцлахад хориглох шалтгаан байхгүй, нэхэмжлэгч М.Э*******н тусдаа гэр бүлтэй болсон, хариуцагч Э.Аа нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрсөн тул шүүхээс мөн хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1 дэх хэсэгт зааснаар гэрлэлт сайн дурын харилцаан дээр үндэслэх зарчим, хэргийн нөхцөл байдлыг харгалзан гэрлэлтийг цуцалж шийдвэрлэв.
7.Шүүхийн шийдвэрээр гэрлэгчдийн гэр бүлийн харилцаа дуусгавар болж байгаа ч эцэг, эх нь үр хүүхдийнхээ өмнө хүлээх үүрэг хариуцлага, Гэр бүлийн тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.2-т заасан эцэг, эх гэрлэлтээ цуцлуулсан тохиолдолд хүүхдээ өсгөн бойжуулах, тэжээн тэтгэх, хүмүүжүүлэх үүрэг хэвээр үлдэнэ, Хүүхдийн эрхийг хамгаалах тухай хуулийн 12 дугаар зүйлийн 1-д эцэг эх, асран хамгаалагч, харгалзан дэмжигч хүүхдийн эрүүл мэндийг хамгаалах, амьдрах эрүүл саруул, аюулгүй орчин бүрдүүлэх, нэн шаардлагатай хоол хүнс, орон байр, хувцас тоглоом, бусад шаардлагатай зүйлээр хангах үүрэг хүлээнэ, энэ хуулийн 12 дугаар зүйлийн 2-т эцэг эх тусдаа амьдрах болсон, гэрлэлтээ цуцлуулсан нь тэднийг энэ зүйлийн 1 дэх хэсэгт заасан үүргээс чөлөөлөх үндэслэл болохгүй гэж зааснаар хэвээр хадгалагддаг болохыг зохигчид тайлбарлавал зохино.
8. Зохигчид нь эд хөрөнгийн маргаангүй гэснийг дурдав.
9. Хүүхдүүд эх Э.Аагийн асрамжид байгаа гэх бөгөөд хүүхдийн эрх ашгийг хамгаалахыг эх Э.Аад тайлбарлаж, хүүхдийн эрх ашиг сөргөөр хөндөгдвөл нэхэмжлэгч М.Э*******н маргах эрх нээлттэй.
Мөн хүүхдүүдийн тэтгэлэг гаргуулах асуудлаар анхан шатны шүүхэд хариуцагч Э.Аа нэхэмжлэл гаргахад энэхүү шийдвэр саад болохгүй болно.
Нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэсэн тухай нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 70,200 төгрөг гаргуулан нэхэмжлэгчид олгох нь зүйтэй.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116, 118, 132 дугаар зүйлийн 132.6-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1.Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1-д зааснаар ******* овогт М*******ын Э*******н, Б*******н овогт Э*******ын Аа нарын гэрлэлтийг цуцалсугай.
2. 2015 оны 10 дугаар сарын 05-ны өдөр охин Э.Ар, 2018 оны 11 дүгээр сарын 17-ны өдөр охин Э.Ао нар эх Э.Аагийн асрамжид байгаа гэснийг дурдаж, цаашид хүүхдийн эрх ашгийг хамгаалахыг эх Э.Аад тайлбарласугай.
3. Зохигч хүүхдийн асрамж, тэтгэлэгийн талаар маргаангүй гэх ба хүүхдүүдийг асрамждаа авч буй хариуцагч Э.Аагийн хүүхдийн тэтгэлэгийн талаар цаашид нэхэмжлэл гаргахад энэхүү шийдвэр саад болохгүйг дурдсугай.
4.Зохигч эд хөрөнгийн маргаангүй гэснийг дурдсугай.
5. Гэр бүлийн тухай 26 дугаар зүйлийн 26.2, 26.4, 26.6-д зааснаар эцэг эх гэрлэлтээ цуцлуулсан хэдий ч хүүхдээ эрүүл чийрэг өсгөж, хүмүүжүүлэх сэтгэхүйн хувьд зан төлвийг төлөвшүүлэх тэжээн тэтгэх хүүхдээ үндэсний соёл заншил уламжлалаа дээдлэх үзлээр хүмүүжүүлэх суурь боловсрол эзэмшүүлэх хөдөлмөрийн анхны дадлага олгох зэрэг эцэг, эхийн үүрэг зохигчдын хувьд хэвээр үлдэх болохыг тайлбарлаж, хүүхдийн эрх ашигт сөргөөр нөлөөлөхгүй бол эцэг эхийн хэн нэг нь нөгөөдөө хуулиар хүлээсэн үүрэгт саад учруулахгүй байхыг зохигчид тайлбарласугай.
6. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Э.Аагаас 70,200 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч М.Э*******нд олгосугай.
7. Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.9-д зааснаар шийдвэрийн хувийг хүчин төгөлдөр болсноос хойш ажлын 3 өдрийн дотор гэрлэлтийг бүртгэсэн Иргэний бүртгэлийн байгууллагад хүргүүлэхийг шүүгчийн туслах Т.Ариун-Эрдэнэд даалгасугай.
8. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2-т зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд мөн хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нь уг шийдвэрийг эс зөвшөөрвөл гардаж авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Хэнтий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй, зохигчид хуульд заасан хугацааны дотор шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Б.УРАНЗАЯА