Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2018 оны 02 сарын 09 өдөр

Дугаар 210/МА2018/00433

 

 

 

 

 

2018 оны 02 сарын 09 өдөр

Дугаар 210/МА2018/00433

 

 

 

 

Н.Батнасангийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Ерөнхий шүүгч Ж.Оюунтунгалаг даргалж, шүүгч Г.Даваадорж, А.Мөнхзул нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

 

Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 12 дугаар сарын 08ы өдрийн 184/ШШ2017/02837 дугаар шийдвэртэй,

 

Нэхэмжлэгч Н.Батнасангийн нэхэмжлэлтэй, хариуцагч Сонгинохайрхан дүүргийн Ерөнхий боловсролын 9 дүгээр сургуульд холбогдох

 

Ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалинтай тэнцэх олговор гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийлгүүлэх нэхэмжлэлтэй хэргийг хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг үндэслэн, шүүгч А.Мөнхзулын илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Н.Батнасан, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ж.Отгонсүрэн, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ж.Энэрэл нар оролцов.

 

Нэхэмжлэгч Н.Батнасангийн нэхэмжлэлийн шаардлага болон тайлбарт: Миний бие тус сургуульд 2016 оны 12 дугаар сарын 01-ний өдрөөс түүх нийгмийн багшийн албан тушаалд ажилд орсон. Гэтэл 2017 оны 06 дугаар сарын 21-ний өдөр сургалтын менежер Ж.Отгонсүрэн надад мэдэгдэл гардуулж өгснөөр би захирлын үүргийг түр орлон гүйцэтгэгч Н.Амаржаргалтай уулзахад би хүний нөөцөөр олон жил ажилласан, хүний амьдрал ахуйг сайн ойлгодог, тиймээс чи ажилгүй боллоо гэж бодоод хэрэггүй, амраад хүрээд ир, үнэхээр чиний цаг хүрэхгүй бол эрүүл мэндийн цаг нэмэгдэж орвол түүгээр нөхнө, бүр болохгүй бол нийгмийн ажилтны орон тоон дээр авъя гэж хэлээд гаргасан. Гэтэл 2017 оны 08 дугаар сарын 23-ны өдөр уулзахад цаг хүрэхгүй байна ямар ч арга байхгүй гэж хэлээд хөдөлмөрийн гэрээг цуцалсан тушаал өгсөн. Уг тушаалд БСШУ-ны сайдын А/61 тоот тушаалаар батлагдсан ахлах ангийн сургалтын хөтөлбөрт шинэчлэлт орсон хэмээн дурдсан байх бөгөөд би дунд анги буюу 7, 8 дугаар ангиудад хичээл ордог. Мөн уг тушаалд түүх, нийгмийн багшийн орон тоог хас гэсэн үг, өгүүлбэр байхгүй байхад Түүх, газар зүйн секцийн багш нар өөрсдөө санаачлан адилхан багшилж байгаа нэгийг халуулахаар шийдвэрлэсэн нь ёс зүйгүй, хувиа хичээсэн үйлдэл болсон. Хариуцагчийн надад гардуулсан мэдэгдэлд Хөдөлмөрийн тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.1.3, 40 дүгээр зүйлийн 40.1.1-д заасныг үндэслэсэн зэргээс үзэхэд илэрхий хууль бус шийдвэр байна. Иймд түүх, нийгмийн ухааны багшийн ажилд эгүүлэн тогтоож, ажилгүй байсан хугацааны цалинтай тэнцэх олговрыг гаргуулан, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт холбогдох бичилтийг хийхийг даалгаж өгнө үү гэжээ.

 

Хариуцагч Сонгинохайрхан дүүргийн Ерөнхий боловсролын 9 дүгээр сургуулийн шүүхэд гаргасан тайлбарт: Нэхэмжлэгч Н.Батнасан нь Хөдөлмөрийн тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.2.3-т зааснаар 2016 оны 12 дугаар сарын 01-ний өдрийн Б/2012 тоот тушаалаар тус сургуульд түүх, нийгмийн багшаар ажилд орсон. БСШУ-ны сайдын 2017 оны 06 дугаар сарын 13-ны өдрийн Ерөнхий боловсролын сургууль /ЕБС/-иудын 2017-2018 оны хичээлийн жилд мөрдөх сургалтын төлөвлөгөө батлах тухай тушаалын төсөл дүүргийн Боловсролын хэлтсээр дамжин манай сургуульд ирсэн бөгөөд тус төлөвлөгөөгөөр түүх, нийгмийн багш нарын заах ёстой цаг хүрэлцэхгүй болсон тул бид мэргэжлийн багш нараар төслийн хэлэлцүүлгийг хийлгэж, санал хүсэлтийг нь авсан. Тус хэлэлцүүлгийн үед түүх нийгмийн багш нарын цаг хүрэлцэхгүй, багшийн илүүдэл гарсан гэдэг нь тодорхой болсон тул секцийн ахлагч багш Эрдэнэбат хуралдан,  хурлын тэмдэглэлээ захиралд өгсөн.

Аливаа ЕБС нь жил бүр амрахаас өмнө дараагийн хичээлийн жилд мөрдөх сургалтын төлөвлөгөөний дагуу жилийн цагийн төлөвлөлт, багшийн тоог гаргаж эцэслэдэг онцлогтой. Түүх нийгмийн ухааны секцийн гаргасан саналын дагуу дотоод хяналтын албаны ажилтан, 2 сургалтын менежер хуралдаж, багш нарын цаг хүрэлцэхгүй байгаа, нэг багш илүүдэлтэй байгаа, 2 багшийн нэгийг чөлөөлөх асуудлыг хэлэлцэж, ажлын үзүүлэлт, ажилд томилогдсон байдал зэргийг судалж үзэхэд Н.Батнасан багш чөлөөлөгдөхөөр байсан. Бид хуралдан шийдвэрээ гаргаж тэмдэглэлээ захиралд танилцуулснаар Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.1-д зааснаар 2 сарын өмнө мэдэгдэл өгсөн. Багш нарын зуны амралтын хугацаа дуусч 2017 оны 08 дугаар сарын 23-ны өдрөөс ажилдаа орсон ба захирлын 2017 оны 08 дугаар сарын 24-ний өдрийн Б/88 дугаар тушаалаар хөдөлмөрийн гэрээг цуцласан. Нэхэмжлэгч ахлах ангид хичээл ордоггүй гэж тайлбарласан байх боловч дунд, ахлах ангийн багш гэж тусгайлан бэлтгэдэггүй, зааг ялгаа тогтоосон журам байдаггүй. Мөн БСШУ-ны сайд, Нийгмийн хамгаалал, хөдөлмөрийн сайд, Сангийн сайдын хамтарсан 2007 оны 08 дугаар сарын 31-ний өдрийн 307/91/237 тоот тушаалын хавсралтаар Цэцэрлэг, ерөнхий боловсролын сургуулийн багшийн ажлийн норм тогтоох, багш зарим албан тушаалтны цалин хөлсийг тооцож олгох журам,  А/293 тоот тушаалаар батлагдсан Багшийн ажлыг үнэлэх, дүгнэх журам аар нэг багш 7 хоногт 40 цаг, үүнээс 19 цагийг хичээл заахад зарцуулахаар журамласан ба тус журамд зааснаар нормт цаг хүрэхгүй бол багш өөрөө цагийн өрөнд орох, цаашлаад цаг хүрэхгүй байгаа тохиолдолд цалин хөлс олгох эрх үүсэхгүй. Ажил олгогч 2017 оны Б/88 дугаар тушаалаар Хөдөлмөрийн тухай хуулийн 40.1.1, 40.1.2-т заасныг баримтлан хөдөлмөрийн гэрээг цуцалж,  нэхэмжлэгчид нэг сарын цалинтай тэнцэх хэмжээний тэтгэмжийг олгосон нь хууль зөрчөөгүй тул нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгон шийдвэрлэж өгнө үү гэжээ.

Шүүх: Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.1, 69 дүгээр зүйлийн 69.1, 128 дугаар зүйлийн 128.1.1 дэх хэсгийг баримтлан нэхэмжлэгч Н.Батнасанг Сонгинохайрхан дүүргийн Ерөнхий боловсролын 9 дүгээр сургуулийн түүх,ниймийн багшийн ажилд нь эгүүлэн тогтоож, ажилгүй байсан хугацааны олговорт 1 421 709 төгрөгийг хариуцагч байгууллагаас гаргуулан нэхэмжлэгчид олгож, нэхэмжлэгчийн нийгмийн даатгалын болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт холбогдох бичилтийг хийж, баталгаажуулахыг хариуцагч Ерөнхий боловсролын 9 дүгээр сургуульд даалгаж, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5 дах хэсэгт заасны дагуу нэхэмжлэгч улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурьдаж, мөн хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсэг, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1 дэх хэсэгт зааснаар хариуцагчаас 37 697  төгрөгийг гаргуулан улсын орлогод оруулж шийдвэрлэжээ.

 

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ж.Отгонсүрэн давж заалдах гомдолдоо: Нэхэмжлэгч Н.Батнасан болон анхан шатны шүүх "амралттай байх хугацаанд мэдэгдэл өгсөн" гэсэн байна. БСШУСЯы А/61 тоот тушаалын төсөл 2017 оны 06 дугаар сарын 13-ны өдөр сургуульд ирж танилцуулагдан, 2017 оны 07 дугаар сарын 04-ний өдөр батлагдсан. Төсөлд дурдсанаар түүх, нийгмийн хичээлийн цаг багассаны улмаас нэг багшийи заах хичээлийн цаг багасаж, улмаар тогтоосон дүрэм, журмаар тодорхойлсон цагт хүрэхгүй болсонтой холбогдуулан 1 багшийн орон тоог цөөрүүлэх зайлшгүй шаардлагатай болсон. Энэ үед хичээлийн жил дуусч сургуулийн захирлын албан үүргийг түр орлон гүйцэтгэгчийн 2017 оны 06 дугаар сарын 14-ний өдрийн " багш ажилчдад ээлжийн амралт олгох тухай" Б/84 тоот тушаал гарсан байсан хэдий ч багш нарын амралт албан ёсоор эхлээгүй анги засвар, бусад ажлууд үргэлжлэн явагдаж байсан. Тийм ч учраас багш нар хурлаар хэлэлцэн санал гаргаж, нэхэмжлэгч Н.Батнасан багшид мэдэгдлийг хуулийн хугацаанд өгсөн болно.

Боловсролын байгууллагын онцлог бол багш нарын амралт 6 сард эхэлж 8 сард дуусдаг. Бид намар ажиллах багш нараа хавар нь хэлэлцэж орон тоо, цагт нь тулгаж шийдвэрлэхээс өөр ямар ч аргагүй байдаг. Түүх нийгмийн хичээлийн цаг хэдэн цагаар багассан нэг багшид ногдох цаг өмнө нь хэд байсан, одоо хэд болсон талаар талаар нотлох баримт өгсөн байхад шүүх огт үнэлээгүй. Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож хэргийг дахин хэлэлцүүлэхээр буцааж өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

 

Шүүх талуудын хоорондын маргааныг шийдвэрлэхдээ хэргийн үйл баримтын талаар үндэслэл бүхий дүгнэлт хийж, нотлох баримтыг тухайн хэрэгт хамааралтай, үнэн зөв эргэлзээгүй талаас нь үнэлэн хэрэглэвэл зохих хуулийг зөв тайлбарлан хэрэглэсэн байна.

 

Нэхэмжлэгч Н.Батнасан нь хариуцагч Сонгинохайрхан дүүргийн Ерөнхий боловсролын 9 дүгээр дунд сургуульд холбогдуулан ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалинтай тэнцэх олговор гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийлгүүлэхээр нэхэмжилснийг хариуцагч эс зөвшөөрч маргажээ.

 

Хариуцагч нь нэхэмжлэгчтэй 2016 оны 12 дугаар сарын 01-ний өдөр хөдөлмөрийн гэрээ байгуулан, түүх, нийгмийн багшаар ажиллуулж байгаад 2017 оны 08 дугаар сарын 24-ний өдрийн Б/88 тоот тушаалаар Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.1-д заасан үндэслэлээр ажлаас нь чөлөөлсөн байна.

 

Сонгинохайрхан дүргийн 9 дүгээр сургуулийн хөдөлмөрийн маргаан таслах комисс нэхэмжлэгч Н.Батнасангийн гаргасан өргөдлийн дагуу хуралдаж, 2017 оны 10 дугаар сарын 20-ны өдөр шийдвэр гаргасан байх боловч уг шийдвэр зохих журмыг зөрчсөн талаар хийсэн шүүхийн дүгнэлтийг буруутгах боломжгүй. Учир нь ажилтныг Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.1-д заасан орон тоо хасагдсан гэх үндэслэлээр ажлаас нь халж байгаа тохиолдолд тухайн байгууллагын бүтцээс тухайн ажилтны ажиллаж байсан албан тушаал, ажлын байр байхгүй болсон нь тогтоогдсон байх ёстой бөгөөд хэрэгт хариуцагч байгууллагад түүх нийгмийн багшийн ажлын байр байхгүй болсон гэж эргэлзээгүй дүгнэх боломжтой баримт авагдаагүй байна.

 

Хариуцагч тал татгалзлаа нотлохоор ирүүлсэн БСШУС-ын сайдын 2017 оны 07 дугаар сарын 04-ний өдрийн А/61 тоот тушаал, 2017-2018 оны хичээлийн жилийн хуваарь, маргаан таслах комиссын хурлын шийдвэр, түүх, газарзүйн болон удирдлагын хурлын тэмдэглэл зэрэг баримтуудаар түүх, нийгмийн багшийн ажлын байрны 1 орон тоо хасагдсан гэх нөхцөл байдал тогтоогдсонгүй. Түүнчлэн хариуцагч нь тус байгууллагад 2017 оны 06 дугаар сарын 13-ны өдөр ирсэн БСШУС-ын сайдын 2017 оны А/61 тоот тушаалын төслийг үндэслэн 2017 оны 06 дугаар сарын 21-ний өдөр нэхэмжлэгчид ажлаас чөлөөлөх тухай мэдэгдэл өгсөн байх ба уг тушаалын төсөл нь зохигчдын хооронд байгуулагдсан хөдөлмөрийн гэрээг цуцлах үндэслэл болохгүй.

 

Хэргийн 32-33 дугаар талд авагдсан 2017 оны 06 дугаар сарын 21-ний өдрийн хурлын тэмдэглэлээс үзэхэд тус хуралд оролцсон багш нар 2017 оны 06 дугаар сарын 12-ны өдрөөс ээлжийн амралтаа авсан байх ба энэ талаарх нэхэмжлэгчийн тайлбарыг буруутгах боломжгүй. Хариуцагч нь түүх нийгмийн хичээлийн цаг багасаж, уг төрлийн хичээл заах багшийн орон тоо хасагдсан гэх тайлбараа Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.6 дахь хэсэгт зааснаар баримтаар нотолж чадаагүй. Өөрөөр хэлбэл түүх нийгмийн хичээлийн цаг болон багшийн орон тоо өмнө нь хэд байсан, одоо хэрхэн өөрчлөгдсөн талаарх баримт шүүхэд ирүүлээгүй болно.

 

Иймд шүүх хэрэгт авагдсан баримтад үндэслэл бүхий дүгнэлт хийж, нэхэмжлэгчийг урьд эрхэлж байсан ажилд нь эгүүлэн тогтоон, ажилгүй байсан хугацааны цалин хөлстэй тэнцэх олговорт 1 421 709 төгрөг гаргуулж, эрүүл мэндийн болон нийгмийн даатгалын дэвтэрт бичилт хийхийг хариуцагчид даалгаж шийдвэрлэсэн нь Хөдөлмөрийн тухай хуулийн 128 дугаар зүйлийн 128.1.1, 69 дүгээр зүйлийн 69.1, 46 дугаар зүйлийн 46.1, 46.2, Нийгмийн хамгаалал, хөдөлмөрийн сайдын 2005 оны 555 тоот тушаал зэрэгтэй нийцсэн байна.

Дээр дурдсан үндэслэлээр хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхиж, шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 12 дугаар сарын 08ы өдрийн 184/ШШ2017/02837 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4-т зааснаар хариуцагчийн давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70 200 төгрөгийг улсын төсвийн орлогод үлдээсүгэй.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө ирж гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

 

 

 

ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Ж.ОЮУНТУНГАЛАГ

 

ШҮҮГЧИД Г.ДАВААДОРЖ

 

А.МӨНХЗУЛ