| Шүүх | Хэнтий аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Б.Уранзаяа |
| Хэргийн индекс | 321/2025/00453/И |
| Дугаар | 321/ШШ2025/00768 |
| Огноо | 2025-11-13 |
| Маргааны төрөл | Хөдөлмөрийн гэрээ, |
Хэнтий аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2025 оны 11 сарын 13 өдөр
Дугаар 321/ШШ2025/00768
| 2025 оны 11 сарын 18 өдөр | Дугаар 321/ШТ2025/00023 | Хэнтий аймаг |
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Хэнтий аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Б.Уранзаяа даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн хуралдаанаар,
Нэхэмжлэгч: Хэнтий аймгийн ******* сумын 4 дүгээр баг, ******* хороолол ******* дүгээр байрны ******* тоотод оршин суух, Б*******н овогт Д*******гийн Э*******а нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Хэнтий аймгийн ******* холбогдох
Нэхэмжлэлийн шаардлага: Хэнтий аймгийн 2025 оны 4 дүгээр сарын 01-ний өдрийн Б/66 дугаар тушаалыг хүчингүй болгож, ажилгүй байсан хугацааны цалин 20,682,000 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд:
Нэхэмжлэгч: Д.Э*******а
Нэхэмжлэгчийн өмгөөлөгч: Д.Г*******г,
Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч: П.З*******р
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Э.Баярсайхан нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч Д.Э*******а шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Би эрүүл мэндийн салбарт 35 жил ажилласан бөгөөд 1992 онд сургууль төгсөж ирээд Хэнтий аймгийн нэгдсэн эмнэлэгийн дотрын тасагт их эмч, нүд чих хамар хоолойн тасагт эмч, тасгийн эрхлэгч, 2016 оноос үүргийг түр орлон гүйцэтгэгч, 2016 оны 12 дугаар сараас Чанарын албаны даргаар 2020 оноос Поликлиникийн эрхлэгчээр, 2022 оноос Чанарын албаны менежерээр, Яаралтай түргэн тусламжийн их эмчээр тус тус нийт 35 жил ажилласан. Улмаар өндөр насны тэтгэвэр тогтоолгох эрх үүсэж, 2022 оны 4 дүгээр сарын 11-ний өдрөөс өндөр насны тэтгэвэрээ тогтоолгосон. Миний хувьд Монгол Улсын хууль тогтоомжийн дагуу 65 нас хүртлээ ажиллах боломж байхын сацуу, биеийн эрүүл мэнд чадвар чадамжийн хувьд ажиллах бүрэн боломжтой байсан бөгөөд нэгэн насны амьдралаа Эрүүл мэндийн салбарт зориулсан тул эмнэлэгийн удирдлагуудтай ярилцаж Ахмад настны тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.6-д Аж ахуй нэгж байгууллага нь мэргэжлийн ур чадвар, дадлага туршлагатай ахмад настныг үргэлжлүүлэн ажиллуулж болно гэж заасны дагуу тухайн үед байгууллага магадлан итгэмжлэлийн шалгалтад орох жил байсан учир Чанарын албаны даргаар ажиллаж байсан туршлагатай гэж үзээд хөдөлмөрийн гэрээгээр чанарын албаны менежерийн албан тушаалд үргэлжлүүлэн ажиллахаар болсон. Гэтэл Нэгдсэн эмнэлэгийн даргаар ажилд томилогдсон О.Бн нь 2023 оны 10 дугаар сард томилогдсон цагаасаа эхлэн надад ажлын байрны дарамт үзүүлж, эрхэлж байсан чанарын менежерийн албан тушаалаас өөрийн хүсэлтээ өг хэмээн болихыг шаардаж, ээлжийн амралтаа аваад амраад ирэхэд /намайг эзгүйд/ Чанарын менежерын ажлыг Б.Должинсүрэн эмчид өгч тушаал гаргаагүй, ажил хүлээлцээгүй байдлаар ажлын өрөөнд оруулж миний ашиглаж байсан компьютер эд хогшлыг өгч ажил үүргийг гүйцэтгүүлж байсан. Намайг 2024 оны 01 дүгээр сарын 02-ны өдөр ажилдаа ирэхэд ажлын байр байхгүй, ЯТТ-д ажиллавал ажилла, ажиллахгүй бол хална гэж дарамталж ажлын байрыг нь өөрчилж яаралтай түргэн тусламжийн тасгийн сургалтад явсан эмчийн оронд 01 дүгээр сарын *******-ний өдөр тушаал гаргаж Эрэмбийн эмчээр ажиллуулсан. Тус албан тушаал дээр 2024 оны 11 сар хүртэл ажиллаж байсан бөгөөд сургалтад явсан эмч ирсэн одоо дуудлага авдаг эмчээр ажиллавал ажилла, ажиллахгүй бол боль гэж дахин дарамталж тушаал гаргаагүй ажлын байрыг өөрчилсөн буюу Албан тушаал өөрчилсөн тушаалгүйгээр ажлын байрны тодорхойлолтыг танилцуулалгүйгээр өөр албан тушаалд томилсон. 2024 оны 11 дүгээр сарын 01-ний өдрийн Б/282 дугаар тушаалыг гаргаж яаралтай түргэн тусламжийн тасагт дуудлага хүлээн авагч эмчээр томилсон тушаалыг танилцуулаагүй ба надад тушаал өгөөгүй энэ тушаалыг сая ажлаас халагдах үед авч мэдсэн. 2024 оны 12 дугаар сарын 30-ны өдөр анх хөдөлмөрийн гэрээний хугацаа дууссан чөлөөлнө, одоо тэтгэвэрийн нас чинь болчихоод залуу хүмүүст зайгаа тавьж өгөхгүй ажилтайгаа зууралдаад байна гэж дуугаа өндөрсгөж хүндэтгэлгүй хүүхдээ загнаж байгаа юм шиг загнаж, ЭМБ үүсч хөгжсөний 100 жилийн ойтой, насаараа ажиллаад энэ ойгоо өнгөрөөж сууя гэсэн боловч өөр зөндөө залуу хүн байгаа тийм юм байхгүй чөлөөлнө гэсэн. Тухайн үед өрхөөс ирж ажиллах эмч ирэхээ болиод ажиллах хүнгүй байсан тул 3 сараар хөдөлмөрийн гэрээг сунгаж, ажиллавал ажилла, ажиллахгүй бол хална дарамтанд даргын тулган шаардсан шийдвэрт ажилтай байхын тулд гэрээнд гарын үсэг зурсан. /2024 оны 12 дугаар сарын 31-ний Б/342 дугаар тушаал/
Энэ мэтчилэн ажлын байранд удаа дараа дарамт шахалт үзүүлж, хугацаатай хөдөлмөрийн гэрээг 3 удаа байгуулж байгаад хугацаа дууссан шалтгаанаар мэдэгдэл өгөлгүй ажлаас халсанд гомдолтой байна. .... нэгдсэн эмнэлэгийн дарга О.Бн нь ажилд даргаар ирсэн цагаасаа эхлэн дарамталж байсан тул Хөдөлмөрийн тухай хуулийн 145 дугаар зүйлийн 145.4-т заасан нийт ажлын байрныхаа 2 хувиас доошгүй орон тоонд ахмад настныг ажиллуулна гэсэн зохицуулалт нь ажил олгогчид үүрэг болгосон байхад намайг үндэслэлгүй ажлаас халсан тушаалыг хүчингүй болгож хөдөлмөрлөх эрхээ сэргээлгэмээр байна. Иймд Хэнтий аймгийн 2025 оны 4 дүгээр сарын 01-ний өдрийн Б/66 дугаар тушаалыг хүчингүй болгож, ажилгүй байсан хугацааны цалин 20.682.000 төгрөг гаргаж өгнө үү гэв.
2.Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч П.З*******р, шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: ... Нэхэмжлэгч Д.Э*******агийн хувьд бол 1992 оноос Хэнтий аймгийн ******* дотрын тасаг, хамар хоолойн тасагт эмч, 2016 оноос чанарын албаны дарга, 2022 оноос чанарын албаны менежер зэрэг ажил албан тушаалыг гүйцэтгэж нэгдсэн эмнэлэгт 35 жил ажилласан өндөр настай албан хаагч байгаа. 2022 оны 4 дүгээр сарын 12-ний өдөр Б/78 тоот тушаалаар нэхэмжлэгч Д.Э*******агийн хүсэлтээр өндөр насны тэтгэвэрт гарах болзол шаардлагыг хангасан 36 сарын тэтгэмжээ авъя гээд ажлаас чөлөөлж өгнө үү буюу хугацаагүй хөдөлмөрийн гэрээг чөлөөлүүлэх хүсэлтийг гаргасан. Байгууллагын зүгээс өндөр насны тэтгэвэрт гарах хүсэлтийг нь хүндэтгэн хүлээн аваад хугацаагүй ажиллаж байсан ажлын байрнаасаа чөлөөлөгдөж байгааг нь тайлбарлаад өөрийнх нь гараар бичсэн өргөдлийнх нь дагуу ажлаас чөлөөлсөн. 2022 оны 4 дүгээр сарын 12-ны өдөр Д.Э*******а эргээд өөрөө тэтгэвэртээ гарсан ч гэсэн ар гэрийн байдлыг маань харгалзаад ажилдаа эргэж оръё гэдэг хүсэлт гаргасан. Байгууллагын зүгээс түүний хүсэлтийг хүлээж авч үр бүтээлтэй удаан жил ажилласан, дадлага туршлагатай албан хаагч учраас 5 сарын 02-ны өдрөөс эхлэн түр ажлын байранд дараагийн мэргэжилтэн бэлтгэгдэх хүртэл чанарын менежерийн албан тушаалд нь ажиллуулъя гэдэг байдлаар талууд харилцан тохиролцоод хөдөлмөрийн хугацаатай гэрээ байгуулсан. Энэ хугацаатай гэрээг тухайн үед ажил олгогч, ажилтан 2 аль аль нь хүлээн зөвшөөрөөд ажиллаж байх явцдаа 3 удаа хөдөлмөрийн гэрээг шинэчлээд өөр ажлын байранд сургалтад хамрагдсан эмчийн оронд, жирэмсний амралтаа авсан эмчийн оронд, яаралтай түргэн тусламжийн эмч зэрэг албан тушаалд өөртэй нь тохиролцоод хөдөлмөрийн гэрээ байгуулан нэхэмжлэгчийн өөрийнх нь зөвшөөрлөөр эдгээр ажлыг эрхлүүлж байсан. Хамгийн сүүлд 2025 оны 4 дүгээр сарын 1-ний өдрийн Б/66 дугаартай хөдөлмөрийн хугацаатай гэрээг цуцлах тушаал гарсан буюу өөрөөр хэлбэл хөдөлмөрийн гэрээний хугацаа дуусаад цаашид сунгагдах боломжгүй болсон гэдэг агуулгаар Д.Э*******аг ажлаас чөлөөлсөн. Нэг ёсондоо өндөр насны тэтгэвэр тогтоолгоод 3 жилийн хугацаанд хугацаатай хөдөлмөрийн гэрээ байгуулж 4 ажлын байранд ажиллаж байсан. Тухайн ажлын байрны үндсэн ажилтан албан хаагч эргээд ажилдаа ороход энэ хүний эрх зүйн байдлыг дордуулахгүйгээр өөр албан тушаалд шилжүүлээд байгууллага аль болох боломжоороо боломжийг олгож ирсэн. Одоо бол илүү цагаар ажилласан мөнгө, тухайн үед олгох байсан нэмэлт урамшууллаа авах талаар нэхэмжлэлдээ дурдсан байгаа боловч энэ мөнгийг нэхэмжлэх хөөн хэлэлцэх хугацаа дууссан гэж харж байгаа. Өөрөөр хэлэх юм бол нэхэмжлэгчийн зүгээс байгууллагатай байгуулсан хөдөлмөрийн гэрээгээ сайн дураар хүлээн зөвшөөрөөд хөдөлмөрийн харилцаагаа үргэлжлүүлээд явж байсан. Хөдөлмөрийн гэрээ гэдэг бол ажил олгогч, ажилтан 2-ын хөдөлмөрлөх гол нөхцөл болон гэрээний хугацаагаа харилцан тохиролцоод хөдөлмөрийн харилцаа үүсгэж байгааг ойлгоно. Тэгэхээр энэ хүн бол чанарын менежерийн албан тушаал хашсан, яаралтай тусламжийн тасагт эрэмбийн эмч байсан. Чанарын менежер гэж албан тушаалын ажлын байрны тодорхойлолтыг хэрэгт хавсаргаж өгсөн. Энд бол тусгай сургалтад хамрагдсан сертификаттай хүн байх ёстой энэ дээр бол байгууллага албан тушаалтнаа бэлдсэн. Одоо энэ албан тушаалд шаардлага хангасан албан хаагч ажиллаж байна. Одоогийн байдлаар Нэгдсэн эмнэлэг 14 ажилтантай хөдөлмөрийн хугацаатай гэрээ байгуулан ажиллаж байгаа. Хөдөлмөрийн гэрээний хугацаа дуусахад цаашид сунгахгүй гэдэг талаар Хөдөлмөрийн тухай хуулийн 78 дугаар зүйлийн 78.1.3-т зааснаар байгууллага Д.Э*******аг ажлаас чөлөөлсөн тушаал үндэслэлтэй байна. Байгууллага хуульд заасан бүрэн эрхийнхээ хүрээнд нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн авах боломжгүй. Нэмэгдэл цалин хөлстэй холбоотой Нэгдсэн эмнэлгийн хүний нөөц, санхүүгийн албанаас ирүүлсэн цалин хөлс олгож байсан талаарх баримтууд хэрэгт авагдсан байгаа. Тиймээс нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн авах боломжгүй байна, Энэ хүнтэй цаашид ажиллах боломжгүй байгууллагын зүгээс энэ хүнд бүх боломжийг нь хангаад 55 насанд нь тэтгэвэрт гаргаад, эргээд зовлонгоо яриад ирэхэд эргүүлж ажилд нь аваад 3 жил ажиллуулсан шүү дээ тэгэхээр даргын тушаал үндэслэлтэй байна тиймээс нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож өгнө үү.. гэв.
3.Нэхэмжлэгч талаас дараах баримтыг гаргаж ирүүлсэн байна. Үүнд:
3.1 Хэнтий аймгийн нэгдсэн эмнэлэгийн даргын 2022 оны 04 дүгээр сарын 12-ны өдрийн Б/80 дугаарта Д.Э*******аг ажилд томилох тухай тушаалын хуулбар, хавсарлтын хамт (хх-ийн 13-14 хуудас)
3.2 Хөдөлмөрийн гэрээ 2022 оны 5 дугаар сарын 02-ны өдөр (хх-ийн 15-19 хуудас)
3.3 Чанарын менежерийн албан тушаалын тодорхойлолт (хх-ийн 20-24 хуудас)
3.3 Хэнтий аймгийн 2024 оны 11 дүгээр сарын 03-ны өдрийн Б/18 дугаартай Д.Э*******аг ажлын байр шилжүүлэн томилох тухай тушаалын хуулбар (хх-ийн 25 хуудас)
3.4 Хэнтий аймгийн 2024 оны 11 дүгээр сарын 01-ний өдрийн Б/282 дугаартай Д.Э*******аг өөр ажилд түр шилжүүлэх тухай тушаалын хуулбар (хх-ийн 26 хуудас)
3.5 Хэнтий аймгийн 2024 оны 12 дугаар сарын 31-ний өдрийн Б/342 дугаартай Д.Э*******аг түр ажиллуулах тухай тушаалын хуулбар (хх-ийн 27 хуудас)
3.6 Хэнтий аймгийн 2025 оны 04 дүгээр сарын 01-ний өдрийн Б/66 дугаартай Д.Э*******аг ажлаас чөлөөлөх тухай тушаалын хуулбар (хх-ийн 28 хуудас)
3.7 Түргэн тусламжийн эмчийн албан тушаалын тодорхойлолт (хх-ийн 29-33 хуудас)
3.8 Хүний эрхийн Үндэсний комиссын тамгын газрын 2025 оны 5 дугаар сарын 08-ны өдрийн ТГ-05/830 дугаар албан бичгийн хуулбар (хх-ийн 34 хуудас)
3.9 Нэхэмжлэгч Д.Э*******а нь Хүний эрхийн Үндэсний комисст гаргасан өргөдлийн хуулбар (хх-ийн 35-36 хуудас)
3.10 Нэхэмжлэгч Д.Э*******а нь ******* сумын Хөдөлмөрийн эрхийн маргаан шийдвэрлэх гурван талт хороонд 2025 оны 4 дүгээр сарын 22-ны өдөр гаргасан өргөдөл (хх-ийн 37-40 хуудас)
3.11 Хэнтий аймгийн 2025 оны 5 дугаар сарын 05-ны өдрийн 01/316 дугаартай албан бичиг (хх-ийн 40 хуудас)
3.12 Нэхэмжлэгч Д.Э*******агийн 2025 оны 4 дүгээр сарын 28-ны өдөр Нэгдсэн эмнэлэгийн Хөдөлмөрийн эрхийн маргаан таслах комисст гаргасан гомдлын хуулбар (хх-ийн 41-42 хуудас)
3.13 Жижүүр эмчийн хуваарь (хх-ийн 108-120 хуудас)
3.14 Эмнэлэгийн ажилчдын ажлын цагийн бүртгэл (хх-ийн 121-127 хуудас)
3.15 Нэхэмжлэгч Д.Э*******агийн цалингийн тооцооллын баримт (хх-ийн 128-129 хуудас)
3.16 Д.Э*******атай 2024 оны 01 дүгээр сарын 03-ны өдөр байгуулсан хөдөлмөрийн гэрээний хуулбар (хх-ийн 130-136 хуудас)
4.Хариуцагч талаас дараах байримтыг гаргаж ирүүлсэн байна. Үүнд:
4.1 Хэнтий аймгийн Нэгдсэн эмнэлэгийн хуулийн этгээдийн улсын бүртгэлийн гэрчилгээ (хх-ийн 43 хуудас)
4.2 Д.Э*******агийн нэгдсэн эмнэлэгт гаргасан өргөдөл (хх-ийн 148-149 хуудас)
4.3 Түргэн тусламжийн эмчийн албан тушаалын тодорхойлолт (хх-ийн 150-154 хуудас)
4.4 Хэнтий аймгийн 2023 оны 10 дугаар сарын 02-ны өдрийн Б/321, 2024 оны 02 дугаар сарын 01-ний өдрийн Б/49, 2024 оны 10 дугаар сарын 15-ны өдрийн Б/265, 2025 оны 04 дүгээр сарын 01-ний өдрийн Б/68 дугаар тушаалуудын хуулбар (хх-ийн 147-162 хуудас)
4.5 Эмнэлэгийн ажилчдын цагийн бүртгэл (хх-ийн 163-205 хуудас) зэрэг баримтууд авагджээ.
Шүүх зохигчийн тайлбар, хэрэгт авагдсан бичмэл нотлох баримтуудыг шинжлэн судлаад,
ҮНДЭСЛЭХ нь:
1.Нэхэмжлэгч Д.Э*******а нь хариуцагч Хэнтий аймгийн ******* холбогдуулан Хэнтий аймгийн 2025 оны 4 дүгээр сарын 01-ний өдрийн Б/66 дугаар тушаалыг хүчингүй болгуулж, ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалин 20.682.000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.
2.Нэхэмжлэгч Д.Э*******а, түүний өмгөөлөгч Д.Г*******г нар нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ: ... Би өндөр насны тэтгэвэрт гарсан хэдий ч өөрийн хүсэлтээр 2022 оны 5 дугаар сарын 02-ны өдөр хөдөлмөрийн гэрээний дагуу нэгдсэн эмнэлэгт ажилд Чанарын менежерээр орсон, гэвч байгууллагын дарга удаа дараа дураараа ажил албан тушаалыг өөрчилж хөдөлмөрлөх эрхийг зөрчсөн, үндэслэлгүй ажлаас чөлөөлж хөдөлмөрлөх эрхэд халдсан, хөдөлмөрийн гэрээний хугацаа 2 ба түүнээс дээш жил болсон тул хугацаагүй хөдөлмөрийн гэрээ байгуулагдсан гэж үзнэ ... гэж,
Хариуцагч, түүний төлөөлөгч П.З*******р нэхэмжлэлийн шаардлагыг эс зөвшөөрч ..Д.Э*******а эмчийг хөдөлмөрийн гэрээгээр ажиллуулсан, аль болох сул орон тоо гарах болгонд шилжүүлж түүний хөдөлмөрлөх эрхийг хангаж байсан, талуудын тохиролцсон хөдөлмөрийн гэрээний хугацаа дууссан тул ажлаас чөлөөлсөн нь үндэслэлтэй... гэж маргаж байна.
3.Шүүхээс нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх хууль зүйн үндэслэлтэй гэж дүгнэв.
4.Нэхэмжлэгч Д.Э*******а нь Хэнтий аймгийн 2024 оны 01 дүгээр сарын *******-ний өдрийн Б/18 тоот тушаал, 2024 оны11 дүгээр сарын 01-ний өдрийн Б/282 дугаар тушаал, 2024 оны 12 дугаар сарын 31-ний өдрийн Б/342 тоот, 2025 оны 4 дүгээр сарын 01-ний өдрийн Б/66 дугаар тушаалыг тус тус хүчингүй болгож шаардлага гаргасан ба шүүх хуралдаанд нэхэмжлэлийн шаардлагаа эмнэлэгийн даргын 2025 оны 4 дүгээр сарын 01-ний өдрийн Б/66 дугаар тушаалыг хүчингүй болгож, ажилгүй байсан хугацааны цалин хөлс нийт 7 сарын цалин 20,682,000 төгрөг гаргуулна гэж тодруулсан хэдий ч нэхэмжлэлийн үндэслэлээ тайлбарлахдаа өмнөх тушаалуудтай холбогдуулан маргаж байх тул шүүхээс шаардлага бүрт дүгнэлт өгөх нь зүйтэй гэж үзлээ.
Хэнтий аймгийн 2024 оны 01 дүгээр сарын *******-ний өдрийн Б/18 тоот тушаал, 2024 оны11 дүгээр сарын 01-ний өдрийн Б/282 дугаар тушаал, 2024 оны 12 дугаар сарын 31-ний өдрийн Б/342 тоот тушаалуудыг хүчингүй болгуулах шаардлагын тухайд.
5.Нэхэмжлэгч Д.Э*******а нь Хэнтий аймгийн ******* эмчээр ажиллаж байгаад хуульд заасан өндөр насны тэтгэвэрт гарсан ба өөрөө буцаж эмнэлэгт ажиллах хүсэлт гаргасны дагуу (хх-ийн 148 хуудас) ажил олгогчтой хөдөлмөрийн гэрээ байгуулж, 2022 оны 04 дүгээр сарын 12-ны өдрийн Б/80 дугаар тушаалаар Захиргаа аж ахуйн тасагт Чанарын менежерийн ажил албан тушаалд дараагийн хүний нөөц бэлтгэгдэх хүртэл хугацаатай ажиллахаар талууд тохиролцжээ. (хх-ийн 13-24 хуудас)
6. Ийнхүү хөдөлмөрийн гэрээний дагуу Чанарын менежерээр ажиллаж байгаад Хэнтий аймгийн 2024 оны 01 дүгээр сарын *******-ны өдрийн Б/18 дугаар тушаалаар Д.Э*******аг Чанарын менежерийн ажлаас чөлөөлж, яаралтай тусламж судлалаар үндсэн мэргэшлийн сургалтад суралцаж буй резидент эмчийг төгсөж ирэх хүртэл хугацаагаар 2024 оны 01 дүгээр сарын 03-ны өдрөөс 2024 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал хугацаанд Яаралтай тусламжийн тасагт яаралтай тусламжийн эрэмбийн эмчийн албан тушаалд шилжүүлэн, түр томилсон байна. (хх-ийн 25 хуудас)
7.Үүний дараагаар мөн даргын 2024 оны 11 дүгээр сарын 01-ний өдрийн Б/282 дугаар тушаалаар Д.Э*******аг мөн өдрөөс эрэмбийн эмчийн албан тушаалаас чөлөөлж, 2024 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал 103 дуудлага хүлээн авагч эмчийн албан тушаалд томилж, хөдөлмөрийн гэрээний хугацаа дууссан өөрийнх нь хүсэлтийн дагуу хөдөлмөрийн гэрээний хугацаанд өөрчлөлт оруулж, сургалтад хамрагдаж буй эмч Б.Доржмаагийн ажлын байранд 103 дуудлага хүлээн авагч эмчээр түр ажиллуулсан 2024 оны 12 дугаар сарын 31-ний өдрийн Б/342 дугаар тушаал гарсан байна. (хх-ийн 26-27 хуудас)
8.Нэхэмжлэгч Д.Э*******а нь нэхэмжлэлийн үндэслэл шаардлагадаа .. намайг дураараа ажил албан тушаал өөрчилсөн.. хэмээн тайлбарлан маргадаг ба анх 2022 оны 05 дугаар 02-ны өдөр хөдөлмөрийн гэрээ байгуулахдаа хугацаатай гэрээ байгуулж, хугацаагаа дараагийн хүний нөөц бэлтгэгдэх хүртэл байгуулж, дараагийн хүний нөөц бэлтгэгдээд ирсэн бол хөдөлмөрийн гэрээний хугацаа дуусна гэдгийг нэхэмжлэгч Д.Э*******а зөвшөөрч гарын үсэг зуржээ. (хх-ийн 15-19 хуудас)
9.Үүний дараагаар нэхэмжлэгч Д.Э*******аг 2024 оны 01 дүгээр сарын 03-ны өдрийн Б/18 дугаар тушаалаар Чанарын менежерийн ажлаас чөлөөлж, яаралтай түргэн тусламжийн эмчийг төгсөж ирэх хүртэл хугацаагаар 2024 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал ЯТТ-ын эрэмбийн эмчээр түр томилж, 2024 оны 11 дүгээр сарын Б/282 дугаар тушаалаар 2024 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал 103-ын дуудлага хүлээн авагч эмчээр, гэрээний нэмэлт өөрчлөлтөөр (хх-ийн 136 хуудас) 2025 оны 01 дүгээр сарын 02-ны өдрөөс 2025 оны 04 дүгээр сарын 01-ний өдрийг хүртэл хөдөлмөрийн гэрээний хугацааг сунгасан, нэхэмжлэгч уг өөрчлөлт оруулсан гэрээнд гарын үсэг зурсан байна.
Өөрөөр хэлбэл өөр ажил албан тушаалд шилжин ажиллах, хөдөлмөрийн гэрээний хугацаа дууссах хугацааг нэхэмжлэгч Д.Э*******а тухай бүр мэдэж, гарын үсэг зурж, хүлээн зөвшөөрсөн байна.
10.Нэхэмжлэгч ажил албан тушаалыг өөрчилсөн ажил олгогчийн шийдвэр үндэслэлгүй талаарх гомдлоо урьдчилан шийдвэрлүүлэхээр Хэнтий аймгийн болон Нэгдсэн эмнэлэгийн хөдөлмөрийн эрхийн зохицуулах гурван талт хороонд тухай бүр Хөдөлмөрийн тухай хуулийн хуулийн 154 дүгээр зүйлийн 154.2.1, 158 дугаар зүйлийн 158.1.1-д заасан хугацаанд хандаж байсан талаарх баримт хэрэгт авагдаагүй байхаас гадна ажил албан тушаалыг өөрчилж ажлын байрны тодорхойлолтыг танилцуулаагүй гэх тайлбар үндэслэлгүй, тухайн ажил албан тушаал сольсонтой холбогдуулан зохих байгууллага албан тушаалтанд тухай бүр хандаагүй байна.
11.Хөдөлмөрийн эрхийн харилцаатай холбоотой маргаанд шүүхэд нэхэмжлэл гаргах эрхийн хугацааг Хөдөлмөрийн тухай хуулиар нарийвчлан зохицуулсан ба шүүхээс нэхэмжлэгч 2024 оны 01 дүгээр сарын *******-ний өдрийн Б/18 тоот тушаал, 2024 оны11 дүгээр сарын 01-ний өдрийн Б/282 дугаар тушаал, 2024 оны 12 дугаар сарын 31-ний өдрийн Б/342 тоот тушаалыг хүчингүй болгуулах гомдлоо хуульд заасан хугацаанд Хөдөлмөрийн маргаан таслах комист гаргаагүй, энэ тухай баримт байхгүй байхад шүүх хэрэгт авагдсан нотлох баримтыг үгүйсгэн нэхэмжлэгчийг хуульд заасан /30 хоног, шүүхэд хандах 10 хоног/ хугацаа хэтрүүлсэн гэж үзэхгүй хэмээн дүгнэх нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.1 дэх хэсэгт заасан хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг мэтгэлцэх үндсэн дээр хэрэгжүүлэх зарчимд нийцэхгүф тул уг нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй.
Хэнтий аймгийн 2025 оны 04 дүгээр сарын 01-ний өдрийн Б/66 дугаартай Д.Э*******аг ажлаас чөлөөлөх тухай тушаалыг хүчингүй болгож, ажилгүй байсан хугацааны цалин хөлс 20,682,000 төгрөг гаргуулах нэхэмжлэлийн тухайд.
12.Ажил олгогч Хэнтий аймгийн Нэгдсэн эмнэлэг нь ажилтан Д.Э*******атай 2022 оны 05 дугаар сарын 02-ны өдөр хугацаатай буюу дараагийн хүний нөөц бэлтгэгдэх хүртэл хугацаанд хөдөлмөрийн гэрээ байгуулж, ажил албан тушаалыг өөрчилж, 2024 оны 01 дүгээр сарын 03-ны өдрийн гэрээгээр 2024 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал хугацаанд гэрээ байгуулжээ.
13.Хөдөлмөрийн тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.9.-д "хөдөлмөрийн гэрээ" гэж хөдөлмөр эрхлэлтийн харилцааны үндсэн дээр ажил олгогч, ажилтан харилцан тохиролцсоны дагуу хийсэн тохиролцоог хэлнэ, мөн хуулийн 41 дүгээр зүйлийн 41.3.-т Ажил олгогч, ажилтны хоорондын харилцаа нь энэ хуулийн 4.1.15-д заасан хөдөлмөр эрхлэлтийн харилцааны шинжтэй бол хөдөлмөрийн гэрээнээс өөр төрлийн гэрээ байгуулахыг хориглоно. Хөдөлмөрийн гэрээнээс өөр төрлийн гэрээ байгуулсан боловч уг харилцаа нь хөдөлмөр эрхлэлтийн харилцааны шинжийг агуулсан бол түүнийг хөдөлмөрийн гэрээ байгуулсанд тооцно гэж заажээ.
Тадлуудын хооронд хөдөлмөр эрхлэлтийн харилцаа үүссэн талаар зохигч маргахгүй, мөн гэрээг сунгасан үйл баримтад маргаангүй байна.
14.Зохигчийн хооронд байгуулсан хөдөлмөрийн гэрээний харилцаа 2024 оны 12 дугаар сарын 31-ний өдөр дуусгавар болохоор гэрээ байгуулагдсан хэдий ч ажил олгогчоос нэхэмжлэгч Д.Э*******аг Яаралтай түргэн тусламжийн тасгийн 103-ын дуудлага хүлээн авагч эмчээр 2025 оны 01 дүгээр сарын 02-ны өдрөөс 2025 оны 04 дүгээр сарын 01-ний өдрийг хүртэл сунгасан байна.
15.Дээрх сунгасан хугацаа дуусмагц ажил олгогч Хэнтий аймгийн Нэгдсэн эмнэлэгээс Хөдөлмөрийн тухай хуулийн 78 дугаар зүйлийн 78.1.3.-т хөдөлмөрийн гэрээний хугацаа дуусаж, цаашид сунгагдахгүй болсон гэх үндэслэлээр нэхэмжлэгч Д.Э*******аг ажлаас чөлөөлжээ.
16.Нэхэмжлэгч Д.Э*******а нь дээрх Б/66 дугаар тушаалд холбогдуулан 2025 оны 5 дугаар сарын 15-ны өдөр шүүхэд нэхэмжлэл гаргасан байх ба Хөдөлмөрийн маргаан таслах комисст 2025 оны 4 дүгээр сарын 22-ны өдөр гомдлоо гаргаж, гомдлоо ажил олгогчийн шийдвэрийг хүлээн авсан өдрөөс хойш нэг сарын дотор шүүхэд гаргана гэж заасныг зөрчөөгүй байна.
17.Хөдөлмөрийн харилцааг дуусгавар болгосон Хэнтий аймгийн 2025 оны 04 дүгээр сарын 01-ний өдрийн Б/66 дугаар тушаалд Хөдөлмөрийн тухай хуулийн 78.1.3 хэсэгт заасныг баримталсан, хуулийн уг зохицуулалт нь Ажил олгогч өөрийн санаачлагаар хөдөлмөрийн гэрээг цуцлах үндэслэлд хамаарах хэм хэмжээ юм.
Нэхэмжлэгч тал уг шаардлагын үндэслэлээ надтай байгуулсан хөдөлмөрийн гэрээний нийт хугацаа 2 жилээс дээш болсон тул хөдөлмөрийн гэрээг хугацаагүй байгуулсан гэж үзнэ хэмээн тайлбарладаг.
18.Хөдөлмөрийн тухай хуулийн 50 дугаар зүйлийн 50.1-д Хөдөлмөрийн гэрээг доор дурдсанаас бусад тохиолдолд хугацаагүй байгуулна, 50.1.5-д Түр ажлын байранд ажиллуулах гэж зохицуулсан нэхэмжлэгчийн хувьд Яаралтай түргэн тусламж судлалаар үндсэн мэргэжлийн сургалтад хамрагдаж буй эмчийн орон тоонд түр шилжүүлэн 2024 оны 11 дүгээр сарын 01-ний өдрийн Б/282 дугаар тушаалаар түр томилогдсон, энэ гэрээний хугацааг 2024 оны 12 дугаар сарын 31-ний өдөр дуусаж, 2025 оны 01 дүгээр сарын 02-ны өдрөөс 2025 оны 04 дүгээр сарын 01-ний өдөр хүртэл сунгалт хийгдсэн зэрэг үйл баримтаас үзвэл түр ажлын байранд ажиллаж, хугацаатай хөдөлмөрийн гэрээ байгуулагдсан гэж үзнэ.
19.Нэхэмжлэгч анх 2022 оны 04 дүгээр сарын 12-ны өдрийн Б/80 дугаар тушаалаар 2022 оны 5 дугаар сарын 02-ны өдрөөс Чанарын албаны менежерээр дараагийн хүний нөөц бэлтгэгдэх хүртэл томилогдож, 2024 оны 01 дүгээр сарын 03-ны өдрийг Б/18 дугаар тушаал гарах хүртэл нийт 20 сарын хугацаанд ,
2024 оны 01 дүгээр сарын 03-ны өдрийн Б/18 дугаар тушаалаар ЯТТ тусламж судлалаар үндсэн мэргэжлийн сургалтад хамрагдаж буй резиндент эмчийг төгсөж ирэх хүртэл хугацаагаар томилогдож, 2024 оны 11 дүгээр сарын 01-ний өдрийг хүртэл нийт 11 сарын хугацаанд,
2024 оны 11 дүгээр сарын 01-ний өдрийн Б/282 дугаар тушаалаар Яаралтай тусламж судлалаар үндсэн мэргэшлийн сургалтад хамрагдаж буй эмчийн оронд 2024 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг хүртэл нийт 01 сарын хугацаанд, мөн хөдөлмөрийн гэрээгээр сунгалт хийж 05 сарын хугацаанд тус тус ажиллажээ.
20.Хөдөлмөрийн тухай хуулийн 50 дугаар 50.4.-т Энэ хуулийн 58.1.3, 139.1-д зааснаас бусад тохиолдолд хугацаатай байгуулсан гэрээний анх байгуулсан болон сунгасан хугацааны нийлбэр хоёр жилээс дээш бол уг гэрээг хугацаагүй байгуулагдсанд тооцно гэж заасан ба нэхэмжлэгч Д.Э*******а, түүний өмгөөлөгч Д.Г*******г нар нь 2022 оны 5 дугаар сараас хойш 2025 оны 04 дүгээр сарын 01-ний өдрийн Б/66 дугаар тушаал гарах хүртэл хугацаанд нэхэмжлэгчийг 2 жилээс дээш хугацаагаар ажилласан тул хөдөлмөрийн гэрээ хугацаагүй байгуулагдсан ажлаас чөлөөлөх үндэслэл болохгүй гэж маргасан.
Гэвч дээрх хугацаанаас үзвэл нэхэмжлэгч Д.Э*******а нь өөр өөр ажил албан тушаалд түр томилогдон ажиллаж байсан, тухай бүр ямар ажил албан тушаалд ямар хугацаагаар томилогдсон нь Хэнтий аймгийн 2022 оны Б/80, 2024 оны Б/18, 2024 оны Б/282, 2024 оны Б/342 дугаар тушаалаас тодорхой харагдах тул нэхэмжлэгчийн хувьд анх 2022 оны 5 дугаар сард байгуулсан гэрээний хугацаа 2024 оны 01 дүгээр сард, 2024 оны 01 дүгээр сард байгуулсан гэрээ 2024 оны 11 дүгээр сард гэх мэтчилэн дуусгавар болсон нь Хөдөлмөрийн тухай хуулийн 50 дугаар зүйлийн 50.4-т заасан хугацаагүй хөдөлмөрийн гэрээнд хамаарахгүй юм.
21.Мөн хөдөлмөрийн эрхийн харилцаанд ажил олгогч гаргасан тушаалынхаа үндэслэлийг өөрөө нотлох үүрэгтэй бөгөөд ажил олгогч Хэнтий аймгийн Нэгдсэн эмнэлэгээс 2025 оны 04 дүгээр сарын 01-ний өдрийн Б/66 дугаар тушаалаар Хөдөлмөрийн тухай хуулийн 78 дугаар зүйлийн 78.1.3-т заасан Хөдөлмөрийн гэрээний хугацаа дууссан, цаашид сунгахгүй гэх үндэслэлээр гэрээ цуцалж, ажилтныг ажлаас чөлөөлсөн нь түүний хуулиар олгогдсон эрх хэмжээний асуудал тул ажилтныг чөлөөлснийг буруутгах үндэслэл тогтоогдохгүй байна.
Иймд нэхэмжлэгч Д.Э*******агийн Хэнтий аймгийн 2025 оны 04 дүгээр сарын 01-ний өдрийн Б/66 дугаар тушаалыг хүчингүй болгож, ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалин хөлс 20,682,000 төгрөг гаргуулах нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгох нь зүйтэй.
Нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 257,347 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.3, 116, 118 дугаар зүйлүүдийг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Хөдөлмөрийн тухай хуулийн 78 дугаар зүйлийн 78.1.3, 158 дугаар зүйлийн 158.1.5-д зааснаар нэхэмжлэгч Д.Э*******агийн гаргасан Хэнтий аймгийн 2025 оны 4 дүгээр сарын 01-ний өдрийн Б/66 дугаар тушаалыг тус тус хүчингүй болгуулах, ажилд эгүүлэн тогтоолгож, ажилгүй байсан хугацааны цалин 20,682,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.3, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгч Д.Э*******агийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 257,347 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч энэхүү шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардаж авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Хэнтий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Б.УРАНЗАЯА