| Шүүх | Хэнтий аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Б.Уранзаяа |
| Хэргийн индекс | 321/2025/00365/И |
| Дугаар | 321/ШШ2025/00772 |
| Огноо | 2025-11-14 |
| Маргааны төрөл | Гэрлэлт цуцалсан, |
Хэнтий аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2025 оны 11 сарын 14 өдөр
Дугаар 321/ШШ2025/00772
| 2025 оны 11 сарын 14 өдөр | Дугаар 321/ШШ2025/00772 | Хэнтий аймаг |
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Хэнтий аймаг дахь сум дундын шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Б.Уранзаяа даргалж, тус шүүхийн танхимд хаалттай хийсэн хуралдаанаар,
Нэхэмжлэгч: Улаанбаатар хот, ******* дүүрэг, ******* хороо, ******* тоотод оршин суух, Х*******д овогт Д*******ийн О*******г
Хариуцагч: Хэнтий аймгийн Б*******т сумын 1 дүгээр багт оршин суух, Х*******н овогт А*******ын Га
Нэхэмжлэлийн шаардлага: Гэрлэлт цуцлуулж, дундын эд хөрөнгө хуваалгах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдааны оролцогчид:
Нэхэмжлэгч: Д.О*******г /цахимаар/
Нэхэмжлэгчийн өмгөөлөгч: Д.Гг
Хариуцагч: А.Га
Хариуцагчийн өмгөөлөгч: В.Гд
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Э.Баярсайхан нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
1.Нэхэмжлэгч Д.О*******г шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: ... Бид 2008 онд танилцаж гэр бүл болсон. 2009 оны 10 дугаар сарын 09-ний өдөр Б*******т суманд гэр бүл болсон. Ингээд бид Гын аавынд цуг амьдарч эхэлсэн бөгөөд хамт амьдрах хугацаанд Га нь архи ууж, хардаж сэрдэн дарамталж гэрээсээ гаргахгүй, төрсөн эгч дүүс нь ирж элдэв янзаар загнаж дарамталдаг байсны улмаас би сэтгэл санаагаар унаж, 2009 оны 11 сарын сүүлээр сүрьеэ өвчин тусаж, Улаанбаатар хотод ирж эмчлүүлэхэд энэ өвчин сэтгэл санааны дарамтнаас үүссэн гэдгийг олж мэдээд Гаас зугтаахаар шийдэж гадаад улсруу гарсан. Турк улсад очиж ажиллаж амьдарсан. Ингээд бид 2009 оноос хойш эргэж нийлээгүй, би 2025 онд Монгол Улсдаа ирсэн. Одоо гэрлэлтээ цуцлуулмаар байна, мөн биднийг анх гэр бүл болж байхад манай аав ээж миний хуримын инж болгож 10 гаран тооны үхэр Гад өгсөн, Га цэрэгт явж ирээд тэр малыг өөрөө авч өсгөж үржүүлж малтай болсон. Иймд түүнээс 19,680,000 төгрөгийг гаргуулна гэв.
2.Хариуцагч А.Га нь шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: ... Бид 2009 онд танилцаж гэр бүл болж хөдөө мал маллаж амьдарч байсан. Би тухайн үед цэрэгт яваад ирсэн. О*******г нь машины осолтой холбогдуулан гадаад улсруу гарсан. Одоо гэрлэлтээ цуцлуулахыг зөвшөөрч байна. Тэр үхэр малын хувьд 8 тооны үхэр авсан, гэхдээ тухайн үед О*******гийг явсны дараа би цэргийн алба хаахаар явсны дараа манай ааваас эдний ах дүү нар ирээд бүгдийг нь аваад явсан. Би яг байгаагүй болохоор хэн ирээд аваад явсныг мэдэхгүй, цэргээс ирэхэд манай аав эднийхнийг ирээд малаа бүгдийг нь аваад явсан гэж хэлсэн. Би тухайн үед О*******гтэй гэр бүл байсан юмдаа гэж бодоод 2 тооны үхрийн үнэ өгөх боломжтой, тэрнээс биш 50,000,000 төгрөг гаргуулах нэхэмжлэлийг хүлээн зөвшөөрөхгүй байна..гэв.
3. Нэхэмжлэгч талаас дараах нотлох баримтуудыг гаргаж өгсөн байна.
3.1 гэрлэсний бүртгэлийн лавлагаа (хх-ийн 02 хуудас)
3.2 Нэхэмжлэгч оршин суудаг нь үнэн тухай тодорхойлолт (хх-ийн 04 хуудас)
3.3 Үл хөдлөх эд хөрөнгөгүй тухай лавлагаа (хх-ийн 03 хуудас)
3.4 Эд хөрөнгийн үнэлгээ (хх-ийн 19-35 хуудас)
4. Хариуцагч талаас хариу тайлбар ирүүлсэн байна.
5. Шүүхийн журмаар дараах баримтууд хэрэгт цугларсан байна.
5.1 Гэрч Д.Орсоогийн мэдүүлэг зэрэг баримтууд цугларчээ.
Шүүх зохигчийн тайлбар хэрэгт цугларсан бичгийн баримтыг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ нь:
1.Нэхэмжлэгч Д.О*******г нь хариуцагч А.Гад холбогдуулан гэрлэлт цуцлуулж, хуваарьт эд хөрөнгө хуваалгах тухай нэхэмжлэл гаргасан байна.
Шүүх нэхэмжлэгч, хариуцагч нарын шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбар, хуульд заасан журмын дагуу гаргаж өгсөн бичмэл баримтуудад тулгуурлан нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангах нь зүйтэй гэж дүгнэв.
2.Гэр бүлийн тухай хуулийн 1******* зүйлийн 13.1.-д Гэрлэлтээ цуцлуулахыг харилцан зөвшөөрсөн, 18 хүртэлх насны хүүхэдгүй, эд хөрөнгийн маргаангүй гэрлэгчид энэ тухай тус тусдаа бичиж, гарын үсэг зурсан хүсэлтээ улсын бүртгэлийн байгууллага, хилийн чанадад ажиллаж байгаа Монгол Улсын Дипломат төлөөлөгчийн газарт гаргана, мөн хуулийн 14.1.-д Гэрлэлт цуцлах асуудлаар эвлэрүүлэн зуучлах ажиллагаа явуулах боломжгүйгээс бусад тохиолдолд эвлэрүүлэн зуучлах ажиллагаа явагдсаны дараа шүүх иргэний хэрэг үүсгэнэ гэж заасан.
3.Гэрлэгчид тусдаа амьдраад 16 жилийн хугацаа өнгөрсөн, дундаасаа хүүхэдгүй хэдий ч эд хөрөнгийн маргаантайгаас гадна нэхэмжлэгч нь нэхэмжлэлдээ хариуцагч А.Гын байнгын дарамтаас үүдэн гадаад улсруу зугтааж, 16 жил амьдраад Монголд 2025 онд ирж амьдарч байгаа гэсэн тул шүүхээс заавал эвлэрүүлэн ажиллагаа явуулахгүйгээр иргэний хэрэг үүсгэсэн болно.
Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1-д зааснаар гэрлэлт цуцлуулах, мөн хуулийн 34 дүгээр зүйлд заасан тэжээн тэтгүүлэх тухай нэхэмжлэл нь шүүхийн харьяалан шийдвэрлэх маргаан байх тул нэхэмжлэлийг хүлээн авч шийдвэрлэх нь үндэслэлтэй.
4.Нэхэмжлэгч Д.О*******г, хариуцагч А.Га нар нь 2009 онд гэр бүлийн харилцаатай болж, хамтран амьдарч 2009 оны 10 дугаар сарын 09-ний өдөр гэрлэлтээ батлуулсан боловч 2009 оны 11 сард салж одоо хүртэл тусдаа амьдарч, хариуцагч гэр бүлтэй болсон байна.
5.Нэхэмжлэгч Д.О*******г нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ: ...А.Гын байнгын хардалт, сэтгэл санааны дарамтаас болж гадаад улсруу зугтсан, сэтгэл санааны дарамтаас бол сүрьеэ өвчин тусаж, түүнийгээ бүрэн эмчлүүлж чадаагүйн улмаас эрүүл мэндээрээ хохирсон, хуримын инжид өгсөн 12 толгой малын үнэ 19,380,000 төгрөгийг гаргуулна гэж,
6. Хариуцагч А.Га нь нэхэмжлэлийн шаардлагатай холбогдуулан.... Би гэрлэлтээ цуцлуулахыг зөвшөөрч байна, өгсөн малыг нь бүгдийг нь буцаагаад өгсөн тул 19,680,000 төгрөгийг зөвшөөрөхгүй, гэхдээ нэгэнт гэр бүл байсан юм гэж бодоод 2 толгой үхрийн үнэ өгч эвлэрч болно..... хэмээн маргааны байр суурь илэрхийлж байна.
7.Гэрлэгчдийн гэрлэлтээ цуцлуулах болсон шалтгаан нь зан харилцааны таарамжгүй байдал, Гэр бүлийн тухай хуулийн 10 дугаар зүйлийн 10.3.-т заасан буюу гэр бүлийн гишүүд нь бие биеэ халамжлах, хүндэтгэх, хэн нэгнийхээ эрхийг зөрчихгүй, бие биеэ аливаа хэлбэрээр хүчирхийлэхгүй байх үүргээ биелүүлээгүйгээс үүдэлтэй хэрүүл маргааны улмаас 2009 оны 11 дүгээр сараас эхлэн тусдаа амьдраад 16 жил гаран болсон боловч одоог эвлэрэн хэлэлцээгүй байна.
8.Шүүхийн хэлэлцүүлэгт гэрлэгчдийн хэн аль нь цаашид гэр бүлийн харилцаагаа үргэлжлүүлэх, авч үлдэх боломжгүй тухайгаа илэрхийлсэн, 16 жилийн хугацаа өнгөрөхд хэн аль нь хамтын амьдралаа эргэж сэргээх талаар хичээл зүтгэл гаргаагүй тухайгаа илэрхийлсэн Гэр бүлийн тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.2-т заасан гэр бүл цуцлахад хориглох шалтгаан байхгүй тул шүүхээс эвлэрүүлэх арга хэмжээ авахгүйгээр мөн хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1 дэх хэсэгт зааснаар гэрлэлт сайн дурын харилцаан дээр үндэслэх зарчим, хэргийн нөхцөл байдлыг харгалзан гэрлэлтийг цуцалж шийдвэрлэв.
9.Нэхэмжлэгч Д.О*******г нь сэтгэл санаа эрүүл мэндийн болон хуримын инжид ирсэн малын үнэ 50,000,000 төгрөг гаргуулна гэж нэхэмжлэлийн шаардлага гаргасан боловч малын эд хөрөнгө 19,680,000 төгрөгийг нэхэмжилж байна.
Зохигчийг 2009 онд гэр бүл болоход нэхэмжлэгч Д.О*******гийн зүгээс 10 толгой үхэрийг хуримын инж болгож өгсөн гэх ба хариуцагч А.Га нь уг малыг буцаагаад бүгдийг нь хүлээлгэж өгсөн хэмээн маргаж байна.
10.Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Д.Гг нь тухайн эд хөрөнгийн хуваарьт эд хөрөнгө тул гаргуулна гэж шаардлагын үндэслэлээ тайлбарлахад хариуцагчийн өмгөөлөгч В.Гд тухайн эд хөрөнгийн шаардах хуульд заасан хөөн хэлэлцэх хугацаа өнгөрсөн тул нэхэмжлэл хэрэгсэхгүй болох үндэслэлтэй хэмээн маргааны байр суурьтай шүүхийн хэлэлцүүлэгт оролцож байна.
11.Иргэний хуулийн 78 дугаар зүйлийн 78.1.-д Дараахь тохиолдолд хөөн хэлэлцэх хугацаа түр зогсоно, 78.1.4.-т гэрлэгчдийн хоорондын шаардлага нь гэрлэлт хүчин төгөлдөр байх хугацаанд хөөн хэлэлцэх хугацаа зогсохоор зохицуулжээ.
Шүүхээс зохигчийн гэрлэлт хүчин төгөлдөр байгаа хугацаанд тэдгээрийн эд хөрөнгийн шаардлага гаргах хөөн хэлэлцэх хугацаа зогссон гэж үзэн эд хөрөнгийн шаардлагыг шийдвэрлэх нь зүйтэй гэж дүгнэлээ.
12.Иргэний хуулийн 127 дугаар зүйлийн 127.1.-д Гэр бүлийн гишүүний дараахь хөрөнгийг хамтран өмчлөх дундын өмчлөлд шилжүүлэхээр тохиролцоогүй бол хуваарьт хөрөнгөд хамаарна, 127.1.2.-т өв, бэлэглэлийн журмаар шилжүүлэн авсан мөнгөн хуримтлал, эд хөрөнгө, эд хөрөнгийн эрх, тэдгээрийг худалдсан, арилжсаны үр дүнд олж авсан эд хөрөнгө, мөнгө..гэж заасны дагуу нэхэмжлэгч Д.О*******гийн нэхэмжилж буй мал нь гэрлэгчдийн хуримын инж болгож өгсөн хуваарьт эд хөрөнгө юм.
13.Хэрэгт цугларсан нэхэмжлэгч талаас анх шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ эрүүл мэнд болон малын үнэ 50,000,000 төгрөг гаргуулан гэсэн боловч хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад болон шүүхийн хэлэлцүүлэгт малын үнэ 19,680,000 төгрөгийн нэхэмжилж, Буфа үнэлгээ ХХК-ийн хөрөнгийн үнэлгээний тайланг ирүүлж, тайланд тугалтай үнээ 6 толгойг 12,480,000 төгрөгөөр, шүдлэн үхэр 2 толгойг 2,400,000 төгрөгөөр, бяруу 6 толгойг 4,500,000 төгрөгөөр үнэлж, нийт 19,380,000 төгрөг, үнэлгээ хийлгэсэн зардал 300,000 төгрөг нийт 19,680,000 төгрөгийг нэхэмжилсэн ба хариуцагч талаас уг үнэлгээг үгүйсгэн нотлох баримт гаргаж ирүүлээгүй байна.
14.Иргэний хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа нь талуудын тэгш эрхийн зарчмын үндсэн дээр явагддагаас гадна нэхэмжлэлийн болон татгалзлын үндэслэлээ зохигч өөрөө нотлох үүрэг хүлээдэг.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1-д зааснаар зохигч өөрийн шаардлага татгалзлын үндэс болж байгаа байдлын талаарх нотлох баримтаа өөрөө гаргаж өгөх, цуглуулах үүрэгтэй бөгөөд шүүх мөн хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1, 40.2-т зааснаар хэргийн оролцогчоос гаргасан нотлох баримтыг тал бүрээс нь бодитойгоор харьцуулан үзсэний үндсэн дээр тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үнэн зөв, эргэлзээгүй талаас нь үнэлж хэргийг шийдвэрлэнэ гэж заасан байдаг.
15.Хэрэгт авагдсан баримтаар зохигч 16 жилийн өмнө хуримын инжид мал авсан, өгсөн асуудалд маргаагүй хэдийч нэхэмжлэгч Д.О*******г 12 толгой мал хүлээлгэж өгсөн гэдгээ нотлоогүй, дан ганц гэрч Д.Оросоогийн мэдүүлгээр түүнийг тогтоох боломжгүй, хариуцагч А.Гын хувьд ч буцааж малыг өгсөн гэдгээ нотлоогүй хэдий ч хариуцагч А.Га шүүхийн хэлэлцүүлэгт .. Д.О*******гтэй гэр бүл байсны хувьд 2 тооны үхэр өгөх боломжтой .. гэсэн тул үнэлгээгээр тогтоогдсон 12,480,000 төгрөгийн үнэлгээ бүхий 6 үхрийн үнэ 1 бүрийг 2,080,000 төгрөгөөр тооцож, 2 тооны үхэр 4,160,000 төгрөгийг хариуцагч А.Гаас гаргуулж нэхэмжлэгч Д.О*******гт олгохоор шийдвэрлэв.
Нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 326,550 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамжид төлсөн (81,510+70200 төгрөг) нийт 151,710 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгчид олгох нь зүйтэй байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116, 118, 132 дугаар зүйлийн 132.6-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1.Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1-д зааснаар Х*******н овогт А*******ын Га, Х*******д овогт Д*******ийн О*******г нарын гэрлэлтийг цуцалсугай.
2.Иргэний хуулийн 127 дугаар зүйлийн 127.1.2- т зааснаар хариуцагч А.Гаас 2 үхрийн үнэ 4,160,000 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Д.О*******гт олгож, үлдэх 15,220,000 төгрөг гаргуулах нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосугай.
3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 326,550 төгрөг, улсын төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 151,710 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Д.О*******гт олгосугай.
4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2-т зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд мөн хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нь уг шийдвэрийг эс зөвшөөрвөл гардаж авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Хэнтий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй, зохигчид хуульд заасан хугацааны дотор шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Б.УРАНЗАЯА