Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2018 оны 08 сарын 07 өдөр

Дугаар 595

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

            Сүхбаатар дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Х.Идэр даргалж,         

улсын яллагч Ш.Насанжаргал,                      

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ч.Амаржаргал,

шүүгдэгч Ж.А, шүүгдэгчийн өмгөөлөгч Б.Дашдорж,

хохирогч Б.Хулан нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн эрүүгийн шүүх хуралдаанаар,

Сүхбаатар дүүргийн прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 1809019570495 дугаар 185/2018/0527/Э индекстэй хэргийг 2018 оны 06 дугаар сарын 28-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Холбогдсон хэргийн талаар: /яллах дүгнэлтэд бичигдсэнээр/:

Шүүгдэгч Ж.А нь 2018 оны 04 дүгээр сарын 18-ны өдөр Сүхбаатар дүүргийн 1 дүгээр хорооны нутаг дэвсгэр 1 дүгээр байрны 54 тоотод гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хүн болох хамтран амьдрагч Б.Хулантай хувийн таарамжгүй харьцааны улмаас буюу "согтуурсан үедээ хүүхэд унагаасан" хэмээн маргалдаж, улмаар толгой тус газар гараараа цохиж, түүний эрүүл мэндэд тархи доргилт, баруун нүдний доод зовхи, хамрын нурууны цус хуралт, баруун бугалга, дал, цээжний баруун хажуу хэсэг, зүүн бугалга, хоёр гарын сарвууны цус хуралт бүхий хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Ж.А: Тухайн өдөр 23 цаг 30 минутын үед манай ажлын залуу залгаад “нэг газар сууж байна” хүрээд ир гэсэн. Тэгэхээр нь “би гарахгүй” гэж хэлээд байж байтал манай эхнэр уурлаад миний хувцаснуудыг орц руу гаргаж шидэж, зайлаач гэж орилоод байсан. Би охиноо орон дээр тавьчихаад хувцаснуудаа оруулж ирсэн. Тэгтэл Хулан охиноо тэврэх гэж байгаад унагаачихсан. Охин ээрч уйлаад байсан болохоор нь охиноо аргадах гээд тэвэртэл надаас дахиад охиноо авах гээд улайраад байсан. Би цааш нь хэд хэд удаа түлхэж холдуулах гэсэн болвч холдолхгүй байсан. Миний уур хүрээд 2-3 удаа алгадтал гараад явсан. Эргэж орж ирэхдээ уйлчихсан байсан. Удалгүй цагдаа нар ирсэн гэв.

Шүүхийн хэлэлцүүлэгт хохирогч Б.Хулан: Тэр өдөр манай найзууд ирээд идэж, ууж сууцгаасан. Тэгээд Аын утас дугарахаар нь гарах гэж байна гэж бодоод гэнэт дургүй хүрээд бүх хувцасыг нь гаргаж шидсэн. Тэгээд дахиад утас нь дуугарсан.  Би нөхрийнхөө гарахгүй гэж хэлж байгааг анзааралгүйгээр яг л  газлуу хүн шиг дайрч уурласан байсан. Тэгээд нэг мэндэхэд охин газар унасан байсан. Тэгээд манай нөхөр уурласан. А миний нүүр рүү 2 удаа цохисоныг санаж байна. Манай найз болиоч гээд намайг түлхэхэд орны булан мөргөж унасан. Маш олон удаа унасан болохоор яаж унаснаа ч санахгүй байна гэв.

Шүүхийн хэлэлцүүлэгт дараахь нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

Улсын яллагчаас Шүүгдэгчийн гэм бурууг нотлох байр суурьтай оролцож, хавтаст хэргийн 8-9, 12-13 дугаар хуудсанд хохирогч Б.Хулангийн мэдүүлэг, 16-17 дугаар хуудсанд Ж.Аын гэрчээр өгсөн мэдүүлэг, 18-19 дүгээр хуудсанд гэрч Н.Жаргалын мэдүүлэг, 25 дугаар хуудсанд шинжээчийн дүгнэлт зэрэг нотлох баримтуудыг,

Шүүгдэгчийн өмгөөлөгчөөс шүүгдэгчид холбогдох хэргийг нэмэлт мөрдөн баййцаалтад буцаах байр суурьтай оролцож, хавтаст хэргийн 5 дугаар хуудсанд аюулын зэргийн үнэлгээ, 7-9 дүгээр хуудсанд хохирогч Б.Хулангийн мэдүүлэг,

Шүүгдэгчийн хувийн байдлын талаарх: Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолын хуулбар /хх-41-43/, иргэний үнэмлэхний лавлагаа /хх-33/, оршин суугаа хаягийн тодорхойлолт /хх-34/, Жолоочийн лавлагаа, мэдээлэл /хх-35/, шүүгдэгчийн эцэг эхийн иргэний үнэмлэхний лавлагаа /хх-36-37/, ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-38/, Батламж /хх-44/, бүрэн дунд боловсролын үнэмлэхний хуулбар /хх-45/, төрсний гэрчилгээний хуулбар /хх-46/зэрэг хэрэгт цуглуулж бэхжүүлж авсан нотлох баримтууд зэрэг болно.

Шүүхийн хэлэлцүүлгийн үед шинжлэн судалсан болон хавтаст хэрэгт цугларсан нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан журмаар цугларсан, хэрэг хянан шийдвэрлэхэд хангалттай. Мөн шүүгдэгчийг яллагдагчаар, хохирогч, гэрч нарыг байцаахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хууль зөрчөөгүй, нотлох баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, агуулгын хувьд зөрүүгүй, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан байх тул хууль ёсны үнэн зөв баримтууд гэж үнэлэв.

  1. Гэм буруугийн талаар:

Шүүгдэгч Ж.А нь 2018 оны 04 дүгээр сарын 18-ны өдөр Сүхбаатар дүүргийн 1 дүгээр хорооны нутаг дэвсгэр 1 дүгээр байрны 54 тоотод гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хүн болох хамтран амьдрагч Б.Хулантай хувийн таарамжгүй харьцааны улмаас буюу "согтуурсан үедээ хүүхэд унагаасан" хэмээн маргалдаж, улмаар толгой тус газар гараараа цохиж, түүний эрүүл мэндэд тархи доргилт, баруун нүдний доод зовхи, хамрын нурууны цус хуралт, баруун бугалга, дал, цээжний баруун хажуу хэсэг, зүүн бугалга, хоёр гарын сарвууны цус хуралт бүхий хөнгөн хохирол учруулсан болох нь шүүх хуралдаанд хэлэлцэгдсэн дараах нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдлоо. Үүнд:

мөрдөн байцаалтад хохирогч Б.Хулангийн: …2018 оны 04 дүгээр сарын 17-ны өдрөөс 2018 оны 04 дүгээр сарын 18-нд шилжих шөнө манай нөхөр ажлаа тараад үүрээр 05 цагийн үед ирсэн. Тэгээд өдөржингөө нөхөр, охин бид гурав гэртээ амарч байтал орой 17 цагийн үед манай найз Шүрэнцэцэг, манай нөхрийн найз Билгээ нар манай гэрт ирсэн юм. Ингээд бид нар пицца захиалж идээд нэг шил 0,75 литрийн хэмжээтэй “Эвок” нэртэй архи авч ууцгаасан юм. Тэгээд уг архиа дуусгаад нэмээд 0,5 литрийн хэмжээтэй “Эден” нэртэй архи авч ууцгаасан юм. Ингээд сууж байхад манай нөхрийн ажлынх нь найз болох Барсаа гээд залуу манай нөхөр рүү залгаад дуудаад байсан. Барсаа ер нь манай нөхрийг байнга уруу татаж архи уудаг юм. Ингээд манай нөхөр би гарлаа, Барсаатай уулзлаа гээд байхаар нь чи сүүлийн үед нилээд олон удаа архи ууж байна, чи өнөөдөр гарахгүй гэж хэлсэн. Тэгэхээр нь миний уур хүрээд Тэр чигээрээ зайлаарай гэж хэлсэн. Тэгтэл А чи намайг гаргахгүй гэлээ гээд над руу дайраад шууд намайг цохиж зодож эхэлсэн. ...Би нөхөр Атай маргалдаж байхад А миний толгой, нүүр рүү гараа зангидаж байгаад хэд хэдэн удаа цохисон. А намайг хүүхэд унагаачихлаа, Хулан одоо боль гээд байсан юм. А намайг цохиход миний хамраас цус гараад байсан. А намайг цохиж байхад нь би өөрийгөө хамгаалах гээд гараараа нүүрээ хамгаалж байхад миний гар бас цохигдсон... гэж мэдүүлсэн /хх-8-9, 12-13/,      

              Мөрдөн байцаалтад гэрч Ж.Аын гэрчээр: ...2018 оны 04 дүгээр сарын 18-ны өдөр манай ажлын залуу залгаад гараад ирээч гээд дуудахаар нь би гарахгүй ээ гэж хэлээд утсаа тасалчихаад Хуланг дүвчигнээд байхаар нь очоод хартал миний бүх хувцсыг шалаар шидээд, гутлуудыг орц руу гаргаад шидчихсэн. Тэгэхээр нь би юу болоод байгаа юм бэ гээд орцонд байсан гутлуудаа цуглуулж гэртээ ороод хаалгаа түгжчихээд байж байтал Хулан намайг зайлаач гээд уурлаад байсан. Тэгээд би гарах гэснээ согтуу хүнтэй хүүхдээ үлдээгээд дэмий байх гэж бодоод хүүхдээ тэврээд орон дээр сууж байтал Хулан миний хажууд сууж байгаад миний гар утсыг хана руу шидээд эвдчихсэн. Тэгээд Хулан хүүхдээ өвөр дээрээ суулгах гэж байгаад газар унагаачихсан. Тэгэхээр нь би уурлаад охиноо тэврээд аргадах гээд зогсож байтал хүүхэд авах гээд Хулан над руу дайраад байсан. Тэгэхээр нь би цаашаа бай гэж хэлээд байхад над руу дайраад түлхээд өмсөж байсан майк ураад цээж маажчихсан. Тэгээд би Хулангийн нүүр орчимд нь гараа зангидаж байгаад хэд хэдэн удаа цохиод ор руу түлхсэн. Тэгтэл Хулангийн хамраас цус гараад байсан юм... гэж мэдүүлсэн мэдүүлэг /хх-16-17/,

 

            Мөрдөн байцаалтад гэрч Н.Жаргалын: ...2018 оны 04 дүгээр сарын 18-ны шөнө 00 цагийн орчим эхнэр рүү миний хүү А залгаад Хулан бид хоёр муудалцсан, цагдаа нар ирчихсэн байна хүрээд ирээч гэхээр нь бид хоёр гэрт нь очсон. Тэгтэл цагдаа нар ирчихсэн, гэрийнх нь шалаар хүүгийн хувцас тараагаад хаячихсан байдалтай байсан ба Хулангийн нүүр нь уйлаад хавдчихсан юм шиг байсан... гэж мэдүүлсэн мэдүүлэг /хх-18-19/,    

 

Шүүхийн Шинжилгээний Үндэсний Хүрээлэнгийн 2018 оны 04 дүгээр сарын 26-ны өдрийн №5124 дугаартай дүгнэлтэд:

  1. Б.Хулангийн биед тархи доргилт, баруун нүдний доод зовхи, хамрын нурууны цус хуралт, баруун бугалга, дал, цээжний хажуу хэсэг, зүүн бугалга, хоёр гарын сарвууны цус хуралт гэмтэл тогтоогдлоо.
  2. Дээрхи гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ.
  3. Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.
  4. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтад нөлөөлөхгүй.
  5. Уг гэмтэл нь тухайн болсон хэргийн нөхцөлд үүссэн байх боломжтой шинэ гэмтэл байна. Тэргүүлэх зэргийн шинжээч эмч Т.Амартүвшин гэсэн дүгнэлт /хх-25/,

Аюулын зэргийн үнэлгээ /хх-5/, хохирогч Б.Хулангийн Сүхбаатар дүүргийн цагдаагийн хэлтэст гаргасан хүсэлт /хх-47/ зэрэг болно.

Ийнхүү дээрх байдлаар шүүгдэгч Ж.Аын хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэм буруу хөдөлбөргүй нотлогдсон гэж дүгнэж Эрүүгийн хуульд заасан хариуцлагыг хүлээлгэх үндэслэлтэй байна.

Шүүгдэгч Ж.А болон түүний өмгөөлөгчөөс гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэм буруугийн талаар маргаагүй болохыг тэмдэглэх нь зүйтэй байна.

   Хохирогч Б.Хулан нь шүүхийн хэлэлцүүлэгт “Гомдол саналгүй, Нэхэмжлэх зүйлгүй” гэж мэдүүлсэн ба энэ нь шүүгдэгч Ж.Аыг бусдад төлөх төлбөргүй гэж үзэх үндэслэл болов.     

2. Эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:

Улсын яллагчаас: Шүүгдэгчид Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 төгрөгөөр торгох ял оногдуулж, Эрүүгийн хуулийн ерөнхий 7.1 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар 2017 оны 10 дугаар сарын 18-ны өдрийн 410 дугаартай шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, мөн хуулийн 6.9 дүгээр зүйлийн 1, 2,  6.8 дугаар зүйлийн 2.1 дэх хэсэгт зааснаар тэнсэн харгалзсан 3 жилийн хугацаан дээр 450 нэгжээр торгох ялыг,  Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 2.1 дэх хэсэгт зааснаар 1 сарын хорих ялаар дүйцүүлж, нийт 3 жил 1 сарын хугацаагаар хорих ял оногдуулах, уг ялыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар нээлттэй хорих ангид эдлүүлэх, гэсэн саналыг

Шүүгдэгчийн өмгөөлөгчөөс: “Өмгөөлөгчийн зүгээс тодорхой үндэслэлүүдээр гэм буруугийн тал дээр маргалдсан. Шүүх өөрийн дотоод иртэлээр гэм буруутайд тооцлоо. Улсын яллагчийн зүгээс өмнөх шийтгэх тогтоолийн 3 жил дээр нэг сарын хорих ялыг нэмж нийт 3 жил 1 сарын хугацаагаар хорих ял оногдуулж байна. Өмнөх шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлд зааснаар хорих ял оногдуулахгүйгээр тэнссэн байдаг. Шүүхээс гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, хохирол төлбөргүй зэргийг харгалзан үзэж Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийг хэрэглэсэн гэж ойлгож байна. Өнөөдрийн хэрэг гарах болсон шалтгаан нөхцөлд хохирогчийн буруутай үйл ажилагаа нөлөөлсөн гэж үзэж байна. Ял шийтгэлийг оногдуулахдаа 3 жилийн хугацаагаар биш Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар 1 жилийн хугацаагаар тогтоож хорих ялыг оногдуулж, үүн дээр торгуулийн ялыг 1 сарын хугацаагаар тооцож, нийт 1 жил 1 сарын хугацаагар хорих ял оногдуулах нь зүйтэй гэж үзэж байна. Улсын яллагчийн хэлж байгаагаар 3 жил тэнссэн тохиолдол нь 3 жилийн хорих ял болно гэсэн хууль зүйн угтвар ойлголт болохгүй гэж үзэж байна. Иймд шүүхээс ял шийтгэл оногдуулахдаа дээрх нөхцөл байдлуудыг харгалзан үзнэ үү” гэсэн хүсэлтийг тус тус гаргав.

Эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, шүүгдэгчийн хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан үзсэний үндсэнд Ж.Аыг Эрүүгийн хуулийн 11.6 дугаар зүйлийн 2-т заасан төрөл хэмжээний дотор хорих ял шийтгэхээр шийдвэрлэв.           

Мөн шүүгдэгч Ж.А нь Сонгинохайран дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 10 дугаар сарын 18-ны өдрийн 410 дугаартай шийтгэх тогтоолоор 2015 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 3-т зааснаар хорих ял оногдуулахгүйгээр 3 жилийн хугацаагаар тэнсэж хянан харгалзсан хугацаанд буюу ялтан оногдуулсан ялыг эдэлж дуусахаас өмнө гэмт хэрэг шинээр үйлдэж шийтгүүлж байгаа тул түүнд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.9 дүгээр зүйлд заасан журмын дагуу зохих ялыг нэмж нэгтгэхээр тогтов.                   

Шүүгдэгчийн гэмт хэрэг үйлдсэн нь нотлогдсон, тэрээр гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, бусдад төлөх төлбөргүй зэрэг нөхцөл байдлыг харгалзан үзэж шүүгдэгчийг шийтгэсэн хугацаатай хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр тогтов.  

Шүүгдэгчийн өмгөөлөгчөөс “...Ял шийтгэлийг оногдуулахдаа 3 жилийн хугацаагаар биш Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар 1 жилийн хугацаагаар тогтоож хорих ялыг оногдуулж, үүн дээр торгуулийн ялыг 1 сарын хугацаагаар тооцож, нийт 1 жил 1 сарын хугацаагар хорих ял оногдуулах” хүсэлтийг гаргасныг хүлээн авах боломжгүй юм.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт “Тэнссэн хугацаанд энэ хуулийн тусгай ангид заасан санаатай гэмт хэрэг үйлдсэн бол шүүх тэнссэн шийдвэрийг хүчингүй болгож, энэ хуулийн 6.8, 6.9 дүгээр зүйлд заасан журмаар ял оногдуулна” гэж заасан тул Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 10 дугаар сарын 18-ны өдрийн 410 дугаартай шийтгэх тогтоолоор оногдуулсан хорих ял оногдуулахгүйгээр 3 жилийн хугацаагаар тэнссэн шийдвэрийг хүчингүй болгож, шинээр үйлдсэн гэмт хэрэгт ял оногдуулж, өмнөх шийтгэх тогтолоор оногдуулсан ялыг нэмж нэгтгэн нийт эдлэх ялын хэмжээг тогтоох нь зүйтэй байна.

  1. Бусад асуудлаар:

Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, битүүмжилсэн хөрөнгөгүй, шүүгдэгч Ж.А цагдан хоригдсон хоноггүйг дурдах нь зүйтэй.                     

Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10, 37.1 дүгээр зүйлийн 2-т заасныг тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:       

            1. Жаргалын Аыг гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж, хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.                

2. Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2-т зааснаар Жаргалын Ат 450 нэгж буюу 450,000 төгрөгөөр торгох ял оногдуулсугай.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 2.1-д зааснаар Ж.Ат Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2-д зааснаар оногдуулсан 450 /дөрвөн зуун тавь/ нэгж буюу 450.000 /дөрвөн зуун тавин мянга/ төгрөгөөр торгох хөнгөн ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг 1 хоногоор тооцож, Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 10 дугаар сарын 18-ны өдрийн 410 дугаартай шийтгэх тогтоолоор 2015 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 3-т зааснаар оногдуулсан 3  жилийн хугацаагаар хорих ялаас эдлээгүй үлдсэн 3 /гурав/ жилийн хорих ялыг бүгдийг нэмж нэгтгэн, түүний нийт эдлэх ялыг 3 /гурав/ жил, 30 /гуч/ хоногийг хугацаагаар тогтоосугай

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4-т зааснаар шүүгдэгч Ж.Ат оногдуулсан 3 /гурав/ жил 30 /гуч/ хоногийн хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр тогтоосугай.

5. Ж.А цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжилсэн хөрөнгөгүй болохыг тус тус дурдсугай.       

6. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болохыг дурдаж, Ж.Ат урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчлөн цагдан хорьж, түүний эдлэх ялыг энэ өдрөөс эхлэн тоолсугай.

7. Шийтгэх тогтоолыг өөрөө гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд шүүгдэгч, өмгөөлөгч, хохирогч нар тус тус давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.                                                         

8. Шийтгэх тогтоолд эрх бүхий этгээд давж заалдах гомдол, эсэргүүцэл бичвэл тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, Ж.Ат авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэхийг дурдсугай.                

 

                       

   ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                  Х.ИДЭР