| Шүүх | Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Бямбаа Ариунхишиг |
| Хэргийн индекс | 2509005100601 |
| Дугаар | 2025/ДШМ/1243 |
| Огноо | 2025-10-30 |
| Зүйл хэсэг | 17.3.1., |
| Улсын яллагч | Ж.Энхбат /цахимаар/ |
Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2025 оны 10 сарын 30 өдөр
Дугаар 2025/ДШМ/1243
2025 10 30 2025/ДШМ/1243
Э.Н-д холбогдох
эрүүгийн хэргийн тухай
Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Ц.Мөнхтулга даргалж, шүүгч Д.Мөнхөө, шүүгч Б.Ариунхишиг нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:
прокурор Ж.Энхбат /цахимаар/,
шүүгдэгч Э.Н-, түүний өмгөөлөгч Б.Балжидмаа,
нарийн бичгийн дарга Б.Пэрэнлэйдулам нарыг оролцуулан,
Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхийн 2025 оны 08 дугаар сарын 26-ны өдрийн 2025/ШЦТ/2022 дугаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч шүүгдэгч Э.Н-гийн гаргасан давж заалдах гомдлоор түүнд холбогдох эрүүгийн 2509005100601 дугаартай хэргийг 2025 оны 10 дугаар сарын 20-ны өдөр хүлээн авч, шүүгч Б.Ариунхишигийн илтгэснээр хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
М- овгийн Э-ын Н-, ............., /РД:............/, урьд
- Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 05 дугаар сарын 03-ны өдрийн 366 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 23.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 төгрөгөөр торгох ял шийтгүүлсэн.
Холбогдсон хэргийн талаар:
Э.Н- нь том оврын машин худалдан авч, хамтран ажиллана гэж хохирогч Э.Э-г хуурч, урьдын харилцааны явцад бий болсон итгэлийг урвуулан ашиглаж Сүхбаатар дүүргийн 1 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байхад нь өөрийн Хаан банкны ******** тоот дансаар 2024 оны 09 дүгээр сарын 22-ны өдрөөс 10 дугаар сарын 04-ний өдрийн хооронд нийт 42.000.000 төгрөгийг шилжүүлж авсан гэмт хэрэгт холбогджээ.
Сүхбаатар дүүргийн прокурорын газраас: Шүүгдэгч Э.Н-гийн үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлсэн.
Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүх: Шүүгдэгч М- овогт Э-ын Н-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “хуурч, урьдын харилцааны явцад бий болсон итгэлийг урвуулан ашиглаж өмчлөгчийн эд хөрөнгийг шилжүүлэн авч залилах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Э.Н-д эрх бүхий байгууллагын хяналтад өөрийн оршин суух газраас явахыг хориглох, эрх бүхий байгууллагын зөвшөөрөлтэйгөөр оршин суух газраа өөрчлөх, зорчих үүргийг хүлээлгэж, 2 жилийн хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялаар шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Э.Н- нь эрүүл мэндийн болон бусад хүндэтгэн үзэх шалтгаанаас бусад тохиолдолд Хан-Уул дүүргийн нутаг дэвсгэрээс гарч явахыг хориглож, түүнд хяналт тавихыг Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгаж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар Э.Н- нь зорчих эрхийг хязгаарлах ялыг биелүүлээгүй бол ялтны зорчих эрхийг хязгаарлах ялын эдлээгүй үлдсэн хугацааны нэг хоногийг хорих ялын нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг сануулж, Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт тус тус зааснаар шүүгдэгч Э.Н-гаас 20.360.000 төгрөгийг гаргуулж, хохирогч Э.Э-д олгож, хохирогч Э.Э- нь гэмт хэргийн улмаас учирсан гэм хорын хохирлын талаарх нотлох баримтаа хуульд заасны дагуу бүрдүүлэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмаар гэм буруутай этгээдээс жич нэхэмжлэх эрхтэй болохыг дурдаж шийдвэрлэжээ.
Шүүгдэгч Э.Н- гаргасан давж заалдах гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Миний бие 2 жилийн хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялаар шийтгэснийг хүлээн зөвшөөрөхгүй байна. Би өөрийн гэм бурууг мөрдөн шалгах болон шүүх хуралдааны үед бүрэн хүлээн зөвшөөрч өөрийн хүсэлтээр өмгөөлөгчгүй оролцсон. Мөн хохирогчид мөрдөн шалгах, шүүх хуралдааны үед хохирлоо барагдуулахаар мөнгө шилжүүлж хохирлоо барагдуулж байсан. Үлдэгдэл хохирлыг барагдуулахаа илэрхийлж байсан. Миний бие 5 настай охинтой бөгөөд дээрх гэмт хэргийн улмаас уулзах боломжгүй болсон. Миний ажиллаж байгаа компани нь орон нутагт үйл ажиллагаа явуулдаг бөгөөд 2025 оны 5 дугаар сараас ид зогссон, цаашид миний бие уул уурхайн салбарт өндөр цалинтай ажил хийж хохирлоо барагдуулах, ар гэртээ тус дэм болох хүсэл сонирхолтой байна. Иймд миний ар гэрийн нөхцөл байдал, ажлын онцлогийг харгалзан оногдуулсан зорчих эрхийг хязгаарлах ялыг торгох ялаар сольж өгнө үү. ... ” гэв.
Шүүгдэгчийн өмгөөлөгч Б.Балжидмаа тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Өмгөөлөгчийн хувьд давж заалдах шатны шүүхийн шатнаас оролцож байна. Миний үйлчлүүлэгч анхан шатны шүүх хуралдаанд гэмт хэрэг үйлдсэн гэм буруугийн талаар маргаагүй. Шийтгэх тогтоолоор бусдад 20.360.000 төгрөгийн төлөх төлбөртэй гэж дүгнэгдсэн. Шүүхэд эцгийнхээ дансны хуулгыг скрийншот байдлаар авч баримтаар гаргаж өгсөн. Уг дансны гүйлгээг “Зээл төлөв” гэсэн утгатайгаар бичиж анхан шатны шүүх хуралдаанаас хойш 3 хоногийн дараа төлсөн. Э.Н-гийн ажилладаг компани сул зогссон байгаа учраас нийгмийн даатгалын шимтгэлийг хуульд зааснаар хамгийн багаар төлж байгаа. Компанийн төслийн ажил бүтэмжтэй болсон тохиолдолд буюу 2 жилээс нааш хугацаанд ажлаас нь дуудна гэсэн төлөвлөгөөтэй байгаа. Шүүгдэгчийн холбогдсон хэрэг нь гэмт хэргийн ангиллын хувьд хөнгөн гэмт хэрэгт хамаардаг, сонгох санкцитай учраас түүний ажил хөдөлмөр эрхлэх, бусдад учруулсан хохирлоо нөхөн төлөхөө илэрхийлж байгаа, хохирлоо төлөхийн тулд хөдөлмөр эрхлэх нөхцөл боломжоор хангаж тус зүйл, ангид заасан торгох ялыг оногдуулж, шийтгэх тогтоолд холбогдох өөрчлөлтийг оруулж өгнө үү.” гэв.
Прокурор Ж.Энхбат тус шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “...Миний бие анхан шатны шүүх хуралдаанд улсын яллагчаар оролцсон. Шүүх хохирогчийн гаргаж өгсөн баримтыг нотлох баримтын хэмжээнд үнэлэгдэхгүй байна гээд шүүгдэгчээс 20.630.000 төгрөгийг гаргуулж хохирогчид олгуулахаар шийдвэрлэсэн. Анхан шатны шүүх хуралдаанаас хойш шүүгдэгч нь нийт 10.000.000 төгрөгийг төлсөн талаарх баримтыг гаргаж өгч байна гэж ойлгож байх тул түүнийг бусдад 10.630.000 төгрөгийн хохирол төлөх үлдэгдэлтэй гэж үзэж байна. Шүүгдэгчийн зорчих эрхийг хязгаарлах ялыг торгох ялаар солиулах тухай гомдол үндэслэлгүй. Учир нь, шүүх шүүгдэгчийн гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учруулсан хохирол, хор уршгийн шинж чанар, хувийн байдал зэргийг харгалзан эрүүгийн хариуцлага хүлээлгэсэн нь үндэслэлтэй. Иймд анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол хууль ёсны үндэслэлтэй байх тул шийтгэх тогтоолыг хэвээр үлдээх саналтай байна.” гэв.
ТОДОРХОЙЛОХ нь:
Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар хэргийг хянан шийдвэрлэхдээ шүүгдэгч Э.Н-гийн гаргасан давж заалдах гомдолд заасан асуудлаар хязгаарлахгүйгээр эрүүгийн хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг хянав.
1. Хэргийн бүх ажиллагааг хянахад, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн шалгах ажиллагааны үед болон шүүхээр хэрэг хянан шийдвэрлэх явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж, хязгаарласан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг зөрчсөн зөрчил тогтоогдсонгүй.
2. Шүүгдэгч Э.Н- нь том оврын машин худалдан авч, хамтран ажиллана гэж хохирогч Э.Э-г хуурч, урьдын харилцааны явцад бий болсон итгэлийг урвуулан ашиглаж Сүхбаатар дүүргийн 1 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байхад нь өөрийн Хаан банкны ******** тоот дансаар 2024 оны 09 дүгээр сарын 22-ны өдрөөс 10 дугаар сарын 04-ний өдрийн хооронд нийт 42.000.000 төгрөгийг шилжүүлж авсан болох нь:
гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /хх 4/, хохирогч Э.Э-гийн Сүхбаатар дүүргийн цагдаагийн газрын нэгдүгээр хэлтэст гаргасан өргөдөл, хавсралт /хх 5-15/, Хаан банкин дахь ******** тоот депозит дансны дэлгэрэнгүй хуулга /хх 44-62/, дансны хуулганд үзлэг хийсэн тэмдэглэл /хх 63-64/, Гаалийн Ерөнхий газрын 2025 оны 01 дүгзэр сарын 08-ны өдрийн 01-2/98 дугаартай албан бичиг /хх 93/,
хохирогч Э.Э-гийн “....Би “Хүрэн шанд” уурхайд ажилладаг бөгөөд манай компанид Н- гээд туслан гүйцэтгэгч компанийн тээврийн менежер гэх залуу цуг ажилладаг юм. Тухайн залуу надад 2024 оны 09 дүгээр сарын 10-ны орчим “Хоёулаа нийлээд нэг том оврын нүүрс ачдаг машин явуулъя. Компанийн уурхайгаас гарсан нүүрсийг урагшаа Шивээхүрэн боомтоор ачааны машинаараа тээвэрлэж гаргаж өгөөд голоос нь ашиг ольё. Хоёулаа Улаанбаатараас ачааны машиныхаа толгойг авъя урд Хятадаас чиргүүлээ авъя. Би машиныхаа толгой хэсгийг авъя харин чи чиргүүл авах мөнгөө надад өгчих. Хятадаас шинэ чиргүүл 42.000.000 төгрөгөөр орж ирнэ гэж байна” гэж хэлсэн. Тэгээд би тавьсан саналыг хүлээж аваад ашгийн тооцоо гаргаад саналыг нь зөвшөөрсөн. Ерөнхийдөө бол Н- надад хэлэхдээ “би чиргүүлийг чинь Хятадаас захиалаад өгнө чи зүгэзр мөнгөө л өгчих, би машины зөвшөөрөл болон бусад зүйлсийг хариуцна” гэж хэлсэн. ...Тэгээд мөнгө шилжүүлсний дараа надад Н- би толгойгоо Улаанбаатар хотоос худалдаад авсан цаашаа дугааргүй Өмнөговь дээр очоод тэндээсээ улсын дугаар аваад Шивээхүрэнгийн боомт дээр очоод гааль дээр байх 2 чиргүүлээ авна. Бид хоёрын чиргүүл гааль дээр ирсэн байгаа гэж хэлсэн. Тэгээд хэсэг хугацааны дараа буюу 2024 оны 11 дүгээр сарын 20-ны өдөр Н- надад “бид хоёрын машин явж байгаа” гэж хэлсэн. Тэгээд би Н-гаас машины дугаарыг асуухад 11 дүгээр сарын үед **** УЕУ, чиргүүлийн дугаар **** ТЧ, **** ОЧ гэсэн дугааруудыг өгсөн. Тухайн дугааруудыг би Autobox.mn сайтад хийж үзэхэд тухайн машин нь Н-гийн нэр дээр ч биш, миний нэр дээр ч биш “******” ХХК-ийн нэр дээр байсан. Харин Н- гэх хүн надад энэ машин өөр хүний нэр дээр байгаа юм гэсэн. Бид хоёрын машин ачаа тээвэрт явж ашиг олж байгаа гэж хэлсэн. Тэгэхээр нь би Н-д тухайн машин дээр дурдсан 2 чиргүүлийг миний нэр дээр шилжүүлээд өг гэж хэлэхэд Н- шилжүүлээд өгье гэсэн. Гэхдээ би ашгийн мөнгө орж ирээгүй, дахиад хугацаа алдахгүйн тулд Н-гаас өөрийн 42.000.000 төгрөгийг авъя гэхэд мөн зөвшөөрсөн боловч надад мөнгөнөөс буцааж өгсөн зүйл байхгүй. ...Би 2024 оны 09 дүгээр сарын 22-ны өдөр 24.000.000 төгрөгийг, 10 дугаар сарын 04-ний өдөр 4.000.000 төгрөгөөр 4 удаа, мөн өдрөө 2.000.000 төгрөгөөр нэг удаа, 18.000.000 төгрөгийг шилжүүлсэн. Нийт 2 өдөр 6 удаагийн гүйлгээгээр Н-гийн Хаан банкны ******** тоот дансанд 42.000.000 төгрөгийг шилжүүлсэн байдаг. 2024 оны 09 дүгээр сарын 22-ны өдрийн 10 цаг 27 минутад өөрийн ******* тоот данснаас Н-гийн ******** тоот данс руу 24.000.000 төгрөгөө шилжүүлэхдээ хөдөө байсан ба Н- руу би “чиргүүлийн урьдчилгаа гээд хийлээ шүү” гэж утас руу нь ярихад надад Н- “Zeelew" гээд гүйлгээний утгыг нь биччих гэхээр нь тухайн хэлсний дагуу бичээд шилжүүлсэн байгаа. Тэгээд сүүлийн 2024 оны 10 дугаар сарын 04-ний өдөр шилжүүлсэн үлдэгдэл 18.000.000 төгрөгийг 4.000.000 төгрөгөөр 4 удаа, 2.000.000 төгрөгөөр 1 удаа шилжүүлсэн. /хх 18, 20, 42/,
гэрч Ч.А-ын “...***** тоот данс руу 2024 оны 09 дүгээр сарын 22-ны өдөр нийт 3.000.000 төгрөг Н-гаас гэсэн утгатай, мөн дээрх данс руу Э.Н-гийн ******** тоот данснаас 2024 оны 10 дугаар сарын 04-ний өдөр ***** тоот данс руу 2.000.000 төгрөг Н-гаас гэсэн утгатай шилжиж орсон. Хамгийн анх Н- надаас Тагнуулын сургуульд хүүхэд оруулж өгнө гэж хэлээд надаас нийт 40 гаруй сая төгрөг авсан байгаа, Хятад руу хүүхэд сургуульд оруулж өгнө гэж хэлээд аваад байсан. Тэгээд тэр асуудал нь бүтэхгүй Ковидын асуудал гээд хойшлуулсаар байгаад би өгсөн мөнгөө буцааж авахаар болоод надад увуулж цувуулаад буцаагаад өгч байгаа нь энэ юм. Эхний 3.000.000 болон сүүлийн 2.000.000 төгрөг нь надад өгөх ёстой мөнгө байгаа юм, тэгээд л өр төлбөртөө буцааж эргүүлж өгч байгаа мөнгө юм. Н- надад 30 гаран сая төгрөг өгөх дутуу байгаа.” /хх 30, 36/,
яллагдагчаар Э.Н-гийн “...Би Э- гэх хүнтэй Өмнөговь аймгийн Гурвантэс суманд байх Хүрэн шандын уурхайд цуг ажилладаг юм. Би Э-тэй “хоёулаа нэг шаланз /том оврын нүүрс тээврийн машин/ дундаасаа нийлж босгоод тэгээд уурхайгаас гарч байгаа нүүрсийг хил гаргаж тээвэрлээд дундаас нь ашиг ольё” гэж ярилцсан. Тэгээд бид хоёр шаланз машинаа БНХАУ-аас авья гэж ярилцаад би тухайн машиныг БНХАУ-аас авахаар Э-гээс өөрийн Хаан банкны ******** тоот дансаар 42.000.000 төгрөгийг шилжүүлж авсан. Авсан мөнгөө өөр бусад өртэй байсан хүмүүстэй өгсөн. ...” /хх 26, 134/ гэх мэдүүлгүүд зэрэг мөрдөн шалгах ажиллагааны явцад хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, анхан шатны шүүхийн шүүх хуралдааны хэлэлцүүлгээр хянан хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогджээ.
3. Хэрэгт авагдсан нотлох баримтуудыг хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн байх ба уг нотлох баримтуудыг үндэслэн шүүгдэгч Э.Н-г “бусдыг хуурч, урьдын харилцааны явцад бий болсон итгэлийг урвуулан ашиглаж өмчлөгчийн эд хөрөнгийг шилжүүлэн авч залилах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсон анхан шатны шүүхийн дүгнэлт хэргийн бодит байдалтай нийцсэн, түүний үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчилсэн нь хууль зүйн үндэслэлтэй, Эрүүгийн хуулийг зөв тайлбарлан хэрэглэжээ.
4. Шүүгдэгч Э.Н- “...миний ар гэрийн нөхцөл байдал, ажлын онцлогийг харгалзан оногдуулсан зорчих эрхийг хязгаарлах ялыг торгох ялаар сольж өгнө үү. ...” гэсэн агуулга бүхий давж заалдах гомдлыг гаргажээ.
Шүүгдэгчид оногдуулах ял шийтгэл нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “...Эрүүгийн хариуцлага нь тухайн хүний үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байна.” гэсэн, Эрүүгийн хуулийн шударга ёсны зарчимд нийцэхээс гадна Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “...Эрүүгийн хариуцлагын зорилго нь гэмт хэрэг үйлдсэн хүнийг цээрлүүлэх, ...гэмт хэргээс урьдчилан сэргийлэхэд оршино...” гэсэн эрүүгийн хариуцлагын зорилгыг хангасан байх ёстой.
Зорчих эрхийг хязгаарлах ял нь гэмт хэрэг үйлдсэн хүнийг эрх бүхий байгууллагын хяналтад өөрийн оршин суух газраас явахыг хориглох, тодорхой газар очихыг хориглох, шүүхээс тогтоосон чиглэлээр зорчих үүргийг хүлээлгэж, нийгмээс тусгаарлахгүйгээр засарч хүмүүжих боломжийг олгох зорилготой бөгөөд үйлдсэн гэмт хэргийнх нь шинж чанар, хувийн байдлыг нь харгалзан чөлөөтэй зорчих хүрээ хязгаарыг нь хумьж, чиглэлийг тогтоох зэргээр чөлөөтэй зорчих эрхэд нь тодорхой хугацаанд хязгаарлалт тогтоож буй ял шийтгэлийн төрөл юм.
Тухайлбал, зорчих эрх хязгаарлах ял шийтгүүлсэн хүнийг хорих ял шийтгүүлж нийгмээс бүрэн тусгаарлагдсантай адилтгах, мөн эрүүл мэндээ хамгаалуулах, эмнэлгийн тусламж авах, сурч боловсрох, хөдөлмөрлөхтэй холбоотой эрх нь бүрэн хязгаарлагдсан гэж үзэх боломжгүй бөгөөд зөвхөн чөлөөтэй зорчих эрх нь хязгаарлагдсан, тодорхой үүрэг хүлээсэн этгээд гэж үзэхээр байна.
Анхан шатны шүүх, шүүгдэгч Э.Н-д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан ялын төрөл болох зорчих эрхийг хязгаарлах ялыг 2 жилийн хугацаагаар оногдуулсан нь түүний үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохироогүй байна. Иймд, шүүгдэгчийн гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн зэрэг хувийн байдлыг харгалзан анхан шатны шүүхээс оногдуулсан 2 жилийн хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялын хэмжээг багасгаж, 1 жил 2 сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял болгон хөнгөрүүлэн өөрчлөх нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт “...шүүгдэгчид холбогдох хэргийн нөхцөл байдал, зүйлчлэлийг өөрчлөхгүйгээр ялыг хөнгөрүүлж болно...” гэж заасанд нийцнэ гэж давж заалдах шатны шүүх үзлээ.
5. Шүүгдэгч Э.Н- нь хохирогч Э.Э-д хохирол 11.000.000 төгрөг төлсөн “гүйлгээний дэлгэрэнгүй” гэх баримтыг өгсөн боловч энэ нь нотлох баримтын шаардлага хангахгүй байх тул хохирол төлсөн гэж үзэх боломжгүй юм.
Иймд анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолд дээр дурдсан зохих өөрчлөлтийг оруулж, шүүгдэгчийн гаргасан давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн дүгнэв.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.4 дэх заалтуудыг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхийн 2025 оны 08 дугаар сарын 26-ны өдрийн 2025/ШЦТ/2022 дугаар шийтгэх тогтоолын:
- тогтоох хэсгийн 2 дахь заалтын “...2 жилийн хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялаар шийтгэсүгэй.” гэснийг “...1 жил 2 сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялаар шийтгэсүгэй.” гэж өөрчилж, шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн бусад заалтыг хэвээр үлдээсүгэй.
2. Анхан болон давж заалдах шатны шүүхийн хууль хэрэглээний зөрүүг арилгах, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, хуулийг Улсын дээд шүүхийн тогтоол, тайлбараас өөрөөр хэрэглэсэн, эрх зүйн шинэ ойлголт, эсхүл хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой гэж үзвэл энэхүү магадлалыг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хэргийн оролцогч хяналтын журмаар гомдол гаргах, прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Ц.МӨНХТУЛГА
ШҮҮГЧ Д.МӨНХӨӨ
ШҮҮГЧ Б.АРИУНХИШИГ