Хэнтий аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2026 оны 01 сарын 22 өдөр

Дугаар 321/ШШ2026/00066

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

 

******* аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч ******* даргалж, тус шүүхийн танхимд хаалттай хийсэн хуралдаанаар,

 

Нэхэмжлэгч: ******* аймгийн ******* сум, *******  дүгээр баг, ******* тоотод орших суух хаягтай, Х*******  овогт Д******* ын Т*******,  

Хариуцагч: ******* аймгийн ******* сумын ******* тоотод оршин суух хаягтай, Б*******  овогт Ж******* ийн Б*******, 

Нэхэмжлэлийн шаардлага: Гэрлэлт цуцлуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдааны оролцогчид: 

Нэхэмжлэгч: Д.Т*******,

Хариуцагч: Ж.Б*******

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга С.О*******  нар оролцов. 

ТОДОРХОЙЛОХ нь: 

1.Нэхэмжлэгч Д.Т******* шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: ...Миний бие 2001 онд Ж.Б*******тай танилцаж дотносон 2006 онд гэр бүл болсон. Бид хоёр хамтран амьдарч 4 хүүхдийн эцэг эх болсон. Хамт амьдрах хугацаанд Ж.Б******* нь архи ууж, агсам тавьж, сэтгэл санааны дарамтад оруулдаг байсан ба удаа дараа зодож байсан. Иймээс Ж.Б*******тай амьдарч чадахгүй байдалд хүрсэн. Цаашид хамтран амьдрах боломжгүй болсон тул бидний гэрлэлтийг цуцалж өгнө үү. Хүүхдүүдээ хэн хэн асрамжидаа байлгах талаар тохиролцсон байгаа. Хүүхдийн тэтгэлэг нэхэхгүй. Хүүхдүүдийн саналыг асуулгах шаардлагагүй гэж үзэж байна гэв.

  2.Хариуцагч Ж.Б******* шүүхэд ирүүлсэн болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: ...Гэрлэлтээ цуцлуулахыг хүлээн зөвшөөрч байна. 4 хүүхэдтэй. Том хүү маань насанд хүрсэн. Гэхдээ ихэнхдээ надтай байдаг. Дунд хоёр хүүхэд маань миний асрамжид байдаг. Бага охин маань ээж дээрээ байдаг. Бид цаашид хамт амьдрах боломжгүй болсон тул бидний гэрлэлтийг цуцалж өгнө үү. Хүүхдүүдийн саналыг асуулгах шаардлагагүй. Дунд 2 хүүхэд маань надтай хамт байна гэдэг гэв.

3.Нэхэмжлэгч талаас дараах нотлох баримтуудыг гаргаж өгсөн байна.

-Улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт

-2007.05.28-ны өдөр төрсөн хүү Б.Мөнх-Эрдэнийн төрсний гэрчилгээний хуулбар,

-2012.01.30-ны өдөр төрсөн охин Б.Амин-Эрдэнийн төрсний гэрчилгээний хуулбар,

-2016.09.17-ны өдөр төрсөн хүү Б.Энх-Эрдэнийн төрсний гэрчилгээний хуулбар,

-2022.02.21-ний өдөр төрсөн охин Б.Дөлгөөн-Эрдэнийн төрсний гэрчилгээний хуулбар,

-Д.Т*******ын иргэний үнэмлэхийн лавлагаа,

-******* аймгийн ******* сумын Уурхайчин багийн Засаг даргын 2025.12.16-ны өдрийн 436 дугаартай тодорхойлолт,

-Нийслэлийн хүүхдийн 105 дугаар цэцэрлэгийн эрхлэгчийн 2025.12.08-ны өдрийн 09 тоот тодорхойлолт,

-******* аймгийн ******* суман дахь мэргэжлийн боловсролын сургуулийн захирлын 2025.12.18-ны өдрийн 202 дугаартай тодорхойлолт,

-******* аймгийн ******* сумын Цэгцүүлэн дом өрхийн эрүүл мэндийн төвийн даргын 2025.12.15-ны өдрийн 173 дугаартай тодорхойлолт,

-******* аймгийн ******* сумын Ерөнхий боловсролын Тэмүүжин сургуулийн сургалтын менежерийн 2025.12.17-ны өдрийн тодорхойлолт,

-******* аймгийн ******* сумын Ерөнхий боловсролын 4 дүгээр сургуулийн сургалтын менежерийн 2025.12.12-ны өдрийн тодорхойлолт,

-Гэрлэгчдийн гэрлэлтийн баталгааны хуулбар,

-******* аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2024.09.05-ны өдрийн 2024/ЗШ/824 дугаартай шийтгэврийн хуулбар зэрэг баримтууд хэрэгт авагджээ.

Шүүх зохигчийн тайлбар, хэрэгт цугларсан бичгийн баримтыг шинжлэн судлаад 

ҮНДЭСЛЭХ нь:

1.Нэхэмжлэгч Д.Т******* нь хариуцагч Ж.Б*******ад холбогдуулан Гэрлэлт цуцлуулах тухай нэхэмжлэл гаргасан байна.

 

Шүүх нэхэмжлэгч, хариуцагч нарын шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбар, хуульд заасан журмын дагуу гаргаж өгсөн бичмэл баримтуудад тулгуурлан нэхэмжлэлийн шаардлагыг хангах нь зүйтэй гэж дүгнэв. 

2.Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1 дэх хэсэгт зааснаар гэрлэлт цуцлуулах нэхэмжлэл нь шүүхийн харьяалан шийдвэрлэх маргаан байх бөгөөд мөн хуулийн 34 дүгээр зүйлийн 34.1-д зааснаар нэхэмжлэлийг хүлээн авч шийдвэрлэх нь үндэслэлтэй байна. 

3.Нэхэмжлэгч Д.Т*******, хариуцагч Ж.Б******* нар нь 2001 онд танилцаж, 2006 оны 12 сарын 28-ны өдөр албан ёсоор гэрлэлтээ батлуулж гэр бүлийн байдлын гэрлэлтийн бүртгэлийн 9 дугаарт бүртгүүлж гэрилгээ авсан байна. Гэрлэгчдийн дундаас 2007.05.28-ны өдөр хүү Б.*******, 2012.01.30-ны өдөр охин Б.А*******, 2016.09.17-ны өдөр хүү Б.Э*******, 2022.02.21-ний өдөр охин Б.Д******* нар төрсөн болох нь хүүхдүүдийн төрсний гэрчилгээний хуулбараар тогтоогдож байна. 

4.Нэхэмжлэгч Д.Т******* нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ: ...хариуцагч архидан согтуурч, гэр бүлдээ агсам согтуу тавьдаг, сэтгэл санааны дарамтад байлгадаг, зоддог, улмаар баривчлах шийтгэл эдэлж байсан, одоо тус тусдаа амьдарч байгаа, цаашид цаашид хамтран амьдрах боломжгүй болсон гэрлэлтээ цуцлуулж, хүүхдүүдээ харилцан тохиролцсоноор өөр, өөрсдийн асрамжид байлгаж байгаа, хүүхдүүдийн саналыг асуух шаардлагагүй, эд хөрөнгийн маргаангүй... гэж,

Хариуцагч Ж.Б******* нь нэхэмжлэлийн шаардлагатай холбогдуулан ...нэхэмжлэлийг бүхэлд нь хүлээн зөвшөөрч байна, хүүхдүүдийн асрамжийн асуудлыг бид тохиролцсон байгаа, эд хөрөнгийн маргаангүй хэмээн маргааны байр суурь илэрхийлэхгүй байна. 

5.Гэрлэгчдийн гэрлэлтээ цуцлуулах болсон шалтгаан нь зан харилцааны таарамжгүй байдлаас үүдэн маргаан үүсэж, тусдаа амьдарч байгаа, одоог хүртэл эвлэрэн хэлэлцээгүй, цаашид амьдрах боломжгүй болжээ.  

6.Зохигчийн хэн аль нь цаашид хамтын амьдралаа үргэлжлүүлэх боломжгүй гэдгээ илэрхийлсэн, гэр бүлийн харилцаа хөндийрсөн, Гэр бүлийн тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.2-т заасан гэр бүл цуцлахад хориглох шалтгаан байхгүй байх тул шүүхээс мөн хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1 дэх хэсэгт зааснаар гэрлэлт сайн дурын харилцаан дээр үндэслэх зарчим, хэргийн нөхцөл байдлыг харгалзан гэрлэлтийг цуцалж шийдвэрлэв. 

7.Хариуцагч Ж.Б******* 2012.01.30-ны өдөр төрсөн охин Б.А*******, 2016.09.17-ны өдөр төрсөн хүү Б.Э******* нарыг өөрийн асрамжид байлгахаар, нэхэмжлэгч Д.Т******* 2022.02.21-ний өдөр төрсөн охин Б.Дөлгөөн-Эрдэнийг өөрийн асрамжид байлгахаар шийдвэрлэсэн байна. 

8.Шүүхийн шийдвэрээр гэрлэгчдийн гэр бүлийн харилцаа дуусгавар болж байгаа ч эцэг, эх нь үр хүүхдийнхээ өмнө хүлээх үүрэг хариуцлага нь Гэр бүлийн тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.2-т заасан Эцэг, эх гэрлэлтээ цуцлуулсан тохиолдолд хүүхдээ өсгөн бойжуулах, тэжээн тэтгэх, хүмүүжүүлэх үүрэг хэвээр үлдэнэ гэж, Хүүхдийн эрхийг хамгаалах тухай хуулийн 12 дугаар зүйлийн 1-д Эцэг эх, асран хамгаалагч, харгалзан дэмжигч хүүхдийн эрүүл мэндийг хамгаалах, амьдрах эрүүл саруул, аюулгүй орчин бүрдүүлэх, нэн шаардлагатай хоол хүнс, орон байр, хувцас тоглоом, бусад шаардлагатай зүйлээр хангах үүрэг хүлээнэ гэж, энэ хуулийн 12 дугаар зүйлийн 2-т Эцэг эх тусдаа амьдрах болсон, гэрлэлтээ цуцлуулсан нь тэднийг энэ зүйлийн 1 дэх хэсэгт заасан үүргээс чөлөөлөх үндэслэл болохгүй гэж тус тус зааснаар хэвээр хадгалагддаг.

Өөрөөр хэлбэл, зохигчийн хэн аль нь үр хүүхдийнхээ өмнө хэрэгжүүлэх хуульд заасан эрх, үүрэг хэвээр үргэлжлэхийг тайлбарлах нь зүйтэй.

Эцэг Ж.Б*******, эх Д.Т******* нар хүүхдүүдээ хэн хэнийхээ асрамжид үлдээж байгаа бөгөөд зохигчид хүүхдүүдтэйгээ хэдийд ч уулзах эрхтэй бөгөөд хүүхдийн эрх ашигт сөргөөр нөлөөлөхгүй бол хүүхэдтэйгээ уулзахад эцэг, эх хэн алины зүгээс хязгаарлалт тогтоож болохгүй. 

9.Монгол Улсын Үндсэн хуулийн 17 дугаар зүйлийн 2, Гэр бүлийн тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.2.2-т зааснаар эцэг, эх нь үр хүүхдээ асран хамгаалах, тэжээн тэтгэх үүрэгтэй юм.

Зохигчид тусдаа амьдарсан, гэр бүлийн харилцаа хөндийрсөн хэдий ч хуульд заасны дагуу үр хүүхдээ тэжээн тэтгэх үүрэгтэй болохыг тэдэнд сануулах нь зүйтэй.  

10.Зохигчид эд хөрөнгийн болон хүүхдүүдийн тэтгэлэгийн талаар маргаангүй болохоо тус тус илэрхийлсэн.

11.Нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэсэн тухай нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 70,200 төгрөг гаргуулан нэхэмжлэгчид олгох нь зүйтэй.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116, 118, 132 дугаар зүйлийн 132.6-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1.Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1-д зааснаар Халзан овогт Донровын Т*******, Боржигин овогт Жамсрангийн Б******* нарын гэрлэлтийг цуцалсугай.

2.Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.6-д зааснаар 2012 оны 01 дүгээр сарын 30-ны өдөр төрсөн охин Б.А*******, 2016 оны 9 дүгээр сарын 17-ны өдөр төрсөн хүү Б.Э******* нарыг эцэг Ж.Б*******ын, 2022 оны 02 дугаар сарын 21-ний өдөр төрсөн охин Б.Дөлгөөн-Эрдэнийг эх Д.Т*******ын асрамжид үлдээсүгэй.

3.Гэр бүлийн тухай 26 дугаар зүйлийн 26.2-т зааснаар эцэг эх гэрлэлтээ цуцлуулсан хэдий ч хүүхдээ эрүүл чийрэг өсгөж хүмүүжүүлэх, сэтгэхүйн хувьд зан төлвийг төлөвшүүлэх, тэжээн тэтгэх хүүхдээ үндэсний соёл, заншил, уламжлалаа дээдлэх үзлээр хүмүүжүүлэх, суурь боловсрол эзэмшүүлэх, хөдөлмөрийн анхны дадлага олгох зэрэг эцэг, эхийн үүрэг зохигчийн хувьд хэвээр үлдэх болохыг тайлбарлаж, хүүхдийн эрх ашигт сөргөөр нөлөөлөхгүй бол эцэг эхийн хэн нэг нь нөгөөдөө хуулиар хүлээсэн үүрэгт саад учруулахгүй байхыг зохигчид тайлбарласугай.

4.Гэрлэгчид гэр бүлийн дундын эд хөрөнгө болон хүүхдийн тэтгэлэгийн талаар маргаангүй болохыг дурдсугай.

5.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Ж.Б*******аас 70,200 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Д.Т*******т олгосугай.

6.Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.9-д зааснаар шийдвэрийн хувийг хүчин төгөлдөр болсноос хойш ажлын 3 өдрийн дотор гэрлэлтийг бүртгэсэн Иргэний бүртгэлийн байгууллагад хүргүүлэхийг шүүгчийн туслах М.Мөнхцэцэгт даалгасугай.

7.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2-т зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд мөн хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нь уг шийдвэрийг эс зөвшөөрвөл гардаж авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор ******* аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй, зохигчид хуульд заасан хугацааны дотор шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг дурдсугай.

                                        

 

 

ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                   *******