| Шүүх | Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Бямбаа Ариунхишиг |
| Хэргийн индекс | 2509000001006 |
| Дугаар | 2025/ДШМ/1244 |
| Огноо | 2025-10-30 |
| Зүйл хэсэг | 11.4.1., |
| Улсын яллагч | Г.Бат-Оргил /цахимаар/ |
Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2025 оны 10 сарын 30 өдөр
Дугаар 2025/ДШМ/1244
2025 10 30 2025/ДШМ/1244
А.Т-т холбогдох
эрүүгийн хэргийн тухай
Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Ц.Мөнхтулга даргалж, шүүгч Д.Мөнхөө, шүүгч Б.Ариунхишиг нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:
прокурор Г.Бат-Оргил /цахимаар/,
шүүгдэгч А.Т-, түүний өмгөөлөгч Т.Мөнхбадрах,
нарийн бичгийн дарга Б.Пэрэнлэйдулам нарыг оролцуулан,
Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхийн 2025 оны 08 дугаар сарын 27-ны өдрийн 2025/ШЦТ/2024 дугаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч шүүгдэгч А.Т-ийн гаргасан давж заалдах гомдлоор түүнд холбогдох эрүүгийн 2509000001006 дугаартай хэргийг 2025 оны 10 дугаар сарын 21-ний өдөр хүлээн авч, шүүгч Б.Ариунхишигийн илтгэснээр хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Б- овгийн А-гийн Т-, .........., ял шийтгэлгүй. /РД:.........../
Холбогдсон хэргийн талаар:
А.Т- нь согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ 2025 оны 05 дугаар сарын 11-ний өдөр Сүхбаатар дүүргийн 3 дугаар хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “*****” нэртэй бааранд үйлчлүүлж байсан хохирогч Г.Б-тэй хувийн таарамжгүй харилцааны улмаас маргалдаж нүүр хэсэгт нь гараараа цохиж “эрүү ясны зүүн салаа сэртэн дайрсан зөрүүгүй хугарал, хамар ясны баруун хажуу ханын хугарал, зөөлөн эдийн няцрал” бүхий хүндэвтэр хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
Сүхбаатар дүүргийн прокурорын газраас: А.Т-ийн үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.
Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүх: Шүүгдэгч Б- овогт А-гийн Т-ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулсан” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч А.Т-ийг 240 цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ялаар шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч А.Т-т оногдуулсан нийтэд тустай ажил хийлгэх ялыг өдөрт наймаас дээшгүй цагаар тогтоож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч А.Т- нь оногдуулсан нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлээгүй бол нийтэд тустай ажил хийлгэх ялын найман цагийн ажлыг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг сануулж, шүүгдэгч А.Т- нь хохирогчид 423.000 төгрөг, Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газарт 124.000 төгрөгийг тус тус төлсөн, энэ хэрэгтээ цагдан хоригдсон хоноггүй болохыг дурдаж, Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 511 дүгээр зүйлийн 511.3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч А.Т-өөс сэтгэцэд учирсан хохиролд нийт 7.920.000 төгрөгийг гаргуулж хохирогч Г.Б-д олгож, хохирогч Г.Б- нь эмчилгээтэй холбоотой гарах зардал болон ажилгүй байсан хугацааны цалингаа нотлох баримтаа бүрдүүлэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар гэм буруутай этгээдээс жич нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээж шийдвэрлэжээ.
Шүүгдэгч А.Т- давж заалдах гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “.....Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүх шүүгдэгч А.Т- надад Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэхь хэсэгт зааснаар 240 цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ялаар шийтгэж шийдвэрлэсэн. Хохирогч болон гэрч нар архи, согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн байсан. Хохирогчийн буруутай үйл ажиллагаа уг хэрэг гарахад нөлөөлсөн. Миний биед гэмтэл учирсан. Харин шүүх эмнэлгийн 2025 оны 05 дугаар сарын 28-ны өдрийн шинжээчийн дүгнэлтээр гэмтлийн зэрэг тогтоогдоогүй. Миний бие Дархан-Уул аймагт амьдардаг бөгөөд гэмт хэргийн нийгмийн хор аюулыг болон үйлдсэн гэмт үйлдлээ ухамсарлан ойлгож байна. Гэмт хэргийн улмаас учруулсан хохирол, эмчилгээ үйлчилгээний зардлыг төлж барагдуулсан. Эрүүл мэндийн даатгалын хөнгөлөлт авсан зардлыг нөхөн төлж барагдуулсан. Хохирогч хөдөлмөрийн чадвар, санхүүгийн байдал сэтгэл зүйн дэмжлэг шаардлагатай байгааг хангалттай нотолж чадаагүй атал шүүх хүний сэтгэцэд учирсан хор уршгийг тооцохдоо хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 10 дахин нэмэгдүүлж 7.920.000 төгрөг гаргуулахаар шийдвэрлэсэнд гомдолтой байна. Өмнө нь гэмт хэрэгт холбогдож байгаагүй, анх удаа гэмт хэрэгт холбогдсон, хийсэн хэрэгтээ маш их гэмшиж байна. Миний бие хувиараа ажил хөдөлмөр эрхэлдэг. Иймд надад оногдуулсан ялыг торгох ял болгон өөрчлөн шийдвэрлэж өгнө үү. Мөн хүний сэтгэцэд учирсан хор уршгийг тооцохдоо 7.920.000 төгрөг гаргуулахаар шийдвэрлэснийг бууруулан шийдвэрлэж өгнө үү...” гэв.
Шүүгдэгчийн өмгөөлөгч Т.Мөнхбадрах тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Шүүгдэгчийн хувьд анх удаа гэмт хэрэг үйлдсэн, хохирогчийн эмчилгээний зардал, эрүүл мэндийн даатгалын санд төлөх ёстой хохирлыг бүрэн төлж барагдуулсан. Хэдийгээр ял шийтгэл нь цээрлүүлэх зорилго агуулах ч хохирогчийн хохирол төлбөрийг төлж барагдуулах боломжийг олгох ёстой. Анхан шатны шүүх шүүгдэгчид нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулснаар ажил хөдөлмөр эрхэлж, хохирогчийн хохирол төлбөрийг төлөх боломжийг хаасан. Тиймээс нийтэд тустай ажил хийлгэх ялыг хөнгөрүүлж өгнө үү гэсэн агуулга бүхий гомдлыг гаргасан. Хохирогчийн хувьд сэтгэцэд учирсан хохиролтой холбоотой асуудлаа бүрэн нотолж чадаагүй. Шүүх сэтгэцэд учирсан хохиролтой холбоотой прокурорын гаргасан саналаас хэт өндөр дүнгээр тогтоож, нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулсанд гомдолтой байна. Иймд үйлчлүүлэгчийнхээ гомдлыг дэмжиж байна.” гэв.
Прокурор Г.Бат-Оргил тус шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “...Анхан шатны шүүхээс шүүгдэгчид эрүүгийн хариуцлага оногдуулсан болон хохирогчийн сэтгэцэд учирсан хор уршгийг тогтоосон шийдвэр үндэслэл бүхий байх тул шийтгэх тогтоолыг хэвээр үлдээх саналтай байна.” гэв.
1. Хэргийн бүх ажиллагааг хянахад, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн шалгах ажиллагааны үед болон шүүхээр хэрэг хянан шийдвэрлэх явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж хязгаарласан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг зөрчсөн зөрчил тогтоогдсонгүй.
2. Шүүгдэгч А.Т- нь согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ 2025 оны 05 дугаар сарын 11-ний өдөр Сүхбаатар дүүргийн 3 дугаар хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “********” нэртэй бааранд үйлчлүүлж байсан хохирогч Г.Б-тэй хувийн таарамжгүй харилцааны улмаас маргалдаж нүүр хэсэгт нь гараараа цохиж “эрүү ясны зүүн салаа сэртэн дайрсан зөрүүгүй хугарал, хамар ясны баруун хажуу ханын хугарал, зөөлөн эдийн няцрал” бүхий хүндэвтэр хохирол санаатай учруулсан болох нь:
гэмт хэргийн талаарх гомдол хүлээн авсан тэмдэглэл /хх 4/, хяналтын камерын бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх 35-36/,
хохирогч Г.Б-ий “...Би 2025 оны 05 дугаар сарын 11-ний шөнө Сүхбаатар дүүргийн 3 дугаар хороо “*******” нэртэй бааранд 03 цаг 30 минутын орчимд найз Б-, Э-, С- нарын хамт байсан. Текэн дээрээс пиво авах гээд зогсож байтал нэг залуу ирээд цохиод би газар унаад ухаан алдаад нэг минут орчим болсон. Тухайн үед хэдэн хүн байсан, ямар хүн байсныг мэдэхгүй байна. Тэгээд сэрээд гэмтэл орж үзүүлэхэд зүүн талын эрүү хугарсан, зүүн талын 3 дахь араа хугарсан, хамар хугарсан байсан...” /хх 8-9/ гэх мэдүүлэг,
Шүүх шинжилгээний ерөнхий газрын 2025 оны 05 дугаар сарын 19-ний өдрийн 6723 дугаартай шинжээчийн “...Г.Б-ий биед эрүү ясны зүүн салаа сэртэн дайрсан зөрүүгүй хугарал, хамар ясны баруун хажуу ханын хугарал, зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн хоёр удаагийн үйлчлэлээр үүсэх боломжтой шинэ гэмтэл байна. Эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул хүний эрүүл мэндэд учирсан хохирлын зэрэг тогтоох журмын 3.2.1-д зааснаар хохирлын хүндэвтэр зэрэг тогтоогдлоо. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварыг тогтонги алдагдуулахгүй...” /хх 13-14/,
Шүүх шинжилгээний ерөнхий газрын 2025 оны 07 дугаар сарын 02-ны өдрийн 2297 дугаартай шинжээчийн “...Г.Б-ий сэтгэцэд 2025 оны 05 дугаар сарын 11-ний өдрийн шөнө үйлдэгдсэн гэмт хэргээс шалтгаалан гэмтлийн дараах стресст үзүүлэх хариу урвалын шинжүүд илэрч байна. Энэ нь гэмт хэргийн улмаас хүний сэтгэцэд учирсан хор уршгийн хоёрдугаар зэрэглэлд хамаарна” /хх 27-28/ гэх дүгнэлтүүд болон мөрдөн шалгах ажиллагааны явцад хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, анхан шатны шүүхийн шүүх хуралдааны хэлэлцүүлгээр хянан хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар тус тус нотлогдон тогтоогджээ.
3. Хэрэгт авагдсан нотлох баримтуудыг хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн байх ба уг нотлох баримтуудыг үндэслэн шүүгдэгч А.Т-ийг хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсон анхан шатны шүүхийн дүгнэлт хэргийн бодит байдалтай нийцсэн, түүний үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчилсэн нь хууль зүйн үндэслэлтэй, Эрүүгийн хуулийг зөв тайлбарлан хэрэглэжээ.
4. Шүүгдэгч А.Т- нь “...хохирогчийн сэтгэцэд учирсан хор уршгийг тооцохдоо 7.920.000 төгрөг гаргуулахаар шийдвэрлэснийг бууруулж, надад оногдуулсан нийтэд тустай ажил хийлгэх ялыг өөрчилж, торгох ял оногдуулж өгнө үү...” гэсэн агуулга бүхий давж заалдах гомдлыг хүлээн авах хууль зүйн үндэслэлгүй байна.
Тухайлбал, шүүгдэгчид оногдуулах ял шийтгэл нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “...Эрүүгийн хариуцлага нь тухайн хүний үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байна.” гэсэн Эрүүгийн хуулийн шударга ёсны зарчимд нийцэхээс гадна Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “...Эрүүгийн хариуцлагын зорилго нь гэмт хэрэг үйлдсэн хүнийг цээрлүүлэх, ...гэмт хэргээс урьдчилан сэргийлэхэд оршино...” гэсэн эрүүгийн хариуцлагын зорилгыг хангасан байх ёстой.
Шүүх шүүгдэгчийн үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, хувийн байдал зэргийг нь харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан ялын төрөл болох нийтэд тустай ажил хийлгэх ялыг 240 цагийн хугацаагаар оногдуулсан нь хуульд нийцсэн, түүний гэм бурууд тохирсон ял оногдуулсан гэж давж заалдах шатны шүүх үзлээ.
Тодруулбал, шүүх шүүгдэгчид нийтэд тустай ажил хийлгэх ял сонгон оногдуулснаар түүнд ажил хөдөлмөр эрхэлж, хохирогчийн хохирол төлбөрийг төлөх боломжийг хаасан мөн хохирогчийн хувьд сэтгэцэд учирсан хохиролтой холбоотой асуудлаа бүрэн нотолж чадаагүй байхад прокурорын гаргасан саналаас хэт өндөр дүнгээр тогтоож шийдвэрлэсэн гэж үзэх үндэслэлгүй байна.
Өөрөөр хэлбэл, анхан шатны шүүх хохирогч Г.Б-д энэ гэмт хэргийн улмаас сэтгэцэд учирсан гэм хорын хохирлыг хуульд заасан дундаж хэмжээгээр тооцож олгосон нь үндэслэлтэй байна.
Иймд шүүгдэгч А.Т-ийн гаргасан давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгож, Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхийн 2025 оны 08 дугаар сарын 27-ны өдрийн 2025/ШЦТ/2024 дугаар шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж шийдвэрлэв.
1. Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхийн 2025 оны 08 дугаар сарын 27-ны өдрийн 2025/ШЦТ/2024 дугаар шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, шүүгдэгч А.Т-ийн гаргасан давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгосугай.
2. Шүүхийн хууль хэрэглээний зөрүүг арилгах, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, хуулийг Улсын дээд шүүхийн тогтоол, тайлбараас өөрөөр хэрэглэсэн, эрх зүйн шинэ ойлголт, эсхүл хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой гэж үзвэл энэхүү магадлалыг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хэргийн оролцогч хяналтын журмаар гомдол гаргах, прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Ц.МӨНХТУЛГА
ШҮҮГЧ Д.МӨНХӨӨ
ШҮҮГЧ Б.АРИУНХИШИГ