Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2019 оны 12 сарын 06 өдөр

Дугаар 210/МА2019/02049

 

2019 оны 12 сарын 06 өдөр

Дугаар 210/МА2019/02049

 

 

 

                                     ГТ ХЗХ-ны нэхэмжлэлтэй

                                              иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч А.Отгонцэцэг даргалж, шүүгч Т.Туяа, А.Мөнхзул нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

 

Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 09 дүгээр сарын 30-ны өдрийн 101/ШШ2019/02618 дугаар шийдвэртэй, нэхэмжлэгч ГТ ХЗХ-ны хариуцагч Б.Бгоос зээлийн гэрээний үүрэгт 73 016 775 төгрөг гаргуулах нэхэмжлэлтэй хэргийг хариуцагчийн гомдлоор шүүгч А.Мөнхзулын илтгэснээр хянан хэлэлцэв.

 

            Шүүх хуралдаанд нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Ц, Л.Н, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга О.Одонтуяа нар оролцов.

Нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлага болон тайлбарт: ГТ ХЗХ болон Б.Б нарын хооронд 2017 оны 05 дугаар сарын 18-нд ЗГ0410 дугаартай, 2017 оны 05 дугаар сарын 24-нд ЗГ0439 дугаартай, 2017 оны 06 дугаар сарын 09-нд ЗГ0517 дугаартай гэрээ тус тус байгуулсан. Зээлийн гэрээний дагуу 2017 оны 05 дугаар сарын 18-нд 15.0 сая төгрөг, 2017 оны 05 дугаар сарын 24-нд 6.0 сая төгрөг, 2017 оны 06 дугаар сарын 09-нд 8.0 сая төгрөгийг тус тус зээлдэгчийн дансанд шилжүүлснээр гэрээ хүчин төгөлдөр болсон. Зээлдэгч нь 3 гэрээний дагуу 15.0 сая төгрөгийн зээлээс төлөлт хийгээгүй, 8.0 сая төгрөгийн зээлээс 478 100 төгрөгийн үндсэн зээл, 305 753.41 төгрөгийн хүүг төлсөн. 6.0 сая төгрөгийн зээлээс 504 986.29 төгрөгийг тус тус төлсөн. 2019 оны 08 дугаар сарын 16-ны байдлаар ЗГ0410 гэрээний үндсэн төлбөр 15.0 сая төгрөг, хүү 20 219 178 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 3 851 493 төгрөг, нийт 39 070 671 төгрөг болж хуримтлагдсан байна. ЗГ0439 гэрээний үндсэн төлбөрт 5 524 900 төгрөг, хүү 7 125 520 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 1 381 534 төгрөг ба нийт 14 028 955 төгрөг болсон. ЗГ0517 гэрээний үндсэн төлбөрт 8.0 сая, хүү 9 994 520 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 1 922 630 төгрөг, нийт 19 917 150 төгрөг болж хуримтлагдсан. Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 453 дугаар зүйлийн 453.1, Банк эрх бүхий хуулийн этгээдийн мөнгөн хадгаламжийн төлбөр тооцоо зээлийн үйл ажиллагааны тухай хуулийн 24 дүгээр зүйлийн 24.3, талуудын хооронд байгуулагдсан 3 зээлийн гэрээг тус тус үндэслэн хариуцагчаас 73 016 775 төгрөгийг гаргуулж ГТ ХЗХ-ны хохирлыг барагдуулж өгнө үү гэжээ.

                Хариуцагчийн тайлбарт: Нэхэмжлэгчээс зээл авсан нь үнэн, таарч байна. ТЦК ХХК-д 2016 оноос ажиллаад гүйцэтгэх захирал Төөгөө гэх хүнтэй ярилцаж тухайн үед хөшигтийн хөндийд шинэ нисэх онгоцны буудлын хавьцаа хаус барьж байсан. Захирал нь мөнгө хэрэгтэй байна. Зээл авах гэсэн чинь хувь хүн дээр зээл олгоно гэж байна чиний нэр дээр зээл аваад компани төлнө гэж хэлж намайг гуйгаад зээл авсан. Нэхэмжлэгч талаас зээлийн хугацаа хэтэрсэн талаар огт ярьж байгаагүй. Б.Цэрэнчунт гэх хүн бол хэдэн удаа надтай холбогдох гэж оролдсон байдаг. Би мөнгө авч хэрэглээгүй учраас нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

Гуравдагч этгээд “Төгсцэлмүүн констракшн” ХХК-ийн тайлбарт: Хариуцагчийн тайлбарыг дэмжиж байна. Тухайн үед байр зарсан асуудал, машин барьцаанд тавьсан асуудлууд байгаа. Орж ирсэн мөнгийг Төгс амгалан хорооллын барилгын гүйцэтгэлийн ажилд оруулсан. ТЦК ХХК-ийн удирдлагууд энэ зээлийг төлөх талаар албан бичиг өгсөн. Манайх төлбөрөө төлнө гэсэн байр суурьтай байгаа. ГТ ХЗХ-ны зээлийн тухайд бол зээлийг ТЦК ХХК төлнө гэдгийг мэдэж байсан бөгөөд очиж уулзсан гэжээ.

            Шүүх: Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 453 дугаар зүйлийн 453.1-д заасныг баримтлан хариуцагч Б.Бгоос 72 869 520 төгрөг гаргуулж нэхэмжлэгч ГТ ХЗХ-нд олгож, нэхэмжлэлээс 147 247 төгрөгийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 523 033 төгрөгийг улсын орлогод үлдээж, хариуцагч Б.Бгоос 522 297 төгрөг гаргуулж нэхэмжлэгч ГТ ХЗХ-нд олгож шийдвэрлэжээ.

Хариуцагч Б.Бгийн давж заалдах журмаар гаргасан гомдолд: Шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрч байна. Миний бие Гялс төгрөг хадгаламж зээлийн хоршоотой гэрээ байгуулсан хэдий ч ТЦК ХХК-ийн автомашинуудыг барьцаанд тавьж, уг зээлийг тус компани өөрийн үйл ажиллагаандаа хэрэглэсэн. Шүүх хуралдаанд тус компанийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Гялс төгрөг хадгаламж зээлийн хоршооны төлбөрийг манай компани төлнө гэж тодорхой хэлсэн бөгөөд энэхүү төлбөрийг төлөх тухай бидний хооронд байгуулсан гэрээг хэрэгт өгсөн. ГТ ХЗХ-ны зээлийг төлөх үүрэгтэй этгээд нь ТЦК ХХК болно. Иймд анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

Шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж шийдвэрлэв.

Нэхэмжлэгч ГТ ХЗХ-ны үндсэн зээл 28 521 900 төгрөг, хүү 37 339 218 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 7 155 657 төгрөг, нийт 73 016 775 төгрөг гаргуулах нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч Б.Б эс зөвшөөрч, зээлийг захиран зарцуулсан гуравдагч этгээд “Төгсцэлмүүн констракшн” ХХК төлнө гэж маргажээ.

ГТ ХЗХ нь Б.Бтой 2017 оны 05 дугаар сарын 18-ны өдөр 15 000 000 төгрөг, 2017 оны 06 дугаар сарын 09-ний өдөр 8 000 000 төгрөг, 2017 оны 05 дугаар сарын 24-ний өдөр 6 000 000 төгрөгийг сар тутамд 5 хувийн хүүтэй, 12 сарын хугацаатай зээлдүүлэх, үүргийн гүйцэтгэлд 87-53 УНТ улсын дугаартай Ниссан икс трэйл маркийн автомашин, 17-72 УНЗ улсын дугаартай Бенз Е320 маркийн автомашин, 62-75 УББ улсын дугаартай Рэнж ровер маркийн автомашиныг барьцаалахаар харилцан тохиролцон зээлийн болон барьцааны гэрээ байгуулсан байх бөгөөд зээлдүүлэгч нь зээлдэгчид нийт 28 562 700 төгрөг шилжүүлэн өгчээ. Шүүх талуудын хооронд Банк эрх бүхий хуулийн этгээдийн мөнгөн хадгаламж, төлбөр тооцоо, зээлийн үйл ажиллагааны тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.4, Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 156 дугаар зүйлийн 156.1 дэх хэсэгт зээлийн болон барьцааны гэрээний харилцаа үүссэн гэж үзсэн нь үндэслэлтэй. /хх6-7, 10-11,14-19, 22-23, 25-32, 37-39/

Дээрх 3 гэрээний хугацаа 2018 оны 05 дугаар сарын 18-ны өдөр, 2018 оны 06 дугаар сарын 09-ний өдөр, 2018 оны 05 дугаар сарын 24-ний өдрүүдэд тус тус дууссан бөгөөд зээлдэгч 6 000 000 төгрөгийн гэрээний үүрэгт нийт 783 853 төгрөг, 8 000 000 төгрөгийн гэрээний үүрэгт нийт 504 986 төгрөг төлж, 15 000 000 төгрөгийн гэрээний үүрэгт ямар нэгэн төлбөр хийгээгүй байна.

Шүүх хэргийн нөхцөл байдлыг тал бүрээс нь харьцуулан дүгнэж үзээгүйгээс талуудын гэрээний дагуу гүйцэтгэвэл зохих үүргийн хэмжээг үндэслэл муутай тодорхойлсон байна. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 166 дугаар зүйлийн 166.4 дэх хэсэгт зааснаар давж заалдах шатны шүүх зөвхөн гомдолд дурьдсан үндэслэлээр хязгаарлалгүй хэргийг бүхэлд нь хянан үзэж хариуцагчийн гүйцэтгэх төлбөрийн дүнг тогтоов.   

Зээлдэгч үндсэн зээл, түүний хүүг тогтоосон хуваарийн дагуу төлөөгүй, үүргийн зөрчил үүссэн үед зээлдүүлэгч үүргээ гүйцэтгэхийг шаардах эрхтэй байхад гэрээний хугацаа дууссанаас хойш 1 жил 2 сарын  дараа үндсэн хугацаа буюу 12 сарын хүүнээс гадна, хэтэрсэн 14 сарын  хугацааны хүүг нэмэгдүүлсэн хүүгийн хамт шаардаж байгаа нь Хадгаламж, зээлийн хоршооны тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.6, 4.1.8-д заасан хоршооны гишүүдийн нийтлэг эрх ашгийн төлөө санаа тавих, санхүүгийн тогтвортой байдлыг хангах тухай хадгаламж зээлийн хоршооны үйл ажиллагааны зарчимд нийцээгүй байна.

Зээлдэгч 3 удаагийн гэрээний үндсэн дээр нийт 28 562 700 төгрөг зээлдэн 12 сарын энэ хугацаанд 1 288 839 төгрөг буцаан төлж, үүргээ зохих ёсоор гүйцэтгэх боломжгүй байгаа нь тодорхой байхад гэрээний дагуу зээлийн зарцуулалт, ашиглалт, эргэн төлөлтөд хяналт тавихгүй, зээлийг зориулалтын дагуу ашиглаагүй, гэрээний үүргийг зөрчсөн тохиолдолд зээлийг хугацаанаас нь өмнө төлөхийг шаардалгүй 1 жил 2 сарын дараа үндсэн зээл, гэрээт хугацааны хүү, хэтэрсэн хугацааны хүү, нэмэгдүүлсэн хүүд нийт 73 016 775 төгрөг нэхэмжилсэн нь үндэслэлгүй байна.

Гэрээний хугацаа сунгах талаар зээлдэгч хүсэлт гаргаж байсан нь баримтаар нотлогдоогүй байхын зэрэгцээ гэрээний зүйлийг гуравдагч этгээд авч ашигласныг зээлдүүлэгч мэдэж байсан гэх гуравдагч этгээдийн тайлбарыг нэхэмжлэгч баримтаар няцаагаагүй тул үндсэн зээл, гэрээний хугацаанд төлөгдөх хүүг нэмэгдүүлсэн хүүгийн хамт зээлдэгчээс гаргуулж хэтэрсэн хугацааны хүүг нэмэгдүүлсэн хүүгийн хамт шаардсаныг хэрэгсэхгүй болгов.

Хариуцагч нь 2017 оны 05 дугаар сарын 18-ны өдрийн 15 000 000 төгрөгийн зээлийн гэрээний дагуу үндсэн зээл 14 702 700 төгрөг, хүү 8 821 620 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 1 764 324 төгрөг, нийт 25 288 644 төгрөг, 2017 оны 05 дугаар сарын 24-ний өдрийн 6 000 000 төгрөгийн зээлийн гэрээний дагуу үндсэн зээл 5 940 000 төгрөг, хүү 3 564 000 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 712 800 төгрөг, нийт 10 216 800 төгрөг, 2017 оны 06 дугаар сарын 09-ний өдрийн 8 000 000 төгрөгийн гэрээний дагуу үндсэн зээл 7 920 000 төгрөг, хүү 4 752 000 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 950 400 төгрөг, нийт 13 622 400 төгрөг төлөхөөр байна. Үүнээс хариуцагчийн төлсөн 1 288 839 төгрөгийг хасч нийт 47 839 005 төгрөгийг гаргуулах үндэслэлтэй байна.

Хариуцагчийн “гэрээний зүйлийг ТЦК ХХК захиран зарцуулсан тул  мөнгөн төлбөрийн үүргийг хариуцна” гэсэн гомдол үндэслэлгүй. Зээлийн гэрээ нэхэмжлэгч, хариуцагч нарын хооронд байгуулагдаж, нэхэмжлэгч гэрээний зүйлийг хариуцагчид хүлээлгэн өгсөн байх тул нэхэмжлэгч Иргэний хуулийн 186 дугаар зүйлийн 186.1 дэх хэсэгт зааснаар үүргийг хариуцагчаас шаардах эрхтэй.

Дээр дурдсан үндэслэлээр шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулав.  

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2-т заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

 

  1. Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 10 дугаар сарын 30-ны өдрийн 101/ШШ2019/02618 дугаар шийдвэрийн тогтоох хэсгийн 1 дэх заалтын “72 869 520” гэснийг “47 839 005” гэж, тогтоох хэсгийн 2 дахь заалтын “522 297 гэснийг “397 145” гэж өөрчилж,  шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээсүгэй.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3 дахь хэсэгт зааснаар давж заалдах гомдол гаргахдаа хариуцагчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 535 000 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

 

 

 

 

                              ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                      А.ОТГОНЦЭЦЭГ

 

                                                ШҮҮГЧИД                     Т.ТУЯА

 

                                                                                       А.МӨНХЗУЛ