| Шүүх | Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Нямжавын Баярмаа |
| Хэргийн индекс | 2408 04661 1094 |
| Дугаар | 2025/ДШМ/1208 |
| Огноо | 2025-10-15 |
| Зүйл хэсэг | 17.3.1., |
| Улсын яллагч | Б.Гантулга |
Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2025 оны 10 сарын 15 өдөр
Дугаар 2025/ДШМ/1208
2025 10 15 2025/ДШМ/1208
Ц.М-д холбогдох эрүүгийн
хэргийн тухай
Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Г.Мөнхтулга даргалж, шүүгч Л.Дарьсүрэн, шүүгч Н.Баярмаа нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:
прокурор Б.Гантулга
шүүгдэгч Ц.М- /цахимаар/, түүний өмгөөлөгч М.Цэдэнпунцаг
нарийн бичгийн дарга Б.Ням-Учрал нарыг оролцуулан,
Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхийн шүүгч Г.Энхцэцэг даргалж хийсэн шүүх хуралдааны 2025 оны 8 дугаар сарын 21-ний өдрийн 2025/ШЦТ/2011 дугаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч шүүгдэгч Ц.М-, түүний өмгөөлөгч М.Цэдэнпунцаг нарын давж заалдах шатны шүүхэд гаргасан гомдолд тус тус үндэслэн Ц.М-д холбогдох 2408 04661 1094 дугаартай эрүүгийн хэргийг 2025 оны 10 дугаар сарын 01-ний өдөр хүлээн авч, шүүгч Н.Баярмаа илтгэснээр хянан хэлэлцэв.
Б- овогт Ц-ийн М-, ......, ял шийтгэлгүй, /РД: ........../,
Шүүгдэгч Ц.М- нь хохирогч А.О-ээс 2024 оны 10 дугаар сарын 10-ны өдрөөс 11 дүгээр сарын 15-ны өдрийг хүртэлх хугацаанд цахим орчинд "Оne Х Bet" мөрийтэй тоглоомын сайтад мөрий тавьж бооцоотой тоглоом тоглох зорилгоор “аппликейшны зээл хаагаад өгье” хэмээн хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгон, бодит байдлыг нуух замаар хохирогчийг төөрөгдөлд оруулж, 119 удаагийн үйлдлээр нийт 25,393,000 төгрөгийг өөрийн төрсөн эх болох П.Ц-ийн эзэмшлийн “ХААН” банкны **** тоот данс руу шилжүүлэн авч залилж, хохирогчид үлэмж хэмжээний хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
Сонгинохайрхан дүүргийн прокурорын газар: Ц.М-гийн үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.
Шүүгдэгч Ц.М- давж заалдах шатны шүүхэд гаргасан гомдол болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Би О-ийг хуурч мөнгийг нь авъя гэсэн санаа байгаагүй, түр зээлээд буцаагаад өгье гэсэн боловч нэг дор төлөх боломжгүй болсон. Би бага багаар төлж байсан боловч энэ оны 4 дүгээр сарын 20-ноос хойш төлөлт маань тасалдсан. Учир нь ээжийн маань бие муудаад цалингаа ээждээ зарцуулсан. Ээж, эгч нартай энэ хэргийн талаар хэлээгүй хоригдсон бөгөөд тэд хохирлыг бүрэн төлж барагдуулсан. Хийсэн буруу үйлдэлдээ харамсаж байна. Хорих ялыг өөрчилж зорчих эрх хязгаарлах ялаар сольж өгнө үү…” гэв.
Шүүгдэгчийн өмгөөлөгч М.Цэдэнпунцаг давж заалдах шатны шүүхэд гаргасан гомдол болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Ц.М- нь гэм буруугаа хүлээн зөвшөөрч, өөрийн гэмт үйлдэлээ үнэн санаанаасаа гэмшиж байгаа, хохирлоо нөхөн төлөхөө илэрхийлэн анхан шатны шүүх хуралдаан орсон, анх удаа хөнгөн гэмт хэрэг үйлдсэн зэрэг хувийн байдлыг харгалзан үзэж Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7-р зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтад заасныг хэрэглэн түүнд хорихоос өөр төрлийн ял сонгон оногдуулж өгнө үү...” гэв.
Прокурор Б.Гантулга тус шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “...шүүгдэгч гомдолдоо “...хохирогчид учруулсан хохирол, төлбөрийг бүрэн төлж барагдуулсан...” гэж дурдсан байгаа боловч бүрэн төлж барагдуулаагүй. Анхан шатны шүүхээс шүүгдэгчид оногдуулсан эрүүгийн хариуцлага нь түүний үйлдсэн гэмт хэрэг гэмт хэрэгтээ хандаж буй хандлага, хувийн байдал, учруулсан хохирол хор уршигт тохирсон гэж прокурорын зүгээс үзэж байна. Иймд анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж өгнө үү...” гэв.
ТОДОРХОЙЛОХ нь:
Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Ц.М-д холбогдох эрүүгийн хэргийг хянан хэлэлцэхдээ хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг хэрэгт цугларсан нотлох баримтуудад үндэслэж, шүүгдэгч, түүний өмгөөлөгч нарын гаргасан давж заалдах гомдолд заасан асуудлаар хязгаарлахгүйгээр бүхэлд нь хянав.
1. Ц.М- нь иргэн А.О-ээс 2024 оны 10 дугаар сарын 10-ны өдрөөс 11 дүгээр сарын 15-ны өдрийг хүртэлх хугацаанд цахим орчинд "Оne Х Bet" мөрийтэй тоглоомын сайтад мөрий тавьж бооцоотой тоглоом тоглох зорилгоор аппликейшны зээл хаагаад өгье хэмээн хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгон, бодит байдлыг нуух замаар хохирогчийг төөрөгдөлд оруулж, 119 удаагийн үйлдлээр нийт 25,393,000 төгрөгийг өөрийн төрсөн эх болох П.Ц-ийн эзэмшлийн “ХААН” банкны **** тоот данс руу шилжүүлэн авч залилж, хохирогчид үлэмж хэмжээний хохирол учруулсан болох нь:
- гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /хх 9/,
- хохирогч А.О-ийн: “...Би М- гэх залуутай 2023 оны 10 сард танилцаад харьцаж байгаад 2024 оны 10 дугаарын 10-наас тухайн М- гэх найз надад мөнгөний хэрэг гараад байна би апплэйкшин зээл дараад буцаагаад апплэйкшин зээл аваад өгье гээд над руу чат бичээд гуйгаад байхаар нь би тухайн М-гийн Хаан банкны 575***423 тоот данс руу 2024 оны 10 дугаар сарын 10-ний өдрөөс 2024 оны 11 дүгээр сарын 15-ны өдрийг хүртэл цувуулаад нийт 27,190,000 төгрөг өгсөн. Тэгээд тухайн залуу хааяа миний Хаан банкны 501***874 тоот данс руу 4,760,000 төгрөг буцаагаад цувуулаад явуулсан тэгээд сүүлийн мөнгөө өгөхгүй миний зээл болохгүй байна гээд байхаар нь би өгөхгүй бол цагдаад хандана гээд цагдаад өгсөн. Би тухайн залууг танина өмнө нь 10 дугаар сарын 22-ний өдөр уулзаж байсан.../хх 13/…тухайн дансыг манай ээжийнх гэж хэлсэн. Анх 2024 оны 10 сарын 10-ны өдөр Ц.М- нь надад хандаж би апплэкэйшний зээлээ хаах хэрэгтэй байна гээд надаас 450,000 төгрөг аваад буцаагаад 600,000 төгрөг шилжүүлж байсан. Тухайн үед би М-д мөнгө өгөх юм бол буцаагаад өгчих юм байна гэж бодож байсан. 2024 оны 10 сарын 14-ний өдөр надад би таньдаг ахаараа хадгаламж барьцаалсан зээл авхуулах гэж байгаа юм. Миний дансанд “евро” мөнгөөр хадгалсан мөнгө байгаа, би тухайн мөнгөө Монгол мөнгө рүү шилжүүлэх гэсэн боловч надад мөнгө хэрэгтэй байна гэж хэлээд надаас мөнгө авч байсан. 2024 оны 10 сарын 25-ны өдөр би Сонгинохайрхан дүүргийн 21 дүгээр хороо Партизанд байдаг газрынхаа бичгийг банк бус санхүүгийн байгууллагад тавиад чиний мөнгийг өгье гэж хэлээд надаас мөнгө авч байсан. Мөн надад банкны эдийн засагчтай холбогдсон, би банкны ажилтантай холбогдож байна гэж надад хэлж "Facebook" чатаар харилцсан хүмүүсээ "Screenshot" хийж харуулдаг байсан ба одоо мөнгө өгвөл зээл бүтэх гээд байна, би чиний мөнгийг өгөх гээд байна гэх зэргээр надаас мөнгө авдаг байсан. 2024 оны 10 сарын 10-ны өдрөөс 11 сарын 15-ны өдөр хүртэл Ц. М- гэгчид нийт 27,358,000 мянган төгрөг өгч залилуулсан бөгөөд М- миний шилжүүлсэн мөнгөнөөс надад буцааж 4,760,000 төгрөг над руу буцааж хийсэн. Би Ц. М- гэгчээс үлдэгдэл мөнгө буюу 24,390,000 нэхэмжилж байна…/хх 15-19/...дансны үлдэгдэл 30.000.000 төгрөг болчихвол барилт цуцалж гүйлгээ хийж болно гэхээр нь мөнгөө авах зорилгоор М- руу мөнгө шилжүүлж байсан. Сэтгэцэд учирсан хохирол нэхэмжлэхгүй... /хх 21-22/...М-гаас 19.383.000 төгрөг нэхэмжилж байна...” /хх 24/,
- гэрч П.Ц-ийн: “...олон жилийн өмнө 5755***423 тоот дансыг нээлгэж байсан ба энэ дансыг хүү М- ашигладаг болохоор орлого, зарлагыг мэдэхгүй...” /хх 26/,
- шүүгдэгч Ц.М-гийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...2023 оны 11 дүгээр сараас хойш фэйсбүүкээр чатлаад байдаг байсан. 2024 оны 10 дугаар сараас надад мөнгөний хэрэг гараад чи надад мөнгө зээлэх боломж байна уу гээд О- ч за гээд би тухайн үед тохиролцоод мөнгө зээлээд хэд хонуулаад зээлсэн мөнгөнөөсөө буцаагаад өгчихдөг байсан. Би тухайн үед апплэйкшинаас мөнгө авчихсан байсан тэгээд тухайн зээлээ дараад зээлдэг байсан. Би хаан банкны **** тоот ээжийн данс болон Пүрэвсүрэн овогтой Ц- гэх дансаар авч байсан. Бид хоёр найзын харилцаатай.../хх 28/…цахим орчинд "Опе X Bet" буюу спорт дээр ялах багийг нь тааварлаж бооцоо тавьж мөнгөө өсгөж хэд хэдэн удаа авч байсан бөгөөд 2024 оны 10 сарын 10-ны өдөр О- надаас чатаар мөнгөний хэрэг гараад байна чамд зээлэх мөнгө байна уу гэж асуухаар нь би зээлийн аппликейшн дээр өрөө дарж байж нэмж мөнгө зээлэх боломжтой гэтэл О- надаас аппликейшний өр чинь хэд юм, дарчихвал нэмээд хэд гарах боломжтой юм уу? гэхээр нь би үзье гээд надад 450.000 төгрөг шилжүүлчих гээд өөрийн ашиглаж байсан 575***423 тоот дугаарын дансыг явуултал О- над руу 450.000 төгрөг шилжүүлсэн. Тухайн мөнгөөр нь би аппликейшний өр дарахгүй "One X Bet" дээр бооцоо тавьж мөнгөө өсгөж аваад О-т буцаагаад 600.000 төгрөг шилжүүлсэн. Тэрнээс хойш би О-ээс “мөнгө байвал зээлээч аппликейшний зээлээ дараад буцаагаад аваад өгье” гээд мөнгө аваад "Опе Х Bet" дээр бооцоо тавьж байсан. Зарим үед бооцоо тавиад хожсон үедээ О-т мөнгө шилжүүлж байсан. Тэгээд О-ээс олон удаа дансаар мөнгө авч байсан. Миний авсан мөнгө нь ойролцоогоор 27-28 сая төгрөг болсон байх. Би О-ээс апплекейшний зээлээ дараад буцаагаад өгье гээд авч байсан.
Тухайн үед би О-ээс аппликейшний зээл дарна гэж авсан мөнгөө "One X Bet" дээр бооцоо тавиад алдаад байсан тул уур хүрээд дахин дахин бооцоо тавиад байсан бөгөөд сүүлдээ О-т 22.000.000 төгрөгийн үлдэгдэлтэй дансны хуулга явуулаад миний дансанд барилт хийгдсэн байна, үлдэгдэлийг мөнгө нэмж хийгээд 25.000.000 төгрөг болгочихвол миний дансны барилт цуцлагдана тэгээд би чамаас авсан мөнгөнүүдээ буцаан шилжүүлэх гээд байна гэж чат бичсэн. Тэгтэл О- над руу өдөрт олсон мөнгөө шилжүүлж байсан тул 6-8 удаагийн гүйлгээ О-ээс над руу орж байсан байх. Тухайн үед надад 22.000.000 төгрөгийн үлдэгдэлтэй барилт хийгдсэн данс байгаагүй…” /хх 33-35, 146-148/,
- эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх 37/,
- Ц.М-гийн иргэний үнэмлэх, гэрлэсний бүртгэлгүй, иргэний оршин суугаа газрын хаягийн бүртгэл, жолоочийн лавлагаа, мэдээлэл, автотээврийн хэрэгсэл эзэмших, өмчлөх эрхийн лавлагаанууд /хх 41-45/,
- А.О-ийн Хаан банкны депозит дансны дэлгэрэнгүй хуулга /хх 47-54/, хуулганд үзлэг хийсэн тэмдэглэл /хх 55-62/,
- П.Ц-ийн 575***423 тоот Хаан банкны депозит дансны хуулга /хх 64-103/, хуулганд үзлэг хийсэн тэмдэглэл /хх 104-118/ зэрэг нотлох баримтуудаар нотлогдон тогтоогджээ.
2. Мөрдөн шалгах ажиллагааны явцад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих асуудлуудыг хангалттай шалгаж тодруулсан, хэрэгт авагдсан нотлох баримтын хүрээнд шүүгдэгч Ц.М-д холбогдох хэргийг эцэслэн шийдвэрлэсэн нь үндэслэлтэй байх бөгөөд хэргийн үйл баримтыг тогтооход үндэслэл болсон нотлох баримтуудыг цуглуулах, бэхжүүлэх, үнэлэх шатанд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг зөрчсөн зөрчил тогтоогдсонгүй.
Хэрэгт авагдаж, шүүхийн хэлэлцүүлгээр шинжлэн судлагдсан нотлох баримтуудад үндэслэж шүүгдэгч Ц.М-г зохиомол байдлыг зориудаар бий болгох, бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж, эзэмшигч, өмчлөгчийн эд хөрөнгийг шилжүүлэн авч залилах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсон нь хэргийн бодит байдалд нийцсэн, түүний үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчилж Эрүүгийн хуулийг зөв тайлбарлан хэрэглэсэн байх ба шүүгдэгч болон түүний өмгөөлөгч нар хэргийн үйл баримт, зүйлчлэлтэй маргаагүй болно.
3. Шүүгдэгч Ц.М-, түүний өмгөөлөгч М.Цэдэнпунцаг нараас... Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7-р зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтад заасныг хэрэглэн түүнд хорихоос өөр төрлийн ял сонгон оногдуулж өгнө үү...гэсэн агуулга бүхий гомдлыг давж заалдах шатны шүүхэд гаргасныг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн үзлээ.
Учир нь, шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.3 дугаар зүйлийн 1, 2, 6.1 дүгээр зүйлийн 1, 2 дахь хэсэгт заасан үндэслэл, журмын хүрээнд шүүгдэгчийн үйлдсэн гэмт хэрэг, гэм буруугийн хэлбэр, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, нийгмийн аюулын буюу учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, хэр хэмжээ, шүүгдэгчийн хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдал зэргийг бүх талаас нь харгалзаж, Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан төрөл, хэмжээний дотор эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэл, шалгууртай байдаг.
Тус эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд харгалзах шалгуур, шаардлагыг нотолж буй баримт, талуудын санал, дүгнэлтийг харьцуулан шалгаж, үнэлэх замаар ялын төрөл, хэмжээг хэрхэн оногдуулах нь шүүхэд олгогдсон эрх хэмжээний асуудалд хамаарна.
Анхан шатны шүүхийн шүүгдэгчид хүлээлгэх эрүүгийн хариуцлагын талаар хийсэн...гэмт хэрэг үйлдэгдсэн нөхцөл байдал, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж, учирсан хохирол, хор уршгийн хэр хэмжээ, үйлдлийн арга, давтамж...зэргийг харгалзан шүүгдэгч Ц.М-д үргэлжилсэн үйлдлээр Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 6 /зургаа/ сарын хугацаагаар хорих ял шийтгэсэн...” нь хэргийн жинхэнэ байдалд нийцсэн, үндэслэл бүхий байна гэж үзлээ.
Нөгөөтэйгүүр шүүгдэгчийн өмгөөлөгчөөс тус шүүх хуралдаанд ...хохирогч А.О-т 10.000.000 төгрөг төлсөн тухай Хаан банкны дансны хуулга болон үлдэгдэл 9.383.000 төгрөгийг 10 дугаар сарын 20-ноос эхлэн сар бүрийн 20-н гэхэд төлж дуусгахаар тохиролцов. Надад гомдол санал байхгүй...баримтыг гаргаж өгсөн нь түүний ялыг хөнгөрүүлэх хууль зүйн үндэслэл биш болно.
Дүгнэхэд, шүүхээс оногдуулсан ял нь шүүгдэгчийн үйлдсэн гэмт хэргийнх нь төлөө хуульд заасан ялын төрөл, хэмжээнд нийцүүлэн цээрлэл үзүүлэхийн зэрэгцээ, дахин гэмт хэрэг үйлдэхээс урьдчилан сэргийлэх зорилгод чиглэдэг бөгөөд шүүгдэгчийн хүсэл сонирхол, амьдралын нөхцөл, боломжид нийцүүлж ял оногдуулдаггүй тул шүүгдэгчид хохироос өөр төрлийн ял оногдуулах хууль зүйн үндэслэл тогтоогдохгүй байна гэж дүгнэв.
Мөн Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлд заасан хорих ялыг хөнгөрүүлэх, хорих ялаас чөлөөлөх, албадлагын арга хэмжээ хэрэглэх зохицуулалт нь шүүхэд үүрэг болгосон заавал хэрэглэх хэм хэмжээ биш болохыг дурдах нь зүйтэй.
Өөрөөр хэлбэл, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлд заасан болзол, шаардлагыг хангасан шүүгдэгчид хүлээлгэх эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, эрүүгийн хариуцлагаас чөлөөлөх зохицуулалт нь заавал хэрэглэхээр шүүхэд үүрэг хүлээлгэсэн шинжтэй хэм хэмжээ биш харин шүүх эрх хэмжээнийхээ хүрээнд, дотоод итгэлдээ тулгуурлан хэрэглэхээр эрх олгосон хэм хэмжээ юм.
Шүүхээс оногдуулсан ял нь шүүгдэгчийн үйлдсэн гэмт хэргийнх нь төлөө хуульд заасан ялын төрөл, хэмжээнд нийцүүлэн цээрлэл үзүүлэхийн зэрэгцээ, дахин гэмт хэрэг үйлдэхээс урьдчилан сэргийлэх зорилгод чиглэдэг бөгөөд шүүгдэгчийн хүсэл сонирхол, амьдралын нөхцөл, боломжид нийцүүлж ял оногдуулдаггүй тул шүүгдэгчид оногдуулсан ялыг хөнгөрүүлэх хууль зүйн үндэслэл тогтоогдоогүй болно.
Иймд шүүгдэгч, түүний өмгөөлөгчөөс гаргасан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлд заасан зохицуулалтыг хэрэглэх талаар гаргасан гомдлыг хүлээн авах үндэслэлгүй байна.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Ц.М-гийн 2025 оны 8 дугаар сарын 21-ний өдрөөс 2025 оны 10 дугаар сарын 15-ны өдрийг хүртэл нийт 55 /тавин тав/ хоног цагдан хоригдсоныг ял эдлэх хугацаанд нь оруулан тооцохыг, мөн шүүгдэгч нь хохиролд 10.000.000 төгрөг төлсөн болохыг дурдаж байна.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтыг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхийн 2025 оны 8 дугаар сарын 21-ний өдрийн 2025/ШЦТ/2011 дугаар шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, шүүгдэгч Ц.М-, түүний өмгөөлөгч М.Цэдэнпунцаг нарын гаргасан давж заалдах гомдлуудыг хэрэгсэхгүй болгосугай.
2. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Ц.М-гийн цагдан хоригдсон 55 /тавин тав/ хоногийг ял эдлэх хугацаанд нь оруулан тооцон, шүүгдэгч Ц.М- хохирогч А.О-т 10.000.000 сая төгрөг төлсөн болохыг дурдсугай.
3. Анхан болон давж заалдах шатны шүүхийн хууль хэрэглээний зөрүүг арилгах, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, хуулийг Улсын дээд шүүхийн тогтоол, тайлбараас өөрөөр хэрэглэсэн, эрх зүйн шинэ ойлголт, эсхүл хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой гэж үзвэл энэхүү магадлалыг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хэргийн оролцогч хяналтын журмаар гомдол гаргах, прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Г.МӨНХТУЛГА
ШҮҮГЧ Л.ДАРЬСҮРЭН
ШҮҮГЧ Н.БАЯРМАА