Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2018 оны 07 сарын 25 өдөр

Дугаар 221/МА2018/0421

 

2018 оны 07 сарын 25 өдөр

Дугаар 221/МА2018/0421      

       Улаанбаатар хот

 

 

“П м” ХХК-ийн нэхэмжлэлтэй

захиргааны хэргийн тухай

 

Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Г.Билгүүн даргалж, шүүгч Э.Халиунбаяр, шүүгч Д.Баатархүү нарын бүрэлдэхүүнтэй, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Н.Өнө-Эрдэнэ, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Т.Б, Т.Т, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.С, Б.Д, өмгөөлөгч Ц.Э нарыг оролцуулан Хэнтий аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 03 дугаар сарын 30-ны өдрийн 127/ШШ2018/0006 дугаар шийдвэрийг эс зөвшөөрч хариуцагчийн давж заалдах гомдлоор, “П м” ХХК-ийн нэхэмжлэлтэй, Хэнтий аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн хуралд холбогдох захиргааны хэргийг шүүгч Д.Баатархүүгийн илтгэснээр хянан хэлэлцэв.

ТОДОРХОЙЛОХ нь:

Хэнтий аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 03 дугаар сарын 30-ны өдрийн 127/ШШ2018/0006 дугаар шийдвэрээр: Захиргааны ерөнхий хуулийн 26 дугаар зүйлийн 26.1, 27 дугаар зүйлийн 27.1, Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 19 дүгээр зүйлийн 19.1, Ашигт малтмалын тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.1, Газрын тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.1.5, 25.5, Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хуулийн 28 дугаар зүйлийн 28.2 дахь хэсгүүдэд заасныг тус тус баримтлан Хэнтий аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2017 оны 05 дугаар сарын 05-ны өдрийн “Газар нутгийг Улсын тусгай хамгаалалтад оруулах тухай” №03 дугаартай тогтоолын 1 дэх хэсгийн хавсралтад заасан “Гутай орчмын газрын Батширээт, Биндэр сумын зураглалаас “П м” ХХК-ийн талбайд холбогдох хэсгийг хүчингүй болгож шийдвэрлэжээ.

Хариуцагчаас давж заалдах гомдолдоо: “аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2017 оны 05 дугаар сарын 05-ны өдрийн 03 дугаар тогтоол нь “Г Д” ХХК-тай холбоотой асуудлыг хэлэлцэж шийдвэр гаргасан, тус компани нь ашигт малтмал олборлох эрхгүй хайгуулын тусгай зөвшөөрөлтэй хуулийн этгээд юм. Гэтэл уг компани нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад 2008 оны 3 дугаар сарын 5-нд /РД5205107/ байгуулагдсан “П м” ХХК-ийн нэрээр нэрээ өөрчилсөн гэх бөгөөд “Пегматит майнинг” ХХК-ийн дүрэмд “Г д” ХХК-ийн тамга дарагдсан, Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 32 дугаар зүйлийн “32.1.Хэргийг хянан шийдвэрлэхэд ач холбогдол бүхий нотлох баримтыг цуглуулах үүргийг захиргааны хэргийн шүүх гүйцэтгэнэ” гэж заасан ба шүүх “П м” ХХК-ийн лавлагаа мэдээллийг Улсын бүртгэлийн газраас авч нотлох баримтын үнэн эсэхийг магадлалгүйгээр зөвхөн нэхэмжлэгчийн гаргасан хүсэлтийн дагуу “эрх залгамжилсан шийдвэр” гаргасан нь буруу юм. Иймд “П м” ХХК нь “Г д” ХХК-ийн эрх залгамжилж шүүхэд нэхэмжлэгчийн эрх эдлэх эрхгүй юм.

Шүүх үндэслэх хэсгийн 2-т “... Тухайлбал Хэнтий аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал нь 2017 оны 05 дугаар сарын 05-ны өдрийн 03 тоот тогтоолоороо “П М” ХХК-ийн ашиглалтын тусгай зөвшөөрөл бүхий талбайг хамруулан “...байгалийн нөөц газрын ангиллаар Улсын тусгай хамгаалалтад оруулах санал уламжлах” тухай шийдвэр гаргахдаа холбогдох газрын албанаас газар нутгийг тусгай хамгаалалтад авахтай холбоотой газар зохион байгуулалтын бэлтгэл ажлыг хангуулж, судалгаа дүгнэлт хийлгүүлж, санал боловсруулан Засаг даргад танилцуулах журмыг мөрдөөгүй байна” гэжээ.

Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хуулийн 28 дугаар зүйлийн 28.3-т “нутаг дэвсгэрийнхээ тодорхой хэсгийг орон нутгийн хамгаалалтад авах тухай шийдвэр гаргах, түүний хилийн зааг, хамгаалалтын горимыг тогтоох” , Газрын тухай хуулийн 20.1.3.тухайн шатны Засаг даргын өргөн мэдүүлснийг үндэслэн газрыг аймаг, нийслэл, сумын тусгай хэрэгцээнд авах, түүний хэмжээ, зааг, ашиглах журмыг тогтоох; гэж тус тус заасан орон нутгийн хамгаалалтад авах эрх зүйн зохицуулалт юм.

Ашигт малтмалын тухай хуулийн 12 дугаар зүйлд Нутгийн захиргааны болон өөрөө удирдах байгууллагын бүрэн эрх дурдаж өгсөн бөгөөд ...12.1.4. Газрын тухай хуульд заасан үндэслэл, журмын дагуу тодорхой газрыг орон нутгийн тусгай хэрэгцээнд авах шийдвэр гаргах, 12.1.5. Газрын тухай хуулийн 16.1.11-д заасан зориулалтаар олгохоор сонгосон газрын талаар энэ хуулийн 11.1.23-д заасан дүгнэлт гаргуулах тухай хүсэлтийг төрийн захиргааны байгууллагад тавьж шийдвэрлүүлэх гэсэн бүрэн эрхийг тусгаж өгсөн. Аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2017 оны 5 дугаар сарын 5-ны өдрийн 03 тоот тогтоол нь орон нутгийн тусгай хэрэгцээнд биш Улс тусгай хамгаалалтад авах тухай санал юм.

Газар тухай хуулийн 24 дүгээр зүйлийн 24.1.Газар зохион байгуулалт нь газрын тухай хууль тогтоомжийг хэрэгжүүлэх, газрын кадастр эрхлэх, газрыг үр ашигтай, зохистой ашиглах, хамгаалах, нөхөн сэргээх, газрын эдийн засгийн чадавхи, нөөцийг нэмэгдүүлэх, газар зүйн болон газрын харилцааны таатай орчин бүрдүүлэх зорилго бүхий цогцолбор арга хэмжээ мөн гэж тодорхойлсон ба 25 дугаар зүйлд Газар зохион байгуулалтын үндсэн баримт бичгүүд, тэдгээрт тавигдах шаардлагын талаарх эрхийн дурдсан бөгөөд 25.1.5-д шинээр хот суурин байгуулах, атар газар эзэмших, тусгай хамгаалалттай газар нутгийг бий болгох, томоохон үйлдвэр, уурхай, зам, шугам сүлжээ, бүс нутгийг хамарсан олон улсын төсөл, арга хэмжээг хэрэгжүүлэх газар болон чөлөөт бүс байгуулахтай холбогдсон схем, техник эдийн засгийн үндэслэл, газар зохион байгуулалтын зураг, төслүүд; тусгана гэж заасан ба шүүх үндэслэх хэсэгтээ иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын бүрэн эрхэд хамаарахгүй хуулийн заалтыг удирдлага болгосон.

Иргэдийн төлөөлөгчдийн хурал нь Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хуулийн 28 дугаар зүйлийн 28.2-т заасан өөрийн бүрэн эрхээ хэрэгжүүлж/....Батширээт, Биндэр нутгийг хамарсан Гутайн орчмын газар нутгийг / Улсын тусгай хамгаалалтад оруулах санал уламжлахдаа Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хуулийн 28 дугаар зүйлийн 28.3, Газрын тухай хуулийн 20 1.3 заалтыг зөрчсөн гэж үзсэн хуульзүйн үндэслэлгүй байна.

Монгол Улсын Засаг захиргаа нутаг дэвсгэрийн нэгж түүний удирдлагын тухай хуулийн 24 дүгээр зүйл. Хуралд асуудал оруулах эрхийг хуульчилсан бөгөөд “24.1. Хурлын Тэргүүлэгчид, хороо, түүнчлэн Төлөөлөгч, тухайн нэгжийн Засаг дарга асуудал санаачлан Хуралд хэлэлцүүлэхээр оруулах эрхтэй” гэж заасны дагуу Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хуулийн 28.2-т заасны дагуу Биндэр, Дадал, Норовлин сумд аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хуралд / дээд шатны хурал / саналаа уламжилж, аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлаас Засгийн газарт уламжилсан.

Захиргааны Ерөнхий хуулийн “37 дугаар зүйл. Захиргааны акт: 37.1.3ахиргааны акт гэж захиргааны байгууллагаас зөрчил шалган шийдвэрлэх ажиллагаанаас бусад тодорхой нэг тохиолдлыг зохицуулахаар нийтийн эрх зүйн хүрээнд гадагш чиглэсэн, эрх зүйн шууд үр дагавар бий болгосон амаар, бичгээр гаргасан захирамжилсан шийдвэр болон үйл ажиллагааг ойлгоно” гэж заасан байдаг.

Мөн Шүүх Захиргааны хэрэг үүсгэхдээ захиргааны актын шинжийг агуулаагүй шийдвэрийг эс зөвшөөрч нэхэмжлэлийг хүлээн авч шийдвэрлэсэн нь буруу юм.

Монгол Улсын Засгийн Газарт уламжилж буй саналыг үндэслэн Байгаль орчин, аялал жуулчлалын яам судалгаа хийхээр сонгон шалгаруулалт зарлаад байгааг эрх ашиг нь зөрчигдсөн гэх нэхэмжлэгч шүүх хуралдаанд тайлбарладаг. Улсын тусгай хамгаалалтад авах санал нь засгийн газрын хэмжээнд судалгааны төвшинд байгаа, Улсын Их хурлаар хэлэлцэгдэж шийдвэр эцэслэн гараагүй байна.

Энэ бүгдээс үзвэл Хэнтий аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2017 оны 5 дугаар сарын 5-ны өдрийн 03 тоот тогтоол нэхэмжлэгчийн эрх хууль ёсны ашиг сонирхлыг хөндөөгүй болох нь харагдана.

5. Шүүх тогтоох хэсэгтээ Монгол Улсын Засаг Захиргаа нутаг дэвсгэрийн нэгж түүний удирдлагын тухай хуулийн 19 дүгээр зүйлийн 19.1-д заасныг удирдлага болгосон ба Монгол Улсын Засаг Захиргаа нутаг дэвсгэрийн нэгж түүний удирдлагын тухай хуулийн 19 дүгээр зүйлд. “Аймаг, нийслэлийн Хурлын бүрэн эрхийн тухай дурьдсан ба 19.1.Аймаг, нийслэлийн Хурал нь харьяалах нутаг дэвсгэртээ энэ хуулийн 18 дугаар зүйлд зааснаас гадна дараахь бүрэн эрхийг хэрэгжүүлнэ, ...18.1.2.нутаг дэвсгэрийн эдийн засаг, нийгмийн хөгжлийн талаар: к/нутаг дэвсгэрийнхээ тодорхой хэсгийг орон нутгийн тусгай хамгаалалтад авах тухай Засаг даргын саналыг хэлэлцэн шийдвэрлэх;” гэж аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2017 оны 05 дугаар сарын 05-ны өдрийн 03 тоот тогтоол нь орон нутгийн тусгай хамгаалалтад биш Улсын тусгай хамгаалалтад оруулах санал юм.

Шүүх шийдвэр гаргахдаа дээр тайлбарласанчлан Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 19 дүгээр зүйлийн 19.1, Ашигт малтмалын тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.1, Газрын тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.1 дэх хэсгийг буюу хуулийг буруу баримталсан байна.

Иймд Хэнтий аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 03 дугаар сарын 30-ны өдрийн 127/ШШ2018/ дугаар шийдвэрийг хүчингүй болгож өгнө үү” гэжээ.

ХЯНАВАЛ:

Анхан шатны шүүх захиргааны хэргийн шүүхийн харьяаллын бус нэхэмжлэлийг хүлээн авч хэрэг үүсгэж, шийдвэрлэсэн байх тул шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг хэрэгсэхгүй болгон нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзаж шийдвэрлэлээ.

Нэхэмжлэгч “П м” ХХК-аас Хэнтий аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2017 оны 05 дугаар сарын 05-ны өдрийн “Газар нутгийг Улсын тусгай хамгаалалтад оруулах санал уламжлах тухай” 03 дугаар тогтоолыг хүчингүй болгуулах” шаардлага бүхий нэхэмжлэл гаргажээ.

Хэнтий аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын тавдугаар хуралдааны 2017 оны 05 дугаар сарын 05-ны өдрийн 03 дугаар тогтоолоор Хэнтий аймгийн Батширээт, Биндэр сумын хил дамнасан “Гутайн” орчмын газрыг байгалийн нөөц газрын ангиллаар Улсын тусгай хамгаалалтад авах газрын хилийн цэс, үндэслэлийг баталж, уг газар нутгийг Улсын тусгай хамгаалалтад хамруулах санал дүгнэлтийг Засгийн газарт уламжлахыг аймгийн Засаг даргад даалгажээ.

Нэхэмжлэгчээс “манай компанийн тусгай зөвшөөрөл бүхий талбайг улсын тусгай хамгаалалтад авахуулах шийдвэрийг аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлаас гаргасан нь компанийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчсөн” хэмээн нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ тодорхойлсон байна.

Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хуулийн 25 дугаар зүйлд тусгай хамгаалалттай газар нутгийн талаарх Улсын Их Хурлын бүрэн эрхийг хуульчилж, мөн зүйлийн 2-т “Засгийн газрын өргөн мэдүүлснээр газар нутгийг тусгай хамгаалалтад авах тухай шийдвэр гаргах, эдгээр газрыг улсын тусгай хамгаалалттай газар нутгийн тодорхой ангилалд хамааруулах, дархан цаазат болон байгалийн цогцолборт газрын хилийн заагийг батлах, өөрчлөх”, гэж, мөн хуулийн 26 дугаар зүйлийн 6-д “байгалийн нөөц газрын болон дурсгалт газрын хилийн заагийг тогтоох” эрх нь Засгийн газрын бүрэн эрхэд хамаарахаар тус тус зааснаас үзэхэд мөн хуулийн 3 дугаар зүйлийн 1-ийн 3-т заасан “байгалийн нөөц газрыг” тусгай хамгаалалтад авах эсэх асуудлыг Засгийн газрын бүрэн эрхийн хүрээнд шийдвэрлэхээр, Засгийн газрын өргөн мэдүүлснээр газар нутгийг тусгай хамгаалалтад авах асуудлыг Улсын Их Хурал бүрэн эрхийн хүрээнд шийдвэрлэхээр тус тус хуульчилсан.

Энэ тохиолдолд хариуцагч Хэнтий аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлаас Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хуулийн хуулийн 28 дугаар зүйлийн 2-т “нутаг дэвсгэрийнхээ тодорхой хэсгийг улсын тусгай хамгаалалтад авах тухай саналыг дээд шатны иргэдийн Төлөөлөгчдийн Хурал буюу Засгийн газарт уламжлах” гэж заасны дагуу аймгийн Засаг даргаар дамжуулан нутаг дэвсгэрийнхээ тодорхой хэсгийг тусгай хамгаалалтад авах саналыг эрх бүхий этгээд буюу Засгийн газарт хүргүүлсэн байна.

Хэнтий аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 03 дугаар тогтоол нь тухайн газрыг орон нутгийн тусгай хэрэгцээнд авах шийдвэр биш, харин байгалийн нөөц газрын ангиллаар улсын тусгай хамгаалалтад авах тухай санал бөгөөд Захиргааны ерөнхий хуулийн 37 дугаар зүйлийн 37.1-д заасан нийтийн эрх зүйн гадагш чиглэсэн, эрх зүйн шууд үр дагавар бий болгосон захирамжилсан шинжийг агуулаагүйгээс гадна үйлчлэлийн хувьд нутгийн өөрөө удирдах байгууллагаас эрх бүхий этгээдэд шийдвэр гаргуулахаар санал уламжилсан дотогшоо чиглэсэн шинжтэй байх тул уг тогтоолыг Захиргааны ерөнхий хуулийн 37 дугаар зүйлийн 37.1-д заасан захиргааны акт гэж үзэхгүй.

Иймд Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 54 дүгээр зүйлийн 54.1-д “Шүүгч дараахь тохиолдолд нэхэмжлэл хүлээн авахаас татгалзана”, 54 дүгээр зүйлийн 54.1.1-д “захиргааны хэргийн шүүхийн харьяаллын бус”, мөн хуулийн 109 дүгээр зүйлийн 109.2-т “Энэ хуулийн 54.1-д заасан үндэслэл хэргийг хянан шийдвэрлэх явцад, эсхүл шүүх хуралдааны үед тогтоогдвол шүүгч шүүх бүрэлдэхүүн хэргийг хэрэгсэхгүй болгож, нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзана” гэж заасны дагуу анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэгч “П м” ХХК-аас Хэнтий аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2017 оны 05 дугаар сарын 05-ны өдрийн “Газар нутгийг Улсын тусгай хамгаалалтад оруулах санал уламжлах тухай” 03 дугаар тогтоолыг хүчингүй болгуулах” шаардлага бүхий нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзаж, Хэнтий аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хуралд холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн үзэв.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 121 дүгээр зүйлийн 121.1.3 дахь хэсгийг удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Хэнтий аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 03 дугаар сарын 30-ны өдрийн 127/ШШ2018/0005 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 54 дүгээр зүйлийн 54.1.1, 109 дүгээр зүйлийн 109.2-т заасныг тус тус баримтлан “П м” ХХК-ийн нэхэмжлэлтэй, Хэнтий аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хуралд холбогдох захиргааны хэргийг хэрэгсэхгүй болгож, Хэнтий аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2017 оны 05 дугаар сарын 05-ны өдрийн “Газар нутгийг Улсын тусгай хамгаалалтанд оруулах санал уламжлах тухай” 03 дугаар тогтоолыг хүчингүй болгуулах” шаардлага бүхий нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзаж, хариуцагчийн давж заалдах гомдлыг хангасугай.

2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 50 дугаар зүйлийн 50.1, 50.3-д заасныг баримтлан нэхэмжлэгчээс нэхэмжлэл гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70.200 төгрөгийг улсын орлогоос буцаан олгож, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3 дахь хэсэгт зааснаар хариуцагч улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурдсугай.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.5 дахь хэсэгт зааснаар давж заалдах шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн, хууль буруу хэрэглэсэн гэж нэхэмжлэгч, хариуцагч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч үзвэл магадлалыг гардан авсан эсхүл хүргүүлсэн өдрөөс хойш 14 хоногийн дотор Улсын дээд шүүхийн Захиргааны хэргийн танхимд хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй.

ШҮҮГЧ                                                Г.БИЛГҮҮН

ШҮҮГЧ                                                Э.ХАЛИУНБАЯР

ШҮҮГЧ                                                Д.БААТАРХҮҮ