Улсын дээд шүүхийн Тогтоол

2020 оны 07 сарын 01 өдөр

Дугаар 275

 

“КБ” ХХК дахь Банкны эрх хүлээн авагчийн нэхэмжлэлтэй,

ДГА-ийн ЗҮ сумын ЗД-д холбогдох захиргааны  хэргийн тухай

       Монгол Улсын Дээд шүүхийн хяналтын шатны захиргааны хэргийн шүүх хуралдааны бүрэлдэхүүн:

       Даргалагч, шүүгч:          Ч.Тунгалаг

       Шүүгчид:                        Б.Мөнхтуяа

                                              Д.Мөнхтуяа

                                              П.Соёл-Эрдэнэ

       Илтгэгч шүүгч:               Г.Банзрагч

       Нарийн бичгийн дарга: Т.Даваажаргал

Нэхэмжлэлийн шаардлага: “ДГА-ийн ЗҮ сумын ЗД-н 2019 оны 08 дугаар сарын 01-ний өдрийн “Газар эзэмших эрх цуцлах тухай” А/261 дүгээр захирамжийг хүчингүй болгуулах”  

Дорноговь аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 01 дүгээр сарын 13-ны өдрийн 115/ШШ2020/0002 дугаар шийдвэр,

Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020 оны 03 дугаар сарын 18-ны өдрийн 194 дүгээр магадлал,

Шүүх хуралдаанд оролцогч: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Г, Н.Г, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ж.Б нарыг оролцуулж,

Хариуцагчийн хяналтын журмаар гаргасан гомдлыг үндэслэн хэргийг хянан хэлэлцэв.

ТОДОРХОЙЛОХ нь:

       Өмнөх шатны шүүхийн шийдвэр

1. Дорноговь аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 01 дүгээр сарын 13-ны өдрийн 115/ШШ2020/0002 дугаар шийдвэрээр: Газрын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.6, 40.2, 39 дүгээр зүйлийн 39.1, 39.1.2 дахь зүйлд заасныг баримтлан “КБ” ХХК дахь Банкны эрх хүлээн авагчийн ДГА-ийн ЗҮ сумын ЗД-д холбогдуулан гаргасан, тус Засаг даргын 2019 оны 08 дугаар сарын 01-ний өдрийн “Газар эзэмших эрх цуцлах тухай” А/261 дүгээр захирамжийг хүчингүй болгох шаардлага бүхий нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэжээ.

2. Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020 оны 03 дугаар сарын 18-ны өдрийн 194 дүгээр магадлалаар: Дорноговь аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 01 дүгээр сарын 12-ны өдрийн 02 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, Газрын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.6, 61 дүгээр зүйлийн 61.1 дэх хэсэгт заасныг баримтлан “КБ” ХХК дахь Банкны эрх хүлээн авагчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж, ДГА-ийн ЗҮ сумын ЗД-н 2019 оны 08 дугаар сарын 01-ний өдрийн А/261 дүгээр захирамжийг хүчингүй болгож, нэхэмжлэгч “КБ” ХХК дахь Банкны эрх хүлээн авагч М.А-ийн давж заалдах гомдлыг хангасан.

Хяналтын журмаар гаргасан гомдол

3. Засаг даргын 2008 оны А/73 дугаар захирамжаар КБ-инд зочид буудал, үйлчилгээний зориулалттай 1 га газрыг 15 жилийн хугацаатай гэрчилгээ олгож гэрээ байгуулсан. Уг гэрчилгээнд дагалдах гэрээг жил бүр дүгнэж үүргээ биелүүлээгүй тухай бүрт газар эзэмших эрхийг цуцалж арга хэмжээ авсан байдаг.

4. Сумын Засаг даргын 2019 оны А/11 дүгээр захирамжаар газар эзэмших гэрээний хэрэгжилтэд хяналт тавих ажлын хэсэг байгуулж уг ажлын хэсгээс КБны гэрээг дүгнэж Газрын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.6, 40.2 дахь заалт, Захиргааны ерөнхий хуулийн 27 дугаар зүйлийг үндэслэн газар эзэмших эрхийг цуцлах явцад Монголбанкны Ерөнхийлөгчийн 2019 оны А-97 дугаар тушаалаар КБийг татан буулгах шийдвэр гарсан шалтгаанаар КБны эрх хүлээн авагчаас сумын Засаг даргын “Газар эзэмших эрх цуцлах тухай” 2019 оны А/261 дүгээр захирамжийг хүчингүй болгуулах нэхэмжлэлийг Захиргааны хэргийн анхан шатны шүүхэд гаргасан.

5. Захиргааны хэргийн анхан шатны шүүхээс цугларсан нотлох баримтын хүрээнд ДГА-ийн ЗҮ сумын ЗД-н 2019 оны “Газар эзэмших эрх цуцлах тухай” А/261 дүгээр захирамжийг хүчингүй болгуулах нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь үндэслэлтэй.

6. Иймд Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020 оны 03 дугаар сарын 18-ны өдрийн 194 дүгээр магадлалыг хүчингүй болгож, Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 01 дүгээр сарын 13-ны өдрийн 115/ШШ2020/0002 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

7. Анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэсэн давж заалдах шатны шүүхийн магадлал хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байна.

8. Нэхэмжлэгч “КБ” ХХК-ийн эрх хүлээн авагчаас тус банкны “Газар эзэмших эрхийг цуцлах тухай” ДГА-ийн ЗҮ сумын ЗД-н 2019 оны 08 дугаар сарын 01-ний өдрийн А/261 дүгээр захирамжийг хүчингүй болгуулахаар нэхэмжлэл гаргасан байх бөгөөд эрх хүлээн авагч нь маргаан бүхий акттай холбогдуулж нэхэмжлэл гаргах эрхтэй талаар анхан болон давж заалдах шатны шүүх зөв дүгнэжээ.

9. Харин анхан шатны шүүх нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэхдээ хэргийн үйл баримт болон маргаан бүхий актын хууль зүйн үндэслэлийн талаар “... захиргааны байгууллагын зүгээс газар эзэмшигч “КБ” ХХК-тай газар эзэмших гэрээ байгуулж, дүгнээгүй байдлаас үндэслэн газар эзэмшигчийн хувьд тухайн газрыг “хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр гэрээнд заасан зориулалтын дагуу тухайн газраа 2 жил дараалан ашиглаагүй” гэж үзэх нөхцөл байдал тогтоогдоогүй байхад тус компанийн газар эзэмших эрхийн гэрчилгээг хүчингүй болгож шийдвэрлэсэн нь Газрын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2-т “Энэ хуулийн 40.1-д заасан үндэслэл тогтоогдвол... сум, ...ийн Засаг дарга эрхийн гэрчилгээг хүчингүй болгосон захирамж гаргаж, ...” гэж заасныг зөрчсөн байх бөгөөд тухайн асуудалтай холбогдуулан нэхэмжлэгчээс газар эзэмшүүлэх гэрээ байгуулж, дүгнээгүй атлаа Газрын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.6-д зааснаар газар эзэмших эрхийн гэрчилгээг хүчингүй болгосон нь үндэслэлгүй...” гэж зөв дүгнэсэн атлаа “... “КБ” ХХК-ийг татан буулгасан эрх бүхий этгээдийн шийдвэр гарсан тул Газрын тухай хуулийн 39 дүгээр зүйлийн 39.1.2-т “...газар эзэмшигч аж ахуйн нэгж, байгууллага татан буугдсан” тохиолдолд газар эзэмших эрх дуусгавар болох тул маргаан бүхий актыг хүчингүй болгосноор тус банкны газар ашиглах эрх сэргээгдэх боломжгүй...” гэсэн нь үндэслэлгүй талаарх давж заалдах шатны шүүхийн дүгнэлт зөв байна.

10. Тодруулбал, Банкны тухай хуулийн 68 дугаар зүйлд зааснаар Монголбанкнаас /арилжааны/ банк татан буулгах шийдвэр гаргаж, эрх хүлээн авагч томилсон тохиолдолд тухай эрх хүлээн авагч нь банк, түүний эрх бүхий албан тушаалтны бүрэн эрх болон банкны хөрөнгийг захиран зарцуулах эрхтэй байх бөгөөд банкны активыг төлүүлэх, өр төлбөрийг барагдуулж, нэхэмжлэгчдийн шаардлагыг хангах, орлогыг хуваарилах зэрэг чиг үүргийг /Банкны тухай хуулийн 69.1-д заасан бүрэн эрхийг/ хэрэгжүүлэх юм. Өөрөөр хэлбэл, банк татан буулгах шийдвэр гарсан ч тухайн банкны хөрөнгө, түүнийг удирдах эрх нь эрх хүлээн авагчид шилжих тул “КБ татан буугдсан тул түүний газар эзэмших эрх шууд дуусгавар болно” гэж үзэхгүй юм.  

11. Түүнчлэн, газар түүнийг өмчлөх, эзэмших, ашиглах эрх нь аливаа этгээдийн /хүн, хуулийн этгээдийн/ хувьд эд хөрөнгө буюу хөрөнгөөр үнэлэгдэх эрх тул “КБ” ХХК-ны анх дуудлага худалдаагаар авсан газар эзэмших эрхийг тус компанийн хөрөнгө биш гэж үзэхгүй бөгөөд банкны эрх хүлээн авагч нь уг эрхийг зориулалтаар нь хуульд заасан журмын дагуу бусдад шилжүүлэх боломжтой.

12. Иймээс “Монголбанкны Ерөнхийлөгчийн 2019 оны 04 дүгээр сарын 08-ны өдрийн А-96 дугаар тушаалаар “КБ” ХХК-ийг татан буулгаж, мөн өдрийн А-97 дугаар тушаалаар “КБ” ХХК дахь банкны эрх хүлээн авагчаар М.Адилбишийг 1 жилийн хугацаатайгаар томилсон байхад анхан шатны шүүх Газрын тухай хуулийн 39 дүгээр зүйлийн 39.1 дэх хэсэгт заасныг буруу тайлбарлан хэрэглэсэн...” гэж үзэн нэхэмжлэлийг бүхэлд нь хангасан давж заалдах шатны шүүхийн шийдэл зөв юм.

13. Дээр дурдсан үндэслэлээр шүүх бүрэлдэхүүн “анхан шатны шүүх үндэслэлтэй шийдвэр гаргасан тул давж заалдах шатны шүүхийн магадлалыг хүчингүй болгож өгнө үү” /Тодорхойлох хэсгийн 3-6/ гэсэн хариуцагчийн хяналтын журмаар гаргасан гомдлыг хангалгүй орхиж, давж заалдах шатны шүүхийн магадлалыг хэвээр үлдээхээр тогтов.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 127 дугаар зүйлийн 127.1, 127.2.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020 оны 03 дугаар сарын 18-ны өдрийн 194 дүгээр магадлалыг хэвээр үлдээж, хариуцагчийн хяналтын журмаар гаргасан гомдлыг хангахгүй орхисугай.

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3-т зааснаар хариуцагч тэмдэгтийн хураамж төлөөгүйг дурдсугай.

 

                        ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                                Ч.ТУНГАЛАГ

                       ШҮҮГЧ                                                                      Г.БАНЗРАГЧ