Хэнтий аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2026 оны 01 сарын 29 өдөр

Дугаар 321/ШШ2026/00082

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС 

 

 

Хэнтий аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч ******* даргалж, тус шүүхийн Б танхимд хийсэн шүүх хуралдаанаар хүсэлт гаргагч ******* ХК-иас Иргэний эрх зүйн маргаанд хариуцагчаар оролцвол зохих этгээд Д.Н*******ыг эрэн сурвалжлуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд шүүх хуралдааны нарийн бичгийн дарга С.О*******, хүсэлт гаргагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Ж******* нарыг оролцуулан хэргийг хянан шийдвэрлэсэн болно.

ТОДОРХОЙЛОХ нь:

Хүсэлт гаргагч ******* ХК-ийн шүүхэд гаргасан нэхэмжлэл болон хүсэлт гаргагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч тайлбартаа: ...Д.Н******* /РД: С*******/ нь *******тай 2024.09.11-ний өдөр 1040092324 дугаартай зээлийн гэрээ байгуулан 14,521,000 төгрөгийг жилийн 18 хувийн хүүтэй, 30 сарын хугацаатайгаар өрхийн хэрэглээний зориулалтаар авсан. Зээлдэгч нь *******тай байгуулсан 1040092324 тоот дугаартай зээлийн гэрээгээр хүлээсэн үүргээ зөрчиж зээлийн төлбөрийг 2025.09.25-ны өдрөөс хойш төлөлгүй, өргөдөл гаргах өдрийн байдлаар 102 хоног хугацаа хэтрүүлж зээлийн гэрээний үүргээ ноцтой зөрчиж байна. Иймд Доржбаасангийн Н*******ын оршин суугаа хаягийг тогтоолгохоор эрэн сурвалжлуулах шийдвэр гаргаж өгнө үү гэжээ.

ҮНДЭСЛЭХ нь:

1.Шүүхээс хүсэлтэд хавсаргаж өгсөн дараах нотлох баримтыг шинжлэн судлав.

 1.1.******* ХК-ийн хуулийн этгээдийн улсын бүртгэлийн гэрчилгээний нотариатаар баталгаажуулсан хуулбар (хх-ийн 05 дахь тал),

1.2.2024 оны 9 дүгээр сарын 11-ний өдрийн 1040092324 дугаартай зээлийн гэрээний нотариатаар баталгаажуулсан хуулбар (хх-ийн 09-13 дахь тал),

1.3.Иргэний үнэмлэхийн цахим лавлагаа (хх-ийн 15 дахь тал) зэрэг баримтууд цугларсан байна.

 2.Шүүх хэрэгт цугларсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтыг шинжлэн судлаад дараах дүгнэлтийг гаргасан болно.

 2.1.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 133 дугаар зүйлийн 133.1.9-д нэхэмжлэгчээс гаргасан хүсэлтийн дагуу хариуцагчийг эрэн сурвалжлах ажиллагаа нь хуульд заасны дагуу онцгой ажиллагааны журмаар хянан шийдвэрлэхээр байна.

Мөн хуулийн 155.2-т Энэ хуулийн 155.1-д заасан хүсэлтийг гаргагч өөрийн оршин суугаа газрын шүүхэд гаргана гэж зааснаар хүсэлт гаргагч ******* ХК-ийн Хэнтий аймаг дахь салбар нь хариуцагчийг эрэн сурвалжлах тухай хүсэлтийг өөрийн оршин суугаа газрын шүүх буюу Хэнтий аймаг дахь сум дундын анхан шатны шүүхэд гаргасан нь шүүхийн харьяалал зөрчөөгүй.

2.2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1-д Монгол Улсын хууль, Монгол Улсын нэгдэн орсон олон улсын гэрээнд заасан хүний эрх, эрх чөлөө, хууль ёсны ашиг сонирхлоо зөрчигдсөн гэж үзэж байгаа аливаа этгээд уг эрхээ хамгаалуулахаар энэ хуульд заасан журмын дагуу шүүхэд нэхэмжлэл, хүсэлт, гомдол гаргах хэлбэрээр мэдүүлэх эрхтэй гэж заасан.

Хүсэлт гаргагч ******* ХК нь иргэний эрх зүйн маргаанд хариуцагчаар оролцвол зохих этгээд болох Д.Н*******ын оршин байрлах газар нь мэдэгдэхгүй учраас шүүхэд мэдүүлэх эрхээ хэрэгжүүлэх боломжгүй нөхцөл байдлаас үүдэн түүнийг эрэн сурвалжлуулахаар шүүхэд хүсэлт гаргажээ.

Тодруулбал, хүсэлт гаргагч ******* ХК нь Д.Н*******т зээлийн гэрээний үүрэгт тохирох мөнгийг гаргуулахаар шүүхэд мэдүүлэх эрхээ хэрэгжүүлэх гэтэл хариуцагчийн оршин суугаа газар тодорхойгүй гэх шалтгаанаар түүнийг эрэн сурвалжлуулах үндэслэл бий болсон хэмээн хүсэлтийн үндэслэлээ тайлбарлажээ.

2.3.Хүсэлт гаргагч ******* ХК-ийн Д.Н*******ыг иргэний эрх зүйн маргааны хариуцагч хэмээн тодорхойлж хүсэлтээ гаргасан тул түүний хүсэлтийг хүлээн авч, иргэний эрх зүйн маргаанд хариуцагчаар оролцвол зохих этгээд Цэгмид ургийн овогт Доржбаасангийн Н******* /РД:С*******/-г эрэн сурвалжилж, түүний оршин суугаа хаягийг нь олж тогтоох ажиллагааг явуулах нь зүйтэй гэж дүгнэлээ.

2.4.Хариуцагчаар оролцвол зохих этгээдийг эрэн сурвалжлах, түүний оршин суугаа газрыг тогтоох ажиллагааг шүүхийн шийдвэрийн дагуу Хэнтий аймгийн Цагдаагийн газар гүйцэтгэж, хариуцагчийн хаягийг олж тогтоосон тухай хүсэлт гаргагчид мэдэгдэх нь зүйтэй.

2.5.Нэхэмжлэлийн шаардлагыг хангасан тул хүсэлт гаргагчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод үлдээж шийдвэрлэв.

 Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118, 133 дугаар зүйлийн 133.1.9, 155 дахь зүйлд тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1.Иргэний эрх зүйн маргаанд хариуцагчаар оролцвол зохих этгээд болох Цэгмид ургийн овогт Доржбаасангийн Н******* /РД:С*******/-г эрэн сурвалжилсугай.

2.Хариуцагч Д.Н*******ыг эрэн сурвалжилж, түүний оршин байрлаж буй хаягийг тогтоон, хүсэлт гаргагч ******* ХК-д мэдэгдэхийг Хэнтий аймгийн Цагдаагийн газарт даалгасугай.

3.Эрэн сурвалжлагдсан Д.Н*******той холбоотой баримтыг хуулбарлаж, шүүхийн шийдвэрийн хамт Хэнтий аймгийн Цагдаагийн газарт хүргүүлэхийг шүүгчийн туслах Б.Б*******д үүрэг болгосугай.

4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т зааснаар хүсэлт гаргагчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

5.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2-т зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд мөн хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нь уг шийдвэрийг эс зөвшөөрвөл гардаж авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Хэнтий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй, зохигч хуульд заасан хугацааны дотор шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг дурдсугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                              *******