| Шүүх | Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Азуйсэдийн Мөнхзул |
| Хэргийн индекс | 184/2019/01939/И |
| Дугаар | 210/МА2019/02047 |
| Огноо | 2019-12-06 |
| Маргааны төрөл | Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулиар бусад, |
Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2019 оны 12 сарын 06 өдөр
Дугаар 210/МА2019/02047
С.Дын нэхэмжлэлтэй
иргэний хэргийн тухай
Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч А.Отгонцэцэг даргалж, шүүгч Т.Туяа, А.Мөнхзул нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар
Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 10 дугаар сарын 17-ны өдрийн 184/ШШ2019/02664 дүгээр шийдвэртэй, нэхэмжлэгч С.Дын хариуцагч НШШГГт холбогдох 2019 оны 03 дугаар сарын 15-ны өдрийн 2 дахь албадан дуудлага худалдааг хүчингүй болгуулах тухай нэхэмжлэлтэй хэргийг нэхэмжлэгчийн гомдлоор шүүгч А.Мөнхзулын илтгэснээр хянан хэлэлцэв.
Нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлага болон тайлбарт: Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газраас Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 03 дугаар сарын 03-ны 475 дугаартай шийдвэрийн дагуу иргэн С.Даас 89 932 800 төгрөг гаргуулж, “Эко капитал” ББСБ-д олгохоор шийдвэр гүйцэтгэлийн ажиллагаа явуулж байгаа бөгөөд шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагаа хуулийн дагуу явагдаагүйгээс төлбөр төлөгч миний хуулиар олгогдсон эрх, ашиг сонирхол удаа дараа зөрчигдөж байна. Шүүхийн шийдвэр гүйцэтгэгч нь миний өмчлөлийн Сонгинохайрхан дүүргийн 15 дугаар хороо, 20 дугаар байр, 165 тоотод байрлах, 40 м.кв талбайтай орон сууцыг 2019 оны 03 дугаар сарын 15-ны өдөр хоёр дахь албадан дуудлага худалдаанд оруулах тухай мэдэгдлийг надад 2019 оны 03 дугаар сарын 08-ны өдөр мэдэгдсэн. Уг мэдэгдэлд 2019 оны 02 дугаар сарын 15-ны өдөр явуулсан анхны дуудлага худалдааг хүчингүйд тооцсон, мөн хоёр дахь дуудлага худалдааг явуулах тухай дурдсан байдаг. Анхны дуудлага худалдааг хүчингүйд тооцсон атлаа шууд хоёр дахь дуудлага худалдаа зарлан явуулж байгаа нь Иргэний хуулийн 177 дугаар зүйл, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн холбогдох заалт болон дуудлага худалдаа явуулах газрыг сольж журмаа зөрчсөн үйл ажиллагаа болсон. Иргэний хуулийн 197 дугаар зүйлийн 197.2 дахь хэсэгт хуулиар тогтсон журам зөрчиж явуулсан үнэ хаялцуулах ажиллагаа хүчин төгөлдөр бус байхаар заасан тул Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газраас 2019 оны 03 дугаар сарын 15-ны өдөр зохион байгуулсан 2 дахь албадан дуудлага худалдааг хүчингүй болгож өгнө үү гэжээ.
Хариуцагчийн тайлбарт: Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2017 оны 03 дугаар сарын 03-ны өдрийн 475 дугаар захирамжаар С.Д, С.Даваасүх нараас 89 015 537 төгрөг гаргуулж “Эко капитал” ББСБ-д олгохоор шийдвэрлэсэн. Төлбөр төлөгч С.Д, С.Даваасүх нар нь барьцаа хөрөнгөд хийсэн үнэлгээг хүчингүй болгох тухай нэхэмжлэлийг Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхэд гаргаж нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгон шийдвэрлэж, давж заалдах, хяналтын шатны шүүх анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээсэн. 2 дахь албадан дуудлага худалдаанд 2019 оны 03 дугаар сарын 15-ны өдөр оруулахаар 2019 оны 02 дугаар сарын 26-ны өдрийн 3/17 дугаартай хоёрдахь албадан дуудлага худалдааны тогтоол болон мэдэгдлийг 2019 оны 03 дугаар сарын 04-ний өдөр төлбөр төлөгч нарын оршин суух хаягаар Монгол шуудан компанийн баталгаат шуудангаар хүргүүлсэн. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.1-д заасны дагуу анхны албадан дуудлага худалдааг хүчингүй болгож Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 64 дүгээр зүйлийн 64.1-д заасны дагуу хоёр дахь албадан дуудлага худалдааг зохион байгуулсан. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 63 дугаар 63.4-т заасны дагуу хөрөнгө албадан худалдан борлуулах ажиллагааны явцад шүүхэд дахин гомдол гаргах эрхгүй. Мөн хуулийн 301 дүгээр зүйлд заасны дагуу энэ тухай гомдлоо ахлах шийдвэр гүйцэтгэгчид гаргаагүй, шууд шүүхэд нэхэмжлэл гаргасан. Хоёр дах албадан дуудлага худалдаа явуулах 2019 оны 02 дугаар сарын 26-ны өдрийн 3/17 тоот тогтоолыг гаргахдаа тогтоох хэсгийн 1 заалтад 2019 оны 02 дугаар сарын 15-ны өдрийн анхны албадан дуудлага худалдааг хүчингүйд тооцсон. Үүнд техникийн бичгийн алдаа гарсан. Анхны албадан дуудлага худалдааг 2018 оны 01 дүгээр сарын 02-ны өдрийн 1/18 тоот тогтоолоор 2018 оны 1 сарын 19-нд 10 цагт явуулахаар тогтоол гарсан. Анхны албадан дуудлага худалдаа явуулахад 1 ч хүн оролцож үнийн санал ирээгүй тул хүчингүй болж 2 дахь албадан дуудлага худалдааг явуулахаар зохион байгуулсан. Иймд шийдвэр гүйцэтгэх ажиллагаа хуулийн дагуу явагдсан тул нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.
Шүүх: Иргэний хуулийн 177 дугаар зүйлийн 177.2, 177.4, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 66 дугаар зүйлийн 66.2, 301 дүгээр зүйлийн 301.1 дэх хэсэгт заасныг баримтлан С.Дын нэхэмжлэлтэй хариуцагч НШШГГт холбогдох 2019 оны 03 дугаар сарын 15-ны өдрийн 2 дахь албадан дуудлага худалдааг хүчингүй болгуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2 дах хэсэгт зааснаар нэхэмжлэгч С.Дын улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70 200 төгрөгийг улсын төсөвт үлдээж шийдвэрлэжээ.
Нэхэмжлэгч С.Дын давж заалдах журмаар гаргасан гомдолд: Шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрч байна. Шүүх нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгон шийдвэрлэхдээ 2 дахь албадан дуудлага худалдаа явуулах тухай тогтоолыг үйлдсэн шийдвэр гүйцэтгэгч бичиглэлийн алдаа гаргасан тул дуудлага худалдааг хүчингүй болгох үндэслэл болохгүй гэж дүгнэсэн. Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын шийдвэр гүйцэтгэгчийн 2019 оны 02 дугаар сарын 26-ны өдрийн 3/17 тоот тогтоолд дурдсанаар анхны албадан дуудлага худалдааг хүчингүйд тооцсон. Иймд дахин дуудлага худалдааг явуулах байтал шууд 2 дахь дуудлага худалдааг явуулахаар болсонд гомдол гаргасан. Гэтэл шүүхийн шийдвэр гүйцэтгэх газраас энэхүү тогтоолын дагуу миний өмчлөлийн Сонгинохайрхан дүүрэг, 15 дугаар хороо, Өнөр хороолол, 20 дугаар байр, 165 тоотын 40 м.кв талбайтай 3 өрөө байрыг 2 дахь албадан дуудлага худалдаанд оруулж, худалдан борлуулсан. Хууль зүйн хувьд илт алдаатай тогтоолын дагуу явагдсан 2 дахь албадан дуудлага худалдааг хүчингүй болгосноор төлбөр төлөгч миний бие анхан буюу хоёр дахь дуудлага худалдааны аль нь явагдахыг мэдэх, эрхээ хамгаалах, дуудлага худалдаанд биечлэн оролцох, төлбөр авагчтай тохиролцох боломжтой байсан. Иймд шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэлийг хангаж өгнө үү гэжээ.
ХЯНАВАЛ:
Шүүхийн шийдвэрт хууль хэрэглээний өөрчлөлт оруулав.
Нэхэмжлэгч С.Д нь хариуцагч НШШГГт холбогдуулан 2019 оны 03 дугаар сарын 15-ны өдрийн 2 дахь албадан дуудлага худалдааг хүчингүй болгуулахаар нэхэмжилснийг хариуцагч эс зөвшөөрч маргажээ.
Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 184/ШШ2017/00475 дугаартай зохигчдын эвлэрлийг баталсан захирамжаар С.Д, С.Даваасүх нараас 89 015 537 төгрөг гаргуулж “Экокапитал ББСБ” ХХК-д олгож, үүргийн гүйцэтгэлийг Сонгинохайрхан дүүргийн 15 дугаар хороо, 20 дугаар байрны 165 тоотын 3 өрөө орон сууцаар хангуулахаар шийдвэрлэсэн байна. Төлбөр төлөгч нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.1-д заасны дагуу шүүхийн шийдвэрийг заавал биелүүлэх үүрэгтэй боловч шийдвэр өнөөдрийг хүртэл биелэгдээгүй, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1 дэх хэсэгт заасан шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагааны шуурхай байх зарчим алдагдсан байна.
Шийдвэр гүйцэтгэгч нь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.1 дэх хэсэгт заасан шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагаанд хориглох үйлдэл, эс үйлдэхүй гаргаагүй, холбогдох ажиллагааг хуульд заасан журмын дагуу явуулсан байх тул нэхэмжлэгчийн гомдлыг хэрэгсэхгүй болгосон шүүхийн шийдвэрийг үндэслэлтэй гэж үзэв.
Хариуцагч тал гүйцэтгэх баримт бичгийг үндэслэн 2017 оны 08 дугаар сарын 31-ний өдөр шийдвэр гүйцэтгэлийн ажиллагаа үүсгэж, барьцааны зүйл болох Сонгинохайрхан дүүргийн 15 дугаар хороо, 20 дугаар байрны 165 тоот 3 өрөө орон сууцыг битүүмжлэн, хурааж, зах зээлийн үнэлгээг тогтоох ажиллагааг хийж гүйцэтгэсэн нь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 49 дүгээр зүйлийн 49.1, 54 дүгээр зүйлийн 54.1, 55 дугаар зүйлийн 55.2.2 дахь хэсэгт заасантай нийцжээ. Шинжээчийн тогтоосон 89 932 800 төгрөгийн үнэлгээнд төлбөр төлөгчөөс гаргасан гомдлыг шүүх хянан үзэж Сонгинохайрхан дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 184/ШШ2018/01383 дугаартай шийдвэр, Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2018 оны 1744 дугаар магадлал, Улсын дээд шүүхийн 2019 оны 00026 дугаар тогтоолоор хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн байна. /хх85-95/
Нэхэмжлэгч хоёрдахь албадан дуудлага худалдааг хүчингүй болгох үндэслэлээ “2019 оны 02 дугаар сарын 15-ны өдөр явуулсан анхны албадан дуудлага худалдааг хүчингүйд тооцсон, орон сууцыг 2019 оны 03 дугаар сарын 15-ны өдөр хоёр дахь албадан дуудлага худалдаагаар худалдах тухай 2019 оны 03 дугаар сарын 08-ны өдөр мэдэгдсэн, анхны дуудлага худалдааг хүчингүйд тооцсон атлаа шууд хоёр дахь дуудлага худалдаа зарлан явуулж хууль зөрчсөн” гэж тайлбарласан нь үндэслэлгүй болно.
Шийдвэр гүйцэтгэгч 2019 оны 03 дугаар сарын 08-ны өдрийн мэдэгдэлд анхны албадан дуудлага худалдаа явуулсан өдрийг техникийн алдааны улмаас буруу бичсэн гэж тайлбарласан бөгөөд шүүх “ .., анхны албадан дуудлага худалдааг зохион байгуулсан 2018 оны 01 дүгээр сарын 19-ний өдрийг 2019 оны 02 дугаар сарын 15-ны өдөр гэж он, сар, өдрийг буруу бичиж техникийн алдаа гаргасан нь хоёр дахь албадан дуудлага худалдаа явуулах тогтоолыг хүчингүй болгох үндэслэл болохгүй” гэж дүгнэснийг буруутгах үндэслэл тогтоогдсонгүй.
Шийдвэр гүйцэтгэгч нь 2018 оны 01 дүгээр сарын 02-ны өдрийн тогтоолоор орон сууцны үнэлгээг 30 хувиар бууруулан 62 652 960 төгрөгөөр анхны албадан дуудлага худалдаагаар 2018 оны 01 дүгээр сарын 19-ний өдөр 10.00 цагт худалдан борлуулахаар шийдвэрлэж, энэ талаар төлбөр төлөгчид баталгаат шуудангаар мэдэгдсэн баримт хэргийн 36-38 дугаар талд авагджээ.
Хариуцагч Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын 2019 оны 02 дугаар сарын 26-ны өдрийн хоёр дахь албадан дуудлага худалдаа явуулах тухай тогтоолоор үл хөдлөх эд хөрөнгийн анхны албадан дуудлага худалдаанд үнийн санал ирээгүй орон сууц худалдан борлогдоогүй тул хүчингүйд тооцож, төлбөрт хураагдсан эд хөрөнгийг шинжээчийн тогтоосон үнийн 50 хувь болох 44 966 400 төгрөгөөр хоёр дахь дуудлага худалдааны үнийг тогтоож, дуудлага худалдааг 2019 оны 03 дугаар сарын 15-ны өдрийн 10.00 цагт Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын 400 тоот өрөөнд явуулахаар шийдвэрлэж, энэ талаар төлбөр төлөгч нарт 2019 оны 02 дугаар сарын 28-ны өдөр мэдэгдэх хуудсаар мэдэгдсэн, төлбөрт хураагдсан эд хөрөнгийг иргэн Ч.Ням-Осор 81 000 000 төгрөгөөр худалдан авах эрхтэй болсон нь хэргийн 40-43, 51 дугаар талд авагдсан баталгаат шуудангийн баримт, шийдвэр гүйцэтгэгчийн гараар бичсэн тэмдэглэл, хоёр дахь албадан дуудлага худалдааны 2019 оны 03 дугаар сарын 15-ны өдрийн тэмдэглэлээр нотлогдож байна. /хх36/
Шийдвэр гүйцэтгэгчийн анхны албадан дуудлага худалдааг хүчингүйд тооцож хоёрдахь албадан дуудлага худалдааг явуулсан ажиллагаа нь Иргэний хуулийн 177 дугаар зүйлийн 177.2 дахь хэсэгт анхны дуудлага худалдаагаар санал болгосон үнэд хүрэх санал гараагүй буюу дуудлага худалдаанд хэн ч оролцоогүй бол хоёр дахь дуудлага худалдааг явуулна, Шийдвэр гүйцэтгэлийн тухай хуулийн 75.1, 75.1.1-75.1.3-т дуудлага худалдаанд нэг оролцогч ирсэн, анхны санал болгосон үнэд хүрэх санал гаргаагүй,дуудлага худалдааны ялагч төлбөрийг тогтоосон хугацаанд хийгээгүй тохиолдолд дуудлага худалдааг зохион байгуулагч дуудлага худалдааг хүчингүйд тооцож хоёр дахь дуудлага худалдааг явуулна гэж заасантай нийцсэн байна.
Нэхэмжлэгчийн гомдлын шаардлага нь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 44 дүгээр зүйлийн 44.2.8 дахь хэсэгт заасан төлбөр төлөгчийг гүйцэтгэх бичиг баримтад заасан шаардлагыг тогтоосон хугацаанд бүрэн гүйцэтгэх нөхцөлийг бүрдүүлэхэд чиглэсэн шийдвэрт хамааралтай тул уг ажиллагаанд Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 301 дүгээр зүйлийн 301.1-д заасан журмын дагуу гомдол гаргахгүй, энэ талаар шүүхээс хийсэн дүгнэлт буруу.
Иймд дээрх үндэслэлээр нэхэмжлэгчийн давж заалдсан гомдлыг хангахгүй орхиж, шүүхийн шийдвэрт хууль хэрэглээний өөрчлөлт оруулах нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн үзэв.
1. Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 10 дугаар сарын 17-ны өдрийн 184/ШШ2019/02664 дүгээр шийдвэрийн тогтоох хэсгийн 1 дэх заалтын “Иргэний хуулийн 177 дугаар зүйлийн 177.2, 177.4, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 66 дугаар зүйлийн 66.2, 301 дүгээр зүйлийн 301.1 дэх хэсэг” гэснийг “Иргэний хуулийн 177 дугаар зүйлийн 177.2, 177.4, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 122 дугаар зүйлийн 122.5 дахь хэсэг” гэж өөрчлөн, шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээсүгэй.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4-т зааснаар нэхэмжлэгчийн давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70 200 төгрөгийг улсын төсвийн орлогод үлдээсүгэй.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ А.ОТГОНЦЭЦЭГ
ШҮҮГЧИД Т.ТУЯА
А.МӨНХЗУЛ