| Шүүх | Хэнтий аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | А.Мөнхсайхан |
| Хэргийн индекс | 321/2025/01055/И |
| Дугаар | 321/ШШ2026/00084 |
| Огноо | 2026-01-29 |
| Маргааны төрөл | Ажлаас үндэслэлгүй халагдсан, |
Хэнтий аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2026 оны 01 сарын 29 өдөр
Дугаар 321/ШШ2026/00084
Зохигчийн эвлэрлийг баталж,
хэргийг хэрэгсэхгүй болгох тухай
Хэнтий аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч А.Мөнхсайхан би,
Нэхэмжлэгч: ******* тоотод оршин суух, ******* овогт Д*******ийн Б*******ийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: ******* Ж.Л*******д холбогдох,
Нэхэмжлэлийн шаардлага: Үндсэн ажлын байранд эгүүлэн тогтоолгож, үндэслэлгүй цалин бууруулсан хугацааны цалинг нөхөн гаргуулах тухай иргэний хэргийн шүүх хуралдааныг даргалж, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга С.О*******ийг байлцуулан шүүх хуралдааны танхимд нээлттэй хянан хэлэлцэв.
Нэхэмжлэгч, хариуцагч нар шүүх хуралдаанд хүндэтгэн үзэх шалтгааны улмаас биечлэн оролцох боломжгүй, эзгүйд шийдвэрлүүлэх хүсэлт ирүүлсэн байх тул зохигчийн хүсэлтийг хангаж шийдвэрлэсэн болно.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч Д.Б******* нь хариуцагч ******* Ж.Л*******д холбогдуулан үндсэн ажлын байранд эгүүлэн тогтоолгох, үндэслэлгүй цалин бууруулсан хугацааны цалинг нөхөн гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасан байна.
Шүүх хуралдааны шатанд зохигчид тус шүүхийн эвлэрүүлэн зуучлагчийн дэмжлэгтэйгээр 2026 оны 01 дүгээр сарын 26-ны өдрийн 321/ЭГ2026/00012 дугаартай эвлэрлийн гэрээ байгуулж, нэхэмжлэгч Д.Б******* нь цалин хөлсний зөрүү 1,200,000 төгрөг нэхэмжлэхээс татгалзаж, хариуцагч ******* Ж.Л******* нь 2026 оны 02 дугаар сарын 09-ний өдөр Д.Б*******ийг зохион байгуулагчийн албан тушаалд нь эгүүлэн томилохоор эвлэрсэн байна.
ҮНДЭСЛЭХ нь:
Зохигчид эвлэрүүлэн зуучлах ажиллагааны явцад харилцан тохиролцож эвлэрлийн гэрээ байгуулсан бөгөөд уг эвлэрэл нь хууль зөрчөөгүй, гуравдагч этгээдийн хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй байх тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5-д зааснаар зохигчдын эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй байна.
Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5-д гомдлоор авч хэлэлцэх хэргийн нэхэмжлэл-д зааснаар нэхэмжлэгч нь улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдөхөөр байх тул түүний улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 103,700 төгрөгийг улсын орлогоос буцаан гаргуулж нэхэмжлэгч Д.Б*******ид олгох нь зүйтэй.
Харин нэхэмжлэгчийн үндсэн ажилдаа эгүүлэн тогтоолгох тухай нэхэмжлэлийн шаардлагын тухайд зохигч хоорондоо эвлэрсэн тул үүнд тохирох улсын тэмдэгтийн хураамж 70,200 төгрөгийн 50 хувь болох 35,100 төгрөгийг хариуцагч Хэнтий аймгийн музейгээс гаргуулж улсын орлогод оруулахаар шийдвэрлэв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5, 123 дугаар зүйлийн 123.1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:
1.Д.Б*******ийн нэхэмжлэлтэй, хариуцагч Хэнтий аймгийн музейн захирлын үүргийг гүйцэтгэх түр орлон гүйцэтгэгч Ж.Л*******д холбогдох үндсэн ажлын байранд эгүүлэн тогтоолгох, үндэслэлгүй цалин бууруулсан хугацааны цалинг нөхөн гаргуулах тухай иргэний хэрэгт зохигчийн эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 103,700 төгрөгийг улсын орлогоос буцаан гаргуулж нэхэмжлэгч Д.Б*******ид олгосугай.
3.Нэхэмжлэгчийн үндсэн ажилдаа эгүүлэн тогтоолгох тухай нэхэмжлэлийн шаардлагын тухайд зохигч хоорондоо эвлэрсэн тул үүнд тохирох улсын тэмдэгтийн хураамж 70,200 төгрөгийн 50 хувь болох 35,100 төгрөгийг хариуцагч Хэнтий аймгийн музейгээс гаргуулж улсын орлогод оруулсугай.
4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-д зааснаар энэхүү захирамжийг хариуцагч сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг дурдсугай.
5.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-т зааснаар энэ захирамжид зохигч давж заалдах, хяналтын журмаар гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ А.МӨНХСАЙХАН