| Шүүх | Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь сум дундын шүүх |
|---|---|
| Шүүгч | Эрдэнэ-Очирын Болормаа |
| Хэргийн индекс | 137/2023/00268/И |
| Дугаар | 137/ШШ2026/00080 |
| Огноо | 2026-01-30 |
| Маргааны төрөл | Тээвэрлэлт, |
Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь сум дундын шүүхийн Шийдвэр
2026 оны 01 сарын 30 өдөр
Дугаар 137/ШШ2026/00080
2026 01 30 137/ШШ2026/00080
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь сум дундын шүүхийн иргэний шүүх хуралдааныг шүүгч Э.Болормаа даргалж, шүүгч Н.Ариунжаргал, шүүгч П.Цогзолмаа нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны 1 дүгээр танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар
Нэхэмжлэгч: У хот С дүүрэг, ....-р хороо, Р тоот хаягт байрлах, Н.В ХХК /улсын бүртгэлийн дугаар , регистрийн дугаар /-ийн нэхэмжлэлтэй,
Нэхэмжлэгчийн төлөөлөгч: У хот Б дүүрэг ...-р хороо Г хотхоны ... тоотод оршин суух, өмгөөлөгч ажилтай, З овогт Г-ын Б /утас:/,
Хариуцагч: Д аймгийн З сум, ..-р баг Х тоотод оршин суух, Б овогт Ө-ын И /РД: , утас: /,
Хариуцагч Ө.И-ын итгэмжлэгдсэн төлөөлөгч: Д аймгийн З сумын ...-р баг ... байрны ... тоотод оршин суух, өмгөөлөгч ажилтай, А овогт Н-гийн Б /РД: , утас: ,
Хариуцагч: Д аймгийн З сум, Б ..-р баг ...тоотод оршин суух, хувиараа хөдөлмөр эрхэлдэг, Х овогт Д-гийн Б /РД: , утас: ,
Хариуцагч: Д аймгийн З сум, ...-р баг ... тоотод оршин суух, хувиараа хөдөлмөр эрхэлдэг, А овогт О-ын Э /РД: , утас:/ нарт холбогдох
Тээвэрлэлтийн гэрээнээс үүссэн эд хөрөнгөнд учирсан гэм хорын хохирол 100,677,152 төгрөг, 2 ширхэг чингэлэг засварын зардал 3,500,000 төгрөг, чингэлэг доторх хагарсан шил гаргаж хаях ажлын зардал 3,000,000 төгрөг нийт 107,177,152 төгрөг гаргуулах тухай үндсэн нэхэмжлэлтэй,
хариуцагч Д.Б-аас цонхны 1500*2000*4 мм хэмжээтэй 10 хайрцаг, цонхны 1650*2200*4 мм хэмжээтэй 16 хайрцаг шилийг гаргуулах тухай сөрөг нэхэмжлэлтэй иргэний хэргийг 2023 оны 07 дугаар сарын 31-ний өдөр хүлээн авч, 2023 оны 08 дугаар сарын 07-ны өдөр иргэний хэрэг үүсгэн хянан хэлэлцэв.
Бусад оролцогчид: Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.М, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Б /цахим/, хариуцагч Ө.И-ын итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.Б, хариуцагч Д.Б, хариуцагч Д.Б-гийн өмгөөлөгч Г.С, хариуцагч О.Э, хариуцагч О.Э-ын өмгөөлөгч С.Э, иргэдийн төлөөлөгч О.У нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч Н.В ХХК шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Д аймгийн З боомтоор 2022 оны 11 дүгээр сарын 25-ны өдөр манай байгууллагын БНХАУлс дахь нийлүүлэгчээс ирүүлж байсан ....... болон ......... дугаартай чингэлэгт ачигдсан цонхны шил нийт 26 авдар барааг иргэн Ө.И нь З-ийн 0 цэгээс Ложистикийн талбай хүрэх хооронд автомашин дээрээс унагаж осол гаргасан. Үүссэн хохирлын асуудлаар З сум дахь Хилийн цэргийн болон Цагдаагийн байгууллагын холбогдох албан тушаалтнуудтай тухай бүр нь мэдэгдсэн. Цагдаагийн байгууллагаас үүссэн хохирлын асуудлаар шинжээч томилсон ба шинжээчийн дүгнэлтээр нийт 100,677,152 төгрөгийн хохирол учраад байгаа талаарх дүгнэлтийг гаргасан. Ослын улмаас үүссэн хохирол 100,677,152 төгрөг, 2 ш чингэлэг засварын зардал 10,000,000 төгрөг, чингэлэг доторх хагарсан шил гаргах хаях ажлын зардал 5,500,000 төгрөг, нийт 116,177,152 төгрөгийг хариуцагч Д.Б, Ө.И нараас гаргуулж өгнө үү гэжээ.
Хариуцагч Ө.И-ын итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.Б шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: Ковид-19 өвчин гарсантай холбоотойгоор Улсын хилийн шугам дахь чингэлэг шилжүүлэн ачих талбай, гаалийн хяналтын бүс, З сумын нутгийн захиргааны байгууллага болон З боомтын хилийн хяналт, шалгалтын байгууллагыг 2022 оны 01 дүгээр сарын 12-ны өдрөөс эхлэн гамшгаас хамгаалах өндөржүүлсэн бэлэн байдлын зэрэгт шилжүүлсэн хугацаанд тусгай горим тогтоосонтой холбогдуулан Д аймгийн Засаг даргын 2022 оны 01 дүгээр сарын 19-ний өдрийн А/44 дугаар захирамжаар "З боомтоор нэвтрэх ачаа тээврийг зохицуулах түр журам"-ыг баталж, уг захирамжийг 2022 оны 09 дүгээр сарын 22-ны өдрийн А/597 дугаар захирамжаар хүчингүй болгож, З боомтоор нэвтрэх ачаа тээврийн үйл ажиллагааг зохицуулах түр журмыг нутаг дэвсгэрийн онцлогт тохируулан шинэчлэн баталж, удирдлага зохион байгуулалтаар хангаж ажиллахыг З сумын Засаг дарга Б.А-т чиглэл болгосны дагуу З сумын З даргын 2022 оны 10 дугаар сарын 14-ний өдрийн А/279 дугаар захирамжаар "З боомтоор нэвтрэх ачаа тээврийг зохицуулах түр журам"-ыг баталсан байна. Уг түр журмаар Э-З боомтоор чингэлэг нэвтрүүлэх ажлыг зохион байгуулж байсан бөгөөд Хилийн шугам дээрх чингэлэг солилцох талбайгаас чингэлгийг тээврийн хэрэгсэлд ачих, чингэлгийг тээврийн хэрэгсэлд бэхлэх ажлыг "М.Т.З” ТӨХК-ийн ажилчид, чингэлэг ачигдсан тээврийн хэрэгслийг Хил хамгаалах байгууллагын жолооч жолоодож хилийн бүсээс гаргаж импортын тээврийн хэрэгсэл татах жолоочид шилжүүлэх, уг жолооч нь Гаалийн хяналтын бүс /ложистикийн талбай/ хүртэл жолоодох үүргийг гүйцэтгүүлж байсан юм. Дээрх журам хэрэгжиж байсантай холбоотойгоор импортын тээврийн хэрэгсэл татах жолооч нар нь тээврийн хэрэгсэлд хэдэн тонны ямар бараа ачсан чингэлэг ачсаныг мэдэх боломжгүй байдаг юм. Тээврийн хэрэгслийн даацыг хэтрүүлэхгүй чингэлэг ачих, чингэлгийг тээврийн хэрэгсэлд бэхлэх үүргийг “М.Т.З” ТӨХК-ийн ажилчид хариуцан гүйцэтгэж, тээврийн хэрэгслийн жинг стандартаар тогтоосон хэмжээнээс хэтрүүлэхгүй байх үүргийг Хил хамгаалах байгууллагын жолооч хүлээдэг учир нэгэнт ачигдаад ирсэн чингэлгийг Гаалийн хяналтын бүс рүү хүргэхээс өөр аргагүй юм. 2022 оны 11 дүгээр сарын 28-ны өдөр Ө.И нь З сумын иргэн Т-ын хүсэлтийн дагуу иргэн Б-гийн эзэмшлийн ..... маркийн ............ улсын дугаартай, .................улсын дугаартай чиргүүлийн хамт жолоодон хилийн бүсэд чингэлэг ачих тээврийн хэрэгсэл байрлуулах талбайд байрлуулчхаад, чингэлэг ачигдаж ирэх хүртэл хүлээх хүлээлгийн байранд хүлээж байтал 10 цаг 30 минутын үед Хил хамгаалах байгууллагын жолооч 20 тонны /open top/ 2 чингэлэг ачуулаад тээврийн хэрэгслийг жолоодож ирээд жолоог шилжүүлэхдээ нэлээн хүнд ачаа шүү гэж хэлсэн байна. Тэгээд тээврийн хэрэгслийг жолоодоод 500 метр орчим яваад шороон зам руу салах үед чиргүүл дээр ачсан чингэлэг өөдөөс ирж явсан тээврийн хэрэгслийн чиргүүл дээр унасан үйл явдал болсон байна. Ө.И-ын жолоодон явсан тээврийн хэрэгсэл нь зургаан тэнхлэгтэй 44 тонны даацтай тээврийн хэрэгсэл юм. Чингэлэг унасны дараа чингэлэгт ачигдсан барааг шалгахад овор ихтэй, нурмаг ачаа ачих зориулалттай задгай чингэлэгт цонхны шилнүүдийг ямар ч бэхэлгээ, хамгаалалтгүй ачсан, чингэлгийг тээврийн хэрэгсэлд бэхлээгүй, даац хэтрүүлсэн зэрэг нь осол гарахад бүрэн нөлөөлсөн. З сумын Засаг даргын 2022 оны 10 дугаар сарын 14-ний өдрийн А/279 дугаар захирамжаар баталсан “З боомтоор нэвтрэх ачаа тээврийг зохицуулах түр журам”-ын 2.1-т "Хилийн шугам дээрх чингэлэг солилцох талбайд чингэлэг шилжүүлэн ачигч техникийн оператор, чингэлгийг автомашинд ачих, автомашинаас буулгахад түгжээг тайлах түгжих 1-2 ажилтан, Хил хамгаалах байгууллагын 1 алба хаагч нар ажиллах бөгөөд тэдгээрийн үйл ажиллагаанд хил хамгаалах байгууллагаас хяналт тавьж ажиллана”, 4.2.1-т “Чингэлгийн тээвэрлэлтийг "авто тээврийн хэрэгслийн техникийн байдалд тавих ерөнхий стандарт" MNS 4598-2020 стандартын шаардлага хангасан тээврийн хэрэгслээр "Ачааны чингэлэг, ашиглалт, аюулгүй ажиллагаа" MNS ISO 3874:2020 стандартын дагуу гүйцэтгүүлнэ" гэж заасан үүргээ хэрэгжүүлж ажилласан бол чингэлэг нурахгүй байх бүрэн боломжтой байсан бөгөөд дараах байгууллагуудын ажилчид ажлын байрны тодорхойлолт, мөрдөж ажиллах дүрэм, журам, стандартуудыг мөрдөөгүй учир гэм хорын хохирлыг хариуцан төлөх үүрэгтэй. “М.Т.З” ТӨХК-ийн чингэлэг шилжүүлэн ачигч техникийн оператор, чингэлгийг автомашинд ачих, автомашинаас буулгахад түгжээг тайлах түгжих ажилтнууд нь: Авто тээврийн хэрэгслийн техникийн байдалд тавих ерөнхий шаардлага MNS 4598:2020 стандартын:
4.4-т "авто тээврийн хэрэгслийн бүх жин: тээврийн хэрэгслийн техникийн тодорхойлолтоор тогтоосон өөрийн болон ачаа, жолооч, зорчигчийн нийт зөвшөөрөгдөх дээд жин. Чиргүүл нь тухайн тээврийн хэрэгслийн бүтцэд хамаарагдах бол бүх жинг чирэгч, чиргүүлийн бүх жингийн нийлбэрээр тооцно”,
4.6-т "тэнхлэг дээрх ачаалал: нэг буюу хэд хэдэн тэнхлэгээс дугуйгаар дамжин замын гадаргууд үзүүлэх бодит ачаалал"
-4.12-т "хагас чиргүүл: зүтгүүрт холбон ашиглах зориулалттай нийт массынх нь үлэмж хэсэг нь холбоосоор дамжин зүтгүүрт дээр ирэх чиргүүл",
-5.8.1.1-т "авто тээврийн хэрэгслийн бүх жингийн зөвшөөрөгдөх дээд хэмжээ нь зургаа болон түүнээс олон тэнхлэгтэй хагас чиргүүлтэй тээврийн хэрэгсэл хамгийн их жин тонн 44тн",
-5.8.2-т "Нэг хөтлөгч тэнхлэг дээрх хамгийн их ачаалал 11,5 тн, хөтлөгдөх тэнхлэг дээрх хамгийн их ачаалал 10 тн-оос тус тус ихгүй байна",
-5.8.4-т "Зөвшөөрөгдөх хэмжээнээс илүү гарах тохиолдолд холбогдох байгууллагаас зохих зөвшөөрөл авна.",
-12.2-т "Чиргүүлийн зөвшөөрөгдөх дээд жин болон хагас чиргүүлийн тэнхлэгт ноогдох ачааны зөвшөөрөгдөх дээд хэмжээ нь тээврийн хэрэгслийн зөвшөөрөгдөх нийт жингээс 1,5 дахин ихгүй байна" гэж заасныг,
Мөн MNS ISO 3874:2020 "Ачааны чингэлэг ашиглалт, аюулгүй ажиллагаа" стандартуудыг мөрдөж ажиллаагүй, Хил хамгаалах байгууллагын жолооч нь: Тээврийн хэрэгсэлд ачигдаж байгаа чингэлэг нь тухайн тээврийн хэрэгслийн даацаас хэтрүүлэхгүй ачуулах, чингэлгийг стандартын дагуу тээврийн хэрэгслийн чиргүүлд бэхэлсэн эсэхэд хяналт тавьж замын хөдөлгөөнийг эхлэх бүрэн боломжтой байсан. Учир нь хил хамгаалах байгууллагын жолооч нь хилийн 0 цэг рүү нэвтэрч тээврийн хэрэгслийг замын хөдөлгөөнд анх оролцуулж байгаа юм. Дээрх жолооч нь Замын хөдөлгөөний дүрмийн: 24 дүгээр зүйлийн 24.1-т "Ачааны жин болон тэнхлэгт ноогдох ачааллын хэмжээ нь тухайн тээврийн хэрэгслийн техникийн тодорхойлолтоор тогтоосон хэмжээнээс хэтрэхгүй байна.", 24.2-т "Жолооч хөдөлгөөн эхлэхийн өмнө болон замд явахдаа ачааны татлага, бэхэлгээ, даруулга, байрлал, битүүмжлэлийг сайтар шалгах бөгөөд энэ дүрмийн 24.3-т заасан шаардлага бүрэн хангагдаагүй тохиолдолд хөдөлгөөнөө үргэлжлүүлэхийг хориглоно.", 24.3-т Ачааг дараах шаардлагыг хангахаар байрлуулж, шаардлагатай бол бэхэлж битүүмжилсэн байна: а/ унаж, асгарч, чирэгдэхгүй, хөдөлгөөнд оролцогчдод аюул, саад учруулахгүй; B/ тээврийн хэрэгслийн тогтворжилтыг алдагдуулахгүй, жолоодлогыг хүндрүүлэхгүй байх гэсэн заалтуудыг зөрчиж хөдөлгөөний эхлүүлсэн. Мөн чингэлэг шилжүүлэн ачих ажиллагаанд хяналт тавих Хил хамгаалах байгууллагын ажилтан хяналт тавьж, мөрдөх дүрэм, журам, стандартыг мөрдүүлээгүй ажилдаа хайнга хандсанаас дээрх осол гарсан. Ө.И-т жолоог шилжүүлсэн Хил хамгаалах байгууллагын жолооч нь жолоог шилжүүлэхдээ ямар ачаа бараа ачсан, ачигдсан бараа нь шаардлагын дагуу ачигдсан, жин тонны талаар ямар ч мэдээлэл өгөөгүй байна. Иргэний хуулийн 388 дугаар зүйлийн 388.6-т “Тээвэрлэгч ачааг хүлээн авах үед түүний илэрхий доголдлын талаар мэдэж байсан бөгөөд үүнтэй холбоотой ямар нэг болзол тавиагүйгээс бусад тохиолдолд ачааны сав, баглаа, боодлын улмаас бусдад учирсан хохирлыг ачаа илгээгч хариуцна.", 388.9-т "Тээвэрлэгчийн буруутай үйл ажиллагаанаас бусад тохиолдолд ачаа илгээгч нь баримт бичиг, мэдээллийн дутуу болон буруугаас учирсан гэм хорыг тээвэрлэгчийн өмнө хариуцна." Мөн хуулийн 393 дугаар зүйлийн 393.1-т “Тээвэрлэгч ачааг хүлээн авснаас хойш хүлээлгэн өгөх хүртэлх хугацаанд ачаа алдагдсан, дутсан, гэмтсэн, түүнчлэн тээвэрлэлтийн хугацаа хоцроосны хариуцлагыг бүхэлд нь буюу хэсэгчлэн хариуцна.”, 393.4-т Дараах нөхцөл байдлын улмаас ачаа алдагдсан, дутсан буюу гэмтсэн бол тээвэрлэгч энэ хуулийн 393.6-393.8-д заасан хариуцлагаас чөлөөлөгдөнө: 393.4.1-т талууд шууд тохиролцон, дагалдах бичигт тэмдэглэснээр задгай тээврийн хэрэгсэл ашигласан; 393.4.2-т ачаа сав, баглаа, боодолгүй буюу түүний чанар муу байсан; 393.4.4-т тодорхой төрлийн ачааны онцлогоос хамаарч эвдрэх, зэврэх, хатах, элэгдэх, хэвийн алдагдал гарах, асгарах болон мэрэгч амьтдын нөлөөлөл зэргээр хэсэгчлэн буюу бүрэн гэмтэх аюул Ө.И-ын жолоодож явсан тээврийн хэрэгслийн чиргүүлд ачигдсан ачаа бараанд байсан болох нь Д аймгийн З сум дахь сум дундын Цагдаагийн хэлтсийн Замын цагдаагийн хэсгийн зохицуулагч, цагдаагийн дэслэгч Ц.З-гийн 2022 оны 12 дугаар сарын 29-ний өдрийн "Эрх бүхий албан тушаалтны магадалгаа", 2022 оны 11 дүгээр сарын 28-ны өдрийн "Хэргийн газарт үзлэг хийсэн тухай мөрдөгчийн тэмдэглэл”, гэрэл зургийн үзүүлэлт зэргээс тодорхой харагдаж байгаа юм. Иргэний хуулийн 393 дугаар зүйлийн 393.6-д "Энэ хуулийн 393.4-т заасан нэг буюу хэд хэдэн нөхцөлийн улмаас ачаа алдагдсан, дутсан буюу гэмтсэнд гэм буруугүй болохоо тээвэрлэгч нотолж чадвал хариуцлагаас чөлөөлөгдөнө” гэж заасан байх тул Ө.И-т холбогдох нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.
Нэхэмжлэгчийн төлөөлөгч Г.Б шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: И, Б, Э нарт холбогдуулан шаардлага гаргаж байгаа. Баримтад үндэслэн 107,177,152 төгрөгөөр тодорхойлсон. 2022 оны 11 сард осол гарсан. Осол болоход Цагдаагийн байгууллагаас мэдүүлэг тайлбар авсан байдаг. Жолооч И-ын ур чадваргүй байдлаас болж уг осол гарсан иймд бид И-ыг хариуцагчаар татсан. Иргэний хуулийн 499 дүгээр зүйлд зааснаар тээврийн хэрэгслийн өмчлөгч учир бид хохирлыг хариуцах ёстой гэж үзэж байгаа. Энхтуулын хувьд өмнөх шүүх хуралдаан дээр Э гэж хүнээс цалин авч тээвэр хийдэг байсан. Ийм учир дангаараа хариуцахгүй гэх тайлбарыг И гаргаж байсан тул бид хариуцагчаар Э-ыг татсан. Одоо 107,177,152 төгрөгийг гурван хариуцагчаас нэхэмжилж байна гэв.
Хариуцагч Д.Б шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Миний хувьд энэ талаар мэдэхгүй. Тухайн үед ковидын үе байсан. Эзэмшигч, өмчлөгч нь машин дээрээ очих боломжгүй байсан. Машины түлхүүрийг голын хайрцагт үлдээдэг байсан. Машиныг Э аваад явсныг би мэдээгүй. Тухайн ослыг би дундын групп чатнаас мэдсэн. Э надад хэлэхгүй авч явсан тул би хариуцлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй гэв.
Хариуцагч О.Э шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Хариуцлагаа хүлээнэ. Б-гийн машиныг би дур мэдэн авсан. Б-г энэ осолд холбогдуулахгүй, Б-г энэ хариуцлагаас чөлөөлж өгнө үү. Би хохирлын 30 хувийг зөвшөөрч байна. И 70 хувийг төлөх ёстой гэж үзэж байна гэв.
Хариуцагч Ө.И-ын итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.Б шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Тухайн өдөр И нь хариуцагч Э-ын хүсэлтээр МУ-ын 0 цэгээс ложистик хүртэл 100,000 төгрөгөөр тухайн тээврийн хэрэгслийг жолоодон явсан байдаг. Тухайн тээврийн хэрэгсэлд 2 чингэлэгтэй ачаа ачигдсан байдаг. Тухайн ачаа барааг шалгах боломжгүй байсан. Тухайн үед ковидын цар тахлын үе байсан. З-Үүдийн Засаг даргаар түр журам хэрэгжиж байсан. Тухайн журмын дагуу И 3-ын хаалтнаас ложистикийн төв хүртэл жолоодох ёстой байсан. Тэгтэл журам зөрчигдөн И 0 цэгээс жолоодсон байдаг. Мөрдөгчийн магадалгаагаар И-ын ЗХД-ийн 24.2,3-ийн зөрчсөн гэж үзэж торгож шийдвэрлэсэн. Хохирол төлбөрийг иргэний хуулиар шийдүүлэхээр зохицуулсан. 2025 оны техникийн шинжээчийн дүгнэлтээр тухайн ачааг бэхэлгээг дутуу хийсэн, жин тонн хэтэрсэн гэсэн дүгнэлт гарсан байдаг. Ослын газрын бүдүүвч мөн гарсан байдаг. Тухайн нөхцөл байдалд үүссэн журамд хариуцагч этгээдүүдийг заасан байдаг. Журмын дагуу ажилсан бол энэ 3 этгээд хариуцагч мөн үү гэдэг дээр анхаарах ёстой юм. И-ын зүгээс нэхэмжлэлийн зарим хэсгийг зөвшөөрнө. ИХ-ийн 499 дүгээр зүйлд өмчлөгч Б-г чөлөөлөх үндэслэлгүй гэж үзэж байна. ИХ-ийн 514-р нэхэмжлэлийн шаардлагыг багасгах боломжтой тул 50 хувиар багасгаж өгнө үү. Тээвэрлэлтийн хөлс, шилийг хогон дээр аваачсан гэх зардлаа нэхэмжлэгч тал нотолж чадаагүй тул татгалзаж байна. 14,931,858.6 төгрөгийг манай тал зөвшөөрч байна гэв.
Хариуцагч Д.Б шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: “...Миний бие нь Н.В ХХК-ний нэхэмжлэлтэй 116,177,152 төгрөг гаргуулах тухай шаардлагыг эс зөвшөөрч хариу тайлбараа гаргаж байна. Учир нь тухайн цаг үед Н.В ХХК-тай ачаа тээвэрлэлтийн талаар тохиролцоогүй, харин Монгол Улсын Засгийн газраас гаргасан шийдвэр, тус ажлын хэсэгтэй тохирсноор тэдний өмнөөс, хүлээн авсан ачааг тээвэрлэсэн тул Н.В ХХК-ний өмнө хариуцлага үүрэхгүй, бидний хооронд ямар нэгэн тохиролцсон зүйл гэрээний эрх, үүрэг байхгүй. Бид ачаа тээвэрлэлтийг зохих журмаар хүлээн авсан бол тухайн ачааг стандарт бус ачсан байгааг буюу ямар нэгэн бэхэлгээ тоноглолоор бэхлээгүй, уялт чангалалт хийгээгүйгээс үүдэх эрсдэлийг тооцож тавигдах шаардлагын түвшинд бэхлүүлэх улмаар ачааны буюу машины жин тонноор тохируулж ачна. Өмнө нь мөн энэ маягаар шил хагалсан шалтгаанаар улсаас хохирол авч байсан нь санаатай сул бэхэлгээ хийхгүйгээр ачиж осол гаргах нөхцөлийг бүрдүүлж үлдсэн шилийг /хагараагүй байсан/ ямар нэгэн татваргүй үнэгүйгээр ашиглаж буй залилангийн үйлдэл байна. Учир нь ачааг анхнаасаа осол гарах, нөхцөл боломжтой ачих замаар төрд хүлээлгэн өгч, түүний балгаас үүссэн асуудлаас устгал нэрээр эвдрэлгүй шилийг нь ашиглаж байгаа нь хууль бус үйлдэлд миний бие өртсөнд гомдолтой байна. 1. Улс хоорондын тээврийн буюу Хилийн тэг цэгээс Гаалийн хяналтын талбай хүрэх хүртэл тээврийн гэрээг бид хоорондоо хийгээгүй тул миний бие хариуцагч биш, 2. Хагараагүй шилийг хэрхэн үнэлсэн талаар тодорхойгүй тул гэсэн шалтгаанаар нэхэмжлэлийн шаардлагыг эс зөвшөөрч бүхэлд нь хэрэгсэхгүй болгуулахаар хариу тайлбар гаргаж байна гэжээ.
Хавтаст хэрэгт цугларсан дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав.
Улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт,
Н.В ХХК-ийн 2023 оны 05 дугаар сарын 30-ны өдрийн 23/024 дугаартай итгэмжлэл олгох тухай албан бичиг,
2022 оны 11 дүгээр сарын 28-ны өдрийн Зам тээврийн осол дээр тогтоосон акт, холбогдогч жолоочийн биеийн байцаалт, осол хэргийн газар хийсэн хэмжилтийн бүдүүвч, осол гарсан замын байдал,
2009 онд үйлдвэрлэсэн ....... улсын дугаартай ............маркийн тээврийн хэрэгслийн гэрчилгээний хуулбар,
2010 онд үйлдвэрлэсэн ............ улсын дугаартай ............ маркийн чиргүүлийн гэрчилгээний хуулбар,
2022 оны 12 дугаар сарын 05-ны өдрийн холбогдогч Ө.И-аас мэдүүлэг авсан тухай эрх бүхий албан тушаалтны тэмдэглэл,
2022 оны 12 дугаар сарын 05-ны өдрийн хууль ёсны төлөөлөгчөөр тогтоох тухай эрх бүхий албан тушаалтны тогтоол,
2022 оны 12 дугаар сарын 06-ны өдрийн хохирогч Б.У-аас мэдүүлэг авсан тухай эрх бүхий албан тушаалтны тэмдэглэл,
2022 оны 12 дугаар сарын 29-ний өдрийн эрх бүхий албан тушаалтны магадалгаа,
2022 оны 12 дугаар сарын 28-ны өдрийн Ашид билгүүн ХХК-ний 2022 оны 12 дугаар сарын 28-ны өдрийн №ТХҮ-922/5363 дугаартай шинжээчийн дүгнэлт,
2023 оны 08 дугаар сарын 28-ны өдрийн №0586 дугаартай хариуцагч Ө.И нь Н.Б-д олгосон итгэмжлэл,
2022 оны 11 дүгээр сарын 28-ны өдрийн хэргийн газарт үзлэг хийсэн тухай мөрдөгчийн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт,
2022 оны 10 дугаар сарын 14-ний өдрийн А/79 дугаартай Д аймаг З сумын Засаг даргын “түр журам батлах тухай” захирамж болон түр журмын хуулбар,
2022 оны 01 дүгээр сарын 18-ны өдрийн А/14 дугаартай Хил хамгаалах ерөнхий газрын даргын “түр журам батлах тухай” тушаал болон журмын хуулбар,
2022 оны 01 дүгээр сарын 19-ний өдрийн А/44 дугаартай Д аймгийн Засаг даргын “З боомтоор нэвтрэх ачаа тээврийг зохицуулах түр журам батлах тухай” захирамж болон Замын-Үүд боомтоор нэвтрэх ачаа тээврийг зохицуулах түр журмын хуулбар,
Гаалийн ерөнхий газар З Гаалийн газрын 2023 оны 10 дугаар сарын 10-ны өдрийн №783 дугаартай хариу хүргүүлэх тухай албан бичиг,
М.Т.З Төрийн өмчит хувьцаат компанийн 2023 оны 10 дугаар сарын 10-ны өдрийн №03/1661 дугаартай албан бичиг, 2022 оны 09 дүгээр сарын 01-ний өдрийн №22/18 дугаартай хөлсөөр ажиллах гэрээний хуулбар,
Авто тээврийн үндэсний төв Төрийн өмчит үйлдвэрийн газрын З салбарын 2023 оны 11 дүгээр сарын 15-ны өдрийн №180 дугаартай албан бичиг,
Гэрч Ч.Ж, Г.Б, Ц.Б, Ч.Б, Б.У нарын мэдүүлэг,
Н.В ХХК-ийн 2024 оны 02 дугаар сарын 29-ний өдрийн 24/20 дугаартай итгэмжлэл олгох тухай албан бичиг,
Монголын Үндэсний Худалдаа Аж үйлдвэрийн танхимын 2024 оны 06 сарын 25-ны 02/586 дугаартай албан бичиг, 0000208 тоот сертификатын хуулбар, гэрээ, гарал үүслийн гэрчилгээ, зураг,
Гаалийн ерөнхий газар Д аймгийн З сум, З Гаалийн газрын 2024 оны 06 сарын 26-ны 01/498 дугаартай албан бичиг,
Гэрч О.Э-ын мэдүүлэг,
Авто тээврийн үндэсний төв Төрийн өмчит үйлдвэрийн газар З салбарын 2024 оны 08 сарын 01-ний 105 дугаартай албан бичиг, хавсралтууд,
Д аймгийн Цагдаагийн газрын З сумын сум дундын Цагдаагийн хэлтсийн 2024 оны 09 сарын 20-ны өдрийн 38ж/1474 дугаартай албан бичиг,
Д аймаг З сумын Засаг даргын Тамгын газрын 2024 оны 10 сарын 03-ны 03/647 дугаартай албан бичиг,
Хариуцагч Ө.И-ын 2024 оны 10 дугаар сарын 09-ний өдрийн №1838 дугаартай хариуцагч Ө.И нь Н.Б-д олгосон итгэмжлэл,
Гэрч Ц.З-гийн мэдүүлэг,
Тус шүүхийн 2024 оны 11 сарын 12-ны өдрийн маргаан бүхий газар, эд зүйл, баримт материалд үзлэг хийсэн тухай баримт, тэмдэглэл, гэрэл зураг,
2022 оны 11 сарын 01-ний өдрийн Автомашины жингийн тодорхойлолт,
Н.В ХХК-ийн 2025 оны 02 дугаар сарын 18-ны өдрийн 25/11 дугаартай итгэмжлэл олгох тухай албан бичиг,
Гэрч Б.Ө, Ц.Э нарын мэдүүлэг,
Орчуулагч С.Б-гийн гарал үүслийн гэрчилгээ орчуулсан тухай тэмдэглэл,
Гэрч Я.О-ын мэдүүлэг,
Н.В ХХК-ийн 2025 оны 10 дугаар сарын 02-ны өдрийн 25/76 дугаартай итгэмжлэл олгох тухай албан бичиг,
ШУТИС-ийн Механик инженер, тээврийн сургуулийн Тээвэр, логистикийн тэнхимийн 2025 оны 10 сарын 27-ны өдрийн №ШЗ09/02 дугаартай техникийн шинжээчийн дүгнэлт,
Д аймгийн Засаг даргын 2022 оны 01 сарын 19-ний өдрийн А/44 дугаартай “З боомтоор нэвтрэх ачаа тээврийг зохицуулах түр журам батлах тухай” захирамж, хавсралт,
Д аймгийн Засаг даргын 2022 оны 09 сарын 22-ны өдрийн А/597 дугаартай “Захирамж хүчингүй болгох тухай” захирамж зэрэг болно.
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч Н.В ХХК нь хариуцагч Д.Б, Ө.И, О.Э нарт холбогдуулан тээвэрлэлтийн гэрээнээс үүссэн эд хөрөнгөнд учирсан гэм хорын хохирол 100,677,152 төгрөг, 2 ширхэг чингэлэг засварын зардал 3,500,000 төгрөг, чингэлэг доторх хагарсан шил гаргаж хаях ажлын зардал 3,000,000 төгрөг нийт 107,177,152 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.
Хариуцагч Ө.И, түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.Б, нэхэмжлэлийн шаардлага болох 26 авдар шилний үнэ болон бусад зардал 107,177,152 төгрөгөөс бодит хохирол болох шилний үнэ 89,591,152 төгрөгийн 50 хувийг О.Э, Д.Б нартай адил тэнцүү хэмжээгээр хувааж төлөхөөр, хариуцагч О.Э нь хариуцагч Ө.И-тай 30/70 хэмжээгээр хуваан төлөхөөр, хариуцагч Д.Б нь тээврийн хэрэгслийг зөвшөөрөлгүй авч явсан тул нэхэмжлэлийг огт төлөхгүй гэж тус тус маргасан болно.
Хэрэгт цугларсан бичгийн нотлох баримтуудыг дүгнэж үзэхэд хариуцагч Ө аймгийн З боомтоор 2022 оны 11 дугаар сарын 25-ны өдөр нэхэмжлэгч байгууллагын БНХАУ дахь нийлүүлэгчээс ........ болон ............ дугаартай чингэлэгт ачигдсан цонхны шил нийт 26 авдар барааг З-ийн 0 цэгээс Л-ийн талбай хүрэх замд автомашинаар тээвэрлэх явцдаа автомашин дээрээс унагаж осол гаргаж, нэхэмжлэгчид хохирол учруулсан болох нь Эрх бүхий албан тушаалтны 2022 оны 12 сарын 29-ний өдрийн “тухайн ..............улсын дугаартай ............маркийн тээврийн хэрэгслийг жолоодож замын хөдөлгөөнд оролцож явсан Ө.И нь Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 24.2-т заасан “жолооч хөдөлгөөн эхлэхийн өмнө болон замд явахдаа ачааны татлага, бэхэлгээ, даруулга, байрлал, битүүмжлэлийг сайтар шалгах бөгөөд энэ дүрмийн 24.3-т заасан шаардлага бүрэн хангагдаагүй тохиолдолд хөдөлгөөнөө үргэлжлүүлэхийг хориглоно. 24.3-т Ачааг дараах шаардлагыг хангахаар байрлуулж, шаардлагатай бол бэхэлж битүүмжилсэн байна: а/ унаж, асгарч, чирэгдэхгүй, хөдөлгөөнд оролцогчдод аюул, саад учруулахгүй гэснийг тус тус зөрчсөний улмаас тухайн зам тээврийн осол гарсан байх үндэслэлтэй байна” гэх магадалгаа, 2022 оны 11 дүгээр сарын 28-ны өдрийн Зам тээврийн осол дээр тогтоосон акт, осол хэргийн газарт хийсэн хэмжилтийн бүдүүвч, осол гарсан замын байдал, 2022 оны 12 дугаар сарын 28-ны өдрийн Ашид билгүүн ХХК-ний 2022 оны 12 дугаар сарын 28-ны өдрийн №ТХҮ-922/5363 дугаартай шинжээчийн дүгнэлт зэрэг нотлох баримтуудаар батлагдан тогтоогдож байна.
Иргэний хуулийн 499 дүгээр зүйлийн 499.1-т “Зорчигч болон ачаа тээвэрлэх зориулалт бүхий тээврийн хэрэгслийг ашиглах явцад бусдын амь нас, эрүүл мэндэд хохирол учирсан буюу эд юмс нь эвдэрч, устаж, гэмтсэн бол тухайн тээврийн хэрэгслийг эзэмшигч учирсан гэм хорыг нөхөн төлөх үүрэгтэй.”, 499.3-т “Хэн нэг этгээд өмчлөгч буюу эзэмшигчийн зөвшөөрөлгүйгээр тээврийн хэрэгслийг ашигласнаас бусдад хохирол учирсан бол гэм хорыг тухайн этгээд хариуцах боловч өөрийн буруугаас тээврийн хэрэгслийг ашиглах боломж олгосон өмчлөгч буюу эзэмшигч хариуцлагаас чөлөөлөгдөхгүй” гэж заасан.
Уг тээврийн хэрэгслийн түлхүүрийг кабинд нь орхиж явж бусдад ашиглуулах боломж олгосон нь тээврийн хэрэгслийн өмчлөгч Д.Б, мөн Д.Б-гийн тээврийн хэрэгслийг 200,000 төгрөгийн хөлс өгөхөөр тохиролцон Ө.И-аар жолоодуулсан О.Э-ын буруутай үйлдэл байна гэж үзсэн.
1-р хавтаст хэргийн 18-р хуудсанд авагдсан ..... улсын дугаартай ....... маркийн зүтгүүр, .........улсын дугаартай чиргүүлийн тээврийн хэрэгслийн гэрчилгээний хуулбараар хариуцагч Д.Б нь эдгээр тээврийн хэрэгслийн өмчлөгч нь мөн болох нь тогтоогдож байна. Иймд нэхэмжлэгч нь Д.Б-г энэ хэрэгт хариуцагчаар татсан нь үндэслэлтэй байна.
Жолооч ачаа барааг тээвэрлэх явцдаа Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 24.2-т заасан “жолооч хөдөлгөөн эхлэхийн өмнө болон замд явахдаа ачааны татлага, бэхэлгээ, даруулга, байрлал, битүүмжлэлийг сайтар шалгах бөгөөд энэ дүрмийн 24.3-т заасан шаардлага бүрэн хангагдаагүй тохиолдолд хөдөлгөөнөө үргэлжлүүлэхийг хориглоно” гэж заасан байдаг. Гэтэл хариуцагч Ө.Идэрбаатар нь Замын хөдөлгөөний дээрх дүрмийг зөрчиж замын хөдөлгөөнд оролцсоны улмаас бусдын эд хөрөнгөд хохирол учруулсан байна. Хариуцагч Ө.И нь ачааны татлага, бэхэлгээ даруулгыг бэхлээгүй, шаардлага хангаагүй тохиолдолд тээврийн хэрэгслийг хөдөлгөөнд оролцуулахгүйгээр холбогдох ажил хариуцсан албан тушаалтанд мэдэгдэж зөрчлийг арилгуулсны дараа замын хөдөлгөөнд оролцох бүрэн боломжтой байсан. Гэтэл энэ эрхээ хэрэгжүүлээгүйн улмаас осол гаргасан байна.
Хариуцагч Ө.И-ын итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.Б “Тухайн үед мөрдөгдөж байсан түр журмаар хилийн 0 цэгээс 2-н хаалт хүртэл буюу И-ын чингэлгээ хүлээж авах байрлаж байсан газар хүртэл хилийн цэргийн жолооч тэр үүргийг гүйцэтгэж байсан. Тухайн чингэлэг ачигдаад чингэлгийг чиргүүлтэй бэхлэх ажиллагааг төмөр замын ажилчид хийнэ гээд бас түр журам дээр заасан. Хилийн цэргийн жолооч чингэлэгт бэхэлгээ хийгдээгүй учир тухайн тээврийн хэрэгслийг хөдөлгөөнд оролцуулах боломжгүй гэдгийг мэдэгдээгүй шууд И-т аваачаад өгсөн учир нэхэмжлэлийн шаардлагыг хариуцахгүй гэж маргадаг. Энэ нь гэрч Г.Б-ын “Хятад тал хоосон чингэлгээ хашааны цаанаас өргөөд авчихна. Тэгэхээр манайх зөрүүлээд ачаатай чингэлгээ зөрүүлж аваад хоосон машин дээр тавьж оруулна. Түүний дараа манайх цоожлоод явуулдаг” гэх мэдүүлэг /1-р хх-ийн 203/, гэрч Ч.Б-ын “...чингэлгийг жолооч нар 0 цэгээс Монголын гаалийн пост дээр ирж өөрсдөө бэхэлдэг байсан. Манай зүгээс чингэлгийн фитенк буюу түгжээг манай оосорлогч нар 0 цэг дээр түгжиж гаргадаг байсан” гэх мэдүүлгээр няцаагдаж байна. Өөрөөр хэлбэл Төмөр замын ажилчид Хятадын талаас чингэлгийг хүлээн авч, Монголын талын машин дээр чингэлгийг ачиж түгжээг нь оосорлогч нар 0 цэг дээр түгжиж гаргадаг байсан нь нотлогдож байна. Түүнчлэн хариуцагч Ө.И нь 2022 оны 12 сарын 05-ны өдөр холбогдогчоор өгсөн мэдүүлэгтээ “...Тэгээд дундын жолоочоос тухайн тээврийн хэрэгслийг хүлээн авахад дундын жолооч нь надад ачаа нэлээн хүн шүү гэж хэлсэн. Тэгээд тухайн газраас хөдлөөд 500 метрт орчим явж байгаад засмал замаас сайжруулсан шороон зам хэсэг рүү буух үед замын хонхорхой дээр миний тээвэрлэж явсан 2 чингэлэг савласан. Тэгэхээр нь би зогсож болохгүй байх гэж бодоод хаазаа гишгэсэн”. “Та тухайн үед тээврийн хэрэгслээ хүлээж авахдаа ачааг бэхэлж даруулсан эсэхийг шалгаж үзсэн үү” гэх асуултад “Тийм ээ би шалгасан. 20 тонн 2 чингэлгийн урд талын чингэлгийг бэхлээгүй, арын чингэлгийг 1 гинж гүүмэрээр даруулсан байсан. Тэгээд нэгэнт ачигдаад ороод ирсэн болохоор тэр чигт нь аваад явсан” гэх мэдүүлгээр хариуцагч нь Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 24.2, 24.3-т заасныг зөрчсөн үйл баримт давхар тогтоогдож байна.
Дэлхий нийтээр тархсан цар тахал өвчнөөс урьдчилан сэргийлэх, тархалтыг зогсоох үүднээс Д аймгийн З сумын Засаг даргын захирамжаар түр журам гаргаж хил хооронд ачаа, тээврийн үйлчилгээг зохицуулдаг байсан боловч тус журам бөгөөд энэ нь Замын хөдөлгөөний дүрмийг баримтлахгүй гэсэн зохицуулалт биш юм. Д аймгийн З сумын Засаг даргын 2022 оны 10 сарын 14-ны өдрийн А/279 дугаартай “Түр журам батлах тухай” захирамжийн хавсралт /1-р хх-ийн 70-71/-ын 4.6-д Жолоочийн үүрэг хариуцлагыг тодорхойлсон байна. Хариуцагч Ө.И нь тус журмын хавсралтын 4.6.2-т “Тээвэрлэлтийн явцад цагдаагийн албан хаагчаас тавсан шаардлагыг биелүүлж, замын хөдөлгөөнд аюулгүй байдлыг ханган оролцоно.”, 4.6.3-т “Жолооч тээвэрлэлтийн явцад ...зайлшгүй автомашины бүхээгээс гарах шаардлага үүссэн тохиолдолд ахалж буй албан хаагчид мэдэгдэж, холбогдох байгууллагын албан хаагчийн зааврын дагуу ажиллана”, 4.6.6-т “Хэрэв тээвэрлэлт гүйцэтгэх тээврийн хэрэгсэлд хөдөлгөөний аюулгүй байдалд нөлөөлөхөөр эвдрэл гэмтэл ажиглагдсан тохиолдолд тухайн тээврийн хэрэгслээр тээвэрлэлт гүйцэтгэхээс татгалзах эрхтэй” гэж журамласан. Үүнээс дүгнэхэд хариуцагч Ө.И нь тээврийн хэрэгслээ хүлээж авахдаа ачааг бэхэлж даруулсан эсэхийг шалгаж үзэхэд 2 чингэлгийн урд талын чингэлгийг бэхлээгүй, арын чингэлгийг 1 гинж гүүмэрээр даруулсан байсныг харсаар байж хөдөлгөөнийг эхлүүлсэн нь зам тээврийн осол гарахад нөлөөлсөн гэж үзэхээр байна.
Нэхэмжлэлийн шаардлагын үндэслэл болох шилний үнэ 89,591,152 төгрөг, цонхны шилний тээвэрлэлтийн зардал 11,086,000 төгрөг, 2 ширхэг чингэлэг засварын зардал 3,500,000 төгрөг, чингэлэг доторх хагарсан шил гаргаж хаях ажлын зардал 3,000,000 төгрөг нийт 107,177,152 төгрөгийг нэхэмжилсэн нэхэмжлэлийн шаардлагаас шүүх зарим хэсгийг хангаж хариуцагч нараас Иргэний хуулийн 229 дүгээр зүйлийн 229.2-т зааснаар гэм буруугийн хэр хэмжээгээр хариуцуулан гаргуулах нь зүйтэй гэж үзсэн.
Нэхэмжлэгч байгууллага нь 2 ширхэг чингэлэг засварын зардал 3,500,000 төгрөг, чингэлэг доторх хагарсан шил гаргаж хаях ажлын зардал 3,000,000 төгрөг, цонхны шилний тээвэрлэлтийн зардал 11,086,000 төгрөгийг зарцуулсан болохоо нотлох баримтын хүрээнд нотолж чадаагүй. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2-д ”Шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлага, түүнийг үгүйсгэх, татгалзах үндэслэл, тайлбар түүнтэй холбоотой баримтыг өөрөө нотлох, нотлох баримтыг цуглуулах гаргаж өгөх” үүргээ хэрэгжүүлээгүй болно.
Нэхэмжлэгч талаас чингэлэг доторх хагарсан шил гаргаж хаях ажлын зардал 3,000,000 төгрөгийг Г.М-д өгсөн түүний Х банкны хуулга болон түүний гэрчээр өгсөн мэдүүлгээр тогтоогдоно гэх тайлбар нь дараах байдлаар үгүйсгэгдэж байна. Гэрч Г.М-д чингэлэг доторх хагарсан шил гаргаж хаях ажлын зардал 3,000,000 төгрөгийг төлсөн гэх боловч түүний Х банкны хуулга /2-р хх-ийн 14/ нь нотлох баримтын шаардлагыг хангаагүй баримт байх тул нотлох баримтын хүрээнд үнэлэх боломжгүй, мөн Г.М нь нэхэмжлэгч байгууллагын итгэмжлэгдсэн төлөөлөгчийн /2-р хх-ийн 05/ хувиар хариуцагч Д.Б-аас гаргаж байсан сөрөг нэхэмжлэлийг хүлээн авч байсан үйл баримтаар гэрч нь нэхэмжлэгчтэй хамаарал бүхий этгээд болох нь тогтоогдож байх тул түүний гэрчийн мэдүүлэг үнэн зөв гэдэгт эргэлзээ төрүүлж байна. Иймээс 3,000,000 төгрөгийг зардлыг ослын улмаас учирсан хор уршиг гэж үзэх үндэслэл тогтоогдоогүй болно.
Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагыг багасгаж чингэлэг засварын зардалд 3,500,000 төгрөг, чингэлэг доторх хагарсан шил гаргах ажлын зардалд 3,000,000 төгрөг нэхэмжилсэн боловч энэ талаарх нотлох баримтаа шүүхэд ирүүлээгүй байна. Өөрөөр хэлбэл чингэлэг засварт хэдэн төгрөг зарцуулсан, хагарсан шил гаргаж хаяхад хэдэн төгрөг зарцуулсан нь нотлогдохгүй байна. Ашид билгүүн ХХК-ны чингэлэг дахин засварлахад ажлын хөлс 3,500,000 төгрөг гарна гэсэн тооцоо байгаа болохоос биш чингэлэг засварын ажил хийж гүйцэтгэсэн ажлын хөлс, хагарсан шил гаргаж хаяхад зарцуулсан ажлын хөлсний тооцоо байхгүй байна.
Иймд нэхэмжлэлийн шаардлагаас нотлох баримтаар нотлогдохгүй байгаа цонхны шилний тээвэрлэлтийн зардал 11,086,000 төгрөг, 2 ширхэг чингэлэг засварын зардал 3,500,000 төгрөг, чингэлэг доторх хагарсан шил гаргаж хаях ажлын зардал 3,000,000 төгрөг нийт 17,586,000 төгрөгийг хэрэгсэхгүй болгон хохирол болох цонхны шилний үнэ 89,591,152 төгрөгийг хариуцагч нараас гаргуулж шийдвэрлэв.
Хариуцагч Ө.И нь Замын хөдөлгөөний дүрмийг зөрчсөний улмаас зам тээврийн осол гарч нэхэмжлэгч байгууллагад хохирол учирсан гэм буруугийн шууд шалтгаант холбоотой байх тул түүнээс 89,591,152 төгрөгийн 60 хувь буюу 53,754,691 төгрөгийг, хариуцагч Д.Б, О.Э нараас тус бүр 20 хувь буюу 17,918,230 төгрөгийг тус тус гаргуулахаар хуваарилсан болно.
Хариуцагч нар нь энэ хуульд заасан нэхэмжлэлийн шаардлагыг нотлох, нотлох баримтыг цуглуулж гаргаж өгөх, нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй байгаа үндэслэлээ нотолж чадаагүй гэж үзнэ. Өөрөөр хэлбэл нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй байгаа нотлох баримтууд хэрэгт авагдаагүй болно.
Хариуцагч Д.Б нь сөрөг нэхэмжлэлийн шаардлагаасаа татгалзсан болно.
Иргэдийн төлөөлөгчийн хувд: Нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангах нь зүйтэй гэж дүгнэсэн нь хэргийн бодит байдалтай нийцэж байна гэж үзлээ.
Шүүх нэхэмжлэлийн шаардлагаас 89,591,152 төгрөгийн шаардлагыг хангаж, 17,586,000 төгрөгийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн тул нэхэмжлэгчийн Улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 738,835.76 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Д.Б, Ө.И, О.Э нараас 89,591,152 төгрөгийн улсын тэмдэгтийн хураамж 605,906 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид олгож, сөрөг нэхэмжлэлд төлсөн 70,200 төгрөгийг улсын орлого болгох нь зүйтэй байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.2, 116, 118-д заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Иргэний хуулийн 229 дугаар зүйлийн 229.2, 497 дугаар зүйлийн 497.1, 499 дугаар зүйлийн 499.1, 499.3, 510 дүгээр зүйлийн 510.1-т зааснаар хариуцагч нараас нийт 89,591,152 төгрөгийг буюу хариуцагч Ө.И-аас 53,754,691 төгрөг, хариуцагч Д.Б, О.Э нараас тус бүр 17,918,230 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Н.В ХХК-д олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 17,586,000 төгрөгийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Хариуцагч Д.Б нь цонхны 1500*2000*4 мм хэмжээтэй 10 хайрцаг, цонхны 1650*2200*4 мм хэмжээтэй 16 хайрцаг шилийг гаргуулах тухай сөрөг нэхэмжлэлийн шаардлагаасаа татгалзсан болохыг дурдсугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-т зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 738,835.76 төгрөг, сөрөг нэхэмжлэлд төлсөн 70,200 төгрөгийг тус тус улсын орлогод хэвээр үлдээж, нэхэмжлэлийн шаардлагаас 89,591,152 төгрөг хангасан үнийн дүнд ногдох улсын тэмдэгтийн хураамж 605,906 төгрөгийн 60 хувь болох 363,544 төгрөгийг хариуцагч Ө.И-аас, Д.Б, О.Э нараас үлдэх 40 хувь болох 242,362 төгрөгийг хувь тэнцүүлэн гаргуулж, нэхэмжлэгч Н.В ХХК-д олгосугай.
4. Хариуцагч нар нь шийдвэрийг сайн дураар эс биелүүлбэл шүүхийн шийдвэр гүйцэтгэх журмаар албадан биелүүлэхийг мэдэгдсүгэй.
5. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4, 119.7-д зааснаар энэхүү шийдвэр нь танилцуулан сонгомогц хуулийн хүчинтэй болох бөгөөд мөн хуулийн 119 дүгээр зүйлийн 119.3-д заасан хугацаа өнгөрмөгц 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах ба ийнхүү гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг дурдсугай.
6. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар нэхэмжлэгч, хариуцагч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Дорноговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Э.БОЛОРМАА
ШҮҮГЧИД Н.АРИУНЖАРГАЛ
П.ЦОГЗОЛМАА