Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2025 оны 10 сарын 16 өдөр

Дугаар 2025/ДШМ/1210

 

2025           10            16                                                                            2025/ДШМ/1210

 

   Б.С-д холбогдох эрүүгийн

                                                                    хэргийн тухай

 

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Н.Баасанбат даргалж, шүүгч П.Гандолгор, шүүгч Н.Баярмаа нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:

прокурор М.Эрдэнэзаяа,

шүүгдэгч Б.С- /цахимаар/, түүний өмгөөлөгч Т.Мөнхцэцэг,

нарийн бичгийн дарга Б.Пэрэнлэйдулам нарыг оролцуулан,

Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхийн шүүгч М.Далайхүү даргалж, шүүгч Г.Золбоо, шүүгч О.Жанчивнямбуу нарын бүрэлдэхүүнтэй хийсэн шүүх хуралдааны 2025 оны 8 дугаар сарын 27-ны өдрийн 2025/ШЦТ/2053 дугаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч шүүгдэгч Б.Сод-Эрдэнийн давж заалдах шатны шүүхэд гаргасан гомдолд үндэслэн түүнд холбогдох 25050 00000 0684 дугаартай эрүүгийн хэргийг 2025 оны 10 дугаар сарын 3-ны өдөр хүлээн авч, шүүгч Н.Баярмаа илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Б- овогт Б-ийн С-, ..........., ял шийтгэлгүй, /РД: .............../,

 

Шүүгдэгч Б.С- нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ буюу 2025 оны 5 дугаар сарын 11-нээс 12-нд шилжих шөнө Баянгол дүүргийн 31-р хорооны нутаг дэвсгэр, Н--103 дугаар байрны иргэн Л.Б-, Б.Т- нартай тодорхой шалтгаангүйгээр маргалдаж, улмаар хутгыг зэвсгийн чанартайгаар ашиглаж иргэн Л.Б-ий хэвлий тус газар 1, зүүн шуу хэсэгт 1 удаа тус тус хутгалж биед нь хэвлийн хөндийд нэвтэрч нарийн гэдэс, чацархай, баруун ташааны тараагуур судас, баруун бөөрний шээлүүр, хэвлий шулуун булчин гэмтээсэн хатгагдаж, зүсэгдсэн шарх, хэвлийн хөндий дэх цус хуралдалт, зүүн шуунд шарх бүхий хүнд гэмтэл учруулсан,

- мөн иргэн Б.Т-гийн зүүн хөлийн гуя хэсэгт 1 удаа, шилбэ хэсэгт 1 удаа хутгалж зүүн гуя, шилбэнд хатгагдаж зүсэгдсэн шарх, цус хуралт бүхий хөнгөн хохирол учруулж 2 ба түүнээс дээш хүнийг алахыг завдсан гэмт хэрэгт холбогджээ.

 Баянгол дүүргийн прокурорын газар: Б.С-ийн үйлдлийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.6 дахь заалтад зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.

 

Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүх: “…Шүүгдэгч Б- овогт Б-ийн С-ийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан, мөн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.6 дахь заалтад заасан "Хоёр ба түүнээс олон хүнийг алахыг завдсан" гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.6 дахь заалтад зааснаар шүүгдэгч Б.С-ийг 6 /зургаан/ жилийн хугацаагаар хорих ял шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 3, 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.С-д оногдуулсан 6 /зургаан/ жилийн хугацаагаар хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр,  Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Б.С-ийн 2025 оны 05 дугаар сарын 12-ны өдрөөс 2025 оны 08 дугаар сарын 27-ны өдрийг хүртэл энэ хэрэгт баривчлагдсан, цагдан хоригдсон нийт 107 хоногийг түүний эдлэх ялд оруулан тооцохоор, Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 505 дугаар зүйлийн 505.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.С-эс хохирогч Л.Б-ий эмчилгээ хийлгэсэн, эмнэлгийн тусламж үйлчилгээ авсан хохирол төлбөрт 1.972.739 төгрөгийг гаргуулж хохирогч Л. Б-д олгож, хохирогч Л.Б-, Б.Т- нар нь өөрт учирсан болон цаашид учрах гэм хортой холбоотой баримтаа бүрдүүлэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээж шийдвэрлэснийг дурдаж,  Эрүүл мэндийн даатгалын тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.1 дэх хэсгийн 12.1.1 дэх заалтад зааснаар шүүгдэгч Б.С-эс 368.682 төгрөгийг гаргуулж Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газарт олгохоор, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.4 дэх заалтад зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирүүлсэн 1 ширхэг "бор өнгийн иштэй хутга"-ыг устгуулахаар шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц эд мөрийн баримт устгах комисст шилжүүлэхийг шүүгчийн туслахад даалгаж, энэ хэрэгт битүүмжлэгдсэн эд зүйлгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгч Б.С-ийн иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй болохыг тус тус дурдаж, шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох ба шүүгдэгч Б.Сод- Эрдэнэд урьд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж, түүний эдлэх ялыг 2025 оны 08 дугаар сарын 27-ны өдрөөс эхлэн тоолохыг тус тус дурдаж...” шийдвэрлэжээ.

 

Шүүгдэгч Б.С- давж заалдах шатны шүүхэд гаргасан гомдол болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Хэт нэг талыг барьсан материал бүрдүүлж, хэргийн бодит үнэн төөрсөн гэж үзэж байна. Байцаалт өгөх үед миний сэтгэл санаа тайван бус бие муу байсан. Хохирогчдийн мэдүүлэг зөрүүтэй, тухайн үеийн нөхцөл байдлаас тэс өөр, үнэн бодит байдлаас зөрүүтэй байгаад би гайхаж байна. Би өөрөө хохирогч мөн бөгөөд аюултай довтолгооноос өөрийгөө хамгаалж аргагүй хамгаалалт хийсэн. Мөн хохирогч нарын цаашид гарах эмчилгээний зардлаа нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээсэнтэй санал нийлэхгүй байна. Миний буруугаас болж энэ хоёр хүн хохирсон гэж үзэхгүй. Иймд намайг цагаатгаж өгнө үү...” гэв.

 

Шүүгдэгчийн өмгөөлөгч Т.Мөнхцэцэг тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Б.С- нь анхан шатны шүүх хуралдаанд оролцсон өмгөөлөгч Л.Ганцэцэгээс татгалзсан учраас миний бие Хууль зүйн туслалцааны төвөөс томилогдон энэ хэрэгт давж заалдах шатны шүүхийн шатнаас оролцож байна. Хэргийн материалаас үзэхэд Б.С- нь хоёр хүний эрүүл мэндэд хохирол учруулсан нөхцөл байдал тогтоогддог. Гэхдээ уг гэмтэл яагаад учирсан гэдгийг анхаарч үзэх ёстой байсан гэж үзэж байна. Болсон явдлын талаар гэрч, хохирогч нарын мэдүүлэг хоорондоо таардаг. Шүүгдэгч нь “Нөгөө талаас довтолгоон ирсэн учраас би өөрийгөө хамгаалах зорилгоор өөртөө байсан хутгаа гаргаж, биеэсээ холдуулах гэж ашигласан. Түүнээс хэн нэгнийг алах, биед нь гэмтэл учруулах санаа зорилго надад байгаагүй, зөвхөн 5-6 хүний халдлагаас өөрийгөө хамгаалах зорилготой байсан” гэх мэдүүлгийг өгсөн. Прокуророос хүнийг алахыг завдсан гэж зүйлчилсэн нь үндэслэлгүй. Учир нь, хүнийг алахыг завдах нь санаатай үйлдэгддэг бол Б.С-ийн хувьд бусдыг санаатай алах гэсэн шууд санаатай үйлдэл хийгээгүй. Иймд үйлчлүүлэгч Б.С-ийн гаргасан давж заалдах гомдлыг дэмжиж байх тул зүйлчлэлийг хөнгөрүүлэн өөрчилж өгнө үү ...” гэв.

 

Прокурор М.Эрдэнэзаяа тус шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “...Хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудаар шүүгдэгчийн үйлдэл хангалттай нотлогдон тогтоогдсон гэж үзэж яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлсэн. Шүүх прокуророос шилжүүлсэн хэргийн хүрээнд үндэслэл бүхий шийдвэр гаргасан гэж үзэж байна. Учир нь, шүүгдэгч Б.С- нь хохирогч Л.Б-ий хэвлий тус газар 1, зүүн шуу хэсэгт 1 удаа, Б.Т-гийн зүүн хөлийн гуя хэсэгт 1 удаа, шилбэ хэсэгт 1 удаа гээд нийт 4 удаа хутгалсан үйлдлээр дээрх гэмтлүүдийг учруулсан. Хутгалж байгаа үйлдэл нь хохирогчийн амь насыг хохироох  санаа зорилготой байсан гэж үзэх үндэслэлтэй. Хэрэгт авагдсан хохирогч, гэрч нарын мэдүүлгээр хохирогч Л.Б-ий нарийн гэдэс цувж гарсан байдалтай байсан гэдэг. Шүүгдэгчийн гарт байсан хутгыг өшиглөж салган хохирогч Л.Б-д эмнэлгийн анхан шатны тусламж үзүүлсэн байдаг. Тиймээс хутгыг өшиглөж салгаснаар төгссөн завдалт үүссэн. Хохирогч нарын амь насыг хохироох зорилготой байсан боловч Б.С-ийн хүсэл зоригоос үл хамаарч дээрх гэмт хэрэг таслан зогсоогдсон. Зүйлчлэлийн хувьд учруулсан хор уршиг болон хэрэгт авагдсан нотлох баримтуудад тулгуурлаж Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.6 дахь заалтад заасан хоёр ба түүнээс дээш хүнийг алахыг завдсан гэмт хэргийн шинжийг хангасан гэж үзсэн. Иймд анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээх саналтай байна. Хэрэгт авагдсан нотлох баримтуудаар шүүгдэгч нь ямар нэгэн аргагүй хамгаалалт хийсэн нөхцөл байдал тогтоогддоггүй...” гэв.  

 

ТОДОРХОЙЛОХ нь:

Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсгүүдэд зааснаар С.А-т холбогдох хэргийг хянан хэлэлцэхдээ шүүгдэгч Б.С-ийн гаргасан давж заалдах гомдолд заасан асуудлаар хязгаарлахгүйгээр хэргийн шийдвэр, ажиллагааг бүхэлд нь хянав.

1. Шүүгдэгч Б.С- нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ буюу 2025 оны 5 дугаар сарын 11-нээс 12-нд шилжих шөнө Баянгол дүүргийн 31-р хорооны нутаг дэвсгэр, Н--103 дугаар байрны иргэн Л.Б-, Б.Т- нартай тодорхой шалтгаангүйгээр маргалдаж, улмаар хутгыг зэвсгийн чанартайгаар ашиглаж иргэн Л.Б-ий хэвлий тус газар 1, зүүн шуу хэсэгт 1 удаа тус тус хутгалж биед нь хэвлийн хөндийд нэвтэрч нарийн гэдэс, чацархай, баруун ташааны тараагуур судас, баруун бөөрний шээлүүр, хэвлий шулуун булчин гэмтээсэн хатгагдаж, зүсэгдсэн шарх, хэвлийн хөндий дэх цус хуралдалт, зүүн шуунд шарх бүхий хүнд гэмтэл учруулсан,

- мөн иргэн Б.Т-гийн зүүн хөлийн гуя хэсэгт 1 удаа, шилбэ хэсэгт 1 удаа хутгалж зүүн гуя, шилбэнд хатгагдаж зүсэгдсэн шарх, цус хуралт бүхий хөнгөн хохирол учруулж 2 ба түүнээс дээш хүнийг алахыг завдсан гэмт хэрэгт үйлдсэн болох нь:

- Дуудлага лавлагааны хуудас /хх 01/,

- гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /хх 02/,

- хэргийн газар үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх 3-4/,

- хохирогч Б.Т-гийн: “...2025 оны 5 дугаар сарын 11-нээс 12-нд шилжих шөнө найз Б-, З-, Ө- хамт явж байхад Гэмтлий автобусны буудал дээр үл таних эрэгтэй хүн дүү Төрөөг нүүр хэсэгт нь нэг удаа цохисон ба Б- салгах гээд очтол Б-ий хэвлий хэсэгт нь хутгалж, намайг салгах гээд очтол миний зүүн хөлийн шилбэ гуя хэсэгт 2 удаа хутгалж би 4 оёдол тавиулсан.../хх 10-11/...Төрөөтэй үл таних хүн мөргөлдөөд Төрөөгийн нүүрэн тус газарт нэг удаа цохиж, Б-, З- бид гурав салгахаар оролдсон ба Б-ийг тэр залуу зуураад тавихгүй байхаар нь хойш нь түлхээд З- тэр залуугийн гар дээр нь дарчихсан байсан. Зэлмийг холдуулах гээд хойш нь татах үед миний зүүн хөлийн гуя шилбэ хэсэгт 1,1 удаа цохих шиг болсон. Ө- ирээд бид нарыг салгах үед Б- хэвлий хэсэгтээ хутгалуулсан бололтой нарийн гэдэс нь ил гарсан байсан. Би 6 оёдол тавиулсан. Б- яаралтайгаар хагалгаанд орсон...” /хх 13-14/,

- хохирогч Л.Б-ий: “...2025 оны 5 дугаар сарын 11-ноос 12-нд шилжих шөнө Төрөө утсаар оролдоод хамгийн ард, Ө- утсаар яриад урд түрүүлээд, З-, Т- хоёртой зэрэгцээд явж байхад бид хэдийн хажуугаар зөрсөн үл таних эрэгтэй хүн ард явж байсан Төрөөг зөрөхдөө хүчтэй мөргөж Төрөө хөөе яаж яваад байгаа юм бэ? гэхэд тухайн үл таних эрэгтэй хүн Төрөөгийн нүүрэн тус газарт 2 удаа цохиод бид гурав очтол тэр хүн Төрөөг цохих гээд дайраад бид нар дундуур нь ороод хэсэг хугацаанд зууралдаж маргалдсан. Тэгээд би нөгөө үл таних эрэгтэй хүнийг хойш нь түлхсэн чинь миний нүүрэн тус газарт гараараа 1 удаа цохисон ба тэр үед З-, Төрөө хоёр миний ард Т- надтай зэрэгцээд зогсож байх үед Ө- гүйж ирээд бид нарыг мөн салгах гэж оролдсон. Ө-г дөнгөж ирэх үед миний хэвлий хэсгээс халуун зүйл мэдрэгдээд байхаар нь хутгалуулчихсан нарийн гэдэс маань ил гараад ирчихсэн байсан тэгээд би шоконд орж өөр зүйлийн талаар санахгүй байна. Гэхдээ би хутга гаргаж ирсэн эсэхийг нь хараагүй. Хутгалуулсан гэдгээ мэдээд шоконд орчихсон. Хэвлий хэсэгтээ хутгалуулж 5 оёдол тавиулж, 3 удаагийн хагалгаанд орж одоо ч эмчилгээ хийлгэж байна нилээд өвчтэй зовиуртай байгаа. Мөн миний зүүн гарын тохой хэсэгт зүсэгдэж 2 оёдол тавиулсан...” /хх 20-21/,

- Л.Б-ий Эрүүл мэндийн даатгалын хөнгөлөлт эдэлсэн тухай мэдээлэл /хх 24/,

- Б.Т-гийн Эрүүл мэндийн даатгалын хөнгөлөлт эдэлсэн тухай мэдээлэл /хх 25/,

- Эрүүл мэндийн даатгалын сангийн нэхэмжлэх албан бичиг, холбогдох баримт /хх 24-28/,

- гэрч А.Ө-гийн: “...хүмүүс орилолдоод байхаар нь манай хэд байж магадгүй гэж бодоод очтол Т-, Б- хоёр үл таних эрэгтэй хүнтэй зууралдаад байж байхаар нь салгатал Т-гийн гуянаас нь цус гарчихсан, Б-ий хэвлий хэсгээс нарийн гэдэс ил гарчихсан гараараа дараад зогсож байхаар нь би эмнэлэг болон цагдаагийн байгууллагад дуудлага мэдээлэл өгсөн. Тухайн залуу гартаа эвхэгддэг жижиг хутга барьсан байсан...” /хх 30/,

- гэрч Х.З-ийн: “...Төрөөг үл таних эрэгтэй хүн нүүрэн тус газарт нь гараараа 1 удаа цохихоор нь Б-, Т- бид гурав салгахаар очтол халааснаасаа тонгорог гаргаж ирэхээр нь бид нар бөөндөө тэр залууг дэлгүүрийн шат руу түлхэж унагаад би хутгатай гаран дээр гишгэхэд гараа татаж аваад босож ирээд хутгатай гараараа саваад байсан. Тэр үед Ө- араас гүйж ирээд бид нарыг салгаад зогсож байтал Б-ий хэвлий хэсгээс нь цус гарчихсан нарийн гэдэс нь ил гарсан байдалтай, Т-гийн хөлнөөс нь цус гарсан байхаар нь Ө- цагдаагийн байгууллагад дуудлага мэдээлэл өгч Т- Б-ий тэврээд ГССҮТ рүү явсан...” /хх 32-33/,

- гэрч Ч.Л-ын: “...хүү Б-ийг үл таних эрэгтэй хүн хутгалчихлаа гээд эмнэлэгт ирэхэд хүү хагалгаанд орсон байсан...” /хх 36-37/,

- Шүүх шинжилгээний ерөнхий газрын 2025 оны 5 дугаар сарын 23-ны өдрийн ЕГ0725/6825 дугаар шинжээчийн... Л.Б-ий биед хэвлийн хөндийд нэвтэрч нарийн гэдэс, чацархай, баруун ташааны тараагуур судас, баруун бөөрний шээлүүр, хэвлийн шулуун булчин гэмтээсэн хатгагдаж, зүсэгдсэн шарх, хэвлийн хөндий дэх цус хуралдалт, зүүн шуунд зүсэгдсэн шарх гэмтэл тогтоогдлоо. Гэмтлүүд нь ир үзүүртэй зүйлийн хоёр удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Гэмтлүүд нь тухайн хэрэг болсон гэх цаг хугацаанд учирсан шинэ гэмтлүүд байна. Амь насанд аюултай тул Хүний эрүүл мэндэд учирсан хохирлын зэрэг тогтоох журмын 4.1.9, 4.1.14, 4.1.16-т зааснаар хохирлын хүнд зэрэг тогтоогдлоо. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварыг тогтонги алдагдуулах эсэх нь гэмтлийн эдгэрэлт, эмчилгээний үр дүнгээс хамаарна... дүгнэлт /хх 38-42/,

- Шүүх шинжилгээний ерөнхий газрын 2025 оны 5 дугаар сарын 15-ны өдрийн ЕГ0725/6857 дугаар шинжээчийн... Б.Т--н биед зүүн гуя, шилбэнд хатгагдаж зүсэгдсэн шарх, цус хуралт гэмтэл тогтоогдлоо. Гэмтлүүд нь ир үзүүр бүхий зүйлийн үйлчлэлээр, хоёр удаагийн үйлдлээр үүснэ. Шинэ гэмтэл байна. Хэрэг болсон гэх цаг хугацаанд үүсэх боломжтой. Эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул хүний эрүүл мэндэд учирсан хохирлын зэрэг тогтоох журмын 3.1.1-т зааснаар хохирлын хөнгөн зэрэг тогтоогдлоо. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварыг тогтонги алдагдуулахгүй... дүгнэлт /хх 45-46/,

- Шүүх шинжилгээний ерөнхий газрын 2025 оны 5 дугаар сарын 30-ны өдрийн ЕГ0325/3828 дугаар шинжээчийн... Шинжилгээнд ирүүлсэн бор өнгийн иштэй хутга нь шинжилгээнд тэнцэнэ. Бор өнгийн иштэй хутга дээрээс цус илэрсэн. Биологийн гаралтай бусад ул мөр илрээгүй. Уг цуснаас нэг эрэгтэй хүний ДНХ-ийн тогтоц илэрсэн... дүгнэлт /хх 47-49/,

- хохирогч Л.Б- сэтгэцэд учирсан хохирлоо нэхэмжилнэ /хх 58/, хохирогч Б.Т- сэтгэцэд учирсан хохирол нэхэмжлэхгүй. /хх 62/,

- Дүүргийн Эрүү, Иргэний хэргийн хялбар ажиллагааны анхан шатны тойргийн шүүхийн 2025 оны 5 дугаар сарын 12-н “... ...Б.С-ийг 2025 оны 5 дугаар сарын 12-ноос сэжигтнээр баривчлах зөвшөөрөл олгосугай” /хх 65-66/, “яллагдагч Б.С-д цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг 1 сарын хугацаагаар 2025 оны 5 дугаар сарын 14-нөөс эхлэн авсугай” /хх 69-71/, “Б.С-д авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээний хугацааг 2025 оны 6 дугаар сарын 12-ны өдрөөс эхлэн 30 хоногийн хугацаагаар сунгасугай” /хх 77-78/, “Б.С-д авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээний хугацааг 2025 оны 7 дугаар сарын 12-ны өдрөөс эхлэн 1 сарын хугацаагаар сунгасугай” /хх189-190/,

- шүүгдэгч Б.С-ийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...2025 оны 5 дугаар сарын 11-нд найзтайгаа 0.75л хэмжээтэй архи хувааж ууж дуусах үед 15 цаг болж байсан ба дахин бид гурав 0.5л хэмжээтэй архи уусан. Би ГССҮТ-ын арын машин замаар хотхонуудын дундуур алхаад явж байтал үл таних 20- 25 насны орчим эрэгтэй хүн намайг мөрлөхөөр би эргэж хараад хөөе яаж байна аа гэхэд “намайг мөрлөсөн” залуугийн араас 5-6 залуучууд ирээд намайг татаж чирээд, “банана” нэртэй дэлгүүрийн шат руу түлхэж унагаад дээрээс өшиглөж цохиод байхаар нь болиочээ гэж орилоод өмдний халааснаасаа бор иштэй хутгаа гаргаж ирээд айлгах гэж оролдсон чинь миний хутганаас барьж аваад намайг үргэлжлүүлэн зодсон. Би хутгаараа хэн нэгнийг гэмтээсэн эсэхээ санахгүй байна. Айлгах зорилгоор л хутгаа гаргаж ирсэн юм. Хоорондоо зууралдаж байх үед хутгаараа гэмтээчихсэн юм шиг байна лээ.../хх 82-83/...бид хоорондоо харилцан зодолдож би айлгах зорилгоор халааснаас бор иштэй эвхэгддэг хутга гаргаж ирээд доошоо харсан чинь хутгатай гараа олон удаа савсан юм. Гэтэл тэр залуучууд намайг хүн хутгалчихлаа гээд цагдаагийн байгууллагад мэдэгдсэн. Би тэр залуучуудыг хутга гаргаж ирвэл айгаад явах байх гэж бодсон.../хх 91-92/...үл таних залуу надтай зөрөхдөө албаар мөрөөрөө мөргөсөн ба би яаж байна аа гэхэд ална шүү гэх зэргээр харааж эхэлсэн. Улмаар бид хоёр зууралдаад зогсож байтал тэр үл таних залуутай хамт явж байгаа бололтой миний санаж байгаагаар 3 залуу бид хоёрыг чиглээд гүйгээд ирсэн. Бас наад талд нь 2, 3 залуу зогсож байсан. Тэгээд би тэд нарыг олуулаа хүрээд ирэхээр нь айлгах гээд халааснаасаа бор иштэй эвхэгддэг хутга гаргаж ирэхэд маргааныг таслан зогсоох ямар ч үйлдэл хийгээгүй шууд над руу дайрцгаасан. Тухайн үед би хутгаа баруун гартаа барьчихсан байсан ба миний баруун гарыг нэг залуу нь барьчихсан, бусад нь намайг чирж, толгой хэсэгт өшиглөх гараараа цохих зэргээр олон удаа цохиж, Н- 105 дугаар байрны үүдэнд байх нэртэй дэлгүүрийн шат руу түлхэж унагаад цохиж байгаад гэнэт бүгдээрээ тараад гүйцгээсэн ба удалгүй цагдаагийн алба хаагчид хүрч ирсэн. Би хэн нэгнийг санаатайгаар хутгалж гэмтээсэн асуудал байхгүй ээ. Намайг чирэгдээд явж байхад миний гартаа барьсан хутганд өртсөн байж магадгүй. Хэрвээ би санаатайгаар хутгалсан бол тэнд байсан хүмүүсийг бүгдийг нь гэмтээх байсан. Би тухайн үед тэр хүмүүсийг айлгах зорилгоор биедээ авч явсан хутгаа гаргаж ирсэн юм. Тэрнээс биш хүнийг алах, гэмтээх санаа зорилго байгаагүй. Би байнгын нүүж явдаг тул хутга их хэрэгтэй байдаг юм. Уг үйл явдлаас өмнө 2 хоногийн өмнө манай 2 найз согтуу манай гэрт хонох үед би согтуу хүмүүсийн хажууд хутга байлгаад яахав гээд халаасандаа хийчихээд тэр чигтээ аваад явчихсан байна лээ...” /хх 173-175/,

- хүний биед үзлэг хийсэн тэмдэглэл /хх 105-106/,

- таньж олуулах ажиллагаа /хх 107-110/,

- өвчний түүх эмчилгээний баримт /хх 113-144/,

- хохирогч Л.Б-ий хохирлын баримт /хх 146-158/ зэрэг шүүх хуралдаанаар хэлэлцсэн нотлох баримтуудаар хөдөлбөргүй нотлогдсон бөгөөд шүүхийн шийдвэрийн үндэслэл болсон нотлох баримтууд үнэн зөв, хууль ёсны эсэхэд эргэлзэх нөхцөл байдал тогтоогдоогүй байна.

 

2. Энэ хэрэгт Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг бүрэн шалгаж, тодруулсан байх ба мөрдөн шалгах ажиллагаа болон шүүхийн шатанд оролцогчдын эрхийг хасаж буюу хязгаарласан, эсхүл бусад байдлаар шүүхийн шийдвэрт сөргөөр нөлөөлөхүйц Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн ноцтой зөрчил гараагүй байна. 

Анхан шатны шүүх прокуророос шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгчийн гэм бурууг хянан хэлэлцэж, нотлох баримтаар тогтоогдсон хэргийн үйл баримтыг үндэслэн шүүгдэгч Б.С-ийг "Хоёр ба түүнээс олон хүнийг алахыг завдсан" гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсон нь хууль зүйн үндэслэлтэй бөгөөд хэргийн бодит байдалтай нийцжээ.

Мөн шүүгдэгч Б.С-ийн үйлдсэн хэрэг нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан, мөн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.6 дахь заалтад заасан гэмт хэргийн шинжид хамаарч байгааг анхан шатны шүүх зөв тайлбарлан зүйлчилж, Эрүүгийн хуулийг зөв хэрэглэсэн байна.

3. Шүүхээс гэмт хэрэг үйлдсэн хүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ тухайн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрээс гадна гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагын хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан үзэх учиртай бөгөөд хуульд гэмт хэрэг үйлдэхээр завдсан үйлдэлд оногдуулах ял нь төгссөн гэмт хэрэгт оногдуулах ялаас ялгаатай буюу аль болох бага байхаар хуульчлагдсан байдаг.

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.6 дахь заалтад заасан гэмт хэрэг нь 12-20 жил хүртэл хорих ял шийтгэхээр хуульчлагдсан байдаг ба анхан шатны шүүх Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.6 дахь заалтад зааснаар шүүгдэгч Б.С-д 6 /зургаа/ жилийн хугацаагаар хорих ял шийтгэж, хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр шийдвэрлэсэн нь хууль зүйн хувьд үндэслэлтэй бөгөөд түүний гэмт хэрэг үйлдсэн үйлдэл, хэргийн бодит байдалд тохирсон байна гэж үзлээ.

4. Шүүгдэгч Б.С-эс “...хавтас хэрэг хэт нэг талыг барьсан байна. Хохирогч нарын мэдүүлэг зөрүүтэй, Б.С- миний бие өөрөө хохирогч юм. Амьд гарахын тулд аргагүй хамгаалалт хийсэн. Хохирогч нарын цаашид гарах эмчилгээний зардлаа иргэний журмаар жич нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээсэнтэй санал хийлэхгүй байна. Намайг цагаатгаж өгнө үү...” гэсэн агуулга бүхий гомдлыг давж заалдах шатны шүүхэд гаргасныг бүхэлд нь хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн үзлээ.

A/ Гэмт хэргийг үгүйсгэх нөхцөл байдлын нэг төрөл бол аргагүй хамгаалалт байдаг бөгөөд аливаа этгээдийн довтолгооноос өөрийгөө болон бусдыг хамгаалах боломж бүх хүнд тэгш олгогдоно. Мөн довтолгооны үр дүнд өртөх эрх ашиг, гарах хохирол, хор уршиг нь хамгаалалтын үр дүнд гарсан хохирол, хор уршиг, өртөгдсөн эрх ашигтэй тэнцвэртэй байх учиртай.

Аргагүй хамгаалалт нь хууль бус, тулгарсан довтолгооны эсрэг хийгддэг, харин маргаан төдий зүйл, сэтгэл санааны цочролд автсанаас өөрийгөө хянах чадваргүй болсныг аффектын нөхцөл байдалд тооцдог атал хохирогч Л.Б-, Б.Т-, шүүгдэгч Б.С- нарын хооронд үл ялих зүйлээс шалтгаалсан маргаан үүссэн нь нотлогдсоноос бус хохирогч нарыг тус тус “хоёр, хоёр” удаа хутгалж Л.Б-ий биед хүнд, Б.Т-гийн биед хөнгөн хохирол учруулах хэмжээнд шүүгдэгч рүү довтолж дайрсан, эсвэл сэтгэцийн хувьд өөрийгөө удирдах чадваргүй болох хэмжээнд цочроосон, гутаасан, хүндээр доромжилсон үйл явдал хэрэгт нотлох баримтаар тогтоогдохгүй байна.

Өөрөөр хэлбэл аргагүй хамгаалалт хийсэн талаар тодорхой баримтгүй, тогтоогдоогүй төдийгүй шүүгдэгч Б.С- нь хутгаар Л.Б-ий хэвлийн хөндийд болон зүүн шуунд, харин Б.Т-гийн зүүн гуя, шилбэнд тус тус “хоёр, хоёр” хутгалсан үйл баримт авагдсан бөгөөд энэхүү үйлдэлдээ санаатай хандсан нь хөдөлбөргүй тогтоогдсон гэж үзнэ.

B/ Гэмт хэргийн мөрдөн шалгах ажиллагаа бүрэн хийгдсэн, хэргийг шийдвэрлэхэд ач холбогдол бүхий нөхцөл байдлыг тогтоосон буюу нотолбол зохих байдлуудыг бүрэн шалгаж, хэргийг шийдвэрлэхэд хүрэлцэхүйц нотлох баримт хэрэгт цугларсан, гэм бурууг шийдвэрлэхэд хангалттай баримт авагдсан ба анхан шатны шүүхийн шийдвэрт дурдсан гэрчүүдийн мэдүүлэг, шинжээчийн дүгнэлтүүд, хэргийн газар, цогцост үзлэг хийсэн тэмдэглэл зэрэг нотлох баримтууд нь шүүгдэгч Б.С-ийг гэм буруутайд тооцох шүүхийн шийдвэрийн хангалттай үндэслэл болсон байх бөгөөд шийтгэх тогтоолд энэ талаар тодорхой тусгаж, хэргийн бодит байдалтай нийцсэн дүгнэлт хийжээ.

C/ Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан гэмт хэргийн улмаас хүний амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгө, бусад эрх, эрх чөлөө, нийтийн болон үндэсний ашиг сонирхол, аюулгүй байдалд шууд учирсан үр дагаврыг гэмт хэргийн “хохирол”, хохирол учруулсны улмаас үүссэн үр дагаврыг гэмт хэргийн “хор уршиг”-т тооцно гэж хуульчлан тогтоосон.

Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1-д “бусдын эрх, амь нас, эрүүл мэнд, сэтгэцэд, нэр төр, алдар хүнд, ажил хэргийн нэр хүнд, эд хөрөнгөд хууль бусаар санаатай буюу болгоомжгүй үйлдэл /эс үйлдэхүй/-ээр гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг хариуцан арилгах үүрэгтэй” гэж, мөн хуулийн 505 дугаар зүйлийн 505.1-д “бусдын эрүүл мэндэд гэм хор учруулсан этгээд нь хохирогчийн хөдөлмөрийн чадвараа алдсанаас дутуу авсан цалин хөлс, түүнтэй адилтгах орлого, ийнхүү эрүүл мэндэд гэм хор учруулсантай холбогдон гарсан асарч сувилах, нэмэгдэл хоол өгөх, хиймэл эрхтэн хийлгэх, сувиллын газар сувилуулах зэрэг зайлшгүй бүх зардлыг хохирогчид төлөх үүрэгтэй” гэж тус тус заасны дагуу гэмт хэргийн улмаас учирсан хохирлыг хохирогч нар гэм буруутай этгээдээс нэхэмжлэх эрхтэй болно.

Анхан шатны шүүхээс хохирогч Л.Б-, Б.Т- нарыг энэ гэмт хэргийн улмаас учирсан хохирлоо нотлох баримтаа бүрдүүлэн иргэний журмаар жич нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээж үлдээж шийдвэрлэсэн нь үндэслэл бүхий байна.

Иймд дээрх үндэслэлүүдээр шүүгдэгч Б.С-ийн давж заалдах шатны шүүхэд гаргасан гомдлыг хэрэгсэхгүй болгож, анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолын тогтоох хэсэгт зохих өөрчлөлт оруулж шийдвэрлэлээ.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт “...Шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээсэн, эсхүл өөрчилсөн тохиолдолд ял шийтгүүлсэн этгээдэд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээний хугацааг ял эдлэх хугацаанд оруулж тооцно...” гэсний дагуу шүүгдэгч Б.С-ийн 2025 оны 8 дугаар сарын 27-ны өдрөөс 10 дугаар сарын 16-ны өдрийг хүртэл цагдан хоригдсон нийт 50 /тавь/ хоногийг ял эдлэх хугацаанд нь оруулан тооцов.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.4 дэх заалтуудыг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхийн 2025 оны 8 дугаар сарын 27-ны өдрийн 2025/ШЦТ/2053 дугаар шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн:

1 дэх заалтын: “Шүүгдэгч Б- овогт Б-ийн С-ийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан, мөн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.6 дахь заалтад заасан “Хоёр ба түүнээс олон хүнийг алахыг завдсан” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.” гэснийг “Шүүгдэгч Б- овогт Б-ийн С-ийг “Хоёр ба түүнээс олон хүнийг алахыг завдсан” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.” гэж,

2 дахь заалтын “Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.6 дахь заалтад зааснаар шүүгдэгч Б.С-ийг 6 /зургаан/ жилийн хугацаагаар хорих ял шийтгэсүгэй.” гэснийг “Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийг журамлан мөн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.6 дахь заалтад зааснаар шүүгдэгч Б.С-ийг 6 /зургаан/ жилийн хугацаагаар хорих ял шийтгэсүгэй.” гэж тус тус өөрчилж, шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн бусад заалтыг хэвээр үлдээсүгэй.

2. Шүүгдэгч Б.С-ийн гаргасан давж заалдах гомдлыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

3. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Б.С-ийн шийтгэх тогтоол гарснаас энэ өдрийг хүртэл цагдан хоригдсон 50 /тавь/ хоногийг түүний ял эдлэх хугацаанд оруулан тооцсугай.

4. Шүүхийн хууль хэрэглээний зөрүүг арилгах, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, хуулийг Улсын дээд шүүхийн тогтоол, тайлбараас өөрөөр хэрэглэсэн, эрх зүйн шинэ ойлголт, эсхүл хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой гэж үзвэл энэхүү магадлалыг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хэргийн оролцогч хяналтын журмаар гомдол гаргах, прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

 

 

                                 ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                     Н.БААСАНБАТ

 

 

                                 ШҮҮГЧ                                                              П.ГАНДОЛГОР

 

 

                                 ШҮҮГЧ                                                               Н.БАЯРМАА