| Шүүх | Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь сум дундын шүүх |
|---|---|
| Шүүгч | Эрдэнэ-Очирын Болормаа |
| Хэргийн индекс | 137/2026/00032/И |
| Дугаар | 137/ШШ2026/00115 |
| Огноо | 2026-02-13 |
| Маргааны төрөл | Бусад зээл, |
Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь сум дундын шүүхийн Шийдвэр
2026 оны 02 сарын 13 өдөр
Дугаар 137/ШШ2026/00115
2026 02 13 137/ШШ2026/00115
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь сум дундын шүүхийн иргэний шүүх хуралдааныг шүүгч Э.Болормаа даргалж, тус шүүхийн хуралдааны 1 дүгээр танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар
Нэхэмжлэгч: Д аймаг З сум ...-р баг Ш-ны гудамж ... тоотод оршин суух, хувиараа хөдөлмөр эрхэлдэг, Ж овогт С-тын О /РД:, утас: , /-ийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Д аймаг З сум 3-р баг, А-ын гудамж ... тоотод оршин суух, хувиараа хөдөлмөр эрхэлдэг, Мэрхэд овогт Г-ийн Б /РД: , утас: /-д холбогдох
Зээлийн 5,000,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг 2026 оны 01 дүгээр сарын 09-ний өдөр хүлээн авч, 2026 оны 01 дүгээр сарын 12-ны өдөр иргэний хэрэг үүсгэн хянан хэлэлцэв.
Бусад оролцогчид: Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.М, нэхэмжлэгч С.О, хариуцагчийн өмгөөлөгч Г.А нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ дараах байдлаар тодорхойлсон байна. Үүнд: С.О би Б энэ хүнд өөрийнх нь зөвшөөрсний үндсэн дээр 10 хувийн хүүтэй мөнгөн тусламж үзүүлсэн. Уг хүн маань аман гэрээгээ биелүүлэн сар бүр 10 хувийн хүүгээ төлж байсан гэвч сүүлийн хэдэн сар төлөхгүй байсан мөн утсаа ч авахгүй байсан тул нөхөрт нь хэлж мэдэгдсэн. Б нь нөхөрт хэлсэн гэдэг шалтгаанаар мөнгийг чинь төлөхгүй гэсэн хариу өгсөн. Тэгээд шүүхээрээ явж мөнгөө олж ав гэж хэлсний үндсэн дээр шүүхэд хандаж байна. Анх мөнгө авахдаа 1 сарын хугацаатай авсан болов чиг одоо хүртэл үндсэн мөнгөө өгөөгүй байна. Иймд Г.Б-гаас 5,000,000 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.
Нэхэмжлэгч С.О шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Б-д 5,000,000 төгрөгийн 1 сарын хугацаатай 2025 оны 02 сарын 20-нд 3,000,000 төгрөгөөс хүү хасаад 2,700,000 төгрөгийг, 03 сарын 25-нд 2,000,000 төгрөгөөс хүүгээ хасаад 1,800,000 төгрөгийг зээлсэн. Аман гэрээгээр итгэлцлийн үндсэн дээр зээлсэн. Одоо үндсэн мөнгө 5,000,000 төгрөгийн гаргуулах хүсэлтэй байна гэв.
Хавтаст хэрэгт цугларсан нотлох баримтуудыг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ нь:
Шүүх нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгон шийдвэрлэсэн болно.
Нэхэмжлэгч нь дараах үндэслэлээр шаардах эрхээ тодорхойлсон.
Нэхэмжлэгч С.О, хариуцагч Г.Б нар амаар харилцан тохиролцож 2025 оны 02 сарын 20-ны өдөр 5,000,000 төгрөгийг 1 сарын хугацаатай зээлж авсан. Нэхэмжлэгч нь хариуцагч Г.Б-гаас үндсэн зээлийн төлбөр болох 5,000,000 төгрөг гаргуулахыг хүсэж нэхэмжлэл гаргасан.
Хариуцагч нь шүүхэд хариу тайлбараа ирүүлээгүй боловч хариуцагчийн өмгөөлөгчөөс зээлийн хүү авах гэрээг бичгээр байгуулаагүй, хариуцагчаас 4,800,000 төгрөгийг төлсөн тул шаардлагыг зөвшөөрөхгүй гэж маргасан болно.
Нэхэмжлэгч С.О нь ............. дугаартай Х банкны данснаас хариуцагч Г.Б-гийн ............ дугаарын данс руу 2025 оны 02 сарын 20-ны өдөр 2,700,000 төгрөгийг, 2025 оны 03 сарын 25-ны өдөр 1,800,000 төгрөгийг “oogii” гэх утгаар шилжүүлсэн /хх-ийн 10-11/ үйл баримт тогтоогдож байна.
Нэхэмжлэгч нь тухайн шилжүүлсэн мөнгөн хөрөнгийг хариуцагч Б-тай амаар тохиролцож 10 хувийн хүүтэй 1 сарын хугацаатай 5,000,000 төгрөгийг зээлсэн. 02 сарын 20-нд болон 03 сарын 25-нд мөнгө шилжүүлэхдээ 10 хувийн хүүгээ суутган зээлийг олгосон гэж тайлбарласан.
Талуудын хооронд Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1-т заасан зээлийн гэрээний эрх зүйн харилцаа үүссэн гэж шүүх үзсэн болно. Мөн хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1-т зааснаар гэрээг амаар байгуулж болох хуулийн зохицуулалтыг зөрчөөгүй байна. Гэхдээ нэхэмжлэгч нь 10 хувийн хүүтэй зээлийг олгосон гэх тайлбар нь хэрэгт авагдсан баримтаар тогтоогдож чадахгүй байна.
Иргэний хуулийн 282 дугаар зүйлийн 282.3-т “хуульд өөрөөр заагаагүй бол хүү тогтоосон бол зээлийн гэрээг бичгээр хийнэ. Энэ шаардлагыг хангаагүй бол хүү авах эрхээ алдан”, Мөнгөн зээлийн үйл ажиллагааг зохицуулах тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.1. “Энэ хуулийн 9.2-т зааснаас бусад, мөнгөн зээлийн үйл ажиллагаа эрхлэхийг хүссэн, энэ хуулийн 5 дугаар зүйлд заасан шаардлагыг хангасан этгээд аймаг, нийслэлийн Засаг даргад өргөдөл гаргаж бүртгүүлнэ” гэж тус тус хуульчилсан. Нэхэмжлэгч С.О-гийн хувьд хариуцагчтай зээлийн хүү авах гэрээг бичгээр байгуулаагүй, мөн мөнгөн зээлийн үйл ажиллагаа явуулахаар тухайн аймгийн Засаг даргад бүртгүүлсэн үйл баримт тогтоогдохгүй байна.
Хэрэгт нэхэмжлэгч талаас “.......” гэх хаягтай мессеж бичсэн чатыг хэрэгт хавсаргасан боловч тухайн чат хэн хэн гэх хүмүүсийн хооронд бичсэн чат болох нь тодорхойгүй, нэхэмжлэгчийн эгч О-тай хариуцагч бичсэн чат гэж нэхэмжлэгч тайлбарласан боловч энэ нь нотлох баримтын хүрээнд тогтоогдохгүй, Иргэний хуулийн 38 дугаар зүйлд заасан нотлох баримт гаргах, цуглуулах, бүрдүүлэх хуулийн шаардлагыг хангаагүй байх тул нотлох чадвараа алдах бөгөөд шүүхийн шийдвэрийн үндэслэл болж чадахгүй юм.
Хариуцагчийн зүгээс .......... дугаартай С-тын О-гийн Х банкны данс руу 2025 оны 03 сарын 20-оос 2025 оны 11 сарын 12-ыг хүртэл хугацаанд 11 удаагийн гүйлгээгээр нийт 5,450,000 төгрөгийг шилжүүлсэн байна /хх-ийн 12-24/. Энэ үйл баримтаар хариуцагч Г.Б нь нэхэмжлэгч С.О-гээс шилжүүлж авсан 4,500,000 төгрөгийг эргүүлэн өгсөн үйл баримт тогтоогдож байна гэж шүүх үзлээ.
2025 оны 05 сарын 10-нд 4,800,000 төгрөгийн “B” гэх орлогыг нэхэмжлэгч нь хариуцагч Б-гийн дүүгийн зээлсэн мөнгөний буцаалт гэж тайлбарласан тул энэ орлого нь энэ хэрэгт хамааралгүй гэж дүгнэлээ.
Дээрх үйл баримтаас шүүх дараах дүгнэлтийг хийлээ. Нэхэмжлэгч нь зээлийн хүү авах гэрээг хуульд зааснаар бичгээр байгуулаагүй тул хүү авах эрхээ алдаж, хариуцагч Г.Б нь шилжүүлж авсан 4,800,000 төгрөгийг С.О-гийн Х банкны данс руу 11 удаагийн гүйлгээгээр шилжүүлж дууссан байх тул нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгон шийдвэрлэсэн болно.
Хариуцагчийн өмгөөлөгчийн зүгээс илүү төлсөн 300,000 төгрөгийг буцаан гаргуулах шаардлагыг шүүх хуралдааны тайлбар хэсэгт гаргасан боловч хариуцагчийн зүгээс шүүхэд сөрөг нэхэмжлэлийг ирүүлээгүй байх тул өмгөөлөгчийн шаардлагыг шүүх шийдвэрлэх боломжгүй юм.
Улсын тэмдэгтийн хураамжийг хуульд зааснаар шийдвэрлэсэн болно.
Хариуцагч нь шүүх хуралдаанд ирээгүй, нэхэмжлэгч түүний эзгүйд шүүх хуралдааныг үргэлжлүүлэхэд тусгайлсан санал гаргаагүй тул Иргэний хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.3-т зааснаар хэргийг хариуцагчийн эзгүйд шийдвэрлэсэн болно.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 759 дүгээр зүйлийн 759.1, 100 дугаар зүйлийн 100.3, 115 дугаар зүйлийн 115.2.3, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1, 282 дугаар зүйлийн 282.3-т зааснаар С.О-гийн нэхэмжлэлтэй Г.Б-д холбогдох зээлийн 5,000,000 төгрөг гаргуулах нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.
2. Хариуцагчийн өмгөөлөгч Г.А-аас илүү төлсөн 300,000 төгрөг гаргуулах сөрөг нэхэмжлэлийн шаардлага шүүхэд гаргаагүй болохыг дурдсугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 57 дугаар зүйлийн 57.1, Улсын Тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 94,950 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 759 дүгээр зүйлийн 759.3-д зааснаар шүүхийн шийдвэр гарсан өдрөөс хойш 10 хоногийн дотор энэ хуулийн 119 дүгээр зүйлд заасны дагуу зохигч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгчид гардуулсугай.
5. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 7511 дүгээр зүйлийн 7511.1-т зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 7 хоногийн дотор Дорноговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Э.БОЛОРМАА