| Шүүх | Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Нямжавын Баярмаа |
| Хэргийн индекс | 2409 02808 1832 |
| Дугаар | 2025/ДШМ/1211 |
| Огноо | 2025-10-16 |
| Зүйл хэсэг | 17.3.2.2., |
| Улсын яллагч | Ш.Цэрэнханд |
Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2025 оны 10 сарын 16 өдөр
Дугаар 2025/ДШМ/1211
2025 10 16 2025/ДШМ/1211
Б.А-д холбогдох эрүүгийн
хэргийн тухай
Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Н.Баасанбат, даргалж, шүүгч П.Гандолгор, шүүгч Н.Баярмаа нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:
прокурор Ш.Цэрэнханд,
яллагдагч Б.А- /цахимаар/, түүний өмгөөлөгч Л.Чинбат
нарийн бичгийн дарга Б.Пэрэнлэйдулам нарыг оролцуулан,
Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхийн шүүгчийн 2025 оны 9 дүгээр сарын 4-ний өдрийн 2025/ШЗ/5684 дүгээр захирамжийг эс зөвшөөрч прокурор Ш.Цэрэнхандын бичсэн эсэргүүцэлд үндэслэн Б.А-д холбогдох 2409 02808 1832 дугаартай эрүүгийн хэргийг 2025 оны 10 дугаар сарын 02-ны өдөр хүлээн авч, шүүгч Н.Баярмаа илтгэснээр хянан хэлэлцэв.
Б- овогт Б-ийн А-, .........., ял шийтгэлгүй, /РД: ......../,
Яллагдагч Б- ургийн овогт Б-ийн А- /РД: ......../ нь үргэлжилсэн үйлдлээр:
1. Иргэн Б.Б-тай 2024 оны 08 дугаар сарын 06-ны өдөр холбогдож Сүхбаатар дүүргийн 12 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Машин засварын газарт уулзахдаа “зээлээ хаалгаад нэмж зээл авах гэсэн юм” гэж хэлэн Б.Б-д итгэл төрүүлэн хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгон бодит байдлыг нуух замаар төөрөгдөлд оруулснаар түүнээс өөрийн эзэмшлийн Хаан банкин дахь ******* тоот дансаар дамжуулан 30,000,000 /гучин сая/ төгрөг шилжүүлэн авсан,
2. Б.З-тай 2024 оны 08 дугаар сарын 06-ны өдөр холбогдож Сүхбаатар дүүргийн 12 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Машин засварын газарт уулзахдаа “зээлээ хаалгаад нэмж зээл авах гэсэн юм” гэж хэлэн Б.З-д итгэл төрүүлэн хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгон бодит байдлыг нуух замаар төөрөгдөлд оруулж 2024 оны 08 дугаар сарын 07-ны өдөр түүнээс өөрийн эзэмшлийн Хаан банкин дахь ******* тоот дансаар дамжуулан 4,200,000 /дөрвөн сая хоёр зуун мянга/ төгрөг шилжүүлэн авсан,
3. Г.Н-тэй 2024 оны 04 дүгээр сарын 26-ны өдөр холбогдож тэрээр Сонгинохайрхан дүүргийн 37 дугаар хорооны нутаг дэвсгэр дэх “Содон” хорооллын урд байх үед “Мобикомын зээлээ чөлөөлүүлээд цалингийн зээл авах гэсэн юм” гэж утсаар хэлэн Г.Н-д итгэл төрүүлэн хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгон бодит байдлыг нуух замаар төөрөгдөлд оруулж түүнээс өөрийн эзэмшлийн Хаан банкин дахь ******* тоот дансаар дамжуулан 2,000,000 /хоёр сая/ төгрөг шилжүүлэн авсан,
4. Д.М-тай 2024 оны 08 дугаар сарын 15-ны өдөр холбогдож Сонгинохайрхан дүүргийн 19 дүгээр хороо 4-48 дугаар байрны гадна уулзахдаа “зээл хаалгаад нэмж зээл авна” гэж хэлэн Д.М-д итгэл төрүүлэн хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгон бодит байдлыг нуух замаар төөрөгдөлд оруулж түүнээс өөрийн ээж болох Ц.О-ийн Хаан банкин дахь ******* тоот дансаар дамжуулан 2 удаагийн гүйлгээгээр 3,710,000 төгрөгийг /гурван сая долоон зуун арван мянга/, 2024 оны 08 дугаар сарын 16-ны өдөр дахин холбогдож 1 удаагийн гүйлгээгээр 16,100,000 /арван зургаан сая нэг зуу/ төгрөг нийт 19,810,000 /арван есөн сая найман зуун арван мянга/ төгрөгийг шилжүүлэн авсан,
5. Ц.Д-тай 2024 оны 08 дугаар сарын 28-ны өдөр холбогдож Баянгол дүүргийн 3 дугаар хороо Төмөр замын Монгол үйлдвэрлэл нэртэй дэлгүүрийн урд уулзахдаа “зээл хаалгаад нэмж зээл авна” гэж хэлэн Ц.Д-аас итгэл төрүүлэн хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгон бодит байдлыг нуух замаар төөрөгдөлд оруулж түүнээс өөрийн эзэмшлийн Худалдаа хөгжлийн банкин дахь ***** тоот дансаар дамжуулан 4 удаагийн гүйлгээгээр нийт 19,220,000 /арван есөн сая хоёр зуун хорин мянга/ төгрөг шилжүүлэн авсан,
6. М.У-тэй 2024 оны 08 дугаар сарын 27-ны өдөр холбогдож Баянгол дүүргийн 4 дүгээр хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг Очир титэм зочид буудалд уулзахдаа “зээл хаалгаад нэмж зээл авна” гэж хэлэн М.У-д итгэл төрүүлэн хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгон бодит байдлыг нуух замаар төөрөгдөлд оруулж түүнээс өөрийн эзэмшлийн Хаан банкин дахь ******* тоот дансаар дамжуулан 1 удаагийн гүйлгээгээр 26,500,000 /хорин зургаан сая таван зуун мянган төгрөг/ шилжүүлэн авсан,
7. А.А-тай 2024 оны 08 дугаар сарын 27-ны өдөр холбогдож Баянгол дүүргийн 15 дугаар хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “Билиг” их дэлгүүрийн хажууд уулзахдаа “зээл хаалгаад нэмж зээл авна” гэж хэлэн итгэл төрүүлэн хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгон бодит байдлыг нуух замаар төөрөгдөлд оруулж түүнээс өөрийн эзэмшлийн Худалдаа хөгжлийн банкин дахь ***** тоот дансаар дамжуулан 6 удаагийн гүйлгээгээр 28,600,000 /хорин найман сая зургаан зуун мянга/ төгрөгийг, өөрийн ээж болох Ц.О-ийн Хаан банкин дахь ******* тоот дансаар 1 удаагийн гүйлгээгээр 4,000,000 /дөрвөн сая/ төгрөгийг нийт 7 удаагийн гүйлгээгээр 32,600,000 төгрөг шилжүүлэн авсан,
8. Г.З-тай үеэл дүү С-аар дамжуулан 2024 оны 08 дугаар 30-ны өдөр холбогдож Баянгол дүүргийн 10 дугаар хороо Бэрс зочид буудалд байх үед нь очиж уулзахдаа “ээжийнхээ тэтгэврийн зээлийг аваад найздаа өгчихсөн юм чи надад түр 3,600,000 төгрөг зээлчих гэж хэлэн” итгэл төрүүлэн хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгон бодит байдлыг нуух замаар төөрөгдөлд оруулж түүнээс өөрийн ээж болох Г.О-ийн Хаан банкин дахь ******* тоот дансаар 3,600,000 /гурван сая зургаан зуун мянган/ төгрөг шилжүүлэн авсан,
9. С.Б-тэй танил эгч болох Д-ээр дамжуулан 2024 оны 07 дугаар сарын 29-ний өдөр Баянгол дүүргийн 02 дугаар хороо “Юу би” паласын орчимд байх үед нь холбогдож “Найзынхаа зээлийг чөлөөлүүлнэ” гэж хэлэн итгэл төрүүлэн хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгон бодит байдлыг нуух замаар төөрөгдөлд оруулж түүнээс өөрийн эзэмшлийн Хаан банкин дахь ******* тоот дансаар 1 удаагийн гүйлгээгээр 1,800,000 /нэг сая найман зуун мянган/ төгрөг, 2024 оны 08 дугаар сарын 19-ний өдөр “Ээжийнхээ тэтгэврийн зээлийг хаалгана” гэж хэлэн өөрийн ээж болох Ц.О-ийн эзэмшлийн Хаан банкин дахь ******* тоот дансаар 1 удаагийн гүйлгээгээр 3,400,000 /гурван сая дөрвөн зуун мянган/ төгрөгийг нийт 2 удаагийн гүйлгээгээр 5,200,000 /таван сая хоёр зуун мянган/ төгрөг шилжүүлэн авч залилсан,
10. С.С-тай 2024 оны 08 дугаар сарын 29-ний өдөр холбогдож Баянзүрх дүүргийн 41 дүгээр хороо Өгөөмөр хотхоны 74а байрны гадаа очиж уулзахдаа “зээл хаалгаад нэмж зээл авна” гэж хэлэн итгэл төрүүлэн хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгон бодит байдлыг нуух замаар төөрөгдөлд оруулж өөрийн эзэмшлийн Худалдаа хөгжлийн банкин дахь ***** тоот дансаар дамжуулан нийт 6 удаагийн гүйлгээгээр 29,000,000 /хорин есөн сая/ төгрөг шилжүүлэн авч залилсан,
11. Н.М-тай 2024 оны 07 дугаар сарын 23-ны өдөр утсаар холбогдож Чингэлтэй дүүргийн 4 дүгээр хороо бага тойруу *** тоотод очиж уулзахдаа “зээл чөлөөлүүлж, цалингийн зээл авна” гэж хэлэн Н.М-т итгэл төрүүлэн хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгон бодит байдлыг нуух замаар төөрөгдөлд оруулж өөрийн эзэмшлийн Хас банкны ******* тоот данс, Хаан банкны ******** тоот дансаар дамжуулан 11 удаагийн гүйлгээгээр нийт 57,227,000 /тавин хоёр сая хоёр зуун хорин долоо мянган/ төгрөг шилжүүлэн авч залилсан,
12. Г.Н-тэй 2024 оны 09 дүгээр сарын 05-ны өдөр гар утсаар холбогдож Сонгинохайрхан дүүргийн 5 дугаар хороо Баянголын **** тоотод уулзахдаа “зээл чөлөөлүүлнэ” гэж хэлэн Г.Н-д итгэл төрүүлэн хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгон бодит байдлыг нуух замаар төөрөгдөлд оруулж түүнээс өөрийн эзэмшлийн Худалдаа хөгжлийн банкин дахь ******* тоот дамжуулан дансаар 3 удаагийн гүйлгээгээр 13,900,000 /арван гурван сая есөн зуун мянган/ төгрөг, Хаан банкин дахь ******* тоот дансаар дамжуулан 2,500,000 /хоёр сая долоон зуун мянган/ төгрөг, 2024 оны 09 дүгээр сарын 07-ны өдөр Хаан банкин дахь ******* тоот дансаар дамжуулан 650,000 /зургаан зуун тавин мянган/ төгрөг нийт 5 удаагийн гүйлгээгээр 17,050,000 төгрөг шилжүүлэн авсан,
13. Ж.А-тай 2024 оны 06 дугаар сарын 23-ны өдөр гар утсаар холбогдож “зээлээ чөлөөлүүлээд цалингийн зээл авах гээд” гэж хэлэн итгэл төрүүлэн хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгон бодит байдлыг нуух замаар төөрөгдөлд оруулж түүнээс хохирогчийг Сонгинохайрхан дүүргийн Содон хорооллын урд байх үед нь 2024 оны 06 дугаар сарын 12-ны өдрөөс 2024 оны 06 дугаар сарын 23-ны өдөр хүртэлх хугацаанд түүнээс өөрийн эзэмшлийн Хаан банкин дахь *******, ****** тоот данс, Голомт банкин дахь ******** тоот дансаар дамжуулан 12 удаагийн гүйлгээгээр 23,247,000 /хорин гурван сая хоёр зуун дөчин долоон мянган/ төгрөгийг шилжүүлэн авсан,
14. Ш.О-тэй 2024 оны 10 дугаар сарын 03-ны гар утсаар холбогдож Багануур дүүргийн 3 дугаар хорооны нутаг дэвсгэрт “*******” гэх газарт ажил дээрээ байхад нь уулзахдаа “танаас зээл авч зээлээ хаагаад банкнаас цалингийн зээл аваад буцааж өгнө” гэж хэлэн итгэл төрүүлэн хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгон бодит байдлыг нуух замаар төөрөгдөлд оруулж түүнээс бэлнээр 860,000 /найман зуун жаран мянган төгрөг/, өөрийн эзэмшлийн Хаан банкин дахь ******* тоот дансаар дамжуулан 2 удаагийн гүйлгээгээр 11,100,000 /арван нэгэн сая нэг зуу мянган/ төгрөг, 2024 оны 10 дугаар сарын 04-ний өдөр 1 удаагийн гүйлгээгээр 520,000 /таван зуун хорин мянган/ төгрөг нийтдээ 12,480,000 /арван дөрвөн сая дөрвөн зуун наян мянган/ төгрөгийг шилжүүлэн авсан,
15. Б.М-тай 2024 оны 09 дүгээр сарын 10-ны өдөр холбогдож Хан-Уул дүүргийн 9 дүгээр хороо 7 сургуулийн гадна байх үед нь “зээл хаалгаад нэмж зээл авна” гэж хэлэн хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгох замаар төөрөгдөлд оруулж түүнээс өөрийн эзэмшлийн Худалдаа хөгжлийн банкин дахь ***** дугаартай дансаар дансаар дамжуулан 3 удаагийн гүйлгээгээр 14,500,000 /арван дөрвөн сая таван зуун мянган/ төгрөг, Хаан банкин дахь ******* тоот дансаар дамжуулан 1 удаагийн гүйлгээгээр 3,700,000 /гурван сая долоон зуун мянган/ төгрөг нийт 4 удаагийн гүйлгээгээр 18,200,000 /арван найман сая хоёр зуун мянган/ төгрөгийг шилжүүлэн авсан,
16. Э.У-тэй 2024 оны 09 дүгээр сарын 21-ний өдөр гар утсаар холбогдож Сүхбаатар дүүргийн 16 дугаар хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “Ноён авто” гоёлын үүдэнд уулзахдаа “Аппликейшны зээл хаагаад буцаагаад гаргаад өгье 5.000.000 төгрөг зээлээч" гэж хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгон бодит байдлыг нуух замаар төөрөгдөлд оруулж түүнээс өөрийн эзэмшлийн Төрийн банкин дахь *********** тоот дансаар 1 удаагийн гүйлгээгээр 5,000,000 /таван сая/ төгрөгийг шилжүүлэн авсан,
17. А.Б-тэй 2024 оны 10 дугаар сарын 25-ны өдөр холбогдож Сүхбаатар дүүргийн 6 дугаар хороо Сүхбаатарын талбай дээр явж байх үед нь гар утсаар холбогдон уулзахдаа “танаас зээл авч зээлээ хаагаад банкнаас цалингийн зээл аваад буцааж өгнө, адуу 700,000 /долоон зуун мянган/ төгрөгөөр авах уу” гэж хэлэн А.Б-д итгэл төрүүлэн хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгон бодит байдлыг нуух замаар төөрөгдөлд оруулж түүнээс өөрийн эзэмшлийн Хаан банкин дахь ******* тоот дансаар дамжуулан нэг удаагийн гүйлгээгээр 2,800,000 /хоёр сая найман зуун мянган/ төгрөг, 2024 оны 10 дугаар сарын 26-ны өдөр 1 удаагийн гүйлгээгээр 7,000,000 /долоон сая/ төгрөг, 10 дугаар сарын 27-ны өдөр 1 удаагийн гүйлгээгээр 750,000 /долоон зуун тавин мянган” төгрөгийг нийт 3 удаагийн гүйлгээгээр 10,550,000 /арван сая таван зуун тавин мянган/ төгрөгийг шилжүүлэн авсан,
18. Г.Х-тай 2024 оны 09 дүгээр сарын 30-ны өдөр гар утсаар холбогдож Баянзүрх дүүргийн нутаг дэвсгэрт байрлах Их засаг олон улсын их сургуулийн гадна уулзахдаа “танаас зээл авч зээлээ хаагаад банкнаас цалингийн зээл аваад буцааж өгнө” гэж хэлэн Г.Х-т итгэл төрүүлэн хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгон бодит байдлыг нуух замаар төөрөгдөлд оруулж түүнээс өөрийн эзэмшлийн Хаан банкин дахь ******* тоот дансаар дамжуулан 2 удаагийн гүйлгээгээр нийт 11,200,000 /арван нэг сая хоёр зуун мянган/ төгрөгийг шилжүүлэн авсан,
19. С.Б-тай 2024 оны 08 дугаар сарын 15-ны өдөр гар утсаар холбогдож Хан-Уул дүүргийн 06 дугаар хороо Нүхтийн **** тоотод байх үед нь “мөнгө зээлээч өсгөж өгнө” гэж хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгон бодит байдлыг нуух замаар төөрөгдөлд оруулан түүнээс 2024 оны 08 дугаар сарын 17-ны өдөр өөрийн эзэмшлийн Хаан банкин дахь ******* тоот дансаар дамжуулан 1 удаагийн гүйлгээгээр 4,700,000 /дөрвөн сая долоон зуун мянган төгрөг/ 2024 оны 08 дугаар сарын 23-ны өдөр 2 удаагийн гүйлгээгээр 2,900,000 /хоёр сая есөн зуун зургаан мянган төгрөг/, 2024 оны 09 дүгээр сарын 02-ны өдөр нэг удаагийн гүйлгээгээр 150,000 /нэг зуун тавин мянган/ төгрөг нийт 4 удаагийн гүйлгээгээр 7,750,000 /долоон сая долоон тавин мянган/ төгрөгийг шилжүүлэн авсан,
20. А.Ц-тэй 2024 оны 09 дугаар сарын 03-ны өдөр хохирогчийн төрсөн дүү болох С-аар дамжуулан холбогдож Хан-Уул дүүрэг 22 дугаар хороо Соёмбо хотхон **** тоот гэртээ байх үед нь очиж уулзахдаа “зээл хаалгаад нэмж зээл авна” гэж хэлэн А.Ц-т итгэл төрүүлэн хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгон бодит байдлыг нуух замаар төөрөгдөлд оруулж түүнээс өөрийн эзэмшлийн Худалдаа хөгжлийн банкин дахь ***** тоот дансаар дамжуулан 6 удаагийн гүйлгээгээр 23,300,000 /хорин гурван сая гурван зуун мянган/ төгрөгийг шилжүүлэн авсан,
21. С.Л-тэй 2024 оны 09 дүгээр сарын 17-ны өдөр холбогдож Сүхбаатар дүүргийн 1 дүгээр хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг Худалдаа хөгжлийн банкны ойролцоо байхад нь очиж уулзахдаа “зээл хаалгаад хүүтэй буцааж өгнө” гэж хэлэн С.Л-гээс итгэл төрүүлэн хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгон бодит байдлыг нуух замаар төөрөгдөлд оруулж түүнээс өөрийн эзэмшлийн Хаан банкин дахь ******* тоот дансаар дамжуулан 2 удаагийн гүйлгээгээр нийт 7,740,000 /долоон сая дөрвөн зуун мянган/ төгрөгийг шилжүүлэн авсан,
22. Б.О-тэй 2024 оны 10 дугаар сарын 08-ны өдөр гар утсаар холбогдож Баянзүрх дүүргийн 6 дугаар хорооны нутаг дэвсгэр бөхийн өргөөний автобусны буудал дээр уулзахдаа "Аппликейшны зээл чөлөөлүүлнэ” гэж хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгон өөрийн эзэмшлийн Хаан банкин дахь ******* тоот данс, Голомт банкин дахь *********** тоот дансаар дамжуулан нийт 5 удаагийн гүйлгээгээр 8.300.000 /найман сая гурван зуун мянган/ төгрөгийг шилжүүлэн авсан,
23. Б.З-тай 2024 оны 09 дүгээр сарын 15-ны өдөр холбогдож Баянзүрх дүүргийн 17 дугаар хорооны нутаг дэвсгэрт очиж уулзахдаа "зээл дарчхаад маргааш гэхэд 100.000 мянган төгрөг нэмж өгнө” гэж итгэл төрүүлэн хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгон бодит байдлыг нуух замаар төөрөгдөлд оруулж өөрийн Хаан банкин дахь ******* тоот дансаар дамжуулан 2 удаагийн гүйлгээгээр 7.460.000 /долоон сая дөрвөн сая жаран мянган/ төгрөгийг шилжүүлэн авсан,
24. Ц.Э-тэй 2024 оны 10 дугаар сарын 16-ны өдөр холбогдож Хан-Уул дүүргийн 19 дүгээр хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг үйлчилгээний төвийн гадна талын зогсоол дээр уулзахдаа "Аппликейшны зээл чөлөөлүүлнэ” гэж хэлэн итгэл төрүүлэн бодит байдлыг нуух замаар төөрөгдөлд оруулж, зохиомол байдлыг зориудаар бий болгон түүнээс өөрийн Хаан банкны ******* тоот дансаар дамжуулан 3 удаагийн гүйлгээгээр 14.680.000 /арван дарван сая зургаан зуун наян мянган/ төгрөгийг шилжүүлэн авсан,
25. Ц.Н-тай холбогдож 2024 оны 09 дүгээр сарын 03-ны өдөр Хан-Уул дүүргийн 8 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах "Петровис" шатахуун түгээх газрын орчимд уулзахдаа "ээжийнхээ тэтгэврийн зээл болон өөрийнхөө цалингийн зээлийг хаагаад, эргүүлж зээлээ өсгөж аваад 2 хоногийн дараа өгчихье" гэж хэлэн итгэл төрүүлэн бодит байдлыг нуух замаар төөрөгдөлд оруулж, зохиомол байдлыг зориудаар бий болгон түүнээс өөрийн эзэмшлийн Хаан банкин дахь ******* тоот дансаар дамжуулан 23,000,000 /хорин гурван сая/ төгрөгийг шилжүүлэн авсан,
26. Л.Э-тай 2024 оны 10 дугаар сарын 04-ний өдөр Багануур дүүргийн 3 дугаар хороо, 24 дүгээр байрны *** тоотод гэртээ байх үед нь холбогдож “апплейкшний зээл хаагаад нэмж зээл аваад эргүүлж өгнө” гэж хэлэн итгэл төрүүлэн хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгон бодит байдлыг нуух замаар төөрөгдөлд оруулж түүнээс өөрийн Хаан банкин дахь ******* тоот дансаар дамжуулан 1 удаагийн гүйлгээгээр 7,350,000 /долоон сая гурван зуун тавин мянган/ төгрөг, 1 удаагийн гүйлгээгээр Төрийн банкин дахь *********** тоот дансаар дамжуулан 400,000 /дөрвөн зуун мянган/ төгрөгийг, нийт 2 удаагийн гүйлгээгээр 7,750,000 /долоон сая долоон тавин мянган/ төгрөгийг шилжүүлэн авсан,
27. Г.Б-тай түүний хүү Т.Г-эр дамжуулан холбогдож 2024 оны 10 дугаар сарын 06-ны өдөр Багануур дүүргийн нутаг дэвсгэрт очиж уулзахдаа “апплейкшний зээл хаагаад нэмж зээл аваад эргүүлж өгнө” гэж хэлэн итгэл төрүүлэн хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгон бодит байдлыг нуух замаар төөрөгдөлд оруулж түүнээс 2024 оны 10 дугаар сарын 06-ны өдөр өөрийн эзэмшлийн Хаан банкин дахь ******* тоот дансаар дамжуулан 1 удаагийн гүйлгээгээр 3,700,000 /гурван сая долоон зуун мянган төгрөг/, 2024 оны 10 дугаар сарын 07-ны өдөр 2 удаагийн гүйлгээгээр 2,000,000 /хоёр сая төгрөг/, нийт 5,700,000 /таван сая долоон зуун мянган/ төгрөгийг шилжүүлэн авсан,
28. Ц.Э-тэй 2024 оны 10 дугаар сарын 27-ны өдөр Дархан-Уул аймгийн Дархан сумын нутаг дэвсгэрт байхдаа холбогдож "...апплекейшний зээлээ хаалгачихаад өдөрт нь хүүтэй нь төлбөрийг төлнө..." гэж хэлэн итгүүлэн хуурч, улмаар иргэн М. Б-ын өмчлөлийн улсын **** УБК дугаартай Тоёота Приүс Альфа икс даблью /Toyota Prius alpha-XW/ загварын тээврийн хэрэгслийг ашиглан барьцаалбар болгож буй мэтээр дүр эсгэж зохиомол байдлыг зориудаар бий болгон, бодит байдлыг нуух замаар Ц.Э-ийг төөрөгдөлд оруулснаар түүнээс өөрийн эзэмшлийн Хаан банкин дахь ******* тоот дансаар дамжуулан 3 удаагийн гүйлгээгээр нийт 11,000,000 /арван нэгэн сая/ төгрөг шилжүүлэн авсан,
29. Н.Э-тай 2024 оны 10 дугаар сарын 28-ны өдөр Дархан-Уул аймгийн Дархан сумын байхдаа холбогдож Дарханы төмөр замын вокзал дээр уулзахдаа "...Дархан төмөр замын өртөөнд пүүлэгчийн ажил хийдэг, зээлийг нь хааж өгвөл маргааш тухайн мөнгөн дээрээ нэмээд зээлсэн мөнгөний 2 хувийг буцаан өгье..." гэж зохиомол байдлыг зориудаар бий болгон хуурч, гар утсан дээрээс нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн зургийг Н.Э-т харуулж итгүүлэн бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж түүнээс өөрийн эзэмшлийн Хаан банкин ******* тоот дансаар дамжуулан 3 удаагийн гүйлгээгээр 11,700,000 төгрөгийг шилжүүлэн авсан,
30. Т.А-ттай 2024 оны 10 дугаар сарын 28-ны өдөр холбогдож Дархан-Уул аймгийн Дархан сумын 06 дугаар багийн нутаг дэвсгэрт уулзахдаа “7,400,000 төгрөгийн зээл чөлөөлүүлнэ, 2 цаг 30 минутын дараа буцаагаад өгнө” гэж хэлэн зохиомол байдлыг зориудаар бий болгон, бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж өөрийн эзэмшлийн Хаан банкин дахь ******* тоот дансаар 7,400,000 /долоон сая дөрвөн зуун мянган/ төгрөгийг шилжүүлэн авч залилсан,
31. Н.Д-тэй 2024 оны 07 дугаар сарын 02-ны өдөр холбогдож Сүхбаатар дүүргийн 01 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах “Блью скай таурын” хажуугийн зогсоол дээр уулзахдаа “зээл хаалгах гэсэн юм” гэж хэлэн зохиомол байдлыг зориудаар бий болгон, бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж өөрийн эзэмшлийн М банкны ******** тоот дансаар дамжуулан 4 удаагийн гүйлгээгээр 19,999,000 /арван есөн сая есөн зуун ерэн ёсөн мянга/ төгрөг шилжүүлэн авсан,
32. О.Л-тэй 2024 оны 04 дүгээр сарын 08-ны өдрөөс 05 дугаар сарын 08-ны хооронд холбогдож Төв аймаг Сэргэлэн сум Баян өртөөнд байх үед нь “Банкны зээл төлнө тэгээд эргүүлж өгье, машинаа янзлуулъя, мөнгө хэрэг болчихлоо тэд хоногийн дараа эргүүлж хүүтэй өгье” гэж хэлэн зохиомол байдлыг зориудаар бий болгон, бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж 23 удаагийн гүйлгээгээр өөрийн эзэмшлийн Хаан банкны *******, ******* 230034*********** дугаартай тоот дансаар дамжуулан 10,089,000 /арван сая наян ёсөн мянга/ төгрөг шилжүүлэн авсан,
33.М.М-тэй 2024 оны 09 дүгээр сарын 19-ний өдөр холбогдож Сүхбаатар дүүргийн 8 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Багшийн дээдийн автобусны буудлын ойролцоо уулзахдаа "аппликейшны зээл чөлөөлж, 30,000,000 төгрөгийн зээл банкнаас авна" гэж хэлэн зохиомол байдлыг зориудаар бий болгон, бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж 2 удаагийн гүйлгээгээр өөрийн эзэмшлийн Хаан банкны ******* тоот данс, Төрийн банкны *********** тоот дансаар дамжуулан 15,550,000 /арван таван сая таван зуун тавин мянган/ төгрөг шилжүүлэн авсан,
34. Л.Б-тай 2024 оны 06 дугаар сарын 25-ны өдрөөс 2024 оны 07 дугаар сарын 03-ны өдрийн хооронд холбогдож Баянгол дүүргийн нутаг дэвсгэрт байх үед нь "зээл чөлөөлөөд өгөөч буцаагаад өгчихнө” гэж хэлэн зохиомол байдлыг зориудаар бий болгон, бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж 7 удаагийн гүйлгээгээр өөрийн эзэмшлийн Хаан банкны ******* тоот данс, М банкны ********** тоот дансаар дамжуулан нийт 99,300,000 /ерэн ёсөн сая гурван зуун мянган/ төгрөгийг шилжүүлэн авсан,
35. С.С-тай 2024 оны 09 дүгээр сарын 15-ны өдөр өдөр холбогдож Баянгол дүүргийн 13 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах хорооллын эцсийн “И март” дэлгүүрт байх үед нь “аппликейшний зээл хаана” гэж хэлэн зохиомол байдлыг зориудаар бий болгон, бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж өөрийн эзэмшлийн Хаан банкны ******* тоот дансаар дамжуулан 7,300,000 /долоон сая гурван зуун мянга/ төгрөг шилжүүлэн авсан,
36. Б.Ц-тай 2024 оны 10 дугаар сарын 12-ны өдөр холбогдож Баянзүрх дүүргийн 1 дүгээр хорооны нутаг дэвсгэрт уулзахдаа "Фин Экспресс" банк бус санхүүгийн байгууллагаас түрээсэлж буй "Тоёота сай" маркийн тээврийн хэрэгслийг өөрийн өмчлөлийн тээврийн хэрэгсэл мэтээр ойлгуулан барьцаалан зээл авна гэж хэлэн зохиомол байдлыг зориудаар бий болгон, бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж өөрийн эзэмшлийн Төрийн банкны *********** тоот данс, Хаан банкны *******, ******* тоот дансаар дамжуулан 2024 оны 10 дугаар сарын 12-ноос 13-ны өдрүүдэд нийт 8 удаагийн гүйлгээгээр 15,040,000 /арван таван сая дөчин мянга/ төгрөг тус тус шилжүүлэн авч нийт 628,196,000 /зургаан зуун хорин найман сая зуун ерэн зургаан мянга/ төгрөг буюу их хэмжээний хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
Сүхбаатар дүүргийн прокурорын газраас: Б.А-ын үйлдлийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2 дахь заалтад зааснаар яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.
Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүх: “...Шүүхээс яллагдагчийн өмгөөлөгчийн шүүхэд гаргасан хүсэлт, прокурорын тайлбар, мөн хэрэгт авагдсан баримтууд зэргээс хэрэгт дараах нэмэлт ажиллагаа хийх шаардлагатай гэж үзлээ. А/ 2хх 226, 3хх 67, 114, 121, 160-162, 203-212, 241-244, 4хх 38, 41, 86, 92, 105, 109, 121, 5хх 121-123, 134-142 хуудаст тус тус яллагдагч Б.А-ын нэр дээрх ХААН банк, Хас банк, Худалдаа хөгжлийн банкин дахь данснуудыг хавсаргаж, мөрдөгч үзлэг хийсэн тэмдэглэл, харин 4хх 179-182 дугаар хуудаст яллагдагч Б.А-аас хохирогч нарт хохирол нөхөн төлсөн баримтад үзлэг хийсэн тэмдэглэл авагдсан, мөн Голомт банк, МБанк зэрэгт мөрдөн шалгах ажиллагаанд яллагдагчийн дансны хуулгыг авахаар тоот явуулсан гэх баримт хэрэгт авагдаагүй байна. Яллагдагч Б.А-ын Голомт банк, МБанкин дахь дансны хуулгыг авч, үзлэг хийж, нийт хохирогч нарт учирсан хохирлоос барагдуулсан үнийн дүнг тогтоох шаардлагатай.
B/ Мөн яллагдагч Б.А-ын холбогдсон нийт 36 үйлдлийн сүүлийн үйлдэл нь Дархан Уул аймгийн нутаг дэвсгэрт үйлдэгджээ. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 2.2 дугаар зүйлийн 9 дэх хэсэгт "эрүүгийн хэргийн оролцогч, гэрчийн олонхи байгаа газарт, эсхүл дагнасан чиг үүрэгтэй алба, нэгжийн мөрдөн шалгах ажиллагаа явуулсан эрүүгийн хэргийн шүүхийн харьяаллыг прокурорын саналыг үндэслэн Улсын дээд шүүхийн Эрүүгийн танхимын тэргүүн өөрчлөн тогтоож болно" гэж зааснаар прокуророос шүүхийн харьяалалыг нэг мөр болгох шаардлагатай гэж үзлээ. Иймд яллагдагч Б.А-д холбогдох эрүүгийн 2409 02808 1832 дугаар хэргийг прокурорт буцааж...” шийдвэрлэжээ.
Прокурор Ш.Цэрэнханд давж заалдах шатны шүүхэд бичсэн эсэргүүцэл болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Шүүгчийн захирамжийг 2025 оны 9 дүгээр сарын 05-ны өдөр хүлээн авч танилцаад шүүхийн шийдвэр үндэслэлгүй, Эрүүгийн хууль буруу хэрэглэсэн гэж дүгнэж, дараах үндэслэлээр эс зөвшөөрч байна. Үүнд: яллагдагч Б.А-д холбогдох эрүүгийн 2409028081832 дугаартай хэргийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд шийдвэрлэх боломжтой, өөрөөр хэлбэл мөрдөн шалгах ажиллагааны явцад хэрэгт цуглуулж, бэхжүүлсэн бичгийн нотлох үндэслэн, хохирогч нарыг шүүх хуралдаанд оролцуулж прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шийдвэрлэх боломжтой. Учир нь Б.А-д холбогдох хэргийн улмаас бусдад учруулсан хохирлын хэмжээг мөрдөн шалгах ажиллагааны явцад бүрэн шалгаж тогтоосон, хэргийн оролцогч нараас хохирол, хор, уршгийн хэмжээг буруу тогтоосон талаар ямар нэг гомдол, хүсэлт гаргаагүй. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.5 дахь заалтад “...гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, хэр хэмжээ...г хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалт, шүүх хуралдааны явцад нотолно” гэж заасны дагуу хохирол, хор уршгийн шинж чанар, хэр хэмжээг тогтоосон тул шүүх нөхөн гүйцэтгэх боломжгүй мөрдөн шалгах ажиллагаа гэж үзэх үндэслэлгүй байна. Хохирогч нарт учирсан хохирлоос барагдуулсан үнийн дүнг тогтоох ажиллагааг зайлшгүй мөрдөн шалгах ажиллагааны явцад хийж гүйцэтгэх талаар хуульд зохицуулсан зохицуулалт байхгүй бөгөөд хохирогч нарыг шүүх хуралдаанд оролцуулж, шүүхийн шатанд тогтоох боломжтой ажиллагаа юм. Иймд анхан шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 33.3 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2 дахь заалтад “шүүх хуралдаанаар нөхөн гүйцэтгэх боломжгүй мөрдөн шалгах ажиллагааг хийлгэх бол хэргийг прокурорт буцаана” гэж заасныг зөрчсөн гэж үзэхээр байна.
2.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 2.2 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт “Хэрэг тухайн шүүхэд харьяалагдахгүй байвал шүүгчийн шийдвэрээр харьяалах шүүхэд шилжүүлнэ.”, мөн хуулийн 33.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.4 дэх заалтад “...прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийг шүүгч хүлээн авснаас хойш 15 хоногийн дотор хэргийг харьяалах шүүхэд шилжүүлнэ...” гэж заасан байхад анхан шатны шүүх “...прокуророос шүүхийн харьяаллыг нэг мөр болгох шаардлагатай” гэж үзэж хэргийг прокурорт буцаасан нь үндэслэлгүй, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн дээрх заалтуудыг зөрчсөн. Мөн шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 2.2 дугаар зүйлийн 9 дэх хэсэгт "эрүүгийн хэргийн оролцогч, гэрчийн олонх байгаа газарт, эсхүл дагнасан чиг үүрэгтэй алба, нэгжийн мөрдөн шалгах ажиллагаа явуулсан эрүүгийн хэргийн шүүхийн харьяаллыг прокурорын саналыг үндэслэн Улсын дээд шүүхийн Эрүүгийн танхимын тэргүүн өөрчлөн тогтоож болно" гэх заалтыг үндэслэсэн буюу хэргийн харьяаллыг Улсын дээд шүүхийн Эрүүгийн танхимын тэргүүнээр өөрчлүүлэхээр хэргийг прокурорт буцаасан нь үндэслэлгүй, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3 дахь заалтад зааснаар хуулийн зүйл, хэсэг, заалтыг буруу тайлбарлаж хэрэглэсэн гэж үзэхээр байна. Учир нь хэд хэдэн шүүх харьяалах газарт хэрэг дамнан үйлдэгдсэн тохиолдолд хэргийн шүүхийн харьяаллыг хэрхэн тогтоохыг хуулиар зохицуулсан. Үйлдлийн тоо болон хохирол, хор уршгийн хэмжээ нь хэд хэдэн шүүхийн харьяалах нутаг дэвсгэрийг дамжин хоорондоо онц зөрүүгүй бол сүүлчийн гэмт хэрэг үйлдэгдсэн болон гэмт хэрэг төгссөн газрын харьяалах шүүх хэргийг хянан шийдвэрлэх нь хуулиар тогтоосон зарчим юм. Улсын дээд шүүхийн Эрүүгийн хэргийн танхимын Тэргүүнээс хэргийн Шүүхийн харьяаллыг тогтоох, өөрчлөх үндэслэл нь харьяаллыг хуульд зааснаар ердийн журмаар тогтоох, хэрэгжүүлэх боломжгүй зөвхөн онцгой нөхцөл байдлаас урган гарах ба үүнд гэмт хэрэг үйлдэгдсэн газрыг харьяалах Монгол Улсын шүүх байхгүй, олон тооны гэрч, хохирогч өөр газарт оршин суугаа болон хэрэг, маргааныг мөрдөн шалгах алба нь орон нутагт салбар нэгжгүйгээс хэрэг хянан шийдвэрлэх улмаар шүүн таслах ажиллагааг явуулахад ноцтой саад учирсан тодорхой цөөн тохиолдол хамаарна. Тухайн эрүүгийн 2409028081832 дугаартай яллагдагч Б.А-д холбогдох хэргийн хувьд шүүн таслах ажиллагааг явуулахад ноцтой саад учирсан дээрх тохиолдлуудад хамаарахгүй бөгөөд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд зааснаар шүүх харьяаллын асуудлыг шийдвэрлэх боломжтой байхад Улсын дээд шүүхийн Эрүүгийн танхимын тэргүүнээр харьяаллыг өөрчлүүлэхээр хэргийг прокурорт буцаасан нь хууль зүйн үндэслэлгүй байна...” гэв.
Яллагдагч Б.А-ын өмгөөлөгч Л.Чинбат давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Өмгөөлөгчийн зүгээс үйлчлүүлэгчийнхээ цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг өөрчлүүлэхээр урьдчилсан хэлэлцүүлэг явуулах хүсэлт гаргасан. Хэрэгт Хаан банк, МБанк, Хасбанкны дансны хуулга, лавлагааг аваагүй. Хохирогч нараас нийт хэчнээн төгрөг залилуулсан гэдэг ч буцааж хэдэн төгрөг төлөгдсөн талаар нэг ч мэдүүлэг өгөөгүй. Тийм учраас бид Б.А-ын цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг өөрчлүүлж, батлан даалтад гаргуулах, эсхүл хязгаарлалт тогтоох таслан сэргийлэх арга хэмжээ авахуулан банкнуудын холбогдох дансны хуулгуудыг өөрөөр нь авахуулж, шүүх хуралдаанд мэтгэлцэх зарчмаар хангагдах байр сууринаас хүсэлтээ гаргасан боловч хүлээж аваагүй. Хорих ангиас банкны лавлагааг гаргуулах хүсэлт гаргасан боловч “Боломжгүй, өөрийн биеэр гаргасан тохиолдолд дансны хуулгыг гаргаж өгнө” гэсэн хариу өгсөн байдаг. Б.А- нь хохирогч Л-гийн 6.389.000 төгрөг, Б-гийн 69.000.000 төгрөгийн хохирлыг тус тус төлсөн байхад хэрэгт авагдсан баримтуудад энэ талаар баримт байхгүй. Прокурор уг асуудлыг шийдвэрлэхийн тулд хохирогч нарыг шүүх хуралдаанд оролцуулах ёстой гэж байгаа ч бидний хувьд хохирол төлөгдсөн гэх нотлох баримт байхгүй учраас боломжгүй гэж үзэж байна. Хэрэв хохирогч нар шүүх хуралдаанд ирээгүй тохиолдолд хохирол төлсөн талаарх баримтаа гаргаж тавих боломж байхгүй болно. Тиймээс Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.4 дэх заалтад зааснаар Эрүүгийн хуульд заасан яллагдагчид оногдуулах ялыг хүндрүүлэх, хөнгөрүүлэх нөхцөл байдлыг илтгэсэн нотлох баримтыг тал бүрээс нь цуглуулах ёстой. Гэтэл хөнгөрүүлэх талын нотлох баримт болох хохирол төлсөн баримтыг шүүхийн шатанд гаргах боломжгүй байгаа учраас хэргийг прокурорт буцаасан анхан шатны шүүхийн шүүгчийн захирамж үндэслэлтэй...” гэв.
Яллагдагч Б.А- давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Миний Хаан банкны дансны хуулга хэргийн материалд бүрэн авагдаагүй. 2015 оны 09 дүгээр сарын 01-нээс 2024 оны 07 дугаар сар хүртэл “Улаанбаатар төмөр зам” ХНН-д ээлжийн ачаа баглагчаар ажилласан. Мөрийтэй тоглоом сурч, олон хүнийг хохироосондоо харамсаж, хийсэн үйлдэлдээ маш их гэмшиж байна. Хорих ангийн тоо бүртгэлийн албаар уламжлуулан бүх банкнуудаас дансны хуулгаа авъя гэсэн боловч зөвхөн Хаан банкнаас баримт ирүүлсэн. Хасбанк бас баримт ирүүлээгүй. Миний хохирол төлсөн тооцоо 94.000.000 төгрөг гэсэн ч би Хаан банкны дансны хуулгаа шүүж үзэхэд нийт 131.970.000 төгрөгийн өр төлсөн буюу 36.000.000 төгрөгийн зөрүү гарсан. Бусад банкнууд хувь хүний нууцтай холбоотойгоор явуулах боломжгүй, өөрийн биеэр ирж ав гээд дансны хуулгыг ирүүлээгүй. Б- гэх хүнд би 28 удаагийн гүйлгээгээр 69.000.000 төгрөг төлсөн байтал тэрээр “Би 45.000.000 төгрөг авсан, илүү мөнгө аваагүй” гэдэг. Би хохирол мөнгө өгсөн гэдэг дансны хуулгаа хэргийн материалд бүрэн хавсаргамаар байна. Би бүтэн жилийн хугацаанд хоригдохдоо бүх зүйлийг маш сайн ойлгосон. Одоо хохирол төлбөрөө бүрэн төлмөөр байна. Хохирогч нарыгаа хохироогоод ял шийтгэл авч явмааргүй байна. Мөн би 2 настай хүүхэдтэй бөгөөд хүүхдээ маш их санаж байна. Тийм учраас надад авсан таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж өгнө үү. Би хоригдож байгаа учраас яаж ч чадахгүй, хэцүү байна. Прокурорын эсэргүүцлийн хувьд, би хохирогч нарт зөндөө мөнгө төлсөн байхад “би аваагүй” гэдэг тул тэднийг шүүх хуралдаанд оролцуулсан ч адилхан байна. Баримт нотолгоотой “Би чамд өгсөн” гэж хэлэхгүй бол “Би авсан” гэх хүн байхгүй. Тиймээс дансны хуулгуудаа л гаргуулж авмаар байна...” гэв.
ТОДОРХОЙЛОХ нь:
Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсгүүдэд зааснаар Б.А-д холбогдох эрүүгийн хэргийн шийдвэр, ажиллагааг прокурорын эсэргүүцэлд заасан асуудлаар хязгаарлахгүйгээр бүхэлд нь хянав.
Прокуророос яллагдагч Б.А-ыг үргэлжилсэн үйлдлээр бусдыг залилж их хэмжээний хохирол учруулсан гэж дүгнэн Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2 дахь заалтад зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж хэргийг шүүхэд шилжүүлжээ.
Анхан шатны шүүхээс “...хохирогч нарт учирсан хохирол болон хохирол барагдсан эсэхийг нэг мөр болгох, мөн Б.А-ын холбогдсон нийт 36 үйлдлийн сүүлийн үйлдэл нь Дархан Уул аймгийн нутаг дэвсгэрт үйлдэгдсэн, прокуророос шүүхийн харьяалалыг нэг мөр болгох шаардлагатай гэсэн үндэслэлүүдээр хэргийг прокурорт буцааж...” шийдвэрлэсэн нь үндэслэлгүй байна гэж давж заалдах шатны шүүх үзэв.
Хэргийг хянахад:
1. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудын талаар шалгасан байх бөгөөд уг байдлуудыг шүүх хуралдааны явцад нотлох талаар мөн зүйлд заажээ.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт “Хэргийн бодит байдлыг нотлохын тулд мөрдөгч, прокурор хуульд заасан бүх арга хэмжээг авч яллагдагч, шүүгдэгчийг яллах, цагаатгах, ял хүндрүүлэх, хөнгөрүүлэх нөхцөл байдпыг эргэлзээгүй тогтооно” гэж заасан бөгөөд прокурор хуульд заасан чиг үүргийнхээ хүрээнд шүүх хуралдаанд гэрч, хохирогч, шинжээч зэрэг оролцогч нарыг оролцуулах талаар хүсэлт гарган шийдвэрлүүлж, шүүх хуралдаанд хэргийн бодит байдлыг тогтоох чиг үүргийг хэрэгжүүлэх боломжтой байна.
Түүнчлэн, шүүгдэгч, түүний өмгөөлөгч нараас шүүх хуралдаанд гэрч, хохирогч, зэрэг оролцогч нарыг оролцуулах талаар хүсэлт гарган шийдвэрлүүлж, цагаатгах, ял хөнгөрүүлэх нөхцөл байдлыг тогтоох ажиллагааг хэрэгжүүлэх нь Эрүүгийн хэрэг хянан хэрэг шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт “Шүүх хэргийн бодит байдлыг талуудын мэтгэлцээний үндсэн дээр тогтооно” гэсэн зарчимд нийцнэ.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Анхан шатны журмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа нь тухайн шүүгдэгчийн хувьд прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд явагдана” гэж заасан зохицуулалтын хүрээнд шийдвэрлэх нь зүйтэй.
Мөн Монгол Улсын Их Хурлаас 2022 оны 6 дугаар сарын 3-ны өдөр баталсан Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд оруулсан нэмэлт, өөрчлөлтөөр “...нотлох баримтаар тогтоогдсон хэргийн нөхцөл байдлыг үндэслэн шүүгдэгчид холбогдох хэргийн зүйлчлэлийг хүндрүүлэхээр бол, эсхүл нотлох баримт цуглуулж, бэхжүүлэх талаар хуульд заасан журмыг зөрчсөн алдааг зөвтгөх зорилгоор” хэргийг хянан хэлэлцэхийг 60 хүртэл хоногоор хойшлуулж хэргийн зүйлчлэлийг зөвтгүүлэх боломжийг хуулиар олгосон болно.
2. Хэргээс үзэхэд Б.А-ын үйлдсэн 36 үйлдлийн 1/ Ц.Э-, 2/ Н.Э-, 3/ Т. - гэсэн 3 үйлдэл нь 2024 оны 10 дугаар сарын 27-ноос 10 дугаар сарын 28-ны хооронд Дархан-Уул аймгийн Дархан сумын нутаг дэвсгэрт үйл явдал болжээ.
Прокуророос хэргийг Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд шилжүүлэхэд шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 2.2 дугаар зүйлийн 9 дэх хэсэгт зааснаар прокуророос шүүхийн харьяалалыг нэг мөр болгох шаардлагатай гэж үзэн хэргийг прокурорт буцаасан байна.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 2.2 дугаар зүйлийн 1-д ...энэ хуульд тусгайлан зааснаас бусад хэргийг уг хэрэг гарсан газрын харьяалах шүүх хянан шийдвэрлэнэ…, 4-т …хэрэг тухайн шүүхэд харьяалагдахгүй байвал шүүгчийн шийдвэрээр харьяалах шүүхэд шилжүүлнэ…, 6-д …гэмт хэрэг нь хэд хэдэн шүүхийн харьяалах нутаг дэвсгэрт үйлдэгдсэн бол сүүлчийн гэмт хэрэг үйлдэгдсэн газрын харьяалах шүүх хэргийг хянан шийдвэрлэнэ…, 7-д…гэмт хэрэг нэг шүүхийн харьяалах газар эхэлж, нөгөө шүүхийн харьяалах газарт төгссөн бол төгссөн газрын шүүх хэргийг хянан шийдвэрлэнэ…, 9-д…эрүүгийн хэргийн оролцогч, гэрчийн олонхи байгаа газарт, эсхүл дагнасан чиг үүрэгтэй алба, нэгжийн мөрдөн шалгах ажиллагаа явуулсан эрүүгийн хэргийн шүүхийн харьяаллыг прокурорын саналыг үндэслэн Улсын дээд шүүхийн Эрүүгийн танхимын тэргүүн өөрчлөн тогтоож болно…гэж тус тус хуульчилснаас үзвэл анхан шатны шүүхийн шүүгчийн захирамжийн 2 дахь үндэслэл буюу хэргийн харьяалалыг Улсын дээд шүүхийн танхимын тэргүүнээр шийдвэрлүүлэх нь зүйтэй гэж буй нь хууль зүйн үндэслэлгүй байна.
Иймд прокурор Ш.Цэрэнхандын бичсэн 2025 оны 9 дүгээр сарын 12-ны өдрийн 32 дугаартай эсэргүүцлийг хүлээн авч, анхан шатны шүүхийн шүүгчийн захирамжийг хүчингүй болгох нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх дүгнэв.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.2 дахь заалтыг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Прокурор Ш.Цэрэнхандын бичсэн 2025 оны 9 дүгээр сарын 12-ны өдрийн 32 дугаар эсэргүүцлийг хүлээн авч, Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхийн 2025 оны 9 дүгээр сарын 4-ний өдрийн 2025/ШЗ/5684 дугаартай шүүгчийн захирамжийг хүчингүй болгосугай.
2. Шүүгдэгч Б.А-д урьд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
3. Анхан болон давж заалдах шатны шүүхийн хууль хэрэглээний зөрүүг арилгах, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, хуулийг Улсын дээд шүүхийн тогтоол, тайлбараас өөрөөр хэрэглэсэн, эрх зүйн шинэ ойлголт, эсхүл хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой гэж үзвэл энэхүү магадлалыг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хэргийн оролцогч хяналтын журмаар гомдол, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Н.БААСАНБАТ
ШҮҮГЧ П.ГАНДОЛГОР
ШҮҮГЧ Н.Б-