Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2025 оны 10 сарын 16 өдөр

Дугаар 2025/ДШМ/1212

 

2025           10            16                                                                             2025/ДШМ/1212

 

М.Д-, О.О-, Б.З-, М.Л- нарт

 холбогдох эрүүгийн хэргийн тухай

 

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Н.Баасанбат даргалж, шүүгч П.Гандолгор, шүүгч Н.Баярмаа нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:

прокурор Э.Оюундарь /цахимаар/,

шүүгдэгч М.Д-, О.О-, Б.З-, М.Л- нар цахимаар, тэдгээрийн өмгөөлөгч Г.Наранбаатар,

шүүгдэгч М.Д-, Б.З-, М.Л- нарын өмгөөлөгч О.Баярбаясгалан,

шүүгдэгч О.О-ын өмгөөлөгч Д.Бурмаа,

нарийн бичгийн дарга Б.Пэрэнлэйдулам нарыг оролцуулан,

Багахангай, Налайх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхийн шүүгч Э.Энхжаргал даргалж хийсэн шүүх хуралдааны 2025 оны 8 дугаар сарын 18-ны өдрийн 2025/ШЦТ/156 дугаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч шүүгдэгч М.Д-, О.О-, шүүгдэгч М.Д-, Б.З-, М.Л- нарын өмгөөлөгч Г.Наранбаатар, О.Баярбаясгалан, шүүгдэгч О.О-ын өмгөөлөгч Д.Бурмаа нарын давж заалдах шатны шүүхэд гаргасан гомдлуудад тус тус үндэслэн М.Д-, О.О-, Б.З-, М.Л- нарт холбогдох  2507 00000 0087 дугаартай эрүүгийн хэргийг 2025 оны 10 дугаар сарын 7-ны өдөр хүлээн авч, шүүгч Н.Баярмаа илтгэснээр хянан хэлэлцэв.

Б- овогт М-ын Д-, ..........., ял шийтгэлгүй, /РД: ........../,

Б- овогт О-ы О-, .........., ял шийтгэлгүй, /РД: ........../,

Ц- овогт Б-ын З-, ..............., ял шийтгэлгүй, /РД: .........../,

Б- овогт М-ын Л-, ................,

урьд Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 08 дугаар сарын 22-ны өдрийн 992 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 500 нэгж буюу 500,000 төгрөгөөр торгох ял шийтгүүлсэн /РД: ............/,

 

Шүүгдэгч М.Д-, О.О- нар нь урьдчилан үгсэн тохиролцож, учрах саадыг арилгах зорилгоор машин механизм ашиглан, үргэлжилсэн үйлдлээр:

1.1. 2025 оны 3 дугаар сарын 22-ноос 23-нд шилжих шөнө Налайх дүүргийн 8 дугаар хороо, "*****"-ны гадна талбайд байрлуулан тавьсан хохирогч А.Д-ийн эзэмшлийн **** УЕВ улсын дугаартай цагаан өнгийн Тоёота Приус 30 загварын автомашинаас 2 ширхэг дугуйг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар хулгайлан авч, бусдад 760,000 төгрөгийн хохирол учруулсан,

1.2. 2025 оны 3 дугаар сарын 22-ноос 23-нд шилжих шөнө Налайх дүүргийн 8 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах 10 шарын автобусны буудал дээр байрлуулан тавьсан хохирогч Э.Э-ын эзэмшлийн **** УКС улсын дугаартай Тоёота Кроун загварын тээврийн хэрэгслийн цонхны болон багажийн спойлерыг хүч хэрэглэхгүйгээр нууцаар, хууль бусаар хулгайлан авч, бусдад 700,000 төгрөгийн хохирол учруулсан,

1.3. 2025 оны 3 дугаар сарын 22-ноос 23-нд шилжих шөнө Налайх дүүргийн 8 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах "*******" хотхоны гадна зогсоолд байрлуулан тавьсан хохирогч П.Т-гийн эзэмшлийн **** УБӨ улсын дугаартай Тоёота Приус 30 загварын тээврийн хэрэгслийн зүүн урд болон хойд дугуйг хүч хэрэглэхгүйгээр нууцаар, хууль бусаар хулгайлан авч, бусдад 500,000 төгрөгийн хохирол учруулсан,

1.4. 2025 оны 3 дугаар сарын 22-ноос 23-нд шилжих шөнө Налайх дүүргийн 2 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах 43 дугаар байрны гадна зогсоолд байрлуулан тавьсан хохирогч Б.Е-ийн эзэмшлийн **** УКС улсын дугаартай Тоёота Приус 30 загварын тээврийн хэрэгслийн цонхны 4 талын салхивч, арын шилний хаалт буюу спойлерыг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар салган авч, бусдад 160,000 төгрөгийн хохирол учруулсан,

1.5. 2025 оны 3 дугаар сарын 22-ноос 23-нд шилжих шөнө Налайх дүүргийн 8 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах 10 шар ** дугаар байрны зогсоолд байрлуулан тавьсан хохирогч Б.Г-агийн эзэмшлийн **** УЕУ улсын дугаартай Тоёота Приус 40 загварын тээврийн хэрэгслийн 4 дугуйны калпакийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар хулгайлан авч, бусдад 100,000 төгрөгийн хохирол тус тус учруулсан,

 

Шүүгдэгч М.Д-, О.О- Б.З-, М.Л- нар нь урьдчилан үгсэн тохиролцож, учрах саадыг арилгах зорилгоор машин механизм ашиглан 2025 оны 3 дугаар сарын 22-ноос 23-нд шилжих шөнө Налайх дүүргийн 8 дугаар хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулах "*******" зочид буудлын гадна зогсоол дээр байрлуулан тавьсан хохирогч С.Ш-ийн эзэмшлийн **** УНТ улсын дугаартай Тоёота Приус 30 загварын тээврийн хэрэгслийн зүүн урд болон хойд дугуйг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар хулгайлан авч, бусдад 700,000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт тус тус холбогджээ.

 

Налайх, Багахангай дүүргийн прокурорын газар: М.Д-, О.О- нарын  үйлдлийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3, 3.1 дүгээр зүйлийн 1, 3, 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4 дэх заалт,

Б.З-, М.Л- нарын үйлдлийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.1 дүгээр зүйлийн 1, 3, 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн  зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.

 

Багахангай, Налайх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүх: “…Б- овогт М-ын Д-, Б- овогт О-ы О- нарыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3, 3.1 дүгээр зүйлийн 1, 3, 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийг тус тус журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4-т зааснаар урьдчилан үгсэн тохиролцож, бүлэглэн, учрах саадыг арилгах зорилгоор машин механизм ашиглан, үргэлжилсэн үйлдлээр бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч хулгайлах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд, Ц- овогт Б-ын З-, Б- овогт М-ын Л- нарыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.1 дүгээр зүйлийн 1, 3, 3.7 дугаар зүйлийн 1 хэсгийг тус тус журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4-т зааснаар урьдчилан үгсэн тохиролцож, бүлэглэн, учрах саадыг арилгах зорилгоор машин механизм ашиглан бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч хулгайлах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцож,

шүүгдэгч М.Д-, О.О- нарыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3, 3.1 дүгээр зүйлийн 1, 3, 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4-т зааснаар 2 (хоёр) жилийн хугацаагаар хорих ял, шүүгдэгч Б.З-, М.Л- нарыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3, 3.1 дүгээр зүйлийн 1, 3, 3.7 дугаар зүйлийн 1 хэсэгт заасныг тус тус журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4-т зааснаар 1 (нэг) жил 1 (нэг) сарын хугацаагаар хорих ялаар тус тус шийтгэж,

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч М. Д-, О.О- нарт оногдуулсан 2 (хоёр) жилийн хугацаагаар хорих ял, шүүгдэгч Б.З-, М.Л- нарт оногдуулсан 1 (нэг) жил 1 (нэг) сарын хугацаагаар хорих ялыг тус тус нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр,

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч М.Д-, О.О-, Б. Б.З-, М.Л- нарт урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж, тэдгээрийг цагдан хорьж, эдлэх ялыг 2025 оны 08 дугаар сарын 18-ны өдрөөс эхлэн тоолж,

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч нарын гэмт хэрэг үйлдэхдээ ашигласан 69-48 УЕЕ улсын дугаартай Тоёота Кроун

таван зуу) төгрөгийг хувь тэнцүүлэн дөрөв хувааж, шүүгдэгч М.Д-, О.О-, Б.З-, М.Л- нараас 5,175,625 (таван сая нэг зуун далан таван мянга зургаан зуун хорин тав) төгрөгийг тус тус гаргуулж, улсын төсөвт шилжүүлэхээр,

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дуга дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2, 1.4-т зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан 1 (нэг) ширхэг СД-г хавтаст хэргийн хугацаа дуустал хэрэгт хадгалж, 1 (нэг) ширхэг данхраад, 1 (нэг) ширхэг дорцовны толгойг тус тус шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгахыг эд мөрийн баримт хариуцсан комисст даалгаж, шүүгдэгч М.Д-, О.О-, Б.З-, М.Л- нар нь цагдан хоригдсон хоноггүй, энэ хэрэгт битүүмжлэгдсэн хөрөнгө, орлогогүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдаж...” шийдвэрлэжээ.

 

Шүүгдэгч М.Д- давж заалдах шатны шүүхэд гаргасан гомдол болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...М.Д- миний бие тухайн үед хулгайн гэмт хэрэг хийх талаар огт мэдээгүй. О.О-ын хэлсний дагуу гэмт хэрэг хийсэн. Миний эхнэр давхар биетэй, ар гэрийн байдал хүнд байгаа тул гомдлыг минь хүлээн авна уу...” гэв.

 

Шүүгдэгч М.Д-, Б.З-, М.Л- нарын өмгөөлөгч Г.Наранбаатар давж заалдах шатны шүүхэд гаргасан гомдол болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...М.Д- нь хэрэг үйлдэх үедээ 17 нас 9 сар 10 хоногтой байсан ба Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн наймдугаар бүлэгт заасан өсвөр насны хүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэх эрх зүйн зохицуулалтыг хэрэглэх бүрэн боломжтой. Гэсэн хэдий боловч шүүх эрүүгийн хариуцлагын талаарх дүгнэлтийг хийхдээ "хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад 18 насанд хүрсэн байх тул түүнийг өсвөр насны хүн гэж үзэхгүй" гэх дүгнэлтийг хийж шүүгдэгчийн эрх зүйн байдлыг дордуулсан хуулийг хэрэглэсэн гэж үзэж байна. М.Д- нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1.1, 1.2 дахь хэсэгт заасан хэд хэдэн хөнгөрүүлэх нөхцөл байдал тогтоогдсон ба үйлдсэн гэмт хэргийн хор уршгийн шинж чанар, гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрсөн болон түүний хувийн байдал зэргийг харгалзан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 8.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар ял оногдуулахыг тэнсэх, шүүгдэгч Б.З-, М.Л- нарын хувьд мөн гэмт хэрэгт оролцсон оролцоо, учруулсан хохирол, тэдгээрийн хувийн байдал зэргийг харгалзан анхан шатны шүүхээс оногдуулсан хорих ялын хэмжээг багасгаж шийдвэрлэж өгнө үү ...” гэв.

 

Шүүгдэгч О.О-ын өмгөөлөгч Д.Бурмаа давж заалдах шатны шүүхэд гаргасан гомдол болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...О.О- нь хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалтын шатнаас үйлдсэн хэргийнхээ талаар үнэн зөвөөр мэдүүлж гэм буруугаа хүлээсэн. Шүүгдэгч анх удаагаа гэмт хэрэг үйлдсэн үйлдсэн хэрэгтээ маш их гэмшиж байгаагаа илэрхийлж байгаа. Гэмт хэрэг үйлдэхдээ ашигласан Тоёота Кроун тээврийн хэрэгсэлийн үнийг шүүгдэгч нарт хувь тэнцүүлэн хувааж шийдвэрлэсэн шүүхийн шийдвэрийн дагуу өөрт оногдох 5.175.625 төгрөгийг улсын төсөвт төлсөн. Амьдрал ахуй, хувийн байдлын хувьд О.О- нь гэр бүлтэй болж дөнгөж амьдралын замаа эхэлж байгаа залуу хүн. Эхнэр нь жирэмсэн. Цаашид энэ төрлийн хэрэг болон ямар нэгэн гэмт хэрэг зөрчилд холбогдохгүй ажил хөдөлмөр хийж амьдралаа авч явахаа илэрхийлж байгаа юм. Шүүх шийтгэх тогтоолдоо шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд тус хуулийн 6.7-р зүйлийн 1 дэх хэсгийн 1.3-т заасан заалтыг хэрэглэх үндэслэлгүй гэж үзсэн нь хэдийгээр шүүхийн эрх хэмжээний асуудал боловч шүүгдэгч О.О- нь бусдад төлөх төлбөргүй, улсын төсөвт төлөх төлбөрийг төлсөн, хохирогч нар гомдолгүй гэсэн, гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, бага залуу насны анх удаагаа гэмт хэрэг үйлдсэн хэрэглэн ял шийтгэл зэрэг нөхцөл байдлыг харгалзан үзэж дээрхи заалтыг оногдуулах үндэслэлтэй гэж үзэж байна. Иймд Давж заалдах шатны шүүхээс эрх хэмжээнийхээ хүрээнд шүүгдэгч О.О-т анхан шатны шүүхээс оногдуулсан 2 жилийн хорих ялыг ЭХХШтухай хуулийн 6.7-р зүйлийн 1 дэх хэсгийн 1.3-т заасныг журамлан 1 жил болгон өөрчлөн хөнгөрүүлж өгнө үү...” гэв.

 

Шүүгдэгч М.Д-, М.Л-, Б.З- нарын өмгөөлөгч О.Баярбаясгалан давж заалдах шатны шүүхэд гаргасан гомдол болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...М.Доржсүыыырэн нь гэмт хэрэг үйлдэх үед буюу гэмт хэрэг гарах үед 18 насанд хүрээгүй байсан. М.Д- нь 2007 оны 6 дугаар сарын 13-ны өдөр төрсөн. Тухайн хулгайлах гэмт хэрэгт 2025 оны 3 дугаар сарын 22-ноос 23-нд шилжих шөнө гарсан байдаг. Өөрөөр хэлбэл гэмт хэрэг гарсан гэх үед миний үйлчлүүлэгч М.Д- 17 нас 9 сартай байсан байна. Мөн түүнчлэн уг хэрэгт М.Д-гийн төрсөн ах М.Л- холбогдож нэг гэр бүлээс төрсөн ах дүү хоёр хорих ял авсан нөхцөл байдал байгааг шүүх бүрэлдэхүүн анхаарч хүсэхийг хүсч байна.

Эрүүгийн хуулийн Ерөнхий ангийн 8.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “... Шүүх анх удаа энэ хуулийн тусгай ангид хорих ялын дээд хэмжээг найман жил, түүнээс доош хугацаагаар тогтоосон, эсхүл энэ хуулийн тусгай ангид хорих ял оногдуулахаар заагаагүй гэмт хэрэг үйлдсэн өсвөр насны хүнд энэ хуулийн 7.6 дугаар зүйлд заасны дагуу шийтгэх тогтоол биелүүлэхийг хойшлуулахдаа 7.3 дугаар зүйлийн 2,3 дахь хэсэгт заасан үүрэг хүлээлгэж хязгаарлалт тогтоож болно..." гэж хуульчилсан. Иймд дээрх хөнгөрүүлэн үзэх нөхцөл байдал, гэмт хэрэг үйлдэх үедээ миний үйлчлүүлэгч М.Д- нь насанд хүрээгүй байсан, үйлдсэн гэмт хэргийн гэм буруугийн асуудал дээр маргадаггүй, гэмт хэргийн улмаас учруулсан хохирол, хор уршгийн шинж чанар түүний хувийн байдал зэрэг нөхцөл байдлыг харгалзан үзэж миний үйлчлүүлэгч М.Д-д Эрүүгийн хуулийн Ерөнхий ангийн 8.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан ялыг биелүүлэхийг хойшлуулж өгнө үү.

2. Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолд миний үйлчлүүлэгч нарын үйлдсэн гэмт хэрэгт Эрүүгийн хуулийн Ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлд заасан Эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй гэж дүгнэсэн байдаг. Гэтэл миний үйлчлүүлэгч М.Д-, Б.З- нар нь урьд нь гэмт хэрэгт холбогдож шүүхээр ял шийтгэл авч байгаагүй, анх удаагаа гэмт хэрэгт холбогдсон байдаг. М.Л-гийн хувийн байдлын хувьд, эхнэр бага насны хүүхдийн хамт амьдардаг "Тохижил цэвэрлэгээ үйлчилгээ" ОНӨААТҮГ-т тээврийн жолооч ажилтай, эрхэлсэн тодорхой ажилтай, байнга оршин суух хаягтай бөгөөд эхнэр нь хүүхдээ хараад гэртээ байдаг. Б.З-ын хувьд эхнэр 2 бага насны хүүхдийн хамт амьдардаг "Тохижил цэвэрлэгээ үйлчилгээ" ОНӨААТҮГ-т хог тээврийн ачигч ажилтай, эрхэлсэн тодорхой ажилтай, байнга оршин суух хаягтай байдаг. М.Л-, Б.З- нар нь мөрдөн байцаалтын шатнаас авахуулаад тухайн гэмт хэргийн талаар үнэн зөвөөр мэдүүлэг өгч гэм буруугийн асуудал дээр маргадаггүй. -Шүүх хуралдааны үед ч гэм буруугийн асуудал дээр маргаагүй болно. Эрүүгийн хуулийн Ерөнхий ангийн 6.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт “...Эрүүгийн хариуцлагыг хүлээлгэхэд гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан үзнэ...” гэж хуульчилсан. Иймд дээрх нөхцөл байдлыг харгалзан үзэж миний үйлчлүүлэгч М.Л-, Б.З- нарын ял шийтгэлийг хөнгөрүүлж өгнө үү...” гэв.

Шүүгдэгч О.О- давж заалдах шатны шүүхэд гаргасан гомдол болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...бусдад учруулсан хохирлоо төлсөн. Цаашид энэ төрлийн гэмт хэрэгт холбогдогүй, амьдралын зөв замаар явахаа илэрхийлж байна. Анхан шатны шүүхээс оногдуулсан 2 жилийн хорих ялыг хөнгөрүүлж өгнө үү...” гэв.

 

Шүүгдэгч Б.З- тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Хоригдож байх хугацаандаа өөртөө гэмшиж, олон дүү нартайгаа хэрэгт холбогдсондоо маш их харамсаж байна. Иймд надад оногдуулсан хорих ялаас багасгаж өгнө үү...” гэв.

 

Шүүгдэгч М.Л- тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Би энд байх 2 сарын хугацаанд их зүйлийг бодлоо. Манай эхнэр хүүхдийг маань 7 сартай байхад хаяж явсан. Миний хүүхэд 1 нас 7 сартай. Хүүхдээ маш их санаж байна. Ийм хэрэг хийсэндээ маш их гэмшиж байна. Иймд надад оногдуулсан хорих ялаас багасгаж өгнө үү...” гэв.

 

Прокурор Э.Оюундарь тус шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “...Шүүгдэгч М.Д- бичгээр гаргасан давж заалдах гомдолдоо гэм буруугийн талаар маргаж, гэмт хэрэгт Б.З- уруу татсан тухай дурдсан байсан боловч шүүх хуралдаанд гэм буруугийн талаар маргаагүй гэж байна. Гэмт хэрэг М.Д-, О.О- нарын үйлдлээр эхэлсэн буюу Сонгинохайрхан дүүргийн нутаг дэвсгэрээс О.О-, М.Д- нар үгсэн тохиролцож “Тоёота Кроун” загварын тээврийн хэрэгсэл унаж, 2025 оны 03 дугаар сарын 22-ны шөнө гарч ирснээр эхэлсэн. Хоёр шүүгдэгч үргэлжилсэн нийт 5 удаагийн үйлдлээр бусдын эд хөрөнгөд халдаж, хууль бусаар хулгайлах гэмт хэрэг үйлдсэн тул М.Д-г О.О-т уруу татагдаж, тухайн гэмт хэргийг үйлдсэн гэж үзэх үндэслэлгүй. Үргэлжилсэн үйлдлээр бусадтай бүлэглэн тухайн гэмт хэргийг санаатайгаар хийсэн гэж үзэх нотлох баримтууд мөрдөн шалгах ажиллагааны явцад хангалттай цугларсан. Мөн шүүх хуралдааны явцад М.Д- “утсаар О-тай ярилцаж тохироод Налайх орсон” гэж мэдүүлснээс харагдана гэж үзсэн тул Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4 дэх заалтад заасан гэмт хэргийг үйлдсэн гэж үзэх эргэлзээгүй нөхцөл байдал тогтоогдсон. Эрүүгийн хариуцлагын хувьд, шүүгдэгч нарын гэмт хэрэг үйлдсэн нөхцөл болон гэм буруугаа хүлээн зөвшөөрч байгаа, хохирол төлбөр төлөгдсөн зэргийг харгалзан үзэж оногдуулсан ялыг хөнгөрүүлж өгөөч гэж байна. Шүүгдэгч М.Д-гийн хувьд гэмт хэрэг үйлдэх үед 18 насанд хүрээгүй, 17 нас 9 сар 10 хоногтой байсан боловч түүнийг тухайн үед өөрийн гэм буруутай үйлдэлдээ дүгнэлт хийх насанд хүрсэн гэж үзэж байна. Мөн Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 8.1 дүгээр зүйлийн 6 дахь хэсэгт “Гэмт хэрэг үйлдэх үедээ арван дөрвөн насанд хүрсэн ба арван найман насанд хүрээгүй байсан хүн шүүхийн шийтгэх тогтоол гарах үед арван найман насанд хүрсэн бол энэ хуулийн 8.6 дугаар зүйл хамаарахгүй.” гэж тусгайлан заасан. Шүүх хуралдаан 2025 оны 08 дугаар сарын 18-ны өдөр хэлэлцэгдсэн буюу тухайн өдөр шүүгдэгч М.Д- 18 нас 2 сартай болсон үйл баримт тогтоогдсон. Тиймээс шүүх түүнийг өсвөр насны гэдэг үндэслэлд хамаарахгүй, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 8.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийг хэрэглэх үндэслэлгүй тогтоогдохгүй байна гэж дүгнэн, түүний гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, дөнгөж 18 насанд хүрсэн хувийн байдал, хохирол төлбөр төлсөн, гэм буруугийн талаар маргаагүй зэргийг харгалзан тухайн зүйл хэсэгт заасан хорих ялын хамгийн доод хэмжээгээр буюу 2 жилийн хугацаагаар хорих ялыг оногдуулсан нь эрүүгийн хариуцлагын зорилго болон шударга ёсны зарчимд нийцсэн. Мөн бусад шүүгдэгч нарын хувьд анхан шатны шүүх тэдгээрийн гэмт хэрэг үйлдсэн шалтгаан нөхцөл, хувийн байдал, бусдад төлөх төлбөргүй зэргийг нь харгалзан үзэж ял оногдуулсан нь гэм буруугийн болон шударга ёсны зарчимд нийцсэн гэж үзэж байна. Тийм учраас анхан шатны шүүхийн шүүгдэгч нарт оногдуулсан эрүүгийн хариуцлагын төрөл хэмжээ нь Эрүүгийн хуульд заасан гэм буруугийн болон шударга ёсны зарчимд нийцсэн, шийтгэх тогтоол нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36 дугаар бүлэгт заасан хуулийн шаардлагыг хангасан гэж үзэж байх тул шийтгэх тогтоолыг хэвээр үлдээх саналтай байна...” гэв.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсгүүдэд зааснаар М.Д-, О.О-, Б.З-, М.Л- нарт холбогдох хэргийг хянан хэлэлцэхдээ өмгөөлөгч Г.Наранбаатар, Д.Бурмаа, О.Баярбаясгалан, шүүгдэгч М.Д-, О.О-  нарын гаргасан давж заалдах гомдлуудад заасан асуудлаар хязгаарлахгүйгээр шүүхийн шийдвэр, ажиллагааг бүхэлд нь хянав.

1. Шүүгдэгч М.Д-, О.О- нар нь урьдчилан үгсэн тохиролцож, учрах саадыг арилгах зорилгоор машин механизм ашиглан, үргэлжилсэн үйлдлээр:

1.1. 2025 оны 3 дугаар сарын 22-ноос 23-нд шилжих шөнө Налайх дүүргийн 8 дугаар хороо, "*****"-ны гадна талбайд байрлуулан тавьсан хохирогч А.Д-ийн эзэмшлийн **** УЕВ улсын дугаартай цагаан өнгийн Тоёота Приус 30 загварын автомашинаас 2 ширхэг дугуйг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар хулгайлан авч, бусдад 760,000 төгрөгийн хохирол учруулсан болох нь:

- Гэмт хэргийн талаарх гомдол мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /1хх 01/,

- хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /1хх 4-6/,

- хохирогч А.Д-ийн: “...миний машины 2 дугуй, обудыг аваад явсан байсан...” /1хх 11/

- Дамно үнэлгээ ХХК-ийн шинжээчийн дүгнэлт “R17 хэмжээтэй обудтай, prius50 загварын стандарт 5 салаа хайлшин обудтай 215*60*17 хэмжээтэй, 2 ширхэг нийлээд 760.000 төгрөг” /1хх 36-41/,

- эд зүйл хүлээлгэн өгсөн тэмдэглэл ...R17 хэмжээтэй обудтай, 2 ширхэг дугуй... /1хх 113, 115/

- А.Д-ийн...2025 оны 3 дугаар сарын 27-нд дугуйгаа  хүлээн авсан. Цагдаагийн байгууллагаар шалгуулах шаардлага байхгүй.../1хх 114/ гэсэн хүсэлт, зэрэг хэрэгт цуглуулж бэхжүүлсэн, шүүхийн хэлэлцүүлгээр хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар,

 

1.2. 2025 оны 3 дугаар сарын 22-ноос 23-нд шилжих шөнө Налайх дүүргийн 8 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах 10 шарын автобусны буудал дээр байрлуулан тавьсан хохирогч Э.Э-ын эзэмшлийн **** УКС улсын дугаартай Тоёота Кроун загварын тээврийн хэрэгслийн цонхны болон багажийн спойлерыг хүч хэрэглэхгүйгээр нууцаар, хууль бусаар хулгайлан авч, бусдад 700,000 төгрөгийн хохирол учруулсан болох нь:

- Налайх дүүргийн цагдаагийн хэлтэст гаргасан өргөдөл /1хх 164/,

- хохирогч Э.Э-ын: “...би машиныхаа цонхны болон багажны споелер хулгайд алдсан болно. Арын цонх болон багажны хэсэгт салхивчийг 800.000 төгрөгөөр худалдан авсан. Содон шинж гэвэл саарал өнгөтэй...” /1хх 170-171/,

- Дамно үнэлгээ ХХК-ийн шинжээчийн дүгнэлт “toyota majesta crown-ны арын шилний spoiler, багажны хаалганы spoiler нийт 700.000 төгрөг” /1хх 196-199/,

- эд зүйл хүлээлгэн өгсөн тухай...2 ширхэг spoiler-г хохирогч Э.Э-ад хүлээлгэн өгөв... /1хх 237/ гэсэн тэмдэглэл зэрэг хэрэгт цуглуулж бэхжүүлсэн, шүүхийн хэлэлцүүлгээр хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар,

 

1.3. 2025 оны 3 дугаар сарын 22-ноос 23-нд шилжих шөнө Налайх дүүргийн 8 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах "*******" хотхоны гадна зогсоолд байрлуулан тавьсан хохирогч П.Т-гийн эзэмшлийн **** УБӨ улсын дугаартай Тоёота Приус 30 загварын тээврийн хэрэгслийн зүүн урд болон хойд дугуйг хүч хэрэглэхгүйгээр нууцаар, хууль бусаар хулгайлан авч, бусдад 500,000 төгрөгийн хохирол учруулсан болох нь:

- гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /2хх 85/,

- хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл,гэрэл зургийн үзүүлэлт /2хх 87-90/,

- хохирогч П.Т-гийн: “...миний машины зүүн урд болон хойд талын дугуйг хулгайлсан байсан...” /2хх 93/,

- Дамно үнэлгээ ХХК-ийн шинжээчийн дүгнэлт “ 2 ширхэг дугуй  нийт 500.000 төгрөг ” /2хх 115-118/

- эд зүйл хүлээлгэн өгсөн тэмдэглэл ...2 ширхэг дугуйг хүлээлгэн өгөв... /2хх 167/8

- эд зүйлд үзлэг хийсэн тэмдэглэл /2хх 171-172/ зэрэг хэрэгт цуглуулж бэхжүүлсэн, шүүхийн хэлэлцүүлгээр хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар,

1.4. 2025 оны 3 дугаар сарын 22-ноос 23-нд шилжих шөнө Налайх дүүргийн 2 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах 43 дугаар байрны гадна зогсоолд байрлуулан тавьсан хохирогч Б.Е-ийн эзэмшлийн **** УКС улсын дугаартай Тоёота Приус 30 загварын тээврийн хэрэгслийн цонхны 4 талын салхивч, арын шилний хаалт буюу спойлерыг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар салган авч, бусдад 160,000 төгрөгийн хохирол учруулсан болох нь:

- хохирогч Б.Е-ийн: “... би машиныхаа цонхны 4 талын салхивч, арын шилний хаалт буюу spoiler зэргийг хулгайд алдсан...” /2хх 10-11/,

- Дамно үнэлгээ ХХК-ийн шинжээчийн дүгнэлт “Prius 30 тээврийн хэрэгслийн цонхны 4 талын борооны, өргөн хуванцар материалтай цагаан өнгийн хуучин, Prius 30 тээврийн хэрэгслийн арын салхины шилний хаалт буюу, гоёлын хуванцар хар өнгийн нийт 160.000 төгрөг” /2хх 34-37/ зэрэг хэрэгт цуглуулж бэхжүүлсэн, шүүхийн хэлэлцүүлгээр хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар,

 

1.5. 2025 оны 3 дугаар сарын 22-ноос 23-нд шилжих шөнө Налайх дүүргийн 8 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах 10 шар 57 дугаар байрны зогсоолд байрлуулан тавьсан хохирогч Б.Г-гийн эзэмшлийн **** УЕУ улсын дугаартай Тоёота Приус 40 загварын тээврийн хэрэгслийн 4 дугуйны калпакийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар хулгайлан авч, бусдад 100,000 төгрөгийн хохирол тус тус учруулсан болох нь:

- Налайх дүүргийн цагдаагийн хэлтэст гаргасан гомдол /3хх 114/,

- эрх бүхий албан тушаалтны тэмдэглэл /3хх 116/,

- хохирогч Н.Г-гий: “...миний машины 4 дугуйны калпакийг хулгайлсан байсан...” /3хх 117-118, 123-124/,

- Дамно үнэлгээ ХХК-ийн шинжээчийн дүгнэлт “ 2 ширхэг дугуй  нийт 500.000 төгрөг ” /3хх 129-132/ зэрэг хэрэгт цуглуулж бэхжүүлсэн, шүүхийн хэлэлцүүлгээр хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар,

 

2. М.Д-, О.О- Б.З-, М.Л- нар нь урьдчилан үгсэн тохиролцож, учрах саадыг арилгах зорилгоор машин механизм ашиглан 2025 оны 3 дугаар сарын 22-ноос 23-нд шилжих шөнө Налайх дүүргийн 8 дугаар хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулах "*******" зочид буудлын гадна зогсоол дээр байрлуулан тавьсан хохирогч С.Ш-ийн эзэмшлийн **** УНТ улсын дугаартай Тоёота Приус 30 загварын тээврийн хэрэгслийн зүүн урд болон хойд дугуйг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар хулгайлан авч, бусдад 700,000 төгрөгийн хохирол учруулсан болох нь:

- Налайх дүүргийн цагдаагийн газарт гаргасан өргөдөл /2хх 193/,

- хэргийн газар үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /2хх 194-196/,

- хохирогч С.Ш-ийн: “...би машиныхаа жолоочийн эсрэг талын 2 ширхэг дугуйг обудын хамт хулгайд алдсан. 1 ширхэг дугуйг обудын хамт 380.000 төгрөгөөр авч байсан нийлээд 760.000 төгрөг нэхэмжилж байна...” /2хх 199/,

- Дамно үнэлгээ ХХК-ийн шинжээчийн дүгнэлт “ 2 ширхэг дугуй, обудын хамт нийт 700.000 төгрөг ” /2хх 222-225/,

- эд зүйл хүлээлгэн өгсөн тэмдэглэл ...2 ширхэг обудтай дугуйг хүлээлгэн өгөв... /3хх 75/ зэрэг хэрэгт цуглуулж бэхжүүлсэн, шүүхийн хэлэлцүүлгээр хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар,

 

- шүүгдэгч Б.З-ын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Д- Налайхад дугуй хагарчихлаа хүрээд ирээч гэхээр нь Д-, Л- хоёрын аавынх нь Бонго-3 загварын машиныг унаад Налайхад очиход дугуй нь хагараагүй байсан. Д-, О- гэх найзтайгаа байсан ба 210 кровн загварын машинтай байсан. Тухайн машинд 4 ширхэг обудтай дугуй, 4 байсан байхаа машины хөмсөг буюу борооны хаалт, спойлер, 4 ширхэг колпак байсан ба хулгайн дугуй болохыг мэдсэн. Д- ийшээ яваад юм аваад ирье гээд байрны гадна байсан машинаас 2 ширхэг дугуй авсан. Л- бид хоёр домхаратаад Д-, О- хоёр тайлаад авсан. Кровн машиндаа ачаад явсан. Л- бид хоёр портероо бариад харьсан ба нөгөө хоёр араас явсан...” /1хх 14-15, 80-81, 183-184, 2хх 18-19, 101-102, 211-212, 3хх 60-61, 228-229/,

 

- шүүгдэгч О.О-ын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Д- гэх манай найз цагаан өнгий Тоёота 210 атлет кровн загварын тээврийн хэрэгсэлтэйгээ ирээд бид 2 машинд юм ярьж сууж байгаад обуд дугуй авах гэж яваад Налайх дүүрэгт ирээд саарал өнгийн Тоёота приус-30 загварын тээврийн хэрэгслийн жолооч талын эсрэг талын урд, хойд приус-50 загварын тээврийн хэрэгсэлд тавьдаг stockк дугуйг авсан. Улаанбаатар хотоос З-, Л- нарыг дугуй аваад ир гэж дуудсан. Тэгээд Л-, З- нар Налайх дүүрэгт цагаан өнгийн портертой ирээд машиныхаа дугуйг солиод Д- бид 2 цагаан өнгийн приус-30 загварын тээврийн хэрэгслээс 4 ширхэг борооны хаалт, хойд цонхны пивар хар өнгийн сейткийг нь авсан. Саарал өнгийн кровн загварын тээврийн хэрэгслээс багаж, дээвэр хэсэг дээр байсан салхи зүсэгч спойлерыг нь авсан. Үргэлжлүүлээд цагаан өнгийн приус-30 загварын тээврийн хэрэслийг данхраадаж байгаад жолооч талын эсрэг талын урд, хойд талын дугуйг нь аваад доор нь чулуу эвээд орхисон. Тухайн авсан 2 ширхэг дугуйнуудын содон шинж тэмдэг нь гэвэл приус-50 загварын тээврийн хэрэгсэлд тавьдаг stock дугуй байсан. Нийлээд 4 ширхэг обуд дугуйнуудаа Д-гийн машинд хийчихсэн. Тэгээд Д- бид 2 З-, Л- нарыг хулгай хийсний дараагаараа дуудсан. Тэгээд бид 4 ярилцаж байгаад ахиад дугуй авахаар болоод бид 4 хамтдаа тоёота приус-30 загварын тээврийн хэрэгслийн жолоочийн эсрэг талын урд, хойд талын дугуйнуудыг нь авсан. Тухайн авсан 2 ширхэг дугуйнуудын содон шинж тэмдэг нь гэвэл приус-30 загварын тээврийн хэрэгсэлд тавьдаг саарал өнгийн 17 stock-той дугуй байсан. Тэгээд хулгайлсан 6 ширхэг обуд дугуй, 4 ширхэг борооны хаалт, хойд цонхны сейтик, кровн машины 2 спойлороо бүгдийг нь Д-гийн машинд хийгээд ачаад явсан. Тэгээд бид 4 Улаанбаатар хот руу хөдлөөд гэр гэрлүүгээ харьцгаасан ба приус-50 загварын тээврийн хэрэгсэлд тавьдаг стоктой 4 ширхэг обуд дугуй, 4 ширхэг борооны хаалт, 1 ширхэг хойд цонхны сейтекийг нь аваад гэртээ буусан. Харин үлдсэн Приус-30 загварын тээврийн хэрэслийг 17-той стоктой обуд дугуй, кровны загварын тээврийн хэрэгслийн спойлорыг Д- аваад явсан. Тэгээд өөрөө авч үлдсэн 4 ширхэг 50 октой дугуйнуудаа 2025 оны 03 дугаар сарын 25-ны өдөр найз А- гэх хүнд өгөөд оронд нь 4 ширхэг 16-тай жи стоктой обуд авсан. Харин бусад зүйлс нь бол надад байгаа. Д- бас авч явсан эд зүйлсээ зараагүй гэж байсан. Обуд дугуй хулгай хийх санааг бид 2 ярилцаж байгаад шийдсэн. Тэгээд гаднаа шороон зогсоолтой байрнуудын урд талын шороон зогсоолоос 2 ширхэг дугуй хулгайлсан. Харин Улаанбаатар хотоос ирсэн З-, Л- нар нь бол Д- бид 2-ыг хулгай хийж байгаа талаар мэдээгүй байсан бөгөөд Налайх дүүрэгт ирэнгүүт нь Д- бид 2 обуд дугуй хулгайлсан гэдгээ хэлсэн. Тэгээд Л-, З-, Д- бид 4 хамт ярилцаж байгаад ахиад дугуй хулгайлах хийхээр болоод Д- бид 2 хамт яваад Приус-30 загварын тээврийн хэрэгсэлд байсан 50 стоктой дугуй 2 ширхэг, борооны хаалт 4 ширхэг, кровн машины салхи зүсэгч 2 ширхгийг хулгайлаад Л-, З-, Д- бид 4 ахиж уулзаад хамтдаа 4-үүлээ яваад 17-той жи сток дугуй 2 ширхгийг хулгайлсан. Ерөнхийдөө бол эхний дугуйн хулгайг бол Л-, З- нар мэдээгүй үүнээс хойшхи хулгайг бүгдийг нь мэдэж ярилцаж байгаад авсан...” /1хх 18-20, 71-72, 174-175, 209, 2хх 14-15, 49, 105-106, 153, 215-216, 3хх 32, 119-120, 163-164, 202-203/,

 

- шүүгдэгч М.Л-гийн: “...Д- "Ахаа би Налайхад байна машины дугуй хагарчихлаа дорцов яаралтай гялс аваад ир" гээд намайг яаруулаад байхаар нь би аавын ****УМБ улсын дугаартай цагаан өнгөтэй Бонго-3 тээврийн хэрэгслээ унаад З-тай очиход аавын машин дотор хойд талд нь 4 ширхэг дугуй, 2 ширхэг спойлер, 1 ширхэг борооны хаалт, 4 ширхэг салхивч ачцан байсан. Тэгэхээр нь би юун баахан юм ачцан яваан гээд асуутал "Налайхд гадаа байсан машинаас наад хэдийг чинь авсан юм. Наад хэдээс чинь 2 ширхэг спойлер нь минийх үлдсэн нь О-ынх гэж хэлэхээр нь" би юу яриад байгаан гээд уурлатал намайг тоогоогүй. Д-, О- хоёр хэлэхдээ "Энэ хавьд угаасаа хүн харахааргүй битүү харанхуй газар ихтэй учир юм авахад асуудалгүй ээ" гэтэл Золоо тэгвэл би өөртөө дугуй бас авъя гэж хэлэхээр нь би харанхуй бол цуг явчийдоо гэж хэлээд цуг явсан. Тэгээд бид 4 хоёр машинтайгаа Налайх дүүргийн 2 дугаар хороонд байрлах "Gold Moon" нэртэй буудлын гадаа байсан саарал приүс-30 маркийн тээврийн хэрэгслийн жолоочийн эсрэг талын урд, хойд 2 ширхэг дугуйг бид 4 тайлж аваад кровн дотор ачиж дуусаад бөөнөөрөө шууд Налайхаас гараад салаад явцгаасан. ...машинаас приүс-30 маркийн машины 2 ширхэг дугуйг буулгаад 2 ширхэг спойлерыг болохоор машиндаа наацан ирсэн. Тэгэхээр нь би үлдэснийг нь яасан эсэх талаар асуутал О-ын гэрт буулгасан гэхээр нь би унтаад өгсөн. Би хамгийн сүүлд Налайх дүүрэгт Золоогийн хамт ирээд приүс-30 маркийн тээврийн хэрэгслийн 2 ширхэг авахад цуг авсан. Бусад машины эд зүйлсийг хулгайлах үед Золоо бид 2 огт оролцоогүй. Тухайн авсан 2 дугуйг З- өөртөө зориулж авсан. Би өөртөө нэг ч юм аваагүй. Золоогийн өөртөө авсан 2 ширхэг дугуй нь манай хашаанд байгаа харин 4 ширхэг дугуй, 4 ширхэг салхивч, 1 ширхэг борооны хаалт зэрэг нь О-ын хашаанд байгаа байх. Харин үлдсэн 2 ширхэг спойлер нь манай кровнд наасан байгаа...” /1хх 23-24, 89-90, 187-188, 2хх 27-28, 112-113, 207-208, 3хх 51-52, 220-221/,

- шүүгдэгч М.Д-гийн: “...Би 2025 оны 3 дугаар сарын 22-ноос 23-ны шилжих шөнө харанхуй байрны гадна зогсоол дээр байсан приус 30 маркийн машины 2 ширхэг обудтай дугуйг тайлаад машиндаа ачсан. Тэгээд буцаж цэцэрлэгийн урдуур гараад цагаан өнгийн приус 30-аас өргөн цагаан борооны хаалт 4 ширхэг, арын шилний гоёлын хар тавьдаг зүйл байхаар нь мөн авсан. Тойроод арын байрны зогсоолоос саарал өнгийн мажестэ кроуны салхи зүсэгч 2 ширхэг байхаар нь авсан. Тэгээд буцаж уруудаад приус 30-н жолоочийн эсрэг талын 2 ширхэг обудтай дугуйг авсан. Би өөрийн төрсөн ах болох Л-г найз З- нарыг утсаар дуудсан. Удалгүй ах Л-, З- нар нь цагаан өнгийн бонго-3 маркийн машинаар ирлээ гэж хэлэхээр тосож аваад уулзсан. Бид дөрөв нийлээд усан цэнхэр өнгийн приус 30-с 2 ширхэг обудтай дугуй аваад хот руу хоёр машинаар харьсан...” /1хх 32-33, 100, 179-180, 219, 2хх 23-24, 59, 97-98, 163, 203-204, 3хх 42-43, 126-127, 174-176, 212-213/,  /өмгөөлөгчтэй/

 

- гэрч Д.Алтантөгсийн: “...****УМБ улсын дугаартай цагаан өнгөтэй Бонго-3 тээврийн хэрэгсэл миний нэр дээр байдаг. 2025 оны 3 дугаар сарын 23-нд Хятад улс руу явсан байсан. Машины түлхүүрээ гэртээ үлдээсэн. Надад 3 машин байдаг. Бонго3-****, кроун 3- ****, Эстима-**** гэсэн дугаартай. Надад мэдэх зүйл алга.../1хх 26-28/...Миний бага хүү шөнийн ээлжинд хогны машинд ачигч хийдэг байсан. Энэ ажлыг 10 настай байхаасаа хойш хийж эхэлсэн. Хүү маань бага балчир наснаасаа хатуу хөтүү амьдрал үзсэн. 2020 онд манай эхнэрийн нуруу хугарч хэвтэрт орох үед би гэртээ эхнэрээ асрах болсон. Энэ хугацаанд дунд хүү М.Д- маань өдөр нь хог түүж тушаагаад, шөнө нь хогны машинд ачигчаар ажиллаж 4 дүүгээ тэжээж ирсэн, одоо ч тэжээсээр байгаа. Урьд өмнө ийм хэрэг төвөг тарьж асуудалд орооцолдож байсан удаа байхгүй. Муу зуршилгүй, архи тамхи хэрэглэдгүй, хар ажил сайн хийдэг, элдэв муу зан байхгүй, даруухан, хүний өөдөөс юм ярьдаггүй хүүхэд байгаа юм...” /1хх 190-191, 2хх 30-31, 108-109, 218-219/

 

- шүүгдэгч Б.З-, М.Д-, М.Л-, О.О- нарын Эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /1хх 47-50/,

- шүүгдэгч М.Д-гийн иргэний үнэмлэхийн лавлагаа, иргэний оршин суугаа газрын хаягийн бүртгэлийн лавлагаа, төрсний бүртгэлийн лавлагаа /1хх 52-54, 64/,

- шүүгдэгч О.О-ын иргэний үнэмлэхийн лавлагаа, нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн талаарх тодорхойлолт, иргэний оршин суугаа газрын хаягийн бүртгэлийн лавлагаа,  /1хх 55-57/,

- шүүгдэгч М.Л-гийн иргэний үнэмлэхийн лавлагаа, нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн талаарх тодорхойлолт, иргэний оршин суугаа газрын хаягийн бүртгэлийн лавлагаа,  /1хх 58-60/,

 - шүүгдэгч Б.З-ын иргэний үнэмлэхийн лавлагаа, нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн талаарх тодорхойлолт, иргэний оршин суугаа газрын хаягийн бүртгэлийн лавлагаа,  /1хх 61-63/,

- эд зүйлд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /1хх 103-106/,

- эд зүйл хураан авсан тэмдэглэл /1хх 110-112/, 

- М.Д-гийн нас тоолсон тэмдэглэл ...гэмт хэрэг үйлдэгдсэн өдөр буюу 2025 оны 3 дугаар сарын 23-нд 17 нас 9 сар 10 хоногтой... /1хх 123/

- камерын бичлэгт үзлэг хийсэн тухай тэмдэглэл /1хх 127-133, 224-230/,

- Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 8 дугаар сарын 22-ны өдрийн 992 дугаар шийтгэх тогтоолын хуулбар...М.Л-г 500.000 төгрөгөөр торгох ял шийтгэсэн ... /2хх 131-138/,

- Toyota приус-30 загварын **** УЕВ улсын дугаартай тээврийн хэрэгсэл болон Toyota кровн **** УЕЕ улсын дугаартай тээврийн хэрэгслүүдийн эзэмшигчийн талаарх түүхчилсэн лавлагаа /3хх 76-79/,

- Дамно үнэлгээ ХХК-ийн шинжээчийн дүгнэлт “Toyota кровн автомашин 20.702.500 төгрөг, ” /3хх 80-92/ зэрэг хэрэгт цуглуулж бэхжүүлсэн, шүүхийн хэлэлцүүлгээр хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар тус тус нотлогдон тогтоогджээ.

 

Дээрх нотлох баримтуудыг хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, шүүхээс үнэлж дүгнэх боломжтой, хоорондоо зөрүүгүй байх ба гэмт хэргийн үйл баримтыг хангалттай нотолж байна.

 

2. Мөрдөн шалгах ажиллагааны явцад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих асуудлуудыг шалгаж тодруулсан, хэрэгт авагдсан нотлох баримтын хүрээнд хэргийг эцэслэн шийдвэрлэсэн нь үндэслэлтэй байхаас гадна нотлох баримт цуглуулах, бэхжүүлэх, үнэлэх шатанд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг зөрчөөгүй байна.

Хэргийн үйл баримтыг тогтооход үндэслэл болгосон нотлох баримтуудыг цуглуулах, бэхжүүлэх, үнэлэх шатанд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг зөрчөөгүй байна.

 

3. Анхан шатны шүүхээс шүүгдэгч М.Д-, О.О- нарыг урьдчилан үгсэн тохиролцож, бүлэглэн, учрах саадыг арилгах зорилгоор машин механизм ашиглан, үргэлжилсэн үйлдлээр бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч хулгайлах гэмт хэргийг, шүүгдэгч Б.З-, М.Л- нарыг урьдчилан үгсэн тохиролцож, бүлэглэн, учрах саадыг арилгах зорилгоор машин механизм ашиглан бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч хулгайлах гэмт хэргийг тус тус  үйлдсэн гэж дүгнэсэн нь хэргийн бодит байдалтай нийцжээ.

 

4. Шүүгдэгч М.Д-, О.О- Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3, 3.1 дүгээр зүйлийн 1, 3, 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн  2.1 дэх заалтад заасан “үргэлжилсэн үйлдлээр урьдчилан үгсэн тохиролцож бүлэглэн “Хулгайлах” гэмт хэргийг учрах саадыг арилгах зорилгоор машин механизм ашиглан бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авсан”,  

шүүгдэгч Б.З-, М.Л- нарыг бүлэглэн “урьдчилан үгсэн тохиролцож “Хулгайлах” гэмт хэргийг учрах саадыг арилгах зорилгоор машин механизм ашиглан бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авсан” гэмт буруутайд тус тус тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн дээрх зүйл, хэсэг, заалтад зааснаар тус тус зүйлчилж Эрүүгийн хуулийг зөв тайлбарлан хэрэглэсэн байна.

 

5. Нэр бүхий шүүгдэгч, тэдгээрийн өмгөөлөгч нарын гаргасан давж заалдах гомдлуудад дараах хууль зүйн үндэслэл бүхий дүгнэлтүүдийг давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн хийлээ. Үүнд:

 

5.1. Шүүгдэгч М.Д- болон түүний өмгөөлөгч Г.Наранбаатар, О.Баярбаясгалан нараас “…М.Д- гэмт хэрэг үйлдэх үедээ 18 насанд хүрээгүй байсан тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1.1, 1.2-т зааснаар ялыг хөнгөрүүлж, 8.7 дугаар зүйлийн 1-д зааснаар тэнсэж болон ял биелүүлэхийг хойшлуулж өгнө үү. ...Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1.1, 1.2-т зааснаар Б.З-, М.Л- нарт оногдуулсан хорих ялыг багасгаж өгнө үү...” гэсэн,

шүүгдэгч О.О- болон түүний өмгөөлөгч Д.Бурмаа нараас ...Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3-т заасныг баримтлан анхан шатны шүүхээс оногдуулсан хорих ялыг 1 жил болгон өөрчилж өгнө үү...” гэсэн агуулга бүхий гомдлуудыг давж заалдах шатны шүүхэд гаргажээ.

A/ Мөрдөн шалгах ажиллагааны явцад цугларсан нотлох баримтыг тал бүрээс нь бүрэн бодитойгоор шинжлэн судалсны эцэст гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай нь тогтоогдсон шүүгдэгчид Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.1 дүгээр зүйлд заасан эрүүгийн хариуцлагын зорилгыг хангахуйц, мөн зүйлд заасан төрөл, хэмжээний дотор ялыг сонгон оногдуулах нь шүүхийн бүрэн эрх билээ.

Ийнхүү ял оногдуулахдаа шүүх Эрүүгийн хуулиар тодорхойлсон эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэл, журам, зарчмуудыг удирдлага болгодгоос гадна мөн  хуулийн ерөнхий ангид заасан шүүхэд үүрэг болгосон (императив) шинжтэй хэм хэмжээг заавал хэрэглэдэг бол эрх олгосон (диспозитив) шинжтэй хэм хэмжээг хэрэглэх эсэхээ энэ хуулийн 6.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасан “гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн этгээдийн хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдал” зэргийг харгалзан шийдвэрлэдэг.

Анхан шатны шүүх нь дээр дурдсан үндэслэл, зарчмуудыг болон дотоод итгэлийг удирдлага болгон шүүгдэгч М.Д-, О.О- нарт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4 дэх заалтад зааснаар 2 жилийн хугацаагаар хорих ял, шүүгдэгч Б.З-, М.Л- нарт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4 дэх заалтад зааснаар 1 жил 1 сарын хугацаагаар хорих ял тус тус шийтгэсэн нь шүүгдэгч нарын гэм буруугийн болон хувийн байдал үйлдсэн гэмт хэргийнх нь хэр хэмжээнд тохирсон байна гэж үзэв.

Харин шүүгдэгч М.Д- нь 2025 оны 3 дугаар сарын 22-ноос 23-нд шилжих шөнө “хулгайлах” гэмт хэргийг үйлдэх үедээ 18 насанд хүрээгүй байсан нь мөрдөгчийн нас тоолсон тэмдэглэл, төрсний гэрчилгээний хуулбарааар тогтоогдож байхад анхан шатны шүүхээс хуульд заасан насанд хүрээгүй байхдаа гэмт хэрэг үйлдсэн этгээдэд хэрэглэдэг хуулийн зохицуулалтыг орхигдуулжээ.

1985 оны 11 дүгээр сарын 29-ний өдөр НҮБ-ын Ерөнхий Ассамблейн 40/33 дугаар тогтоолоор батлагдсан Насанд хүрээгүй хүмүүсийн талаар шүүн таслах ажиллагаа явуулах тухай НҮБ-ын наад захын жишиг журамд "Өсвөр насны хүн" гэж тухайн улсын эрх зүйн тогтолцоонд үйлдсэн хэрэгт нь насанд хүрсэн хүнээс ялгаатай хэлбэрээр хариуцлага хүлээлгэхээр заасан байдаг.

Олон улсын хүний эрхийн энэхүү стандартад нийцүүлэн Монгол Улсын Эрүүгийн хуульд өсвөр насны хүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэх тухай асуудлыг тусгай журмаар зохицуулж, гэмт хэрэг үйлдсэн өсвөр насны хүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ хөнгөрүүлсэн бодлого баримтлахаар заасан.

Иймд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 8.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Шүүх энэ хуулийн тусгай ангид хорих ял оногдуулахаар заасан гэмт хэрэг үйлдсэн өсвөр насны хүнд энэ хуулийн 5.6 дугаар зүйлд заасан журмаар тусгай ангид заасан хорих ял оногдуулж эдлэх ялыг хоёр дахин багасгана.” гэснийг баримтлан шүүгдэгч М.Д-д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4 дэх заалтад зааснаар оногдуулсан 2 жилийн хугацаагаар хорих ялыг 1 жил хугацаагаар хорих ял болгон хоёр дахин багасгахаар шийдвэрлэв.

Харин Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 8.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар ял оногдуулахыг тэнсэх, 8.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан ялыг биелүүлэхийг хойшлуулах гэснийг тус тус шүүх хэрэглэх үндэслэлгүй байна.

Учир нь, Эрүүгийн хуулийн 8 дугаар бүлэгт заасан “Өсвөр насны хүн” гэдгийг гэмт хэрэг үйлдэх үедээ арван дөрвөн насанд хүрсэн ба арван найман насанд хүрээгүй байсан хүнийг ойлгоно.

 

B/ Хорих ялыг хөнгөрүүлэх журмыг зохицуулсан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэг нь шүүхэд эрх олгосон заалт тул хэрэглэх эсэх нь шүүх эрх мэдлийн асуудал бөгөөд “хулгайлах”  гэмт хэргийг үйлдсэн О.О-ын хувьд анхан шатны шүүх дээрх журмыг хэрэглээгүйг хууль зөрчсөн гэж дүгнэхгүй юм.

Учир нь шүүхэд үүрэг болгоогүй, эрх олгосон Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн хэм хэмжээг хэрэглээгүй тохиолдлыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэнд тооцдоггүй бөгөөд энэ нь шүүхийн шийдвэрийг заавал хүчингүй болгох эсхүл өөрчлөх үндэслэл болохгүй болно.

Учир нь, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4 дэх заалтад заасан гэмт хэргийг үйлдсэн хүнд 2-8 жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэхээр хуульчилсан байдаг.

Анхан шатны шүүхээс Б.З-, М.Л- нарт эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, алдагдсан эд зүйлийг биет байдлаар буцаан өгсөн зэрэг болон тэдний хувийн байдлыг харгалзан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3 дахь заалтад заасныг баримтлан дээрх тусгай ангид заасан ялын дээд хэмжээний хоёрны нэгээс хэтрүүлэхгүйгээр, ялын доод хэмжээний хоёрны нэгээс багагүй ял буюу 1 жил 1 сарын хугацаагаар хорих ял тэдэнд оногдуулсан нь үндэслэлтэй бөгөөд Эрүүгийн хуулийг зөв тайлбарлан хэрэглэсэн байна.

 

6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хууль болон Улсын Дээд шүүхийн нийт шүүгчийн хуралдааны 2021 оны 09 дүгээр сарын 20-ны өдрийн 29 дүгээр “Шүүхийн шийдвэр боловсруулах журам, аргачлал”-аар шүүхийн тогтоол бичих шүүхийн шийдвэрийн хэлбэр, бүтэцийг хуульчлан тогтоосон бөгөөд энэхүү аргачлалыг судлахыг энэхүү магадлалд анхааруулан дурдах нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн үзсэн болно.

Иймд шүүгдэгчийн өмгөөлөгч Г.Наранбаатар, О.Баярбаясгалан, шүүгдэгч М.Д- нарын давж заалдах шүүхэд гаргасан гомдлын заримыг хүлээн авч, шүүгдэгч О.О- түүний өмгөөлөгч Д.Бурмаа нарын гомдлыг хэрэгсэхгүй болгож, Багахангай, Налайх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхийн 2025 оны 8 дугаар сарын 18-ны өдрийн 2025/ШЦТ/156 дугаар шийтгэх тогтоолд өөрчлөлт оруулж шийдвэрлэв.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт “...Шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээсэн, эсхүл өөрчилсөн тохиолдолд ял шийтгүүлсэн этгээдэд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээний хугацааг ял эдлэх хугацаанд оруулж тооцно...” гэсний дагуу шүүгдэгч М.Д-, О.О-, Б.З-, М.Л- нарын 2025 оны 8 дугаар сарын 18-ны өдрөөс 2025 оны 10 дугаар сарын 16-ны өдрийг хүртэл нийт 64 /жаран дөрөв/ хоног цагдан хоригдсоныг ял эдлэх хугацаанд нь оруулан тооцов.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.4 дэх заалтыг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Багахангай, Налайх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхийн 2025 оны 8 дугаар сарын 18-ны өдрийн 2025/ШЦТ/156 дугаар шийтгэх тогтоолын тогтоолын:

...тогтоох хэсэгт Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 8.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг баримтлан шүүгдэгч М.Д-д Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3, 3.1 дүгээр зүйлийн 1, 3, 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4-т зааснаар оногдуулсан 2 (хоёр) жил хорих ялыг хоёр дахин багасгаж 1 /нэг/ жил хорих ял оногдуулсугай... гэсэн нэмэлт заалт оруулсугай.

2. тогтоох хэсгийн 1 дэх заалтыг “...Б- овогт М-ын Д-, Б- овогт О-ы О- нарыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3, 3.1 дүгээр зүйлийн 1, 3, 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийг тус тус журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4-т зааснаар урьдчилан үгсэн тохиролцож, бүлэглэн, учрах саадыг арилгах зорилгоор машин механизм ашиглан, үргэлжилсэн үйлдлээр бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч хулгайлах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд, Ц- овогт Б-ын З-, Б- овогт М-ын Л- нарыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.1 дүгээр зүйлийн 1, 3, 3.7 дугаар зүйлийн 1 хэсгийг тус тус журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4-т зааснаар урьдчилан үгсэн тохиролцож, бүлэглэн, учрах саадыг арилгах зорилгоор машин механизм ашиглан бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч хулгайлах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцосугай...” гэснийг “...Б- овогт М-ын Д-, Б- овогт О-ы О- нарыг урьдчилан үгсэн тохиролцож, бүлэглэн, учрах саадыг арилгах зорилгоор машин механизм ашиглан, үргэлжилсэн үйлдлээр бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч хулгайлах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд, Ц- овогт Б-ын З-, Б- овогт М-ын Л- нарыг урьдчилан үгсэн тохиролцож, бүлэглэн, учрах саадыг арилгах зорилгоор машин механизм ашиглан бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч хулгайлах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож...” гэж,

3 дахь заалтын “...шүүгдэгч М.Д-д оногдуулсан 2 /хоёр/ жилийн хугацаагаар...” гэснийг “....шүүгдэгч М.Д-д оногдуулсан 1 /нэг/ жилийн хугацаагаар...” гэж тус тус өөрчилж, тогтоох хэсгийн бусад заалтыг хэвээр үлдээсүгэй.

 

3. Шүүгдэгчийн өмгөөлөгч Г.Наранбаатар, О.Баярбаясгалан, шүүгдэгч М.Д- нарын давж заалдах гомдлын заримыг хүлээн авч, шүүгдэгч О.О- түүний өмгөөлөгч Д.Бурмаа нарын гомдлыг хэрэгсэхгүй болгосугай.

 

4. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч М.Д-, О.О-, Б.З-, М.Л- нарын 2025 оны 8 дугаар сарын 18-ны өдрөөс 2025 оны 10 дугаар сарын 16-ны өдрийг хүртэл цагдан хоригдсон 64 /жаран дөрөв/ хоногийг тус тусын эдлэх ялд оруулан тооцсугай.

 

5. Анхан болон давж заалдах шатны шүүхийн хууль хэрэглээний зөрүүг арилгах, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, хуулийг Улсын дээд шүүхийн тогтоол, тайлбараас өөрөөр хэрэглэсэн, эрх зүйн шинэ ойлголт, эсхүл хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой гэж үзвэл энэхүү магадлалыг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хэргийн оролцогч хяналтын журмаар гомдол, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

 

 

 

 

                                 ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                     Н.БААСАНБАТ

 

 

                                 ШҮҮГЧ                                                              П.ГАНДОЛГОР

 

 

                                 ШҮҮГЧ                                                               Н.БАЯРМАА