| Шүүх | Хэнтий аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | А.Мөнхсайхан |
| Хэргийн индекс | 321/2026/00035/И |
| Дугаар | 321/ШШ2026/00101 |
| Огноо | 2026-02-10 |
| Маргааны төрөл | Хамтын амьдарлтай байсныг тогтоолгох, |
Хэнтий аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2026 оны 02 сарын 10 өдөр
Дугаар 321/ШШ2026/00101
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Хэнтий аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч А.Мөнхсайхан даргалж, тус шүүхийн танхимд Б танхимд хийсэн шүүх хуралдаанаар:
Нэхэмжлэгч: ******* оршин суух, ******* ургийн овогт Цэрэнгомбын О*******,
Нэхэмжлэлийн шаардлага: Хамтын амьдралтай байсныг тогтоолгох тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдааны оролцогчид:
Нэхэмжлэгч: Ц.О*******,
Гуравдагч этгээд: И.Б*******,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: С.Отгончимэг нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч Ц.О******* шүүхэд гаргасан нэхэмжлэл, шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Би 2015 оны 5 дугаар сарын 15-ны өдрөөс Индэрсүрэнгийн Б*******тэй танилцан хамтран амьдарч байна. Одоо бид хоёр дундаасаа хүү, охин хоёртой болж ам бүл дөрвүүлээ амьдарч байна. Одоо би өндөр настны тэтгэвэр тогтоолгох гэж байгаа тул намайг И.Б*******тэй хамтран амьдарч байгааг тогтоож өгнө үү гэжээ.
Бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээд И.Б******* шүүх хуралдаанд Бид хоёр 2015 оноос хойш хамтран амьдраад одоо дундаасаа 2 хүүхэдтэй. Би урьд нь хүнтэй гэрлэлтээ батлуулж байсан бөгөөд одоо гэрлэлтээ цуцлуулах гэтэл тэр хүн маань АНУ-д ажиллаж амьдарч байгаа гэдэг. Огт холбоогүй байгаа. Биднийг хамтын амьдралтай болохыг тогтооход татгалзах зүйлгүй гэх тайлбарыг гаргасан болно.
Шүүх нэхэмжлэгчийн тайлбар, хэрэгт цугларсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтыг шинжлэн судлаад ҮНДЭСЛЭХ нь:
1.Нэхэмжлэгч Ц.О******* нь нөхөр И.Б*******тэй хамтын амьдралтай байсныг тогтоолгох нэхэмжлэл гаргасныг шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.14-т зааснаар хангаж шийдвэрлэлээ.
Тодруулбал, нэхэмжлэгч Ц.О*******, түүний нөхөр И.Б******* нар нь хамтын амьдралтай байсан болох нь, одоо ч хамт амьдарч байгаа болох нь хэрэгт авагдсан дараах баримтуудаар тогтоогдож байна.
-Нэхэмжлэгч Ц.О*******ийн иргэний үнэмлэхийн нотариатчаар гэрчлүүлсэн хуулбар (хх-ийн 3 дахь тал),
-Хэнтий аймгийн Хэрлэн сумын Өндөрхаан багийн Засаг даргын тодорхойлолт (хх-ийн 04 дэх тал),
-2019 оны 10 дугаар сарын 07-ны өдөр төрсөн хүү *******ийн Д*******ын төрсний гэрчилгээний хуулбар (хх-ийн 5 дахь тал),
-2016 оны 10 дугаар сарын 27-ны өдөр төрсөн охин *******ийн А*******ийн төрсний гэрчилгээний хуулбар (хх-ийн 6 дахь тал),
-2020-2024 оны мал тооллогын бүртгэлийн хуулбар (хх-ийн 7-19 дэх тал),
-И.*******ийн иргэний үнэмлэхийн хуулбар (хх-ийн 23 дахь тал),
-Гэр бүлээрээ авхуулсан гэрэл зургийн үзүүлэлт (хх-ийн 24 дэх тал),
-Гэрлэсний бүртгэлгүй талаарх лавлагаа (хх-ийн 25 дахь тал),
-Төрөл садангийн талаарх лавлагаа
-Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.2, 38 дугаар зүйлийн 38.6, 43 дугаар зүйлд зааснаар асуугдсан:
Гэрч И.Б*******, И.Б******* нарын 2026 оны 01 дүгээр сарын 27-ны өдөр өгсөн ...И.Б******* нь миний төрсөн ах. Манай ах эгч хоёр танилцаад 12 уил болж байгаа байх, Охин нь 4 дүгээр ангид сурдаг. Хүү нь 1 дүгээр ангид сурдаг. 2014 оноос хойш хамт амьдарсан. 2 хүүхэдтэй. Манай ах урьд нь хүнтэй сууж байсан. Тэр хүнтэйгээ гэрлэлтийн баталгаатай. Одоо болтол салгуулаагүй байгаа. Нөгөө хүн нь гадаадад байдаг. Холбоо барьж чадахгүй байгаа тул гэрлэлтээ цуцлуулж чадахгүй байгаа. Тийм болохоор одоо энэ хүнтэйгээ гэрлэлтээ батлуулж чадахгүй байгаа гэх ижил утга агуулга бүхий мэдүүлэг тус тус авагджээ.
Нэхэмжлэгчийн гаргасан хамтын амьдралтай байсныг тогтоолгох нэхэмжлэл нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай 135 дугаар зүйлийн 135.2.14-т зааснаар онцгой ажиллагааны журмаар хянан шийдвэрлэх хэрэг маргаанд хамаарахаар байна.
Мөн хуулийн 6 дугаар зүйлийн 6.6-д заасны дагуу шүүх өөрийн санаачилгаар гэрчээс мэдүүлэх авах, хэрэгт ач холбогдолтой гэх нотлох баримт цуглуулах ажиллагаа хийж, хууль сануулан мэдүүлэг авсан гэрчүүдийн мэдүүлэг болон нэхэмжлэгч, гуравдагч этгээд нарын тайлбар, фото зургийн үзүүлэлт зэргийг нотлох баримтаар үнэлсэн болно.
Хэрэгт авагдсан нотлох баримтын хуваарилалтыг хийхдээ Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1, 40.2, 40.3-т зааснаар хэрэгт авагдсан бичмэл нотлох баримтад тавигдах хуулийн шаардлагыг хангасан нотлох баримтуудыг үнэлж нэхэмжлэгч Ц.О*******ийг нөхөр И.Б*******тэй 2015 оны 5 дугаар сарын 15-аас 2026 оны 02 дугаар сарын 06-ны өдрийг хүртэл хамтын амьдралтай байсныг тогтоож шийдвэрлэв.
Нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээх нь зүйтэй.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116, 118, 133 дугаар зүйлийн 133.1.1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.14-т заасныг баримтлан ******* ургийн овогт Цэрэнгомбын О*******ийг ******* ургийн овогт Индэрсүрэнгийн Б*******тэй 2015 оны 5 дугаар сарын 15-аас 2026 оны 02 дугаар сарын 10-ны өдрийг хүртэл хамтын амьдралтай байсныг тогтоосугай.
2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т зааснаар нэхэмжлэгчийн тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын төсөвт хэвээр үлдээсүгэй.
3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2-т зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд мөн хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нь уг шийдвэрийг эс зөвшөөрвөл гардаж авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Хэнтий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй, зохигчид хуульд заасан хугацааны дотор шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ А.МӨНХСАЙХАН