Хэнтий аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2026 оны 02 сарын 11 өдөр

Дугаар 321/ШШ2026/00104

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Хэнтий аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч А.Мөнхсайхан даргалж, тус шүүхийн танхимд Б танхимд хийсэн шүүх хуралдаанаар:

Хүсэлт гаргагч: Хэнтий аймаг, ******* сум, 3 дугаар баг, *******ийн ******* тоотод оршин суух, Ш*******дуу ургийн овогт С*******ийн О*******,

Хүсэлт гаргагчийн шаардлага: Хамтын амьдралтай байсан байдлыг тогтоолгох тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдааны оролцогчид:

Хүсэлт гаргагч: С.О*******,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: С.Отгончимэг нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Хүсэлт гаргагч С.О******* шүүхэд гаргасан хүсэлт болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Миний бие Г.М*******тай 2013 онд танилцаж 2014 оноос 2026 оны 01 дүгээр сарын 01-ний өдрийг хүртэл нэг гэрт орж хамтран амьдарч байсан. Хань М*******тай хамтран амьдрах хугацаанд бидний дундаас том охин М.М******* 2016 оны 12 дугаар сарын 03-ны өдөр төрсөн, одоо 10 настай, бага охин М.М******* нь 2019 оны 9 дүгээр сарын 06-ны өдөр төрсөн, одоо 7 настай. Миний бие өмнө гэр бүлтэй байсан бөгөөд гэрлэлтээ цуцлуулж амжаагүй байсан тул бид гэрлэлтээ албан ёсоор батлуулж чадаагүй байсан. Гэтэл хань Г.М******* нь 2026 оны 01 дүгээр сарын 01-ний өдөр хүнд өвчний учир нас барсан. Үүнээс хойш том охин М.М*******, бага охин М.М******* нарт тэжээгчээ алдсаны тэтгэмж тогтоолгох тухай хүсэлт Хэнтий аймгийн нийгмийн даатгалын хэлтэст гаргахад та хань М*******тайгаа албан ёсны гэр бүлийн баталгаа байхгүй байх тул шүүхээр хамтын амьдралтай байснаа тогтоолгож ир гэсэн тул дээрх нөхцөл байдлыг харгалзан С.О******* намайг М*******тай хамтын амьдралтай байсныг тогтоож өгнө үү гэжээ.

Шүүх хүсэлт гаргагчийн тайлбар, хэрэгт цугларсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтыг шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ нь:

1.Хүсэлт гаргагч С.О******* нь нөхөр Г.М*******тай хамтын амьдралтай байсныг тогтоолгох хүсэлт гаргасныг шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.14-т зааснаар хангаж шийдвэрлэлээ.

Тодруулбал, хүсэлт гаргагч С.О******* түүний нөхөр Г.М******* нар нь хамтын амьдралтай байсан болох нь хэрэгт авагдсан дараах баримтуудаар тогтоогдож байна.

-Хүсэлт гаргагчийн иргэний үнэмлэхийн нотариатчаар гэрчлүүлсэн хуулбар (хх-ийн 04 дэх тал),

-******* овогт Г*******ийн М*******ын нас барсны гэрчилгээний хуулбар (хх-ийн 4 дэх тал),

-2019 оны 9 дүгээр сарын 06-ны өдөр төрсөн охин М*******ын М*******ын төрсний гэрчилгээний хуулбар (хх-ийн 5 дахь тал),

-2016 оны 12 дугаар сарын 03-ны өдөр төрсөн охин М*******ын М*******ын төрсний гэрчилгээний хуулбар (хх-ийн 6 дахь тал),

-Хэнтий аймгийн ******* сум, ******* багийн Засаг даргын тодорхойлолт (хх-ийн 7 дахь тал),

-Хүн ам, өрхийн бүртгэлийн дэвтрийн хуулбар (хх-ийн 8 дахь тал),

-Гэр бүлээрээ авхуулж байсан гэрэл зургийн үзүүлэлтүүд (9 дэх тал),

-Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.2, 38 дугаар зүйлийн 38.6, 43 дугаар зүйлд зааснаар асуугдсан

Гэрч Д.О*******, Г.С******* нарын 2014 оноос хойш хамт амьдарч эхэлсэн. 2 хүүхэдтэй, гэрлэлтээ батлуулна гээд амжаагүй гэх ижил утга агуулга бүхий мэдүүлэг зэрэг нотлох баримтууд авагджээ.

Нэхэмжлэгчийн гаргасан хамтын амьдралтай байсныг тогтоолгох нэхэмжлэл нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай 135 дугаар зүйлийн 135.2.14-т зааснаар онцгой ажиллагааны журмаар хянан шийдвэрлэх хэрэг маргаанд хамаарахаар байна.

Хэрэгт авагдсан нотлох баримтын хуваарилалтыг хийхдээ Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1, 40.2, 40.3-т зааснаар хэрэгт авагдсан бичмэл нотлох баримтад тавигдах хуулийн шаардлагыг хангасан нотлох баримтуудыг үнэлж нэхэмжлэгч С.О*******ийн нөхөр Г.М*******тай 2014 оноос 2026 оны 01 дүгээр сарын 01-ний өдрийг хүртэл хамтын амьдралтай байсныг тогтоож шийдвэрлэв.

Нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээх нь зүйтэй.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116, 118, 133 дугаар зүйлийн 133.1.1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.14-т заасныг баримтлан Ш*******дуу ургийн овогт С*******ийн О******* /РД:С*******/, ******* ургийн овогт Г*******ийн М******* /РД:С*******/ нарыг 2014 оноос 2026 оны 01 дүгээр сарын 01-ний өдөр хүртэл хамтын амьдралтай байсныг тогтоосугай.

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т зааснаар нэхэмжлэгчийн тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын төсөвт хэвээр үлдээсүгэй.

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2-т зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд мөн хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нь уг шийдвэрийг эс зөвшөөрвөл гардаж авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Хэнтий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй, зохигчид хуульд заасан хугацааны дотор шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг дурдсугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ   А.МӨНХСАЙХАН