Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2025 оны 10 сарын 21 өдөр

Дугаар 2025/ДШМ/1216

 

2025           10            21                                                                            2025/ДШМ/1216

 

Н.О-од холбогдох эрүүгийн

хэргийн тухай

 

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Д.Мөнхөө даргалж, шүүгч Л.Одончимэг, шүүгч Н.Баярмаа нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:

прокурор П.Болормаа,

шүүгдэгч Н.О-,

нарийн бичгийн дарга Э.Хишигтөмөр нарыг оролцуулан,

Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхийн 2025 оны 08 дугаар сарын 25-ны өдрийн 2025/ШЦТ/2032 дугаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч шүүгдэгч Н.О-ын давж заалдах шатны шүүхэд гаргасан гомдлыг үндэслэн түүнд холбогдох  2511 00000 0974 дугаартай эрүүгийн хэргийг 2025 оны 10 дугаар сарын 10-ны өдөр хүлээн авч, шүүгч Н.Баярмаа илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Х- овогт Н-гийн О-, ..........., ял шийтгэлгүй, /РД: ........../,

 

 Шүүгдэгч Н.О- нь 2025 оны 06 дугаар сарын 09-ний өдөр Сонгинохайрхан дүүргийн нутаг дэвсгэрт орших Нарангийн энгэр гэх газарт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.8 дахь заалтад заасан хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар буюу эхнэр Б.М-г хардалтын улмаас түүний биед халдаж, цохих зэргээр эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

 

Чингэлтэй дүүргийн прокурорын газар: Н.О-ын үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.

 

Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүх: “…шүүгдэгч Х- овогт Н-гийн О-ыг "Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэргийг хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар үйлдсэн буюу гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж" үйлдсэн гэм буруутайд тооцож, шүүгдэгч Н.О-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 300 (гурван зуу) цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ял шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасныг баримтлан нийтэд тустай ажил хийлгэх ялыг өдөрт наймаас дээшгүй цагаар биелүүлэхээр тогтоож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт заасныг баримтлан шүүгдэгч Н.О- нь нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлээгүй бол нийтэд тустай ажил хийлгэх ялын найман цагийн ажлыг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдэж, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгч Н.О- нь цагдан хоригдсон хоноггүй, энэ тогтоолоор бусдад төлөх төлбөргүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй болохыг тус тус дурдаж...” шийдвэрлэжээ.

 

Шүүгдэгч Н.О- давж заалдах шатны шүүхэд гаргасан гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Нийтэд тустай ажил хийлгэх ял буюу 300 цагийн ажлыг торгох ялын хамгийн бага хэмжээгээр торгож өгнө үү...” гэв.

 

Прокурор П.Болормаа тус шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “...Анхан шатны шүүхээс шүүгдэгч Н.О-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, анхан шатны шүүхэд шүүгдэгч Н.О-од нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулах саналыг гаргасан. Шүүгдэгч Н.О-ын тухайд мөрдөн шалгах ажиллагааны шатанд “эрхэлсэн тодорхой ажилгүй” гэж мэдүүлсэн. Давж заалдах шатны шүүхэд ажил хөдөлмөр эрхэлдэг талаарх баримтыг гаргаж байна. Энэ талаар нотолсон баримт байхгүй, “Хаан” банкны дансны хуулга гаргаж өгсөн боловч хангалттай нотлох баримт гэж үзэхгүй байна. Анхан шатны шүүхээс оногдуулсан ял хүнддээгүй гэж үзэж байна. Гэмт хэрэг үйлдэгдсэн нөхцөл байдлыг харахад 13 жил хамт амьдарсан эхнэрээ хардаж, тээврийн хэрэгслээр авч явж, отвёрканы ишээр хохирогчийн эмзэг хэсэгт цохиж улмаар хохирогч Б.М- “Больчихоо” гэж гуйснаар хэрэг төгссөн байдаг. Дээрхи гэмт хэргийг үйлдсэний дараа хохирогч Б.М-д эмнэлгийн тусламж үзүүлэхгүйгээр, ажил дээр нь хүргээд орхиж хүнлэг биш харьцсан нөхцөл байдал тогтоогдсон. Анхан шатны шүүхийн шатанд эрхэлсэн тодорхой ажилгүй, торгох ял оногдуулах боломжгүй байсан. Иймд анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээх саналтай байна...” гэв.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар хэргийг хянан шийдвэрлэхдээ шүүгдэгч Н.О-ын гаргасан давж заалдах гомдолд дурдсан асуудлаар хязгаарлахгүйгээр хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хянав.

Мөрдөн шалгах ажиллагааны явцад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих асуудлуудыг шалгаж тодруулсан, хэргийн үйл баримт, гэм бурууг тогтооход үндэслэл болсон нотлох баримтуудыг цуглуулах, бэхжүүлэх, үнэлэх шатанд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг ноцтой зөрчсөн зөрчил тогтоогдоогүй болно.

Шүүгдэгч Н.О- нь 2025 оны 06 дугаар сарын 09-ний өдөр Сонгинохайрхан дүүргийн нутаг дэвсгэрт орших Нарангийн энгэр гэх газарт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.8 дахь заалтад заасан хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар буюу эхнэр Б.М-г хардалтын улмаас түүний биед халдаж, цохих зэргээр эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэн болох нь:

- Гэмт хэргийн талаарх гомдол мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /хх 4/,

- хүний биед үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх 5-7/,

- хохирогч Б.М-гийн: “...бид амьдрал зохиогоод 13 жил болж байна. Дундаасаа 2 хүүхэдтэй, гэрлэлтийн баталгаатай. Нөхөр бид хоёр тусдаа байгаа болохоор хүүхдүүд ирэн очин амьдардаг. Намайг ажил дээр байхад нөхөр Н.О- хаалга эвдэж орж ирээд, авч гараад Нарангийн энгэр гэх газар аваачиж гараараа зөндөө цохисон. Мөн аптеркний ар талаар баруун гуя хэсэгт олон цохисон. Хоёр гар, мөр цээж, толгой хэсэг рүү зөндөө цохисон. Тэгээд би нөхрөөсөө зөндөө гуйгаад одоо намайг битгий зодооч, ажил дээр хүргээд өгөөч гээд хүргэж өгсөн. Өмнө зоддог байсан. 2025 оны 4 дүгээр сард гэрт байхад нүд хөхөртөл цохиж, гуя, гар хэсэг рүү гараараа болон гарт тааралдсан юмаараа зоддог байсан. Яаж ч зодуулсан цагдаагийн байгууллагад хандаж байгаагүй...” /хх 10/,

- шүүхийн шинжилгээний ерөнхий газрын 2025 оны 6 дугаар сарын 13-ны өдрийн ЕГ0725/7971 дугаар шинжээчийн ... Б.М-гийн биед зүүн шуунд зулгаралт, цус хуралт, зөөлөн эдийн няцрал, баруун мер, бугалга, шуу, бугуй, сарвуу, гуянд цус хуралт, зүүн тохойд зулгаралт гэмтэл тогтоогдлоо. Гэмтлүүд нь мохоо зүйлийн үйлчлэлээр, олон удаагийн үйлдлээр үүсэх боломжтой. Шинэ гэмтэл байна. Хэрэг болсон гэх цаг хугацаанд үүсэх боломжтой. Эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул хүний эрүүл мэндэд учирсан хохирлын зэрэг тогтоох журмын 3.1.1-т зааснаар хохирлын хөнгөн зэрэг тогтоогдлоо. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварыг тогтонги алдагдуулахгүй... гэсэн дүгнэлт /хх 15-16/,

- эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх 20/ болон хувийн мэдээллүүд /хх 26-30/,

- гэрлэсний бүртгэлийн лавлагаа /хх 37/,

- шүүгдэгч Н.О-ын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...2025 оны 06 дугаар сарын 06-наас 09-ний өдрийг хүртэл манай эхнэр Б.М- нь гэртээ ирээгүй гадуур хоносон, утас руу нь залгаад хариу өгөхгүй байсан тэгээд би 6 дугаар сарын 9-ний өглөө 10 цаг өнгөрч байхад эхнэр Б.М-гийн ажил дээр очиход ажлынх нь хаалга нь цоожтой байсан хаалгаа онгойлгохгүй цаана нь хүн дуугараад удаад байхаар нь хаалгыг нь гараараа нүдэж байгаад мөрлөсөн чинь хаалга нь онгойсон, тэгэхэд манай эхнэр Б.М- нь ажил дээрээ байсан би хэд хоног яагаад гэртээ ирээгүй, утсаа авахгүй байгаа юм бэ гээд зөндөө асуусан чинь хариу дуугарахгүй байсан, тэгээд өөрийн үеэл дүүгийнхээ найз охинтой 2 хоног айлд очиж пиво уусан гэсэн би тэр охин руу нь залгаж асуухад манай эхнэртэй яваагүй гэсэн, манай эхнэр 2025 оны 4 сараас эхлээд байж байгаал 2 хоног алга болчихдог болсон иймэрхүү асуудал нь удаа дараа давтагдаж байгаа юм. Би тэндээс ажлаас нь аваад машиндаа суулгаад Сонгинохайрхан дүүргийн Нарангийн энгэр гэх газар луу очиж машинаа барьж явахдаа хаагуур явсан, яасныг нь асуух гээд очсон тэгээд очоод худлаа хэлээд байсан болохоор би уур хүрээд эхнэртээ гар хүрсэн юм. Манай эхнэр сүүлийн хоёр сарын дотор 2 өөр хүнтэй гэр бүлээс гадуурх харилцаа үүсгээд байгааг би мэдсэн. Тэгээд гэртээ ирж хонохгүй гадуур хоноод байгаа болохоор уур хүрээд цохиж зодсон. өмнө зодож байгаагүй, би эхнэрийнхээ баруун мөр хэсэг, гуя хэсэг рүү нь гараараа цохисон. Гуя руу нь цохиж байхад манай эхнэр гараараа гуя хэсгээ хаагаад гарын шуу хэсэг рүү цохиулсан. Хэдэн удаа цохьсоноо санахгүй байна. би машин жолоодож байсан болохоор зүүн гараараа цохисон...” /хх 12, 46/ гэсэн мэдүүлэг зэрэг нотлох баримтуудаар болон мөрдөн шалгах ажиллагааны явцад хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, анхан шатны шүүхийн шүүх хуралдааны хэлэлцүүлгээр хянан хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогджээ.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт “Шүүх хэргийн бодит байдлыг талуудын мэтгэлцээний үндсэн дээр тогтооно.” гэсний дагуу анхан шатны шүүхийн шүүх хуралдааны мэтгэлцээнд тэгш эрхтэй оролцох эрх бүхий яллах болон өмгөөлөх талуудыг оролцуулан, хуульд заасан үндэслэл журмын дагуу тэдний тайлбар, мэдүүлэг, дүгнэлт, шинжлэн судалсан бусад нотлох баримтад тулгуурлаж, шүүгдэгч Н.О-ыг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэргийг “гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж” үйлдсэн гэм буруутайд тооцсон нь хэргийн бодит байдалтай нийцжээ.

Анхан шатны шүүх прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд Н.О-ын гэм бурууг хянан хэлэлцэж, хуульд заасан үндэслэл, журмын дагуу хавтаст хэрэгт авагдаж, шүүх хуралдаанд хэлэлцэгдсэн нотлох баримтуудыг үндэслэн түүний үйлдсэн хэргийн үйл баримтыг тогтоож, шүүгдэгч Н.О-ын хохирогч Б.М-гийн биед зүүн шуунд зулгаралт, цус хуралт, зөөлөн эдийн няцрал, баруун мер, бугалга, шуу, бугуй, сарвуу, гуянд цус хуралт, зүүн тохойд зулгаралт гэмтэл учруулсан үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг бүрэн хангасан талаар зөв тайлбарлан зүйлчилсэн нь хууль зүйн үндэслэлтэй бөгөөд Эрүүгийн хуулийг зөв тайлбарлан хэрэглэсэн байна.

Тодруулбал, Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.1-д энэ хуулийн үйлчлэлд “…эхнэр, нөхөр...”  хамаарна гэж хуульчилсан.

Н.О- болон Б.М- нар хамтран амьдардаг бөгөөд гэрлэлтээ баталуулаад 13 жил болсон, дундаасаа хоёр хүүхэдтэй болох нь тэдний мэдүүлгээр тогтоогдож  байгаа бөгөөд тэднийг гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хүмүүс гэж дүгнэсэн анхан шатны шүүхийн шийдвэр үндэслэлтэй болжээ.

Шүүгдэгч Н.О- “...нийтэд тустай ажил хийлгэх ялыг торгох ялаар сольж өгнө үү...” гэсэн агуулга бүхий давж заалдах гомдол гаргажээ.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангид заасан эрх олгосон хэм хэмжээг болон мөн хуулийн тусгай ангийн тухайн зүйл, хэсэгт заасан ялын төрөл, хэмжээний алийг сонгон хэрэглэх нь шүүхийн хуулиар олгогдсон бүрэн эрх юм. 

Эрүүгийн хариуцлага нь тухайн хүн, хуулийн этгээдийн үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байх хууль ёсны шаардлагыг шүүхээс оногдуулсан ял хэрхэн хангаж байгаа болохыг тайлбарлах нь шүүхийн шийдвэр үндэслэлтэй бөгөөд хуульд нийцэж гарсныг илтгэх шалгууруудын нэг болдог.

Шүүгдэгчид оногдуулах ялын талаар улсын яллагч санал гаргах эрхтэй боловч шүүх улсын яллагчийн гаргасан саналаас хэтрүүлэхгүйгээр ял оногдуулах үүрэг хүлээдэггүй. Учир нь гэмт хэрэг үйлдсэн этгээдэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн хэм хэмжээнд чанд нийцүүлж, шударга ёс, эрх зүйн ухамсрыг удирдлага болгон тусгай ангид заасан төрөл, хэмжээний дотор ял оногдуулдаг бөгөөд энэ нь шүүхийн эрх хэмжээний асуудал байдаг.

Ял бол эрх зүйт ёсны зайлшгүй шаардлага, шүүхээс шударга ёсыг хангуулах хэрэгсэл болдог. Ялыг оноохдоо тухайн хэргийн хор аюул, хууль зөрчсөн байдлын түвшин, хэмжээ, яллагдаж буй этгээдийн засрах боломж болон нийгмийн шударга ёс сэргээгдсэн эсэхийг харгалзана.

Шүүх нотлох баримтаар тогтоогдсон хэргийн нөхцөл байдлыг үндэслэн шүүгдэгч Н.О-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэргийг гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж гэсэн хүндрүүлэх нөхцөл байдалтай үйлдсэн” гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар Н.О-од 300 цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ял шийтгэсэн нь гэмт хэрэг үйлдэгдсэн нөхцөл байдал, шүүгдэгчийн гэм буруу, хувийн байдалд тохирсон байна гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн үзлээ. 

Мөн шүүгдэгч Н.О- нь анхан шатны шүүх хуралдаан болон мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэгтээ эрхэлсэн тодорхой ажилгүй талаар мэдүүлсэн байгаа болохыг дурдаж байна.

Иймд, шүүгдэгч Н.О-ын гаргасан давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгож, Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхийн 2025 оны 08 дугаар сарын 25-ны өдрийн 2025/ШЦТ/2032 дугаар шийтгэх тогтоолыг хэвээр үлдээв.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтыг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхийн 2025 оны 08 дугаар сарын 25-ны өдрийн 2025/ШЦТ/2032 дугаар шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, шүүгдэгч Н.О-ын гаргасан давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгосугай.

2. Шүүхийн хууль хэрэглээний зөрүүг арилгах, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, хуулийг Улсын дээд шүүхийн тогтоол, тайлбараас өөрөөр хэрэглэсэн, эрх зүйн шинэ ойлголт, эсхүл хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой гэж үзвэл энэхүү магадлалыг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хэргийн оролцогч хяналтын журмаар гомдол гаргах, прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

 

 

 

                                 ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                     Д.МӨНХӨӨ

 

 

                                 ШҮҮГЧ                                                              Л.ОДОНЧИМЭГ

 

 

                                 ШҮҮГЧ                                                               Н.БАЯРМАА