| Шүүх | Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Хувьтөгөлдөрийн Идэр |
| Хэргийн индекс | 185/2018/0587/Э |
| Дугаар | 613 |
| Огноо | 2018-08-14 |
| Зүйл хэсэг | 17.1.1., |
| Улсын яллагч | Ч.Мөнх-Эрдэнэ |
Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2018 оны 08 сарын 14 өдөр
Дугаар 613
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Сүхбаатар дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Х.Идэр даргалж,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ч.Амаржаргал,
Улсын яллагч Ч.Мөнх-Эрдэнэ,
Шүүгдэгч Б.У, түүний өмгөөлөгч С.Энх-Эрдэнэ нарыг оролцуулан тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар,
Сүхбаатар дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн, Боржигон овогт Баттөмөрийн Ут холбогдох эрүүгийн 1809002180481 дугаартай хэргийг 2018 оны 08 дугаар сарын 03-ны өдөр хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Холбогдсон хэргийн талаар /яллах дүгнэлтэд дурдсанаар/:
Шүүгдэгч Б.У нь 2018 оны 01 дүгээр сарын 01-ний өдөр Сүхбаатар дүүргийн 4 дүгээр хороо, 44 дүгээр байрны 40 тоотод түр оршин суух Америкийн Нэгдсэн улсын иргэн Кабрера Алайны эзэмшлийн “Делл” болон Леново загварын зөөврийн 2 ширхэг компьютер, Самсунг галакси эс-4 загварын гар утас, компьютерын дуу өсгөгч зэрэг эд зүйлсийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч, 1053000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүгдэгч Б.У шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “Хийсэн хэрэгтээ гэмшиж байна. Хөнгөн ял шийтгэл оногдуулж өгнө үү.” гэв.
Улсын яллагч: Шүүгдэгчийн гэм бурууг нотлох байр суурьтай оролцож,
хавтаст хэргийн яллах дүгнэлтийн хавсралтанд дурдсан нотлох баримтуудыг,
Шүүгдэгчийн өмгөөлөгч С.Энх-Эрдэнэ: Шүүгдэгчид оногдуулах ял шийтгэлийг хөнгөрүүлэх байр суурьтай оролцож, хавтаст хэргийн 14-15 дугаар хуудсанд эд зүйл хураан авч хүлээлгэн өгсөн тэмдэглэл, 20 дугаар хуудсанд хохирогчийг дахин байцаасан тэмдэглэл, 22, 26 дугаар хуудсанд гэрч нарын мэдүүлэг, 48 дугаар хуудсанд ял шалгах хуудас, 69 дүгээр хуудсанд Б.Ууганбаатарын яллагдагчаар өгсөн мэдүүлэг зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судлав.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан дээрх нотлох баримтууд болон хэрэгт авагдсан бусад бичгийн нотлох баримтуудыг шүүх тал бүрээс нь бүрэн, бодитой магадлан хянасны үндсэнд ТОДОРХОЙЛОХ нь:
НЭГ: Гэм буруугийн талаар.
Шүүгдэгч Б.У нь 2018 оны 01 дүгээр сарын 01-ний өдөр Сүхбаатар дүүргийн 4 дүгээр хороо, 44 дүгээр байрны 40 тоотод түр оршин суух Америкийн Нэгдсэн улсын иргэн Кабрера Алайны эзэмшлийн “Делл” болон Леново загварын зөөврийн 2 ширхэг компьютер, Самсунг галакси эс-4 загварын гар утас, компьютерын дуу өсгөгч зэрэг эд зүйлсийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч, 1053000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь,
Хэргийн газрын үзлэгийн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт, /хх-11-13/,
Эд зүйл хураан авч, хүлээлгэн өгсөн тэмдэглэл /хх-14-15/,
Хохирогч Габрера Алайны “...би ганцаараа явж байгаад 22-24 орчим насны нэг залуу, нэг эмэгтэй Монгол хүүхдүүдтэй танилцсан, би тэр хоёрт “та хоёр манай гэрт очиж, жаахан хөгжим сонсож, юм ярьж сууж болно” гэж хэлсэн, гадаа гэгээ орсон байхад нөгөө эмэгтэй нь явахаар болсон, тэр залуу ч гэсэн хамтдаа гараад явсан. Удалгүй нөгөө залуу нь ганцаараа хүрч ирээд “гадаа хүйтэн байна, даараад байна гэхээр нь би за за чи тэгвэл эндээ унтчих” гэж хэлсэн, өглөө нь сэрэхэд нөгөө залуу гараад явсан байсан, тухайн өдрөө би эд зүйлээ алдсан гэдгээ мэдээгүй, 2018 оны 01 дүгээр сарын 02-ны өглөө манай гэрээс эд зүйл алга болсон байсныг мэдсэн, Леново брендийн нэг ширхэг зөөврийн компьютер, Dell Precision М-4600 брендийн нэг ширхэг зөөврийн компьютер, BOOM брендийн спикер, Самсунг Галакси Эс-4 маркийн гар утас зэрэг эд зүйлс алдсан... санал гомдол нэхэмжлэх зүйл байхгүй,2 ширхэг зөөврийн компьютероо олсон учраас гар утас чанга яригчийг нэхэмжилэхгүй, хэргийн материалтай танилцахгүй, шүүх хуралд суухгүй...” гэсэн мэдүүлэг /хх-18-20/,
Гэрч С.Даваасүрэнгийн: “...2018 оны 01 дүгээр сарын 07-нд Ууганбаатар гэдэг нэртэй залуу иргэний үнэмлэхний хуулбараар 550.000 төгрөгийн барьцаанд 10 хоногийн 8 хувийн хүүтэйгээр уг нөүтбүүк нь одоо манай ломбарданд байгаа, барьцаанд тавьсан залуугийн ээж нь гэж хүн ирээд хохиролын мөнгө бүрэн төлсөн байгаа, нэхэмжлэх зүйл байхгүй ...” гэсэн мэдүүлэг /хх-23-24/,
Шинжээч Б.Мөнгөнсүхийн: “... Шинжилгээнд ирүүлсэн №7 “Архины шилэн дээрээс” гэж дугаарласан гарын мөр нь Баянзүрх дүүрэг, 14 дүгээр хороо, 14 консул 284 тоотод гэх оршин суух хаягтай Баттөмөрийн Ууганбаатарын баруун гарын эрхий
хурууны хээтэй ерөнхий болон хувийн онцлог шинжүүдээр тус тус тохирч байна...” гэсэн №03/35 дугаартай дүгнэлт /хх-26/
Б.Ууганбаатарын үйлдлийн улмаас бусдад учирсан хохиролд хийгдсэн “Дамно” ХХК-ийн хөрөнгийн үнэлгээний тайлангаар “...шууд харьцуулалтын аргаар зах зээлийн үнэлгээгээр Леново зөөврийн компьютер 510000 төгрөг, Самсунг Эс гар утас 108000 төгрөг, Делл брендийн зөөврийн компьютер 390000 төгрөг, дуу өсгөгч 45000 төгрөгөөр тус тус үнэлэгдэв...” гэсэн тайлан /хх-36-45/
Яллагдагч Б.Ууганбаатарын “...тэр гадаад хүний гэрт очихоор болоод Сүхбаатар дүүргийн 4 дүгээр хороо, 44 дүгээр байрны 44 тоотод гэрт нь хамт орсон, гэрт нь архи, виски ууж байж байгаад нөгөө эмэтэй нь надаас түрүүлээд гарч яваад хэсэг байж байхад гадаад хүн нь согтоод унтахаар нь би гэрт нь байсан 2 ширхэг нөүтбүүк, 1 ширхэг гар утасыг нь мэдэгдэхгүйгээр нууцаар авч гараад ломбарданд барьцаанд тавиад хугацааг нь сунгуулаагүй хаячихсан, 2 ширхэг нөүтбүүк, 1 ширхэг гар утасыг нийлүүлээд 380000 төгрөг болоод тэр мөнгийг үрээд дууссан, мөнгөтэй болох гэж хулгай хийсэн...” гэсэн мэдүүлэг /хх-70/ зэрэг хэрэгт цугларсан болон талуудын шүүх хуралдаанаар шинжлэн судалсан бичгийн бусад нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна гэж шүүх үзлээ.
Хэргийн үйл баримтын талаар тогтоосон нотлох баримтууд нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу авагдсан, дээрх нотлох баримтуудыг цуглуулахдаа хэргийн оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хязгаарлаагүй, мөрдөн шалгах ажиллагааны явцад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих асуудлуудыг хангалттай шалган тодруулж, шүүгдэгч Б.Ууганбаатарын бусдын эд зүйлсийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч, 1053000 төгрөгийн хохирол учруулсан үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдсэн нь үндэслэлтэй байна.
Шүүгдэгч Б.Ууганбаатар, болон түүний өмгөөлөгч С.Энх-Эрдэнэ нараас улсын яллагчаас ялласан гэм буруугийн дүгнэлт, хэргийн зүйлчлэлтэй маргаагүй болохыг дурдах нь зүйтэй байна.
Хохирогч Алена Габрера нь 2018 оны 02 дугаар сарын 22-ны өдөр “...Надад одоо гаргах санал гомдол, нэхэмжлэх зүйл байхгүй. Би хамгийн гол нь нөүтбүүкээ хайж байсан юм. Одоо 2 ширхэг нөүтбүүкээ олсон учраас гар утас болон чанга яригчийг нэхэмжлэхгүй...” гэсэн мэдүүлгийг өгсөн тул шүүгдэгчийг бусдад төлөх төлбөргүй гэж үзэв.
ХОЁР: Эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар.
Дээрх байдлаар шүүгдэгчийн гэмт хэрэг үйлдсэн гэм буруу тогтоогдсон учир түүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй.
Улсын яллагчаас: “…Шүүгдэгчид Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 240 цаг нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулах…” гэсэн саналыг,
Шүүгдэгчийн өмгөөлөгчөөс: “...Миний үйлчлүүлэгч оюутан 2 дугаар курсэд суралцдаг. Нийтэд тустай ажил хийлгэх нь түүний сурч боловсроход нөлөөлөх учраас түүний хувийн байдал болон анх удаа гэмт хэрэгт холбогдсон, гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, хохирлоо нөхөн төлсөн зэргийг харгалзан үзэж Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлд зааснаар ял оногдуулахгүйгээр тэнсэж өгнө үү…” гэх хүсэлтийг тус тус гаргав.
Шүүх шүүгдэгч Б.Ууганбаатарт эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д “анх удаа гэмт хэрэг үйлдсэн,”-ийг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож,
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.
Шүүх шүүгдэгч Б.Ууганбаатарт эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ анх удаа хөнгөн гэмт хэрэгт холбогдсон, хувийн байдал зэргийг харгалзан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан хорих ял оногдуулахгүйгээр 1 жилийн хугацаагаар тэнсэж хянан харгалзах нь зүйтэй гэж үзлээ.
ГУРАВ: Бусад асуудлаар.
Эрүүгийн 1809002180481 дугаартай хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжилсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч нь энэ хэрэгтээ цагдан хоригдсон хоноггүй болохыг тус тус дурдах нь зүйтэй байна.
Монгол улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.1, 36.2, 36.6, 36.7, 36.8 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Б.У-г бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 д эх хэсэгт заасныг журамлан, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Б.Уыг хорих ял оногдуулахгүйгээр 1 /нэг/ жилийн хугацаагаар тэнсэж, түүнд хяналт тавьж ажиллахыг Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх албанд даалгасугай.
3. Б.Ут Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.5 дахь заалтад зааснаар “оршин суух газар, ажил, сургуулиа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэх” үүрэг хүлээлгэсүгэй.
4. Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжилсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч нь энэ хэрэгтээ цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдсугай.
5. Б.Ут авсан хувийн баталгаа авах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
6. Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд улсын
яллагч, шүүгдэгч, түүний өмгөөлөгч, хохирогч нар эс зөвшөөрвөл тогтоолыг өөрөө гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.
7. Давж заалдах шатны шүүхэд гомдол гаргасан эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болтол Б.Ут урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Х.ИДЭР