| Шүүх | Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Нямжавын Баярмаа |
| Хэргийн индекс | 2411 02086 1006 |
| Дугаар | 2025/ДШМ/1218 |
| Огноо | 2025-10-21 |
| Зүйл хэсэг | 17.3.1., |
| Улсын яллагч | Б.Мөнгөншагай |
Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2025 оны 10 сарын 21 өдөр
Дугаар 2025/ДШМ/1218
2025 10 21 2025/ДШМ/1218
О.Т-т холбогдох эрүүгийн
хэргийн тухай
Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Д.Мөнхөө даргалж, шүүгч Л.Одончимэг, шүүгч Н.Баярмаа нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:
прокурор Б.Мөнгөншагай,
хохирогч Н.О-,
шүүгдэгч О.Т-ийн өмгөөлөгч Г.Ганцэцэг,
нарийн бичгийн дарга Э.Хишигтөмөр нарыг оролцуулан,
Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхийн 2025 оны 09 дүгээр сарын 04-ний өдрийн 2025/ШЦТ/2093 дугаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч шүүгдэгчийн өмгөөлөгч Г.Ганцэцэгийн гаргасан давж заалдах гомдолд үндэслэн О.Т-т холбогдох 2411 02086 1006 дугаартай эрүүгийн хэргийг 2025 оны 10 дугаар сарын 7-ны өдөр хүлээн авч, шүүгч Н.Баярмаа илтгэснээр хянан хэлэлцэв.
Б- овогт О-ийн Т-, ........, ял шийтгэлгүй /РД: ............./,
Шүүгдэгч О.Т- нь 2023 оны 12 дугаар сарын 29-ний өдөр Чингэлтэй дүүргийн 1 дүгээр хороо "Монтел" худалдааны төвд очиж Н.О-гаас Iphone 13 pго загварын, 256gb багтаамжтай гар утас,
2024 оны 01 дүгээр сарын 15-ны өдөр дахин Iphone 14 pro mах загварын, 256gb багтаамжтай гар утас зэргийг хуурч, бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж залилан авч бусдад 5.300.000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
Чингэлтэй дүүргийн прокурорын газар: О.Т-ийн үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.
Шүүгдэгчийн өмгөөлөгч Г.Ганцэцэг давж заалдах шатны шүүхэд гаргасан гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...О.Т- нь иргэн Н.О-гаас iphone 13 pго загварын гар утас, 2024 оны 01 дүгээр сарын 15-ны өдөр дахин iphone 14 promah гар утасыг буцаан төлөхөөр тохиролцон авсан байх ба анхнаасаа утасны үнэд 2.800.000 төгрөгийг 3 хуваан буцаан төлсөн. Үлдэгдэл 2.200.000 төгрөгийг төлөх гэсэн боловч О Т- нь өөрөө зам тээврийн осолд орсны улмаас биедээ гэмтэл авч ажил хийх боломжгүй болсон, гарных нь шууны яс цуурч гэмтсэний улмаас шүүх хуралдаан болох хүртэл гипстэй байсан, ажил хийх боломжгүй нөхцөл байдалтай байсан. Энэ 2 гар утсыг үнийг нь буцааж өгөхгүйгээр авах, залилах ямар нэгэн санаа зорилго байгаагүй. Анхан шатны шүүхээс эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ шүүгдэгчийн хохирол төлбөрөө тодорхой хэмжээгээр төлөөд явж байсан, ямар шалтгааны улмаас утасны үнийн эргэн төлөлт зогссон, О.Т-ийн осолд орж биедээ гэмтэл авсаны улмаас ажлаа хийж чадахгүй, цалин мөнгөгүй болсон зэрэг хувийн байдлууд, анх удаа гэмт хэрэг үйлдсэн, гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, үлдэгдэл хохирол төлбөрийг гарнынхаа гипс авахуулаад эрүүл мэндийн байдал сайжирхаар төлж барагдуулахаа илэрхийлсэн зэрэг эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдлыг харгалзан үзэж тал бүрээс нь бодитой дүгнэлт хийж чадаагүй гэж үзэж байна.
О.Т-ийн ажил хийх боломжтой эсэх, эрүүл мэндийн байдлыг харгалзахгүйгээр нийтэд тустай ажлыг 500 цагийн хугацаагаар хийлгэхээр шийтгэсэн нь "Эрүүгийн хариуцлага нь тухайн хүн, хуулийн этгээдийн үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байна" гэсэн шударга ёсны зарчимд нийцэхгүй байна. Ер нь алилах гэмт хэрэг нь "...бусдын эд хөрөнгийг буцааж өгөхгүй, хариу төлбөр огт хийхгүйгээр өөртөө шилжүүлэн авна гэсэн субьектив санаа зорилгыг гэмт этгээд гэмт үйлдлээ хэргжүүлж эхлээсээ өмнө өөртөө бий болгосон байдгаараа залилах гэмт хэргийн шинжийг агуулж, иргэний хэргээс ялгагддаг. Гэтэл О.Т- нь анх утас авахдаа хэд хуваан буцааж төлөхөөр тохиролцож, утасны үнээс 70% буюу 2.800.000 төгрөгийг нь төлсөнөөс харахад бусдын эд хөрөнгийг буцааж өгөхгүй, төлбөрийг нь төлөхгүй өөртөө авах субьектив санаа зорилго байхгүй байсан болох нь тодорхой харагддаг. Иймд О.Т-ийн эрүүл мэндийн байдал, утасны төлбөрийг өөрөө сайн дураар буцаан төлж байсан, гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, анх удаа гэмт хэрэг үйллдсэн, үлдэгдэл хохирол төлбөрийг төлөхөө илэрхийлсэн зэрэг хувийн нөхцөл байдлууд, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, учруулсан хохирлын хэр хэмжээ, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан үзэж оногдуулсан ял шийтгэлийг хөнгөрүүлж өгнө үү. Хэргийн зүйлчлэл, ялыг хүндрүүлэхгүйгээр анхан шатны шүүхийн 2093 дугаартай шийтгэх тогтоолын 2,3 дахь заалтад өөрчлөлт оруулж торгуулийн ял шийтгэл оногдуулж өгнө үү...” гэв.
Хохирогч Н.О- тус шүүх хуралдаанд гаргасан тайлбараа: “...Шүүгдэгч О.Т-ийн өмгөөлөгч Г.Ганцэцэгийн тайлбар бодит үйл явалтай зөрж байна. О.Т-ийг осолд орсон гэх асуудал түүнийг хэрэгт холбогдохоос өмнө болсон зүйлийн талаар дурдаж байна. Би О.Т-т “нэг бол утсаа өгчих эсхүл мөнгө өгчих” гэхэд, тус хоёр гар утсыг худалдаж мөнгийг нь эхдээ өгөөд Орос улс руу бараа авхуулах гээд явуулчихсан байсан. О.Т- “та түр хүлээж байна уу, би таны гар утсыг зарчихсан, ээж Орос улсаас бараа татах гээд явчихсан ирэхээр нь мөнгө өгье” гэж удаа дараа худал хэлсэн учраас цагдаагийн байгууллагад хандсан...” гэв.
Прокурор Б.Мөнгөншагай тус шүүх хуралдаанд гаргасан тайлбар, дүгнэлтдээ: “...Г.Ганцэцэг давж заалдах шатны шүүхэд гаргасан тайлбартаа түүний ялыг хөнгөрүүлэх талаар дурдаж байна. Эрүүгийн хариуцлагын тухайд шүүгдэгчийн гэм бурууд тохирсон ялыг анхан шатны шүүх оногдуулсан. Иймд анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээх саналтай байна...” гэв.
ТОДОРХОЙЛОХ нь:
Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар хэргийг хянан шийдвэрлэхдээ шүүгдэгчийн өмгөөлөгч Г.Ганцэцэгийн гаргасан давж заалдах гомдолд дурдсан асуудлаар хязгаарлахгүйгээр хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хянав.
1. Шүүгдэгч О.Т- нь 2023 оны 12 дугаар сарын 29-ний өдөр Чингэлтэй дүүргийн 1 дүгээр хороо "Монтел" худалдааны төвд очиж Н.О-гаас Iphone 13 pго загварын, 256gb багтаамжтай гар утас,
2024 оны 01 дүгээр сарын 15-ны өдөр дахин Iphone 14 pro mах загварын, 256gb багтаамжтай гар утас зэргийг хуурч, бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж залилан авч бусдад 5.300.000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн болох нь:
- Гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /хх 17/,
- хохирогч Н.О-гийн: “...2023 оны 11 дүгээр сарын сүүлээр охины чинь найз байна, утас зээлчихээч утасгүй байна, би удаахгүй гээд утсаар залгаад, фэйсбүүк чатаар бичээд шалаад байсан. 2-3 хоногийн дараа манай ажлаас ирж iphone 13pro 256гб багтаамжтай цагаан өнгөтэй гар утас өндөр туранхай найзтайгаа ирж зээлж авсан. Тэгээд 2023 оны 12 дугаар сарын сүүлээр гэж санаад байна өмнө утас авахдаа цуг очиж байсан хүүхэд танаас очиж утас авна гээд хэлснээ iphone 14рго авна гэж ирээд тухайн үед надад iphone 14 pro тах байгаагүй тул iphone 14 promax 256гб багтаамжтай голд өнгөтэй утас зээлж аваад явсан. Тэгээд огт чимээгүй болоод Т-ийн утас нь холбогдохгүй байхаар нь утас зээлж авсан найз руу нь залгаад мөнгөө авъя гээд хэлсэн чинь надад мөнгө байхгүй та хэд хоног хүлээчих гэхээр нь би утсаа авъя гэхэд буух гээд байхаар нь чамайг цагдаад өгнө гээд шалгаагаад асуугаад байсан чинь би наад утсыг чинь аваагүй Т- надаар авахуулсан юм тэрийгээ зараад өөрөө мөнгөө авсан гэсэн. Тэгээд энэ хоёр залууг хэд хоног хүлээчих гээд байхаар нь угаасаа худлаа яриад байсан болохоор нь 102-т дуудлага өгсөн. Тэгээд нөгөө найз гээд байгаа залуугийн эгчээс нь 1 сая төгрөг цувуулж мэлээн удаан төлсөн. Т-ийн ээж нь нийт 850 мянган төгрөг өгсөн. Т-тэй утсаар холбогдсон чинь 10 минутын дараа яг тан руу хийлээ гээд утсаа таслаад л таг хааяа холбогдохоор за одоо ингээд өнгө гэх мэтээр яриад өгдөггүй. Та надад утас зээлчих би том тэрэг барьдаг би найдвартай 15, 15 хоногоор хуваагаад цалингаа аваад төлж дуусгана гэж байсан. Хоёр дахь утсыг авахдаа найз Батзориг гэх залуу нь Т-тэй адилхан утас зээлж авъя би юм хум ажиллуулдаг өдөр болгон миний дансаар мөнгө төгрөг ордог та үзсэн ч болно гэж байгаад надаас хоёр дох утсыг аваад явсан. Үлдэгдэл 3 сая 500 мянган төгрөг үлдсэн. Гэр бүлийн уур амьсгал, охинд маань ч ч сэтгэл санаа нь хэцүү байна...” /хх20/,
- гэрч Ё.О-ийн: “...2024 оны 02 дугаар сарын эхээр хүүгийн болсон асуудлын талаар мэдээд О- гэдэг хүнтэй би холбоо барьж манай хүүхэд утасны талаар асуудал үүсгэсэн гэнээ яасан юм болоо гээд асуухад “iphone 13 pro”, “iphone 14 pro max” гэсэн утасны 5 сая 300 орчмын асуудал үүссэн гэж хэлсэн. За би тэгвэл өөрт нь төлж байна гэж хэлэхгүйгээр боломжоороо өгч байя гэж хэлээд 2 сард 500.000 төгрөг, дараа сард 200.000 төгрөг тэгээд 150.000 төгрөг өгсөн тэгээд тэрнээс хойш өөр мөнгө төгрөг өгч чадаагүй...” /хх 24/,
- гэрч Б.А-ийн: “...Т- гуйгаад байхаар нь утас өгсөн, аман гэрээ хийгээд авсан боловч төлөлтөө хийхгүй байна гэхээр нь тэгвэл яах уу гэсэн чинь дахиад төлөх хугацаа гаргаад хэдэн сарын хугацаанд төлөх бэ гэхээр нь та наад манай дүүтэй өөртэй нь хугацаа яриад төлөх хоног хугацаа ярилц гээд тэр хоёр хоорондоо хоног хугацаа тохиролцоод би цаасан дээр төлж барагдуулна гэсэн утгатай юм Т-өөр бичүүлээд авч байсан надаар гарын үсэг зуруулаад тэгээд салцгаасан. Би төлбөр мөнгөнд нь оролцож чадах боломжгүй байсан болохоор төлөлцье гэсэн зүйл огт яриагүй боломжгүй байсан болохоор огт оролцоогүй. Манай хадам ээж тухайн хүнд боломжоороо мөнгө төгрөг өгөед төлсөн гэсэн...” /хх 26/,
- шүүгдэгч О.Т-ийн: “...2023 оны 12 дугаар сарын эхээр lexus 470 автомашины араас мөргөөд 4 сая орчим төгрөгийн хохирол учруулссан. Тэгээд найз Хоролсүрэнгийн ээж нь утас зардаг гээд найзаас гуйгаад чи надад утас аваад өгчихөө гээд найзаар гуйлгаад 2023 оны 12 дугаар сарын 29-нд Монтел худалдааны төвөөс очоод урьдчилгаа 130 мянган төгрөг бэлнээр өгч iphone 13 prо загварын 256гб багтаамжтай утас авч сар болгоны 15-ны өдөр 500.000 төгрөг 30-ны өдөр 500.000 төгрөг өгөхөөр тохиролцож утсыг нь 2 сая 300 мянган төгрөгөөр авсан. Аваад тэр орой нь теди төвийн гадна талбайд утас авна гээд зогсож байдаг хүмүүст 1 сая 600 мянган төгрөгөөр зарж өөрт байсан 300 орчим мянган төгрөгтэй нийлүүлээд нөгөө машинаа мөргүүлсэн ахын данс руу хийсэн. 2024 оны 01 дүгээр сарын 15-ны өдөр найз Батзоригтойгоо ярилцаад найз Батзориг хүнд 1 сая төгрөг өгөх өртэй гээд надад 1 сая 800 орчим төгрөгийн өр байсан тул нөгөө утас авсан эгчээс ахиж гуйж 14рготах gold өнгөтэй 256гб багтаамжтай утас авсан. Тэр утсыг мөн сард 2 удаа хувааж төлнө гээд урьдчилгаа 200 мянган төгрөг өгсөн. Тэгээд утсаа аваад мөн тэр орой нь теди төвийн гадна зогсож байдаг хүмүүст 2 сая 600 мянган төгрөгөөр зарсан. Зарсан мөнгөө миний данс руу аваад, би Батзоригийн данс руу 1 сая 300 мянган төгрөгийг шилжүүлээд. Надад үлдсэн 1 сая 300 мянган төгрөгөө нөгөө машин мөргүүлсэн ахын данс руу одоо надад ахиж мөнгө олдохгүй байна гээд гуйгаад ахиж мөнгө өгөхгүйгээр салсан. Тэгээд тэрнээс хойш утас авсан эгчид би мөнгө төгрөг өгөөгүй явсаар байгаад өдийг хүрлээ... /хх 22/...би найз Батзоригтой цуг очиж утас аваад урьдчилгаа 150.000 төгрөг өгөөд сар бүр үлдсэн мөнгийг нь өгөөд 2 сарын дотор төлж дуусгана гээд зээлж аваад теди худалдааны төв дээр гадаа зогсдог ченжид 1.600.000 орчим төгрөгөөр зарсан... машины хохиролд 1.000.000 сая төгрөгийг бэлнээр аваачиж өгсөн үлдсэн мөнгийг нь би үрээд дуусгасан. Үүний дараа би ахиад нэг утас зээлж аваад нөгөө ахын өрийг өгч дуусгая гэж бодоод айпон 14 про 256гб голд өнгөтэй утас зээлээр 3.400.000-д бодож авсан байх гэж санаж байна. Хоёрдох утсыг зээлээр аваад ахиад теди төвийн гадна аваачаад ченжид 2.600.000 билүү 2.800.000-д зарсан санагдаж байна. Мөнгийг нь өөрийнхөө дансаар аваад АТМ ороод найз Батзоригт 1 сая төгрөг зээлж шилжүүлээд, нөгөө машины жолооч ах руу 1.400.000-г шилжүүлсэн. Яг хэд гэдгийг нь тодорхой санахгүй дансны хуулгаа харвал мэдэгдэнэ. ...үүнээс найз Батзориг зээлсэн 1 сая төгрөгөө өгөөд тэрийг нь утас авсан эгч рүү шилжүүлсэн...” /хх 30, 60-61/,
- Дамно ХХК-ийн шинжээчийн дүгнэлт ... Iphone 13 pго загварын, 256gb багтаамжтай, цагаан ш өнгө-1.950.000 төгрөг, Iphone 14 pro mах загварын, 256gb багтаамжтай, gold өнгө- 3.350.000 төгрөг, нийт 5.300.000 төгрөг... /хх 33-38/
- шүүгдэгчийн хувийн мэдээллүүд /хх 43-47/ зэрэг нотлох баримтуудаар болон мөрдөн шалгах ажиллагааны явцад хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, анхан шатны шүүхийн шүүх хуралдааны хэлэлцүүлгээр хянан хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогджээ.
Мөрдөн шалгах ажиллагааны явцад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих асуудлуудыг хангалттай шалгаж тодруулсан, хэрэгт авагдсан нотлох баримтын хүрээнд О.Т-т холбогдох хэргийг эцэслэн шийдвэрлэсэн нь үндэслэлтэй байх бөгөөд хэргийн үйл баримтыг тогтооход үндэслэл болсон нотлох баримтуудыг цуглуулах, бэхжүүлэх, үнэлэх шатанд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг зөрчөөгүй байна.
Хэрэгт авагдсан нотлох баримтууд нь гэмт хэргийн үйл баримтыг бүрэн тогтоосон, хоорондоо эргэлзээ үүсгээгүй байх ба тэдгээрийг хууль бус гэж үзэх үндэслэл тогтоогдсонгүй.
2. Анхан шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгчийн гэм бурууг хянан хэлэлцэж, шүүх хуралдаанаар шинжлэн судлагдсан дээрх нотлох баримтуудад хууль зүйн дүгнэлт хийн шүүгдэгч О.Т-ийг хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгон, бодит байдлыг нуух замаар төөрөгдөлд оруулж залилах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсон нь хэргийн бодит байдалд нийцсэн, түүний энэхүү хууль бус үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчлэн Эрүүгийн хуулийг зөв тайлбарлан хэрэглэжээ.
Хэргийн үйл баримтаас үзвэл шүүгдэгч О.Т- нь хохирогч Н.О-д хандан “охины чинь найз байна, утас зээлчихээч утасгүй байна, би удаахгүй” гэж утсаар залгах болон чат бичих зэрэг аргаар ятгаж “iphone 13 pro”, “iphone 14 pro max” гэсэн хоёр ширхэг гар утсыг хоёр удаагийн үйлдлээр авч, төлбөрийг 15, 15 хоногоор хувааж төлнө” гэж хэлсэн боловч бодит байдал дээр тухайн хоёр ширхэг гар утсыг авсан даруй худалдан борлуулж, борлуулсан мөнгөө өөр нэгэн рүү шилжүүлсэн үйл баримт авагджээ.
Дээрх үйл баримтыг дүгнэхэд шүүгдэгч О.Т-ийн үйлдлийг иргэний эрх зүйн харилцаа гэж хууль зүйн үндэслэлгүй байна.
Өөрөөр хэлбэл, шүүгдэгч нь мөнгө олох амар, хялбар арга хайж, хохирогч Н.О-г залилсан байх тул түүний үйлдэл нь залилах гэмт хэргийн “бусдыг хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгон, бодит байдлыг нуух замаар төөрөгдөлд оруулсан” гэсэн шинжийг бүрэн хангаж байна.
3. Шүүгдэгчийн өмгөөлөгч Г.Ганцэцэг нь “…хохирогч болон шүүгдэгчийн хоорондох асуудал нь иргэд хоорондын маргаан. Эрүүгийн хэрэг биш тул хэрэгсэхгүй болгож өгнө үү. Мөн нийтэд тустай ажил хийлгэх ялыг торгох ялаар сольж өгнө үү…” гэх агуулга бүхий давж заалдах гомдол гаргасан.
Монгол Улсын Үндсэн хуулийн Арван зургаадугаар зүйлийн 3-т "Монгол Улсын иргэн хөдлөх, үл хөдлөх хөрөнгө шударгаар олж авах, эзэмших, өмчлөх... эрхтэй. " гэж, Иргэний хуулийн 101 дүгээр зүйлийн 101.1-д "Өмчлөгч нь бусад этгээдэд хууль буюу гэрээгээр олгогдсон эрхийг зөрчихгүйгээр, хуулиар тогтоосон хэмжээ, хязгаарын дотор өмчлөлийн зүйлээ өөрийн үзэмжээр чөлөөтэй эзэмшиж, ашиглаж, захиран зарцуулах бөгөөд халдлагаас хамгаалах эрхтэй” гэж тус тус хуульчилсан.
Шүүгдэгч О.Т- нь хохирогч хохирогч Н.О-гийн өмчлөх эрхэд халдаж, үгээр буюу үйлдлээрээ хохирогчийг төөрөгдөлд оруулсан, мөн хохирогчоос хоёр удаагийн үйлдлээр хоёр ширхэг гар утсыг авч, тухайн эд зүйл зарсан орлогоо өртэй байсан этгээд шилжүүлэн, өөрийн санхүүгийн бодит байдлыг нуусан нь залилах гэмт хэргийн субьектив шинжийг хангасан идэвхтэй үйлдэл хийсэн байна.
Анхан шатны шүүхээс гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж, шүүхэд хэрэг хэлэлцэх ажиллагааны явцад хохирол нөхөн төлөөгүй байсан, мөн шүүгдэгч нь хувиараа хөдөлмөр эрхэлдэг гэх боловч энэ талаар нотлох баримтгүй зэрэг нөхцөл байдлуудыг дүгнэж, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч О.Т-т 500 цагийн нийтэд тустай ажил хийлгэх ял шийтгэсэн нь хуульд нийцсэн гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн дүгнэв.
Учир нь, Эрүүгийн хуулийн ерөнхий ангид заасан эрх олгосон хэм хэмжээг болон мөн хуулийн тусгай ангийн тухайн зүйл, хэсэгт заасан ялын төрөл, хэмжээний алийг сонгон хэрэглэх нь шүүхийн хуулиар олгогдсон бүрэн эрх юм.
Нийслэлийн Чингэлтэй дүүргийн 2025 оны 8 дугаар сарын 4-ний өдрийн 396 дугаар яллах дүгнэлтэд О.Т-ийн үйлдлийг залилах гэмт хэргийн ...хуурч, бодит байдлыг нуух замаар төөрөгдөлд оруулсан... гэсэн шинжээр дүгнэж шүүхэд шилжүүлснийг, анхан шатны шүүх “бусдыг хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгон, бодит байдлыг нуух замаар төөрөгдөлд оруулсан...” гэсэн шинжүүдийг хангасан гэж дүгнэсэн нь хууль зүйн хувьд үндэслэл бүхий байна гэж шүүх бүрэлдэхүүн үзлээ.
Иймд, шүүгдэгчийн өмгөөлөгч Г.Ганцэцэгийн гаргасан давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгож, Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхийн 2025 оны 09 дүгээр сарын 04-ний өдрийн 2025/ШЦТ/2093 дугаар шийтгэх тогтоолыг хэвээр үлдээв.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтыг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхийн 2025 оны 09 дүгээр сарын 04-ний өдрийн 2025/ШЦТ/2093 дугаар шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, шүүгдэгчийн өмгөөлөгч Г.Ганцэцэгийн гаргасан давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгосугай.
2. Шүүхийн хууль хэрэглээний зөрүүг арилгах, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, хуулийг Улсын дээд шүүхийн тогтоол, тайлбараас өөрөөр хэрэглэсэн, эрх зүйн шинэ ойлголт, эсхүл хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой гэж үзвэл энэхүү магадлалыг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хэргийн оролцогч хяналтын журмаар гомдол гаргах, прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Д.МӨНХӨӨ
ШҮҮГЧ Л.ОДОНЧИМЭГ
ШҮҮГЧ Н.БАЯРМАА