Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2018 оны 08 сарын 16 өдөр

Дугаар 614

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

     МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Сүхбаатар дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Х.Идэр даргалж,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ч.Амаржаргал,

Улсын яллагч С.Эрдэнэтуяа,

            Шүүгдэгч Э.Я, түүний өмгөөлөгч Б.Эрдэнэболор нарыг оролцуулан тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар,

Сүхбаатар дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн, Олхонууд овогт Эрдэнэбатын Яад холбогдох эрүүгийн 1809020910639 дугаартай хэргийг 2018 оны 07 дугаар сарын 31-ний өдөр хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Холбогдсон хэргийн талаар /яллах дүгнэлтэд дурдсанаар/:

Шүүгдэгч Э.Я нь 2018 оны 04 дүгээр сарын 26-ны өдөр, Сүхбаатар дүүргийн 9 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах, “Төгс” нэртэй зочид буудалд иргэн Г.Ариунжаргалыг цохиж, эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүгдэгч Э.Я шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “Хийсэн хэрэгтээ гэмшиж байна. Хөнгөн ял шийтгэл оногдуулж өгнө үү.” гэв.

Улсын яллагч: Хохирогч Г.Ариунжаргалын мэдүүлэг /хх-9-13/, шүүгдэгч Э.Я гэрчээр болон яллагдагчаар өгсөн мэдүүлгүүд /хх-14-16, 24-25/, Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2018 оны 04 дүгээр сарын 27-ны өдрийн №5501 дугаартай шинжээчийн дүгнэлт /хх-19/, хохирлын талаарх баримт /хх-17, 41-42/, урьд ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас, шийтгэх тогтоолын хуулбар, хувийн байдалтай холбоотой бусад баримтууд /хх-26-31, 34-35/ гэх баримтуудыг,

Шүүгдэгчийн өмгөөлөгч Б.Эрдэнэболор: Хохирол төлсөн баримт /хх-45/ гэх баримтыг тус тус шинжлэн судлав.

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан дээрх нотлох баримтууд болон хэрэгт авагдсан бусад бичгийн нотлох баримтуудыг шүүх тал бүрээс нь бүрэн, бодитой магадлан хянасны үндсэнд ТОДОРХОЙЛОХ нь:      

1. Гэм буруугийн талаар:

Шүүгдэгч Э.Я нь 2018 оны 04 дүгээр сарын 26-ны өдөр, Сүхбаатар дүүргийн 9 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах, “Төгс” нэртэй зочид буудалд иргэн Г.Ариунжаргалтай “Я Азжаргалын хажуугаар орж хэвтээд оролдоод байхаар нь найз нөхөд байж  болиоч” гэж хэлсний төлөө маргалдаж улмаар түүнийг зодож тархи доргилт, зүүн дээд, доод зовхи, дээд уруул, зүүн эрүү шанааны зөөлөн эдийн няцрал, цус хуралт, зүүн өгзөгний дээд хэсэг, зүүн шилбэний хянганд цус хуралт, дээд үүдэн зүүн 1,2-р шүдний ирмэг эмтэрсэн бага зэрэг хөдөлгөөн орсон гэмтэл учруулж эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан болох нь,

хохирогч Г.Ариунжаргалын “...найзууд байж болиоч гэж хэлтэл Я надтай маргалдаж байснаа миний уруул руу нэг удаа цохиод, уруулнаас цус гараад, ...уусан архиныхаа шилээр миний зүүн нүд рүү цохиод, миний нуруу ууц руу хэд хэдэн удаа өшиглөсөн. ...гомдолтой байна, цаашид гарах зардлаа нэхэмжилнэ...” гэх мэдүүлэг      /хх-9-13/, Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2018 оны 04 дүгээр сарын 27-ны өдрийн №5501 дугаартай шинжээчийн дүгнэлт “Г.Ариунжаргалын биед тархи доргилт, зүүн дээд, доод зовхи, дээд уруул, зүүн эрүү шанааны зөөлөн эдийн няцрал, цус хуралт, зүүн өгзөгний дээд хэсэг, зүүн шилбэний хянганд цус хуралт, дээд үүдэн зүүн 1,2-р шүдний ирмэг эмтэрсэн бага зэрэг хөдөлгөөн орсон гэмтэл тогтоогдлоо. ...гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.” /хх-19/, хохирлын талаарх баримт “181.500 төгрөг” /хх-17, 41-42/, хохирол төлсөн баримт “180.000 төгрөг” /хх-45/ болон шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Э.Я гэм буруугаа хүлээн мэдүүлсэн мэдүүлэг зэргээр нотлогдон тогтоогдож байна гэж шүүх үзлээ.

Хэргийн үйл баримтын талаар тогтоосон нотлох баримтууд нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу авагдсан, дээрх нотлох баримтуудыг цуглуулахдаа хэргийн оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хязгаарлаагүй, мөрдөн шалгах ажиллагааны явцад Эрүүгийн хэрэг хянан

 

шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих асуудлуудыг хангалттай шалган тодруулж, шүүгдэгч Э.Яын хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдсэн нь үндэслэлтэй байна.

            Шүүгдэгч Э.Я, болон түүний өмгөөлөгч Б.Эрдэнэболор нараас улсын яллагчаас ялласан гэм буруугийн дүгнэлт, хэргийн зүйлчлэлтэй маргаагүй болохыг дурдах нь зүйтэй байна.

Хавтаст хэрэгт хохирлын талаарх 181.500 төгрөгийн баримт 17, 41-42 дугаар талд авагдсан байх бөгөөд үүнээс 180.000 төгрөгийн хохирол төлсөн баримт нотлох баримтын шаардлага хангасан байх бөгөөд шүүгдэгч Э.Я нь хохирогчид 1500 төгрөгийн төлбөр төлөгдөөгүй байх тул түүнээс 1500 төгрөгийг гаргуулж хохирогч Г.Ариунжаргалд олгох нь зүйтэй байна.

Харин хохирогч Г.Ариунжаргал нь гэмт хэргийн улмаас эрүүл мэнддээ учирсан гэм хорын хохирлын талаарх нотлох баримтын шаардлага хангасан баримтаа бүрдүүлэн иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар гэм буруутай этгээдээс жич нэхэмжлэх эрхтэй болохыг дурдаж шийдвэрлэлээ.

 2. Эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:

Улсын яллагчаас: “Шүүгдэгч Э.Яыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 400 цаг нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулах” саналыг,

Шүүгдэгч Э.Я болон түүний өмгөөлөгч нараас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан нийтэд тустай ажил хийлгэх ялын төрөл нь 240 цагаас эхэлж байх тул түүнд 240 цаг нийтэд тустай ажил хийлгэх саналыг тус тус гаргав.

Шүүхээс шүүгдэгч Э.Яад ял шийтгэл оногдуулахдаа “Э.Я нь урьд 2 удаагийн ял шийтгэлтэй, гэм хорын хохирлыг бүрэн төлж барагдуулаагүй, хохирогч цаашид эмчлүүлэх шаардлагатай” зэрэг байдлыг харгалзан 720 цаг нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулахаар шийдвэрлэлээ.

Шүүгдэгч Э.Яад ял шийтгэл оногдуулахад хөнгөрүүлэх болон хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

3. Бусад асуудлаар

Эрүүгийн 1809020910639 дугаартай хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгч Э.Яад цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авагдаагүй болохыг тус тус дурдах нь зүйтэй байна.

Монгол улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.1, 36.2, 36.5 дугаар зүйлийн 2, 36.6, 36.7, 36.8 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Олхонууд овогт Эрдэнэбатын Яыг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай  

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Э.Яыг 720 /долоон зуун хорь/ цаг нийтэд тустай ажил хийлгэх ялаар шийтгэсүгэй.

            3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дугаар зүйлийн  4 дэх хэсэгт зааснаар Э.Я нь нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлээгүй бол нийтэд тустай ажил хийлгэх ялын найман цагийн ажлыг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг дурьдсугай.    

4. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 505 дугаар зүйлийн 505.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Э.Яаас 1500 /нэг мянга таван зуу/ төгрөгийг гаргуулж хохирогч Г.Ариунжаргалд олгосугай.

5. Хохирогч Г.Ариунжаргал нь гэмт хэргийн улмаас эрүүл мэнддээ учирсан гэм хорын хохирлын талаарх шаардлага хангасан баримтаа бүрдүүлэн иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар гэм буруутай этгээдээс жич нэхэмжлэх эрхтэй болохыг дурдсугай. 

            6. Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэн ирсэн хөрөнгөгүй, Э.Я нь цагдан хоригдсон хоноггүй болохыг тус тус дурдсугай.

7. Шийтгэх тогтоол нь танилцуулан сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүхийн шийдвэрт давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрх бүхий этгээд шийдвэрийг гардан авснаас хойш, эсхүл Эрүүгийн хэрэг хянан  шийдвэрлэх  тухай  хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор давж заалдах гомдол гаргах, эсэргүүцлийг Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд гаргах эрхтэйг дурдсугай.

8. Давж заалдах шатны шүүхэд гомдол гаргасан эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болтол Э.Яад урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

                       

 

 

                        ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                     Х.ИДЭР