| Шүүх | Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Цэнд-Очирын Мөнх-Эрдэнэ |
| Хэргийн индекс | 2509 00000 1076 |
| Дугаар | 2025/ДШМ/1219 |
| Огноо | 2025-10-21 |
| Зүйл хэсэг | 17.1.2.1., |
| Улсын яллагч | С.Эрдэнэбаяр |
Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2025 оны 10 сарын 21 өдөр
Дугаар 2025/ДШМ/1219
2025 10 21 2025/ДШМ/1219
А.А-т холбогдох эрүүгийн
хэргийн тухай
Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Т.Алтантуяа даргалж, шүүгч Л.Одончимэг, шүүгч Ц.Мөнх-Эрдэнэ нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:
прокурор С.Эрдэнэбаяр,
шүүгдэгчийн өмгөөлөгч Ж.Батхуяг,
нарийн бичгийн дарга Б.Пэрэнлэйдулам нарыг оролцуулан,
Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхийн 2025 оны 08 дугаар сарын 28-ны өдрийн 2025/ШЦТ/2036 дугаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч шүүгдэгчийн өмгөөлөгч Ж.Батхуягийн гаргасан давж заалдах гомдолд үндэслэн А.А-т холбогдох 2509 00000 1076 дугаартай эрүүгийн хэргийг 2025 оны 10 дугаар сарын 03-ны өдөр хүлээн авч, шүүгч Ц.Мөнх-Эрдэнийн илтгэснээр хянан хэлэлцэв.
Х- овгийн А-ы А-, ..........., /РД:............../,
- Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2011 оны 8 дугаар сарын 18-ны өдрийн 335 дугаартай шийтгэх тогтоолоор 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар 3 жил 6 сарын хугацаатай хорих ял шийтгэж, 1 жилийн хугацаагаар тэнсэн хянан харгалзсан,
- Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 01 дүгээр сарын 23-ны өдрийн 97 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 300 цаг нийтэд тустай ажил хийх ял тус тус шийтгүүлсэн.
Шүүгдэгч А.А- нь 2025 оны 06 дугаар сарын 04-ний шөнийн 04:00 цагийн орчимд Сүхбаатар дүүргийн 4 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах Ерөнхий боловсролын 45 дугаар сургуулийн 08 тоот өрөөний цонхыг хөшин орж, ширээн дээр байсан “Lenova i5” загварын зөөврийн компьютер буюу бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр нууцаар, хууль бусаар хулгайлан авч 250.000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
Сүхбаатар дүүргийн прокурорын газраас: А.А-ын үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.
Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүх: Шүүгдэгч А.А-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д заасан “бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч хулгайлах гэмт хэргийг үйл ажиллагаа явуулах зориулалттай орон байранд нэвтэрч” үйлдсэн гэм буруутайд тооцож, түүнд 2 жил 5 сарын хугацаагаар хорих ялаар шийтгэж, хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр шийдвэрлэжээ.
Шүүгдэгчийн өмгөөлөгч Ж.Батхуяг шүүхэд гаргасан давж заалдах гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Миний үйлчлүүлэгчийн зүгээс гэмт хэрэг үйлдсэн гэм буруугийн хувьд сайн дураараа хүлээн зөвшөөрч, прокуророос эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татсан тогтоол, яллах дүгнэлттэй маргах зүйл байхгүй болно. Харин шүүхээс эрүүгийн хариуцлага оногдуулахдаа Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн хэм хэмжээнд нийцсэн, мөн хуулийн тусгай ангид заасан төрөл хэмжээний дотор багтсан байх хууль ёсны зарчмыг хангахын зэрэгцээ, тухайлан сонгон оногдуулж буй ялын төрөл, түүний хэмжээ нь гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, гэмт хэрэгтний хувийн байдлыг харгалзлаа гэсэн боловч түүнд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3 дахь заалтад заасныг хэрэглэх боломжтой эсэх талаар дүгнэлт хийлгүй, түүнд 2 жил 6 сарын хорих ял оногдуулсантай холбоотой энэхүү гомдлыг гаргалаа. Учир нь, А.А- нь өөрийн эмээ болох 85 настай Э.Ц-ын хамт амьдардаг бөгөөд түүнд эмээгээс нь өөр гэр бүлийн гишүүн байхгүй болно. Эмээ Э.Ц- нь А.А-ын асрамжид байдаг бөгөөд бусдын тусламжгүй гадагшаа гарч чаддаггүй юм байна. А.А-ын хувьд эмээгийнхээ эм тариа, хоол хүнс, эмнэлэгт үзүүлэх зэргээр өөрийн хамгийн ойрын хамаатны хүн болох эмээгээ асран тэтгэдэг тул түүнд оногдуулах ял шийтгэлийг хөнгөрүүлэх боломжтой талаар буюу Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3 дахь заалтад заасныг хэрэглэх боломжтой эсэх талаар давж заалдах шатны шүүхээс хянаж өгнө үү.” гэв.
Прокурор С.Эрдэнэбаяр тус шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “...Шүүгдэгч нь урьд 2021 онд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар 3 жилийн хорих ял, 2024 онд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан хулгайн хэргээр 300 цаг нийтэд тустай ажил хийлгэх ял тус тус шийтгүүлж байсан. Гэтэл 2025 онд дахин хулгайлах гэмт хэрэг үйлдэж бусдад хохирол учруулсан нь түүний хувийн байдлыг харуулж байна. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Эрүүгийн хариуцлагын зорилго нь гэмт хэрэг үйлдсэн хүн, хуулийн этгээдийг цээрлүүлэх, гэмт хэргийн улмаас зөрчигдсөн эрхийг сэргээх, хохирлыг нөхөн төлүүлэх, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, гэмт хэрэг үйлдсэн хүнийг нийгэмшүүлэхэд оршино.” гэж заасан бөгөөд дээрх байдлаас шүүгдэгчийг нийгэмшээгүй гэж үзэж байна. Мөн шүүхээс түүнд дахин боломж олгож, хорих ялаас бусад ялыг оногдуулсан тохиолдолд дахин гэмт хэрэг үйлдэхгүй гэх нөхцөл байдал байхгүй. Иймд анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолоор шүүгдэгчид 2 жил 5 сарын хорих ял оногдуулсан нь түүний үйлдэл, хувийн байдалд тохирсон. Шүүгдэгчийн өмгөөлөгчөөс А.А-ын эмээ нь харах хүнгүй тул шүүгдэгчид оногдуулсан ялыг хөнгөрүүлж өгнө үү гэж байгаа нь хуульд нийцэхгүй. Эмээг нь асран хамгаалах хүн байхгүй бол асран хамгаалагч тогтоолгох, асрамжийн байгууллагад хандах нь зүйтэй. Мөн шинжээчийн дүгнэлтийн төлбөр 35.000 төгрөгийг хохирогч Х.П- төлсөн тул уг мөнгийг шүүгдэгчээс гаргуулж хохирогчид олгуулахаар заасан өөрчлөлтийг шийтгэх тогтоолд оруулах саналтай байна.” гэв.
ТОДОРХОЙЛОХ нь:
Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар А.А-т холбогдох хэргийг хянан шийдвэрлэхдээ шүүгдэгчийн өмгөөлөгч Ж.Батхуягийн гаргасан давж заалдах гомдолд заасан үндэслэлд хязгаарлахгүйгээр хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг хянаж үзэв.
Мөрдөн шалгах ажиллагааны явцад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих асуудлуудыг шалгаж тодруулсан, хэрэгт авагдсан нотлох баримтын хүрээнд хэргийг анхан шатны журмаар эцэслэн шийдвэрлэсэн нь үндэслэлтэй болжээ.
Хэргийн үйл баримтыг тогтооход үндэслэл болсон баримтуудыг цуглуулах, бэхжүүлэх, үнэлэх шатанд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг зөрчөөгүй байна.
Шүүгдэгч А.А- нь 2025 оны 06 дугаар сарын 04-ний шөнийн 04 цагийн орчимд Сүхбаатар дүүргийн 4 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах Ерөнхий боловсролын 45 дугаар сургуулийн 08 тоот өрөөний цонхыг хөшиж ороод ширээн дээр байсан “Lenova i5” загварын зөөврийн компьютерыг буюу бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч хулгайлах гэмт хэргийг, үйл ажиллагаа явуулах зориулалттай орон байранд нэвтэрч үйлдсэн болох нь:
хохирогч Х.П-ийн “...2025 оны 06 дугаар сарын 04-ний өдрийн 08 цаг 35 минутад 108 тоот өрөөнд орж ирэхэд баруун хойно байрлах цонх онгорхой байсан. Уг нь өмнөх өдөр бүх цонхоо хаагаад явсан юм. Тэгээд өрөөг шалгаж үзэхэд баруун урд байрлах ширээн дээр байсан 2 ширхэг зөөврийн компьютерын 1 ширхэг нь байхгүй байсан тэгээд хяналтын камер шалгаж үзэхэд үүрийн 04 цагийн үед үл таних хүн сургуулийн гадна талаас цонх нээгээд орж ирээд зөөврийн компьютерыг аваад гарсан байсан...” гэх мэдүүлэг /хх 16-17/,
гэрч Л.Б-ын мэдүүлэг /хх 21-22 дүгээр тал/,
шүүгдэгч А.А-ын /хх 50-51/ мэдүүлгүүд,
“Дамно” ХХК-ийн 2025 оны 06 дугаар сарын 16-ны өдрийн 122 дугаартай “...“Lenova i5” загварын зөөврийн компьютерыг 250.000 төгрөгөөр үнэлэгдэв...” гэх хөрөнгийн үнэлгээний талаарх шинжээчийн дүгнэлт /хх 28-31/,
гэмт хэргийн талаарх гомдол, мэдээллийг хүлээн авсан тэмдэглэл /хх 5/, камерын бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх 37-40/ зэрэг хэрэгт цуглуулж, бэхжүүлсэн, анхан шатны шүүх хуралдааны хэлэлцүүлгээр хэлэлцэгдсэн хэрэгт хамааралтай, ач холбогдол бүхий нотлох баримтуудаар тус тус нотлогдон тогтоогджээ.
Анхан шатны шүүхээс гэмт хэргийг хэн, хэзээ, хаана, яаж үйлдсэн, үүнд шүүгдэгч А.А- ямар буруутай болох, түүний үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн тухайн зүйл, хэсэгт заасан гэмт хэргийн шинжтэй хэрхэн тохирч байгаа талаар шийтгэх тогтоолд тодорхой зааж, хэргийн бодит байдалтай нийцсэн хууль ёсны ба үндэслэлтэй дүгнэлт хийсэн байна.
Шүүгдэгч А.А-ын үйл ажиллагаа явуулах зориулалттай орон байранд нэвтэрч “Lenova i5” загварын зөөврийн компьютерыг буюу бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч хулгайлсан үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад зааснаар зүйлчилсэн нь хууль зүйн үндэслэлтэй, Эрүүгийн хуулийг зөв тайлбарлан хэрэглэжээ.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлд заасан болзол, шаардлагыг хангасан шүүгдэгчид хүлээлгэх эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, эрүүгийн хариуцлагаас чөлөөлөх зохицуулалт нь заавал хэрэглэхээр шүүхэд үүрэг хүлээлгэсэн шинжтэй хэм хэмжээ биш, харин шүүх эрх хэмжээнийхээ хүрээнд дотоод итгэлдээ тулгуурлан хэрэглэхээр эрх олгосон заалт юм. Түүнчлэн анхан шатны шүүх хуралдаанд шүүгдэгч А.А- өөрийгөө өмгөөлж шүүх хуралдаанд оролцохдоо Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлд заасны дагуу Эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх талаар санал хүсэлт гаргаагүй тул анхан шатны шүүх энэ талаар заавал дүгнэлт хийх шаардлагагүй.
Анхан шатны шүүхээс шүүгдэгч А.А-т эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, хэргийн нийгмийн аюулын шинж чанар, учирсан хохирол, хор уршгийн хэмжээ, хувийн байдал, хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг харгалзан тухайн зүйл ангид зааснаар 2 жил 5 сарын хорих ял оногдуулж, уг ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр шийдвэрлэсэн нь түүний гэм бурууд тохирсон төдийгүй эрүүгийн хариуцлагын зорилгыг хангасан, хууль ёсны бөгөөд шударга ёсны зарчимд нийцсэн байх тул шүүгдэгчийн өмгөөлөгч Ж.Батхуягийн “ял хөнгөрүүлэх” талаар гаргасан давж заалдах гомдлыг хүлээн авах хууль зүйн үндэслэлгүй байна.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Шүүгдэгч гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болохыг шүүх тогтоовол түүнээс эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардлыг холбогдох баримтыг үндэслэн гаргуулна.” гэж заасан ба хэрэгт авагдсан нотлох баримтуудыг судлан үзэхэд хохирогчоос шинжээчийн хөлсөнд 35.800 төгрөгийг төлсөн байх бөгөөд уг хөлсийг шүүгдэгчээс хохирогчид төлсөн талаарх баримт хэрэгт авагдаагүй, анхан шатны шүүхээс энэ талаар дүгнэлт хийлгүй орхигдуулж шийдвэрлэсэн байх тул шүүгдэгч А.А-аас 35.800 төгрөгийг гаргуулж хохирогч Х.П-т олгохоор шийтгэх тогтоолын тогтоох хэсэгт нэмэлт заалт оруулж шийдвэрлэв.
Түүнчлэн хэрэгт авагдсан нотлох баримтуудаас үзвэл хулгайлах гэмт хэргийн зүйл болох “Lenova i5” загварын зөөврийн компьютерыг Нийслэлийн ерөнхий боловсролын 45 дугаар сургуулийн 2025 оны 01 дүгээр сарын 27-ны өдрийн “Ажилчин, албан хаагчдын хэрэглэж байгаа эд хөрөнгө ашиглалтын бүртгэл”-д 227.357 төгрөгөөр үнэлж бүртгэсэн /хх 46/, харин “Дамно” ХХК-ийн 2025 оны 06 дугаар сарын 16-ны өдрийн 122 дугаартай хөрөнгийн үнэлгээний талаарх шинжээчийн дүгнэлтэд “Lenova i5” загварын зөөврийн компьютерыг 250.000 төгрөг гэж зөрүүтэй үнэлсэн боловч тухайн компьютер нь биет байдлаар хохирогчид буцаан олгогдсон бөгөөд энэ нь хэргийг эцэслэн шийдвэрлэхэд ач холбогдолгүй гэж үзлээ.
Шүүгдэгч А.А-ын 2025 оны 08 дугаар сарын 28-наас 2025 оны 10 дугаар сарын 21-ний өдөр хүртэл нийт 54 хоног цагдан хоригдсоныг түүний ял эдлэх хугацаанд оруулан тооцох нь зүйтэй.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.4-т заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхийн 2025 оны 08 дугаар сарын 28-ны өдрийн 2025/ШЦТ/2036 дугаар шийтгэх тогтоолын тогтоох хэсэгт “...Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч А.А-аас 35.800 /гучин таван мянга найман зуу/ төгрөгийг гаргуулан хохирогч Х.П-т олгосугай. ...” гэсэн нэмэлт заалт оруулж, тогтоох хэсгийн бусад заалтуудыг хэвээр үлдээж, шүүгдэгчийн өмгөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгосугай.
2. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч А.А-ын 2025 оны 08 дугаар сарын 28-наас 2025 оны 10 дугаар сарын 21-ний өдөр хүртэл нийт 54 /тавин дөрөв/ хоног цагдан хоригдсоныг түүний ял эдлэх хугацаанд оруулан тооцсугай.
3. Анхан болон давж заалдах шатны шүүхийн хууль хэрэглээний зөрүүг арилгах, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, хуулийг Улсын дээд шүүхийн тогтоол, тайлбараас өөрөөр хэрэглэсэн, эрх зүйн шинэ ойлголт, эсхүл хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой гэж үзвэл энэхүү магадлалыг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хэргийн оролцогч хяналтын журмаар гомдол гаргах, прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Т.АЛТАНТУЯА
ШҮҮГЧ Л.ОДОНЧИМЭГ
ШҮҮГЧ Ц.МӨНХ-ЭРДЭНЭ