Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2025 оны 10 сарын 21 өдөр

Дугаар 2025/ДШМ/1220

 

2025          10             21                                                                                2025/ДШМ/1220

                                                                 

З.Б-, Б.О- нарт холбогдох

эрүүгийн хэргийн тухай

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Т.Алтантуяа даргалж, Л.Одончимэг, шүүгч Ц.Мөнх-Эрдэнэ нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:

прокурор Г.Онон,

цагаатгагдсан этгээд З.Б-, Б.О-, тэдгээрийн өмгөөлөгч Д.Энхцэцэг, С.Батнасан,

нарийн бичгийн дарга Б.Пэрэнлэйдулам нарыг оролцуулан,

Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхийн 2025 оны 08 дугаар сарын 26-ны өдрийн 2025/ШЦТ/2037 дугаар цагаатгах тогтоолыг эс зөвшөөрч прокурор Г.Ононгийн бичсэн 2025 оны 09 дүгээр сарын 22-ны өдрийн 90 дугаар эсэргүүцлийг үндэслэн З.Б-, Б.О- нарт холбогдох 2302 00186 0185 дугаартай эрүүгийн хэргийг 2025 оны 10 дугаар сарын 02-ны өдөр хүлээн авч, шүүгч Ц.Мөнх-Эрдэнийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Б- овгийн З-гийн Б-, ..........., /РД:............../;

Ч- овгийн Б-ы О- ............, ял шийтгэлгүй, /.............../.

Цагаатгагдсан этгээд З.Б- нь Хан-Уул дүүргийн 3 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах ********* Төрийн өмчит аж ахуйн тооцоотой үйлдвэрийн газрын захирал буюу төсвийн шууд захирагчаар ажиллаж байхдаа Авлигын эсрэг хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.4 дэх хэсэгт заасан “төсвийн болон хандив, тусламжийн хөрөнгийг зориулалтын бусаар зарцуулах”, Төсвийн тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.4.1 дэх хэсэгт заасан “төсвийг үр ашигтай, хэмнэлттэй байхаар төлөвлөж, зарцуулах”, 16.5.2 дахь хэсэгт заасан “батлагдсан төсөв, хөтөлбөрийг хэрэгжүүлэх талаар төсвийн ерөнхийлөн захирагчтай байгуулсан гэрээний хүрээнд төсвийн хөрөнгийг удирдах, зарцуулалтад нь хяналт тавих”, 16.5.5 “батлагдсан төсвийг зориулалтын дагуу зарцуулах” гэж заасныг тус тус зөрчиж,

Хөдөлмөр эрхлэлтийн үндэсний зөвлөлийн 2019 оны 01 дүгээр сарын 14-ний өдрийн 2 дугаартай тогтоолын хоёрдугаар хавсралтад “Хараагүйчүүдийн үйлдвэрийн үйл ажиллагааг сайжруулах төсөл”-д 250.000.000 төгрөг хуваарилсны дагуу *********ийн техник технологийг шинэчилж, үйлдвэрлэлийг нэмэгдүүлэх гэсэн 249.994.000 төгрөгийн өртөгтэй төсөл хөтөлбөр боловсруулж Хөгжлийн бэрхшээлтэй хүний хөгжлийн ерөнхий газартай 2019 оны 05 дугаар сарын 20-ны өдөр “Төсөл хэрэгжүүлэх, санхүүжүүлэх” гэрээ байгуулан,

Улмаар 2019 оны 05 дугаар сарын 24-ний өдөр эхний санхүүжилт 124.500.000 төгрөг, 2019 оны 12 дугаар сарын 25-ны өдөр хоёр дахь санхүүжилт 125.494.000 төгрөгийг тус тус Төрийн банкны ********* тоот түр дансаар дамжуулан нийт 249.843.839,74 төгрөгийг авснаас төслийн хөрөнгө оруулалтын зардлын хүснэгтийн дагуу тоног төхөөрөмж болон эргэлтийн материалд нийт 187.979.320 төгрөгийг зарцуулж, төсөл хэрэгжиж эхлэх хугацаанаас өмнө үүссэн өр төлбөрийг дээрх төсвийн санхүүжилтээс барагдуулах ажлыг зохион байгуулж нягтлан бодогч Б.О-ын үүрэг, оролцоог хуваарилан 2019 оны 5 дугаар сарын 27-ны өдрөөс 2019 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг хүртэлх хугацаанд ажилчдын цалингийн өр төлбөрт 16.724.500 төгрөгийг, хүн амын орлогын албан татварт 10.840.019,74 төгрөгийг, нийгмийн даатгалд 34.300.000 төгрөгийг төлүүлж төсвийн хөрөнгийг зориулалтын бусаар зарцуулсны улмаас төсөвт нийт 61.864.519,74 төгрөгийн буюу их хэмжээний хохирол учруулсан, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 1.9 дүгээр зүйлийн 2 дахь хэсэг, 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэг, 3.3 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт тус тус заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 22.8 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт,

Цагаатгагдсан этгээд Б.О- нь Хан-Уул дүүргийн 3 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах ********* Төрийн өмчит аж ахуйн тооцоотой үйлдвэрийн газарт нягтлан бодогчоор ажиллаж байхдаа, тус газрын захирал төсвийн шууд захирагч З.Б-ы “Техник технологийг шинэчилж, үйлдвэрлэлийг нэмэгдүүлэх” төсөл хөтөлбөр боловсруулж Хөгжлийн бэрхшээлтэй хүний хөгжлийн ерөнхий газартай 2019 оны 05 дугаар сарын 20-ны өдөр “Төсөл хэрэгжүүлэх, санхүүжүүлэх” тухай гэрээ байгуулан улмаар 2019 оны 05 дугаар сарын 24-ний өдөр эхний санхүүжилт 124.500.000 төгрөг, 2019 оны 12 дугаар сарын 25-ны өдөр хоёр дахь санхүүжилт 125.494.000 төгрөгийг тус тус Төрийн банкны ********* тоот түр дансаар дамжуулан нийт 249.843.839,74 төгрөгийг авснаас төслийн хөрөнгө оруулалтын зардлын хүснэгтийн дагуу тоног төхөөрөмж болон эргэлтийн материалд 187.979.320 төгрөгийг зарцуулж, төсөл хэрэгжиж эхлэх хугацаанаас өмнө үүссэн өр төлбөрийг дээрх төсвийн санхүүжилтээс төлж барагдуулах талаар З.Б-ы зохион байгуулсны дагуу түүнд дэмжлэг үзүүлж буюу 2019 оны 05 дугаар сарын 27-ны өдрөөс 2019 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг хүртэлх хугацаанд ажилчдын цалингийн өр төлбөрт 16.724.500 төгрөгийг, хүн амын орлогын албан татварт 10.840.019,74 төгрөгийг, нийгмийн даатгалд 34.300.000 төгрөгийг төлж нийт 61.864.519,74 төгрөгийг зориулалтын бусаар зарцуулж төсөвт их хэмжээний хохирол учруулахад хамжигчаар оролцсон, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 1.9 дүгээр зүйлийн 2 дахь хэсэг, 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэг, 3.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 22.8 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт тус тус холбогджээ.

Нийслэлийн прокурорын газраас: З.Б-ы үйлдлийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 1.9 дүгээр зүйлийн 2 дахь хэсэг, 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэг, 3.3 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсгийг тус тус журамлан мөн хуулийн тусгай ангийн 22.8 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар, Б.О-ын үйлдлийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 1.9 дүгээр зүйлийн 2 дахь хэсэг, 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэг, 3.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийг тус тус журамлан мөн хуулийн тусгай ангийн 22.8 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар тус тус зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.

Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүх: Нийслэлийн Прокурорын газраас З.Б-д Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 1.9 дүгээр зүйлийн 2 дахь хэсэг, 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэг, 3.3 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт тус тус заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 22.8 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.19 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-т заасан “гэмт хэргийн шинжгүй” үндэслэлээр хэрэгсэхгүй болгож, Б.О-д Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 1.9 дүгээр зүйлийн 2 дахь хэсэг, 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэг, 3.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 22.8 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.19 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-т заасан “гэмт хэргийн шинжгүй” үндэслэлээр хэрэгсэхгүй болгож, З.Б-, Б.О- нарыг тус тус цагаатгаж, цагаатгах тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол З.Б-, Б.О- нарт авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг тус тус хүчингүй болгож шийдвэрлэжээ.

Прокурор Г.Онон шүүхэд бичсэн эсэргүүцэл болон тус шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “...Шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ Эрүүгийн хуулийг буруу тайлбарлан хэрэглэсэн, шүүхийн цагаатгах тогтоолд заасан үндэслэл нь хэргийн бодит байдалтай нийцээгүй, шүүхийн шийдвэр үндэслэлгүй, хуулийн шаардлагад нийцээгүй гэж дүгнэн дараах үндэслэлээр эс зөвшөөрч байна. Үүнд:

Хэрэгт авагдсан нотлох баримтуудаар З.Б- нь Хөдөлмөр эрхлэлтийн үндэсний зөвлөлийн 2019 оны 1 дүгээр сарын 14-ний өдрийн 2 дугаартай тогтоолын хоёрдугаар хавсралтад “Хараагүйчүүдийн үйлдвэрийн үйл ажиллагааг сайжруулах төсөл’’-д 250.000.000 төгрөг хуваарилсны дагуу *********ийн техник технологийг шинэчилж, үйлдвэрлэлийг нэмэгдүүлэх 249.994.000 төгрөгийн өртөгтэй төсөл боловсруулж, Монгол Улсын Хөдөлмөр, Нийгмийн Хамгааллын сайд С.Ч-т хандсан байдаг. Улмаар Монгол Улсын Хөдөлмөр, Нийгмийн Хамгааллын сайд С.Ч- нь Хөгжлийн бэрхшээлтэй хүний хөгжлийн ерөнхий газрын дарга Ц.Г-т 2019 оны 03 дугаар сарын 06-ны өдөр 1/671 дугаартай “Чиглэл хүргүүлэх тухай" албан бичгээр Хараагүй хүмүүсийн хөдөлмөр, сургалтын үйлдвэрийн захирал З.Б-аас үйлдвэрийнхээ техник технологийг шинэчлэн, эргэлтийн хөрөнгөө нэмэгдүүлэх, шинэ бүтээгдэхүүн үйлдвэрлэж, хараагүй хүмүүсийн ажлын байрыг хадгалах зорилгоор тодорхой төслийг хэрэгжүүлэхээр ирүүлсэн төслийг Хөдөлмөр эрхлэлтийн үндэсний зөвлөлийн баталсан төсвийн хүрээнд хэрэгжүүлэх нь зүйтэй гэсэн чиглэлийг өгсөн. Уг чиглэлийн дагуу Хөгжлийн бэрхшээлтэй хүний хөгжлийн ерөнхий газрын дарга Ц.Г- нь Хараагүй хүмүүсийн хөдөлмөр, сургалтын үйлдвэрийн захирал З.Б-тай 2019 оны 05 дугаар сарын 20-ны өдөр “Төсөл хэрэгжүүлэх, санхүүжүүлэх” гэрээг байгуулсан ба төсөл хэрэгжих хугацааг 2019 оноос 2020 он хүртэл 24 сар байхаар зааж, төслийн санхүүжилт болох 249.994.000 төгрөгийг олгохдоо 2 үе шаттайгаар буюу гэрээ байгуулснаар урьдчилгаа 50 хувь буюу 124.500.000 төгрөгийг, үлдэгдэл 50 хувь болох 124.500.000 төгрөгийг хэрэгжүүлж буй төслийн үйл явцтай танилцаж, хяналт шинжилгээ хийсний дараа шилжүүлэхээр харилцан тохиролцож гэрээ байгуулан улмаар ********* Төрийн өмчит аж ахуйн тооцоотой үйлдвэрийн газрын Төрийн банкны ********* дугаартай түр дансаар дамжуулан 2019 оны 05 дугаар сарын 24-ний өдөр эхний санхүүжилт 124.500.000 төгрөг, 2019 оны 12 дугаар сарын 25-ны өдөр хоёр дахь санхүүжилт 125.494.000 төгрөгийг, нийт 249.843.839,74 төгрөгийг шилжүүлсэн. Харин төсөв шууд захирагч З.Б-, тус газрын нягтлан бодогч Б.О- нар нь дээрх олгогдсон санхүүжилтийг Техник технологийг шинэчилж, үйлдвэрлэлийг нэмэгдүүлэх төсөлд заасан зардлын дагуу зарцуулалгүй тухайн санхүүжилт орж ирсэн цаг хугацаанаас буюу 2019 оны 5 дугаар сарын 24-ний өдрөөс тус байгууллагад үүссэн ажилчдын цалингийн өр төлбөр, хүн амын орлогын албан татвар, нийгмийн даатгалын шимтгэл зэргийг төлөх зэргээр байгууллагын өмнөх үүссэн төр төлбөрт нийт 61.864.519,74 төгрөгийг төлж, батлагдсан төсвийг зориулалтын бусаар зарцуулсан байдаг. Төсвийн тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.5-д “төсөв” гэж төрийн болон орон нутгийн чиг үүргийг хэрэгжүүлэхэд шаардагдах санхүүгийн эх үүсвэрийг бий болгох зорилгоор төрийн мэдэлд хуримтлуулан хуваарилж, зарцуулах хөрөнгө, орлого, зарлага, өр, төлбөр, санхүүгийн амлалт болон үүрэг, тэдгээртэй холбогдсон санхүүгийн үйл ажиллагаа, хэрэгжүүлэх арга хэмжээ, түүнд шаардагдах орц, хүрэх үр дүнгийн нийлбэр цогцыг” ойлгохоор хуульчилсан бөгөөд Төсвийн тухай хуульд зааснаар Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайдын төсвийн багцад хөдөлмөр эрхлэлтийг дэмжих сангийн төсөв батлагддаг тул Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих сангийн хөрөнгө нь төсвийн хөрөнгө мөн юм. Төсвийн хөрөнгийг зориулалтын бусаар зарцуулсан гэж “хуульд заасныг зөрчин төсвөөс гадуур зардал гаргахыг” гэж хуульчилсан байна. Мөн “*********” Төрийн өмчит аж ахуйн тооцоотой үйлдвэрийн газар нь Төсвийн тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1 дэх хэсгийн 4.1.34-д заасан “Төсвийн байгууллага”-д хамаарч, түүний захирал нь мөн хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1 дэх хэсгийн 4.1.38-д заасан “Төсвийн шууд захирагч”-д хамаарах тул З.Б- нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.8 дугаар зүйлд заасан гэмт хэргийн “субъект”-н шинжийг хангасан байна. Гэтэл анхан шатны шүүхээс /цагаатгах тогтоолын 22, 23-р тал/-д ...З.Б-, Б.О- нарыг “*********”-ийн техник технологийг шинэчилж, үйлдвэрлэлийг нэмэгдүүлэх төсөл”-ийн санхүүжилтийн мөнгөнөөс ажилчдын цалингийн өр төлбөр, Нийгмийн даатгалын шимтгэл зэрэгт нийт 61.864.519,71 төгрөгийг зарцуулсан хэргийн үйл баримт тогтоогдож байна”, ... “...Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.8 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт нэрлэн заасан үйлдлээр төрийн өмч, төсвийн хөрөнгийг завшиж улсын төсөвт үлэмжээс дээш хэмжээний хохирол учруулсан бол гэмт хэрэгт тооцохоор тодорхойлсон ба өөрт нь итгэмжлэн хариуцуулсан төсвийн хөрөнгийг шууд санаатайгаар, шунахай сэдэлтээр материаллаг ашиг олох зорилгоор захиран зарцуулсан үйлдлийг хамааруулдаг нь хууль хэрэглээнд жишиг болж тогтсон ойлголт болно.”, “...З.Б-, Б.О- нар нь ажилчдын цалингийн өр төлбөр, хүн амын орлогын албан татвар, нийгмийн даатгалын шимтгэлд нийт 61.864.519,74 төгрөгийг зарцуулсан үйлдэл нь бусдад давуу байдал олгоогүй, хувьдаа ашиг хонжоо олоогүй, албан тушаалын эрх мэдлийг албаны эрх ашгийн эсрэг буюу хувийн ашиг сонирхлоо гүйцэлдүүлэх зорилгод ашиглаагүй байна.” гэх дүгнэлтийг хийж хэргийн үйл баримтыг дүгнэн шийдвэрлэсэн нь цагаатгах тогтоолд заасан дүгнэлт нь хэргийн бодит байдалтай нийцээгүй дүгнэлтийг шүүхээс хийсэн буюу Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.6 дугаар зүйлд заасан “Шүүхийн тогтоолд заасан дүгнэлт нь хэргийн бодит байдалтай нийцээгүй байх” үндэслэлд хамаарч байна.

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.8 дугаар зүйлд заасан “Төсвийн хөрөнгийг зориулалтын бусаар зарцуулах” гэмт хэргийн 1 дэх хэсгийн 1.1-д заасан “зориулалтын бусаар зарцуулсан” гэх гэмт хэрэг нь /2022 оны 12 дугаар сарын 16-ны өдрийн нэмэлт өөрчлөлт орохоос өмнө/ заавал материаллаг хохирол учруулсан байхыг шаардахгүй буюу Төсвийн тухай хууль болон бусад холбогдох журамд зааснаар төсвийн байгууллагад зохих журмын дагуу төсөвлөсөн эдийн болон эдийн бус баялгийг батлагдсан төсвөөс өөр хэлбэрээр зарцуулснаар уг гэмт хэргийн шинж хангагдахаар хууль тогтоогч хуульчилсан. Түүнчлэн, Төсвийн тухай хуулийн 45 дугаар зүйлийн 45.2 дахь хэсэгт “...Төсвийн захирагчийн төсвийн дараах зарцуулагдаагүй үлдэгдлийг төсвийн хэмнэлтэд тооцохгүй бөгөөд тухайн үлдэгдлийг тухайн шатны төсвийн ерөнхий дансанд төвлөрүүлнэ”, 45.2.1-д “..нэгжид ногдох норм, нормативаар тооцон төсвийг нь баталсан ба гүйцэтгэл нь анх тооцсон нэгжийн тоо хэмжээнээс бага бол.”, 45.2.3-д “...хөрөнгө оруулалтын худалдан авах үйл ажиллагааны үед нэгжид ногдох өртөг, үнэ, тоо хэмжээ нь буурснаас бий болсон үлдэгдэл.” гэж заасан. Тодруулбал, төсөв шууд захирагч З.Б- нь дээрх олгогдсон санхүүжилтээс баталсан тоо хэмжээнээс багаар болон нэгжид ногдох өртөг, үнийг хямдаар тооцож үйлдвэрлэлд ашиглагдах бараа бүтээгдэхүүнүүдийг худалдан авсан ба тухайн хэмнэсэн төсвийг хууль, дүрэм, журамд заасны дагуу холбогдох хүсэлт, зохих зөвшөөрөл зэргийг эрх бүхий байгууллагаас авалгүй, төсвийн ерөнхий дансанд төвлөрүүлэлгүйгээр санхүүжилт орсон цаг хугацаанаас эхлэн байгууллагын өр төлбөрийг төлж байгаа үйлдэл нь тухайн этгээдийн сэдэл, санаа зорилго нь тогтоогдсон буюу өөрийн үйлдэл, эс үйлдэхүйг хууль бус шинжтэй болохыг ухамсарлаж түүнийг хүсэж үйлдсэн гэж үзэх үндэслэлтэй юм. Прокуророос З.Б-, Б.О- нарын дээрх үйлдлийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар буюу тухайн гэмт хэргийг үйлдэх үед дагаж мөрдөж байсан хуулиар тодорхойлж хэргийг шүүхэд шилжүүлсэн. 2017 оны 07 дугаар сарын 01-ний өдрөөс эхлэн дагаж мөрдсөн Эрүүгийн хуулийн 22.8 дугаар зүйлд үлэмж хэмжээнээс дээш хэмжээний хохирол учруулсан байхыг шаардахгүй, тухайн гэмт хэргийг үйлдсэн этгээд нь гэм буруугийн санаатай хэлбэрээр Төсвийн тухай хууль болон бусад холбогдох журамд зааснаар төсвийн байгууллагад зохих журмын дагуу төсөвлөсөн эдийн болон эдийн бус баялгийг батлагдсан төсвөөс өөр хэлбэрээр зарцуулснаар тухайн гэмт хэргийн бүрдэл хангагдахаар хуульчилсан. Түүнчлэн Эрүүгийн хуульд Төсвийн хөрөнгийг зориулалтын бусаар зарцуулсны улмаас өөртөө, эсхүл бусдад давуу байдал олгосон, эсхүл ашиг хонжоо олж, хөрөнгө завшсан тохиолдолд “Албан тушаалын байдлаа урвуулан ашиглах” эсхүл “Өмчлөх эрхийн эсрэг гэмт хэрэг”-ээр зүйлчлэхээр тусгайлан заасан ба Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.8 дугаар зүйлд заасан “Төсвийн хөрөнгийг зориулалтын бусаар зарцуулах” гэмт хэрэг нь албан тушаалын байдлаа ашиглаж өөртөө, эсхүл бусдад давуу байдал олгосон, эсхүл ашиг хонжоо олж, бусдад материаллаг хохирол, хор уршиг учруулсан байхыг шаардахгүй хэлбэрийн бүрэлдэхүүнтэй гэмт хэрэг гэж тодорхойлсон. Хэрэгт цугларсан үйл баримтуудаар З.Б- нь Хараагүй хүмүүсийн хөдөлмөр, сургалтын үйлдвэр төрийн өмчит аж ахуйн тооцоотой үйлдвэрийн газрын захирал, төсвийн шууд захирагчаар ажиллаж байхдаа тус газрын нягтлан бодогч Б.О-тай үйлдлээрээ санаатай нэгдэж төсөл хөтөлбөрт зарцуулахаар баталсан төсвийн хөрөнгийг зориулалтын бусаар зарцуулж, урьд өмнө үүсгэсэн өр төлбөрийг барагдуулсан үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.8 дугаар зүйлд заасан гэмт хэргийн шинжийг хангасан байна. Гэтэл анхан шатны шүүхээс хийсэн дүгнэлт нь хууль ёсны бөгөөд үндэслэлтэй болж чадаагүй, Эрүүгийн хуулийн зүйл хэсэг заалтыг буруу тайлбарлаж хэрэглэсэн буюу Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.7 дугаар зүйлийн 1.3 дахь хэсэгт заасныг зөрчжээ. Шүүхийн энэ дүгнэлт нь цаашид хууль хэрэглээний буруу практик тогтоохоор сөрөг үр дагавар үүсгэхээр байна. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөнд тооцогдох талаар мөн хуулийн 39.8 дугаар зүйлийн 1.6-д заасан бөгөөд энэ нь шүүхийн шийдвэрийг хүчингүй болгох, өөрчлөх үндэслэл болох талаар уг хуулийн 39.5 дугаар зүйлийн 1-д заажээ. Иймд Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхийн 2025 оны 8 дугаар сарын 26-ны өдрийн 2025/ШЦТ/2037 дугаартай шүүхийн цагаатгах тогтоолыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.2 дахь заалтад заасан үндэслэлээр хүчингүй болгуулж, хэргийг анхан шатны шүүхээр дахин хэлэлцүүлэхээр Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг баримтлан улсын яллагчийн эсэргүүцэл бичсэн.” гэв.

Цагаатгагдсан этгээдүүдийн өмгөөлөгч Д.Энхцэцэг тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Цагаатгах тогтоолыг хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий гарсан гэж үзэж байна. Прокуророос шүүх хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн, шүүхийн тогтоолд дурдсан дүгнэлт нь хэргийн үйл баримттай нийцээгүй гэсэн хоёр үндэслэлээр тогтоолыг хүчингүй болгож өгнө үү гэж байна. Өмгөөлөгчийн зүгээс үүнтэй санал нийцэхгүй байна. Прокурор энэ хэргийн улмаас хохирол учраагүй, шүүгдэгч нарын цалин, нийгмийн даатгалын өрөнд өгсөн нь төсвийн хөрөнгийг зориулалтын бусаар зарцуулсан гэж үзэх үндэслэл болно гэж байна. Гэтэл цагаатгах тогтоолын 23 дахь талд үүнийг дэлгэрэнгүй тайлбарласан. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид заасан нийгэмд аюултай, гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйг гэмт хэрэгт тооцно.”, мөн зүйлийн 2 дахь хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид заасан тохиолдолд гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйн улмаас хохирол, хор уршиг учирсныг гэмт хэрэгт тооцно.” гэж тус тус хуульчилсан. Энэ хэргийн улмаас хохирол учраагүй болохыг өнөөдрийн шүүх хуралдаанд прокурор өөрөө хэлж байна. Хууль тогтоогчоос төсвийн хөрөнгийг зориулалтын бусаар зарцуулах гэмт хэргийн үндсэн шинжийг тусгай субъект буюу төсөв захирагч буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.8 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсгийг нэрлэн заасан үйлдлээр төрийн өмч, төсвийн хөрөнгийг завшсан, улсын төсөвт үлэмж, түүнээс дээш хэмжээний хохирол учруулсан бол гэмт хэрэгт тооцохоор тодорхойлсон. Мөн шууд санаатай, шунахайн сэдэлтээр гэмт хэргийг үйлдсэн байхыг шаарддаг тул Б.О-, З.Б- нарын үйлдэлд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.8 дугаар зүйлд заасан гэмт хэргийн субъектив шинж байгаа эсэхэд шүүх дүгнэлт хийсэн. Хэрэгт авагдсан нотлох баримтуудаас харахад шууд шунахайн сэдэлттэй гэх субъектив шинж тогтоогддоггүй тул шүүх хуулийг буруу хэрэглэсэн буюу хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн гэх үндэслэл тогтоогдохгүй байна. Хоёрдугаарт, прокуророос шүүх шүүгдэгч нар нь өөртөө, бусдад давуу байдал олгох, хувьдаа ашиг хонжоо олох, албан тушаалын байдлаа урвуулан ашиглах зэрэг үйлдэл хийгээгүй тул Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.8 дугаар зүйлд заасан гэмт хэргийн шинжгүй гэж хэрэгсэхгүй болгосон нь буруу жишиг болно гэж тайлбарлаж байна. Авлигын эсрэг хуулийн 7 дугаар зүйлийн 7.1, 7.8-д албан тушаалтанд хориглох заалтуудыг тусгасан бөгөөд хувийн ашиг сонирхлын үүднээс илтэд гэмт хэргийн шинжтэй, эдийн болон эдийн бус ашигтай байдлыг өөртөө бий болгодог онцлогтой. Өөрөөр хэлбэл, Авлигын эсрэг хуулийн 1 дүгээр зүйлд заасан зорилгын хүрээнд эдгээр хориглосон заалтуудыг зөрчсөнөөр тухайн этгээд өөртөө болон хамаарал бүхий этгээддээ давуу байдал бий болгох, хувьдаа ашиг хонжоо олох санаа зорилготой байх нөхцөл бүрдэнэ. Мөн хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.2, 3.1.3, 3.1.4-т ашиг хонжоо, албан тушаалын эрх мэдлээ урвуулан ашиглах, давуу байдал гэх нэр томьёонуудыг тодорхойлсон ба энэхүү тодорхойлолтын алинд ч З.Б-, Б.О- нарын үйлдэл хамаарахгүй байна гэсэн дүгнэлтийг шүүх хийсэн тул үүнийг хууль буруу тайлбарлаж хэрэглэсэн гэж үзэхгүй. Төсөв захирагч төрийн өмч, төсвийн хөрөнгийг зориулалтын бусаар зарцуулсан гэдэг нь зээл олгох, мөнгөн хөрөнгийг нэгдсэн зориулалтаас гадуур банкинд данс нээж байршуулах, санхүүгийн үр дагавар бүхий баталгаа гаргах, хохирлыг нөхөн төлүүлэх үүрэг авах, хуульд заасныг зөрчин төсвөөс гадуур зардал гаргах, эсхүл төсвөөс зардал гаргах ёсгүй үйл ажиллагааг санхүүжүүлсэн зэрэг хориглосон үйл ажиллагааг явуулсны улмаас төсөвт хохирол учруулсан байхыг ойлгоно. Орж ирсэн санхүүжилтээс нийгмийн даатгалын хуримтлагдсан өр, ажилчдын хуримтлагдсан цалинг олгосон болох нь хэрэгт авагдсан нотлох баримтаар нотлогдон тогтоогддог. Мөн шүүгдэгч нарын хувьд ч гэсэн энэ нөхцөл байдлаа хүлээж, анхнаасаа мэдүүлдэг. Энэхүү үйл баримт нь төсвийн хөрөнгийг зориулалтын бусаар зарцуулсанд хамаарна гэдэг талаар прокурор үндэслэл бүхий дүгнэлтийг хийлгүйгээр хэргийг шүүхэд шилжүүлсэн. Нэгдсэн нэг болохоосоо өмнө Хараагүйчүүдийн хөдөлмөр эрхлэлтийн газрын хувьд, ажилчдын цалингийн 30 хувийг Хөдөлмөр, нийгэм хамгааллын яамнаас шийдвэрлэдэг, үлдсэн 70 хувийг өөрсдөө үйлдвэрлэл, үйлчилгээ явуулж, олсон ашгаараа санхүүжүүлэх, үйл ажиллагаагаа явуулдаг нөхцөлтэй байсан. Энэ үүднээс үйлдвэрлэл, үйлчилгээ муу, ашиг орлого бага болсон учраас 2019 онд төсөл бичиж, санхүүжилт авсан. Эхний санхүүжилт орсны дараа Нийгэм, хөдөлмөр хамгааллын яамнаас ажил санхүүжилтийнх нь дагуу хэрэгжиж байгаа эсэхэд шалгалт хийж, “Хэвийн хэмжээнд хэрэгжиж байна” гэж үзээд 2 дахь санхүүжилтийг олгохоор шийдвэрлэсэн. Одоо “М-” цаасны үйлдвэр хэвийн хэмжээнд явагдаж байгаа болох нь мөрдөн шалгах ажиллагааны явцад тогтоогдсон. Ийм учраас анхан шатны шүүх хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн гэж үзэх үндэслэл тогтоогдохгүй байна. Шүүхийн дүгнэлт нь хэргийн бодит байдалтай нийцэхгүй гэж ямар нөхцөл байдлыг хэлээд байгаа нь тодорхойгүй байна. Прокурор үүнийгээ Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтад заасан зориулалтын бусаар зарцуулсан гэмт хэрэг нь 2022 оны 12 дугаар сарын 16-ны өдөрт нэмэлт, өөрчлөлт орохоос өмнө заавал материаллаг хохирол учруулсан байхыг шаарддаггүй байсан гэдгээр тайлбарлаад байх шиг байна. Нэгэнт энэ гэмт хэргийн улмаас хохирол, хор уршиг учраагүй, субъектив санаа зорилго байхгүй гэж үзэж байгаа бол Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.1 дүгээр зүйлийн 1, 2 дахь хэсэгт зааснаар гэмт хэрэгт тооцох үндэслэлгүй, улмаар Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.19 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтад зааснаар гэмт хэргийн шинжгүй үндэслэлээр  хэрэгсэхгүй болгож, цагаатгасныг хууль зүйн үндэслэлтэй гэж үзэж байна.” гэв.

Цагаатгагдсан этгээдүүдийн өмгөөлөгч С.Батнасан тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Анхан шатны шүүхийн цагаатгах тогтоол хууль ёсны бөгөөд үндэслэлтэй гарсан гэж үзэж, хамтран ажиллаж байгаа өмгөөлөгч Д.Энхцэцэгийн тайлбарыг дэмжин оролцож байна. Миний үйлчлүүлэгчид төсвийн хөрөнгийг хувийн ашиг сонирхолдоо бус байгууллагын хэвийн үйл ажиллагаанд хангахад зориулж зарцуулсан. Энэ талаар шаардлагатай бүхий л мөрдөн шалгах ажиллагааг явуулж, хийж гүйцэтгэсэн. Ажилтнуудын цалин, нийгмийн даатгал, татварын өрийг төлөх нь Төсвийн тухай хууль, Нягтлан бодох бүртгэлийн тухай хуулиар төрийн байгууллагын хамгийн эхний санхүүгийн үүрэг гэж ойлгогддог бөгөөд энэ үүргээ гүйцэтгэснийг гэмт хэрэгт тооцож, яллах дүгнэлт үйлдсэн нь үндэслэлгүй гэж мөрдөн байцаалт, прокурорын хяналтын шатанд өмгөөлөгч нарын зүгээс хэрэгсэхгүй болгуулах санал хүсэлт, гомдлуудыг тухай бүр гаргаж байсан. Тиймээс дээрх үйлдлийг Төсвийн тухай хуульд нийцсэн үйл ажиллагаа болсон гэж үзэж байна. Хэдийгээр санхүүжилтийн эх үүсвэр нь төсөл хэрэгжүүлэх зориулалттай байсан ч тухайн үед байгууллагад нэн тулгамдаад байгаа өр төлбөрийг барагдуулах нь байгууллагын хэвийн үйл ажиллагааг тасалдуулахгүй байлгах, ажилтнуудын хууль ёсны эрхийг хангахад чиглэсэн үйл ажиллагаа болсон гэж үзэж байгаа. Энэ нь төсвийн хөрөнгийг шамшигдуулсан бус харин төсвийн сахилга батыг хангасан, төрийн үүргийг биелүүлэх арга хэмжээг З.Б- төсөв захиран зарцуулагчийн хувьд хийж гүйцэтгэсэн гэж үзнэ. Үүнийх нь төлөө түүнийг гэмт хэрэг үйлдсэн гэж буруутгах нь үндэслэлгүй. Гэмт хэргийн бүрэлдэхүүний хувьд хууль тогтоогчоос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.8 дугаар зүйлд заасан гэмт хэрэг нь материаллаг бүрэлдэхүүнтэй байхаар хуульчилсан бөгөөд энэ гэмт хэргийн улмаас үлэмж хэмжээний хохирол учирсан байвал гэмт хэрэгт тооцно гэж ойлгогдоно. Өмгөөлөгчийн хувьд энэ хэргийн улмаас хохирол учраагүй гэж үздэг бөгөөд прокурор үүнтэй санал нэг байдаг. Төсвийн хөрөнгөөр өөрийн албан өрөөг тохижуулах, эсхүл албаны унаа, хэрэгцээнд зохицуулж өөрийнхөө хувийн ашиг сонирхлыг гүйцэлдүүлсэн бол өөр асуудал. Гэтэл байгууллагын хэвийн үйл ажиллагааг алдагдуулахгүй байх хамгийн нэн тулгамдсан асуудлыг шийдвэрлэснийг буруутгах үндэслэл болохгүй талаар анхан шатны шүүх хуралдаанд тайлбарласан. Шүүх бүрэлдэхүүн тухайн өр төлбөрийг төсөл хэрэгжүүлэхээс өмнөх цаг хугацаанд хуримтлагдсан өр төлбөр юм биш үү гэж асууж, үүнтэй холбоотой мэтгэлцээн өрнөсөн бөгөөд энэ талаар 1 дүгээр хавтаст хэргийн 31 дэх талд гэрч Нэргүйн “Хуваарилагдаад байгаа төсөв нь зөвхөн цалингаа тавих хэмжээнд л хүрэлцдэг, нийгмийн даатгалын өр, татварын өрийг төсвөөс захиран зарцуулах, төлөх боломжгүй байдаг” гэх агуулга бүхий мэдүүлэг авагдсаныг анхаарч үзэхийг хүсэж байна. *********ийн техник технологийг шинэчилж, үйлдвэрлэлийг нэмэгдүүлэх төсөл 2 дугаар хавтаст хэргийн 74 дэх талд авагдсан ба үүний санхүүжилтийг олгохдоо төслийн зорилгыг “Хараагүй ажиллагсдын ажлын байрыг тогтвортой хадгалахад оршино” гэж тодорхойлсон. Тиймээс З.Б-, Б.О- нарын дээрх үйлдэл нь төслийн зорилгод нийцсэн үйлдэл болсон гэж үзэж байна. Энэ агуулгаараа Төсвийн тухай хуулийг зөрчсөн үйлдэл, эс үйлдэхүй шүүгдэгч нарын үйлдэлд байхгүй. Прокурорын эсэргүүцэлд хэмнэсэн төсвөөр төслөө хэрэгжүүлсэн гэсэн агуулгыг дурдсан. Хэмнэсэн төсөв гэдгийг Төсвийн тухай хуульд тайлбарласан ба энэ нь өөр зохицуулалт юм. З.Б-, Б.О- нарын мэдүүлгийг авч үзвэл зах зээлийн ханшаар 200 төгрөг байлаа гэхэд орж ирсэн төсвөөр зах зээлийн үнээс хямд үнээр худалдаж авч болох боломжтой эсэх дээр ажилласан, тухайлбал үйлдвэрлэгч орон буюу Хятад улсын Эрээн хотоос авбал 200 төгрөгийн материалыг 150 төгрөгөөр авах боломжтой, тиймээс тэндээс оруулж ирвэл төслөө ч амжилттай хэрэгжүүлж, зорилтдоо хүрч, зөрүү мөнгөөр хуримтлагдаад байгаа өр төлбөрөө төлж байгууллагын хэвийн үйл ажиллагааг хангах боломжтой гэж үзсэн байдаг. Энэ агуулгыг хэмнэсэн төсөв гэж өөр байдлаар тайлбарлаад байгаа нь үндэслэлгүй. Хууль буцаан хэрэглэх буюу Эрүүгийн хуульд нэмэлт, өөрчлөлт ороогүй байхад гэмт хэргийн шинжийг хохирол шаардахгүй, хэлбэрийн бүрэлдэхүүнтэй гэж үзээд эрх зүйн байдлыг нь дээрдүүлсэн зохицуулалтыг хэрэглэсэн гэж байгаа нь үндэслэлгүй. Одоогийн хэрэгжиж байгаа, бидний дагаж мөрдөж байгаа хуулиар материаллаг бүрэлдэхүүнтэй буюу үлэмж хэмжээний хохирол учирсан байхыг шаардана. Иймд анхан шатны шүүхийн цагаатгах тогтоол үндэслэлтэй байх тул З.Б-, Б.О- нарыг цагаатгасан шийдвэрийг хэвээр үлдээж өгнө үү.” гэв.

Цагаатгагдсан этгээд З.Б- тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Би Хараагүй хүмүүсийн хөдөлмөр сургалт хөгжлийн төвийн даргаар 2008 оноос 2024 оны 07 дугаар сарын 01-ний өдрийг хүртэл ажилласан. Манай байгууллагын зорилго бол харааны бэрхшээлтэй иргэдийг нэгдсэн зохион байгуулалтаар хөдөлмөр эрхлүүлэх, нийгмийн амьдралд оролцоход нь дэмжлэг үзүүлэх юм. Төслийг хэрэгжүүлж эхлэхэд манай байгууллага санхүүгийн маш хүнд байдалд байсан. Ажлын цалингийн өртэй, ажилтнууд маань ажлаа хаяхдаа тулсан, зарим нь ирдэггүй байсан. Нийгмийн даатгал, татварт өртэй, арилжааны банкны данснуудыг хаасан байдалтай тул байгууллага үйл ажиллагаа явуулах ямар ч боломжгүй. Төслийн мөнгө орж ирээд ч бид нар төслөө хэрэгжүүлэх боломжгүй байсан. Тиймээс эхний ээлжид энэ асуудлуудыг шийдэж төслөө хөдөлгөх нь чухал гэж үзээд асуудлаа шийдвэрлэсэн. Манай байгууллага өөрөө орлого олж байсан учраас орлогоосоо төсөлдөө зарцуулаад, санхүүжүүлж явсан. Ингээд төсөл 100 хувь амжилттай хэрэгжсэн. Одоо бүр өргөжиж, томроод явж байна. Ажлын байрнууд бүрэн хадгалагдсан, шинэ ажлын байрууд ч бий болж байна. Хүмүүс маань амьжиргааны хувьд, байгууллага одоогийн байдлаар ямар ч өр ширгүй явж байна. Тиймээс төсөл маш амжилттай хийгдсэн. Төслөө амжилттай хэрэгжүүлэхийн тулд бид зайлшгүй арга хэмжээ авсан. Манай хүмүүс үйлдвэрээс гараад өөр хаана ч ажиллах боломжгүй. Мөн хараагүй ажилчид маань эхнэр, нөхөр гээд гэр бүлээрээ маш их ажилладаг тул нэг айлын амьдрал тэр чигээрээ зогсонги байдалд ордог тул зайлшгүй зүйлийг авч хэрэгжүүлсэн.” гэв.

Цагаатгагдсан этгээд Б.О- тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Өмгөөлөгч нарын саналыг дэмжиж байна. Анхан шатны шүүхийн цагаатгах тогтоолыг хэвээр үлдээж өгнө үү.” гэв.

ТОДОРХОЙЛОХ нь:

Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар хэргийг хянан хэлэлцэхдээ хэрэгт цугларсан нотлох баримтуудад үндэслэн прокурор Г.Ононгийн бичсэн эсэргүүцэлд дурдсан асуудлаар хязгаарлахгүйгээр бүхэлд нь хянаж үзэхэд цагаатгах тогтоол нь хууль ёсны ба үндэслэл бүхий байх хууль ёсны шаардлагыг хангаагүй гэж үзэх дараах үндэслэлүүд тогтоогдож байна. Үүнд:  

1. Шүүхийн шийдвэрийн дүгнэлтэд ноцтойгоор нөлөөлж болохуйц нөхцөл байдлыг анхаарч үзэлгүй орхигдуулж, онцгой ач холбогдол бүхий нотлох баримтууд харилцан зөрүүтэй байхад аль нэгийг нь сонгон авахдаа бусдыг нь үгүйсгэсэн тухай үндэслэлээ заагаагүй байна.

Анхан шатны шүүхийн цагаатгах тогтоолын үндэслэлдээ Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.1 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан гэмт хэргийн шинжийг хэлбэрийн төдий агуулсан боловч тухайн этгээдийн хувийн байдал, үйлдэл, эс үйлдэхүйн нийгмийн аюулын хэр хэмжээ нь хуулиар хамгаалагдсан эрх ашигт бодит хохирол, хор уршиг учруулаагүй үйлдэл эс үйлдэхүйг гэмт хэрэгт тооцохгүй гэж үзэж хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн.

Хэрэгт авагдсан баримтаар Хяналт шинжилгээ, үнэлгээний газрын 2021 оны 03 дугаар сарын 05-ны өдөр Хараагүй хүмүүсийн хөдөлмөр, сургалт, хөгжлийн төвийн санхүүгийн тайланд хийсэн дотоод аудитын тайлангаар “төслийн хүрээнд 101.900.500 төгрөгийг зориулалтын дагуу зарцуулж, 148.093.500 төгрөгийг зориулалтын бусаар ашигласан” /хх 120-127/ гэх аудитын дүгнэлт гарсан байх бөгөөд Б.О-ын мөрдөн байцаалтад өгсөн “...148.093.500 төгрөгийг зориулалтын бусаар зарцуулсан асуудлаа хүлээн зөвшөөрч байна...” /хх 43-44/ гэх мэдүүлэг, мөн гэрч Д.Д-ийн мөрдөн байцаалтад өгсөн  “...Нэгдүгээрт: 19.353.265 төгрөгийг юунд зарцуулсан нь тодорхойгүй бөгөөд баримт байхгүй. Хоёрдугаарт: 148.093.500 төгрөгийг зориулалтын бусаар зарцуулсан бөгөөд баримт байхгүй, ямар зориулалтаар зарцуулсан нь тодорхойгүй байсан...” гэх мэдүүлэг зэрэг нотлох баримтууд хэрэгт цуглуулж бэхжүүлэгдсэн атал “61.864.519,74 төгрөгийг зориулалтын бусаар зарцуулсан” гэх /26 хуудас буюу 27 хуудас/ яг хэдэн хуудас нь тодорхойгүй тэмдэглэгдсэн баримтуудыг шүүгдэгч Б.О-ын тайлбарын хамт хүлээн авч /хх 90-117/ шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлахдаа нотлох баримтын эх сурвалж, агуулгын зөрүү, зөрчил зэргийг хэрхэн няцаан үгүйсгэж буй үндэслэлээ цагаатгах тогтоолд заагаагүй байна.

2. Цагаатгагдсан этгээд З.Б-, Б.О- нарт холбогдох хэргийг хянан шийдвэрлэсэн анхан шатны шүүхийн шийдвэр нь хууль ёсны ба үндэслэл бүхий байх шаардлагыг хангаагүй, тогтоолд заасан үндэслэл нь хэргийн бодит байдалтай нийцээгүй байна.

Хэрэгт цуглуулж бэхжүүлэгдсэн нотлох баримтууд болон хэргийн үйл баримтыг дүгнэж үзвэл 2019 оны 12 дугаар сарын 24-ний өдрийн байдлаар эхний санхүүжилтийг дүгнээд үлдэгдэл 50 хувийн санхүүжилтийг олгох талаарх төсөл дүгнэсэн акт хэрэгт /2 хх 97/ авагдсаныг төслийн санхүүжилтийг бүхэлд нь зориулалтын дагуу зарцуулагдсан гэж үзэх боломжгүй юм.

Хяналт шинжилгээ, үнэлгээний газрын 2021 оны 03 дугаар сарын 05-ны өдөр Хараагүй хүмүүсийн хөдөлмөр, сургалт, хөгжлийн төвийн санхүүгийн тайланд хийсэн дотоод аудитын тайлангаар “төслийн хүрээнд 101.900.500 төгрөгийг зориулалтын дагуу зарцуулж, 148.093.500 төгрөгийг зориулалтын бусаар ашигласан” /хх 120-127/ гэх аудитын дүгнэлтийг зөвшөөрөхгүй байгаа бол үндэслэлээ тодорхой заалгүйгээр “61.864.519,74 төгрөгийг зориулалтын бусаар зарцуулсан” гэж үзэх боломжгүй юм.

Төслийн хөрөнгөөс хэдэн төгрөгийг зориулалтын бусаар зарцуулсан эсэх, төсвөлсөн хөрөнгийг үр ашигтай, хэмнэлттэй байдлаар зарцуулж зарлагын хэмнэлт гаргасан эсэхийг ялган зааглаж, гэмт хэргийн улмаас хохирол хор уршиг учирсан эсэхийг зөвхөн дансаар шилжүүлсэнээр хязгаарлахгүйгээр бодитоор захиран зарцуулсан санхүүгийн баримтад тулгуурлан нягтлан шалгаж үндэслэлтэйгээр хөтөлбөргүй зөв тогтоосноор гэмт хэргийн шинжид дүгнэлт хийх үндэслэл бүрдэнэ гэж давж заалдах шатны шүүхээс үзлээ.

Эдгээр нөхцөл байдлыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлууд хангагдаагүй гэж дүгнээд шүүхийн тогтоолд заасан үндэслэлд нөлөөлж болох нөхцөл байдлыг шүүх орхигдуулсан байна гэж үзлээ. 

Өөрөөр хэлбэл, нотлогдвол зохих үйл баримтыг зайлшгүй нотлох нь хэргийн бодит байдлыг тогтоох, гэмт үйлдлийн талаар хууль зүйн үндэслэлтэй дүгнэлт хийж хэргийг зөв зүйлчлэх, тухайн этгээд гэм буруутай эсэхийг шийдвэрлэх, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх ба хүндрүүлэх нөхцөл байдлуудыг тодорхойлоход ач холбогдолтой байдаг.

Иймд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.5-д заасан гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, хэр хэмжуээг давж заалдах шатны шүүхээс зөвтгөн дүгнэж, хэргийг эцэслэн шийдвэрлэх боломжгүй гагцхүү мөрдөн байцаалтын шатанд хийж гүйцэтгүүлэх нь боломжтой учраас анхан шатны шүүхийн цагаатгах тогтоолыг хүчингүй болгож шийдвэрлэлээ.

Давж заалдах шатны шүүх цагаатгах тогтоолыг хүчингүй болгосонтой холбогдуулан прокурор Г.Ононгийн бичсэн эсэргүүцэлд хууль зүйн дүгнэлт хийгээгүй болохыг дурдах нь зүйтэй.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.2, 39.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтуудыг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхийн 2025 оны 08 дугаар сарын 26-ны өдрийн 2025/ШЦТ/2037 дугаар цагаатгах тогтоолыг хүчингүй болгосугай.

2. Цагаатгагдсан этгээд З.Б-, Б.О- нарт урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг тус тус хэвээр үргэлжлүүлсүгэй.

3. Шүүхийн хууль хэрэглээний зөрүүг арилгах, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, хуулийг Улсын дээд шүүхийн тогтоол, тайлбараас өөрөөр хэрэглэсэн, эрх зүйн шинэ ойлголт, эсхүл хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой гэж үзвэл энэхүү магадлалыг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хэргийн оролцогч хяналтын журмаар гомдол, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                             Т.АЛТАНТУЯА

 

                        ШҮҮГЧ                                                                       Л.ОДОНЧИМЭГ

 

                        ШҮҮГЧ                                                           Ц.МӨНХ-ЭРДЭНЭ